Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэсэн, хэрэглэх эрсдэл бүхий иргэдэд үнэн зөв, бодит мэдээллийг хүргэх зорилгоор тусгай дугаар ажиллуулах гэж байна. Энэ үйлчилгээний талаар “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус хүрээлэнгийн захирал, зөвлөх сэтгэл зүйч С.Баасанбат “2018 оны арванхоёрдугаар сарын 25-наас эхлэн бид 1900-1110 гэсэн тусгай дугаар ажиллуулахаар болсон. Энэхүү тусгай дугаараар сэтгэл зүйн зөвлөгөө өгөх юм. Утсаар сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээний гол зорилго нь хорт бодисын нөлөөнд орох эрсдэлт бүхий хүүхэд, залуучуудыг урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллээр хангах юм. Мөн мансууруулах бодисын хамааралтай ч сөрөг зан үйлээ өөрчлөхийг хүссэн, түүнээс татгалзах шийдвэрийг өөртөө гаргасан хүнд сэтгэл зүйч мэргэжлийн туслалцаа үзүүлнэ. Тусгайлан бэлтгэгдсэн сэтгэл зүйч нар нууцлалыг чандлан, мэргэжлийн ёс зүйг баримтлан, найдвартай, хариуцлагатай, шинжлэх ухааны үндэслэлтэй, практикт туршигдсан сэтгэл зүйн тусламж үйлчилгээг хүргэнэ” гэв.
Month: December 2018
Хүнсний бүтээгдэхүүний импорт гадаад худалдаанд жин дардаггүй хэдий ч хүн амын хэрэглээний нэлээд хувийг импортоор хангадаг. Энэ онд манай улсын хүнсний бүтээгдэхүүний импорт 398.6 сая ам.доллар байна. Хүнсний бүтээгдэхүүний импортыг цагаан будаа, ургамлын тос, элсэн чихэр, хуурай сүү тэргүүлдэг. Тодруулбал, өнгөрсөн онд импортын элсэн чихэрт 25.1, цагаан будаанд 20.6, ургамлын тосонд 21.7, хуурай сүүнд 11.5 сая ам.доллар зарцуулжээ. Өнгөрсөн оны эцэст манай улсын нийт гадаад худалдаа 10.9 тэрбум ам.доллар гарсан бол энэ онд өсөж эхний арваннэгэн сарын байдлаар аль хэдийнэ 11.9 тэрбум ам.долларыг даваад байна. Гадаад худалдаа ийнхүү сэргэж байгаа хэдий ч үүнийг импорт давамгайлах нь мөнгөний урсгал гадагшаа чиглэхэд сөрөг нөлөөтэй юм.
-Генетик нөөц гэдэг үг сүүлийн үед чихний дэргэдүүр өнгөрөх нь элбэг боллоо шүү. Эрдэмтэн хүний хувьд танаас энэ талаар тайлбар авах гэсэн юм.
-Юуны өмнө, чихнийхээ гадуур өнгөрүүлчиж болохгүй чухал өмч, их хөрөнгө, мөнгө гэж монголчууд минь ойлгоосой гэж хүсч байна. Генетик нөөц гэдэг нь бидний өвөг дээдсээс хойч ирээдүйн үе үеийнхэндээ өвлүүлэн үлдээсэн асар их нөөц баялаг юм шүү дээ. Хэрэв судлаад, гүйцэд танин мэдэж чадвал мэдлэг оюуны хүрээнд монголчууд генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийг эрин зуунаасаа түрүүлж илрүүлж мэдээд, хойч үедээ оюуны бүтээл болгон өвлүүлж үлдээсээр ирсэн. Нөгөө талаасаа бид өвөг дээдсээсээ өвлөж ирсэн оюуны бүтээлээ өнөө үед улам бүр боловсронгуй болгож бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл, Монголчууд бид өвлөж ирсэн энэ оюуны бүтээл, түүнд суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ эзэн болж, үүнийгээ баталгаажуулах хууль эрх зүйн орчинг бий болгон нийтийн хүртээл болгох, шударгаар үр ашиг хүртэх эрхтэй улс. Монгол айл өрх бүрт генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт технологид суурилсан бүтээгдэхүүн тодорхой хэмжээгээр өвлөгдсөн байдаг.
-Генетик нөөц гэдэг үгтэй уламжлалт мэдлэг гэдэг үг байнга ашиглагдаад байна. Үүнд ямар учир байна?
-Бидний өвөг дээдсээс өвлөн үлдээсэн генетик нөөц, уламжлалт технологи хоол хүнс, хувцас, эд хэрэглэл, эм, эмчилгээний хэрэгсэл, арга ухаан, мал амьтан маллах, арчлах, байгаль орчноо хамгаалах хэлбэрээр бидний амьдралын өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэгдэж байна.
Булган аймгийн Сайхан сумын айраг яагаад зах зээлд илүү борлуулалттай эрэлттэй байдаг билээ. Тэнд айргийн хөрөнгө болгоод үе дамжуулан хадгалагдсан эсдэг нянгийн омог байгаа. Нян бол амьд махбод болохоор удамшлын мэдээлэл агуулсан бусад нутаг оронд айраг исгэхэд хэрэглэдэг хөрөнгийн нянгаас өөр ген Сайхан суманд байна аа л гэсэн үг шүү дээ. Сайхан суманд очоод эрэл судалгаа хийвэл магадгүй нэг юмуу, хэдхэн айлд л тэр сайхан айрагийн хөрөнгө хадгалагдаж байгаа даа. Тэгэхээр тэд бол генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийн эзэд гэсэн үг. Маш товчхон тайлбарлахад ийм байна. Асуудал үүгээр дуусахгүй, тэр айлуудаас хөрөнгө аваад өөр айл, аймаг суманд очоод айраг исгэхээр яг адил амт чанартай айраг гарахгүй байж магадгүй. Яагаад гэдэг асуудал гарнаа. Генетик нөөц бол эх сурвалж, харин түүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг нь технологи юм. Тэр сайхан айрагны эзэн бол генетик нөөцийн ч, уламжлалт технологийн ч эзэн гэсэн үг.
Амьдралд ойр хүн бүхний мэддэг бас нэг жишээ хэлье. Манайхан ярьдаг даа, хурдан адуутай айл гэж. Тэдний адуунд хурдан эсвэл жороогийн ген хадгалагдаад эцэг өвгөдийнхөө зааснаар угшилыг нь таслахгүй, бас уяа сойлгыг нь тааруулаад яваад байгаа л гэсэн үг юм. Харин хэн нэгнийг хурдан морьтой гэвэл өөр ойлголт. Хурдтай айлаас үрээ, гүү аваад ч юм уу эсвэл төл аваад хурд гараагүй тохиолдол бишгүй л дуулддаг. Яагаад билээ? Технологийг нь аваагүй л байхгүй юу. Яаж уяа сойлгыг нь тааруулах вэ, яаж угшилыг нь хадгалж явах вэ гэх мэт олон асуудлын цаана нөгөө л уламжлалт мэдлэгийг анзаарахгүй өнгөрсөний баримт. Бүтээгдэхүүнийг дуурайгаад яг адилхан хийж чаддаггүй юм байна. Энд л уламжлалт мэдлэгийн үнэ цэнэ оршиж байгаа юм. Бас өөр нэг жишээ. Монголчуудын борц хийдэг уламжлалт мэдлэгийн үнэ цэнийг бид тоохгүй л байна. Дэлхий дээр манайхаас хүйтэн орон байдаг биз дээ. Тэнд ийм бүтээгдэхүүн байдаггүй юм байна. Сүүлийн үед орчин цагийн хөргөх техник ашиглан борц хийх болж нөгөө хөдөөний хөх өвгөдийн хийсэн борцонд хүрэхгүй л байна. Уламжлалт мэдлэгийг тооцоогүй өнгийж хараад амархаан аргаар хийгээд ашиг олчих гэж яваад борц гэдэг үнэт хүнснийхээ ач холбогдлыг унагачихгүй юмсан. Эзэнгүй генетик нөөц, эзэнгүй уламжлалт мэдлэг эмзэг зүйл учраас эзэнтэй болгоод чанарыг нь жиших бүтээгдэхүүнтэй болчихвол мөн хэрэгтэй сэн.
-Монголчууд эм, хүнсээ байгалиасаа бэлтгэж хэрэглэж ирсэн олон мянган жилийн уламжлалтай. Энэ чинь генетик нөөц, уламжлалт мэдлэгтэй холбоотой болж таарах нь. Тийм үү?
-Монголчуудын уламжлалт мэдлэгийг анхаараад үнэлж чадвал гайхамшиг их байгаагийн нэг том баримт бол Уламжлалт анагаах ухаан юм. Манай оронд 600 орчим эмийн ургамал байдаг гэж бичицгээдэг юм. Үнэн байх. Монгол бол Төв Азийн өндөрлөгт оршдог байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалд зохицон ургадаг ургамалтай орон. Монголын ургамал химийн шинж чанараараа ялгаатай гэдэг нь ургамлын химийн судалгааны олон арван баримтаар батлагдсан. Жишээ нь, Химийн хүрээлэнгийн эрдэмтэн Д.Батсүрэн нар 120 шахам химийн шинэ нэгдлийг Монголын ургамлаас нээн илрүүлж патент авсан байна. Ургамлын дотор агуулагддаг алкалоид, флаваноид гэх мэт биологийн идэвхтэй олон төрлийн бодис бол ургамлын бие махбодод явагддаг бодисын солилцооны хоёрдогч бүтээгдэхүүн юм. Монголын нутаг дэвсгэр дээр ургадаг ургамлын бодисын солилцоо түүний бүтээгдэхүүн бусад оронд ургадаг ижил ургамлаас өөр байдаг болохоор Дэлхийн шинжлэх ухаан мэдээгүй төдийгүй олон бодис манай ургамалд агуулагддаг аж. Бид бол их юмтай, нөөцтэй хүмүүс байгаа биз. Ургамлын химич нартаа баярлахаас яах вэ. Энүүхэндээ гэж хэлэхэд хангайн ургамлын биологийн идэвх, говийнхдоо хүрэхгүй л байх шиг ажиглагддаг шүү. Эргээд Уламжлалт анагаах ухааны эмийн тухай яриандаа оръё. Үгүй энэ олон ургамлаас яг энэ нь ийм өвчнийг анагаахад тустай юм байна гэдгийг эрт цагт эмч оточ нар маань яаж мэдэж олсон юм бол оо гэж гайхмаар баримт олон байна аа. Жишээ нь, лидэр, барбад, тарну, дүржид, гэх мэт. Магадгүй судар бичигт бичигдчихсэн байгаа гэх хүн гарах л байх. Монгол оточ нар манайд ургадаггүй ургамлыг орлуулах ижил үйлчилгээтэй өөр ургамлуудыг бас олсон байна аа. Одоо орчин үеийн шинжлэх ухааны аргаар судалсан үр дүнг нь үзэхээр хүлээн зөвшөөрөхөөс бас гайхахаас өөр аргагүй.
-Монгол орны генетик нөөц өөрөө их онцлог юм байна. Манай эрдэмтэд энэ талаар хэр их судалсан байдаг юм бол?
-Манай судалгааны баг, АШУҮИС-ийн Эм судлалын тэнхимийн эрдэмтэд Монголын зарим ургамлын генетик шинж чанарыг судлах зорилт тавьж ажилласны үр дүнд гадаад морфологийн шинжээрээ яг ижил ургамал дотоод мөн чанарыг харуулах генетик мөн чанараараа өөр гэдгийг нотолж дэлхийн ген банкинд зарим ургамлын генийн онцлогийг бүртгүүлсэн юм. Монголын Нөмрөгт банздоо Хятад, Түвдийн өндөрлөгт ургадаг ижил нэршилтэй олон янз байдлаас өөр л юм байна. Энэ бол Монголын ургамлын нөмрөгийн генетик нөөцийн их санг харуулах нэгээхэн баримт болов уу. Монголын ургамлыг эмэнд олж холиод байгаа нь санамсаргүй биш. Тиймээс манайхан өөрсдөө гадныханд ургамлын түүхий эдээ зүгээр л хэдэн төгрөгөөс өгөөд байж болохгүй. Өнөөдөр анагаах ухаанд хэрэглэгдэж байгаа европ эмийн бараг 60 шахам хувь нь ургамлын гаралтай байна. Цаашид эмийн ургамалд хандах шинжлэх ухааны сонирхол улам л өсөх төлөвтэй байна. Уламжлалт анагаахын архин эм бол тэр чигээрээ генетик нөөц, уламжлалт мэдлэгийн хүрээнд хамаарах биотехнологийн (орчин цагийнхаар) асуудал боловч бидний өвөг дээдэс их юм хийж чадаж байсан нь харагдаж байна Одоогийн бид чинь харь юманд сөхрөөд өвөгдийнхөө үлдээсэн өвийг мартчихсан хүмүүс юмуу даа.
-Генетик нөөцийн тухай хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлэхэд бэлэн болсон байна. Энэ хууль гарвал юу өөрчлөгдөх бол?
-Байгаль орчин, аялал жуулчлалын яам Генетик нөөцийн тухай хуулийн төсөл боловсруулсан байна. Генетик нөөцийн тухай Монгол улсын хууль гаргах шаардлага их байна. Учир нь Монгол бол бусдаас нууж, чадвал өөрсдөө эс чадсан тохиолдолд л гадаадтай хамтран судлах замаар шинжлэх ухааны нотолгоо гаргаж, улмаар үр шимийг нь хүртэх арвин нөөцтэй орон. Мал аж ахуйгаас гадна, онгон сайхан байгаль, ургамал, ан амьтан, онцгой нутагшмал бичил ертөнцийн баялаг, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэг, мөн эртний түүхийн улбаатай нүүдэлчний соёл, зан заншил нь тэр чигээрээ уламжлалт мэдлэг. Тиймээс генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгээ “чулуу” болгож өвөг дээдсийнхээ үлдээсэн энэ баялагаас хүртэх боломжийг хуулиар баталгаажуулах нь цаг алдалгүй хийх чухал асуудал болоод байна. Үүнийг манай Их хурлын эрхэм гишүүд ойлгож байгаа гэж итгэж найддаг хүмүүсийн нэг нь би. Энэ бол манай ард түмний нийтлэг том эрх ашигт чухал ач холбогдолтой гэдгийг жирийн иргэнээс төрийн өндөр албан тушаалтнууд хүртэл ойлгож хойшлуулашгүй шийдвэрлэх асуудлын нэг мөн юм шүү.
-Энэ хууль маш чухал юм байна. Гэтэл судлаачдын хувьд судалгаа шинжилгээний ажил хийх шат дамжлага нэмэгдэх нь гэсэн болгоомжлол байх шиг байна. Та өөрөө судлаач хүн. Юу бодогдож байна вэ?
-Одоохондоо эзэнгүй, зохицуулалт сул байгаа болохоор манай судлаачид дур зоргоороо сонгож судлацгааж байна. Мэдээж эзэнтэй, зохицуулалт сайжрахаар би судлаад танд ашиг тусыг нь батлаад өгье гэж асуух л болох байх. Дамжлага шиг санагдаж магадгүй гэхдээ шинжлэх ухааны судалгааны үр дүн өөрөө генетик нөөцийг ч, уламжлалт мэдлэгийг ч хавьгүй өндөр өртөгтэй болгох ач холбогдолтой, судлаачидын санал ч тэр, судалгааны үр дүн ч тэр бас л их үнэлгээтэй болно. Манай судлаачдын бүтээл шинжлэх ухааны үр дүн практикт нэвтрэхгүй байгаад байгаагийн шалтгааныг судлаад үзэх хэрэгтэй. Ихэнх эрдэмтэн судлаач хүн үйлдвэрлэгч биш байдаг, харин үйлдвэрлэгчидтэй хамтраад ажиллавал гарах үр дүн ихээхэн өөр болно гэж асуудалд хандах хэрэгтэй биз дээ. Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл гээд байдаг чинь зүгээр нэг хоршоо гэсэн үг биш. Тийм болохоор харин ч судлаачдад илүү боломж нээгдэнэ гэж бодож суугаа.
О.ЧИМГЭЭ
Энэ оны 11 сарын байдлаар улсын хэмжээнд нийт 71 удаа ой, хээрийн түймэр гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 61.4 хувь буурсан үзүүлэлт хэмээн ОБЕГ-ын эх сурвалж хэлж байна. Харин гарсан ой хээрийн түймрийн улмаас энэ онд 74 мянган га талбай түймэрт өртжээ.
МАН-ын Бага хурал түр завсарлаад байна. МАН-ын дарга У.Хүрэлсүх үг хэлж дууссаны дараа Бага хурлын зарим гишүүн У.Хүрэлсүхээс түүний дүү Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан эсэх талаар асуулт асуужээ. Харин У.Хүрэлсүх: “Би аав, ээжээс тавуулаа. Том ах минь тэтгэвэртээ гарсан. Одоо таксинд явдаг. Эгч маань ч бас тэтгэвэртээ суусан. Одоо Солонгос улсад ажиллаж, амьдардаг. Бага дүү маань Барилга, хот байгуулалтын яаманд ажиллаж байгаа. Хар залуугаасаа төрд ажиллаж өөрийн мөнчгөрөөрөө төрд ажиллаж яваа хүн. Нөгөө дүү маань хувиараа бизнес хийдэг. Үнэхээр ЖДҮХС-гаас зээл авсан зүйл байгаа бол түүнийгээ хуулийн байгууллагаар шалгуулаарай гэж хэлсэн. Хэдэн ах, дүү нар маань бие биедээ гай болчихгүй юмсан гэж мөрөөрөө л ажиллаж амьдардаг. Тиймдээ ч тэр бүр уулзалдаж чадахгүй л явдаг” гэсэн хариулт өгчээ. Завсарлага дуусахаар 40 орчим гишүүн үг хэлэхээр нэрээ өгөөд байгаа бололтой.
Өнгөрсөн есдүгээр сарын 9-ний өдөр Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг дэвсгэр, Отгонтэнгэр хайрхан уулын урд энгэр Бадархундага нуураас 279 ширхэг мөнгөн аяга авсан, хойноос нь хөөсөн иргэдийг иргэдийг буудаж алахыг завдсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ.
Тус хэргийг Д, Т нарын гурван хүн үйлдсэн байх бөгөөд хохирогч нарыг ТОЗ-8 маркын галт зэвсгээр буудаж алахыг завдан, эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр гэмтлийг учруулсан, мөн гар утас, гэрэл зургын аппарат, тээврийн хэрэгслийн түлхүүр Toyota Landcruiser-200 маркын машин зэргийг ТОЗ-8 маркын галт зэвсэг хэрэглэж авсан болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогджээ. Уг хэргийг прокурор хянаж, яллах дүгнэлт үйлдэн Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Монголын байт харвааны холбоо /МБХХ/-ноос 2018 оны шилдгүүдээ тодруулан урамшуулжээ.Энэ онд олон улсын стандартад нийцсэн байт харвааны 360 задгай талбайтай болж, Азийн наадамд БНСУ-ын багийг ялснаар шагналт дөрөвдүгээр байранд орсон зэрэг байтынхан томоохон амжилтаар шинэ оноо угтаж байна. “Токио 2020” олимпийн наадмын эрхийн тэмцээн он гараад эхэлнэ. 2018 оны шилдгүүдийг танилцуулж байна. МБХХ-ны 2018 оны “Шилдэг тамирчин”-аар ОУХМ Б.Отгонболд шалгарсан бол “Шилдэг зүтгэлтэн”-ээр холбооны ерөнхийлөгч П.Цагааныг шалгаруулсан байна. Шилдэг шүүгчээр Олон улсын шүүгч Э.Саруул, Шилдэг дасгалжуулагчаар Алдар спорт клубын дасгалжуулагч Б.Ганзориг тодорлоо.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр (2018.12.19-ний өдөр) хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд нийслэлийн Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний тархалтын талаар мэдээлэл хийж, хэрэгжүүлж буй арга хэмжээгээ танилцуулав. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагуудад нийтдээ 2239 ор байдаг бөгөөд 977 нь хүүхэд хэвтэн эмчлүүлэхэд зориулагдсан байдаг. Гэсэн ч томуугийн ид дэгдэлтийн үед ор хүрэлцдэггүй, эмч, сувилагчийн ажлын ачаалал нэмэгддэг. Тиймээс нийслэлийн Эрүүл мэндийн газраас эмнэлгүүдийг уртасгасан цагаар ажиллуулж, 1720 ор нэмэлтээр тавих гэнэ. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид танилцуулга мэдээллийг сонсоод цэцэрлэг бүрийг эмчтэй байлгахад анхаарч, томуугийн дэгдэлтийг намжаахад бүх бололцоогоо ашиглах ёстойг холбогдох хүмүүст анхаарууллаа.
Мөн энэ өдрийн хуралдааны үеэр нийслэлийн нутаг дэвсгэрт шашны байгууллага байгуулах, зөвшөөрөл олгох, сунгах үйл ажиллагаанд хяналт тавих журам шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Өдгөө нийслэлийн хэмжээнд шашны 307 байгууллага үйл ажиллагаа явуулж буй. Мөн шинээр бүртгүүлэхээр 54 байгууллага хүсэлт ирүүлсэн байна. Журмын төслийг Тэргүүлэгчид хэлэлцэн баталлаа. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “Аливаа шашны байгууллага нийслэлээс гаргасан шийдвэр, дүрэм, журмыг мөрдөж, сурталчилдаг байх ёстой. Мөн өдөр тутмын үйл ажиллагаандаа тусган ажилладаг байхад анхаарах нь чухал” гэсэн юм.
Хуралдааны төгсгөлд нийслэл хотод өрнүүлсэн бүтээн байгуулалтад газраа чөлөөлсөн иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцсэн юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд өрнүүлсэн зарим бүтээн байгуулалтын нөлөөллөөр газраа чөлөөлсөн 25 өрхөд нөхөн олговор өгөх шаардлага үүсэж буй талаар нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан танилцууллаа. Тэрбээр “Нийслэлийн нутаг дэвсгэрт өрнүүлсэн бүтээн байгуулалтууд 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан. Засгийн газраас газар чөлөөлсөн иргэдэд нөхөн олговор өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл шийдээгүй байна. Үүний улмаас 25 өрх орох оронгүй болсон. Нийслэлийн Газрын албатай эдгээр өрх гэрээ байгуулж, газраа чөлөөлсөн бөгөөд газар дээр нь хэдийнэ бүтээн байгуулалтын ажил хийсэн” гэв.
Дээрх 25 өрхөд 1.7 тэрбум төгрөгийн нөхөн олговор өгөх тооцоотой. Концессын гэрээгээр нийслэлд өрнүүлсэн бүтээн байгуулалтаас 1.2 тэрбум төгрөгийн хэмнэлт гарч буй бөгөөд тус хөрөнгийг иргэдийн нөхөн олговорт шилжүүлэх саналыг нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан гаргасан юм. Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээнд нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа шинээр академич хэргэм хүртсэн эрдэмтдийг өнөөдөр хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт ШУА-ийн их чуулган болж 14 нэр дэвшигчээс долоод нь академич хэргэм хүртээсэн юм. Тэдгээр академичдын төлөөлөл болох ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, химийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Б.Авид, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, геологи, минерологийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дэмбэрэл, ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн Мэдээллийн технологийн лабораторийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал, физик-математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D), Монгол Улсын төрийн шагналт О.Чулуунбаатар, ГССҮТ-ийн ерөнхий зөвлөх эмч, анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, хүний гавьяат эмч Р.Шагдарсүрэн нарт БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хүндэтгэл үзүүлж, халуун дотно яриа өрнүүлсэн юм.
Тэрээр уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ, “Улс эх орныхоо хөгжил дэвшлийг шинжлэх ухаанчаар төлөвлөж, түүндээ чиглэсэн төрийн бодлогыг хэрэгжүүлж чадах юм бол Монгол Улсын тогтвортой хөгжлийн дүр зураг гарч ирнэ. Шинжлэх ухаанд хамааралгүй салбар гэж байхгүй. Цаашдаа та бүхэн өөрсдийн салбар бүртээ, Монгол Улсын шинжлэх ухааны өмнө хүлээх үүрэгтэй болж байна гэсэн үг. Академич цол хүртэнэ гэдэг та бүхний олон жилийн уйгагүй хөдөлмөр, хүчин зүтгэлийн үр шим. БСШУСЯ шинээр төрөн гарч байгаа залуу академичидтайгаа хамтран ажиллах, жил бүр шинжлэх ухааны салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн нийгэм дэх ач холбогдлыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч байгаа. Тиймээс та бүхэн яамтайгаа холбоотой ажиллаарай гэж хүсч байна” хэмээн онцоллоо.
Академичидыг төлөөлж ГССҮТ-ийн ерөнхий зөвлөх эмч, анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, хүний гавьяат эмч Р.Шагдарсүрэн хэлэхдээ “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд БСШУСЯ хамгийн хүнд үеийг туулсан гэж боддог. Энэ хүнд үед улс төрийн тэвчээр гаргаж, коллегийн гишүүдтэйгээ хамтран ажиллаж, шинжлэх ухааныг дэмжин, хөгжүүлэх чиглэлээр бүтээлчээр хандаж, олон ажил хийсэнд нь Ц.Цогзолмаа сайдад талархаж явдаг. Гэмтлийн эмнэлэг бол ард иргэдэд хамгийн ойр үйлчилдэг эмнэлэг. Энэ эмнэлгийн жирийн эмч миний бие шинжлэх ухааны академич болно гэдэг нэр хүндийн асуудал байлаа. Монгол Улс маань хөгжил дэвшлийн шинэ заагт ирсэн үед бид улам хичээж ажиллах болно” гэв.
ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтын Мэдээллийн технологийн лабораторийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал О.Чулуунбаатар “Академич цол гэдэг өндөр хэргэм. Маш их хариуцлага бидэнд ногдож байгаа. Би хэдийгээр ОХУ-д ажиллаж амьдарч байгаа ч Монгол Улсынхаа шинжлэх ухааны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна гэж боддог. Монголд Үндэсний тооцоолох төвийг байгуулах боломжтой. Манай ШУА ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт ч энэ зорилт багтсан байдаг. Энэ бол ОХУ-д миний хариуцаж хийж байгаа ажил. Багаж том байж их ажил хийнэ. Тиймээс бид том багажтай болох ёстой. Тэр нь Үндэсний тооцоолох төв” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа академичдад хариу талархал илэрхийлж, “Хүссэн хүсээгүй бид эрдэмтэд, академичиддаа хөгжлийн загвараа захиалах цаг үе тулж ирсэн. Гадаадад ажиллаж амьдарч байгаа эрдэмтдийнхээ оролцоог татах нь төрийн бодлого байх болно” гэв.
МАН-ын гуравдугаар Бага хурлын эхэнд намын дарга У.Хүрэлсүх илтгэл тавилаа. Тэрбээр “Ард түмэн юу юунаас илүү шударга ёсыг хүсч байна. Нам дотроо хариуцлага ярих зайлшгүй шаардлага байна. Хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүс намын намын толгойд гарч хууль бус зүйл хийж байна. МАНАН бий болсон байна. Үүнийг таслан зогсоох ёстой. М.Энхболд дарга 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Төрийн албыг зарж борлуулахаар завдсан. Гурван хүнийг хариуцлагаа хүлээ гэсний төлөө Засгийн газрыг огцруулах гэсэн. 27 хүн бүгд муу хүмүүс биш ээ. Шалтгаан байсан гэдгээ өөрсдөө хэлсэн. Д.Хаянхярваа дарга бүлгээ хоёр хуваасан. Сая дахиад хуваалаа. Монгол төр гацаанд орчихоод байна. М.Энхболд хийж бүтээсэн юмтай. Гэхдээ би өнөөдөр зарчим ярьж байна, энэ зарчмыг одоо ярихгүй бол хэзээ ч ярихгүй. Ерөнхий сайдаар сонгогдоод одоо энэ хонгилыг яс махаараа мэдэрч байна. Хэн дуртай нь манай намыг худалдаж авахыг хүсдэг болж. Хувийн компани манай намын томилгоог оффистоо суугаад зурж байна. Дарга нар нь ажилчдаа удирдаж чадахаа больсон. Газрын дарга нар нь сайдынхаа үгэнд ордоггүй. Яагаад гэвэл төрийн бодлогыг биш компаний бодлогыг хийж байна. Боловсон хүчний бодлого алдагдсан. Ийм байдлаар цаашдаа явах уу, засаж залруулах уу? Эмээл хазаарын бүтэн дээр ярьж, хариуцлага тооцож цаашаа явах уу, эсвэл 30 гэр бүл монголын бүх баялгийг хувааж идээд дуусах ёстой юу” гэжээ.
МАН-ын Бага хурал үргэлжилж байна. Одоо асуулт хариулт эхэллээ. Үүний дараа намын Хяналтын хороо мэдээлэл хийх юм.