Categories
мэдээ утга-зоxиол

Хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай “Россия 2018” ном нээлтээ хийжээ

ОХУ-д зохион байгуулсан хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тухай “Россия 2018” номын нээлт Москва хотод болжээ. Олон амжилтын анхдагч болсон 2018 оны ДАШТ-ий талаарх мэдээллүүд, дасгалжуулагч, тоглогчидтой хийсэн ярилцлага, сонирхолтой баримтууд, статистикийн мэдээллүүдийг оруулсан уг номыг 3000 хувь хэвлэсний 2000-ыг нь орос хэлээр, 1000-ыг нь англи хэлээр гаргасан байна. Зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд Оросын 11 хотод болсон ДАШТ-д Францын шигшээ баг Хорватын багийг ялж, аварга болсон бол Бельгийн шигшээ баг гуравдугаар байранд орсон. Оросын шигшээ баг түүхэндээ анх удаа шөвгийн наймд шалгаран үлдсэн билээ.

Categories
мэдээ спорт

Чансаа өндөр 128 бөхийн барилдаан 29-нд болно

Image result for Чансаа өндөр 128 бөх

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаан 2018 оны 12 дугаар сарын 29-нд 14:00 цагаас Буянт-Ухаа ордонд болно. Барилдах бөхчүүдийг 12 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд цахимаар бүртгэх юм байна. Энэ оны отгон барилдаанд Ч.Санжаадамба аварга, Н.Батсуурь аварга, Б.Бат-Өлзий харцага, П.Бүрэнтөгс арслан, Ц.Содномдорж арслан, Э.Оюунболд арслан, О.Хангай харцага нарын тэргүүтэй бөхчүүд зодоглоно.

2011 оноос эхлэлтэй энэхүү барилдаанд Улсын аварга С.Мөнхбат анх түрүүлж байсан бол 2012 онд Улсын заан М.Өсөхбаяр, 2013 онд Улсын заан Б.Пүрэвсайхан, 2014 онд Улсын аварга С.Мөнхбат, 2015 онд Улсын заан Б.Пүрэвсайхан, 2016 онд Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлжээ. Улсын аварга С.Мөнхбат, Улсын харцага Б.Пүрэвсахйан нар тус бүр хоёр удаа, Улсын заан М.Өсөхбаяр, Улсын арслан Р.Пүрэвдагва нар тус бүр нэг удаа түрүүлж, цомын эзэн болж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Их, дээд сургуулиуд үр дүнгийн гэрээний биелэлээ тайлагнаж байна

Их, дээд сургууль, коллежийн захирлууд 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлтээ тайлагнаж байна. Тайлангийн хурал энэ сарын 18-нд БСШУСЯ-нд эхэлж, эхний өдөр зургаан их дээд сургуулийн захирал оролцлоо. Хурлаар төсвийн ерөнхийлөн захирагч БСШУС-ын сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг нэгтгэн хэлэлцэв. 2018 онд Монголын их дээд сургуулиудын хувьд ололт амжилт ихтэй байжээ. Тухайлбал, оюутны хөгжлийг дэмжиж сургалтын чанарт ахиц гарсан. Багшийн хөгжлийн төвтэй болж, Багшийн хөгжлийн тухай хууль батлуулсан, орлоготой оюутан хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр оюутанд суралцах хугацаандаа ажлын байраар хангагдаж, орлого олох боломж бүрдүүлсэн, судалгаанд сурилсан их сургууль хөтөлбөрөө батлуулсан зэргийг дурдаж болно. Сургуулиудын үр дүнгийн гэрээний биелэлт хангалттай үнэлгээ авлаа. Өнөөдөр долоон сургуулийн тайлангийн хурал болно.

Categories
мэдээ нийгэм

Онцгой нөхцлийн нэмэгдлийг олгох шийдвэрийг Засгийн газраас гаргалаа

Онцгой нөхцлийн нэмэгдлийг олгох шийдвэрийг Засгийн газраас гаргалаа

Гамшгаас хамгаалах тухай хуулийг 2017 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн Улсын их хурлын хуралдаанаар шинэчлэн баталсан. Шинэчлэн батлагдсан тус хуульд Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллахад түлхэц болох нэг заалт орсон нь уг хуулийн 50 дугаар зүйлийн 50.9 дэх “Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцлийн нэмэгдлийн хэмжээ албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиас доошгүй байна” гэсэн заалт юм.

Иймд 2006 оны 104 дүгээр тогтоолоор батлагдсан журмыг шинэчлэн онцгой байдлын байгууллагын алба хаагчдын албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдлийг албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувиар тооцож олгохоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Түүнчлэн онцгой нөхцлийн нэмэгдлийг 20 хувиар тооцож олгоход шаардагдах зардлыг ирэх оны төсөвт тусгасан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд: Одоогоор ажлаа өгөх боломжгүй

Image result for М.Энхболд

МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд хаалттай үргэлжилж байна. Хурлын эхэнд намын дарга илтгэл тавьсан бөгөөд үргэлжлүүлэн Бага хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч байгаа аж. Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд “Одоогоор ажлаа өгөх боломжгүй” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх УИХ-ын дарга М. Энхболдыг албан тушаалаа өгөх ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ

Image result for МАН бага хурал

МАН-ын Бага хурал 66.7 хувийн ирцтэйгээр Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Бага хурлын эхэнд МАН-ын дарга У.Хүрэлсүх улс төрийн илтгэл тавьсан юм. МАН-ын дарга У.Хүрэлсүх илтгэлийнхээ үеэр УИХ-ын дарга М. Энхболдыг албан тушаалаа өгөх ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ. Үүний дараа Ё.Баатарбилэг гишүүн УИХ-ын дарга М.Энхболдоор үг хэлүүлэх санал гаргажээ. Ингэснээр МАН-ын дарга асан, УИХ-ын дарга М.Энхболд үг хэлсэн байна.

У.Хүрэлсүх илтгэлдээ, “Шударга бусын хонгил” гэж ард түмний дунд нэрлэгдээд буй хонгилыг бид эвдэж, нураах ёстой. Ардын нам юм бол бид ард түмэн дотроо байдаг ард түмнийхээ хүсэл бодол, мөрөөдөл, тэмүүллийг сонсдог, түүнд нь тохирсон үйл ажиллагаа бодлогыг явуулдаг ийм нам байхгүй бол манай нам цөөн хэдэн нам дамжсан бүлэглэлийн гарт орсон улс төрийн хүчин болж. Өнөөдөр манай намайг Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Д.Сүхбаатарын нам гэж хэлэхэд хэцүү болсон байна. Өнгө мөнгөнд хууртдаг, өмч хөрөнгөтэй улсын өмч хөрөнгөөр баяжсан, газрын хэвлийн баялагаар баяжсан бүлэглэлийн нам болж хувирсан байна. Үүнийг таслан зогсоох ёстой гэдэгт намын дарга миний бие хатуугаас хатуу байр суурьтай байгаа.

Цаашид улам хатуу байна. Энэ бол У.Хүрэлсүхийн бодол биш, энэ бол ард түмний бодол, энэ бол манай намын 210 мянган гишүүний зүрх сэтгэл дотор цохилж яваа санаа бодол юм. Үүнийг би намынхаа Их хурлаар сонгогдсон намын даргын хувиар илэрхийлж хэлж байгаа юм. Намын эв нэгдлийг би шударга ёсонд тулгуурласан эв нэгдэл байгаасай гэж хүсдэг. Түүнээс биш болохгүй, бүтэхгүй байгаа зүйлээ нуудаг хаадаг хуурамч эв нэгдэл байгаасай гэж огт хүсэхгүй байна. Энэ бол өнгөлөн далдлалт. Энэ бол манай улсын ирээдүйн хувь заяа, улсын тусгаар тогтнол, улсын аюулгүй байдал, үр хүүхдийн маань ажил амьдрал, энэ улсын хойч ирээдүйд гай болох хуурамч эв нэгдэл байгаа юм. Тийм учраас би энэ хуурамч эв нэгдлийг задлахаар шийдсэн” гэж онцолсон байна.

МАН-ын дарга У.Хүрэлсүх улс төрийн илтгэл тавьсны дараа Хяналтын ерөнхий хорооны дүгнэлтийг танилцуулах юм. Эх сурвалжууд Хяналтын ерөнхий хорооны илтгэлд нэр бүхий долоон гишүүнийг Бага хурлын төлөөлөгчөөс хасах тухай дурдана гэсэн мэдээлэл өгч буй. Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Бага хуралтай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр төлөвлөөд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

​Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн нэмэлт зар

Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын 57 иргэн бүртгүүлсэн байгааг тус сургуулийн тэтгэлэг хариуцсан мэргэжилтэн мэдэгдлээ. Эдгээр иргэдээс ярилцлагад оруулах иргэдийг сонгох ажиллагаа явагдаж байгаа бөгөөд ярилцлагад оролцох иргэдийн жагсаалтыг удахгүй хүргүүлэх болно гэжээ. Иймд тус тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлсэн иргэдэд БСШУСЯ-ны зүгээс мэдээллийг цаг тухайд нь вэб сайтаараа дамжуулан хүргэх болно.

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Кувейт улсад албан ёсны айлчлал хийв

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Кувейт Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Шейх Сабах Халид Аль-Сабахын урилгаар 2018 оны 12 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Кувейт Улсад албан ёсны айлчлал хийв. Сайд Д.Цогтбаатар Кувейт Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Шейх Сабах Халид Аль-Сабахтай албан ёсны хэлэлцээ хийж, талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцож, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцов. Сайд нар энхтайван, тогтвортой байдлыг хангах чиглэлээр бүс нутаг, олон улсын түвшинд харилцан бие биеэ дэмжиж ажиллахаа нотлов. Гадаад харилцааны сайд Кувейтийн үндэсний телевизэд ярилцлага өгч, Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор хоёр улсын хооронд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломж, Монгол Улсын гадаад бодлого, эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар дэлгэрэнгүй ярилцав.

Categories
мэдээ нийгэм

Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг шалгаруулна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2018 онд “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ыг шинэчлэн боловсруулж, Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор батлуулсан.

Уг журам батлагдан гарснаар соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан 1 өвлөн уламжлагчийг тодруулан жилд нэг удаа мөнгөн шагнал олгон урамшуулан алдаршуулах боломж бүрдэж байна. Шилдгээр шалгарсан өвлөн уламжлагчид Хүндэт өргөмжлөл олгож, 30,0 сая төгрөгийн мөнгөн шагналаар шагнах юм. Шагналд нэр дэвших өвлөн уламжлагч нь үндэсний болон олон улсын хэмжээнд зохион байгуулагдсан уралдаан, тэмцээнд амжилт гарган, соёлын биет бус өвийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр дотоод гадаадад зохион байгуулагдсан арга хэмжээнд идэвхитэй оролцсон байх ба өөрийн санаачилгаар соёлын биет бус өвийг чиглэлээр олон талт үйл ажиллагааг зохион байгуулж, өв соёлоо хадгалан хамгаалах, хөгжүүлэх үйлсэд манлайлан оролцож, үлгэр дууриалал болсон байх зэрэг шалгуурыг хангасан байх шаардлагатай. Аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох журамд заасны дагуу соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг баримт бичгийг бүрдүүлэн нэр дэвшүүлэх юм. Нэр дэвшигчдийн материалыг Соёлын өвийн үндэсний төвд хүлээн авч, хянан үзэж, шаардлагатай бол нэмэлт мэдээлэл, тодруулгыг Шинжлэх ухааны академи, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Соёл, урлагийн их сургуулийн эрдмийн зөвлөл болон соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 3-аас доошгүй Төрийн бус байгууллагаас санал авна. Ийнхүү дээрх саналыг үндэслэн шаардлага хангасан нэр дэвшигчдийн материалыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх “Соёлын биет бус өвийн мэргэжлийн зөвлөл”-д шилжүүлэн, мэргэжлийн зөвлөлийн эцсийн санал хураалтаар шилдэг өвлөн уламжлагчийг шалгаруулан Боловсрол, соёл, шинжлэх, ухаан спортын сайдад уламжлан шийдвэрлүүлэх болно.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээн жил бүрийн билгийн тооллын өвлийн сүүл сарын шинийн 25-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд гардуулна.

Материал хүлээн авах хугацаа 12 дугаар сарын 25-нд дуусна. Эрхэм соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдаа журмын дагуу бүртгүүлж, идэвхтэй оролцохыг урьж байна.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

Categories
мэдээ улс-төр

Ж.Батбаясгалан Тяньжин хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр БНХАУ-ын Тяньжин хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр хотын хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар санал солилцож, цаашид хамтран ажиллах боломжуудын талаар ярилцлаа. Ж.Батбаясгалан “Та бүхнийг Улаанбаатар хотод тавтай морилохыг хүсье. Улаанбаатар хот БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Хөх хот зэрэг 10 гаруй хоттой найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж байна. Тяньжин хоттой 1992 оноос харилцаа хамтын ажиллагаа өргөжүүлж ирсэн түүхтэй. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар нийслэл Улаанбаатар хотод дэд бүтэц, зам гүүр, сургууль, цэцэрлэгийн төслүүд амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байдаг. Улаанбаатар хотод өвлийн хүлэмж төслийг хэрэгжүүлэх, эрүүл хүнс, хүнсний ногоогоор жилийн 4 улирал хангах чиглэлээр хамтарч ажиллах гэж байгаад баяртай байна” гэв. Тяньжин хотын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн хорооны дарга Шөн Шин “Бид газар тариалангийн салбарт хэрхэн хамтарч ажиллах боломжууд бий вэ гэдгийг судлах бодолтой байна. Хотын удирдлагууд болон судалгааны мэргэжилтэн зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн. Тяньжин хот бол газар тариалангаараа арвин туршлагатай. Мөн хүнсний үйлдвэрлэл сайн хөгжсөн. Бид хүнсний үйлдвэрлэлийн баялаг туршлагаасаа та бүхэнтэй хуваалцахад бэлэн” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.