Арабын нэгдсэн Эмират улсад болсон “Олон улсын эмэгтэйчүүдийн буудлагын тэмцээн”-д ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчин, буудлага спортын ОУХМ Т.Баярцэцэг амжилттай оролцож, шагналт VI байрт шалгарлаа.Тэрбээр 2018 онд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хийн гар бууны 6-р дасгал болон спорт гар бууны төрөлд тус бүр алтан медалийг хүртсэн юм. Ийнхүү Т.Баярцэцэг нь Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд 2014 оноос хойш дараалан аваргын алтан медалийг дөрвөнтөө хүртээд байна. Монголын буудлага спортын чансаа тогтоох холбооны цомын цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцож, чансаагаараа 1, 2 байрт шалгаран Азийн наадам болон ДАШТ-д оролцох эрхээ авч, тус тэмцээнүүдэд амжилттай оролцоод байгаа билээ.ОУХМ Т.Баярцэцэг 2019 оны хоёрдугаар сард Энэтхэг улсын Шинэ Дели хотноо зохион байгуулах олимпийн эрх олгох Дэлхийн цомын цуврал тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа юм.
Month: December 2018
Улсын хэмжээнд инфляцийн түвшин 8 хувьтай байгаа бол нийслэл Улаанбаатарынх 9 гаруй хувьтай байна. Нийслэлд хэрэглээний үнийн индекс ийнхүү улсын дунджаас өндөр хувьтай гараад байгаад улирлын чанартай мах хатуу түлш буюу нүүрс, мөн шатахууны үнэ өнгөрсөн саруудад өссөн нь голлон нөлөөлжээ. Тиймээс он гартал хотын инфляц 9 хувьтай байхаар байна. Энэ талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагаас тодруулахад, “Хотын 9.3 хувийн инфляцийг бид бүтэц, бүрэлдэхүүнээр нь дотор нь задалж үзвэл хатуу түлш 13.8 буюу хамгийн өндөр хувиар нөлөөлсөн бол шатахууны үнэ 1.5, махны үнийн 1.3 хувийн өсөлттэй тус тус холбоотойгоор Улаанбаатар хотын инфляц өнгөрсөн 11-р сараас 9.3 хувь болоод байна” гэв.
Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотын төв хэсэгт оршдог “Үндсэн хуулийн Ордон”-нд энэ сарын 17-нд зохиолч Д.Төрмөнхийн бүтээл “Миний мэдэх Ерөнхийлөгч Х.Баттулга”-ийг энэтхэгийн “Харананад буукс пабликэшнс” хэвлэлийн газар англи хэлнээ хөрвүүлж, хэвлэснээ олон нийтэд дэлгэлээ. Тус улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам “Дели хотын судлаачдын бүлэг”, “Монголын анд нөхөд” зэрэг төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд Энэтхэг улсын парламентын гишүүд, төр, засгийн газрын байгууллагууд, урлаг, соёл, бизнесийн салбарын төлөөллүүд, Монгол Улстай ажил хэргийн холбоотой, талархан дэмждэг, элгэмсүү дотно ханддаг олон хүн хуран цуглажээ. Эдийн засаг нь хурдтай хөгжиж байгаа, тэрбум илүү хүн амтай, Энэтхэг улс ардчилсан Монгол Улстай төрийн тэргүүнээр нь дамжуулан улам бүр ойртон дотно танилцах боломжийг зохиолч Д.Төрмөнхийн “Миний мэдэх Ерөнхийлөгч Х.Баттулга “ном олгож байгааг онцлоод англи хэлээр хэвлэгдсэн энэ ном эрэлт ихтэй байх болно гэдгийг цохон тэмдэглэжээ. Тус ЭСЯ-ны ажилтнууд илтгэл айлтгалаа хинди хэлээр хэлдэг, санаа бодлоо цэгцтэй илэрхийлдэг, идэвх зүтгэлтэй хэмээн ирсэн зочид ам сайтай байв. Ёслолын арга хэмжээний үеэр “Миний мэдэх ерөнхийлөгч Х.Баттулга” номын гэрэл зургуудаар бэсрэг үзэсгэлэн дэлгэсэн байна.
Нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттай шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох шинэ технологи бүхий нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал https://eservice.ulaanbaatar.mn системийг хэрэглээнд нэвтрүүллээ. Системийн нээлтийн үйл ажиллагаа 2018 оны 12 дугаар сарын 20-ний 10.00 цагт нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний Дүнжингарав салбарт болно.
Энэхүү систем нь иргэд, аж ахуй нэгжид нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, ойлгомжтой, илүү ил тод нээлттэй, хүнд сурталгүй, түргэн шуурхай хүрч үйлчлэх зорилготой.
Төрийн үйлчилгээний мэдээлэл авах, цахим үйлчилгээний хүсэлт гаргах, шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үнэлгээ өгөх зэрэг үйлчилгээний шинэ стандартыг нэвтрүүлж байгаа юм. Энэ систем нь төрийн үйлчилгээг аль нэг цэг дээр биечлэн очихгүй цахимаар үйлчлүүлэх, төр өөрт байгаа мэдээллийг иргэдээс шаардахгүй, үйлчилгээ үзүүлсэн ажилтанд үнэлэлт өгөх боломжтойгоос гадна үйлчилгээний шийдвэрлэлтэд хэрэглэгч хяналт тавих, онлайнаар төлбөр хураамж төлөх зэрэг олон давуу талтай юм.
Нийслэлийн цахим үйлчилгээний Еservice порталаар үзүүлэх 5 байгууллагын 47 төрлийн дараах үйлчилгээнүүд нэвтрээд байна.Үүнд:
- УБЗАА-ын тусгай зөвшөөрлийн үйлчилгээ /16 үйлчилгээ/
- Архивын лавлагаа /18 үйлчилгээ/
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ /1 үйлчилгээ/
- Нийслэлд газар өмчлөөгүй тухай тодорхойлолт /1 үйлчилгээ/
- Жуулчин тээврийн автобусны улсын дугаар хязгаарлалтаас чөлөөлөх зөвшөөрөл олгох үйлчилгээ /1үйлчилгээ/
- Уншлагын танхимын үйлчилгээ /1 үйлчилгээ/
- Иргэн, хуулийн этгээдийн захиалгаар мэдээлэл бэлтгэх үйлчилгээ /1 үйлчилгээ/
- Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл /1 үйлчилгээ/
- Газрын төлбөрт тооцоо нийлсэн акт /1 үйлчилгээ/
- Аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх /6 үйлчилгээ/
- “Төрийн үйлчилгээний Цахим шилжилт төсөл”-ийг хэрэгжүүлэхэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Монголбанк, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Төрийн банк, Үндэсний Дата төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Архивын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Газрын алба, дүүргийн Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, дүүргийн тохижилт үйлчилгээний газрууд болон бусад тусгай зөвшөөрөл бүхий ААН-үүд хамтран ажиллаа гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.
МАН-ын анхан шатны байгууллагын дарга нарын төлөөлөл өнөөөдөр намын байрандаа мэдээлэл хийлээ. “Нийгмийн ардчилал-Монголын оюутны холбоо” ТББ-ын тэргүүн Г.Батдорж “МАН-ын дотоод хагарал улс оронд ямар сөрөг аюул авчирч байгааг харуулж байна. МАН-ын бага хурлаар дотооддоо асуудлаа шийдэж, төрийг гацааж байгаа үйлдлээс гарах хэрэгтэй. Өөрсдийн эрх ашгийн төлөө хамтарч хууль баталдаг, бизнес хийдэг МАНАН бүлэглэл байдаг юм байна. МАНАН бүлэглэлийг байхгүй болгохын төлөө тэмцэнэ. Сүүлийн өдрүүдэд зарчим ярьсан зальжин гишүүд их боллоо. МАН гэдэг бол УИХ-д сонгогдсон 64 гишүүнээр хязгаарлагдахгүй. МАН-д төрд шударга ажиллаж чадах олон залуучууд бий. 100 жилийн түүхтэй МАН сөнөх нь гэж байна. Үгүй, МАН цэвэрших шатандаа явж байна” гэлээ. Мөн энэ үеэр МАН-ын үүргийн дарга П.Өлзийнаран “Сүүлийн үед шударга хүмүүс их гарч ирж байна. Шударга хүмүүс ихэслээ. Байнга шударга байгаач ээ. Бид одоо зодолдох цаг мөн үү. Шударга ёсыг сахиж, цаашдаа ч шударга байдлыг хангаж ажиллах шаардлагатай” гэж тодотгосон юм.
Цагдаагийн байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болох тохиолдол бүртгэгддэг. Цагдаагийн алба хаагчид тэдэнтэй дохионы хэлээр ойлголцдог байх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хууль сахиулах үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх, гомдол мэдээллийг хүлээн авч, илрүүлэхэд чухал ач холбогдолтой байдаг аж.
Иймэээс цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв, Сүхбаатар дүүргийн 29 дүгээр тусгай сургууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах хөтөч цагдаа бэлтгэх нь” сэдэвт сургалт зохион байгуулжээ. Энэхүү сургалтад төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн 25 алба хаагч хамрагдаж сонсголын болон харааны бэрхшээлтэй иргэдтэй харилцах анхан шатны чадвар, мэдлэгтэй болсон байна.
Монголын уулчдын үндэсний холбоо энэ сарын 15-нд шилдгүүдээ тодруулсан байна. Холбооны шилдэг тамирчнаар Монгол улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа шалгарч “Мөсний алтан алх” шагналын эзэн болжээ.
Тэрээр дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны Монгол хүн юм. Түүний түүхэн дээд амжилтуудаас дурдвал:
-2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5642 м/
-2011 онд Ази тивийн ноён оргил Эверест /8848 м/
-2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895 м/
-2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали /6194 м/
-2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962 м/
-2016 онд Австрали тивийн ноён оргил Карстенс /4884 м/
– 2016 онд Антарктид тивийн ноён оргил Винсон массив/д.т.д 4897м/
-2018 он долоодугаар сарын 23 Чогори /К2-8611 м/
Төрийн үйлчилгээг сайжруулах, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар цахимаар зарим шийдвэрүүдийг авах боломжийг бүрдүүлжээ. Төрийн үйлчилгээний цахим машинаас “Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт”-ыг авах боломж бүрдсэн байна. Энэхүү ажлын хүрээнд шүүхийн шийдвэрээр өр төлбөртэй эсэх нь тогтоогдсон иргэдийн мэдээллийн санг “Үндэсний дата төв” УТҮГ-т шилжүүлжээ. Иргэн дээрх төрлийн лавлагаа, тодорхойлолт авахдаа төрийн үйлчилгээний цахим машинд иргэний үнэмлэхээ уншуулж авах аж.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ. Тэрээр, “ЖДҮ”-тэй холбогдсон сайд, нэр бүхий гишүүдийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хамгаалаад байсны учрыг нотлох баримтыг үндэслэн та бүхэнд мэдээлэх нь зүйтэй гэж үзлээ. У.Хүрэлсүх өөрөө “ЖДҮ-чдийн “загалмайлсан эцэг” юм гэдгийг саяхан олж тогтоосон. Нотлох баримтыг та бүхэнд тарааж өгнө. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн төрсөн дүүгийн нэрээр “Жаргалант мах импекс” компаний нэр дээр дээр ЖДҮХС-гаас 2017 онд 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Зээлийн санхүүжилтийнхээ 560 сая төгрөгийг нь одоогийн байдлаар авчихаад байгааг мэдлээ” гэж тодотгосон юм.
Мөн тэрээр “Тухайн үед У.Хүрэлсүх дүүдээ зээл авч өгөх гэж хөөцөлдөж байсан байна. МАН “ЖДҮ-чин” даргатай болчихлоо. Амьдралдаа бизнес эрхэлж үзээгүй хүн яаж хөрөнгөжсөнөө тайлбарлах хэрэгтэй. Өөрөө Ерөнхий сайдын ажлаа өгөхгүй бол би өөрийнхөө албан бланк дээр Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж эхэлнэ. Одоо Ц.Нямдорж сайд ч гэсэн ажлаа хийх хэрэгтэй. Би хувь хүнийхээ хувьд нилээд зориг гаргаж гаргаж, энэ мэдээллийг хийж байна. У.Хүрэлсүхийг өөрөө өргөдлөө өгөхийг шаардаж байна.” гэсэн юм.
Франц Улс дахь Монголын ЭСЯ Булонь-Биянкур хотын захиргаатай хамтран 12 дугаар сарын 13-ны өдөр төгөлдөр хуурч С.Одгэрэлийн төгөлдөр хуурын тоглолтыг Булонь-Биянкур хотын соёлын төвд амжилттай зохион байгууллаа.
Тоглолтыг Булонь-Биянкур хотын захиргаа, хотын зөвлөлийн гишүүд, Франц Улсад суугаа Элчин сайд нар, Францын төрийн байгууллагуудын болон бизнесийн төлөөлөл, Монгол судлаачид, Булонь-Биянкур хотын оршин суугчид зэрэг 400 орчим үзэгч ирж сонирхов. Арга хэмжээг Элчин сайд А.Баттөр нээж үг хэлэв.
Тоглолтын хөтөлбөрт дэлхийн сонгодог бүтээлүүд болон Монголын хөгжмийн зохиолчдын уран бүтээлүүдээс оруулж төгөлдөр хуур, морин хуур, хийл, виолончель хөгжмийн хосолсон тоглолтыг толилуулав. Монголын сонгодог урлагийн хөгжил, монгол аялгүйн өвөрмөц байдлыг үзүүлсэн энэхүү тоглолт францын үзэгчдэд Монгол Улсыг шинэ өнцгөөс нээж харуулсан арга хэмжээ болж чадсан юм.
Тоглолтын дараагаар төгөлдөр хуурын тоглолтыг үзсэн хүндэт зочдод зориулан 400 хүний хүлээн авалт хийж, монгол хоолоор дайллаа.