Categories
мэдээ нийгэм

“Өргөө” амаржих газраас нярайн тоног төхөөрөмжүүд алдагдсаныг шалгаж байна

Олон нийтийн сүлжээнд “Өргөө” амаржих газраас нярайн шарлагын аппарат зэрэг олон тооны тоног төхөөрөмж дутсан нь тооллогоор ил болжээ. Тоног төхөөрөмжүүдийг тухайн эмнэлгийн эмч, сувилагч нар хувийн эмнэлэгтээ ашиглаж байсан байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна” гэх мэдээлэл олон нийтэд цацагдсан юм. Энэ асуудлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэс хэрэг бүртгэл нээн шалгаж байгаа аж. ЦЕГ-аас тодруулахад “Эмнэлгээс тоног төхөөрөмж алдагдсан гэх гомдол ирсэн нь үнэн. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариултыг өглөө.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн зах зээлийн сургалтанд 460 гаруй иргэн хамрагджээ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа мэдээллийн төвөөс зохион байгуулдаг Хөрөнгийн зах зээлийн анхан шатны сургалтанд хамрагдах ААН байгууллага, хамт олны санал ирсээр байна.

Компаниас 2018 оны 11 дүгээр сарын 26-наас 12 дугаар сарын 3-ны өдрүүдэд аж ахуйн нэгж, дүүрэг хороодын нийт 460 гаруй хувьцаа эзэмшигчийг сургалтад амжилттай хамрууллаа. Хөрөнгийн зах зээлийн анхан шатны сургалтанд өнөөдрийн байдлаар нийт:

– Баянзүрх дүүргийн 28 хорооны 886 ,
– Баянзүрх дүүргийн хорооны сургалт хариуцсан 34 мэргэжилтэн
– Баянгол дүүргийн 23 хорооны 753
– Монгол Оюунбилэг цэцэрлэгийн 30 багш
– Дотоодын цэргийн 805-р ангийн 200 албан хаагч
– Үндэсний хөрөнгө оруулалтын банк 50 ажилтан
– Чингэлтэй дүүргийн анхан шатны нэгжийн- 46 ажилтан
– УБЦТС-180 ажилтан
– Гурван гал эмнэлэгийн -40 ажилтан
– Төр Засгийн Үйлчилгээ Эрхлэх Газар -260 ажилтан
– Хил хамгаалах Ерөнхий Газар -350 ажилтан, албан хаагч
– Хан-Уул дүүргийн нийт 21 хороодын 4 хороо
– Хан-Уул дүүргийн 1, 2, 3 ,4 дүгээр хорооны 88 иргэн
– Замын хөдөлгөөн удирдлагын төвийн 23 ажилтан
– УБТЗам Вагон депогийн ашиглалтын салбарын -236 ажилтан
– Эгшиглэн Магнай” ХХК -30 ажилтан
– ХУД-ийн 11-р хорооны -35 ажилтан
– Блью Скай- 25 ажилтан одоогоор тус тус хамрагдаад байна.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа мэдээллийн төвийн сошиал суваг, Facebook page хуудсыг нээн ажиллуулснаас хойш өнөөдрийн байдлаар 54007 дагагчтай болж 68924 хандалт, асуулт, хариулт явагдсан байна. Мөн “1072” төвийн үйл ажиллагаа эхэлснээс хойш 18519 гаруй иргэн биечлэн үйлчилгээ авч, 1800-1072-лавлах утсаар 42865 гаруй иргэн мэдээлэл аваад байгаа юм.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хөрөнгийн зах зээлийн сургалтанд 460 гаруй иргэн хамрагдлаа

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөр эрхлэлтийн форум болж байна

Монгол улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2017 оны байдлаар 55.8, Улаанбаатар хотын хэмжээнд 48.7 хувь гэсэн судалгаа гарсан байдаг. Мөн ажилгүйдлийн түвшин улсын хэмжээнд 8.8, Улаанбаатар хотын хэмжээнд 7.7 хувьтай байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг нийгмийн олон талын оролцоонд тулгуурлан шийдвэрлэх боломж, гарц, шийдлийг тодорхойлох.

Мөн хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, техник технологийн болон менежментийн өөрчлөлт шинэчлэл хийх шаардлага. Түүнийг хэрэгжүүлэх арга замын талаар хэлэлцэж, гарсан санал зөвлөмжийг холбогдох газруудад хүргэх зорилготой “Нэг өрх-Нэг ажлын байр” хөдөлмөр эрхлэлтийн форум-2018 өнөөдөр “Туушин” зочид буудалд болж байна. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар санаачлан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Карьер хөгжлийн төв хамтран энэхүү форумыг зохион байгуулж буй юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.12.04) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 10 цаг 14 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны өмнөх хуралдаанаар (2018.11.28 Лхагва гараг) Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх явцадаа хойшлуулахаар шийдвэрлэсэн юм. Өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн бөгөөд санал хураалт явууллаа.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Дараа нь Засгийн газраас 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар танилцуулсан юм. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч л уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлөх хуулийн зохицуулалт үйлчилдэг. Энэ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид, бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй хоршоо, нөхөрлөл, тэдгээрээс ашигт малтмал худалдан авч экспортолсон, худалдсан этгээд болон зөвшөөрөлгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг ашигт малтмалын нөөц ашигласныг төлбөрийг төлөхгүй, холбогдох байгууллагуудад тайлан, мэдээ өгөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна. Үүнээс улбаатайгаар газрын хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөцөд татвар ногдуулах, холбогдох хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгээд байгаа аж. Үндэсний статистикийн газраас авсан мэдээллээр 2012-2016 онд нийт 381 сая ам.долларын 1.6 сая тонн жонш экспортод гарсан байна. Тухайн жилүүдэд 34.6 тэрбум төгрөг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх байснаас 11.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Түүнчлэн УИХ-ын 2017 онд баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасан “Монголбанк, арилжааны банканд худалдсан биет болон биет бус алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү” гэсэн заалт 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болж байгаа. Үүнтэй холбоотойгоор алт олборлогч болон алт худалдан авагч хуулийн этгээд хууль бусаар алтыг хил давуулан худалдах, олборлосон алтаа нуух, хадгалах, татвараас зайлсхийхийн тулд арилжааны банканд тодорхой бус хугацаагаар барьцаалах зэрэг шударга бус далд үйл ажиллагаа гаргах хандлага ажиглагдах нөхцөл үүсэх эрсдэлтэй болохыг төсөл санаачлагчийн илтгэлд дурдлаа.

Монголбанкнаас авсан мэдээллээр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасан “Монголбанк, арилжааны банканд худалдсан биет болон биет бус алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү” гэсэн заалт хэрэгжсэн 5 жилийн хугацаанд банканд тушаасан алтны хэмжээ 2014 онд 12.7 тонн, 2015 онд 15.1 тонн, 2016 онд 18.3 тонн, 2017 онд 20 тонн болж өсөн, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлсэн нь хуулийн уг заалтыг дахин 5 жил үргэлжлүүлэн мөрдөх нь зүйтэйг илэрхийлж байна хэмээн үзсэн байна. Мөн аливаа этгээдийн тушаасан алтны төлбөрөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутган тооцох, түүнийг төсөвт төлөх, тайлагнах үүргийг Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд хүлээлгэх шаардлагатай гэж үзжээ. Иймд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй хувь хүн, бичил уурхай, баяжуулах, боловсруулах үйлдвэр эрхлэгчдийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх, тайлагнах, бүртгэлжүүлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ Монголбанканд тушааж буй алтны хэмжээг бууруулахгүй, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх улмаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлэх, татварын суурийг өргөжүүлэх зорилгоор төслийг боловсруулсан гэлээ.

Төсөлд тусгай зөвшөөрөл эзэмшигчид, бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй хоршоо, нөхөрлөл, тэдгээрээс ашигт малтмал худалдан авч экспортолсон, худалдсан этгээд болон зөвшөөрөлгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх, тайлагнах, бүртгэлжүүлэх заалтуудыг тусгажээ. Мөн аливаа этгээдийн тушаасан алтны төлбөрөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутган тооцох, түүнийг төсөвт төлөх, тайлагнах үүргийг Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд хүлээлгэх заалтыг нэмэх юм байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Х.Болорчулуун, М.Оюунчимэг нар асуулт асууж, холбогдох тодруулгуудыг ажлын хэсгийнхэнээс лавлав.

Улсын төсөв алдагдалтай, улс нэлээдгүй хэмжээний өр төлбөртэй байгаа үед тодорхой нэр төрлийн татваруудыг хэт багасгах нь улсын төсвийн орлогод сөргөөр нөлөөлөх, төсвийн цоорхой үүсгэх шалтгаан болох эрсдэлтэйг Х.Болорчулуун гишүүн хэллээ. Улсаас тогтоосон татвар өндөр байхаар хууль бус эргэлт, сүлжээ идэвхжиж байна гэдэг нь хууль хүч, хил гааль болон мэргэжлийн хяналт зэрэг холбогдох байгууллагууд нь хариуцлагагүй, хүчгүй байгаагийн илрэл хэмээн үзэж буйгаа тэрбээр хэллээ. Ирэх оны төсөвт хил гаалийн шинэ тоног төхөөрөмжөөр тоноглохоор тусгасан байгаа бөгөөд үүний үр дүн хил гааль дамжсан хууль бус үйлдлүүд илрэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж буйгаа тэрбээр илэрхийлсэн. Хөрөнгө оруулагч болон холбогдох талууд, мэргэжилтнүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр алтны татварыг дээрх хэмжээнд байлгаснаар Монгол Улсын алтны салбарын өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтад эерэг нөлөө үзүүлнэ хэмээн тооцсон хэмээн салбарын сайд хариулт өгөв. Одоогийн байдлаар алтны салбарт 700 орчим сая ам.долларын борлуулалт хийгдэж байгаа бөгөөд үүнийг 1 тэрбум ам.долларт хүргэх, улмаар энэ хэмжээнээс давуулах зорилт тавиад байгаа аж. Ингэж чадвал нүүрсний үнэ буурахад алтны салбарт тулгуурлах, алтны үнэ дэлхийн зах зээл дээр буурахад зэсийн салбарт тулгуурлах зэргээр тэрбум ам.доллар давсан борлуулалт бүхий ашигт малтмалын хэд хэдэн салбарыг бэхжүүлэх нь улс орны эдийн засаг, нийгэмд чухал ач холбогдолтой талаар Д.Сумьяабазар сайд тайлбар хийлээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Элбэгзаяа хариулахдаа “Өнгөрсөн хугацаанд татварын хэмжээг дээрх хэмжээнд хүргэснээр алтны худалдааны далд сүлжээг ил болгоход нэлээд дорвитой үр дүнд хүрсэн гэдгийг холбогдох тоон мэдээллээс харж болох юм. Алтны нөөц ашигласны төлбөрийг үргэлжлүүлэн 2.5 хувь гэдгээр сунгах өөр нэг шаардлага бол 2021 оноос хойш Европын Холбооны Улс гарал үүсэл нь тодорхой бус алтыг худалдаж авахгүй гэдгээ мэдэгдсэн. Иймд бид алтны гарал үүслийг тодорхой, нээлттэй болгох чиглэлд арга хэмжээ авч байна” гэлээ.

Татварын энэхүү арга хэмжээг авч хэрэгжүүлснээр алтны эргэлтийн далд сүлжээг илрүүлэх, алт тушаалтыг хянах бололцоо бүрдэх эсэхийг нягталсан М.Оюунчимэг гишүүний асуултад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Дэлгэржаргал хариулахдаа хил, гаалийн тоног төхөөрөмжийг шинэчлэх чиглэлээр холбогдох яам, газруудтай санал солилцон, судалгаа, тооцооллыг хийж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Ийнхүү гишүүдийн тодруулгын дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлсэн юм. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Д.Тэрбишдагва нар “Монголбанк, арилжааны банканд худалдсан биет болон биет бус алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү” гэсэн заалт 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болж буйг сунгах асуудлыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, тус бүр тодорхой тайлбар хэлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжснээр энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголын банкууд 1900-гаас илүү ам.доллар шилжүүлж чадахгүй дампуурахдаа тулжээ

Ам.долларын ханш эдийн засагчдын таамгийг эвдэж байна. Долларын ханш цойлоод 2600-гаас хэтрэхгүй гэсэн таамаг өнгөрсөн саруудад голлосон ч ногоон валют уржигдар 2640 төгрөг рүү өгсөж, ганцхан хоногийн дараа буюу өчигдөр 2660 руу цойллоо. Ханшийн зах дээр үүссэн тодорхойгүй байдал энэ янзаараа үргэлжилбэл цаашид ч өсөх магадлал өндөр гэж эдийн засагчид сануулж эхэллээ. Ноён ногооны ханш тойрсон сүүлийн үеийн таагүй мэдээ гэвэл банкууд ам.долларын гүйлгээнд хязгаар тавьсан гэх шум. “Нэг удаадаа 1900 ам.доллараас илүү хэмжээний гүйлгээ хийхгүй байна” гэсэн мэдээлэл манай редакцид ирсэн юм. Энэ мэдээллийн бодитой эсэхийг тодруулахаар хандсан эх сурвалжууд бидэнд тийм гэсэн хариу өгсөн юм. Банкуудын тухайд гүйлгээ хийх долларын дээд хэмжээгээ харилцан ялгаатай тогтоожээ. 1900, 2000, 3000, 5000 ам.доллар гээд янз бүрийн тоо тавьчихаж . Өөрөөр хэлбэл иргэд ам. долларын гүйлгээг банкнаас тогтоосон хязгаараас давуулж хийх аргагүй болжээ. Хүүхдийн сургалтын төлбөр, ахуйн элдэв хэрэглээний шилжүүлэг, цахим худалдаа захиалга гэх мэт зайлшгүй хэрэгцээнүүдийг жагсаагаад харвал 5000 ам.доллараас дaвсан гүйлгээ хийхээс аргагүй нөхцөл байдал нэгэнт бүрдчихсэн. Их хэмжээний долларын гүйлгээ байнга хийгдэхээс аргагүй импортын өндөр хамааралтай улс гэж ирээд яривал ноён ногооны гүйлгээнд хязгаар тавьснаас үүдэх хор хохирлыг хэмжиж барахгүй. Эдийн засагт ийм өндөр эрэлт байхад банкууд нь долларын гүйлгээнд хяналт тогтоогоод эхэлбэл ханш галзуурах нь эрэлт нийлүүлэлтийн зарчмыг гадарладаг хэнд ч хэтэрхий тодорхой гаргалгаа. Эндээс харахад Монголын банкууд 1900-гаас илүү ам.доллар шилжүүлж чадахгүй дампуурахдаа тулжээ . Ийм чадваргүй банкуудтай байснаас гадны том банк оруулаад ирсэн нь дээр дээ. Дэлхийн топ банкуудыг тэргүүлдэг Bank of China гэхэд л манай улсад салбараа нээх сонирхлоо хэдэн жилийн өмнөөс илэрхийлсээр ирснийг энэ дашрамд онцолъё.

М.НАРАН


Categories
мэдээ улс-төр

АН-ын ҮБХ-ны хурлын ирц бүрдээгүй учир эхлээгүй байна

АН-ын ҮБХ өнөөдөр 10.00 цагт Төрийн ордонд хуралдахаар зарласан ч ирц бүрдээгүй байна. Хуралдаанаар намын дүрмийн үзэл баримтлалыг хэлэлцэх аж. Одоогоор үзэл баримтлалд гурван чиглэлд өөрчлөлт оруулахаар бэлтгээд байгаа юм байна. Мөн маргааш болох намынхаа IX Их хурлаар шийдвэрлэх асуудлыг хэлэлцэх аж.

Тодруулбал, ҮБХ-ны болон улс төрийн зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг батламжлах, намын дэд дарга нарыг сонгох, намын их хурлын зохион байгуулалт болон Үндсэн дүрмийн төслийн нэмэлт, өөрчлөлтүүд багтаж байна. АН-ын ҮБХ 380 гишүүнтэй юм.

Categories
мэдээ спорт

Наталья Воробьевагийн нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээнээс зургаан медаль хүртэв

Чөлөөт бөхийн ОХУ-ын олимпийн анхны эмэгтэй аварга Наталья Воробьевагийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе (2002-2004), залуучуудын (1999-2001) эмэгтэйчүүдийн олон улсын тэмцээн ОХУ-ын Эрхүү хотын “Байкал арена”-д болсон байна.

Тэмцээнд манай улсаас долоон тамирчин оролцсоноос хоёр алт, дөрвөн мөнгө, нийт зургаан медаль хүртсэн талаар МЧБХ-оос мэдээллээ. Тодруулбал, залуучуудын 53 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Н.Анударь, 55 кг-д Хүмүүнлэгийн ухааны сургуулийн тамирчин Б.Энхцэцэг алт, 50 кг-д Үндэсний батлан хамгаалах их сургуулийн тамирчин Б.Энхзул, 57 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Б.Энхтүвшин, 72 кг-д Сэлэнгэ аймгийн тамирчин Ц.Хулан, өсвөр үеийн 57 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Цэнд-Аюуш нар мөнгөн медаль хүртэв.

Сонирхуулахад, Н.Анударь тус тэмцээнд гурван жил дараалан түрүүлж, эгч дүүс болох Б.Энхцэцэг, Б.Энхзул нар нэг алт, хоёр мөнгө, Б.Энхтүвшин хошой мөнгө, Ц.Хулан мөнгө, хүрэл медаль хүртээд байна.

Тав дахь удаагийн тэмцээнд Монгол, БНХАУ, ОХУ-ын Эрхүү, Санкт-Петербург, Красноярск, Буриад, Тува, Новосибирск, Кемеровогийн 170 гаруй тамирчин өрсөлджээ.

Categories
мэдээ соёл-урлаг

УДЭТ-ын энэ сарын үзвэрийн хуваарь

Улсын драмын эрдмийн театрын энэ сарын үзвэрийн хуваарийг танилцуулж байна. УДЭТ-ын хамт олон энэ сарын 8-нд 18:00 цагт Э.Оюуны “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг, 20, 21-нд 19:00 цагт, 22-нд 18:00 цагт У.Шекспирын “Ромео, Жульетта” сонгодог жүжгийг үзэгчдэд хүргэх аж.

Сонирхуулахад, тус театрын хамт олон 2018-2019 оны үзвэрийн жилийн нээлтээ өнгөрсөн сард Америкийн алдарт зохиолч К.Людвигийн “Оддын өвчин” инээдмийн жүжгээр нээсэн билээ.

Categories
мэдээ улс-төр

​Засгийн газaр тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтооно

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш буюу энэ сарын 05-ны 08.00 цагт эхэлж, 13 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Хуралдааны эхэнд Удирдлагын академийн талаар авах арга хэмжээний тухай, Тусгай зориулалтаар 2019 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухай асуудлыг хэлэлцэх юм.

Мөн Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам батлах тухай, УУХҮЯ-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай, Төрийн санд мөнгөн хөрөнгө байршуулах тухай болон Үндэсний гео мэдээллийн сан хөтөлбөрийн талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүнийг огцруулах болон чөлөөлөх саналын хариуг хүргүүлэв

Image result for Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс ирүүлсэн зарим сайдыг үүрэгт ажлаас нь огцруулах болон үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай зөвшилцөхөөр ирүүлсэн албан бичигт тус тус хариу илгээв.

  1. ЗӨВШИЛЦӨХ САНАЛЫН ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:

“Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Цэдэнбалын Цогзолмааг Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3, 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэж, үүрэгт ажлаас нь огцруулах асуудлыг зөвшилцөхөөр ирүүлсэн Таны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ-1/198 дугаартай албан бичгийг хүлээн авч холбогдох материалуудтай танилцлаа.

Уг асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх нь зүйтэй байна” гэжээ.

  1. ЗӨВШИЛЦӨХ САНАЛЫН ТУХАЙ АЛБАН БИЧИГТ

“Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд Янгугийн Содбаатарыг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг зөвшилцөхөөр ирүүлсэн Таны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ-1/197 дугаартай албан бичгийг хүлээн авч холбогдох материалуудтай танилцлаа.

Уг асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх нь зүйтэй байна” гэжээ.