УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдээгүйн улмаас 6 дахь удаагаа хойшиллоо. Өнөөдрийн чуулганаар Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний аюулгүй байдалтай холбоотой сэдвээр үг хэлэх байсан ч ийн хуралдаж чадсангүй. Өнөөдрийн чуулганыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдаж явуулах учиртай байсан. Тэрээр УИХ-ын даргын индэр дээрээс хэдэн гишүүн хуралдаа ирсэн, хэн хэн чөлөөтэй, хэд нь тасалсан талаар мэдээлэл өгч, ард иргэдээс уучлал гуйлаа. Мөн УИХ-ын дарга М.Энхболдыг захирамж гаргаж, шалтгаангүй ажлаа тасалсан гишүүдийн цалинг хасах санал гаргаснаар чуулган хуралдаж чадалгүй хаагдлаа.
Month: December 2018
Дуурийн дуучин Э.Анхбаяр Оросын алдарт хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын Б зэрэглэлийн уралдаанд дуурь болон романс гэсэн хоёр төрөлд өрсөлдөж хоёуланд нь тэргүүн байр эзэлжээ. Арванхоёрдугаар сарын 13-19-ний өдрүүдэд болсон уг тэмцээнд нийт 270 орчим дуучин өрсөлдсөн бөгөөд манай улсаас дуучин Э.Анхбаяр, Б.Монголхүү, Б.Уранзолбоо, Б.Дэлгэрбаяр нар оролцсон байна. Дуучин Э.Анхбаяр одоогоор Австрийн Вена хотын “Opera burg gars” театрт ажиллаж байгаа аж. Тэрбээр Унгарын Будапешт хотноо дэлхийн нэрт дуучин Эва Мартоны нэрэмжит уралдаанд тэргүүн байр эзэлснийхээ дараа тус хотын театрт ажиллахаар болсон юм.
“Гэртээ ганцаараа” кинонд бүтээсэн дүрээрээ олны танил болсон Америкийн жүжигчин Маколей Калкин“Google” компанийн зул сарын зар сурталчилгаанд тогложээ. Тус зар сурталчилгааг “Google туслахтай дахиад гэртээ ганцаараа” гэж нэрлэжээ. Суртачилгаанд “Гэртээ ганцаараа” киноны гол дүр Кевин Маккаллистер зул сарын өмнөх орой гэртээ ганцаараа үлдэх бөгөөд “Google”-н дуут туслах болон “ухаалаг гэр” систем ахуйн бүхий л асуудлыг шийдвэрлэхэд нь түүнд тусалж байгаагаар гардаг байна. Энэ сарын 19-нд тавигдсан уг сурталчилгааг хэдийнээ 7 сая гаруй хүн үзээд байгаа аж.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө 48 цагийн дотор өргөн барихгүй бол Засгийн газрыг огцруулах бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулна гэдгээ УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдэгдээд байгаа. Тэгвэл 48 цагийн хугацаа нь өчигдөр дууссан бөгөөд уг асуудлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, “Хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮХС-тай холбогдсон талаар мэдээлэл хийсэн. Хөрөнгийн эх үүсвэрээ нотлох шаардлага тавьсан. Шаардсан хугацаа болох 48 цаг өчигдөр дууссан. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллах ёс зүй, хуулийн боломжгүй гэж үзэж байгаа учраас уг ажлыг эхлүүлсэн. Албан ёсны мэдээллийг даваа гаригт хийж, нэмэлт мэдээллүүд өгнө. Эхлүүлээд явж байна гэдэг нь хуулийн хүрээнд албан бичгээ боловсруулна, үүнийгээ нотолно гэсэн үг.” гэжээ.
Энэ оны эхний 11 сарын байдлаар нийслэлд 36922 эх амаржиж, 37231 хүүхэд мэндэлжээ. Үүнээс 19034 нь эрэгтэй хүүхэд, 18197 нь эмэгтэй байна.Шинэ төрсөн нийт хүүхдийн 529 нь хоёр ихэр, 13 нь гурван ихэр бүртгэгджээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өгсөн захиргааны статистик мэдээгээр дүүргүүдийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэстбүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо нийслэлд арваннэглүгээр сарын эцэст 8532 болж, өмнөх оны мөн үеэс 1573 хүнээр 22.6 хувиар өссөн. Нийт ажилгүйчүүдийн 4628 буюу 54.2 хувь нь эмэгтэйчүүд байна гэж нийслэлийн Статистикийн газраас мэдээлэв.
Зам, тээврийн сайд асан А.Гансүхтэй ярилцлаа. Улс төр ярихгүй, мөн одоогийн ажилтай холбоотой асуулт асуухгүй гэсэн нөхцөлтэйгөөр түүнтэй ярилцсан юм.
-Ажил сайн уу, танаас ярилцахыг зөвшөөрүүлэх амаргүй байлаа.
-Одоо би төрийн тусгай албан хаагч. Хуулийн дагуу намын гишүүнчлэлээс түдгэлзсэн, улс төрийн үйл ажиллагаанд оролцохгүй. Тиймээс улс төрийн асуудлаар байр суурь илэрхийлэхгүй. Эрхэлж байгаа ажлын онцлогоос шалтгаалж хэвлэлээс ч хол хөндий байна.
-Танаас асуух олон асуулт байна. Улс төр ярихгүй, одоо хийж буй ажлын тухай асуухгүй гэж тохирсон болохоор нөгөө л төмөр замаасаа эхлэх үү?
-Төмөр замын тухай 2009 оноос хойш ярьж байна. Бодит байдлыг олон нийтэд ойлгуулахыг байнга оролдсоор ирлээ.
-Төмөр замын 280 сая долларын хэргийг 40 сая төгрөгөөр торгоод дуусгалаа. Арай ч дээ л гэцгээж байна?
-Шүүх нэгэнт эцэслэн шийдвэрлэсэн тул энэ хэргийн талаар одоо ярьж болно. Төмөр замын гэх хэргийг шалгаж байх энэ бүх хугацаанд би тэвчээртэй хүлээлээ. Тэгээд ч олон нийтэд энэ асуудлаар хандана гэдгээ Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд хэлж, түүнээс зөвшөөрөл авсан. Энэ асуудал хоёр хэсэгт хуваагдана. Нэгдүгээрт, шинэ төмөр замын төсөл дээр ажилласан БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компани болон түүний охин компани болох “Эс Си Ти И Си Эм” компанийн захирал Ли Жонг Ёл хэмээх солонгос иргэнтэй холбоотой хэрэг, хоёрдугаарт, энэ хэрэгтэй холбогдуулан тухайн үеийн Зам, тээврийн сайдыг буюу намайг шалгасан тухай.
-Нэг л хэрэг юм биш үү?
-Одоо тайлбарлаад өгье. Сошиал сүлжээгээр явж байгаа зүйлийг харахад олон нийт буруу ойлгохоор ташаа мэдээлэл, гүтгэлэг, зориуд мэдэн будилсан худлаа зүйл явуулж байна. Тодорхой бүлэглэлийн зохион байгуулалттай, зорилготой гэдэг нь ойлгомжтой учир гайхах зүйл алга. Хариуцлагатай хэлье. Миний үед Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын далангийн ажилд Засгийн газраас 190 орчим сая доллар л зарцуулсан. Яг бодитоор төлсөн төлбөр энэ дүнгээс бага байх ёстой.
Миний мэдэхийн “МТЗ” ХК тус компанид төлбөрийг бүрэн төлөөгүй үлдэгдэлтэй байсан. 2014 оны аравдугаар сард сайдын ажлаа өгөөд явсан учир яг тодорхой тоо одоо хэлж мэдэхгүй байна. Тухайн үед 40 орчим сая доллар төлөөгүй, үлдэгдэлтэй байсан санагдаж байна. Мөн нийт төмөр замын зураг төсөлд 20 орчим сая доллар зарцуулсан. Ингээд нэмээд үз. 2012-2014 онд шинэ төмөр замын ажилд нийт 210 сая доллар зарцуулжээ. Харин МCS-ийн “Энержи Ресурс” компанийн өмнө хийсэн ажил гээд авсан 60 сая долларыг нэмээд 270 сая доллар болж байна даа. Дашрамд хэлэхэд “Энержи Ресурс” компани гүйцэтгэсэн гэх 60 сая долларын ажлаа төрд хүлээлгэж өгөөгүй байгаа гэсэн.
-Энэ мөнгөөр далан барьсан гэсэн үг үү?
-Тийм. Хэрэв төлбөрийн үлдэгдэл 40 орчим сая долларыг төлсөн бол нийт 190 сая доллараар далангийн ажил хийсэн гэсэн үг. Энэ мөнгийг хэн нэгэн хүн завшаад авсан юм байхгүй. Тэгээд ч энэ мөнгөнөөс завшсан байна уу, үгүй юу гэдгийг АТГ-Цагдаа хамтраад гурван жил шалгалаа шүү дээ. Намайг шинэ төмөр замын төсөлтэй холбогдуулан 2015 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс АТГ-ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж эхэлсэн. Арванхоёрдугаар сарын 25-нд яг гурван жил болно.
-Удаан шалгажээ?
-Тэр үед цаг хугацаа үнэн, худлыг ялгаад харуулна гэж би хэлж л байсан. Хоёр жил сайдаар ажилласан хүний ажлыг АТГ, Цагдаагийн байгууллага хамтраад гурван жил шалгана гэдэг бол хангалттай хугацаа. Өдөр өнгөрөх тусам бодит байдал тогтоогдсоор л байна. Үнэндээ анх шалгаж эхлэхэд нь ашгүй гэж бодож байсан.
-Арай баярласан гэх гээд байна уу?
-Яг үнэнээ хэлэхэд баярласан. Хуулийн байгууллагаар нь шалгуулаад үнэн худлаа тогтоолгоод авъя гэж бодсон юм. Тэгэхгүй бол улс төрийн зорилготой зохион байгуулалттай гүтгэлгийг дийлэхгүй юм билээ. Гүтгүүлж байснаас шалгуулсан нь дээр биз дээ.
-Өөртөө тийм итгэлтэй байсан хэрэг үү?
-Тийм. Би ямар ч гэмт хэрэг хийгээгүй гэдгээ мэдэж байсан. Чи хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй хүнтэй ярилцлага хийж байгаа гэдгээ мартаад байна. Би 1997 оноос Төрийн өмчийн хороонд хуулийн мэргэжилтнээс эхлээд төрийн албанд яг мерит зарчмаар ажилласан. Мөн төрд ажиллаагүй завсарласан үедээ өмгөөлөл хийж, хуулийн зөвлөгөө өгч ажилласан туршлагатай, гэмт хэрэг гэж юу болохыг ялгахтайгаа хүн.
-Энэ гурван жил танд хэцүү байв уу?
-Гүтгүүлээд байх сайхан байгаагүй.
-Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ төмөр замын асуудлыг А.Гансүх мэднэ гэсэн, бас танд итгэдэг гэж телевизийн ярилцлагад орохдоо онцолж хэлж байсан …?
-Би урьд нь олон удаа хэлсэн. Шинэ төмөр замын ажил Х.Баттулга гэдэг хүнд ямар ч хамаагүй. Энэ төсөл эхлэхэд Х.Баттулга Хөдөө, аж ахуй, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан. Намайг сайдаар ажилласан 2012-2014 онд шинэ төмөр замын бүтээн байгуулалтын энэ ажил хийгдсэн. Төмөр замыг Х.Баттулгатай холбож бичээд байгаа хүмүүс тухайн үед энэ төслийг хэн гэдэг сайд хариуцаж байсныг мэдсээр байж ингэж ярьж байгаа нь зохион байгуулалттай гүтгэлэг гэдгийн бас нэг баталгаа юм.
-Тэгэхээр энэ шинэ төмөр замын хэрэгт одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг шалгаагүй юм уу?
-Үгүй. Х.Баттулгыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байх үеийн буюу 2008-2012 оны асуудлаар шалгасан. Цаг хугацааны хувьд ч өөр үе.
-Тэгээд Ерөнхийлөгч Х.Баттулгыг яг ямар асуудлаар шалгасан юм бэ, мөн Ч.Ганбат яагаад зугтсан юм бэ, бас нэг нь хэн билээ?
-“МТЗ” ХК төмөр замын төсөл дээр зөвлөх компани шалгаруулахдаа хууль зөрчсөн эсэх асуудалд тухайн үед сайд байсны хувьд түүнийг холбогдуулан шалгасан. Ч.Ганбат бол АНУ-ын Колумбын их сургууль төгссөн, АНУ-д “Коммерци” банкны хөрөнгө оруулалтын газарт ажиллаж байсан өндөр боловсролтой залуу. Өөртэйгөө адил гадаадад сургууль төгссөн нөхдийн хамт зөвлөх компани байгуулаад ажиллаж байсан хүн. Түүний компани төмөр замын төсөл дээр зөвлөхөөр ажилласан АНУ-ын “Маккензи” компанитай гэрээтэй ажилласан. Ч.Ганбатыг Шанхайд ажлаар явж байхад цагдаа нар оффист нь дайрч орсон. Ч.Ганбат айгаад Монголд ирээгүй. Болсон явдал энэ. Цаг нь болохоор өөрөө ирнэ гэж захидал бичсэн нь хэвлэлээр их гарсан. Харсан биз дээ. Бас П.Бат-Эрдэнэ гэж “МТЗ” ХК-ийн захирал байсан залуу байгаа. П.Бат-Эрдэнэ хэрэг шалгахаас өмнө 2014 оны тавдугаар сард ажлаа өгөөд Австралид сургуульд явчихсан байдаг.
-Тэгээд 280 сая доллар завшаагүй юм байж. Тэгвэл яг хэдэн төгрөгийн асуудал шүүхээр шийдэгдэв ээ. Самсунгийн солонгос захирал ямар гэмт хэрэг үйлдэв, түүнтэй та ямар холбоотой вэ?
-Тэдний хэрэг нэгэнт шийдэгдсэн учраас ярьж болох байх. Би энэ хэргийг шийдсэн анхан шатны, давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг авч үзлээ. Нээлттэй шүүх хурал учир өөрөө бас шүүхийн цахим сайтаас аваад хараарай. “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жонг Ёл гэдэг хүний хэд хэдэн үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж шалгасан байна.
Үүнд, нэгдүгээрт, Далангийн газар шорооны ажил хийсэн туслан гүйцэтгэгч Монголын 11 компанийн хийсэн ажлыг бууруулан үнэлж тэдэнд 9.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан, хоёрдугаарт, Солонгосын хөрөнгө оруулалттай “Соён инженеринг” компаниар суурь судалгаагүй зураг төсөл боловсруулж, мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүй ашиглаж 1.9 тэрбум төгрөг завшсан, гуравдугаарт, Түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөр гэж 700 сая төгрөгийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөр төлөх нэрээр 691 сая төгрөгийг өөрийн компаниас өөр нэг компанид шилжүүлээд түүнийгээ гаргуулж авсан байна, дөрөвдүгээрт, англи хэл дээр хэвлэлийн тойм бэлтгүүлэх гэрээг нэр бүхий иргэнтэй байгуулж сар бүр компаниасаа 10 сая төгрөг төлж, түүнээсээ буцаагаад өөртөө зургаан саяыг нь авдаг байсан байна. Ийм маягаар 72 сая төгрөгийг өөрийн удирдаж байсан “Самсунг Си энд Ти” компаниасаа завшжээ. За одоо чи энэ хохирол гэх тоог нэмээд үз дээ? Хэд болж байна?
-Бүгдийг нэмээд нийт 12 тэрбум 463 сая төгрөг болж байна?
-АТГ-ЦЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг гурван жил шалгаад гэмт хэргийн шинжтэй байж магадгүй гэж тогтоосон тоо нь энэ. Юун 280 сая доллар вэ? Шинэ төмөр замтай холбоотой шалгагдсан хохирол гэх бодит тоо ийм байна.
-12 тэрбум ч гэсэн их мөнгө биз дээ. Энэ түүний завшсан мөнгө үү?
-Ер нь бол эхлээд мөнгө завшсан байж магадгүй гэж хардаад шалгажээ. Шалгаад “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жонг Ёл гэдэг хүн 12 тэрбум төгрөгийг завшсан гэж үзээд хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Монгол Улс ардчилсан улс. Үндсэн хуульд зааснаар бол зөвхөн шүүх л хүний гэм буруутайг тогтооно. Тийм биз?
-Тийм ээ. 12 тэрбум төгрөгийн хэргийг шүүх шийджээ. Гэхдээ шүүх 40 сая төгрөгөөр торгосон гэдэгт хүмүүс эгдүүцээд байна. Та юу гэж хэлэх вэ?
-Шүүхийн шийдвэрийг өөрийнхөөрөө тайлбарлах хэрэггүй. Хоёулаа гурван шатны шүүхийн шийдвэрийг харъя. За, энэ нэгдүгээр асуудлаар, 11 компанид 9.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж асуудлыг шүүх эрүүгийн гэмт хэрэг биш, иргэний шинжтэй аж ахуйн маргаан гэсэн байна. Өөрөөр хэлбэл, залилан биш, завшсан үйлдэл ч биш гэжээ. Учир нь тухай бүр “Самсунг Си энд Ти” компани болон туслан гүйцэтгэгч компаниудын хооронд төлбөрийн асуудлаар маргаан үүсч, улмаар зөвшилцөн тохиролцож акт үйлдэн мөнгөө авч байсан учир залилуулсан гэж үзэх үндэслэлгүй гэжээ. Хоёрдугаар асуудлаар, зургийн ажил гүйцэтгэсэн “Соён инженеринг” ХХК-ийн захирал Гу Дун Хёнг нь эрүүгийн шинжтэй үйлдэл хийгээгүй гэж шүүх үзэж хэргийг хэрэгсэхгүй болгожээ. “Самсунг Си энд Ти” компани төлбөрөө төлөөд ажлаа хүлээн авсан байна, улсаас мөнгө завшсан эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байхгүй гэж үзсэн гэсэн үг. Гурав болон дөрөвдүгээр асуудалтай холбоотой төлбөрийг нь “Самсунг Си энд Ти” компани Ли Жонг Ёлоос нэхэмжлэхгүй гэж шүүхэд мэдүүлсэн байна лээ. Солонгосын компани өөрийн иргэн, захирал байсан хүнээ хамгаалсан гэх үү, өрөвдсөн гэх үү. Ийм л юм болоод бүх шатны шүүхээр шийдэгдэж дууссан байна. Шүүхийн бүх шийдвэр нь цахим сайт дээр нь байгаа, хэн ч үзэж болно.
-За таны хэлж байгаагаар Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамаарахгүй хэрэг болж таарлаа. Та ингэхэд хаана нь байна аа. Эдгээр хүмүүс тантай ямар хамаатай вэ?
-Ямар ч хамаагүй. АТГ, Цагдаагийн байгууллага хамтран шалгаад намайг эдгээр солонгос хүмүүстэй ямар нэгэн холбоо байхгүй, хамтарч гэмт хэрэг үйлдээгүй болохыг тогтоосон. Тийм ч учраас тэдний хэргийг тусгаарлан шалгаад шүүхэд шилжүүлсэн байдаг. Ер нь бол эхлээд намайг солонгосуудтай хуйвалдсан гэж л хардсан юм билээ. Тэр солонгос хүнтэй уулзаж байгаагүй, үг сольж үзээгүй. Сүүлд асуудал яригдаад ирэхэд л нэрийг нь хэвлэлээс мэдэж авсан. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг холбогдуулах гэж их оролдсон. Намайг “УИХ-ын гишүүн Х.Баттулгатай бүлэглэсэн” гэсэн. Би “яаж бүлэглэсэн байна” гэж асуухаар байцаагч маань “Та нар МоАХ-ны фракц, тэгэхээр бүлэг биш үү” гэж л хэлдэг байлаа шүү дээ.
Тэгэхээр нь би “МоАХ бол Монгол Улсын сум бүрт гишүүнтэй, тэднийг бас хэрэгт татах уу” гэх жишээтэй байцаагдаж байлаа. Анх энэ хэрэг шүүхэд очиход буюу 2017 оны тавдугаар сарын 12-ны өдөр шүүгч намайг Х.Баттулгатай бүлэглэсэн гэх талаар дүгнэлт хийсэн байдаг. Чи он, сарыг хар, Х. Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгч болохоос өмнө байгаа биз. Шүүгчийн захирамжаас эш татах зүйл байна. “…Гэтэл А.Гансүх нь Х.Баттулгатай ямар хэлбэрээр, хэрхэн бүлэглэсэн болохыг тогтоох талаар мөрдөн байцаалтын ажиллагаа огт хийгээгүй, бүлэглэн үгсэн хуйвалдсан болон гэмт хэрэг оролцсон оролцоог тогтоосон нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй” гэсэн байна. Ерөнхийлөгч Х.Баттулга Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байхдаа Монгол Улсын төмөр замын бодлогыг УИХ-аар батлуулсан учир төмөр зам түүний нэр дээр яригдах болсон. Х.Баттулга гэдэг нэр төмөр зам гэдэг үгтэй холбогдсон учир ийм юм.
-АТГ мөрдөн байцаалт явуулаагүй, нотлох баримтгүй байсан болж байна уу?
-Тийм. Х.Баттулга гэдэг хүнийг хэрэг хийсэн мэт харагдуулах гэсэн хар пиар шүү дээ. Тэр Баянгол зочид буудал руу тусгай хүчнийг дайруулдаг чинь шоу. Нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх гэсэн технологи. Цаг хугацааны явцад эрхбиш үнэнд гүйцэгдэж байна. Одоо өөртэй холбоотой хэсэг рүүгээ оръё. Намайг энэ солонгос хүнтэй хамтарч мөнгө завшсан байж магадгүй гэж хардаж шалгасан. Тэгээд мөнгө завшаагүй, энэ хүнтэй ямар ч хамааралгүй болохыг АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг тогтоогоод энэ солонгос захирлын хэргийг тусгаарлан шүүхэд шилжүүлсэн.
-Үнэндээ одоо ч би эргэлзэж л байна.
-Олон хүн эргэлзэж байсан байх. АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэгт гурван жил бүх амьдралаа шалгуулаад мөнгө угаагаагүй, мөнгө завшаагүй болохоо тогтоолголоо. Ер нь бол олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мөнгө угаасан, завшсан гээд хууль хяналтын байгууллагын албан тушаалтнууд нь өөрсдөө удаа дараа зарлаад байхаар хүмүүс эргэлзээд эхэлдэг юм билээ. Би тэр үед УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөх байсан. УИХ-ын даргаар З.Энхболд байсныг санаж байгаа биз дээ. З.Энхболд дарга намайг “шалгуул” гэсэн. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ч гэсэн тэр үедээ “Чи арай болохгүй юм хийчихсэн юм биш биз дээ” гэж асууж байсан.
-Та юу гэв?
-Би шалгуулаад ирье ээ л гэсэн.
-Одоо тэд юу гэж байна?
-Ер нь бол тэд эхлээд эргэлзсэн болохоос надад итгээгүй гэсэн үг биш ээ.
-Бусад хүмүүс юу гэж байна ?
-Хүмүүс ам дамжсан хов сонсож байгаа учир эхлээд тайлбар хэлье. Тэгэхгүй бол буруу ойлголт төрөх байх. 2015 оны арванхоёрдугаар сарын 25-наас намайг шалгаж эхэлсэн. Тэгэхэд би УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөх байсан. 2016 оны долдугаар сар хүртэл энэ албан тушаал дээр байхдаа шалгуулсан. 2016 оны УИХ-ын сонгуульд АН ялагдаж, УИХ-ын дарга З.Энхболд ажлаа өгөхөд би ч бас дагаад чөлөөлөгдсөн. Ингээд 2016 оны долдугаар сараас 2017 оны арваннэгдүгээр сар хүртэл иргэн А.Гансүх шалгуулсан. Тодруулж хэлбэл, ямар нэгэн албан тушаалтан биш, энгийн иргэн гэсэн үг. Харин 2017 оны арваннэгдүгээр сард ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар томилогдсон. Одоог хүртэл шалгуулж байна. Хүмүүс албан тушаалтан учраас өөрийгөө хамгаалаад байна гэж бодох байх. Тэгвэл би ямар ч албан тушаалгүй байхдаа хамгийн удаан шалгуулсан байгаа биз дээ. Тэгээд ч миний хашиж байсан болон одоо хашиж байгаа албан тушаал халдашгүй эрхтэй, шалгахад саад болдог албан тушаал биш.
-Таныг гурван жил шалгажээ. Одоо ямар байдалтай байгаа тухай ярьж болох уу. Сошиалаар Х.Баттулга та нарын гарын үсэгтэй сэжигтэн гэсэн бичиг яваад байсныг санаж байна.
-Тэр бичиг чинь биднийг сэжиглэж шалгаж байна гэсэн утгатай бичиг. Аливаа хэрэгт шалгаж байгаа бүх хүнд ямар хэрэгт шалгаж байгааг танилцуулж гарын үсэг зуруулдаг хуулийн шаардлагын дагуу хийгдсэн бичиг юм. Харин эрүүгийн байцаан шийтгэх хуулиараа хавтаст хэрэгт байгаа материалаа олон нийтэд тараах ёсгүй л дээ. Биднийг хэрэг хийсэн мэтээр харуулах гэж мөрдөн байцаагч нар зориуд тараасан байх гэж боддог юм. Уг нь гомдол гаргавал хуулиараа бол асуудал үүсэх л байсан.
-Та тэгээд гомдол гаргаагүй юм уу?
-Гомдол гаргаад ч нэмэргүй тийм цаг үе байлаа шүү дээ. Хүчний байгууллагын бүх механизмыг ашиглан зохион байгуулсан, төрийн өндөр эрх мэдэлтний удирдаж байсан тогтолцоог дийлэхгүй гэдэг нь ойлгомжтой байсан. Намайг эхлээд мөнгө угаасан, завшсан, эрх мэдлээ урвуулан ашигласан гэж хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Энэ хугацаанд гурван удаа л байцаасан. Тус бүр 250 хуудастай 109 хавтастай материал цуглуулсан байдаг. Шалгах явцдаа мөнгө угаасан гэх хэрэг, мөнгө завшсан гэх хэрэг нь байхгүй болсон. Ингээд албан тушаалын хэргээр гэх асуудлаар шалгагдаад л байж байна.
-Тэгэхээр та мөнгө угаагаагүй, завшаагүй гэсэн үг үү?
-Тийм. Мөрдөн байцаагч нар шалгаад мөнгө угаах болон завших гэмт хэрэг үйлдээгүй болохыг өөрсдөө тогтоосон гэсэн үг. Угаасаа сайдад мөнгөний эрх мэдэл байдаггүй. Мөнгө Зам, тээврийн яамаар дамжихгүй. Банкнаас “МТЗ” ХК-д ороод тэндээс цаашаа шилждэг. Одоо ч бүх яам, сайдууд мөнгөний асуудлаар ийм л эрх мэдэлтэй байгаа.
-Энэ олон жил шалгуулсны үр дүн гарчээ. Одоо тэгээд юу шалгаж байгаа юм бэ?
-Одоо бол сайд байхдаа албан тушаалаа ашиглаж хууль бус үйлдэл хийсэн эсэхийг л шалгаад л байна. Миний хоёр жил хийсэн ажлыг гурван жил шалгаж байна. Тэгээд мухардсан юм шиг байгаа юм. Шалгаж байхдаа хэргийн зүйлчлэлээ янз бүр болгож өөрчилж үзсэн. Албан тушаалаа урвуулсан л гэнэ, дараа нь албан тушаалаа хэтрүүлсэн л гэнэ, тэгснээ ажилдаа хайнга хандсан л гэнэ. Би бүгдийг нь зөвшөөрөөгүй. Учир нь би эрүүгийн гэмт хэрэг үйлдээгүй. Сүүлдээ та Самсунгийн захирал мөнгө завшиж байгааг мэдээгүй учир та буруутай гэж хүртэл буруутгаж үзсэн. Хувийн компанийн захирлыг би хянаад сууж байх ямар ч хууль байхгүй. Тэр байтугай хачин юм болж байсан.
-Жишээлбэл?
-Ажлын хэсэгт байдаг цагдаагийн мөрдөн байцаагч дуудаад өрөөнд нь хэргийн материалтай танилцаад сууж байтал гаднаас АТГ-ын нэг байцаагч ороод ирлээ. Тэгснээ ширээн дээр байсан хавтаст хэргийн материалыг харснаа нөгөө цагдаагийн мөрдөгчөөс “Энэ хавтаст хэрэг дээр яагаад миний нэрийг бичсэн байгаа юм” гэж асуулаа. Би ч бас анхаарч харлаа. Тэгсэн хэргийг шалгасан мөрдөн байцаагчийн нэр гэдэг хэсэг дээр түүний нэр байж байна. Цагдаагийн мөрдөн байцаагч дуугарч ядаад үг хэлж чадахгүй байна аа. Тэгсэн АТГ-ын мөрдөн байцаагч “Би шалгаагүй хэрэг дээр гарын үсгээ зурж чадахгүй шүү” гэж хэлээд гараад явсан. Миний өмгөөлөгч дэргэд хамт байсан. Дараа нь би АТГ-ын нөгөө мөрдөн байцаагчаас “Юу болоод байна аа” гээд асуулаа. Байцаагч “Цагдаагийн хэдэн хүн энэ өрөөнд суугаад л нэг юм хийгээд байгаа, мэдэхгүй, ажлын хэсэгт миний нэр байгаа ч намайг оруулж шалгасан зүйлгүй” гэсэн.
-Юу гэнэ ээ, яахаараа ийм зүйл болдог байна аа?
-Албан тушаалын хэрэг бол хуулиараа АТГ-ын шалгах хэрэг. Хамтарсан ажлын хэсэг нэрийн дор АТГ-ын нэрийг ашиглаж, цагдаагийн мөрдөн байцаагч нар ажилласан байгаа юм. Цагдаа нь хэргийг шалгах сонирхолтой, даалгавартай л байхгүй юу даа. Цагдаагаас өөрийн нэг хүнээ АТГ-ын мөрдөн байцаах хэлтсийн даргаар зориуд томилуулсан байгаа юм. Ер нь бол хэргийг шалгахдаа АТГ-ын мөрдөн байцаагч нарыг оролцуулаагүй, нэрийг нь ашиглаж гарын үсэг зуруулсан гэж ойлгосон. Учир нь АТГ-ын байцаагч нар нь эхнээсээ энэ бол гэмт хэрэг биш гэдэг байр суурьтай байсан юм билээ. Албан тушаалын хэрэг дээр АТГ-ын мөрдөн байцаагч нар илүү туршлагатай л даа.
-Тэгэхээр юу гэсэн үг вэ. Цагдаад ямар нэгэн сонирхол байсан гэсэн үг үү?
-Тийм шүү. Цагдаагийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашигласан гэсэн үг. Би цагдаагийн мөрдөн байцаагчаас “Та нар их мөнгө угаасан, завшсан гээд бичээд байна, хаана байна аа тэр их мөнгө” гэж асуусан юм. Тэгсэн нөгөө мөрдөн байцаагч “Харин тийм ээ ах, тийм мөнгө олдохгүй байгаа юм” гэж хариуллаа. Тэгэхээр нь би хэллээ л дээ, “Баримт нотолгоогүй байж ингэж болох уу, угаасаа мөнгө хулгайлж завшаагүй, тэгээд ч та нар бүх аргаараа шалгаад угаасан, завшсан мөнгө байхгүй гэдгийг мэдсэн л байна шүү дээ” гэлээ. Тэгсэн мөрдөн байцаагч “Та шүүх дээр наадахаа хэлээрэй, угаасаа л цагаадах хэрэг ш дээ” гэсэн дээ. Тэгэхээр нь би “Та нар мэдсээр байж өөрсдөөсөө зайлуулж байгаа юм уу” гэсэн, байцаагч дээшээ хуруугаараа заагаад дуугарч чадаагүй. Сүүлд нь цагдаа, прокурорын ажилтнууд хүнээр дамжуулж хэлүүлж байсан үгийг нь энд хэлэхээ больё. Өөрийн нүдээрээ харж, чихээрээ сонсоогүй учраас гээд орхиж байна.
-Энэ байдлыг нь та тэгээд хэлж ярьж гомдол гаргасан уу?
-АТГ, Прокурорын байгууллагын бүх шатанд нь бичгээр олон удаа гомдол гаргасан. Үл тоодог юм билээ. Бүх тайлбар, нотлох баримтыг бичгээр гаргаж өгсөн ч авч хэлэлцэхгүй өнгөрсөн. Гэхдээ тэр бүх баримт хавтаст хэрэг байгаа учир цаг нь ирэхээр шударгаар шалгагдаж, эдгээр баримт үнэлэгдэх л байх гэж найдаж байгаа.
-Та далан барьсан гээд л байна. Далан байгаа юм уу?
-Очоод үзэж болно. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа, М.Зоригт Зам, тээврийн сайд байхдаа очиж үзээд бодит ажил хийжээ гэж дүгнэж хэлсэн нь сошиалд одоо ч байгаа. Мөн 2016 оны есдүгээр сард “Самсунг Си энд Ти” компани “МТЗ” ХК-тай тооцоо нийлээд гэрээ байгуулаад тооцоо нийлэн акт үйлдэж ажлаа хүлээж авсан байдаг.
-“МТЗ” ХК гомдолгүй гэсэн учир нь энэ үү?
-“МТЗ”-д хохирол учраагүй. Хохиролгүй учир мэдээж гомдолгүй. 2016 оны есдүгээр сард хэний тэргүүлсэн, ямар Засгийн газар байсан билээ. Санаж байна уу. Тэр Засгийн газрын Сангийн сайд, Зам, тээвэр хөгжлийн сайдын хамтарсан тушаалаар Ажлын хэсэг байгуулагдаж “МТЗ” ХК, “Самсунг Си энд Ти” компанитай тооцоо нийлж дуусгасан. “МТЗ” ХК ямар нэгэн гомдол саналгүй гэж тохирсон байдаг. Өөрөөр хэлбэл, “МТЗ” ХК төлсөн мөнгөндөө таарсан далангийн ажлаа хүлээж авсан гэсэн үг. Тэгэхээр ямар гомдол байх вэ дээ. Тэр ажлын хэсгийн дарга, гишүүд нь бүгд АТГ-т гэрчийн мэдүүлгээ өгсөн байдаг. Мэдүүлэг нь хавтаст хэрэгт байж л байна.
-Одоо тэгээд асуудал дуусчихсан гэсэн үг үү?
-Уг нь тийм. Харин одоо энэ хэргийг зохион байгуулж, эхлүүлсэн хүмүүсийн зорилго өөр болжээ гэж бодож байна. Намайг шалгаж байгаа хэргээр Ерөнхийлөгчийг барьцаалах санаатай арга гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, “Танай Гансүх чинь шалгуулж байгаа шүү, та юу гэж бодож байна” гэж наймаалцах, өөрсдийн албан тушаалын тохиролцоог хийх арга болгожээ гэж хардаж байна. Тэгээд ч би Ерөнхийлөгчид бүр эхнээсээ хэлсэн “АТГ, Прокурорынхон намайг шалгаж байгаа хэргээр наймаалцах гэвэл битгий хүлээж аваарай, би гэмт хэрэг хийгээгүй” гэж хэлсэн байгаа.
-Тэгээд та яах төлөвлөгөөтэй байна?
-Тэвчээртэй хүлээнэ. Ер нь бол нэр төрөө сэргээхээр Хүний эрхийн үндэсний комисс, Олон улсын хүний эрхийн байгууллагад хандана гэж бодож байна. Мөн УИХ-ын өргөдлийн байнгын хороонд хандаж, нээлттэй сонсгол явуулах хүсэлт тавина. Хууль, хүчний байгууллагыг улс төрийн зорилгоор ашигласан энэ хэргийг олон нийтэд ойлгуулна. Тэр үед иргэд хэн гэдэг албан тушаалтан, хэрхэн хууль зөрчсөн болохыг мэдэх болно. Хэрэг шалгах явцад цугласан бүх баримтыг би хуулбарлан авсан байгаа. Ер нь бол ном гаргана.
-Энэ бүхний цаад зорилго юу вэ?
-АН, МАН гэдэг хоёр гол нам дамжсан “МАНАН” гэж нэрлээд байгаа улс төр, эдийн засгийн бүлэглэл Монгол Улсад өөрсдийн хяналт, ноёрхолыг тогтоох зорилготой байсан. Одоо ч энэ зорилго нь хэвээрээ… Ер нь 2010 оноос хойш УИХ-аар баталсан хөгжлийн бүх бодлогыг хууль хяналтын байгууллагыг ашиглаж, эрүүгийн хэрэг үүсгэн зогсоосон. УИХ-ын гишүүн С.Бямбацогт ахалсан ажлын хэсэг “Шинэ бүтээн байгуулалт” гэж бодлого УИХ-аар батлуулсан байдаг. Хэрэгжээгүй. Сайншандын аж үйлдвэрийн парк, хүнсний ногоогоо дотооддоо үйлдвэрлэдэг болох тухай төсөл дээр ажиллаж байсан бүх залуусыг эрүү үүсгэн баривчилсан. Нийт экспортын 50 хувийг бүрдүүлдэг нүүрс, зэсийн баяжмалыг гартаа оруулж улс оронд өөрсдийн эдийн засгийн хяналтыг тогтоох, байнга төвийг сахих статус гэдгээр гадаад ертөнцөөс тусгаарлаж бүлэглэлийн улс төрийн хяналт тогтоох үйл ажиллагаа явуулсан.
Тиймээс “МАНАН” гэх бүлэглэл стратегийн ач холбогдолтой, төрийн өмчийн орд болох Таван толгойн нүүрсний орд, шинэ төмөр замыг өөрийн болгон авахад нь саад хийсэнд өс санаж, биднийг гэмт хэрэгт гүтгэн зайлуулж байгаад авах үйл ажиллагаа зохион байгуулсан.
-Та илэн далангүй хэллээ. Дайралт ирнэ гэж бодохгүй байна уу?
-“Энэ нөхөр ийм ярилцлага өгчээ, одоо хэдүүлээ яах уу” гээд цуглаад л ярих л байх. Тэд зүгээр өнгөрөөхгүй нь тодорхой. Нөгөө л гүтгэх, доромжлох, мохоох гээд дайралтыг зохион байгуулна. Харин би хэргийн тухай нотлох баримтыг нийгмийн сүлжээнд дэс дараатай гаргах болно.
-Та сайд байхдаа ер нь салбартаа юу бүтээсэн бэ. Бахархаад хэлчих юм байна уу?
-Би хийх ёстой ажлаа хийсэн гэж бодоод их зарлаад байдаггүй. Зам, тээвэр бүтээн байгуулалтын том салбар. Тиймээс ярих биш, зөвхөн хийж харуулах ёстой гэдэг зарчим барьж ажилласан. 2012-2014 оны хооронд хоёр жил Зам, тээврийн сайдаар ажиллахдаа зургаан аймгийн төвийг, Замын-Үүд боомтыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбосон 2500 км авто замыг барьж чадсан. Үүнийг бахархал гэж хэлж болно.
-Бас нэг зүйл асууя. МАН-ын Бага хурал дээр Л.Оюун-Эрдэнэ гишүүн УИХ-ын дарга М.Энхболдод хандан Ерөнхийлөгч Х.Баттулгатай Сингапурт тохироо хийж, ялаас чөлөөлж, сонгуульд амалж аваад уналаа гэсэн үг хэлсэн. Энэ үнэн үү?
-Оюун-Эрдэнэ гишүүн буруу мэдээлэлтэй байна. Тухайн үед Х.Баттулга Ерөнхийлөгч болоогүй, энгийн иргэн байсан. Хилийн хориотой гадаад явах боломжгүй байсан. Яг тэр үед хамт байсан хүн нь би. Мэдэлгүй яахав дээ, Риогийн олимп явахдаа хүртэл прокурорын байгууллагаас зөвшөөрөл авч явж байсан. Тэгээд ч Х.Баттулга АН-ын сунгаанд өрсөлдөж байж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхээ олж авсан. Орон даяар АН-ын гишүүдийн дунд явагдсан сунгаанд М.Энхболд нөлөөлөх ямар ч боломжгүй.
АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обама Санта Клаусын дүрд хувиран, хүүхдүүдэд гэнэтийн бэлэг барьсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Тус улсын анхны өнгөт арьст Ерөнхийлөгч Обама өчигдөр нийслэл Вашингтон хотноо байрлах Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний цогцолборт зочилж, хүүхдүүдэд бэлэг тараажээ.
Эмнэлэгийн удирдлагууд “Хүүхдүүдээ та бүхэнд бэлэг тараахаар алсын алсаар Санта Клаус хүрэлцэн ирээд байна” хэмээн хэлэхэд бэлэг үүрсэн Обама орж ирсэн аж.
Обама твиттер хуудастаа “Гайхалтай хүүхдүүд болон эмнэлэгийн ажилчид талархлаа илэрхийлье. Өнөөдөр би Санта бус туслахаас нь ажиллаа” гэж жиргэжээ.
Тэрбээр өнгөрөгч онд Вашингтон хотноо байрлах н Охид, хөвгүүдийн клубт зочилж, бэлэг тарааж байв.
Шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ мэргэжлийн бус хүнээр хийлгэдгээс болж бэртэж гэмтэх тохиолдол гардаг. Тиймээс зөвшөөрөлгүйгээр салют, бенгалын гал зэрэг пиротехникийн хэрэгслийг иргэдийн гар дээрээс худалдаж авахгүй байх, эрх бүхий байгууллагаас худалдан авсан бол заавар санамжийг мөрдөх, Сүлд модоо 12 вольтын хүчдэлтэй гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх, цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, Цацарч дууссаны дараа цаас, саа, хөвөн зэрэг шатамхай зүйл дээр хаяхгүй байх, Оргилуурт гэрэл, тэсрэх бодис, динамидийг орон байр, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд сүлд модыг дүрмийн дагуу угсарч ашиглах, тухайн обьктын харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Улсын хэмжээнд он гарсаар эхний 12 сарын байдлаар нийт 3826 удаагийн объектын гал түймэр гарч, 16.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Түүнчлэн 77 хүн нас барж, 47 хүн түлэгдэж гэмтэн, 289 толгой мал хорогдож, 1755 гэр орон сууц шатжээ.
Дээрх гал түймрийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 893 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 41.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн онтой харьцуулахад гал түймрийн тоо 8.2 хувиар учирсан хохирлын хэмжээ 28,6хувиар тус тус өссөн байна.
Нийслэл хотын хэмжээнд нийт 2567 удаагийн гал түймэр гарч, 4.2 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 1259 удаагийн гал түймэр гарч, 12.1 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ.
Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар:
2018 онд 20543 байгууллага, аж ахуйн нэгж, 144189 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 95203 зөрчил дутагдал илрүүлэн, 40219 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 5820 заавал биелүүлэх албан шаардлага, 6269 мэдэгдэл, 292 танилцуулга, 890 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 85 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 185.8 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 2647 удаа, дадлага 1841 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2720 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.
Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 556зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 814 удаа орж ажиллав.
Объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:
Ил задгай гал, асгасан үнс нурмаас 1059 гал 27.7 буюу хувь,
Пийшин, зуух, яндангийн цонолтоос 850 гал буюу 22.2 хувь,
Цахилгаанаас 687 гал буюу 17.9 хувь,
Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 421 гал буюу 11 хувь,
Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 226 гал буюу 5.9 хувь,
Шалтгаан тогтоогдоогүй 216 гал буюу 5.6 хувь,
Бусад шалтгаанаас 187 гал буюу 4.8 хувь,
Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 76 гал буюу 1.9 хувь
Гагнуур, паялник, бамбараас 31 гал буюу 0.8 хувь
Архидан согтуурснаас 21 гал буюу 0.54 хувь,
Машин, техникийн яндангийн цонолт, оч болон цахилгааны очноос 15 гал буюу 0.39 хувь
Санаатай үйлдлээр 15 гал буюу 0.39 хувь,
Байгалийн үзэгдлээс 9 гал буюу 0.23 хувь,
Тэсрэлт дэлбэрэлт ослоос 5 гал буюу 0.1 хувь,
Технологийн горим зөрчсөнөөс 4 гал буюу 0.1 хувь,
Газрын тосны бүтээгдэхүүний ашиглалтын буруугаас 2 гал буюу 0.05 хувийг эзэлж байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Энэ удаагийн хуралдаанаар цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх аж. Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатарын агаарын бохирдолтой холбогдуулан жирэмсэн эхчүүд, 0-5 хүртэл насны хүүхэдтэй эхчүүдийг амралтын газарт тав хоног амруулах саналыг хэлэлцэхээр байсан. Гэвч энэ найман тэрбум төгрөгийн санхүүжилттэй энэ санал олон нийтийн шүүмжлэлд өртсөн, Засгийн газар руу дайралт ирж байгаа юм. Тиймээс Засгийн газар гаргасан уг саналыг хэлэлцэхгүй, цуцалжээ.