Categories
мэдээ улс-төр

Ирц бүрдээгүйгээс хурал эхлээгүй байна

Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр 09.00 цагаас хуралдахаар товлосон байлаа. Гэвч одоогийн байдлаар ирц бүрдээгүй байна. Тус байнгын хорооны хуралдаанаар ЗТХ-ийн сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх юм. Ирц бүрдээгүйн улмаас энэ асуудал дөрөв дэх удаагаа хойшлоод байгаа билээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад валютын нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын гадаад валютын нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь сүүлийн зургаан жилийн дээд хэмжээнд очсон дүн юм. Үүнд хэд хэдэн зүйл нөлөөлсөн талаар албаныхан тайлбарлалаа. Тухайлбал, экспортын голлох түүхий эдүүдийн үнийн өсөлт нөлөөлсөн буюу нийт экспорт зургаан тэрбум ам.долларт хүрсэн нь нөлөөсөн байна. Мөн энэ онд 920 орчим сая ам.долларын санхүүжилт ОУВС болон бусад донор байгууллагаас орж ирсэн нь нөлөөлжээ.Гадаад нөөц нь тухайн улсынхаа 12 сарын импортын хэрэгцээг нийлүүлсэн хэмжээнд байх ёстой гэдэг. Харин манай улсын одоогийн нөөц нь ойролцоогоор зургаан сарынхтай дүйх юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 10:00 цагаас хуралдахаар товоо зарлажээ. Одоогоор хуралданы ирц хүрээгүй байна.Өнгөрсөн долоо хоногт МАН-ын Бага хурлаар УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь өөрийн хүсэлтээр огцруулах улс төрийн шийдвэрийг гаргасан. Үүнийг УИХ дээр ярилцаж, ажлыг нь өгүүлэх асуудлаар өнөөдөр бүлэг хуралдана гэсэн мэдээлэл байгаа юм. Бүлгийн хурлын дэлгэрэнгүй мэдээллийг бид дэлгэрүүлэн хүргэх болно.

Categories
мэдээ нийгэм

Испани, Канад улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулна

Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас жил бүр зохион байгуулдаг Агаарын харилцааны хэлэлцээрийн тухай ээлжит “ICAN 2018” хурал Кени Улсын Найроби хотноо энэ сарын сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Энэхүү хурлын зорилго нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын гишүүн улсуудад нэг дор хоёр талт агаарын харилцааны тухай олон уулзалт хэлэлцээ хийх, бусад улсуудтай харилцаа холбоо үүсгэх, тулгамдаж буй асуудлын талаар ярилцах, туршлага солилцох томоохон боломжийг олгодог чухал арга хэмжээ юм.

Иргэний нисэхийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Б.Алтанцомоор ахлуулсан Монгол Улсын төлөөлөгчид энэ удаагийн ICAN 2018 хуралд оролцох үеэрээ Итали, Грек, Испани, Канад, Турк, Малайз, Нидерланд, Сейчел, Австрали, ИБУИНВУ зэрэг улсуудтай Агаарын харилцааны асуудлаар уулзалт хийж, зарим хэлэлцээрийн төслийг харилцан тохиролцож ажиллалаа.

АГААРЫН ХАРИЛЦААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛҮҮДИЙГ ҮЗЭГЛЭВ

Зам, тээврийн сайдын 2014 оны 172 дугаар тушаалаар батлагдсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 63, 64 дүгээр заалтад Европын холбооны гишүүн улсуудтай Агаарын харилцааны тухай хоёр талын хэлэлцээрийг шинээр байгуулна гэж заасан байдаг. Үүний дагуу Грек, Испани Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчидтэй Б.Алтанцом дарга уулзаж Агаарын харилцааны хэлэлцээр байгуулахаар хэлэлцээрийн төсөл харилцан тохиролцож үзэглэлээ. Мөн Зам, тээврийн сайдын 2014 оны 172 дугаар тушаалаар батлагдсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 61 дүгээр заалтад Канад улстай Агаарын харилцааны тухай хоёр талын хэлэлцээрийг шинээр байгуулна гэж заасны дагуу Канад Улсын Иргэний нисэхийн ерөнхий газартай Агаарын харилцааны хэлэлцээрийн төсөл харилцан тохиролцож үзэглэв.

АЯЛЛЫН ДУГААР ХУВААН АШИГЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Олон улсын хуралд оролцсон Монголын төлөөлөгчид Нидерландын Вант Улс болон Малайзын Иргэний нисэхийн байгууллагын төлөөлөлүүдтэй мөн уулзаж Аяллын дугаар хуваан ашиглах зохицуулалт тохирсон Санамж бичиг байгуулсан. Түүнчлэн Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын талаас Европын Холбооны гишүүнээс гарч буйтай холбогдуулан хоёр улсын Засгийн газар хооронд 2000 онд байгуулсан Агаарын харилцааны хэлэлцээрийн томилгоо, зөвшөөрөл зүйлд өөрчлөлт оруулах санал ирүүлсэний дагуу ИБУИНВ-ын төлөөлөгчидтэй уулзаж холбогдох асуудлуудыг тусгасан “Уулзалтын тэмдэглэл”-д гарын үсэг зурлаа.

Categories
мэдээ нийгэм

Цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхаарууллаа

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 25-нд нутгийн зарим газраар, 26-нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Мөн өнөөдөр буюу 24-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.

Иймд:

-Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах;

– Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг.

Тиймээс жолооч нар хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дуурийн залуу дуулаачдын тэмцээнд Э.Анхбаяр тэргүүн байр эзэлжээ

Дуурийн дуучин Э.Анхбаяр Оросын суут хөгжмийн зохиолчдын нэг Н.А.Римский-Корсаковын нэрэмжит дуурийн залуу дуулаачдын олон улсын XI уралдаанд амжилттай оролцож дуурь, романс гэсэн хоёр төрөлд түрүүлжээ. Дэлхийн олон орны 18-33 насны дуучид оролцсон уг уралдааныг ОХУ, Болгар, Гүрж, Литва, Украйн улсын дуурийн алдартнууд шүүжээ. Н.А.Римский-Корсаковын нэрэмжит дуурийн залуу дуулаачдын олон улсын XI уралдаан өнгөрөгч долоо хоногт Тихвиний концертын танхимд болон алдарт Мариинский театрт болсон байна. Тэрбээр энэхүү уралдаанд амжилттай оролцсоноор гурав дахь В зэрэглэлийн уралдаанаас шагнал хүртэж буй юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Ганболд: Бид нэн түрүүнд зорчигчдынхоо аюулгүй байдлыг ханган ажиллах үүрэгтэй

-ТИЙМЭЭС ТЕХНИКИЙН ШАЛГАЛТ ХИЙХЭД
БАГАГҮЙ ХУГАЦАА ОРДОГ-

МИАТ ТӨХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирал Н.Ганболдтой ярилцлаа.


-Өнгөрсөн тав дахь өдөр Сөүлээс Улаанбаатар руу хөөрсөн МИАТ-ийн онгоц ослын буулт хийлээ гэж шуугьж байна. Яг юу болсон юм бэ?

-Эхлээд ослын буулт гэдэг нэр томьёоноос нь тайлбарлая л даа. Ийм нэр томьёо манай иргэний нисэхийн дүрэм, батлагдсан стандартад байхгүй. Харин осол зөрчил гэсэн нэр томьёо бий. Тэгэхээр Сөүлээс хөөрсөн “Боинг-767” онгоцны тухайд техникээс шалтгаалсан аргагүйтсэн буулт хийсэн. Өөрөөр хэлбэл, аюулгүй ажиллагаагаа хангах үүднээс техникийн дутагдал гарсан даруйд хийдэг аргагүйтсэн буулт гэж нэрлэдэг юм. Онгоц Сөүлээс хөөрсний дараагаар дугуй хураагдах явцад хаалга нь дутуу хаагдсан байна гэж хяналтын самбар дээр дохиолол өгсөн. Манай ИНЕГ-аас батлагдсан стандартын дагуу бол ийм үед онгоц буулт хийж шалгах ёстой. Тэр дагуу явагдсан асуудал.

-Онгоц буулт хийж чадахгүй тойроод эргэлдээд байсан гэсэн. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Онгоцны хөөрөлтийн жин, буултын зөвшөөрөгдөх жин ялгаатай байх ёстой. Онгоц хөөрөхдөө шатахуунаа дүүргэдэг. Нислэгийн явцад шатахуун нь зарцуулагдана гэж тооцоод онгоцны буух жин багасдаг. Хөөрөлтийн жингээсээ буултын жин нь бага байх ёстой гэсэн үг. Саяын агаарын хөлгийн хувьд дөнгөж хөөрсний дараагаас анхааруулах гэрэл ассан учраас шатахуунаа тодорхой хэмжээгээр зарцуулах шаардлагатай болсон. Ингээд буултын жиндээ хүрэхийн тулд хүлээлтийн зонд шатахуунаа зарцуулаад онгоц хэвийн буулт үйлдсэн. Улаанбаатарт ч ялгаагүй манайх салхитай тохиолдолд онгоц бууж чадахгүй хүлээлгийн зонд тойроод л нисээд байдаг шүү дээ. Яг үүнтэй л адилхан.

-Зорчигчдод утаа үнэртсэн гэсэн. Ачааны хэсэгт гал гарсан мэтээр ойлгогдоод байсан?

-Тэр онгоцонд манай үйлчлэгч нар ажлаа хийгээд л явж байсан. Тэднээс бас тодорхойлолт авсан. Тийм зүйл болоогүй. Утаа үнэртэх боломжгүй л дээ.

-Онгоцны дугуйны хаалга дутуу хаагдсан гэлээ. Энэ нь юунаас болдог юм бэ. Ер нь уг онгоц хэдэн жилийн настай юм бол?

-“Боинг-767” агаарын хөлөг маань 2000 онд үйлдвэрлэгдсэн. Тэгэхээр 18 настай гэсэн үг. Үйлдвэрлэгчээс онгоцыг 15 жилээс дээш настай бол ашиглахгүй гэх мэт хязгаарлалт байхгүй. Харин УИХ-аас баталсан манай бодлогын бичиг баримт дээр Монголд 20-иос дээш насжилттай агаарын хөлөг ашиглахгүй гээд заачихсан байгаа. Энэ дагуу “Боинг-767” онгоц маань 2020 оны зун хамгийн сүүлчийн нислэгээ хийгээд буцах ёстой юм. Мэдээж онгоц хөөрөхөөсөө өмнө бүх үзлэг шалгалтаа хийгээд, аюулгүй байдлаа хангаад гарна. Гэтэл хөөрсний дараа хяналтын самбар дээр анхааруулах гэрэл ассан. Ингээд буулт хийж дутагдлыг засаад онгоц шөнөдөө хэвийн нислэг үйлдэж Улаанбаатарт ирсэн. Улаанбаатарт буусны дараа ч бас дахин нарийвчилсан үзлэг хийсэн. Хянах самбар дахь гэрэл ямар шалтгаанаар ассаныг тодруулахаар манайхан ажиллаж байна л даа. Жишээлбэл, зөрчлийн, саатлын, нисэх багийн репортыг тус бүрт нь гаргаад шинжлэн шалгах руугаа явуулаад байна. Өнөөдөр МИАТ компани процедурын дагуу л ажиллаж байгаа.

-Зорчигчид нэлээд бухимдаж байгаа харагдсан. Тэд энэ онгоцоороо буцаж ирсэн үү. Эсвэл өөр онгоц гаргаж өгсөн үү?

-Нийт 244 зорчигч явсан. Манай агаарын хөлөг 00:43 цагийн үед Сөүлээс хөөрөөд Улаанбаатарт 04:04 цагт хэвийн буусан. Сөүлээс хөөрөхөд 12 зорчигч өөрсдөө явахгүй гээд үлдсэн юм билээ. Гэхдээ маргааш нь яг манай энэ онгоц буцаад Сөүл ниссэн. Үлдсэн зорчигчид энэ онгоцоороо буцаад Улаанбаатарт ирсэн байгаа. Инчоны буудал дээр онгоц буцаж буугаад хэсэг хугацаанд саатахад зорчигчид бухимдах нь аргагүй. Бид нэн түрүүнд зорчигчдынхоо аюулгүй байдлыг ханган ажиллах үүрэгтэй. Тиймээс онгоцыг шалгахад багагүй хугацаа ордог. Тэрийг хүмүүс тэр бүр мэддэггүй болохоороо буруу ташаа ойлголт авсан байхыг үгүйсгэхгүй. Онгоц буулт хийгээд ямар дутагдал гарсныг тодорхойлох гэж эхлээд үзлэг хийнэ. Солих шаардлагатай сэлбэгийг тодруулаад захиална. Онгоцонд бүх сэлбэг явна гэж байхгүй шүү дээ. Захиалсан сэлбэг ирсний дараа сольж тавихад бас л хугацаа орно. Тэрний дараа тавьсан эд ангийн үйл ажиллагаа хэвийн байна уу гэдгийг шалгана. Энэ мэтчилэн олон шат дамжлага байдаг. Бүх авиа компанийн хувьд аюулгүй ажиллагаа тэргүүнд тавигддаг. Бид үүнийгээ л хангах үүрэгтэй. Тэрнээс манай зорчигчид яарч, бухимдаад байна хурдан явъя гээд хам, хум ажиллана гэсэн ойлголт хаана ч байхгүй шүү дээ. Бүгдийг 100 хувь асуудалгүй болгож байж нислэг үйлдэнэ. Бямба гаригийн үүрээр онгоц Улаанбаатарт буусны дараа дахиж бид баталгаажуулж үзлэгээ хийгээд 07.45 цагт Сөүл рүү тэр онгоц буцаад явсан. Одоо онгоц нислэг хэвийн үйлдэж байгаа.

-Ингэхэд МИАТ компанийн аюулгүй ажиллагаа олон улсын хэмжээнд ямар түвшинд байдаг вэ?

-МИАТ компани өнөөдөр иргэний нисэхийн бүх гэрчилгээ зөвшөөрлийг авсан. Монгол Улсын иргэний нисэхийн багц дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Дээр нь олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагаас батлагдсан олон улсын аюулгүй ажиллагааны стандарт багц шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулж байна. 2006 оноос хойш манайх зургаан удаа IOSA аудит шалгалтад 100 хувийн амжилттай шалгагдсан. Ирэх 2019 оны долдугаар сард долоо дахь удаагаа аюулгүй ажиллагааны хөндлөнгийн аудитоор шалгуулах гэж байна. Хоёр жил тутамд хийгддэг шалгалт юм. Тэгэхээр МИАТ компани аюулгүй ажиллагааны шаардлагаа хангах гээд бүх л хийх ёстой ажлуудаа хийж байгаа.

-Одоо МИАТ компани хэдэн онгоцоор нислэг үйлдэж байгаа вэ. Парк шинэчлэлт хэрхэн хийгдэж байна?

-Өнөөдрийн байдлаар зургаан онгоцтойгоор агаарын тээврийн үйлчилгээ үзүүлж байна. Манайх парк шинэчлэлтийн хүрээнд ирэх онд хоёр шинэ онгоц авна. Он гараад нэгдүгээр сарын 21-нд цоо шинэ “Боинг-737МАХ”онгоц маань ирнэ. Дараагийн яг ийм онгоц тавдугаар сард орж ирнэ. Шинэ онгоцнуудаа авангуутаа зөрүүлээд хуучин онгоцоо түрээслэгчид нь буцаана. Ингэж парк шинэчлэлтийг үе шаттайгаар явуулж байна. Компанид шинэ онгоцнууд орж ирж байгаа гэдэг утгаараа үйл ажиллагааны зардлууд өснө. Хуучин онгоцыг бодвол түрээс нь өндөр л дөө.

Энд нэг зүйлийг тодотгоод хэлэхэд, бид Боинг компаниас багш урьж авчирч байгаа.Ямар ч авиа компани онгоцоо авахдаа “Боинг”-ийн багш нисгэгчийг авчраад өөрийнхөө экипажийнхантай явуулж байгаагүй. Шинэ онгоцоо нэгдүгээр сарын 21-нд аваад дөрөв хоногийн дараагаас эхний нислэгээ үйлдэнэ. Тэр үед “Боинг”-ийн багшийг авчирна. Манай “Боинг-737” онгоц 18 экипажийн багтай байдаг. Энэ багш бүх экипажитай нэг, нэг удаа нислэгт гарна. Энэ бол дадлагажуулах нислэг биш. Манай хүмүүсийн чадвар, шинэ онгоцондоо ямар байна гэдэг мэдээллийг удирдлагууд авах ёстой. Бас онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэгч Женерал Электриктэй бид ойр ажиллаж байгаа. Тэд манай шинэ онгоцыг ирэнгүүт бидэнд сургалт явуулна.

-Сургалтын баазтай болно гэснээ тодруулахгүй юу?

-Бид өөрсдийн “Боинг-737” онгоцны Mock Up, “Боинг-767”-гийн хаалгыг авчирсан. Манайх ерөнхийдөө долоон групп болоод сургалтад явдаг. Тэр нь “Боинг-737”, “Боинг-767” онгоцон дээр ямар нэгэн онцгой нөхцөл байдал үүсэх үед яаж ажиллах вэ гэдэг сургалт. Тэгэхээр онгоцны хаалгаа онгойлгохоос авахуулаад зорчигчдынхоо аюулгүй байдлыг хэрхэн хангах уу, усан дээр яаж буух уу гэх зэрэг сургалт юм. Эдгээр сургалтыг Монголдоо хийдэг болгоё гэж зорьж байгаа. Ингэснээр гадагшаа явдаг сургалтын зардлыг хэмнэх зорилготой. Өөрийн гэсэн сургалтын төвтэй болсон тохиолдолд жилдээ 2-3 удаа сургалт хийж болно. Нөгөөтэйгүүр гадны авиа компаниуд ийм сургалтуудаа Монголд ирж хийх боломжтой болно.

-Манай инженерүүд гадны авиа компаниудад нэлээд танигдаад байгаа. Хичнээн орны онгоцонд засвар үйлчилгээ хийсэн бэ?

-2013 оноос бид гадны онгоцны хүнд хэлбэрийн техник үйлчилгээг авч хийсэн. Өнөөдрийн байдлаар 62 дахь онгоцонд техник үйлчилгээ хийгдээд дуусч байна. Үйл ажиллагаагаа экспортлохын хэрээр орлого олж байгаа нь сайн хэрэг. Хамгийн гол үзүүлэлт нь эргээд аюулгүй ажиллагаатай холбож ойлгож болно. Гадны“Боинг- 737”, “Боинг-767” онгоцнуудад үйлчилгээ хийдэг. Гадны онгоцонд үйлчилгээ хийгээд дутагдал олчихоод дараа нь өөрийнхөө онгоцон дээр ирээд харьцуулж шалгадаг. Тэр бол аюулгүй ажиллагааны хамгийн том давуу тал. Ингэснээр манай онгоцны нислэгт бэлэн байх байдал, аюулгүй найдвартай ажиллагаа илүү сайжраад байна гэсэн үг. Цааш цаашдаа энэ үйл ажиллагаагаа өргөжүүлээд явах төлөвлөгөөтэй байгаа. Солонгос, Орос, Якутын авиа компаниуд манайх руу онгоцоо явуулж засуулж байна. Дөнгөж сайхан “Рояал флат” гэдэг компани“Боинг-767” онгоцоо засуулаад явлаа. Бас Тайландын гурав, дөрвөн авиа компанид техникийн үйлчилгээ хийсэн. Манай залуус өнгөрсөн жил Америкийн авиа компанийн онгоцны хөдөлгүүрийг солиод ирсэн. Дараа нь Арабад хоёр ч удаа очоод онгоцны хөдөлгүүрийг нь солиод ирсэн. Энэ бол биднийг тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна гэсэн үг.

-Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийн өөрчлөлтийг хавар УИХ-аас баталсан. Ингэснээр Сөүл, Бээжингийн чиглэлд чөлөөт өрсөлдөөн бий болж, тийзийн үнэ буурна гэж харж байгаа. Танай компанийн хувьд хэр зэрэг бэлтгэл хангаж байна даа?

-Мэдээж өрсөлдөөн нэмэгдэнэ. Агаарын хөлгийн паркаа шинэчилж байгаа нь тэр өрсөлдөөнд өөрсдийгөө бэлдэж байна гэсэн үг. Аюулгүй ажиллагааны хувьд өөрсдийгөө улам сайжруулж байна гэдэг бол авиакомпанийн хувьд хамгийн том үзүүлэлт нь. Мөн бид ирэх гурван жилийнхээ бизнес төлөвлөгөөн дээр ажиллаж байна.

-МИАТ компанийн нислэгийн тийз үнэтэй тул манайхан Эрхүү, Улаан-Үүд, Бээжингээр дамжаад “Low cost”-ийн компаниар нисээд байдаг. Нэгэнт МИАТ компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захиралтай уулзсаных Low cost болон “full service”-ийн авиа компаниудын ялгааны талаар тайлбарлаж өгөхгүй юу?

-“Full service”бүтэн үйлчилгээ үзүүлдэг. Харин бага зардлын авиа компаниуд хэмнэж болох бүх зардлыг хэмнэдэг. Өнөөдөр МИАТ компани үндэсний агаарын тээвэрлэгч гэдэг утгаараа“full service”үйлчилгээ үзүүлж байгаа. Тэгэхээр хямд зардлын авиа компаниудтай адил бүх зардлаа танаад явна гэж байхгүй. Зардал танах тусам үйлчилгээ муудна. Хэрэв манай үндсэн чиглэлүүдэд бага зардлын авиа компани орж ирэх юм бол бид өрсөлдөхөд хүндрэлтэй болно. “Low cost”-ийн хувьд бизнес класс бараг байхгүй. Онгоцны суудал хоорондын зай нь ч бага. Жишээлбэл, “Full service”-ийн суудал хоорондын зай 31 инч байхад “Low cost” 29, 28 шахуу байна. Энэ болгонд зорчигчийн тав тух, нислэгийн турш зорчигчдод үзүүлж байгаа үйлчилгээ зэрэг ялгаатай.

-Сая Ерөнхий сайдын Японд хийсэн айлчлалын хүрээнд шинэ нисэх онгоцны буудлын ашиглалтад орох хугацааг түргэвчлүүлэхээр ярилцсан байна лээ. Бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна вэ?

-ИНЕГ-аас манайд өгсөн чиглэлийн дагуу ирэх оны долдугаар сарын 10 гэхэд шинэ нисэх буудлаас эхнийхээ нислэгийг хийнэ гэсэн. Мэдээж бид бэлдээд л ажиллаж байгаа. Өмнө ч гэсэн бэлтгэл ажил хийгээд л явж байсан. Шинэ нисэх буудлын шалгах нислэгийг МИАТ-ийн онгоцоор хийсэн. Эхний шалгах нислэгүүдийг манайх үйлдсэн болохоор бид шинэ буудалтай бараг танилцсан гэхэд болно.

Categories
мэдээ спорт

Астанагийн ДАШТ-д чөлөөт бөхийн улсын аварга тамирчид оролцоно

Монголын чөлөөт бөхийн дасгалжуулагчдын өргөтгөсөн хурал өчигдөр/12.24/ МҮОХ-ны байранд боллоо. Хуралд нийт 20 гаруй багш, дасгалжуулагч оролцож 2019 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий зохион байгуулалт, Иван Ярыгины нэрэмжит “Алтан Гран при”-д оролцох эрэгтэй багийн бүрэлдэхүүн сонгох тухай хэлэлцжээ. МЧБХ 2019 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зургадугаар сард зохион байгуулахаар болсон. Ирэх жил “Сорилго” тэмцээнийг хийхгүйгээр УАШТ-д түрүүлсэн тамирчин “Токио-2020” зуны олимпийн наадмын эрх олгох Астанагийн ДАШТ-д шууд оролцох болсныг хуралд оролцсон багш нарын 100 хувийн саналаар баталлаа. Мөн зарим багш нар “УАШТ-д тамирчдаа эрэмбэлж сугалаа хийвэл ямар вэ? гэсэн саналыг хэлэлцээд олонхи нь тэгэх шаардлагагүй бүгд сугалаанд оролцох нь зөв” хэмээн үзжээ. ОХУ-ын Красноярскт хотод жил бүр уламжлал болдог Иван Ярыгиний дурсгалд зориулдаг “Алтан Гран при” тэмцээн нэгдүгээр сарын 24-27-нд болно. Эрэгтэйчүүдийн дэлхийн чансааны оноо олгодог Красноярскийн тэмцээн жингийн зөрүүгүй болох бөгөөд жин тус бүрт таван тамирчны нэрсийг гаргасан.

Энэ долоо хоногт эцсийн байдлаар нэрсээ дахин гаргахаар болсон бөгөөд нэрийн мэдүүлгийг баталсаны дараа тамирчид жингээ өөрчлөхгүй байхаар тогтлоо. Красноярскийн тэмцээний эрэгтэйчүүдийн анги

Categories
мэдээ нийгэм

Хамтарсан дадлага сургуульд 60 гаруй алба хаагч оролцож байна

Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ-ын харьяа нийслэлийн Аврах анги 105-ын аврагчдын хамтран “Агаараас аврах ажиллагаа явуулах нь” сэдэвт дадлага сургуулийг хийж байна Энэхүү дадлага сургууль нь Тахилт дахь Үндэсний аврах бригадын сургалтын төвд зохион байгуулагдаж байгаа бөгөөд өндрөөс олсоор буух, нисдэг тэрэгнээс заагдсан бүсэд аврагчдыг олсоор буулгах, нисдэг тэрэгний татагч төхөөрөмжөөр аврагчийг буулгах, өргөх ажиллагааны дадлага сургуулиуд явагдах юм. Дадлага сургуульд Үндэсний аврах бригад, Нийслэлийн аврах анги 105-ын 60 гаруй алба хаагч хамрагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Албан тушаалын сургаар Ардын намын өвгөд ордны хонгилоор хөл нь хөнгөрчихсөн гүйж байна

МАН-ын тулхтай гишүүд гэж Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Н.Энхболд, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил, Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарыг нэрлэдэг. Олон удаа парламентад сонгогдсон эд нарыг монголчууд парламентын ой санамж гэдэг. Төрийн өндөр сэнтийгээс тэднийг огт буулгаагүй. Манай сонин ч бас эдэн шиг тулхтай, олон сонгогдсон гишүүд парламентад заавал байх ёстой гэж үздэг. Гэтэл Ё.Баатарбилэг, Н.Амарзаяа, А.Ундраа нарын гишүүд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой мэдэгдэл гаргасан нь золтой л цус харвуулчихсангүй. УИХ-ын үйл ажиллагаа саатаж, сайд огцруулах, томилох асуудлууд юунаас болж гацаанд орж байгаа талаар тэд нийтэд дэлгэж, ахмад гишүүддээ шаардлага хүргүүлсэн байна лээ.

Нөгөө парламентын тулхтай гишүүд, ой санамж болсон нөхөд гэгддэг хэд нүд чихнээс далдуур самарч байдаг гэнэ. Үүнд Ц.Нямдорж, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарыг онцолжээ. Ё.Баатарбилэг гишүүн хэлэхдээ “Тэд албан тушаалын сургаар ордны коридороор хөл нь хөнгөрчихсөн гүйлдээд эхэлчихсэн. Ц.Нямдорж залуу гишүүдийг чуулганы хуралдаанд орж болохгүй гэж загнасан байна. Чуулганд оролцуулахгүй байх ажлыг Ө.Энхтүвшин зохион байгуулж, бичиг цаас янзлах ажлыг манлайлан оролцож байна. Олон жил Монголын төрд яваа хүмүс өөрсдөө МАНАН-г бүтээгчид юм байна. Дахиад шинээр манан үүсгэж байгаа эзэд юм байна” гэсэн.

УИХ-ын даргын албан тушаалын сураг сонсч дээ. Энэний төлөө хөлөө хугалах шахам гүйж хүндээ хөнгөнөөс өгнө гэдэг болж байна.

Хуучны нэг хошин үлгэрийг энэ үйл явдал санагдуулах юм. Олон хатантай нэг хаан байж. Хаантан хатан болгондоо улаан алчуур нууцаар бэлэглэж. Бас болоогүй ээ. “Ганцхан чамдаа л энийг бэлэглэж байна. Энэ чи бид хоёрын нууц болог” гэж. Нэгэн удаа хатад хоорондоо маргалдаж, эзэн хаанаасаа хэнд нь илүү хайртай гэдгийг асуухаар болж. Хаан хатдынхаа асуултад “Улаан алчууртайд нь илүү хайртай” гэж хариулжээ. Өнөөх хатад ч хааныгаа өөртөө л хайртай юм байна гэж бодсон юм гэдэг. Бүгд улаан алчуур авсан болохоор аргагүй биз.

У.Хүрэлсүх эгээ л өнөөх хаан шиг УИХ-ын тулхтай гэгдэх өвөгцүүлд “УИХ-ын дарга болгоно шүү” гэж “алчуур бэлэглэе” гэж дээ. Ингээд өнөөх намбатай, тулхтай гэгдээд байсан өвөгцүүл маань надад л ганцхан “хайртай” гэж андуурсан юм даг уу. Та нар угтаа Монгол төрийн олон өндөр албан тушаалыг хашиж үзсэн. Юманд хэмжээ хязгаар гэж бий. Гэтэл албан тушаалын шунал чинь хэрээсээ хэтрээд эмгэнэлт байдалд орлоо. Та нар Монгол төрийг гацаахгүй явуулах үүрэгтэй. Албан тушаал амласан байлаа гэхэд ганц нь л очно. Олон жил төрийн эрх ямбыг ханатлаа эдэлсэн. Ганц удаа ч болов үүргээ хүлээ. Та нарын одоо байгаа байдал шуналаа дарж дийлдэггүйг харуулж байна. Н.Энхбаярыг хаан явахад, нам, төр удирдаж байхад саймширч жигтэйхэн байж байгаад албан тушаалд очиж л явсан. Дараа нь урваж л байсан. М.Энхболдыгоо магтаад жигтэйхэн л байв. Одоо зайлуулж оронд нь залрах хүсэлтэйг чинь хуйвалдааны толгойлогч болоод, залуу гишүүдийг хуралд нь суулгахгүй загнаж байгаагаас чинь ойлгохоор байна. Дараа нь У.Хүрэлсүхээсээ нүүр буруулахгүй гэх газаргүй. Монгол Улсын эрх ашгаас илүү албан тушаал гэж байдаг юм уу. Монголын ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж олонх болгосон. Энэ улсыг өөдтэй өнгөтэй явуулах бүх эрх мэдлийг энэ хүмүүсийн гарт өгсөн. УИХ-д 65-ууланг сонголоо. Гэтэл 32, 33 бүлэг болоод талцсан. Одоо бүр чуулган хуралдуулахгүй бойкотлох хамаг юмны ард турхираад сууж байдаг. МАН өнөөдөр ардчилсан төрийн баталгаа болж чадахгүй болж байна. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэхчээр хоёр тал хоёулаа л асуудалтай. Тэр нь энэ нь гэх юм алга. МАН гэдэг нам ялзралынхаа дээд түвшинд хүрч, энэ байдал нь төрийг хямруулж, түүнийг нь ахмад гишүүд нь дөгөөж байгаа нь туйлын харамсалтай.

1992 онд Ч.Улаан Үндэсний хөгжлийн газрын дарга байсан. Энэ газар яамны статустай байсан. Монгол Улсыг хөгжүүлэх бодлогын газрын дарга байсан хүн “Улс хөгжсөнгүй гэж гучин жилийн дараа ч өнөөхөө л яриад дахин дахин албан тушаалд горилоод сууж байна. Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр таван удаа сонгогдож, УИХ-д зургаан удаа суусан хүн шүү дээ.

УИХ-ын дарга, дэд дарга, Монгол Улсын сайдаар ажиллаж байсан, УИХ-д залуугаасаа өвгөртлөө суусан, өнөөдрийн бүх хуульд цоорхой гэж байгаа бол, алдаа завхрал байгаа бол хоёр нийгэм солигдох үеэс л Хууль зүйн салбарыг дөрвөн ч удаа толгойлж ирсэн Ц.Нямдоржтой холбоотой л байж таараа. Н.Энхболд, Ө.Энхтүвшин хоёртой юу ярихав. Мөн л УИХ, Засгийн газрын гишүүнээр хэдэнтээ сонгогдсон хүмүүс. Бараг ачтай нь чацуу хүн Их хуралд орж ирээд сууж байхад тэд нарыг хатгаад л сууж байна. Аль аль нь Монголын төрд сайд ч хийж явлаа. Хууль ч баталж явлаа. Бүгд л гуч шахам жил төрд яваа улс. Одоо залуу гишүүдээ хооронд нь сөргөлдүүлэх биш, эвлэн нэгдэхэд нь тусалж баймаар сан. Энэ улс муу муухай, энэ төр бохир заваан гэвэл ийм болгосон та бүхэн яалт ч үгүй холбоотой. Албан тушаалын шуналаа дарж, итгэл хүлээлгэсэн ард түмнийхээ төлөө үүргээ биелүүл ээ.