Categories
мэдээ нийгэм

Турк сургуулийн захирал В.Акчей Монголоос явжээ

БНТУ-ын иргэн В. Акчей манай улсаас 2018 оны 11 дүгээр сарын 30-нд гарч явжээ. Түүнийг өөрийнх нь улсын зүгээс энэ оны долдугаар сарын 30-нд авч явахаар шаардсан ч Эрх зүйн туслалцааны гэрээгүйн улмаас гаргах боломжгүй гэсэн хариуг Монгол Улсын эрх баригчдын зүгээс өгсөн байдаг. Үүнтэй холбогдуулан түүнийг хилээр гаргахгүй байх хоригийг прокурорын байгууллагаас тавиад байсан бөгөөд хориг цуцлагдангуут тэрээр Чингис хаан нисэх онгоцны буудлаас Хонгконгийн нислэгээр явсныг эх сурвалж хэллээ. Туркийн иргэн В.Акчейн хамт “Улаанбаатар-Эмпати” сургуулийнх нь зургаан ажилтан мөн Монголыг орхисон байна. Харин В.Акчейн гэр бүлийн гишүүдийн хувьд олон сарын өмнө Монголд амьдрахаа больсон юм байна. В.Акчей нь 2004 оны 5 дугаар сараас хойш Монгол Улсад ажиллаж амьдарч ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулагчийн визтэй байжээ.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалаанаас 10 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын 2018 оны арваннэгдүгээр сарын сугалааны тохирол Боловсрол телевизээр орон даяар шууд явагдлаа.Тохиролд 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалтын баримтуудыг хамруулав. Уг тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 20,463 , 200 мянган төгрөгийн азтан 2,073, нэг сая төгрөгийн азтан 198, 5 сая төгрөгийн азтан 25, 10 сая төгрөгийн азтан 2 тус тус тодорсон байна. Харин супер шагналын азтан тодроогүй байна.

Categories
мэдээ улс-төр

Намын бүлгүүд хуралдана

УИХ дахь хоёр намын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулган, Байнгын хороодоор хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэнэ. МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт хуралдаагүй. УИХ өнгөрсөн гурван долоо хоног гаруйн хугацаанд ирц бүрдээгүй учир хуралдаж чадахгүй байгаа. Ямартай ч УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж, энэ долоо хоногт чуулган, Байнгын хороодоор хэлэлцэх асуудлын дарааллыг батлаад байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч чуулганаар хаалттай мэдээлэл хийнэ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар энэ долоо хоногт ажлын хэсэг, байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталсныг бүрэн эхээр нь хүргэж байна.

12 дугаар сарын 24-ний Даваа гарагт:

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 24-ний Даваа гарагт:

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

12 дугаар сарын 26-ны Лхагва гарагт:

Монгол Улсын хүүхэд, гэр бүл хөгжлийн Өнөр бүл төвийн үйл ажиллагаатай Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд 10.30 цагаас танилцана.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

12 дугаар сарын 25-ны Мягмар гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал;

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Агаарын бохирдлын улмаас хүн амын дунд тохиолдож байгаа өвчлөл, эрүүл мэндийн асуудал, эрүүл мэндийн байгууллагын ачаалал, нөхцөл байдал, үүнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл болон Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн халамжийн тухай хуулиудын холбогдох заалтууд Улсын Их Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн болон Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсоно.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар тогтоолтой холбогдуулан/;

“Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-ийг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл;

Бусад.

12 дугаар сарын 26-ны Лхагва гарагт:

1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Ерөнхий хяналтын сонсголын зохион байгуулалтын талаар.

2.Ёс зүйн дэд хорооны хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд:

Бусад.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл Засгийн газар 2018.12.04- ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 27-ны Пүрэв гарагт 10.00 цагаас:

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудал;

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал;

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулах тухай асуудал;

Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан/;

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

“Түр хороо байгуулах тухай” /Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой үүссэн асуудлыг шалган судалж санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий/ Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр нарын 9 гишүүн 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

“Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир нарын 6 гишүүн 2018.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай /Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан/;

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар тогтоолтой холбогдуулан/;

“Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

“Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

“Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

“Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

“Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

12 дугаар сарын 28-ны Баасан гарагт 10.00 цагаас:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдээлэл /Хаалттай/;

Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсох /үргэлжилнэ/.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Биткойноор төлбөрөө хийсэн хар тамхи, хүний наймааны гэмт хэргийг илрүүлэх бараг л боломжгүй гэв

Монгол Улсад энэ оны эхний 10 сарын байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой нийт 162 гэмт хэрэг бүртгэгдэж, 312 хүн холбогдон шалгагдаж байгаа аж. Үүний 246 нь эрэгтэй, 66 нь эмэгтэйчүүд. Харин насны ангиллын хувьд авч үзвэл энэ төрлийн нийт гэмт хэргийн 14 орчимд нь 18 хүртэлх насныхан холбогджээ. Холбогдогчдын хамгийн бага нь 13 настай хүүхэд байсан юм. Хамгийн их буюу 138 хэрэгт нь 19-25 насныхан холбогдсон байна. Мөн эл гэмт хэргийн 113-д нь 26-35 насныхан, 37-д нь 36-с дээш насныхан холбогдон, шалгагдаж байгаа аж. 2018 оны байдлаар бүрэн дунд боловсролтой нийт 140 хүн хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлтэй холбоотой гэмт хэрэгт холбогдсон байна. Ийм төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын дийлэнх нь 19-25 насныхан байгаагийн гол шалтгаан нь ид залуу үеийнхэн аливаа зүйлд уруу татагдахдаа амархан бөгөөд хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг сонирхоод нэг л удаа хэрэглэсэн бол түүнийг дахин хэрэглэх магадлал өндөр байдагтай холбоотой гэнэ. Мөн хар тамхи худалдан борлуулдаг бүлэглэлүүдийн хойч үеэ бэлдэж буй гол бай нь 19-25 насныхныг онилж байгаа учир тэдний сонирхлыг татахаар гэнэн, итгэмтгий занд тулгуурлан олон арга хэрэглэдэг нь энэ насныхныг хэрэглэгч, холбогдогч болгоод байна гэж судлаачид хэлж буй.

Гэмт хэргийн эзэн холбогдогчид нь гол төлөв хар тамхийг тээвэрлэх болон бусдад худалдан борлуулах, хэрэглэж, мансуурсан байх үедээ, хил гаалиар энэ төрлийн бодисыг нэвтрүүлэхээр оролдож байхдаа баригддаг гэнэ. Дэлхий нийтэд цагаан тахал гэгддэг эл гэмт хэргийн арга барил нь улам нарийсч байгаа бөгөөд Монголд ч энэ нь нөлөөлж буй гэнэ. Нэгэн жишээ дурдвал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Монгол Улсын иргэн С, А, Э, А нар нь БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хар тамхи, мансууруулах бодисыг бэлэг эрхтэндээ нууж улсын хилээр нэвтрүүлэн, бусдад зарж борлуулах зорилгоор тээвэрлэж явсныг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс илрүүлэн, баривчилсан байдаг. Тухайн үед хэрэгт холбогдсон этгээдүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу мэргэжлийн их эмч, сувилагч нарын оролцоотой Улсын нэгдүгээр амаржих газрын хүлээн авах тасагт дотуур үзлэг хийлгэхэд, иргэн Г.Сарангэрэлийн бэлэг эрхтэн дотроос их хэмжээний мөс хэмээх мансууруулах бодис гарч ирсэн гэх мэдээлэл байдаг.

Үүнээс гадна Монгол Улсад хар тамхи, мансууруулах төрлийн ургамал тарьж, ургуулдаг байсан этгээдийг арваннэгдүгээр сарын 15-нд илрүүлсэн байдаг. Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид гэртээ хар тамхины төрлийн ургамал тарьж, ургуулж байсан, Турк улсын иргэнийг баривчилсан юм. Тус иргэн нь 2016 оноос хойш Монгол Улсад хуулийн дагуу зөвшөөрөл авч цагаачлан амьдардаг нэгэн байсан гэдэг. Хар тамхины төрлийн ургамал тарьж байсан гэх 38 настай М нь Монгол Улсад ирсэн цагаасаа хойш хар тамхины төрлийн ургамал болох каннабисийг тарьж байсан гэх хэргийг холбогдох байгууллагаас шалгаж байна.

Харин сүүлийн үед хар тамхи мансууруулах бодис тээвэрлэн ялангуяа улсын хил, гаалиар нэвтрүүлэх явдал нь улам нарийсч, арга нь мэргэжлийн түвшинд болж буйг албаныхан хэлж буй. Учир нь арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хамтран буухиа шуудангаар хар тамхи оруулж ирдэг бүлэглэлийг үйлдэл дээр нь баривчилсан байдаг. Шалгалтын явцад, 18-21 насны гурван этгээд БНХАУ-аас олон улсын шуудангаар ирсэн шахмал хэлбэртэй метафетаминыг хүлээн авдаг байсан нь тогтоогджээ. Хар тамхи худалдан борлуулдаг байсан сэжигтэй этгээдүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа гэнэ. Шалгалтын явцад хар тамхины төрлийн бодисыг онлайнаар захиалан авдаг байсан бөгөөд сэжигтнүүд тооцоогоо биткойн буюу цахим мөнгөөр хийдэг байсан нь тогтоогдсон гэнэ. Мэргэжилтнүүд, “Мансууруулах бодис нууцаар арилжаалах бүлэглэлийн зохион байгуулалт, чадвар, арга барил нь улам нарийсч буй. Цахимаар үйлдэгдэж буй энэ төрлийн зарим гэмт хэргийн цаана 100 гаруй холбогдогч, борлуулагч байдгаас гадна улс дамнасан сүлжээ бий болгосон” гэдгийг хэлсэн байна.

Мөн нийт хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн зарим нь буухиа шуудангаар үйлдэгдэж буй гэнэ. Харин төлбөрийг нь сүүлийн үед дэлхий нийтэд дэлгэрээд байгаа биткойн буюу цахим мөнгөөр төлдөг гэх мэдээллүүд байгаа. Хар тамхинаас гадна хүний наймаа, бэлгийн мөлжлөгийн төлбөрийг ч энэ төрлийн шинэ мөнгөний системээр хийдэг байж болох талаар гаднын цахим хуудаснуудаас харж болно. Манай улсад 2016 онд хүний наймаатай холбоотой найман тохиолдол бүртгэгдэж байсан бол 2017 онд 12, 2018 оны эхний хагас жилийн байдлаар 11 тохиолдол бүртгэгдсэн байна. Эл тоон мэдээлэл нь зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэлтэй байгаа хэргүүдийн мэдээлэл гэнэ. Гэхдээ хүний наймааны төлбөрийг биткойноор хийсэн тохиолдол Монгол Улсад одоогоор бүртгэгдээгүй ч, илрээгүй ийм төрлийн гэмт хэрэг байхыг үгүйсгэхгүй. Учир нь биткойн буюу цахим мөнгө нь ямар ч банк, брокер, диллерийн компанид харьяалагддагүй аж. Нэг ёсондоо гэмт хэргийг эдийн засгийн ул мөр үлдээлгүй хийх боломжийг бүрдүүлж өгч байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, биткойныг хамгийн энгийн ойлголтоор тайлбарлавал, зах зээлд гарч ирж буй шинэ төрлийн валют аж. Одоогоор зах зээлд гол хэрэглэгдэж байгаа валют нь бүгд төв банкны удирдлага дор хэвлэгдэж, зах зээлийнхээ эрэлтээс шалтгаалан нийлүүлэгдэж байдаг бол биткойн мөнгийг хэрэглэгчид нь өөрсдөө удирддаг. Биткойн нь төвлөрсөн төв банкны систем байхгүй, удирдлагагүй, эзэн байхгүй мөнгө аж. Тийм учраас энэ төрлийн шинэ мөнгөн тэмдэгтээр аливаа гэмт хэргийн төлбөрийг төлөхөд эзэн холбогдогчийг нь олоход маш хэцүү, хэрэг үйлдэгч өөрөө л цахим систем ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй бол барагтай бол хэрэгтэн нь илэрдэггүй гэдгийг судлаачид хэлж буй гэнэ. Биткойныг хийхдээ компьютерын блокчэйн технологийг ашигладаг бөгөөд тэдний үндсэн дүрэм дээр тулгуурлан явагддаг байна. Үүний ашиглах зааврыг нь нэг ойлгоод авчихсан байхад хамгийн амарханаар мөнгөн гүйлгээ хийж болдог аж. Дэлхий нийтийн дунд 2013-2015 оны үед биткойныг хууль бус гэмт хэрэг үйлдэхэд ашиглах тохиолдол их байсан аж. Өөрөөр хэлбэл, биткойн нь хамгийн анх энэ төрлийн гүйлгээ хийж болдог гэдгээрээ дэлхий нийтэд танигдаж байсан гэнэ. Далд интернэт буюу цахимаар болж бүтэхгүй зүйл худалдаалдаг энэхүү орчинд биткойныг ашигладаг байжээ. Далд интернэтийн орчныг ч бас хянах боломжгүй бөгөөд хэн худалдаалж, хэн нь худалдан авч байгаа нь мэдэгддэггүй аж. Хэрэв төлбөрийг доллар, юань зэрэг түгээмэл ашиглагддаг валютаар хийхэд гүйлгээ хийсэн ул мөрийг нь мөшгөсөөр байгаад хууль бус гэмт хэрэг үйлдэгчдийг илрүүлж болдог байжээ. Харин энэ орчинд биткойн буюу цахим мөнгийг ашиглахад тухайн хүн уг дансаар хууль бус зүйлийг худалдаж авсан гэдгийг баталгаажуулах бараг л боломжгүй тул гэмт хэрэгтнүүд шинэ валютаар гүйгээ хийх явдал нь нэмэгдсэн байна.Хэдийгээр данс, гүйлгээ, орлого, зарлага нь нүдэнд ил байх болов ч тухайн дансны дугаарыг данс эзэмшигчтэй нь холбоход хүндрэлтэй байдаг гэнэ. Яагаад гэхээр хувь хүн нэг кноп дарахад л хичнээн ч төрлийн данс нээж болдог аж. Тийм болохоор үүнд хяналт тавихад одоо хэрнээ асуудалтай байгаа аж. Гэхдээ дэлхий нийтийн дунд биткойныг хар тамхи, хүний наймаа, терроризмтой холбон ашиглахад үе нь өнгөрчихсөн гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа. Мөн биткойн нь офишер гэдэг зүйлийг Панамд биш карманд явагдуулах боломжийг үүсгээд байгаа аж.

Уг нь биткойн нь төвлөрсөн банкны системийг дутагдал, алдагдалтай талыг нөхөх гэж гарч ирж байсан мөнгөний нэг төрөл аж. Эдийн засгийн өсөлтгүй хэрнээ мөнгө хэвлэх, валютын ханшны хэлбэлзэл, уналт зэрэг асуудлуудыг шийдэх гэж л гарч ирсэн боловч үүнийг Монголд төдийгүй дэлхий нийтэд хууль бус гэмт хэрэгт ашиглах хандлага бий болоод удаж байгаа аж. Гэсэн хэдий ч технологийн дэвшилийг дэмждэг дэлхийн улс орнууд энэ мөнгөн тэмдэгтийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд ирээдүйд цаасан мөнгийг халах шинэ хувьсал гэж үзэж байгаа гэнэ.

З.СУВД

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Цэцийн шийдвэр цэцэн гарвал улс төрийн хямрал намдана

Монголд улс төр бужигнаад удаж байна. Үүнийг зарим нь улс төрийн бужигнаан гэж байгаа бол зарим нь төр, намын хямрал гэж томьёолоод байна. Энэ бүх хямрал юунаас эхтэйг бид бүгд мэднэ. ЖДҮ буюу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой луйвар ил болсноос энэ хямрал эхэлсэн. УИХ-ын гишүүд ЖДҮ-ийн зээл авч банк бус санхүүгийн байгууллага зэрэг хувийн компани, бизнес рүүгээ оруулж эргэлдүүлж байсан нь ард түмний бухимдал, уур, жигшил, зэвүүцлийг төрүүлсэн юм.

ЖДҮ-ийн асуудлаас үүдээд Засгийн газар огцрохдоо тулав. Огцрох гэж байгаа Засгийн газар хариу барьж 60 тэрбумын асуудлыг сөхөж нөгөө талынхаа шахаанд оруулах гэж үзэж байна. Үүнээс үүдэлтэй УИХ-ын даргыг огцруулах хууль бус шаардлагыг тавьж эхэлсэн. Харин М.Энхболдын талынхан “Хууль зүйн ямар ч үндэслэлгүй, баталгаагүй тулгалт байна” гэдэг хариуг өөдөөс нь өгөөд байгаа. Хэрвээ үнэхээр хуулийн үндэслэлгүй бол огцруулах арга байхгүй л дээ. Ингээд л талцаж маргаад сар шахуу болж байна. УИХ-ын чуулган хуралдаж чадахаа байгаад сар болох нь. Монгол Улс Төрийн ордноороо дүүрэн шүдгүй арслантай болсон. Ерөнхийлөгч өөрийгөө шүдгүй арслан гэсэн бол УИХ, Засгийн газар ч өөрсдийгөө шүдгүй арслантай зүйрлэцгээсэн. Харахад байгаа мөртлөө ямар ч шийдвэр гаргаж чадахаа байж, гурван биенээ чагталчихаад байж байна. Өөрсдийнх нь хэлдгээр Төрийн ордноороо дүүрэн шүдгүй арслантай болчихлоо л доо, бид.

Улс төрийн энэ хямралыг манай сонин бүр эхнээс нь л “Та нар хоорондоо зохицооч ээ” гэж зогсоо зайгүй уриалж байгаа. Тэгэхгүй бол та нар нам, УИХ, Засгийн газраа байхгүй болгож аягүйтвэл Ерөнхийлөгч ч огцрохдоо тулах нь байна шүү. Энэ бүгдийн үр дүнд дараагийн гарч ирэх улстөрчид, улстөрийн хүчинд хэн ч итгэхээ болино. Тийм учраас та нарыг зохиц, зөвшилцлийн ширээний ард суу гээд байгаа юм л даа. Эрхбиш тулхтай нам, хүмүүс байгаа учраас ингэж уриалж байгаа ухаантай. Угтаа булаацалдаж байгаа юмаа хэрэлдэхгүй хувааж аваач ээ л гэж байгаа юм.

Тэмцэлдэгч талууд одоо Цэцэд хандаад эхэлж байна. Энэ бол бас нэг гарц мөн. ЖДҮ-тэй нэр нь холбогдсон талынхан УИХ-ын дарга М.Энхболдыг төрийн эрх мэдлийг наймаалсан хэрэгт холбогдож, шалгуулах нөхцөлийг боогдуулж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэн Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Төрийн албыг наймаалсан гэх 60 тэрбумын хэрэг нь Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн хоёр дахь хэсгийн “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” хэмээн заасныг зөрчсөн гэж үзсэн юм, тэд. Үүнээс үүдэлтэй УИХ-ын даргыг огцруулах хууль бус шаардлагыг дэмжиж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд “Бид УИХ-ын даргатай хамтарч ажиллахгүй” хэмээгээд М.Энхболд даргыг өрөөнөөс нь чирч гаргахад бэлэн байна гэцгээсэн. Тэгтэл ЖДҮ-ийнхнийхээ эсрэг 60 тэрбумынхан хөдөлж мөн Цэцэд хандаж байгаагаа зарласан. “Монгол Улсын Их хурлын үйл ажиллагаа тасралтгүй явах хуультай. Засгийн газрын давхар дээлтэй 15 гишүүн УИХ-ын үйл ажиллагааг олон хоног хууль бусаар хойшлуулж байна. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл юм. Хэрвээ Цэц Засгийн газрыг Үндсэн хууль зөрчсөн гэвэл Засгийн газар тарна” гэж УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тэргүүтэй гишүүд үзэж Цэцэд хандаж байгаагаа мэдэгдсэн. Юутай ч ингээд хоёр талын хэрүүл, талцал Үндсэн хуулийн Цэц гэдэг нэг газарт төвлөрчихлөө, Цэц дээр асуудал бөөгнөж эхэлж байна гэж болно. Томоор харвал асуудлын зангилаа Цэц рүү явж эхэллээ.

Цэц шийдвэрээ гаргах ёстой. Тэр шийдвэр нь цэцэн байх ёстой. Аль нэг тал руу гуйж дайвахгүй, хуульд цагаан дээр хараар юу гэж бичсэн байдаг вэ, түүнийг дагаж шийдвэрээ гаргах ёстой. Нэг үгээр Цэцийнхэн үүн дээр улс төрийн хатан зориг гаргах хэрэгтэй байна. Ингэж байж Монголын улс төр дэх хямрал арилна. Шударга, үнэн, үндэслэлтэй шийдвэр гаргахад аль ч тал хүлээн зөвшөөрөх нь дамжиггүй. Тэгэхгүй улстөржсөн, хэт нэг тал руу илэрхий гуйвж дайвсан шийдвэр гаргавал хэн ч тоохгүй. Хэрэвзээ тэгвэл Монголын улс төр дэх шүдгүй амьтны тоог нэгээр нэмэхээс цаашгүй юм болно шүү. Шийдвэр гаргадаг, тэрийг нь биелүүлдэг байх ёстой. Тэгтэл та бүхэн “Миний шийдвэлийг (шийдвэрийг) тоохгүй байна” гэж шүдгүй арслан улаан буйлаараа шүлсээ үсчүүлэн орилох шиг хичнээн хашгичаад тусыг эс олно.

Аливаа улс төрийн институцийг яавал хүчтэй байна гэж үздэг юм бэ гэхээр шийдвэр гаргаад тэрийгээ биелүүлдэг, биелдэг байвал л түүнийг хүчтэй институци гэдэг. Одоо Цэц шийдвэрээ гаргахыг харж байя. Монголын улс төрийн хямралыг арилгахын тул Үндсэн хуулийн Цэц хурдан ажиллах хэрэгтэй байна. Хуучин шигээ хэрэг үүсэхгүй, үүсгэхгүй гээд цатгалан паацганаж байдгаа болих хэрэгтэй байна. Тэгэхгүй бол улс төрийн хямралыг дагаж эдийн засаг бүхий л түвшиндээ гацаж, цаашлаад ард түмний амьдрал уруу дээрээ улам уруудах нь. Бие биенээ гацаасан Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын чагтыг тайлж, төрийг хямралаас гаргах эцсийн найдвар нь Үндсэн хуулийн Цэц болчихоод байна. Тэгэхээр Цэцийн шийдвэр цэцэн гарвал улс төрийн хямрал намдана.


Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн Монголыг дотроо зураглаж яваа Б.Отгонзулынх

Сайн хань, элэг бүтэн гэр бүл нь түүний үнэт баялаг. Хийж бүтээсэн зүйлүүдээрээ бахархахаас илүүтэй хийж бүтээх гэсэн санаа бодолдоо дүрэлзэж яваа гэх энэ эгэл эрхмийг Барадийгийн Отгонзул гэдэг. Тэрбээр таван хүүхэдтэй айлын бага нь болон мэндэлсэн. Далаад оны хүүхдүүдийн нэгэн адил зах зээл, чөлөөт эдийн засгийн харилцаанд орсон энэ залууг маркетингийн харилцааны “Универсал” компанийн үүсгэн байгуулагч гэдгээр нь салбарынхан нь андахгүй.

Түүний үүсгэн байгуулсан маркетингийн компани нь олон улсад данстай байгууллага болж, дэлхийн нэг номерын сүлжээ байгууллагын Монгол дахь төлөөлөгч болсон байна. Глобал зах зээлд Монголоо төлөөлөн хийж бүтээсэн зүйл, хурааж хуримтлуулсан арвин их туршлагатай хэдий ч олны өмнө тэр бүр гавьяа шагналаа зарлаад байдаггүй жирийн бизнес эрхлэгч гэж түүнийг тодорхойлж болно.

Биднийг Б.Отгонзулынд очиход түүний гэргий З.Бурмаа дунд хүү О.Мөнхтулгыг эргэхээр урд нутгийг зорьсон байв. Эднийх Баянзүрх дүүргийн XIII хороололд нүүж ирээд хорь гаруй жил өнгөрчээ.

ФИЛОТОВАГИЙН ЗЭХСЭН ТОРГОН ӨЛГИЙН ЭЗЭН БОЛСОН НЬ

Түүний аав Барадий бичгийн хүмүүн байсан гэнэ. Ааваасаа хэдэн гар бичмэл, үзэг өвлөж үлдсэн нь түүний томоохон өв, үнэт зүйл. Аавынх нь удам сударт бичгийн улс их байсан учир бичих оролдлого бий гэж байв. Тиймдээ ч номын шарласан хуудсан дунд утга зохиолд дурлан өссөн гэхэд хилсдэхгүй. Энэ утгаараа өөрийн мэргэжилтэй холбоотой ном туурвих бодолтой явдаг гэнэ. Б.Отгонзулын ээж Гэндэндаржаагийн Нарангэрэл нь залуудаа төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбал даргын гэргий Анастасия Ивановна Филатовагийн удирдаж байсан Хүүхдийн төлөө фондод нарийн бичгийн даргаар ажилладаг байжээ. Тэрхүү хугацаандаа Монголын хүүхдүүдийн төлөө олон жил зүтгэсэн гэнэ. Б.Отгонзулыг хэвлийдээ бойжиж байх үед нь Филатова гуай хүү төрвөл хөх, охин төрвөл ягаан торгоныг өгнө гэж хоёр өлгий зэхжээ. Тэгээд хүү төрсөн учраас хөх торгон өлгийгөө бэлэг болгон өгсөн гэдэг. Нэгэн цагийн Монголын тэргүүн хатагтай Филатовагаас өлгий авч байсныгаа ихэд бэлгэшээн олзуурхаж явдаг гэдгээ Б.Отгонзул хэлж байлаа. Түүний ээж өдгөө өндөр настны тэтгэвэрт гарч, ач зээгээ тойруулан аж төрж байгаа гэнэ.

АРВАН ЖИЛИЙН НЭГ ШИРЭЭНЭЭС ЦЭЦЭГЛЭСЭН АМЬДРАЛ

Б.Отгонзул гэргий З.Бурмаатайгаа нэг ангид орж, нэг ширээнд суусан тэр үеэс л түүнд сэтгэл татагдаж эхэлжээ. Оросууд нутаг буцаж, тухайн үеийн Орос сургуулиуд хаалгаа барьж эхэлсэн гэнэ. Энэ үед Орос сургуульд сурч байсан сонгол хүүхдүүдийг нэг сургуульд цуглуулснаас энэхүү хайрын түүхийн эхлэл болжээ. З.Бурмаа Орос III сургуульд шилжин ирж, Б.Отгонзултай нэг партны найзууд болсон гэнэ. Эхнэрээ эргүүлж араас нь удаан гүйсэн ч амжилт эс олсон тул Б.Отгонзул таван бүлэг дундаа нэгдсэн шинэ жилийн үдэшлэг зохион байгуулах мэргэн санааг олжээ. Үеийн хүүхдүүд шинэ жилийн баярт анги ангиараа оролцож, харин энэ завшаанаар ирээдүйн гэргийгээ бүжгэнд урьснаар энэ гэр бүлийн эхлэл тавигдсан гэнэ. Тэр шинэ жилийн үдэшлэгт нийт 27 хос мэндэлсэн аж. Энэ цагаас өнөөг хүртэл гучаад жил өнгөрчээ. Арван жилээ төгсөөд ч нэг их сургуульд элсэн орж өдгөө нэг ажилд, нэг албан өрөөнд хамтдаа суун хөдөлмөрлөх болжээ. Б.Отгонзул маркетингийн удирдлагаар мэргэшсэн бол З.Бурмаа санхүүгийн удирдлагаар мэргэшжээ. Маркетингийн харилцааны “Универсал” ХХК-ийг өдгөө Б.Отгонзулын гэргий З.Бурмаа амжилттай удирдаж явна. Хамтдаа нэг зорилгын төлөө хөдөлмөрлөдөг ч гэртээ байхдаа ажлынхаа талаар огт ярилцдаггүй юм байна. Энэ нь гэр бүлийн орон зай, соёл, ахуйд ажил, бизнес хутгахгүй байх нэгэн чухал бодлого болой.Түүнээс гадна үргэлж завгүй байдаг өрхийн тэргүүний хувьд гэр бүлдээ өдөрт нэг удаа үүрэг гүйцэтгэж ёстой үздэг гэнэ. Завгүй амьдралын хэв маягаас үүдэн гэрийнхэндээ өглөөний цайг бэлтгэх боломж л олддог байна. Тэр ажилдаа мань хүн ихээхэн ач холбогдол өгч дуртай гүйцэтгэдэг аж. Гэрийнхэн нь түүний бэлтгэсэн өглөөний цайг уугаад талархлын үгс бэлэглэн гэрээсээ ажил, сургуульдаа гарах нь өрхийн тэргүүний хувьд ажил үйлсийн цэнэг бэлэглэсэн бас нэгэн аз жаргал нь.

Багаасаа л бизнесийн салбарт хөл тавьж, өнөөг хүртэл 20 гаруй жилийн хугацаанд тасралтгүй хөдөлмөрлөсөндөө эдний гэр бүл сэтгэл хангалуун байдаг. Үүний зэрэгцээ Б.Отгонзулын хувьд гурван хүүгийнхээ өсч бойжих үед дэргэд нь байж хэлд, хөлд орох, анхны ялалт, ялагдлыг нь хуваалцаж явсан нь түүний амьдралын хамгийн нандин зүйл. Г.Нарангэрэл хүүхдүүдийнхээ боловсролд ихэд анхаардаг байсан учир Б.Отгонзул ч мөн энэ уламжлалыг орхисонгүй. Түүний ээж “Тархинд хийсэн мэдлэгийг сүхээр цавчаад авахгүй. Тийм болохоор тархиа хөгжүүл. Эд хөрөнгө нэг л өдөр алга болно. Эрдэм мэдлэг хэзээ ч үгүй болохгүй” гэж захиж төлөвшүүлжээ. Гэр бүлийн суурь хүмүүжлээ дагаад эд хөрөнгийг илүүд үздэггүй, олдсоныгоо бусадтайгаа хуваахыг л боддог. Багаасаа их ном уншсан учраас хүүхдүүддээ ч ном уншихыг зөвлөж хамтдаа уншсан номууд ч их гэнэ. Тэдний гэрт байгаа номын санд эдийн засаг, утга зохиолын сонирхолтой бүтээлүүд багтжээ. Хамгийн сүүлд нэмэгдсэн ном нь гэвэл Шинжлэх ухаан технологийн сангаас эрхлэн гаргасан “Монголын үндэсний нэвтэрхий толь” байв. Б.Отгонзул бага хүүтэйгээ хамтдаа нэвтэрхий толь уншиж чөлөөт цагаа өнгөрөөх болжээ. Үүнээс гадна нэг өрөөгөө биеийн тамирын өрөө болгон тохижуулж, эрүүл амьдрахын үндэс болсон дасгал хөдөлгөөнд идэвхийлэх санаатай байгаа гэнэ.

Өрхийн тэргүүн маань бага залуудаа боксоор хичээллэдэг байсан учраас энэ спортод сонирхолтой. Үүнийг нь гурван хүү нь ч өвлөж, спортоор хичээллэдэг гэнэ. Тэднийд хөвгүүдийнх нь хүртсэн медаль, цом шагналууд олон харагдсан. Мөн гэр бүлээрээ амралт, чөлөөт цагаа гадаад, дотоодоор аялдаг уламжлалтай юм байна. Гадны оронд очихоороо тэндээсээ заавал дурсгал болгон сувинер авчирдаг. Түүнчлэн олон орноор аялж, гадны бизнесийнхэнтэй хамтран ажилладаг энэ гэр бүлийн хувьд олон ч найзтай болж чаджээ. Олон улсад өөрсдийгөө хэдийнэ таниулж, ур чадвар, мэдлэг, зүтгэлээрээ энэ салбарыг өнгөлж яваа гэж болно. Аялсан улс бүрээсээ дурсгал болгон авчирсан сувинер эдний гэр бүлийн бас нэгэн үнэт зүйл. Эдгээрээс гадна Б.Отгонзул уран зураг сонирхоно. Зураач найз нөхдөөс нь ирүүлсэн бүтээлүүд дунд гэрийн эзэгтэй З.Бурмаагийн хөрөг ч бий. Байгалийн натур зураг сонирхдог учир гэрт, ажлынхаа оффист уран зураг, бүтээлүүдээр дүүрэн өлгөсөн байна.

Эднийх гурван хүүтэй. Том хүү О.Баттулга нь Америкт инженерийн чиглэлээр суралцаж байгаа бол дунд хүү О.Мөнхтулга нь Хятадад санхүүгийн чиглэлээр мэргэжил эзэмшиж байгаа гэнэ. Харин бага хүү О.Билгүүнтулга нь Ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагч. Тэрбээр аавын маркетингийн мэргэжлийг өвлөх сонирхолтой гэдгээ бидэнд хэлж байсан юм. Гэрээ сахиж үлдсэн аав, хүү хоёр биднийг их зочломтгой угтав. Б.Отгонзул “Хүүхдүүд маань нэг үеэ бодвол гараас гарчихлаа. Бие даасан сайхан том залуучууд болжээ. Хоёр том нь эрдмийн мөр хөөгөөд явсан. Ингээд хүүхдүүд том болохоор ажил мэргэжилдээ төвлөрөх цаг ирдэг юм байна. Бизнесийнхээ эхний арван жилд эхнэр маань үр хүүхдээ бойжуулж, би энэ бизнесээ хөл дээр нь босгохын төлөө зүтгэсэн. Сүүлийн арван жил хоёулаа хамтдаа зүтгээд, бусдад буруугүй, үр нөлөөтэй зөв үйлчилгээ үзүүлэхийн тулд явж байна даа” гэсэн юм. Хөвгүүдийнхээ нэрийг “Тулга” гэсэн нь анх том хүүгээ мэндлэхэд санаандгүй Баттулга гэж нэрлэсэнтэй холбоотой гэв. Том хүүгээ “Тулга” гэж нэрлэсэн учир дараагийн хоёр хүүгээ ч ингэж нэрлэхээр болжээ. Харин хамгийн бага хүүгийн нэрийг том ах нь өгсөн гэнэ. Санаандгүй өгсөн энэ нэр явцын дундаа түүний амьдралын утга учир болсон байна. Б.Отгонзул “Тулга гэдэг Монгол ухаан эв нэгдэл, халуун ам бүл, галын дөлийг бэлгэддэг. Олон сайхан зүйлийг агуулсан үг болоод ч тэр үү, тулгыг амьд бодь гал гэдгээр нь хүлээж авдаг. Үндсэндээ айл бүхэн тулганд гал асааж амьдралаа эхлүүлдэг. Айл бүр тулгаа тойрон сууж амьдралаа хүүрнэдэг. Тулгыг гал голомтоо хэмээн бэлгэшээж, тулга тавьсан газартаа хог хаяхыг цээрлэдэг зэрэг наад захын монгол ухаанд өндөр ойлголт бий. Энэ утгаараа гал голомтын маань гол бэлгэ тэмдэг юм даа” гэж тайлбарлав.

ЭХ ОРНОО ГЛОБАЛ ЭДИЙН ЗАСАГТАЙ
УЯХ ЗОРИЛГО

1990 оны хувьсгалын дараа өөрсдийн хүч хөдөлмөрөөр амьдралаа босгож явсан залуусын нэгэн адил Б.Отгонзул ч зүтгэж явсан. Харин өнөөдөр амьдрал тогтож, үр хүүхдүүд нь хүний зэрэгтэй болсон учир тэрбээр эх орон, улсын хөгжилд санаа тавих цаг нь ирсэн гэж үзэх болжээ. “Хувьсгалаас олж авсан хамгийн том үнэт зүйл эрх чөлөө. Юм сурах, үг хэлэх эрх чөлөө асар үнэтэй. Өөр юу ч хийсэн бай Монголын ард түмэн ардчиллыг тунхаглаж, эрх чөлөөг сэргээн мандуулж, Азид хамгийн том эрх чөлөөтэй улс орон болж чадсан нь чухал үйл хэрэг. Бусад соц лагерийн орнууд манайх шиг бүрэн ардчилсан, эрх дураараа байдлыг бий болгож чадаагүй” гэдгийг энэ үеэр хэлж байсан юм. Түүнийг сүүлийн арван жилийн хугацаанд Зүүн Европ, дундад Азийн орнуудаар ажиллаж, аялж байхдаа бидэн шиг иргэний эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөг тунхаглан мандуулж чадсан улс орон төдийлөн харагдаагүй гэнэ. Нэг талдаа бид азтай ард түмэн ч зангидсан системтэй бодлого, хөгжлийн тогтвортой үзэл санаагүйгээр 30 жил явсанд харамсдаг гэдгээ нуусангүй. “Бид Орос ах нар гээд л байдаг. Тэд яг үнэндээ сүүлийн арван жил эрх чөлөөгөө олж авахаар явж, тэмцэж байгаа ард түмэн. Бараг 1985 оноос хойш бүх нийтдээ барууны бодлогод залгигдчихсан. Үндэсний үйлдвэрлэлүүдээ бүхэлд нь бараг шахуу алдчихсан. Томоохон бүтээн байгуулалтууд нь барууныхны мэдэлд байдаг. Хүний эрх гэсэн нэрийдлээр том том байгууллагууд орж ирж нийгмийн тархи толгойг угаадаг. Орост олон зүйл байгаа учраас тэр. Монголтой харьцуулахад Орост алдах юм их. Гэхдээ бид Оростой харьцуулахад тусгаар тогтнол, үндэсний эрх ашгаа хамгаалж чаддаг” гэж байв.

Тэрбээр “Бид гаднаа дайсантай болсон цагт нэгдэж чаддаг ард түмэн. Урвадаггүй. Хамгийн том үнэт зүйл нь энэ. Өнөөдөр Монголд гадаад дайсан байхгүй учраас дотроо алалцаад байгаа юм. Угтаа монголчууд цусандаа тэмцэгч ард түмэн. Үг хэл, үйл хэрэг бүгд тэмцлийн шинж чанартай. Тийм болоод Монголд тэмцэл хурдан өрнөдөг. Ямар нэгэн систем нэвтрэхэд түүнийг хурдан өвөлж авдаг, өөрийн болгож нутагшуулдаг гаргуун авьяастай. Тэгэхэд Зүүн Европ, Дундад Азийн орнууд барууны үзэл сурталд хэтэрхий их автчихсан. Үндэсний үйлдвэрлэл битгий хэл үндэсний худалдааны сүлжээнүүдээ нийтээрээ алдчихсан байна шүү дээ. Том удирдлагууд нь тохиролцоо хийсэн нэрэн дор нийгмийн эрх ашиг, хөгжлийн тогтолцоо нь дандаа саарчихсан. Тэр нь өөрчлөгддөггүй. Манайх бол цаад тал нь найман жил явна. Тэгээд дөрөв дөрвөн жилд өөрчлөгддөг. Үүнд давуу, сул тал аль аль нь бий. Маркетингийн зүгээс харахад барууны брэнд франчайз үйлчилгээнүүд зах зээл томтой газруудад асар ихээр нөлөөллөө бий болгож, хөрөнгө оруулалт хийдэг. Ингэснээр ажлын байр бий болдог. Үүний цаана үндэсний хөгжлийн бодлого нь алдагдчихсан. Өөрсдийн онцлог хэв шинжээ гээж байгаа талууд ажиглагддаг. Бид алдаа гаргасан. Тэр алдааныхаа үр дагаврыг бид хүлээж байна. Бид оносон. Онооныхоо үр шимийг бид хүлээж байна. Гагцхүү хурдан хөгжихийн тулд бүс нутгийн эдийн засгийн интегралчлалын бодлого үгүйлэгдэж байна. Өнгөрсөн гучин жилд макро түвшний бодлого үнэхээр хэрэгжсэнгүй. Ирэх гучин жил ямар макро бодлого стратеги дэвшүүлэх вэ. Гучин жилийн дараа бид эдийн засаг, нийгэм, соёлын харилцааны үзүүлэлтээр ямар улс байх вэ. Улс төрийн тогтолцоо ямар байх гээд энэ бүх юмыг өнөөдөр бидний үеийнхэн асуулт тавьж, хариулт авдаг байх цаг иржээ. Бид стратегийн зорилгын төлөө улс үндэстнээрээ нэгдэх цаг болжээ” гэдгийг энэ үеэр тэмдэглэв. Эдийн засаг тэр дундаа маркетингийн салбарт олон жил зүтгэсэн хүний хувьд дэлхийн глобалчлалд нэгдэх цаг хэдийнэ ирсэн гэдгийг дурдлаа. Цаашдаа ч энэ чиглэлээр эх орныхоо эдийн засгийг хөгжүүлэхийн тулд хэд хэдэн төслүүд санаачлаад байгаа гэнэ.

Герман, Солонгос, Америк зэрэг орнууд ирээдүйн хөгжлийн зуун жилийн чиглэлээ гаргажээ. Зуун жилийн дараахь нийгэм, эдийн засаг, соёлын харилцааг нэгтгээд явж байхад Монголд гучин жилийн дараахь тогтолцоо ямар вэ, алсын хараа байна уу гэдэгт хариулт байхгүй нь түүний санааг зовоож байгаа аж. Үр хүүхдэдээ ямар нийгэм, ирээдүй үлдээж байгаадаа санаа зовдог нь түүний ярианаас ойлгогдов. Тэрбээр “Манайх бүс нутагтаа ямар үүрэг гүйцэтгэх юм бэ. Дэлхийд бид юугаараа ялгарах вэ. Бусдад бид юугаараа хэрэгтэй байх вэ. Дэлхийд бидний үндэсний ялгарал юу вэ. Мах, нүүрсээ л зарсаар л байх юм уу. Үүнд бид хариулт хайж хөдөлмөрлөх хэрэгтэй. Өнөөдөртөө бид өөр хоорондоо булаацалдаад, нүүрсээ зараад болоод байна. Харин ач, зээ нартаа хэдэн төгрөгийн өр үлдээгээд байна вэ. Аав, ээж минь бидэнд ямар нийгэм үлдээлээ. Бид үр хүүхдэдээ ямар нийгэм үлдээх вэ гэдгээ тооцож амьдрах ёстой. Бид ирээдүйгээ бүтээхэд саад болж байгаа зүйлээ дайсан гэж хармаар байна. Үр хүүхдэдээ үлдээх гээд байгаа өрөө төлж, хожим яаж хуримтлал үүсгэх вэ гэдэг дээр цэвэр эдийн засгийн бодлогоо гаргах хэрэгтэй. Улс төрийн хийрхэлээр ингэж явж болохгүй. Түүний тулд гадаад улс орны бодлогыг сайтар ажиглах хэрэгтэй. Монголын ноолуур дэлхийд өрсөлдөх хэмжээний чадвартай байна. Үүнийгээ бүгд хийгээд явж болно. Эсвэл Монгол бүхэлдээ эрчим хүчний улс болж болно. Өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч болох боломжтой. Манайд эрчим хүчний бүх эх үүсвэр байна. Энэ брэндийг бий болгох хэрэгтэй. Үүний тулд монголчууд хорь, гучин жил хөдөлмөрлөх ёстой гэж харж байна. Монголд ирээдүй бий. Монголчуудад боломж бүр их бий. Бид дэд бүтцээ сайн хөгжүүлэх нь чухал. Харилцаа холбоо, эрчим хүч, зам харилцаа, агаарын замын дэд бүтцийг хөгжүүлмээр байна. Умард, өмнөд хилээ дагасан эдийн засгийн бүсчлэлийг нэгдсэн зохион байгуулалттайгаар хамтын бүс нутгийн хөгжлийг тунхаглах цаг болсон. Монгол Улс үүний санаачлагч болж, уриалан дуудъя. Бүс нутгийн эдийн засгийн харилцааны төв болж хөгжихийн тулд глобал маркетингийн хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй. Төр ард түмний хөрөнгийг өсгөх ёстой. Түүнээс үгүй болгож дуусгах ёсгүй биз дээ. Төр түүнийгээ хуримтал, баялаг, хөгжлийн сан юу гэх нь хамаагүй энэ ажилладаг механизм байх ёстой. Монголын хүйтэнд ирэх дургүй байгаа жуулчдыг хүчээр авчирах биш, очоод байгаа газарт нь юмаа зарж болно. Боловсролын систем болохгүй байна гэх юм. Гадагшаа гаргаж байгаа түүхий эддээ боловсролын рояалти нэг ам.долларын татвар тавьчихаж болно. Түүгээрээ гадны том том эрдэмтэн профессор урьж авчираад боловсролын салбараа хөгжүүлж болох байтал манайхан санаачилж ажилладаггүй. Бид хөгжинө л гэдэг. Тооцоо, үндэслэлтэй баримт бичгийг баталж, дотроо биш гадагшаа хөгжих тогтолцоо руугаа орох ёстой. Нийгмийн хандлага соёл, төлөвшилөөс эхэлнэ. Бүгдээрээ гадаадад гоё байна гэдэг. Нарийндаа яривал улс орон болгон зовлонтой. 200 гаруй мянган хөдөлмөрийн хүч гадаадад сурах, ажиллах, аялах нэрийн дор гадагшаа гарчихсан байна. Энэ бол том хөдөлмөрийн зах зээл.Үүнийг Монголдоо бид ажлын байраар хангаж чадахгүйд гол учир бий. Иймэрхүү зүйлүүдийг стратегийн түвшинд авч үзэх ёстой гэдгийг өнгөрсөн арван гаруй жилийн хугацаанд эдийн засгийн хямралууд бидэнд ойлгуулсан” гэж нэлээд олон сэдвийг хөндсөн яриаг бидэнтэй өрнүүлэв.Мөн тэрбээр сүүлийн долоон жилийн хугацаанд бүс нутгийн эдийн засгийн интегралчлал чиглэлээр судалгаа хийжээ.Үүнээс гадна Монголынхоо соёл, түүхээс бүтсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгож гадаад зах зээлд нутагшуулах санаачилгын тухай ч ярив. Зүүн ази, баруун Европыг хуурай замаар холбох хамгийн дөт зам Монгол юм. Улс төр, геополитикийн давуу нөхцөл байдлаа ашиглан Монгол Улс бүхэлдээ ХАБ эдийн засаг бүрдүүлэх боломжтой гэж үзэн төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Төслийнхөө эхний хэсгийг хэрэгжүүлж эхэлсэн гэдгээ ч танилцуулав.

Дэлхийн Монгол Улсыг бий болгохын төлөө ургах нартай уралдан зүтгэж яваа нэгэн гэр бүлийнд ийн өнжлөө. Улс нийтээрээ глобал зах зээл рүү хөдлөх ёстой хэмээн уриалан дуудаж буй үзэл санаа нь хаана хаанаа бодууштай зүйл шиг санагдсан юм.

Э.ЯНЖМАА

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

А.Долгор: “Эхийн сэтгэл, хүүгийн захидал” дуурийг Халхын голын ялалтын ойд зориулсан

Монгол Улсын ардын жүжигчин, СУИС-ийн багш Аюурзанын Долгортой уулзаж ярилцлаа. Ардын уран зохиолч, Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч Шаравын Сүрэнжавын цомнол, төрийн шагналт хөгжмийн зохиолч Бирваагийн Мөнхболдын хөгжмийг нь туурвисан “Эхийн сэтгэл, хүүгийн захидал” моно дуурийг тэрээр кино дуурь болгосноо тэрээр саяхан үзэгч түмэнд толилуулсан юм. Кино дуурийн нээлтэд урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Д.Баттөмөр, дуучин Эрдэнэтунгалаг, Солонгоо, Цовоо болон СУИС-ийн эрдэмтэн багш нар, мэргэжлийн ангийн оюутнууд зэрэг урлаг соёлын хүрээнийхэн хүрэлцэн ирсэн байлаа.


-Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын цомнол, төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын аялгуу “Эхийн сэтгэл, хүүгийн захидал” моно дуурийг кино дуурь болгож нээлтээ хийж байгаад баяр хүргэе!

-Баярлалаа. Кино дуурь маань цаг гаруй хугацаанд үргэлжилж байгаа. Кино дууриа өмнө би үзээгүй яваа. Үзэгчидтэйгээ хамт анх удаа үзэх гэж буй болохоор сэтгэл их догдолж байна. “Эхийн сэтгэл, хүүгийн захидал” дуурийг анх Дуурь бүжгийн эрдмийн театрт тавина гэж анх төлөвлөсөн байсан. Уран бүтээл төрөх явцад кино дуурь болговол олон түмэнд хүртээмж нь сайн байх болов уу гэж бодсон. Кино дуурь болгосноор оюутнуудын сургалтад ч хэрэгтэй, хөдөө орон нутагт цомгоо тавиад үзчих юм гээд олон талаас нь бодсон. Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох нь нээлттэй. Залуу дуучид дуулахгүй байхын ч аргагүй. Монголын анхны кино дуурь учраас гадаад дотоодын урлаг судлаачдад ч хүрэг гэж санасан.

-Моно дуурийн сэдэв нь чухам юу билээ?

-Ирэх онд Халх голын дайны ялалтын 60 жилийн түүхт ой тохионо. Тиймээс дайнд хүүгээ үдсэн эхийн сэтгэлийн өнгийг дууны урлагаар илэрхийлье гэж би 2016 онд анх санаачлан ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт яруу найрагч Шаравын Сүрэнжав гуайд захиалга өгч цомнолыг нь бичүүлсэн юм. Тэр дайнтай өдрүүдэд хүүгээ цэрэгт мордуулна гэдэг эх хүний хувьд зүрх өвтгөсөн хэцүү зүйл байх нь тодорхой. Сүрэнжав найрагч ч үүнийг дэндүү сайхан илэрхийлсэн цомнол бичсэн. Ганц хоёрхон бадгийг дурдахад л ямархан найраг болсон нь мэдэгдэнэ. “Шээзгийтэй аргалаа үүрч явахдаа

Шаазгайтай нутгаа ширтэн суухдаа

Үр чамайгаа дандаа бодож

Дүр төрхийг нь сэтгэлдээ ургуулна.

Аргал олоод арагшаа шидэхдээ бодно

Жаргал дуудаад урагшаа алхахдаа бодно

Холцруутай хацрыг нь үнсэж зүүдэлнэ

Цэврүүтсэн гарыг нь илбэж аргадна” гэх мэт сэтгэлийн хайлал мэлтэгнэсэн ийм л бүтээл боллоо. Хөгжмийн хувьд сэтгэлд минь маш их хүрсэн. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бирваагийн Мөнхболд аялгууг нь үнэхээр сайхан туурвисан. Сайхан бичигдсэн хөгжмийг дуулахад сайхан байдаг. Би өөрөө миццософрана хоолойтой. Эмэгтэй хүний жаахан бүдүүн өнгийн хоолой гэх юм уу даа.

-Дайнд үрээ явуулсан эх ч түмэн янзын сэтгэлийн зовлон, жаргал эдлэх байх шүү?

-Хүүгээс ирсэн янз бүрийн захидлын аясаар эхийн сэтгэл мөнгөн ус шиг бөмбөрнө. Эхлээд сайхан байна хүү бичнэ. Сүүлд нь хэсэг сураггүй болно. Хүү нь алагдчихсан юм шиг амьд, үхсэн нь мэдэгдэхгүй болно. Энэ бүхэнд эх хүн сэтгэлээ зовлонгийн жин дээр тавьж өгнө өө дөө. Төгсгөлд нь ялалтын моринд дөрөөлөөд эсэн мэнд ирж байгаа. Хүүгийн захианд ч ээжийгээ бурханчлан хайрлах аяс их. “Зуухны гэрэлд тодорсон

Галын бурхан ээж минь

Зулын гэгээнд тодорсон

Гэрэлт амь ээж минь

Зургаан тивтэй дэлхийд

Эх орон ганцхан

Зуу наслахгүй хорвоод

Ээж минь наддаа ганцхан” гээд ямар энгийн сайхан үгтэй захидлууд хүүгээс ирж байна гээч. Тиймээс энэ дуурь тоглох ч дүр ихтэй, дуулах ч зүйл ихтэй болсон.

-Таныг Монголын дуурийн урлагийн хатан хаан гэж тодорхойлох ч үе байсан. Моно дуурь дуулна гэдэг ч хоолойн их цар шаардах байх шүү?

-Хатан хаан нь ч юу байх вэ. Би урлагт дөчин таван жил боллоо. Ер нь өөрт оногдсон дүрдээ л дуулсан хүн. Нэг мянга есөн зуун далан гурван онд Төв аймгийн Соёлын ордонд дагалдан дуучин болсноос хойш урлагийн сургуульд суралцан, их урлагийн театртаа дуулсан. Энэ өнгөрч буй онд хоёр том тоглолтоо ард түмэндээ толилуулсан.

-Монголын дуурийн эрэгтэй дуучид ч дэлхийн хэмжээнд оччихлоо шүү?

-Манай эмэгтэй дуучид ч дэлхийн зиндаанд дуулж л байгаа. Манай Мөнгөнцэцэг, гавьяат жүжигчин Ө.Уянга, Наранчимэг, Даариймаа гээд хэчнээн мундаг дуучид байна гээч. Яахав конкурсэнд л явахгүй л байгаа болохоос. Конкурсэнд явснаар дуучдын чансаа дээшилнэ гэж байхгүй шүү дээ. Хэрвээ яваад дуулбал эрэгтэйчүүдээс дутахгүй мундаг дуучид байна.

-Та одоо ямар ажил эрхэлж байна?

-Соёл урлагийн их сургуулийн дуулаачийн ангид багшилж байна. Шавь нар маань түрүүчлээд Дуурийн театрт дуулж эхэлж байна. Тэр сайхан театрт өөрөө дуулж байсан бол одоо шавь нар маань сайхан дуулж эхэлж байгаа нь сайшаалтай. Сайхан дуучдыг төрүүлнэ гэсэн бодлын минь биелэл ингэж тодорч байгаад л баяртай байна даа.

-Таныг моно дуурийнхаа нээлтэд ирээд байгаа энэ үед шагнал гардууллаа. Ямар учиртай шагнал билээ?

-Би саяхан Улаанбаатар хотын дээд шагнал “Хангарьд” шагналын эзэн болсон юм. Тэр шагналыг нийслэлийн удирдах ажилтнууд авчирч гардууллаа. Урлагт өдий олон жил зүтгэхдээ Улаанбаатар хотынхоо урлаг соёлын бүхий л арга хэмжээнд идэвхтэй оролцож ирсэн зүтгэлийг минь үнэлсэн юм болов уу даа. Саяхан Соёлын төв өргөөний 30 жилийн ой болсон. Энэ сайхан өргөөг нээгдсэн цагаас нь тайзан дээр нь дуулсан байдаг.

-Таныг “Бодлын цагаан хун” дуугаар чинь олон түмэн гүн хүндэтгэлтэй мэхийн ханддаг. Ойрд ийм сайхан бүтээл төрүүлэх нь үү?

-Ийм сайхан бүтээл төрнө л гэж боддог. Юм гэдэг чинь дуусна гэж байдаггүй мөнхийн баян ундаргатай зүйл. Хүний оюун ухаан, бурхнаас заяасан авьяас билэг хэзээ ч дундрахгүй. Биднийг ид дуулж байх үед мэргэжлийн дуу их давамгайлж байлаа. Одоо ард түмэнд зориулсан дуу түлхүү дуулагдаж байна. Цаг цагаараа л байх юм. Ямар ч төрлөөр туурвисан уран бүтээл шигшигдээд л үлдэнэ.


Categories
мэдээ цаг-үе

Д.Уламбаяр: Ерөнхий сайдын айлчлал Монгол, Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг дүгнэлээ

Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал профессор Д.Уламбаяртай ярилцлаа.


-Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт Япон улсад албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Түүний айлчлал ямар онцлог ач холбогдолтой болов?

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын гол онцлог нь 2017 оны 3 дугаар сард Токио хотноо гарын үсэг зурсан “Монгол, Японы Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр (2017-2021)-т эхний шатны явцын иж бүрэн үнэлгээ хийсэн явдал боллоо. Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа анх удаа Япон улсад айлчилж буй У.Хүрэлсүхэд талархал илэрхийлж, Япон улс Монгол Улстай Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг болохыг онцолсон бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсын зүгээс өнөөг хүртэл үзүүлж ирсэн өргөн хүрээтэй дэмжлэг туслалцаа нь Монгол Улсын орчин үеийн хөгжлийн суурийг тавихад чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэж Монгол Улсын “гуравдагч хөрш” Япон улстай Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улстай хөгжүүлж буй харилцаанд онцгой ач холбогдол өгч тус улсад гурван ч удаа айлчилсанд талархдагаа нотлов.

Ерөнхий сайд Ш.Абэгийн 2013 онд дэвшүүлсэн “Эрч”, “Эрч+” санаачилгуудыг Монголын тал өндрөөр үнэлдэг бөгөөд эдгээр санаачилгыг тууштай хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэсэн байна. Эрч санаачилга гэдэг нь Стратегийн түншлэлийг ардчилал, энхтайван, бие биедээ харилцан туслах гэсэн гурван үзэл санааны дагуу эрчимжүүлэн хөгжүүлэх тухай гэж ойлгож болох юм.

-2017-2021 онд Монгол-Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Энэ удаагийн айлчлалаар хөтөлбөрийн хэрэгжилтийн эхний үр дүнг тодорхойлсон юм байна. Судлаачийн хувьд энэ хөтөлбөрөөс ямар хүлээлттэй байна вэ?

-Хоёр улсын Ерөнхий сайд нар “Монгол, Японы Стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, соёл, олон нийтийн солилцоо зэрэг өргөн хүрээнд харилцаа бэхжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Ер нь стратегийн түншлэлийг хөгжүүлэх хөтөлбөрүүдэд ингэж явцын үнэлгээ, дүн шинжилгээ хийж байх хэрэгтэй юм. Улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, бүс нутаг, олон улсын салбар дахь хамтын ажиллагаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, соёл, иргэд хоорондын солилцоо гэсэн чиглэлээр нэлээд нарийвчлан хийжээ. Өөрөөр хэлбэл жил хагасын хугацааны ажлын тайлан гэж хэлж болохоор байна. Одоо 3 жил үлдэж байна. Хамгийн гол бүтээн байгуулалт нь нэгдүгээрт, Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг хугацаа алдалгүй ашиглалтад оруулах, хоёрдугаарт, Монголын тал эдийн засгаа төрөлжүүлж, экспортоо хэрхэн нэмэгдүүлэх тухай асуудал болно.

-Токиод Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газрыг нээхээр болсон байна. Манай бизнесийнхэнд том боломж авчирна гэж хараад байна л даа. Ер нь тус улсад худалдааны төлөөлөгчийн газартай болсноор хоёр улсын эдийн засагт ямар өөрчлөлт бий болох вэ?

-Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн сард ОХУ-ын Владивосток, БНХАУ-ын Бээжин, Япон улсын Токио хотод Худалдааны төлөөлөгчийн газрыг нээн ажиллуулахаар шийдвэрлэсэн байдаг. Энэ нь Монгол Улсын дурдсан чиглэлд худалдаа-эдийн засаг, дэд бүтэц, ложистикийн чиглэлийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгааг харуулж байгаа хэрэг. Бээжин, Токио дахь Монголын ЭСЯ-нд худалдаа-эдийн засгийн атташе, зөвлөхийн аппарат ажилладаг. Миний ойлгож байгаагаар энэ нь ЭСЯ-наас тусдаа бие даасан бүтэц байх болов уу. Худалдааны Төлөөлөгчийн газар аж ахуйн нэгжүүдийг тухайн орныхоо худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хууль, эрх зүйн орчны талаарх тодорхой, бодит мэдээллээр хангах, бизнесийг нь дэмжих, эрх ашгийг нь хамгаалах, үзэсгэлэн, экспортод оролцоход нь дэмжлэг үзүүлэх, хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн түншлэлийн гэрээ, хэлэлцээрийг тайлбарлах, зөвлөх, бараа бүтээгдэхүүний татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжийг бүрдүүлэх зэрэг чиглэлээр бие даан ажиллах учиртай. Өөрөөр хэлбэл бизнесийн байгууллагуудтай шууд харьцах болов уу.

-Ерөнхий сайдын айлчлалын үеэр худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар ярилцжээ. Японы хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөв ямар байна уу?

-Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн Хамтын ажиллагааны дэд хороо 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр анхдугаар хуралдаанаа амжилттай зохион байгуулсныг сайшааж, хэлэлцээрийн хүрээн дэх хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус дэд хороог тогтмол хуралдуулж байхаар санал нэгдэв. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд Монголын тал эдийн засгаа төрөлжүүлж, экспортоо нэмэгдүүлэх шаардлага хэвээр байна. ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Японы Засгийн газраас Монгол Улсад олгож буй “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл” нь Монгол Улсын макро эдийн засгийн тогтвортой удирдлага, ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чухал ач холбогдолтой болж байна.

Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал нь Монгол, Японы хамтын ажиллагааны шинэ бэлгэ тэмдэг болж, аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн солилцоог өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхээр байна. Монгол Улсын Засгийн газар шинэ нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулах гэрээний үүрэгт ажлыаа эрчимжүүлж, шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагааны менежмэнтэд шаардлагатай холбогдох бүх ажлуудаа бүрэн дуусгахаа нотолсон байна. Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх үлэмж нөөц бололцоо байгааг тэмдэглэж, энэ чиглэлд РРР-г эрчимжүүлэх, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд хөдөө аж ахуйн салбарыг улам бүр хөгжүүлэх, ноолуурын салбарын чухлыг онцолж, дээрх чиглэлд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтжээ. Монгол Улсын Үндэсний хөгжлийн газар нь гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр болж байгаа бөгөөд тус төвөөр дамжуулж Монгол дахь Японы хөрөнгө оруулалтыг тэлэх чиглэлд дэмжлэг үзүүлэх ажээ. Гэхдээ хамгийн гол нь Монгол Улсын төр засаг, эдийн засгийн тогтвортой байдал, гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлага чухал билээ.

-Хоёр улсын Ерөнхий сайд нар хэлэлцээ хийсний дараа Хамтарсан мэдэгдэл гаргасан байна. Бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны талаар юуг онцолмоор байна. Ажил хэрэг болох ямар, ямар санаачилгууд байна вэ?

-Давхардуулахгүйгээр тэмдэглэхэд, Япон улсын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэмжлэгийг сүүлийн 6 жилийн турш үзүүлж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн сацуу бүс нутаг, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж буйг өндрөөр үнэлэсэн байна. Ерөнхий сайд Ш.Абэ Монгол, АНУ-ын хамтран зохион байгуулж буй “Хааны эрэлд” олон улсын хамтарсан сургуулилтад Япон улс үргэлжлүүлэн идэвхтэй оролцох эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Япон улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болохыг Монгол Улсын Засгийн газар цаашид ч тууштай дэмжих бол Монгол Улсын Зүүн Азийн дээд түвшний уулзалтад нэгдэх эрмэлзлийг Япон улс дэмжиж байгаагаа нотлов.

Солонгосын хойгт сүүлийн үед өрнөж буй нааштай үйл явцууд, түүний дотор АНУ-БНАСАУ болон БНСУ-БНАСАУ-ын хооронд болсон дээд түвшний уулзалтууд нь маргаантай асуудлуудыг цогцоор шийдвэрлэхэд чиглэсэн алхам болсон хэмээн сайшаан тэмдэглэж, Зүүн хойд Азийн энхтайван, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” зэрэг Монгол Улсын санаачилга, байр суурийг ойлгон хүлээн авч байгаагаа илэрхийлэв.

Японы тал “Чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далай”-г цогцлоох чиглэлд гаргаж буй хүч чармайлтынхаа талаар мэдээлж, Монгол Улстай хөгжүүлж болохуйц хамтын ажиллагааны талаар цаашид хоёр улсын зөвлөлдөх уулзалт, Монгол Улс, АНУ, Япон улсын гурван талт хамтын ажиллагааны шинэ формат болон бусад механизмаар дамжуулан үргэлжлүүлэн санал солилцох эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн ахул Монголын тал Ази, Номхон далайн бүс нутгийн интеграцчилалд идэвхтэй оролцох сонирхолтой байдгаа нотолж, Япон улсын “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай” үзэл санаа нь тус бүс нутгийн улс орнуудыг хамарсан, интеграцчилалыг дэмжсэн, нээлттэй хөгжил, хамтын ажиллагааны санаачилга хэмээн ойлгож байгаагаа тэмдэглэсэн байна.


Categories
мэдээ нийгэм

Өглөгт охин одтой, цагаан бар өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 24, Сумъяа гариг. Билгийн тооллын 17, Өглөгт охин одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 8:40 цагт мандан, 17:05 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.