Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Цогзолмаа: Хүүхэд эрүүл, боловсролтой, аюулгүй, ёсзүйтэй байх асуудлыг эрэмбэлж байна

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан холбогдох яамдаас хүүхэд хамгаалалтай холбоотой асуудлаар хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл хийлээ. Дараагаар нь гишүүд асуулт тавьж, хариулт авсан юм.

Хүүхэд хамгааллын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд цаасан дээр төлөвлөснөөс цаашгүй, хэрэгжилт хангалтгүй байгаа талаар зарим гишүүд шүүмжилж байлаа. Өнгөрсөн онд хүүхдийн эсрэг гэмт хэрэг өмнөх оныхоос өсчээ. Гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо буурахгүй байгаад олон нийтийн оролцоог татан оролцуулах хэрэгтэй гэж үзэж байв. “Хүүхэд хамгаалагч” төсөл хэрэгжүүлснээр гэмт хэргийн тоо буурах хандлагатай болсон, эрсдлийг бууруулж байна гэж Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга хэллээ. Ерөнхийлөгчийн зүгээс 2019 оныг Хүүхэд хамгааллын жил болгон зарлахаар төлөвлөж байгаа юм байна.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

-Хүүхдийн асуудлыг хариуцаж байгаа төлөөллүүд салбар хоорондын уялдааг хангаж, эрэмбэлж харах зайлшгүй шаардлага байгаа. Хүүхэд эрүүл, боловсролтой, аюулгүй, ёсзүйтэй байх асуудлыг эрэмбэлж байна. Хий хоосон хайр яриад асуудал шийдэгдэхгүй. Өнөөдөр гэхэд би БСШУСЯ-ны сайдын зөвлөлийн хурлаа хийгээд, ЕБС-иудын эрсдлийн үнэлгээг хийлгэсэн. Асуудал гарахаар араас нь хөөж ажилладаг байж болохгүй. Тиймээс сургуулийн гадаад орчны стандартын асуудлаар шийдвэр гаргаад Стандарт хэмжилзүйн төвд хүргүүллээ. Хүүхдийн төлөө ажилладаг механизм, бүтцээ зөв болгох хэрэгтэй. Бид хүүхдийн гэмт хэргийг ирэх жил 30 хувь бууруулна гэдэг зорилтгүйгээр ажиллах бололцоо байхгүй. Эцэг эхүчүд бидэнтэй хамтарч ажиллах ёстой.

УИХ-ын гишүүн Б.Билэгт:

-Бид хойч ирээдүйгээ ёс суртахуунтай иргэн болгон хүмүүжүүлэхэд алдсан. Монгол улс хөгжих үндэс нь хойч ирээдүйгээ ёс суртахуунтай иргэн болгож төлөвшүүлэх юм. Тиймээс бид Монгол хойч ирээдүйгээ ёс суртахуунтай иргэн болгон төлөвшүүлэхийн төлөө явах ёстой гэлээ.

Ингээд Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо. Үүнд, хүүхэд хамгаалах үүргээ хуульд заасны дагуу хэрэгжүүлэх, хүүхдийг эрсдлээс хамгаалах зорилгоор ажилтнуудыг илүү цагаар ажиллуулахгүй байх, шаардлагатай үед чөлөө олгодог байх. 2019 оныг Хүүхэд хамгааллын жил болгох, хүүхдийг гэмт халдлагаас хамгаалах төслийг 2019 онд хэрэгжүүлэх санхүүжилтийг олгох, цагдаагийн албан хаагчдын орон тоог нэмэгдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг хүүхэд хамгааллын ажилд татан оролцуулах, Хүүхдийн төлөө үндэсний төвийн үйл ажиллагааг тогтмолжуулах, хүүхдийн хөгжилд сөрөг нөлөөтэй контентийг цахим орчинд хаях зэргийг байнгнын хороо тогтоолдоо тусгасан байлаа.

Categories
мэдээ нийгэм

Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад шагнал олгох тухай” зарлиг гаргаж, өнөөдөр 2018 оны шилдэг судлаачдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг хүртээв.

2018 оны Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдаар:

  • Шинжлэх ухааны Академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Генетикийн лабораторийн эрхлэгч, доктор Б.Цэрэндулам;
  • Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн ахлах багш, доктор Д.Золзаяа
  • Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Шинжлэх ухаан, технологийн газрын мэргэжилтэн, доктор Б.Хонгорзул нар эрдэм, шинжилгээний ажлаараа шалгарлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дээрх шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад шагналыг нь гаруулж, баяр хүргэн үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД:

“Шинжлэх ухаанд залуу үеийг татан оролцуулах, залуу судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилгоор жил бүр шинжлэх ухааны салбарын 3 хүртэлх ажилтанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг олгодог уламжлалтай.

Шинжлэх ухаан бол улс орны хөгжил дэвшлийн тулгуур хүчин зүйл юм. Харин шинжлэх ухаан бүтээх арга болох эрдэм шинжилгээ, судалгааны ажил гэдэг бол хүн бүрийн хийж чаддаг амар ажил биш. Судалгаа шинжилгээний ажилд дур сонирхолтой, шинжлэх ухаанч хөгжилд тэмүүлсэн залуу үеийг бэлтгэхэд төрөөс тогтмол анхаарч, урамшуулан дэмждэг байх ёстой.

Өнөө жил судалгаа шинжилгээний бүтээл туурвилаараа дэлхийн болон эх орныхоо шинжлэх ухааны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан 3 залуу судлаач Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг хүртлээ.

Доктор Б.Цэрэндулам, Д.Золзаяа, Б.Хонгорзул нар хүний ген, тархи судлал, мэдээллийн технологийн чиглэлээр онол – арга зүйн түвшин, хэрэглээний өгөөжөөрөө залуу судлаачдаа тэргүүлсэн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэжээ. Тэдний олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлүүлсэн судалгааны ажил тус бүр 70 гаруй удаа эшлэгдсэн байгаа нь судалгааны ажлын чанар чансаа, ач холбогдлыг нь харуулж байна.

Та бүхний Монгол Улсынхаа шинжлэх ухааны хөгжилд оруулж буй хувь нэмэрт талархаж, цаашдын ажил хөдөлмөр, судалгаа шинжилгээний ажилд нь улам их амжилт хүсье.

Эрдэм ухаан дэлгэрэх болтугай” гэлээ.

“ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТАН, СУДЛААЧДАД ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ” ЗАРЛИГТ:

“Хүний биеийн олон эд эрхтний гажиг үүсэхэд оролцдог шинэ генүүдийг илрүүлэн баталж, энэ төрлийн хам шинжийн үүсэх молекул механизм, учир шалтгааныг тайлбарлах; удамшлын шалтгаант гажиг үүсгэдэг синдромуудын ген, мутаци, молекул механизм, нийлэгждэг уураг, тэдгээрийн харилцан үйлчлэлийг судалж, өвчин үүсэх механизм, түүний явцыг танин мэдэх, улмаар оношлох, эмчлэхэд ач холбогдол бүхий “Хүний генетикийн гажиг үүсгэгч зарим генүүдийн харилцан үйлчлэл” сэдэвт судалгааны бүтээл туурвисан Шинжлэх ухааны Академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Генетикийн лабораторийн эрхлэгч, доктор Б.Цэрэндулам;

Хүмүүсийн өдөр тутмын мэдээлэл технологийн ашиглалтын явцад бий болж байгаа байршил болон цаг хугацааг агуулсан их хэмжээний өгөгдлүүдийн тусламжтайгаар нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, төрөл бүрийн эрсдэлийн үнэлгээ хийх, улмаар агаарын бохирдол, хот дахин төлөвлөлт, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зэрэг улс орны нийгэм, эдийн засгийн олон асуудлуудыг шийдвэрлэх боломжтойг судалсан “Байршил болон цаг хугацааг агуулсан том хэмжээний өгөгдлийн мэдээллээс улс орны хэмжээнд хүмүүсийн үйл ажиллагаа, төлөв байдлыг онтологи болон статистикийн аргаар шинжлэн урьдчилан таамаглах нь” сэдэвт ажил гүйцэтгэсэн Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн ахлах багш, доктор Д.Золзаяа;

Өнчин тархины үүдэл эс нь E-Cadherin наалдагч уургийн тусламжтайгаар өөр хоорондоо мэдээлэл дамжуулагч Notch signal-г идэвхжүүлдэг, энэ нь өнчин тархины үүдэл эсийн олшролыг зохицуулдаг болохыг тогтоож; өнчин тархины үүдэл эсүүд бусад эрхтэн тогтолцооны зарчимтай адилгүйгээр өөр хоорондоо мэдээлэл дамжуулан, өөрсдийн үйл ажиллагаа, үүдэл эсийн олшрол, хуваагдлыг зохицуулдаг болохыг баталсан “Үүдэл эс ба түүний үүр” сэдэвт судалгааны ажил хийсэн Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Шинжлэх ухаан, технологийн газрын мэргэжилтэн, доктор Батчулууны Хонгорзул нарт Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2018 оны шагналыг хүртээсүгэй” гэжээ.

Categories
мэдээ спорт

Үндэсний лигийн өчигдрийн тоглолт Өмнөговь, Завханы ялалтаар өндөрлөлөө

MNBA Үндэсний лигийн үзүүштэй нэгэн тоглолт Өвөрхангай болон Дархан-Уул аймгийн багуудын хооронд өчигдөр боллоо. Тоглолтын эхнээс онооны харьцаа ойролцоо үргэлжилсээр эцсийн мөчид 78-78 харьцаатай тэнцсэн юм. Ингээд нэмэлт цагт Дархан баг бага зэрэг илүү байсан ч Т.Билгүүн онцгой тоглолтоо гаргаж 10 оноог ганцаараа авснаар 88-88 болгож тэнцүүлсэн юм. Улмаар хоёр дахь нэмэлт цагийг сунгаж эхний таван оноог Т.Батсүх авч Өмнөговь багт давуу талын үүсгэв. Ингээд хоёр дахь цаг дуусахад 35 секунд үлдээд байхад Дарханы баг сэргэж гурав дараалсан холын шидэлтийг амжилттай болгож онооны зөрүүг 2 болгож ойртуулсан юм. Улмаар тэдэнд хугацаа бага байсан тул Өмнөговь багийн лидер Т.Билгүүн дээр алдаа гаргасан. Дарханы багийн эцсийн найдварыг энэ тоглолтын гол баатар Т.Билгүүн үгүй хийж хоёр шидэлтээ амжилттай гүйцэтгэжээ. Т.Билгүүний хувьд 38 оноог авч гайхалтай байсан бөгөөд энэ MNBA Үндэсний лигийн энэ улирлын хамгийн өндөр оноог аваад байна.

MNBA Үндэсний лигийн Дэд хэсгийн хоёр дахь тоглолт Завхан болон Увс аймгийн багуудын хооронд болж завханчууд хожил авлаа. Улирлыг хожигдлоор эхлүүлсэн хоёр багт хожил чухал байсан бөгөөд тэд маш тэмцэлтэй тоглолтыг үзүүлсэн юм. Хамгаалалт сайн хийгдсэн эхний хагас болж 39-32-оор Завхан аймаг эхний хагаст илүү дуусгасан. Гэхдээ гуравдугаар Увс аймаг сэргэж эсрэг багтаа найман оноо алдаж өөрсдөө 21 оноог авч гайхалтай байсан. Ингээд 4-р үе Увс Нуур багийн зургаан онооны илүүтэй эхлэсэн юм. Гэсэн ч Завхан аймаг шийдвэрлэх үед холын зайн шидэлтүүдээ амжилттай болгож эхлэснээр 70-66-аар хожлоо. Энэхүү тоглолтын шилдгээр 16 оноо, 6 самбар, 6 оновчтой дамжуулалтыг өгсөн спортын мастер Б.Энхдолгион нэрлэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Цагаан хаданд эрүүл мэндийн үзлэгийн баг ажиллаж байна

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багт дээр бүх нийтийг хамруулсан эрүүл мэндийг үзлэг хийж байна.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр ЭМЯ, ЗТХЯ хамтран, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад суурьшлын бүсэд амьдарч буй иргэд, Гашуун сухайтын авто замаар нүүрс тээвэрлэж байгаа жолооч нарт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм. Уг ажлыг энэ сарын 16-аас эхлэн 7 хоногийн хугацаатай зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Энэхүү үзлэгээр зүрх судас, бөөр, элэг, мэс засал, мэдрэл, нүд, чих хамар хоолой, шүд, эрүү нүүрний мэс засал, халдварт өвчин судлал, сүрьеэ, шүд эрүү нүүр, мэдрэл, эмэгтэйчүүд, хүүхэд, сэтгэл засал, гэмтэл, ДОХ, БЗДХ зэрэг үзлэг шинжилгээ хийх юм. Мөн зүрхний цахилгаан бичлэг, рентген оношилгоо, ЭХО оношилгоо, хараа шалгах багажийн оношилгоо хийнэ. Мөн цусны ерөнхий шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ буюу элэг, цөс, сахар, хелекобактер, өөх тос, элэгний хавдрын маркер, зүрх, үе мөчний үрэвслийн идэвхжил, бөөрний үйл ажиллагаа, элэгний В, С вирусын илрүүлэг, ДОХ, тэмбүүгийн илрүүлэг, наацын зэрэг шинжилгээг газар дээр нь хийх аж.

Дээрх оношолгоо шинжилгээг хийхээр Улаанбаатар хотоос 46 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж Ханбогд сумын Эрүүл мэндийн төвийнхөнтэй хамтран ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Салют хэрэглэхгүй байхыг зөвлөлөө

Нийслэлийн Хангарьд ордонд шинэ жилийн баярын арга хэмжээтэй холбогдуулан иргэд, олон нийтэд болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх тухай нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Шинэ жилээр олныг хамарсан үйл ажиллагаа ихээр зохион байгуулагддаг. Энэ үеэр эрсдэл бага байлгах үүднээс Цагдаа, Онцгой, Мэргэжлийн хяналт, Замын цагдаагаас чиглэл чиглэлээрээ хяналт шалгалтын ажлыг явуулж байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас гэхэд томоохон үйл ажиллагаа зохион байгуулж байгаа ресторан, зоогийн газрууд дээр галын аюулгүй байдлын хяналт шалгалтыг хийж байгаа. Мөн шинэ жилийн баяртай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагүүд өөрсдийн зохион байгуулж буй арга хэмжээнүүд дээр пиротехникийн хэрэгсэл буюу салют хэрэглэдэг. Үүн дээр мөн анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байгаа” гэв.

Нийслэлийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах ажил хариуцсан дэд дарга И.Баттөгс “Цагдаагийн байгууллагаас “Шинэ жил” арга хэмжээг өнөөдрөөс эхлүүлээд байна. Пиротехникийн хэрэгслийг гар дээрээс хууль бусаар худалдаалахтай холбоотой үзлэг шалгалтыг нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран зохион байгуулж байна. Гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл ердийн үед 1600-1700 ирдэг байсан бол шинэ жилийн баярын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдоод 2000 гарч нэмэгдээд байна. Энэ хүрээнд Цагдаагийн байгууллагаас хүч нэмэгдүүлэн ажиллаж байна” гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

МУГТ Б.Сэр-Од мөнгөн медаль хүртлээ

МУГТ Б.Сэр-Од “Хофү Ёмиүри марафон” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. Япон улсын Хофү хотод Ёмиүри сонины газараас 49 дахь жилдээ зохион байгуулж байгаа ” ХОФҮ ЁМИҮРИ МАРАФОН” олон улсын тэмцээнд Монгол улсын гавъяат тамирчин Б.Сэр-Од 2 цаг 12 мин 12 сек гүйж, Мөнгөн медаль хүртлээ. Энэ тэмцээнд нийт 3000 гаруй тамирчид гүйсэн байна

Categories
мэдээ нийгэм

Малчны хотонд галзуу үнэг орж иржээ

Энэ сарын 9-нд Увс аймгийн Наранбулаг сумын малчны хотонд мал, амьтны халдварт галзуу өвчний шинж тэмдэгтэй үнэг орж иржээ. Үнэгийг устгаж, дээж авч Мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд галзуу өвчин болох нь тогтоогдсон байна.

Иймд арванхоёрдугаар сарын 11-нээс 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоосон байна. Өчигдрийн байдлаар хяналтын нэг цэгт гурван хүн, нэг автомашинтай ажиллаж, гурван өрхийн 850 бог малыг вакцинжуулж хоёр өрхийн 16 ямаа, нэг үнэгний сэг зэмийг булж устган 250 мкв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Он гарсаар хүн, мал, амьтны гоц халдварт өвчин 70, халдварт өвчин 77 удаа бүртгэгджээ. Үүнд боом, шүлхий, хонины цэцэг, мялзан, галзуу зэрэг өвчин багтаж байна.

Categories
мэдээ нийгэм

Тэргүүний алба хаагчдаа шалгаруулж, шагнаж урамшуулав

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад 2018 оны ажлаа дүгнэж, дэвшүүлсэн зорилтыг ханган, үндсэн үүргээ амжилттай биелүүлж, хамт олноо хошуучилж ажилласан тэргүүний алба хаагчдыг шагнаж урамшууллаа.

Тус үйл ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай нар оролцож, шилдэг алба хаагчдын шагналыг гардуулсан юм.

Үндэсний аврах бригадын “Тэргүүний салбар”-аар тээврийн салбар, “Тэргүүний бүлэг”-ээр Агаарын ажиллагааны салбарын Нисэх төхөөрөмжийн бүлэг, “Хөдөлмөрийн аварга”-аар Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Б.Амаржаргал, “Тэргүүний офицер”-оор Нохойн албаны дарга, ахлах дэслэгч Ш.Отгонжаргал, Хүнд механизмын салбарын дарга, ахмад Д.Ганбилэг, Шалгах механик, ахмад А.Батсайхан нар шалгарсан бол “Тэргүүний ахлагч”-аар Архивын эрхлэгч, ахлах ахлагч Т.Уянга, Тэргүүний холбоочин”-оор Холбооны тусгай бүлгийн аврагч-холбоочин, ахлагч Н.Хүсэл, “Тэргүүний хөгжимчин”-өөр“Хөгжмийн салбарын аврагч- хөгжимчин, ахлах ахлагч Г.Лхагвасүрэн, “Тэргүүний аврагч”-аар Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч Б.Батчулуун, Уул, уурхайн аврах ангийн аврагч, ахлах ахлагч Д.Эрдэнэбат нар тус тус шалгарлаа.

Харин “Тэргүүний шүхэрчин”-ээр Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагч, ахлах ахлагч Т.Эрдэнэжаргал, “Тэргүүний химичин”-ээр Химийн ажиллагааны салбарын химичин-аврагч, ахлах ахлагч Д.Саранчимэг, “Тэргүүний жолооч”-оор Тээврийн салбарын аврагч-жолооч, ахлагч Т.Батбилэг, Хүнд механизмын салбарын Тусгай зориулалтын автомашины жолооч ахлах ахлагч Б.Эрдэнэжаргал, ахлах ахлагч О.Энхбаатар нар, Тэргүүний засварчин”-аар Засварын салбарын автомашины засварчин, ахлах ахлагч Б.Бат, Тэргүүний үйлчилгээний ажилтан”-аар бэлтгэгч Г.Оюунцэцэг, гэрээт харуул П.Аюушжав нарыг тус тус шалгаруулж, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа гэж ОБЕГ-ын Үндэсний аврах бригадаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын чөлөөт бөхийн холбоо оны шилгүүдээ шагнаж урамшуулжээ

Монголын чөлөөт бөхийн холбооноос оны шилдгүүдээ шалгаруулж, ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдаа мөнгөн шагналаар урамшуулсан байна.
Тодруулбал, Унгарын нийслэл Будапештэд болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн, гавьяат тамирчин О.Насанбурмааг 25 сая төгрөгөөр шагнасан бол хүрэл медаль хүртсэн ОУХМ Т.Түвшинтулга, Б.Шоовдор нарыг тус бүр 10 сая төгрөгөөр шагнажээ. Мөн Жакартагийн Азийн зуны спортын наадмын аварга гавьяат тамирчин Э.Бэхбаярт дөрөв, мөнгөн медаль хүртсэн Ш.Түмэнцэцэгт хоёр, хүрэл медаль хүртсэн О.Үйтүмэн, Э.Сумъяа, А.Батцэцэг нарт нэг, Бухарестэд болсон 23 хүртэлх насны ДАШТ-д хүрэл медаль хүртсэн гавьяат тамирчин С.Цэрэнчимэд болон Г.Ганхуяг, Ц.Намуунцэцэг, Э.Гантуяа нарт хоёр, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа, Б.Халиунаад хоёр, Б.Бат-Эрдэнэ, Б.Энхцэцэгт 1.5, залуучуудын олимпийн наадмын хүрэл медальт Т.Оюун-Эрдэнэд 2.5, өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт Д.Отгонжаргалд 1.5, хүрэл медальт Б.Эрдэнэсувдыг нэг сая төгрөгөөр шагнав.

Categories
мэдээ нийгэм

Гурван шүүгчид сахилгын шийтгэд ногдуулав

Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаан энэ сарын 16-ны өдөр боллоо. Хуралдаанаар 13 шүүгчид холбогдох 11 гомдол хэлэлцсэнээс 3 шүүгчид 6 сар цалинг 30 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулав. Мөн 3 шүүгчид холбогдох 2 гомдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хэвээр баталж, 3 шүүгчид холбогдох 3 гомдлыг хойшлуулж, 3 шүүгчид холбогдох 2 гомдлын сахилгын хэргийг хэрэгсэхгүй болголоо. Харин 1 шүүгчид холбогдох 1 гомдлын сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.