Ойрын хоногуудад нийт нутгаар цаг агаар тогтуун байгаа боловч 21-нээс хүйтэрнэ гэж ЦУОШГ-аас мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 19-нд баруун аймгуудын нутгаар, 20-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. 21-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.
Month: December 2018
Катар Улсад айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 12 дугаар сарын 16-ны өдөр Катар Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Шейх Мохаммед бин Абдулрахман Аль-Танитай хоёр талын уулзалт хийв. Уулзалтын үеэр бүс нутаг болон хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, үүний хүрээнд Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визний шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Катар Улсын Гадаад хэргийн яам хооронд зөвлөлдөх уулзалт хийх тухай харилцан ойлголцлын санамж бичиг зэрэг баримт бичгүүдийг байгуулах талаар ярилцав. Мөн Катар Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Шейх Мохаммед бин Абдулрахман Аль-Тани-г тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг албан ёсоор урив. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Катар Улсын Олимпийн хорооны Ерөнхийлөгч Шейх Жоаан бин Хамад Аль-Танитай уулзаж, спортын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Тухайлбал, Монгол Улсад 2020 онд зохион байгуулагдах Азийн хүүхдийн наадмын бэлтгэлийг хангахад хамтран ажиллах, Монгол Улсад түлхүү хөгжсөн спортын зарим төрлүүдийн багш, дасгалжуулагч нарыг Катар Улсад ажиллуулах зэрэг асуудлыг хөндөв. Катар Улсын Олимпийн хорооны Ерөнхийлөгч Шейх Жоаан бин Хамад Аль-Тани хамтран ажиллах сонирхлоо давтан илэрхийлж, жүдо бөхийн төрлийг хөгжүүлэх чиглэлээр анхааран ажиллаж байгаагаа мэдэгдэв. Түүнчлэн Шейх Жоаан бин Хамад Аль-Тани тус улсад 2022 онд зохион байгуулагдах Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл ажлын талаар танилцуулав.
Хонконг хотноо 12 дугаар сарын 20-22-нд 27 дахь удаагийн ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Тэмцээнд Монгол, ОХУ,БНХАУ, Англи, Япон зэрэг орны шилдэг 260 гаруй тамирчид 10 төрлөөр өрсөлдөж гурван насны ангилалд аваргуудаа тодруулах юм. Тус тэмцээнд оролцох Монголын оюун ухааны академийн баг тамирчид өнөөдөр Хонконгийг зорьжээ.
Энэ удаагийн тэмцээнд оролцох тамирчид: Олон улсын Их мастер /ОУИМ/ Э.Лхагвадулам /2017 – Дэлхийн өсвөрийн аварга/ , ОУИМ М.Уянга, Олон улсын мастер/ОУМ/ Н.Намуундарь, ОУМ С.Марал, Азийн Мастер Э.Мишээл, Б.Лхагвадорж,Г.Мянганбаяр, Т.Үжин, Б.Хулан, Г.Солонго, У.Солонго, А.Ялгуун, Б.Гантөмөр, Т.Тэнүүн, Б.Эрмүүнболд, Б.Мөнхтэргэл,Д.Мөнхтүшиг, З.Тэмүүжин, О.Ганжигүүр, А.Одмаа, Ш.Наранбат, Ч.Нарансолонго нар өрсөлдөнө. Монголын багийн дасгалжуулагчаар олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, ОУИМ, дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан нар ажиллах юм
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Цагдаагийн Ерөнхий газар хамтран “Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны Их танхимд зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх зэрэг албаны хүмүүс, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий ЦЕГ, ОБЕГ, ШШГЕГ, МХЕГ, зэрэг байгууллагуудын тэргүүн, ажилтан, алба хаагч нар, оролцож байна.
ЭНЭХҮҮ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
Та бүхний амрыг эрье!
Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцлийг хангаж бүрдүүлэхийг Үндэсний аюулгүй байдал гэдэг. Энэ чиг үүргийг хуулиар үүрэг хүлээсэн 11 төрийн байгууллага хэрэгжүүлэн ажиллаж байна.
Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын хамтын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиглэлээр миний бие онцгойлон анхаарч, дээрх байгууллагуудын удирдлагуудтай 3 удаа биечлэн уулзаж, үүрэг чиглэл өгсөн. Тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд хамтран хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөг гаргаж ажилласнаар тодорхой үр дүн ажиглагдаж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэг нь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын хамтран хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдийн нэг юм.
“Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдвийг хөндөн хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь өнөө цагт цагаа олсон гэж үзэж байна.
Зам тээврийн осол, хөдөлмөрийн аюулгүй байдлын осол, золгүй байдлаар амь насаа алдах, архи, согтууруулах ундаанд хордох, амиа хорлох, хүчирхийлэл, бусдад хорлогдох, бусад осол гэмтэл, химийн бодисын хордлого, өвчлөл ба гаднын шалтгаант нас баралтаар Монгол Улсад өдөрт дунджаар 40-45, жилд дунджаар 15-17 мянган хүн амиа алдаж байгаа гэсэн дүн гарчээ. Энэ нь иргэний дайнтай Сири улсад энэ оны эхний 10 сарын байдлаар 18 мянга орчим энгийн иргэн, цэрэг болон босогч алагдсан гэх тоотой ойролцоо очиж байна. Энэ юу гэсэн үг вэ, бид дайны нөхцөлд амьдарч байгаатай нэгэн адил болжээ.
Дээрх харамсалтай нөхцөл байдал нь хүн амаа эрүүл, аюулгүй орчинд амьдруулах хуулиар хүлээсэн үүргээ Төр биелүүлэхгүй байгаатай шууд холбоотой. Иймээс золгүй үхлийн тоог бууруулах чиглэлээр та бүхэн хэрхэн, ямар арга хэмжээ авч ажиллах талаар нухацтай зөвлөлдөж, тодорхой шийдэл гаргаж, үр дүнтэй хэрэгжүүлнэ гэж найдаж байна. Монгол Улсад монгол хүнээс илүү үнэтэй капитал гэж байх ёсгүй.
Энэхүү хэлэлцүүлгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах чиглэлийг та бүхэнд өгч байна. Хойтон жил та бүхэн ахин цугларахад дээр дурдагдсан зохисгүй тоонууд буурсан дүнтэй уулзах ёстой гэж бодож байна. Ийм л үр дүнг та бүхнээс хүлээе.
Ингээд “Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй хэлэлцүүлэг нээснийг мэдэгдэж, хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг үг хэлж дууссаны дараа ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, Цагдаагийн хурандаа С.Баатаржав хэлэлцүүлгийн сэдэвтэй холбогдуулан эхний илтгэлийг тавьж байна.
Он гарсаар эхний 11 сард улсын хэмжээнд ахуйн гал түймэр нийт 3080 удаа гарч, 15,8 тэрбум төгрөгийн хохирол учирч, 68 хүн амь насаа алдсан байна. Үүний 49 нь том хүн, 19 нь хүүхэд байгаа юм. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид дээрх гал түймрийн аюулаас 847 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 40 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа.
Ахуйн гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 1,5 хувиар, учирсан хохирлын хэмжээ 42,3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Иймд иргэн та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж,
-Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах,
-Халуун үнс нурам, галтай хог хаягдлыг хогийн ил цэгт хаяхгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр болон цахилгаанаар ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлах,
-Цахилгааны шөнийн тарифыг хөнгөлсөнтэй холбогдуулан цахилгаан халаагуур, халаагчийг гэр, байшин, аж ахуйн нэгж, байгууллагадаа суурилуулахаар сонгосон бол цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх,
-Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зайн хэмжээг баримтлах, ил галаар автомашины мотор болон бусад явах эд ангийг халаахгүй байх,
– Шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан зарж, борлуулах эрх бүхий газраас пиротехникийн хэрэгслийг худалдан авч, үйлдвэрээс тогтоосон аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгааг мөрдөх,
– Аж ахуйн нэгж, байгууллагууд сүлд модыг дүрмийн дагуу угсарч ашиглах, тухайн обьектын харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулж, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг бэлтгэсэн байх,
-Баярын арга хэмжээ зохион байгуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд галын дохиоллын болон гал унтраах автомат системүүдэд ээлжит бус үзлэг хийж, хэвийн найдвартай ажиллагааг ханган, авралтын зам гарцыг чөлөөтэй байлгахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Тайландын Чианг Май хотод энэ сарын 14-16 ѳдрүүдэд зохион байгуулагдсан WBPF холбооны 10 дахь удаагийн ДАШТ-нд оролцсон ОУХМ Г.Угалзцэцэг хос алтан медаль хүртсэн талаар бид мэдээлсэн. Тус тэмцээнд өрсөлдсөн Монгол Улсын баг тамирчид нийтдээ хоёр алт, дөрвөн мѳнгѳ, гурван хүрэл медаль хүртэж, шагналт дөрөвдүгээр байр хоёр, шагналт тавдугаар байр хоёр хүн тус тус эзэлсэн байна. Баг тамирчид өнөөдөр Чингис хаан олон улсын нисэх буудалд 23:00 цагт буух аж.
1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
–Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын 8 гишүүн 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл сонсох.
2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
МАН-ыг татан буулгах өргөдлөө Дээд шүүхэд өгч байгаагаа хуульч Б.Эрдэнэцогт өчигдөр мэдэгдлээ. Тэрбээр тус намыг татан буулгах гол үндэслэлээ “60 тэрбумын хэрэг” хэмээн тайлбарлаад Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах үйлдэл хийснээрээ МАН Монголын төрийг удирдах хууль зүйн үндэслэлгүй гэв. Үнэндээ 60 тэрбумын гэх бичлэг бол “МАН сонгуульд ялбал ийм аргаар мөнгө босгох боломжтой гэсэн арга зам, тоо” гэж ойлгогддог. МАН сонгуулийн үеэр албан тушаал зараад 60 тэрбумыг босгож, ялалт байгуулсан гэвэл бас л эргэлзээтэй. Яриа төдий л зүйл.
Туулсан зам, туршлага, боловсон хүчин зэргээрээ Монголын хамгийн том гэгддэг МАН түүхт 100 жилийн ойгоо нэгдмэл байдаар тэмдэглэж чадах эсэх нь өнөөдөр эргэлзээтэй болоод байна. Энэ намын дотоод тэмцэл савнаасаа хальж, дээр дооргүй чи би-дээ тулж хэрэлдэж эхэллээ. Төр барьж байгаа намын удирдлагууд өөр хоорондоо тэмцэж, төрийн ажиллагаа гацахад хүрч байгаад намын гишүүд дэмжигчдээс эхлээд жирийн олон түмэн дургүйцэж байна. Тиймдээ ч манай сонин өчигдрийн дугаартаа “Монгол ардын нам онц их хурлаа зарлан хуралдуулах хэрэгтэй болжээ” хэмээн бичсэн юм. Ингэж асуудлаа шийдвэл тун сайн сан. Харамсалтай нь, манай нийтлэлийн дараа маш олон уншигч редакц руу утасдаж “Юу бичээд байна вэ. Наадууд чинь нэгдэж их хурлаа хийхээсээ нэгэнт өнгөрсөн” гэцгээж байв. Намын идэвхтэй гишүүд хүртэл төрийн ажлыг гацааж байгаа намынхандаа бухимдаж байгаагаа илэрхийлж байсан.
Тэгвэл одоо Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч болохын хувьд Ерөнхийлөгч Х.Баттулга Дээд шүүхэд өргөдөл гарган МАН-ыг татан буулгах хэрэгтэй байна. Сонгуулиар үнэмлэхүй олонх болж, төр барьж байгаа МАН өдгөө хоёр хуваагдан, хоорондоо талцан тэмцэлдэж УИХ-ын үйл ажиллагааг зогсоолоо. УИХ-ын үйл ажиллагааг зогсооно гэдэг Монгол төрийн ажлыг зогсоож байгаатай утга нэг юм. М.Энхболд, У.Хүрэлсүх нарын бүлэглэлийн аль аль нь төрийн эрх мэдлийн төлөө тэмцэлдэж байна. Тэдний бие биеэ давах гэсэн улайрал хууль ёсыг уландаа гишгэж эхэллээ. Өөрөөр хэлбэл, тэд төрийн эрхийг хууль бусаар авах гэж байна. Үүний тод илрэл бол Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гарч суучихаад ажлаа хийхээ больсон. Засгийн газрын гишүүд УИХ-ыг бойкотолж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаагийн тод илрэл юм. Хэрэв У.Хүрэлсүхийн бүлэглэл ингэж улайрч байгаад санасандаа хүрвэл Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авч байна гэсэн үг. М.Энхболдын бүлэглэл ч асуудлыг улам дэвэргэн, үйлдэл, эс үйлдлээрээ У.Хүрэлсүхийн бүлэглэлийг хууль бус арга руу шахаж байна.
Төрийн эрх мэдлийн төлөөх дээрх хоёр бүлэглэл өнгөн дээрээ юу ярьж байгааг бид сайн мэднэ. У.Хүрэлсүх тэргүүтнүүд “60 тэрбумын хэрэг бол төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдого” гэж байгаа. М.Энхболдынхон “ЖДҮ-ийн сангаас хулгай хийсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар” шахаж байна. Эцсийн дүндээ энэ хоёрын аль аль нь төрийн үйл ажиллагааг гацааж, Монгол төрийг алга болгох, Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүртэл дэвэргэх асуудал биш юм. Харин МАН доторх бүлэглэл хоорондын зөрчил л Үндэсний аюулгүй байдал алдагдах хэмжээнд тултал хурцдаж байна.
Өнөөдөр шатахуун, доллар болон бараа бүтээгдэхүүний үнэ, утаа гээд бүхий л зүйл дээд хэмжээндээ тулж, ард түмний амьдрал урвуугаараа доошоо унажээ. Энэ бүхнийг зохицуулж, удирдах төр алга. Төрийн зөөлөн суудалд суугсад өөрсдийн эрх ашгийн төлөө л явна уу гэмээр ард түмнийг гаргуунд нь хаяж байна. Цуу үг тарааж, бие биенээ муулж, ядруухан яваа ард түмнээ яасан ч их бухимдуулдаг улс вэ. Тэд ард түмний бухимдлыг дэвэргэж, хооронд нь хагаралдуулж тэмцэлдүүлэх тэмцлийн галыг зориудаар сэвэн өрдөж байна. Өөр өөрсдийн бүлэглэлийг дэмжих ард түмэн бий болгохоор чармайцгааж байна. МАН-ын бүлэглэлүүдийн бодлоор ард түмэн хуваагдаад л тэмцэлдэх бололтой юм. Улсаа нурааж цус нулимстайгаа хутгалдаж байж Хүрэлсүх юм уу, М.Энхболдыг ялуулах нь байна л даа.
Салхинд хөөрөгдөж байгаа гал мэт тал тал тийшээ тарж байгаа цуурхлыг та ч гэсэн сонсоо биз. У.Хүрэлсүх гарч ирснээр парламент ёсыг устгах гэж байна. М.Энхболд 60 тэрбумаар албан тушаал зарсан. Х.Баттулга л Ерөнхийлөгчийн засаглалыг тогтоох гээд байгаа юм. Бүгд үлгэр. Бие биенээ илүү харлуулах гэсэн хоосон цуурхал. Хамгийн бодитой зүйл гэвэл МАН-ын хуваагдал, хоорондын тэмцэл л байна. Ийм намыг байлгаад, бүлэглэлүүдээр нь улсаа тоглуулаад хэдий болтол харж суух вэ. Энэ үндэсний аюулгүй байдал биш үү. Тиймээс МАН-ыг татан буулгах өргөдлийг Ерөнхийлөгч даруйхан дээд шүүхэд гаргах хэрэгтэй. Эрх баригч намын бүлэглэл хоорондын хэрүүл энэ чигээрээ удааширвал Монгол төрийн чадамж алга болно. Эдийн засгийн болоод улс төрийн хор уршиг нь ард түмний нуруун дээр бууна. Эхнээсээ буугаад эхэлсэн. Тиймээс Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдийг илэрхийлэгч хэмээн Үндсэн хуулиараа баталгаажсан Ерөнхийлөгч Х.Баттулга та дуугүй харж суумааргүй байна. Эрх барьж буй намын эрх мэдлийн төлөөх тэмцлийн хөлд энэ ард түмэн чинь үрэгдэж дуусах нь.
О.ТУЯА
УИХын гишүүн Л.Болдтой ярилцлаа.
-Таныг УИХ-ын гишүүнээсээ татгалзахыг Ардчилсан намаас санал болгожээ. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Ардчилсан намын дарга хуулиа унших л ёстой юм. Ийм хариуцлагатай албыг хашиж, төрд олон жил зүтгэж байгаа хүн хууль бус зүйл ярьж болохгүй л дээ. Ер нь улс төрийн нам, мафи хоёр нэг л зүйлээр ялгаатай. Аль аль нь эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй холбогддог байх. Гэхдээ мафиас амьд гарч болдоггүй. Улс төрийн намаас бол гарч болдог. Бидний 1990 онд халсан коммунист, Гитлерийн байгуулж байсан фашист нийгэм дэх намууд мафийн тогтолцоотой. Тэр намуудыг бид халсан юм. Хүний эрх гэдэг хувь хүнд өөрт нь л байдаг. Ямар үзэл санаатай, эрхтэй байх, намд харьяалагдах, эс харьяалагдах нь Үндсэн хуулиар хувь хүнд олгогдсон эрх юм. Үүнийг төр, нам, компани, ямар нэгэн бүлэглэл мэдэхгүй. Тэгэхээр бүх зүйл хуулийнхаа дагуу зөв зарчмаар учир нь олдоод явах болно.
Үүнд эргэлзэх зүйл байхгүй. УИХ-ын гишүүнийг ард түмэн сонгодог. Би саяхан сонгогчидтойгоо уулзаж, тойрог дээрээ ажиллалаа. Сонгогчид, ахмадууд ирж уулзацгаасан. Бүгдээрээ энэ хууль бус мэдэгдлүүдийг сонссон байна. “Таныг бид сонгосон. Нэр дэвшигч, хувь хүнийх нь хувьд сонгосон. Бид нам сонгоогүй” гэдгийг хэлж байна. Өмнөх УИХ-д ч гэсэн МАН-аас Д.Арвин гишүүн гарч л байсан. Түүнийг АН-ын “Шонхор” фракц элсүүлэн авч, бүлэгтэй олонх болж байв. Энэ бүгдийг хуулийн хүрээнд зөвшөөрөөд л явж байсан. Тиймээс ингэж хоёр нүүр гаргах ямар ч шаардлага байхгүй. Гэхдээ надад айх юм алга. Тойрог дээрээ очоод намаас бус бие даагчаар нэр дэвшчих гэвэл бэлэн байна. Тийм сонгууль хийхээр болвол татгалзах зүйл алга. Харин хуулийн дагуу хийгээрэй гэж зөвлөх байна.
-Тэгэхээр намын гишүүнээс гарах асуудал тань цаашид хэрхэн шийдвэрлэгдэнэ гэсэн үг вэ?
-Би намын гишүүнээсээ гарна гэдгээ зарлачихсан. Тэр цаг мөчид би Ардчилсан намын гишүүн байхаа больсон. Одоо би энэ намын гишүүн биш. Би өргөдлөө намын даргад өгчихсөн. Энэ л хангалттай. Намайг хүчээр шахуу энэ намд бүртгэлийн журмаар байлгах асуудал ярьж, янз бүрийн шинэ зүйлүүд гаргаж ирээд байна. Нам мафи, шорон биш. Намаасаа гарах эсэх нь хүний эрхийн асуудал. Энэ толгойлогч унахаар бүх зүйл хуулийнхаа дагуу болчих нь л доо. Энэ Их хурлын дарга хуулиа зөрчихийг л бодох байх. Шинэ Их хурлын дарга хуулийнхаа дагуу шийдвэр гаргана байх гэдэгт эргэлзэхгүй байна.
-Та бүхэн “УИХ-ын даргыг ард иргэдтэйгээ хамт чирч гаргана” хэмээсэн. Энэ мэтээр иргэдийг турхирч цаашлаад буруу алхам хийхэд хүргэх вий гэх айдас олон нийтийн дунд байна…
-Энэ цаг үед бид хэн нэгний албан тушаал яриад байгаа юм шиг харагдаж байгаа байх. Яг үнэндээ энд нэг ёсны хувьсгал болж байгаа юм. 2018 он яг 1989 он шиг гэж хэлж болно. 1989 оны арванхоёрдугаар сард Монголын нийгэм их хувьсгал руугаа орох замаа нээсэн. Түүнээс хойш ардчиллын өөрийнх нь дутагдлыг ашиглаад Монголын нийгэм дахиад бүлэглэлийн мафижсан тогтолцоонд шилжчихсэн. Монголын бүх баялаг, эрх мэдлийг эрхшээлдээ оруулаад тоглоомын Их хурал, Засгийн газар байгуулсан.
Би 1990 онд радикалуудын л нэг байсан. Хурцын хурц хэлбэр лүү явъя гэдэг байв. Өлсгөлөн, хичээл хаялт, жагсаал цуглаан, арай л зэвсэг яриагүй байх. Тэр аймшигтай нийгмийн эсрэг бид гар хоосон ч амь насаа золиослоод тэмцэх залуу халуун насны гал дөл байсан. 1992 оноос хойш бид Үндсэн хуультай, олон намын тогтолцоотой, ардчилсан төртэй парламенттай болсон. Одоо бол парламент дотороо хувьсгал хийж болж байгаа юм. Яахав хамт хувьсгал хийж байгаа залуус маань мөн л адил хурцын хурц хэлбэр лүү хальтарч орчих гээд байна л даа. 1990 онд намайг Баабар, Э.Бат-Үүл аргадаж байсан шиг би эдгээр залуусаа аргадаж л байна. Тэр үед бие биенээ аргадсан нь зөв байсан юм билээ. Тухайн үед цуст аллагууд явагдаад эхэлсэн бол Монголын түүх орвонгоороо эргэх байлаа. Өнөөдөр ч ийм зүйл шаардлагагүй. Бид парламентын тогтолцоотой, парламентад олонх болчихлоо. Үл бүтэх тогтолцоог зогсоох, энэ хүмүүсийг зайлуулахыг хүсч байгаа гишүүдийн тоо 40 гараад явчихлаа. Ийм нөхцөлд бид ямар ч дарамт шахалт, гүтгэлэг ирсэн зорилгодоо, ялалтад тайван замаар хүрэх ёстой. Энэ эсэргүүцлийг дэмжиж байгаа ч гадаад, дотоодод явж байгаа шалтгаанаар гарын үсэг зурж амжаагүй байгаа гишүүд бий. Шударга бусын хонгилын цаг дуусч байна.
Саяхан Унгарт залуучууд нь парламентынхаа шударга бус даргыг чирээд гаргаж байна лээ л дээ. Японд санал хураалт зөрөлдснөөс болоод хурал даргалагчаа суудлаас нь түлхээд унагаж байсан. Иймэрхүү зүйлүүд олон оронд болдог. Парламентад байдаг л үзэгдэл. Гэхдээ Монголд бол өөр. Монголчууд бид үүн дээрээ хүрэхгүй гэдэгт бид итгэлтэй байна. 1990 онд цуст мөргөлдөөн болохын яг торгон ирмэг дээр Ж.Батмөнх дарга огцорсон. Ж.Батмөнх даргыг дагаад Улстөрийн товчоо огцорсноор Монголын нийгэм учир зүйгээ олсон. Бүх зүйл хуулийн хүрээнд болж, сонгууль хийгээд л тэр нөхцөл байдлыг даваад гарчихсан. Үүнтэй адил энэ тогтолцооны гол төлөөлөгч болсон М.Энхболд дарга албан тушаалаа өгчихөд тэрхүү шударга бусын бүлэглэл нурж унана. Үнэхээр сандралд орж байгаа нь харагдаж байна.
-УИХ-ын дарга огцорсноор энэ бүх асуудал шийдэгдэх үү?
-Хувьсгал тийм л байдаг. Орой дээр нь байгаа хүн, толгойлогч нь унаж байж хувьсгал ялдаг. 1990 он, Октябрийн хувьсгал мөн адил л ийм зүйл болсон. Гэхдээ өнөөдөр бид парламентын хүрээнд л хувьсгал хийж байна. Ард түмнээ жагсаасангүй, өлсгөсөнгүй, хөлдөөсөнгүй, амь насыг нь золиосолсонгүй. Цэрэг цагдаагаар дарамталсангүй. Долдугаар сарын 1-ний үйл явдал шиг мөргөлдөөн үүсгэсэнгүй. Парламентад 40 хүн гарын үсэг зураад л хувьсгалаа хийчихэж байгаа юм. Хүч хэрэглэсэн мөргөлдөөн болоогүй учраас хуулийн хийдэл, цоорхой хайж өдөр хоног аргацаагаад л яваад байгаа байх. Одоо ард түмэнд бүх зүйл ил тод болсон. Маш олон булхиа, хулгай ил боллоо. Энэ тогтолцоо унах л юм бол шударга хуульчид хийх ёстой ажлаа хийнэ. Тэдний толгой дээр гарсан улс төрийн захиалгатай нөхдүүд өөрсдөө шалгуулна. ЖДҮ-д прокурорын орлогч, ТЕГ, Аудитын дарга, Төрийн өмчийн хорооны дарга нь холбогдчихсон байж байна. ЖДҮ гэж хашгираад байгаа нөхдүүд ч хамааралтай гэж бодож байгаа. Тэд нар заль гаргаад ХОМ дээрээ бичээгүй, халхавч компаниар л авсан байх. Энэ бол 60 тэрбумын хэрэг болсны нотолгоо. Зарим нэг ухамсар муутай гишүүд нь өөрсдийнхөө компаниар авсан даа ЖДҮ-ийн тэмцлийн үзүүр дээр цоллуулж байна. Тэд нар хариуцлага хүлээнэ. Халхавч компаниар авсан нөхдүүд ч хариуцлага хүлээх ёстой. 60 тэрбумыг бодитой шалгаад ирэхээр энэ бүхэн ил болох нь ойлгомжтой.
ЖДҮ-ийг шалгах түр хороо гээд л пиар хийгээд байна. Байгуулагадаагүй байж хэлэлцүүлэг хийлээ. Байнгын хорооны хурлаар нэг хоногийн дотор орлоо. 60 тэрбумаа далдлах, наймаалцах хэрэгсэл болгохын тулд энэ асуудлаа их хурдан явуулж байгаа биз. Гэтэл бид С.Зоригийн асуудлаар түр хороо байгуулахаар жил гаруй хугацаанд явж байна. Байнгын хороогоор ч оруулахгүй л яваад байгаа. С.Зориг, 60 тэрбумын хэрэг чинь бүгд холбоотой болчихоод байна. С.Зоригийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгасан хуулийн төслийг гаргасан, хурлыг удирдсан хүн нь М.Энхболд дарга байдаг. Хүмүүсийг үгийг нь хэлүүлэхгүй хааж, аргалаад л тэр хуулийн төслийг хулгайн замаар гаргачихсан. Энэ бүхнийг бид түр хороон дээрээ яримаар байгаа юм. Эдгээр бүх зүйл дээр бул хар чулуу болчихоод суугаад байна л даа.
-Та бүхний тавьсан үндэслэлийг хуулийн хүрээнд биш гэж байгаа. Энэ тухайд?
-1990 онд бидний тавьсан бүх хүсэлт хуулийн хүрээнд биш байлаа. Гэсэн ч биднийг ард түмэн дэмжиж байсан. Үүнийг Ж.Батмөнх гуай мэдрээд ажлаа өгсөн. “Миний албан тушаал энэ улс орны хувь заяаг гацаагч нь байж болохгүй” гээд л нийгмийн шинэчлэл рүү явсан биз дээ. М.Энхболд даргын ухамсарын л асуудал. Мань хүн гүрийх тусмаа 60 тэрбум, ЖДҮ-ийг тойрсон бухимдал ил болоод л байна. Тэгэхээр аливаа зүйлд хязгаар бий. Ард түмнээ заавал бухимдуулж, хүчирхийллийн хэлбэр лүү турхирах нөхцөл рүү явахгүй байх. Зүгээр л нэг албан тушаал шүү дээ. Үнэхээр л буруугүй, мундаг юм бол улс төрийн зам нь нээлттэй. Хамгийн гол нь бид тийм эрх чөлөөг бий болгочихсон байхгүй юу.
Эцсийн эцэст М.Энхболд дарга албан тушаалтай зууралдаад байгаа юм биш л дээ. Энэ тогтолцоог хамгаалах барьцаанд орчихоод байгаа юм. Хувь хүний хувьд энэ албан тушаалаа өгчих сонирхолтой л байгаа байх. Нөгөөдүүл нь барьчихаад албан тушаалаа өгөх юм бол чамтай тооцоо бодно шүү гэж айлгаж байгаа. 60 тэрбумын хэрэг илэрнэ, тодорхой болно. Энэ нь тэдний хувьд аймшиг юм. Үүгээр шалгагдана гэхээсээ үнхэлцгээ хагартал айж байна л даа. Хамгийн том айдас нь энэ. 60 тэрбумын асуудлыг шалгуулахгүй байхын тулд энэ албан тушаалтайгаа үхэн хатан зууралдаж байна. Өнгөрсөн хугацаанд энэ хэргийг шалгуулахгүй байхын тулд бүх аргаа сүвэгчилсэн. Дунд нь ЖДҮ гэсэн асуудал гаргаж ирж хэдэн гишүүдээ барьцаанд авч байгаад аль аль талдаа наймаа, тохиролцоо хийх гээд энэ их хугацааг алдаж байна. Үүний цаана ард түмэн л хохирч байна. Мөн цөөнгүй гишүүдийг гүтгэж, дайрч доромжилж байгаа шүү. Монголын төр, парламентыг аймшигтай нөхцөл байдалд аваачиж байна.
-Таныг Монголын Ардчилсан нам буюу МОАН гэсэн нам байгуулж Н.Энхбаяр тэргүүтэй улс төрчидтэй эвсэн 2020 оны сонгуульд нэр дэвших гэж байна гэж яриад байгаа. Ер нь та цаашид улс төрийн карьераа хэрхэн үргэлжлүүлэх вэ?
-Монголын намуудын тогтолцоо ялзарч, хувьсгалынхаа үзэл санаанаас бүрэн гажиж, ардчиллын бүх үнэт зүйл алдагдсан. Иймд би Монголын ардчиллын төлөө нэгдлийг санаачлаад гурван жил болж байна. Ил тод ажлаа хийгээд л явна. Залууст ардчиллын үнэ цэнийг ойлгуулж байна. Өөр яаж тэмцэх билээ. Тусдаа нам байгуулах ямар ч бололцоо алга. Энд АН-ын болон өөр намынхан, нам бусчууд ч бий. Гэхдээ ихэвчлэн Ардчилсан намынхан байдаг. Тэд нарт намаа шинэчлэх, шинэ үзэл санаан дээр аваачих, ардчиллын үнэт зүйлийг чиг шугамаа болгосон нам болох сургалтуудыг хийж байгаа. Энэ залуусыг намаа шинэчилнэ гэж харж байна.
Монголын төрийг зөв замаар авч явахад заавал намтай байх албагүй. Одоо намчирхаж нийгмээ хуваан, нам нь хуйвалдааны талбар болж, Монголын төрийг барьцаалдаг, мафижсан тогтолцоо руу шилждэг энэ бололцоог бүрэн хаах хэрэгтэй. Ард түмнээсээ эрхээ л авч чадвал иргэн бүр бие даагч болж болно. Бид нам гэсэн ойлголтыг бүрэн задлах хэрэгтэй. Нийгэмд улс төрийн шинэ хувьсгал хэрэгтэй байна. Парламентын хувьсгалын эцсийн дүнд намуудын тогтолцоо бүрэн өөрчлөгдөнө. Одоо МАН-ын 64 цаашид ийм хэвээрээ явж чадахгүй. Тэд нэг нам биш байхгүй юу. Эд нар маш том үзэл бодлын зөрөөн дээр очоод салж байгаа юм. Ардчилсан нам ч гэсэн салж байна. Энэ бүхэн цаг нь болсны л шинж. 28 жил болоход ард түмэн, энэ намууд өөрсдөө ч тэсэхгүй тэсэрч байна. Энэ нь улстөрийн шинэ тогтолцоо руу явж байгаа юм. Би үүнд хувь нэмрээ оруулна. Ардчилсан нам, улс төрийн тогтолцоог шинэчлэх, нийгмийн хөдөлгөөнийг дэмжихийн төлөө явна. Үүнд ямар ч эргэлзээ байхгүй. Би 1990 онд л улс төрийн амьдралыг сонгосон. Ард түмэн надад итгэл хүлээлгэсэн цагт улс төрдөө л зүтгэнэ. Харин парламентад сонгогдож чадахгүй бол улсын байгууллагад ажиллаж, төрийн тогооноос халбагадах гээд тэмцээд байхгүй. Хувийн секторт очиж ажиллана. Баялаг бүтээнэ.
Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.
-Монгол банкны ерөнхийлөгчийн мэдэгдэл гоёчилсон, худлаа мэдээлэлтэй гэж та сая хэллээ. Жишээ нь, юуг гоёчилсон байна?
-Хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн гэсэн байна. Үүн шиг худлаа юм байхгүй. Хөрөнгө оруулагчид харин ч үргэсэн. Муу нэртэй, луу данстай Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотой санхүүжилтийг эс тооцвол өөр гялайж гялтайх зүйл алга. Оюу толгой л төлбөрийн тэнцэлд эерэг нөлөө үзүүлж байгаа. Улсын зээлжих зэрэглэл сайжирлаа гэх юм. Гэтэл зээлжих зэрэглэлийг хэн унагалаа. Н.Баяртсайхан ерөнхийлөгч ажлаа авсныхаа дараа маш хариуцлагагүй мэдэгдэл хийсэн шүү дээ.
-Валютын нөөц хасах руу орсон гэж мэдэгдсэнийг нь хэлээд байна уу?
-Яг тийм. Энгийнээр жишээлье. Өртэй хүн байлаа гэж бодъё. Урт хугацааны өрөө хэлэх нэг хэрэг. Богино хугацааны өрөө ярих өөр хэрэг. Тухайн үед Н.Баяртсайхан өмнөх ерөнхийлөгчөө харлуулахын тулд урт хугацааны өрийг нэг дор төлчих юм шиг ярьж, хасах 400 сая ам.долларын нөөцтэй байна гэж хэлсэн. Гэтэл Монголбанкны албан ёсны статистикт 1.3 тэрбум ам.долларын нөөцтэй гэсэн тоо дурайж байсан шүү дээ. Ямар ч айл өрх зээлийн эргэн төлөлтөөрөө л санхүүгийн чадавхиа хэлдэг. Түүнээс биш урт хугацаанд төлөх бүх өрийнхөө хэмжээг хэлээд яриад суудаггүй. Ингэж хийтэй мэдэгдэл хийснээс болж ам.долларын ханш маш богино хугацаанд 500 төгрөгөөр цойлсон. Үр нөлөөнд нь манай улсын зээлжих зэрэглэл богинохон хугацаанд хоёр шат буусан. Энэ алдаа нь азаар нүүрсний үнийн сэргэлтээр засагдсан. Түүнээс зээлжих зэрэглэл сайжирсан нь төв банкны гавьяа биш.
-Ер нь төв банкны ерөнхийлөгч ингэж мэдэгдэл нэртэй урт зүйл бичээд бараг бүх сонин хэвлэлээр цацдаг ийм жишиг олон улсад бий юу?
-Ер нь ямарваа нэг мэдэгдлийг гүтгэсэн ч юм уу, эсвэл нэр хүндэд нь халдсан хүмүүст эсэргүүцлээ илэрхийлэх маягаар гаргадаг гэж би хувьдаа ойлгодог. Гэтэл төв банкны ерөнхийлөгчийн мэдэгдэл тайлбар шинжтэй юм билээ. Ерөнхийд нь уншихад алдаа гаргаснаа далдуур хүлээн зөвшөөрч, зарим алдаа нь засагдаж байгаа юм байна гэхээр. Гэхдээ энэ урт тайлбар гэх үү, учирлал гэх үү энэ юманд нь хоорондоо зөрүүтэй, утгын хувьд авцалдаагүй, орооцолдсон зүйл их байна. Жишээ нь, бодлогын хүүг буулгасан л гээд байна. Алдаатай мэдэгдэл хийснийхээ дараа бодлогын хүүг огцом өсгөж байсан нь бодитой болсон үйл явдал шүү дээ. Тэр нь эргээд хэвийн байдалд орж байгаагаас өөр зүйлгүй. Гэхдээ саяхан бас бодлогын хүүгээ өсгөсөн. Бодлогын хүү нэг нэгжээр өсөөд удаагүй байхад, би буулгасан гэхээр логикийн зөрчилтэй байгаа биз. Цаашид ч өсгөх байх. Энэ мэдэгдлээс сэтгэгдэл эмзэглүүлсэн нэг зүйл анзаарагдлаа.
-Юу тэр вэ?
-Өөр том алдаа гаргаж байгаагаа огт харахгүй байна л даа. Энэ мэдэгдэл гэгчийнхээ зорилгыг “Хэрэгжүүлж буй бодлогоо бодитоор тайлбарлах” гэсэн байна лээ. Эдийн засаг өсөлттэй гэж онцлоод энэ өсөлтөд бодлого боловсруулагчдын бодлогын арга хэмжээ чухал нөлөөтэйг хэлсэн байна. Эдийн засагч хүний хувьд хэлэхэд би энэ мэдэгдлээс бодитой тайлбар олж харсангүй. Төв банкны Ерөнхийлөгч маань бурууг бусад руу тохсон, хариуцлагаас бултсан шинжтэй юм яриад байгаагийн цаана бодит эдийн засагт яг юу болоод байгааг одоо болтол олж хараагүй, оношоо одоо болтол зөв хийгээгүй байна даа гэхээр харагдаж байна.
-Төв банкны ерөнхийлөгчийн мэдэгдлээс анзаарахад олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагууд манай улсыг магтсан, төсвийн сахилга бат сайжирсан гэсэн утгатай өгүүлбэрүүд харагдсан. Энэ мэт эерэг хандлага бас байгаа юм биш үү?
-Тийм утгатай өгүүлбэр харагдсан. Гэхдээ Монголбанк хүний өмнөөс өөрөөр хэлбэл гадаадын мэргэжлийн байгууллагын өмнөөс бас хамаагүй ингэж худлаа хэлж болохгүй. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагуудын мэдэгдлүүдийг англи хэлтэй хүмүүс уншчих хэрэгтэй. Зэс, нүүрсний үнэ сэргэсэн учраас сайжирсан гэсэн утгатай өгүүлбэр л бий. 2019 онд асар өндөр алдагдалтай, гадаад өрөөс санхүүжсэн төсвийн хууль батлагдахад төв банк чимээгүй байсан. Төсвийн сахилга бат сайжирсан гэдэг худлаа. Монголбанкны бодлого зөв байсан учраас гадаад тал зөв үнэллээ гэсэн утгатай өгүүлбэрт нь ч толгой дохиход хэцүү. Яг нарийндаа төв банк үнэлгээг өөрөө унагасан, нүүрсний үнэ сэргээд, дээр нь ОУВС-ын хөтөлбөрийн дам нөлөөгөөр зээлжих зэрэглэл сайжирч байна.
-Н.Баяртсайхан ерөнхийлөгчийн мэдэгдэлдээ онцолсон зээлийн хүүг бууруулна гэсэн байр суурь лав олон хүний анхаарлыг татсан байх. Тийм боломж бий юу?
-Эдийн засгийн сэргэлтийг дэмжихийн тулд зээлийн хүүг бууруулна гээд байх юм. Гэтэл бодлогын хүүгээ өсгөчихсөн шүү дээ. Монголбанкны албан ёсны статистикаас харахад хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл эрс өссөн байна лээ. Банкуудын байдал хүнд байгаа гэсэн үг. Ийм байтал арилжааны банкны үзүүлэлт сайжраад зээл гаралт маш сайн болсон гэж яриад байх юм. Мөн арилжааны банкны эх үүсвэрийг төгрөг рүү шилжүүлсэн гэсэн байна. Манайх шиг нээлттэй эдийн засагт арилжааны банкууд хүссэн хүсээгүй долларын харилцаанд ордог. Тэгэхээр энэ долларын хомсдолоос үүсэх эрсдлийг арилжааны банкуудад үүрүүлээд байдлыг улам хурцатгаж байгаагаа зөвтгөж тайлбарласан нь банк санхүүгийн ойлголт муу гэдгийг нь харуулж байна гэхээр. 2019 оны мөнгөний бодлогод зээлийг хумих бодлого явуулна гэчихсэн. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ “Зээл сайжирч байгаа. Энэ бол миний ажлын үр дүн” гэж яриад суух юм. Батлагдсан бодлого, хэлж суугаа үг нь зөрж байгаагийн нэг тод жишээ л дээ. Төв банкны тэргүүн “дотоод эрэлтийн өсөлтөөс үүдэлтэй төлбөрийн тэнцлийн дарамтыг даах уу” гэсэн асуултыг өөртөө тавьжээ. Энэ бол буруу асуулт. Төлбөрийн тэнцлийн хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалттай илүү хамаарна. Дотоод эрэлт өсөөд худалдан авах чадвар сайжирч байвал гадны хөрөнгө оруулагчид илүү ихээр орж ирж болох юм. Гэтэл хэрэглээг хумина гээд байгаа. Оюу толгой болон том төслүүд дээр Монголбанк тодорхой байр суурь илэрхийлдэггүй. Харин ч эсрэгээрээ Оюу толгойн оруулж ирсэн валютыг худалдаж авдаг гэж газрын дарга нь хэлсэн гэсэн. Хэрэв энэ үнэн бол хуульд нийцсэн алхам биш. Монголбанк яагаад Оюу толгойтой шууд арилжаанд орох замаар доллар худалдаж аваад суугааг би хувьдаа ойлгохгүй байгаа. Төв банк аж ахуйн нэгжүүдтэй шууд арилжаа хийх нь одоогоор хуулийн хувьд боломжгүй гэж ойлгодог. Н.Баяртсайхан ерөнхийлөгчийн мэдэгдэлд өөр нэг нэг инээдтэй тайлбар бий. Валютын нөөц 3.4 тэрбум хүрсэн нь түүхэн дээд амжилт гэсэн хэрнээ 2012 оны эцэст дөрвөн тэрбум давсан гэсэн байна. Жаахан хүүхдүүд бие биенийхээ дээр гарах гэж өрсөлдөж байгаа юм шиг барьцсан маягтай зүйл ярих нь төв банкны ерөнхийлөгчид хэтэрхий жижигдэнэ.
-Гэхдээ өмнөх дөрвөн тэрбум гаруй долларын нөөцийн дийлэнх нь Чингис бондын мөнгө байсан гэсэн тайлбар харагдсан. Тэр утгаар нь өнөөгийн нөөцөө түүхэн дээд амжилт гэж тодотгосон юм болов уу?
-Өнөөдөр байгаа 3.4 тэрбум доллар ч ялгаагүй шүү дээ. Олон улсын валютын сангийн хөтөлбөрөөр орж ирж буй санхүүжилт бий. Санхүүжилт гэсэн гоё нэртэй болохоос биш угтаа өр шүү дээ. Хоёрдугаарт, алтны худалдан авалт байгаа. Алтны худалдан авалт дээр бас том алдаа гараад байна. Алт худалдаж авахдаа мөнгө нийлүүлдэг. Мөнгөө нийлүүлэхдээ төв банкны үнэт цаасаар худалдаж авдаг. Жилд 500 тэрбум төгрөг ямар ч баталгаагүйгээр мөнгө хэвлэх хэлбэрээр арилжааны банкуудад очиж байгаа. Арилжааны банкуудад жилд 500 тэрбум төгрөг сул оччихоор долларт байршаад байна. Өөрөөр хэлбэл орох хөрөнгө оруулалт үгүй учраас төгрөгийн илүүдэл үүсч, улмаар долларт байршиж буй гэсэн үг. Ийм маягаар төв банк долларын ханшийг тойруу замаар өсгөөд байна. Оюу толгойн долларыг худалдаж аваад хариуд нь мөн л төгрөг хэвлээд байна гэсэн үг. Валютын нөөцийг өсгөлөө гэж яриад суугаа. Гэсэн хэр нь бодлогын хүү 11 хувь болоод өсчихсөн. Тэгэхээр валютын нөөцийн бодит зардал нь 11 хувь болоод өсчихөж байна. Энэ бол том алдаа. Монгол Улсын эргэлтэд байгаа нийт хөрөнгийн 23 хувийг эргэлтээс буцааж татаад байна л даа. Хүү төлөөд байна гэсэн үг. Нөгөө талаас аж ахуйн нэгж, иргэдэд очих зээл багасч байгаагийн илрэл. Өөрөөр хэлбэл эдийн засаг мөнгөөр хатаж эхлэхээр байна. Манай экспорт жилээс жилд өсч байгаа нь үнэн. 2013-2014 онд нүүрсээ зараад 300 гаруйхан сая ам.доллар олдог байсан бол өнөөдөр гурван тэрбумаар хэмжигдээд эхэлчихлээ. Зэс гэхэд л хоёр тэрбумаас буухаа больсон. Ийм үед төв банк ханшийг 700 төгрөгөөр алдсан. Гэтэл зэс, нүүрсний үнэ унасан, нефтийн үнэ 120 ам.доллар байхад ханшийг барьж, бензиний үнийг тогтворжуулж болоод байсан. Одоо шатахууны үнээ ч алдчихлаа. Бензин дээр жишээ нь муулуулаад байдаг Ардчилсан засгийн үед доллараар илэрхийлэгдэх бензиний жижиглэнгийн үнийг хоёр дахин бууруулж чадсан.
-Төв банк тэрбум гаруй долларыг ногоон валютын ханшийг тогтворжуулахад зарцуулсан гэж байгаа. Ханш тогтворжвол тогтворжихоор том тоо баймаар юм…?
-Ийм их доллар зарсан хэр нь төгрөг суларсан хэвээр байгаа нь яалт ч үгүй Монголбанкны бодлогын алдаа. Экспорт өндөр, нефтийн үнэ буурсан, ОУВС-гаас таван тэрбум ам.доллар өр бүхий хөтөлбөртэй байхад долларын ханшаа алдсан нь бодлогын алдаатай л холбоотой. Одоо нүүрс рүү, улс төр руу бурууг нь чихэж байна. Зах зээлд оролцогчдын хүлээлт гэх мэт хийсвэр зүйлээс өө, шалтгаан эрж байна. Энэ бол яах аргагүй төв банкны бодлоготой холбоотой алдаа.
-Засгийн газраас хамаарах асуудал их байгаа гэсэн утга төв банкны ерөнхийлөгчийн мэдэгдэлд байна. Үнэхээр ийм шалтгаан байгаа юм биш үү?
-Гадаадын хөрөнгө оруулалтыг тат, нүүрсний экспортыг дэмж гэх мэт захиалгыг гүйцэтгэх засаглалд өгсөн байна лээ. Яг үнэндээ төв банк цэвэр бодлогын алдаа гаргаснаа далд утгаар хүлээн зөвшөөрчихсөн шүү дээ. Нүүрс, зэсийн үнэ өссөн, сангийн хөтөлбөрт хамрагдсан хэрнээ ханшаа тавиад туучихсан нь хүлээлтийг удирдаж чадаагүйтэй холбоотой. Мэдэгдлээс нь харахад төв банк өнөөг хүртэл асуудлаа зөв барьж аваагүй гэсэн дүгнэлт хийхээс аргагүй байна. Ийм орооцолдсон, учир шалтгааны зөрчилтэй мэдэгдэл хийж байгаа нь өөрөө асуудал. Монголбанкны ажлаа хийхгүй явааг харуулж байгаа хэрэг л дээ. Бас нэг зүйлийг онцлоход Монголбанкны бодлого гэж байхгүй. Төрийн мөнгөний бодлого гэж л бий. Төрийн мөнгөний бодлогыг шүүмжилсэн эдийн засагчдыг Монголбанкинд ажилладаг газар хэлтсийн дарга нар жиргээ гэх мэт олон нийтийн сүлжээгээр дамжуулан гутаан доромжлох нь хэрээс хэтэрлээ. Уг нь төрийн мөнгө бодлого түүнтэй холбоотой мэдээлэл бол олон нийтийн өмч. Н.Баяртсайханы өмч болоод хувийнх нь асуудал огт биш. Иргэнийхээ хардах эрхийг эдлээд төрийн мөнгөний бодлогод шүүмжлэлтэй хандсан хүн бүрийг твиттер, фэйсбүүк гэх мэт сошиал сүлжээгээр дайрч доромжилж байна. Би танай сониноор дамжуулан Н.Баяртсайхан ерөнхийлөгчид “Ингэж сошиал багийн ард нуугдаж дайралт дарамт үзүүлж суухаа боль, зүгээр л өмнөх алдаагаа засчих л даа. Алдааг чинь хэлсэн хүмүүсийн үгийг эрүүл саруул ухаанаар хүлээж ав. Бодлогын том алдаа хийж байгаа чинь үнэн шүү” гэж хэлмээр байна. Наад зах нь алтыг төв банк биш арилжааны банк худалдаж авдаг болгочих хэрэгтэй. Тэгвэл Гадаад валютын албан нөөц ч өснө. Дээр нь арилжааны банкуудад байгаа мөнгө жамаараа алт болж өндөр өртөгтэй стерилизаци хийх шаардлагагүй. Төв банкны үнэт цаас болон арилжааны банкуудтай хийсэн арилжаа олон их наяд болж хуримтлагдаж байна гэж сонссон. Энэ талаар мэдээлэл хомс байна. Мөнгөний нийлүүлэлт ч эрс өслөө. Валютын нөөцтэй харьцуулахад хамаагүй их төгрөгийн илүүдэл үүсч байна. Энэ хуримтлалыг систем шингээж дийлэхгүй зад үсэрвэл яах вэ? Маш том эрсдэл байна.
-Төв банкинд алт худалдаж авах зайлшгүй шалтгаан байдаг уу. Таны хэлсэнчлэн арилжааны банкууд алт худалдаж авбал ямар давуу тал үүсэх вэ?
-Та бид хоёр түрүүн арилжааны банкуудад байгаа сул мөнгөний тухай ярьсан. Тэр сул мөнгөөрөө төв банкны үнэт цаас худалдаж авахын оронд алт авдаг болно. Арилжааны банкинд байгаа алт тэртэй тэргүй гадаад валютын нөөцөд ороод явна. Энэ мэтчилэн эрүүл саруул зөв замаар ханшаа алдахгүйгээр гадаад валютын нөөцөө өсгөх хэрэгтэй.
-Монголбанкнаас гадаад валютын нөөцийг таван тэрбумд хүргэнэ, валютын сангийн шаардлага учраас ингэхээс өөр аргагүй гэж тайлбарлаж байгаа. Энэ мессэж долларын ханшийн өсөлтөд нөлөөлөх шалтгаан мөн үү?
-Мөн байлгүй яахав. Ингэж тоо зарлах нь илүүц. Үнэхээр сангийн зүгээс тэгж шаардсан бол харамсалтай. Энэ бол маш буруу дохио. Зах зээлээс доллар худалдаж авна шүү, интервенц хийхгүй гэсэн үг. Өөрсдөө тийм дохио өгч ханш алдчихаад өөр бусад руу алдаагаа чихээд сууж таарахгүй л дээ. Монголбанк захиалгатай төлбөртэй мэдэгдэл, бодит байдлыг гоёчилсон мэдэгдэл хэт их гаргаж байна. Тэрний оронд Засгийн газартайгаа хэл амаа олоод ажилла л даа. Засгийн газар үнэт цаасаа гаргахаа больсон. Хөрөнгө оруулалт бенч маркгүй болчихсон. Харанхуйд далайд төөрсөн хөлөг онгоцыг хадан цохио мөргүүлэхгүйн тулд гэрэлт цамхаг байдаг. Гэтэл өнөөдөр тийм үүрэг гүйцэтгэх гэрэлт цамхагийг унтраачихаад байна. Үүнээс гадна төв банкны үнэт цаасны борлуулалт хэрээс хэтэрлээ. Үүний 11 хувь нь хүүгийн төлбөр буюу алдагдал болоод явна. Харамсалтай нь Монголбанк алдаагаа засахын оронд алдааг нь шүүмжилсэн хүмүүсийг социализмын үе шиг цензурдэж, амыг нь хаах гэж оролдоод байна л даа.
-Компани, иргэд байгаа ам.доллараа хав дарчихаад суугаа нь долларын хомсдолд нөлөөлөх эрсдэл үүсгэсэн гэсэн таамаглал байна. Хэр ортой таамаг вэ?
-Төв банкны ерөнхийлөгч сая гаргасан мэдэгдэлдээ өөрөө хэлчихсэн шүү дээ. Иргэд аж ахуйн нэгжийн итгэл суларснаас сүүлийн хоёр сарын хугацаанд гадаад валютын харилцах хадгаламж 220 гаруй сая ам.доллараар өссөн гэж. Зөвхөн арванхоёрдугаар сарын эхний долоо хоногийн байдлаар 240 сая ам.доллараар нэмэгдсэн гэчихлээ. Уг нь Монголбанк импортлогчдоо дэмжиж валютаар хангах үүрэгтэй. Тэгж чадахгүй болохоороо амь амиа бодоорой гэсэн хандлага гаргаад сууж байна. Мөн спекуляци их байна гэх зэргээр хувийн хэвшлийг буруутгах гэж оролдож. Үнэндээ алдааг өөрөөсөө хайх хэрэгтэй. Төв банк хүлээлтийг удирдаж чадахгүй байна.
-Одоо тэгээд засаг юу хийж, төв банк ямар гарц гаргалгаа хайх ёстой юм бол?
-Нэгэнт олны итгэлийг хүлээж чадахгүй байна гэдгээ мэдэгдлээрээ “нотолсон” Монголбанкны удирдлага солигдож байж шинэ хүлээлт бий болох байх. Хоёрдугаарт, Засгийн газар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжихээс өөр аргагүй. Тэгэхгүйгээр худлаа эх оронч царайлаад суувал эдийн засагт ирэх өр төлөөс нь маш өндөр гарах гээд байна.