Categories
мэдээ цаг-үе

“Сайн ноён хан” сангийн захирал Ч.Надмид: Сайн ноён хан Т.Намнансүрэн Монголын төлөө чөмөгөө дундартал зүтгэсэн хүн

Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн багш Чимэддорждонойн гуч охин Ч.Надмидтай ярилцлаа.


-Сайн Ноён хан Намнансүрэн эхээс хэдүүлээ вэ?

-Халхын Сайн ноён хан, Монгол Улсын анхны Ерөнхий сайд Төгс-Очирын Намнансүрэн 1878 онд одоогийн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт бар жилийн, бар сарын, бар өдөр тухайн үед “Догшин цоохор ноён” хэмээн алдаршсан Төгс-Очир, Эрдэнэ хатан Хандмаагаас мэндэлсэн гэдэг. Ах дүү гурав, дөрвүүлээ байсан гэнэ лээ. Алтан ургийнхан нэг хүүдээ л цолоо залгамжлуулдаг шүү дээ. Үүний дагуу Намнансүрэнд залгамжлуулсан гэдэг.

-Сайн ноён хан их багаасаа эрдэм номын мөр хөөсөн гэдэг?

-Тийм шүү. 1884 онд зургаан настай байхдаа бэйс Чимэддорждоной, түшмэл Шийлэг нарт шавь орж монгол бичиг сурч, манж, хятад хэл үзэж, түүхийн судар судалж эхэлсэн юм билээ. Энэ нь улс төрийн хэргийг ихэд эргэцүүлэхэд хүргэсэн гэдэг. Түүний багш Чимиддорждоной түшмэл монгол хар ухаантай, хашир хэрсүү хүн байсан учир Намнансүрэнд доодсын амьдрал, монгол ахуй заншлыг ч давхар мэдрүүлж сургасан аж. Намнансүрэн эрдэмд боловсрохын хэрээр эгэл даруухан, ачлал хүмүүнлэгийн сэтгэлийг олж, царай зүс өнгөлөг, бие гоолиг тэгш хүн болон өсч торнисон байдаг.

-Эрт хэл, бичиг сурсан учраас залуугаараа удирдах албан тушаалд очсон гэдэг?

-Тийм. 1896 онд Сайн ноён хан аймгийн арав дахь үеийн Хан орыг залгаж, Чин вангийн хэргэмийг уламжлан авч, залуугаараа аймгуудын чуулганы даргаар томилогдсон. Энэ нь түүний олж сурсан боловсрол, эрдэм мэдлэгийн гэрч болж өгдөг. Сайн ноён хан Намнансүрэн Манжийн шинэ засгийн бодлогыг эхнээс нь эсэргүүцэж Чин ван Ханддоржийн тусгаар тогтнох үйл хэргийн санааг бүхий л аргаар дэмжиж байсан нь түүхийн материалуудаас харагддаг.

-Монголд гадаад харилцааны суурийг тавьсан хүн гэж түүхчид үздэг юм билээ?

-Тийм гэж ойлгож болно. 1911 оны хавар Манжаас тусгаарлах Халхын дөрвөн ханы нэрээр Хаант Оросоос тусламж гуйх бичигт гарын үсэг зурж, долдугаар сард Богд гэгээний ордонд болсон нууц хуралдаанд идэвхтэй оролцож байсан юм билээ. 1912 онд Монгол, Оросын хооронд найрамдлын гэрээг байгуулж, 1913 онд Монгол, Түвдийн хооронд хэлэлцээр хийсэн байдаг. Мөн 1913 оны аравдугаар сард Орос улсад анхны төрийн дээд айлчлалыг хийж байсан түүхтэй.

-Орост хийсэн айлчлалынх нь талаар?

-Орост гурван сар орчим саатсан байдаг. Энэ хугацаанд Сайд нарын зөвлөлийн дарга, Гадаад яамны сайд нартай удаа дараалан уулзаж, II Николай хаантай хоёр ч удаа уулзсан тухай тэмдэглэсэн нь бий. Оросын хаан болон бусад эрх баригчдад “Эрдэнийн очир” одонг хадгийн хамт үндэсний өвөрмөц хийцтэй бэлэгтэй гардуулж, Оросын талд хандан Монгол Улс байгуулагдсаныг Хятадад хүлээлгэн, гурван улс хамтран хэрэг хэлэлцэх тухай хүсэлт тавьж, 1913 оны Орос, Хятадын тунхагийн үзэл санааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн юм билээ. Мөн Петрбургт сууж байхдаа Англи, Америк, Япон, Хятад, Швейцарь, Франц, Герман, Итали, Турк, Голланд, Дани, Австри зэрэг 10 гаруй улс орны Элчин сайдын яаманд тусгаар тогтнолын тухай нот бичиг хүргүүлэхэд Хятадаас бусад нь хүлээж авсан байдаг. Одоо Сайн ноёны явуулсан нот бичиг олон оронд бий.

-Магсар хатантай хэдэн онд гэр бүл болж байсан юм бэ?

-Оныг тодорхой хэлж мэдэхгүй юм. Магсар хатан өөрөө Түшээт ханы Түдэв тайжийн охин шүү дээ. Тэр үеийнхэн хошуу нутгаас биш, хол нутгаас эхнэр авдаг байсан. Хатныг нутгийн олон “Магсар хатан” хэмээн авгайлан дууддаг байсан бөгөөд олон үггүй, тайван тогтвортой, элдэв муу явдалгүй, тунгалаг алаг нүдтэй бүсгүй байсан тухай тэмдэглэсэн байдаг.

Гэрлээд нэг, хоёр жилийн нүүр үзтэл Магсар хатан үе залгамжлах ханхүү төрүүлж аймгийнханд баяр жаргал авчирсан гэдэг. Харамсалтай нь сүүлд эндсэн.

-Та Сайн ноён хан Намнансүрэнгийн багш Чимэддорждонойн гуч нь гэсэн?

-Их сонин л доо. Миний буурал аав Чимэддорждоной Сайн ноён ханыг өсгөж хүмүүжүүлсэн хүн. Зарим хүмүүс номын багш нь ч гэдэг. Зарим нь ах нь гэсэн нь бий. Чимэддорждоной гэж хүн таван хэлтэй, хууль зүйн ухаанд мэргэшсэн алсын хараатай, чин шударга хүн байсан. Төгс-Очирын анхны хатанг Нагдар гэдэг л дээ. Бага хатан нь таван настайд нь бурхны оронд залрахад миний буурал аав “Та энэ хүүг ав даа” гэж өгсөн юм билээ. Ингээд л манай буурал аав хамт өссөн. Намнансүрэн хан Ерөнхий сайд болсон үедээ ч дэргэдээ авчирч Цэргийн яамны эрхэлсэн түшмэл буюу дэд сайдаар томилон ажиллуулж байсан гэдэг. Түүхийн ном бичгээс үзэхэд Намнансүрэн хан төрийн хэрэгт өөрийн багштайгаа 36 жил хамтран зүтгэсэн.

-Сайн ноён хан хойч үеийн удирдагчдыг сайн бэлтгэж өгсөн хүн гэж тэмдэглэсэн байдаг?

-Монгол Улс 1911 оны дараахан Орос руу хүүхдүүдийг илгээж ирээдүйн удирдагчдаа бэлтгэж байсан шүү дээ. 1913 онд айлчлаад буцахдаа Эрхүүд сурч байсан хүүхдүүдээ эргэсэн байдаг. Тэнд Х.Чойбалсан Бат-Очир гээд Монголын мундаг удирдагчид боловсорч байсан юм билээ. Анхны бага сургууль, эмнэлэг, Эрчим хүчний станц хүртэл оруулж ирсэн байдаг. Сайн удирдагч гэдэг зөвхөн өмнөх ажлаа хийх бус дараагийн залгамж халаагаа бэлтгээд явж байдаг.

-Ажлын арга барил онцлогийнх талаар ярихгүй юу?

-Монгол Улсад парламент ёсыг бий болгоход Улсын дээд хурлынх дарга байсан шүү дээ. Тэр үед нэг удаа хурал тасалсан хүнийг гүзээ шар тосоор торгодог байсан гэнэ лээ. Ингэж Улсын бага болон Дээд хурлын гишүүдэд өндөр хариуцлага суулгаж байсан гэдэг.

Тухайн үеийн Засгийн газарт ажиллаж байсан гишүүд хариуцлага алдаж гадны хүнтэй төрийн хэрэг хэлэлцэхэд шууд л чөлөөлж байсан гэнэ лээ. Энэ үйлдлээс нь шударга удирдагч байсныг харж болно. Мөн гурван жил тутам шалгалт авч, тэнцээгүйг нь шууд халдаг байсан. Дан ганц торгоод байхгүй. Сайн ажилласан ажилчдыг ч шагнаж урамшуулдаг байсан. Монголын төрд харшилсан бүхнийг зайлуулсан. Монголын төлөө чөмгөө дундартал зүтгэсэн хүн гэж ойлгож болно.

-Ажиллаж байх үедээ “Монголын шинжлэх хэргийг эрхлэх хороо”-г байгуулж байсан гэдэг?

-Байгалийн баялаг, нөөц бололцоо, хүн амынхаа чадавхыг нарийн тооцож судалж эдийн засаг, нийгмийн шинэтгэл хийх нь чухал гэж үзсэн юм билээ. Улмаар Козин, Витте, Лисовский нарын орос, польш судлаач, зарим монгол түшмэдийн хамтарсан баг бүрдүүлж, улсын геологи, хөрс, ургамал, ус, газарзүйн зураглал, тоо бүртгэл, эдийн засгийн судалгааны хөтөлбөр боловсруулсан байдаг. 1915 онд хайгуул шинжилгээ хийх дүрмийг боловсруулж, “Монголын шинжлэх хэргийг эрхлэх хороо”-г байгуулсан юм билээ.

-Та “Сайн ноён хан сан”-гийн захирлаар ажилладаг юм билээ. Энэ талаараа ярихгүй юу?

-1998 онд Сайн ноёны 120 жилийн ойгоор байгуулагдсан. Төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээх, Монголын төлөө чин шударгаар эрдэм чадал хичээл зүтгэлээ зориулах удирдлагуудыг бэлтгэхээр “Удирдлагын академи”-ийг санаачилж байгуулж байлаа. Би Сайн ноёны төлөө өгөгдөлтэй төрсөн гэж ойлгодог юм.


Categories
мэдээ нийгэм

Шийдэм одтой, хөх бич өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 18, Ангараг гариг. Билгийн тооллын 11, Шийдэм одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 8:36 цагт мандан, 17:03 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Албан тушаалын сургаар Ардын намын өвгөд ордны хонгилоор хөл нь хөнгөрчихсөн гүйж байна” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Албан тушаалын сургаар Ардын намын өвгөд ордны хонгилоор хөл нь хөнгөрчихсөн гүйж байна” хэмээн өгүүлжээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан: Төрийн гурван өндөрлөг улс орноо бодоод түр ч болтугай эвлэрсэн нь дээр хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

“Цогшиж “байсан” сэдэв гал болох уу, эсвэл…” хэмээн “Шүүмж” нүүрт өгүүлжээ.

“Шатахууны үнийг тогтворжуулж, ам.долларын ханшийг барих гарц бий юу” хэмээн “Эдийн засаг” нүүрт өгүүлэв.

Д.Мөнхтөр: МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга та сайн дураараа гар. Намынхаа сонгуульт ажлыг өг хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

УИХ-ын гишүүн асан А.Бакей: Хэрэв гишүүн өөр гишүүний өмнөөс кноп дарсан нь Үндсэн хуулийн цэцээр нотлогдвол, батлагдсан хууль хүчингүй болно хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

“Сүр дуулиантайгаар эхэлсэн Төмөр замын хэрэгт Ли Жон Ёл гэх солонгос эр ганцаараа буруутан болж, 40 сая төгрөгөөр торгуулаад өнгөрлөө” хэмээн “Баримт, Үйл явдал” нүүрт өгүүлсэн байна.

“Гарьд манлай” эмнэлгийн ерөнхий эмч З.Цэгмид: Манайхан гэр бүлээрээ эмч хүмүүс хэмээн “Эмч” нүүрт ярьжээ.

“Vidal salon”-ы захирал Д.Одонгоо: Мэргэжлээрээ үйлчлэгчээс эхлээд одоог хүртэл 27 жил ажиллаж байна хэмээн “Танин мэдэхүй” нүүрт ярьжээ.

“УИХ-ын гишүүн Б.Ундармаа АТГ-т дуудагдан очиж, ЖДҮХС-тай холбоотой асуудлаар байцаалт өгчээ” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт бичсэн байна.

“Амьд үлдэх тэмцэл PUBG” хэмээн “Танин мэдэхүй” нүүрт бичив.

“Самурайн мөрөөр” хэмээн “Аян замын тэмдэглэл” нүүрт өгүүлжээ.

“Гүржийн анхны эмэгтэй ерөнхийлөгч тангарагаа өргөлөө” гэж “Дэлхийн мэдээ” нүүрт бичжээ.

“Утааны улиралд нарийн тоосонцрын шүүлтүүртэй маск зүүгээрэй” хэмээн “Энэ өдөр” нүүрт бичжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

ЕБС-ийн кабинет, лаборатори байгуулах журам шинэчлэгдлээ

БСШУС-ын сайдын тушаалаар ЕБС-иудад кабинет, лаборатори байгуулах, ашиглах нийтлэг журам шинэчлэгдэн батлагдлаа. Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр ЕБС-иудын бие даасан байдлыг хангах, сургуулиуд өөрт хэрэгцээ шаардлагатай байгаа кабинет, лабораторийг байгуулах боломжтой болох, ингэснээр бүтээлч байдал өсөн нэмэгдэнэ гэж салбар яамны зүгээс үзэж байна. Журам нь үндсэн 5 хэсгээс бүрдэх бөгөөд кабинет, лаборатори байгуулах, ашиглах үйл ажиллагаанд хамтын оролцоог хангах, ил тод, нээлттэй байх зарчим баримтлах бөгөөд журмаар дор дурдсан харилцааг зохицуулахаар тусгажээ.

Кабинет, лаборатори байгуулах, ашиглах зорилго, “лаборатори” гэж юуг ойлгохыг тус тус тодорхойлсон;

Кабинет, лаборатори байгуулах, ашиглахтай холбогдох бүхий л харилцааг сургуулийн түвшинд заах аргын нэгдлийн саналыг харгалзан багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцэн хамтын шийдвэр гаргаж сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулах;

Кабинет, лаборатори нь тогтвортой ажиллагаатай байх, тэдгээрийг ашиглах, сургалтын багц материалыг баяжуулах, шинэчлэхэд багш нар хамтран ажиллах;

Кабинет, лаборатори шаардлага хангаж буй эсэхэд хөндлөнгийн үнэлгээ, дүгнэлт гаргах ажлын хэсгийг захирлын тушаалаар томилон ажиллуулах;

Багш нарын зөвлөлийн хуралд нийт багшийн 90-ээс дээш хувь нь заавал оролцсон байх бөгөөд хуралд оролцсон багш нарын 80-аас дээш хувь нь тухайн хэлэлцэж буй асуудлыг дэмжсэн тохиолдолд шийдвэрийг хүчинтэйд тооцох;

Кабинет, лабораторид жил бүрийн 11 дүгээр сард багтаан үнэлгээ хийж, цаашид тухайн кабинет, лабораторийг ажиллуулах эсхүл хугацаатай даалгавар өгөх болон татан буулгах эсэх асуудлыг шийдвэрлэх;

Кабинет, лабораторид байх сургалтын багц материалыг тодорхойлж, тэдгээрийг байнгын ашиглалтад байлгах бөгөөд тэдгээр нь суралцагчдад хүртээмжтэй байх;

Кабинет, лабораторийн үйл ажиллагааны тайланг хариуцсан багш заах аргын нэгдлийн бусад багш нартай хамтран тухайн хичээлийн жилийн төгсгөлд багш нарын зөвлөлд танилцуулах.

Энэхүү журмыг 2018-2019 оны хичээлийн жилд кабинет, лаборатори шинээр байгуулахад, 2019-2020 оны хичээлийн жилээс бүрэн мөрдөж ажиллахыг ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

ЭХЭМҮТ-ийн захирлын хүсэлтийг Эрүүл мэндийн яам хүлээж аваагүй байна

Энэ сарын эхээр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадаа 26 настай эмэгтэй амаржиж, энэ мэдээлэл нь олон нийтийн сүлжээнд ихээхэн шүүмжлэл дагуулсан. Үүний дараа тус эмнэлэгийн захирал Ш.Энхтөр “Юуны өмнө таагүй үйл явдал тохиолдсонд харамсаж байна. Болсон үйл явдлыг та бүхэн мэдэж байгаа. Болсонд явдалд өөрсдийгөө зөвтгөхгүй. Ёс зүйн хувьд хариуцлага хүлээж, ажлаа өгнө” хэмээн мэдэгдсэн. Гэвч энэ хүсэлтийг нь Эрүүл мэндийн яам хүлээж аваагүй тухай мэдээлэл байна. Иймд тэрээр одоог хүртэл албан ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа аж. Уг нь болсон явдлын дараахан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл албан даалгавар гаргаж эмч, эмнэлэгийн ажилтны ёс зүй харилцаа хандлагыг сайжруулах чиглэл өгч, алдаа зөрчилгүй ажиллахыг даалгасан билээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Арилжаагаар зургаан компанийн хувьцаа өсөв

Хөрөнгийн бир I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 229,798,670 төгрөгийн үнийн дүн бүхий 431,969 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурч 5 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Дархан Нэхий” ХК (NEH+2.63%) болон “Говь” ХК (GOV+1.77%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Дархан Хүнс” ХК (DHU -15.00%) болон “Нако Түлш” ХК (NKTS -14.96%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 514 ширхэг үнэт цаасыг 51.4 сая төгрөгөөр арилжаалагдсан байна. Энэ өдөр “TOP 20” индекс 0.13 хувиар өсч 20420.94 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,389,526,990,353.71 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Ертөнцийн мисс”-ээр Филиппиний гоо бүсгүй шалгарчээ

“Ертөнцийн мисс” гоо бүсгүй шалгаруулах 67 дахь удаагийн олон улсын тэмцээнд Филиппиний гоо бүсгүй Катриона Грэй түрүүлжээ. Тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт Тайландын Бангкок хотноо өнөөдөр болжээ. 24 настай Филиппиний гоо бүсгүй Катриона Грей нь “Love Yourself” байгууллагын гишүүн бөгөөд Хүний дархлал хомсдолын вирус болон Дархлалын Олдмол Хомсдолын хам шинжтэй тэмцэх асуудлыг хариуцан ажилладаг байна. Түүнчлэн тэрбээр “Young Focus” ашгийн бус байгууллагад сайн дураар ажилладаг аж. Венесуэлийн оролцогч Стефани Гутьеррес энэ тэмцээнд хоёрдугаар байр эзэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын алба хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулав

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангиас “Үе, үеийн аврагчдын алдар гавьяаг мөнхжүүлэх хүндэтгэлийн арга хэмжээ”-г зохион байгууллаа.

Арга хэмжээнд Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга Л.Саянаа, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай болон Уул уурхайн аврах ангийн удирдлага, үе, үеийн алба хаагчид оролцсон юм.

Энэ үеэр үе, үеийн уурхайчдын намтар түүх, алдар гавъяаг мөнхжүүлсэн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ “Их уурхай”-д 1990 оны 12 дугаар сарын 17-нд метаны дэлбэрэлт болсны улмаас амь насаа алдсан 5 аврагчийн үйл хэргийг мөнхжүүлэх, хойч үедээ сурталчлан таниулах зорилгоор “Алдарын танхим”-ыг байгуулж, нээлтийг нь хийлээ.

Мөн үе, үеийн удирдлага, алба хаагчдын танилцуулга, хувцас хэрэглэл, алдар гавьяаг дуурсгасан үзэсгэлэнг дэлгээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бага хурал 19-нд болно

Image result for МАН-ын байр

МАН-ын Удирдах зөвлөл Тусгаар тогтнолын ордонд хуралдлаа. Тус хурлаар МАН-ын Бага хурлыг товлох тогтоох асуудлыг хэлэлцжээ. МАН-ын дарга У.Хүрэлсүх намынхаа Бага хурлыг хуралдуулж, нэр бүхий гишүүддээ хариуцлага тооцно гэдгээ илэрхийлсэн. Үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан, МАН-ын Бага хурлыг яаравчилан зохион байгуулахаар болжээ. Мөн МАН-ын бүлгийн дотоод асуудлыг Бага хурлаар хэлэлцэх аж. МАН-ын бага хурлыг энэ сарын 19-ны 11 цагаас хийхээр товложээ.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн түншлэлийн хуралдаанд оролцлоо

Тайланд Улсын Бангкок хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын ”Азийн түншлэлийн хуралдаан болон Үндэсний, орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах стратегийн хэлэлцүүлэг”-т Шадар сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, НҮБ-ын төлөөлөгч н.Цэцэгмаа нар оролцоод ирлээ.

Энэ удаагийн хуралдаанд бүс нутгийн 20 улсын Засгийн газрын төлөөлөгч, НҮБ-ын төрөлжсөн 15 байгууллага, Засгийн газар хоорондын болон бүсийн хамтын ажиллагааны 15 байгууллага, хувийн хэвшлийн зэрэг нийт 150 төлөөлөгч оролцсон байна.

Азийн түншлэлийн хуралдаанд Шадар сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Л.Саянаа “Гамшгийн эрсдэлийг бууруулахад тулгамдаж буй асуудал, онцлох зорилт болон Сендайн үйл ажиллагааны баримт бичгийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх талаарх” хэлэцүүлэгт илтгэгчээр оролцсон юм. Энэхүү хуралдаанаар Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн бүс нутгийн төлөвлөгөөний /2017-2020/ хэрэгжилтийн явцыг хэлэлцэж, харилцан мэдээлэл солилцон, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд Азийн бүс нутгийн түвшинд тулгамдаж буй асуудлыг тодорхойллоо.

Харин “Үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах стратегийн хэлэлцүүлэг”-т ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг “Гамшгийн эрсдэлийг бууруулах стратегийн боловсруулалт болон Үндэсний стратегийг орон нутгийн төлөвлөлтөд уялдуулах нь” сэдэвт хэлэцүүлэгт илтгэгчээр оролцсон байна.

Тус хуралдаанаар үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах стратегийн боловсруулалт, түүний хэрэгжилт бүс нутгийн хэмжээнд ямар түвшинд байгаа талаар хэлэлцэн, гамшгийн эрсдэлийг бууруулах стратегийг хэрэгжүүлэх санхүүжилтийн сайн туршлага, мэдээллээ хуваалцсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.