УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар БНФУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг шинээр томилогдсон явдалд баяр хүргэж, хүлээн авч уулзав.
Month: December 2018
Уул уурхай хүнд үйлдвэрийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал өнөөдөр БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны “Эрчим хүчний хөрөнгө оруулалтын групп” төрийн өмчит компаний төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн А/1117 дугаар “Тэнэмэл, гэр оронгүй иргэдийн талаар зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт амьдарч байгаа тэнэмэл, гэр оронгүй иргэдийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хүлээлгэн өгөх, боломжгүй тохиолдолд халамжийн үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Энэ ажлыг 12 дугаар сарын 03-04 өдрүүдэд зохион байгуулан ажиллалаа. 2018 оны 12 дугаар сарын 03-ны 15 цагийн байдлаар 97 иргэнийг илрүүлэн эрүүл мэндийн үзлэгт хамруулаад байна.
Монгол Улсын нийслэл үүсгэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ой ирэх онд тохиох юм. Түүхт ойг угтан гаргасан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхэнд холбогдох баримтын гурван боть номын нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Төрийн архивт хадгалагдаж байгаа НЗДТГ-ын хөмрөг дэх баримтаас нийслэлийн түүхэнд холбогдох нэн чухал баримтуудыг судлан илрүүлж, судлагааны эргэлтэд оруулах, олны хүртээл болгох зорилгоор эмхэтгэл бэлтгэх, хэвлүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулах захирамж гаргаж, энэхүү гурван боть номыг гаргах ажил эхэлсэн юм.
Нийслэлийн архивт хадгалагдаж байсан 1921-1950 оныг хүртэлх 20 мянга гаруй монгол бичгээр үйлдсэн баримтыг судлан хөрвүүлж, 586 баримтыг энэхүү гурван боть ном дотор багтаажээ. Дараагийн боть номууд удахгүй гарах аж.
Дээрх баримтуудын 80-аас доошгүй хувь нь анх удаа эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэнд орж буй баримтууд аж. Ажлын хэсгийн зүгээс Үндэсний төв архив болон бусад архив, музей зэргээс хотын түүхэнд холбогдох баримтуудыг судалж, багтаахыг оролдсон байна. Мөн өмнө нь нийтлэгдээгүй, судалгаанд зайлшгүй чухал буюу судлаачдын анхаарлыг татахуйц баримтуудыг энэхүү гурван боть эмхэтгэлд багтаахыг хичээн ажилласан гэдгийг Ажлын хэсгийнхэн хэлж байв.
Түүнчлэн уг эмхэтгэлд манай нийслэлийн түүхэнд холбогдох баримтууд, Монгол Улсын хэмжээгүй эрхт эзэн хаан, хэмжээт эрхт эзэн хааны буулгасан зарлиг, Засгийн газар, Монгол Ардын Намаас гаргасан тогтоол, шийдвэрийн Нийслэл хүрээтэй холбогдох баримт сурвалжууд, БНМАУ-ын Их Хурал, Засгийн газар, МАХН-ын Төв Хороо, Улаанбаатар хотын захиргаа, Намын хорооноос гаргасан шийдвэрүүдийг багтаасан юм.
Нийслэлийн түүхийн нэн ховор баримтуудыг судалгааны эргэлтэд оруулах, хойч үедээ таниулах энэхүү ажилд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Архивын газар, Ажлын хэсэг, болон бусад байгууллага, эрдэмтэд, судлаачид оролцжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Нийгмийн халамжийн газар, дүүргүүдийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүд хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтаж зорилтот бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэдний хийсэн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн авьяас, ур чадварыг хөгжүүлэх нийгэмд эерэг хандлагыг бий болгох зорилготой өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн гутал, цүнх зэрэг арьс, эсгийгээр урласан бараа бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гаргасан байв. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулсан “Хотын хөгжилд миний оролцоо” сэдэвт гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн гаргасан байсан юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Онцгой байдлын ерөнхий газар, “Мерси Кор Монгол“ олон улсын байгууллагатай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийг дөрөвдэх жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж тусгай системийг боловсруулсан юм. Уг системийн тусламжтайгаар өнөөдрийн байдлаар 21 аймгийн 330 сумын 1,820 багийн 20 гаруй мянган малчин гар утсаараа Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүлээн авч байна. Ард иргэдийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах зорилготой системийн тусламжтайгаар малчид мэдээлэл авах хүсэлт гаргахын тулд эхлээд 130-105 дугаар руу мессеж илгээх юм. Үүнээс гадна код ашиглан аймаг, сумынхаа цаг агаарын мэдээллийг авах боломжтой бөгөөд малчид өөрийн аймгийн кодоо дараах линкээр орж авах боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Төлөвлөлтгүй тэлэлт, дэд бүтцийн хүртээмжгүй нөхцөл, хууль тогтоомжийн сул хэрэгжилт буюу товчхондоо төрийн байгууллагууд байгаль орчны асуудалд системтэй хандаж чадаагүй явдал Улаанбаатарчуудыг амьдрах орчны бохирдол, доройтлын нэн эгзэгтэй нөхцөлд авчраад байгаа билээ. Хөрсний олон талт асуудлыг хариуцсан мэргэжлийн болон судалгааны байгууллагуудын мэдээлэл солилцоог сайжруулж, уялдаа холбоог хангах зорилготой “Улаанбаатар хотын хөрсний доройтол ба эрүүл ахуй” хэлэлцүүлгийг Нийслэлийн Байгаль орчны газраас санаачлан НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Дэлхийн хөрс хамгаалах өдрийн хүрээнд зохион байгууллаа.
“Бэлчээр хамгаалах, талхагдлаас сэргийлэх баялаг өвтэй, түүнийгээ уламжлалт ахуйдаа өнөө ч хэрэглэсээр буй Монголчууд бид хот байгуулалтын үйл ажиллагаанаас үүдэлтэй хөрсний эвдрэл, элэгдэл, тоосжилт, хатуу шингэн хаягдлын асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ.Төрийн байгууллагууд, төсөл хөтөлбөрүүдээс хэрэгжүүлж буй салангид үйл ажиллагаанууд нь орчны бохирдлын талаарх олон талын хүчин чармайлтыг сааруулах нэг хүчин зүйл хэвээр байгаа тул хөрсний доройтлыг бууруулах чиглэлээр хийгдсэн ижил төстэй ажилд цаг, хөрөнгө зарцуулахгүй байх, нэгэнт тогтоогдсон нөхцөл байдалд тулгуурлан шийдвэр гаргах, бодит алхам хийх шаардлагатай байгаа юм.” гэж нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга хэлэлцүүлгийг нээсэн үгэндээ онцоллоо.
Байгаль орчин нь тасралтгүй эргэх, бие биетэйгээ салшгүй холбоотой гинжин хэлхээ тул эдгээрт орсон эерэг сөрөг өөрчлөлт бүр алсдаа байгаль орчны тэнцэл алдагдах эсхүл хадгалагдах шалтгаан болдог билээ.Хөрсний асуудлыг хөндөж буй нь агаар, усны бохирдлыг бууруулах, биологийн төрөл зүйлийн өсөлтийг хангах маш чухал асуудал бөгөөд доройтлоос илүүтэй бохирдлын асуудалд анхаарал хандуулах үүний тулд гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг өөрчлөх санхүүгийн хөшүүрэг буюу урт хугацаатай бага хүүтэй зээлийн үйлчилгээ, хөрсний бохирдлын асуудал хариуцсан бүтэц, хатуу болон аюултай хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах, хогноос эрчим хүч гаргах зэрэг дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хөрсний бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг иргэдэд хүргэх асуудалд эхний ээлжид анхаарал хандуулан хамтарч ажиллахаа оролцогчид илэрхийлэв.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт “Төвлөрсөн ба төвлөрсөн бус ариун цэврийн байгууламж, суурьшлын бүсийн хөрсний бохирдлын байдалд хийсэн тандалт судалгааны дүн” сэдвээр МХЕГ-ын улсын ахлах байцаагч, доктор Б.Баясгалан, “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын байдалд хийсэн хяналт шинжилгээний дүнгээс” сэдвээр НМХГ-ын улсын ахлах байцаагч Б.Золбоо, “Улаанбаатар хотын хөрсний хүнд металлын бохирдлын судалгаа”, “Эвдэрсэн газрын тооллогын үр дүн” сэдвээр НБОГ-ын ахлах мэргэжилтэн, доктор Ч.Батсайхан, Хан-Уул дүүргийн арьс ширний үйлдвэр орчмын хүнд металл, хромын бохирдлыг бууруулах судалгааны үр дүнгээс“ сэдвээр Байгаль орчин, аюулгүй байдлын төв ТББ-ын тэргүүн, доктор Н.Эрдэнэсайхан, Улаанбаатар хотын ”“Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах нь” сэдвээр БОАЖЯ, АХБ-ны төслийн захирал Ж.Чойханд, “Хөрсний бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид баримтлах бодлого” сэдвээр УБ хотын ЗАА-ны ахлах мэргэжилтэн С.Аригуун, “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын үзүүлэлт ба хүн амын гэдэсний халдварт өвчин хоорондын хамаарлыг судалсан дүн” сэдвээр НЭМҮТ-ийн захирал доктор Д.Нарантуяа нар мэдээлэл хийв гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ
Өнөөдөр Монгол Улсын тусгаар тогтнол баталгаатай. Энэ орныг хэн ч эзлэн түрэмгийлэх гээгүй. Үгүйдээ л дэлхийг хамарсан дараагийн дайн хүртэл. Монгол Улсыг хоёр хөршийн хэн нь ч анекс хийх, булаан эзлэх сонирхолгүй. Тэдэнд найдвартай жийрэглэгч тусгаар улс хэрэгтэй. Харин энэ тусгай бүс рүү өөр сонирхогчид орж ирэн гүн харилцаа тогтоохыг тэд яав ч зөвшөөрөхгүй. Тэртэй тэргүй бололцоогүй зүйлийг боломжийн болгох гэж зүтгэх тусмаа монголчууд л хохирно.
ОЮУ ТОЛГОЙН УУРХАЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
Оюу толгой бол нэг уурхайд төвлөрсөн дэлхийн хамгийн том зэсийн ордын нэг гэдэг. Уурхайн барьж байгуулах нийт өртөг нь 13 тэрбум доллар гэж тооцоолж буй нь Монголын бүх түүхэн дэх хамгийн том хөрөнгө оруулалт болно. Уурхайн 34% Монголын Засгийн газрын өмчлөлд, 66 хувь Тюркоз Хилл Рисорс компанийн мэдэлд байгаа. Ордыг анхлан нээсэн Айванхо Майнз компанитай Рио Тинто хамтарсан компани байгуулж ийм нэр өгсөн ба удалгүй Рио Тинто нь Айванхо Майнзаас ихээхэн хувьцаа худалдан авч 51 хувь буюу хяналтын багцыг эзэмшсэн аж. Цаана нь үлдэх 15 хувь нь жижиг хувьцаа эзэмшигч 6-7 компанид харьяалагддаг. Монголын талын эзэмшиж буй 34 хувь бол хожим буй болох орлогоороо эргүүлж төлөх нөхцөлтэйгөөр Тюркоз Хиллээс зээлж авсан мөнгөөр бүрэлдсэн.
Албан танилцуулгуудад мэдээлж буйгаар 2013 оны долдугаар сард Оюу толгойн Монголын талыг эрхэлсэн захирал Цэрэнбатын Сэдваанчиг Тюркоз Хиллийн хөрөнгө оруулагчидтай муудалцан хөөж тууснаас болж Риогийн хувьцаа шууд 20 хувь унасан учир гүний уурхайн барилгын ажлыг зогсоож консервацид үлдээжээ. Хоёр жилийн дараа Дубай хотноо Монголын шинэ Засгийн газартай гэрээг дахин шинэчлэн гүний уурхайн барилгын ажлыг сэргээн 2021 он гэхэд уурхайн ил ба далд хэсгийг бүрэн дуусгаж ашиглалтад өгөх, үүнд нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр тохиролцжээ. Гэвч дараа жил нь шинээр гарч ирсэн Засгийн газрын зүгээс Оюу толгойд асар том шалгалт оруулан үй олон гомдол гаргаж эхэлсэн төдийгүй Рио Тинто, Тюркоз Хиллс компанитай ОТ ашиглалтын гэрээг анхлан хийсэн Ерөнхий сайд асан Санжийн Баяр, гэрээг шинэчлэн хийж гүний уурхайн барилгын ажлыг сэргээхээр тохирсон Ерөнхий сайд асан Чимидийн Сайханбилэг нарыг баривчлан шоронд хорьжээ. Хэдийгээр батлагдаагүй боловч тэднийг гэрээ хийхдээ Рио Тинтогоос магадгүй хэдэн тэрбумаар тоологдох долларын хахууль авсан байх магадлалтай гэж буруутгаж байгаа юм.
Хэдийгээр өнөөдөр ОТ уурхайн ашиглалтын явцад Монголд 6 тэрбум орчим долларын хөрөнгө нэгэнт орчихоод байгаа, сар бүр 100 гаруй сая долларын хатуу валютыг Монголын дэндүү даруухан валютын нөөцөд нэмэрлэж байгаа, улсын төсвийнх нь гуравны нэгийг бүрдүүлж байгаа, уурхайд нийт 18 мянган монгол ажилчин инжинер техникийн хүмүүс ажиллаж буйгаараа энэ орны хамгийн том ажил олгогч болсон байгаа боловч богино настай Засгийн газрууд болон парламентын санаачилга дэмжлэгээр явуулж буй суртал нэвтрүүлэг, элдэв цуурхлаас болоод монголчууд Рио Тинтог мөлжигчид төдийгүй газрын баялгийг нь үнэ төлбөргүй дээрэмдэн авдаг гэсэн хатуу итгэл үнэмшилтэй болсон юм. Гэтэл үнэндээ өдий болтол Монголын Засгийн газар Оюу толгойн уурхай руу нэг ч цент хийгээгүй, зээлээр авсан гэх мөнгөө хожим уурхай бүрэн ашиглалтад орж олдворлолт хийн, байгуулсан өртгөө нөхсөний дараа олох ашгаасаа төлөх учиртай юм. Харин энэ хооронд Монголын Засгийн газар ил уурхайн нүүрний борлуулалт, газрын болон усны төлбөр, роялти зэргээс бараг хоёр тэрбум орчим долларыг авчихаад байгаа. Үүнээс гадна нийт 800 орчим туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран ажилладгийн 80 хувь нь үндэсний компаниуд, энэ хугацаанд тэдэнд бараг 3 тэрбум доллар төлжээ.
Дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг аварга том корпораци Рио Тинтогийн нийт эргэлтийн ердөө тавхан хувийг Оюу толгойн уурхай эзэлдэг. Тус компанийн удирдах зөвлөл нь 13 гишүүнээс бүрддэгийн 6 нь тус компанид хөрөнгө оруулаагүй гадны хамаагүй хүмүүс ажээ. Монголын төр, Засгийн газрууд, парламент, төрийн агентлагууд, олон нийтийн байгууллага, иргэдийн тасралтгүй өдөөн хатгалга, гүтгэлэг, элдэв дарамтаас болж удирдах зөвлөлийн гишүүдийн хооронд Оюу толгойг цаашид хэрхэх тухай зөрчил маргаан үүсээд жил гаруй болж байна. Монголын татварын болон гаалийн албаны хамгийн жижиг нэгжийн байцаагч Тюркоз Хиллд хэдэн зуун сая долларын торгууль ногдуулдаг, Риотой гэрээ хийсэн хамгийн дээд шатны төлөөлөгчдөө Риогоос хахууль авсан хэрэгт түлхэн баривчилж шоронд хийдэг гэх мэтийн удаа дараагийн олон үйлдэл нь энэ ордын ашиглалтаас хөөн гаргах гэсэн дохио, даралт шахалт гэж тэд үзэж байна. Иймээс ялангуяа компаниас хараат биш гишүүдийн зүгээс Монголтой цаашид хамтран ажиллахаас нэгмөсөн татгалзах шийдвэр гаргахыг шаардаж байгаа ажээ. Рио Тинтог ядуу орнуудын эрх баригчдыг хахуульдан авлига тарааж явдаг мэтээр гүтгэлэг тараах нь тус компанийн нэр хүндэд хортой төдийгүй дэлхий даяар явуулж буй уул уурхайн бизнист нь учруулах хохирол нь Оюу толгойгоос олж болох ашгаас хавьгүй хохиролтой гэж тэд үзэж буй.
Зөвлөлөөс гурван асуудлаар Монголын Засгийн газартай тохирох эсэхийг харзнахаар шийдсэн байна. Нэгдүгээрт, цахилгаан эрчим хүчний асуудал. ОТ цахилгааныхаа хэрэгцээг Хятадаас хангадаг. Эрчим хүч гаднаас импортлох эрхийг 2019 он гэхэд зогсоох шийдвэрийг Монголын Засгийн газар гаргасан. Риогийн зүгээс өөрснөө цахилгаан станц барья гэтэл үүнийг говийн бүст нэгдсэн эрчим хүчний үүсвэр байгуулах шийдвэр гаргаад саналыг хүлээж аваагүй. Тэгснээ Засгийн газар нэгдсэн эрчим хүчний станц байгуулахаасаа гэнэт татгалзсан. Цахилгаангүйгээр цаашид ОТ ажиллах бололцоогүй. Рио Тинто өөрөө бие даагаад станц байгуулах зөвшөөрөл дахин тавиад хариуг 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө өгөхийг хүссэн боловч ямар ч хариу алга, таг чиг.
Хоёрдугаарт хил гаалийн асуудал маш хүндрэлтэй байгаа. Нэгмөсөн нэг янзаар шийдэж өгөхийг удаа дараа хүсэлт тавьсан боловч Засгийн газар байтугай хил гаалийн байцаагч солигдох бүрт өөр өөр шинэ шаардлага тавьсаар байгаа. Үүнийг нэгмөсөн нэг талд нь шийдье гэсэн санал тавьсаар байгаа. Энэ нь үнэн хэрэгтээ Монгол, Хятадын харилцааны асуудал учраас ОТ зүгээс дангаар шийдэх бололцоогүй, зөвхөн Монголын Засгийн газар л шийдэх ёстой.
Гуравдугаарт, Монголын төрийн тогтворгүй байдал нь татвар болон өөр олон асуудлаар гэнэт цоо шинэ шаардлага үүсгэн цочирдуулдаг нь Олон улсын хөрөнгийн бирж дээрх хувьцааны савлагаагаар үнийг байнга унагаж байна. Иймээс хөрөнгийн биржийн үнэлгээтэй уялдсан шийдвэрийг урьдчилан тохирч байх тухай ярьжээ.
Ингээд болохгүй бол Монголоос нэгмөсөн гарч явах болно.
ХОЁР УЛСЫН ЗААГЛАСАН БУФЕР БҮС
Монгол Улс нь аль 1911 онд өөрийн тусгаар тогтнолыг зарласан боловч дэлхийн аль ч улсаар хүлээн зөвшөөрөгдөхгүй явсаар дөнгөж 1946 оны нэгдүгээр сарын 6-нд өмнөд хөрш Хятадаар, 1946 оны хоёрдугаар сарын 28-нд умарт хөрш СССР-ээр тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн билээ. Хойд талаасаа Хаант Орос, өмнө талаасаа Манж Чин улсад шахагдсан Гадаад Монгол нь аль XVII зууны эцсээр Манж Чин улсын вассал болж хоёр тал биенийхээ өмнө харилцан үүрэг авсан. Манж нар бол Хятадын хань үндэстнүүд биш, Хятад орныг эзлэн түрэмгийлж төрийн эрхийг нь булаан авсан нүүдэлчин ард түмэн. Манж нар монголчуудыг орос, хятад үндэстний алив нэг дарамт шахалт, нөлөөнөөс хамгаалах үүрэг авчээ. Иймээс ХХ зуун хүртэл Гадаад Монгол нь онцгой хамгаалалт бүхий хаалттай дархан нутаг байсан юм. Манж Чин гүрэн Хятадын Цинхайн хувьсгалаар унаснаар дээрх тохиролцоо хүчингүй болж Гадаад Монгол өөрийн тусгаар тогтнолыг зарласан билээ. Харин Хятадын шинэ Засгийн газар, тэдний бүгд найрамдахчууд шинээр тусгаар тогтносон Хятад улсыг Манж Чин гүрний шууд залгамжлагч, түүний үргэлжлэл гэж үзэн Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй юм. Гуч гаруй жилийн турш ЗХУ, Хятад, Япон гэсэн гүрнүүд Гадаад Монголын тусгаар тогтнолын асуудлаар маргасаар үүнийг дэлхийн II дайны дараа нэгмөсөн шийдсэн билээ. Монгол Улсыг хэнд нь ч өгөхгүй, Орос-Хятадыг заагласан буфер бүс болгохоор хоёр тал тохирсноор Монголын тусгаар тогтнол хоёр хөршөөр, улмаар дэлхийн ихэнх орноор хүлээн зөвшөөрөгдсөн билээ.
Оросууд дорно зүг газраа тэлсээр бүх Сибирийг эзэлсний дараа Манж Чин гүрний умарт хэсэг болох Манжуурын хойт хэсгийг Хятадтай булаацалдсанаас үүдэн 1689 онд Нерчинскт хил тогтоох гэрээ хийжээ. Дараа нь Халх Манжид дагаар орсныг тохиолдуулан 1727 онд Буурын гэрээгээр шинэ хил тогтоов. Оросууд 1856 онд Крымын II дайнд ялагдал хүлээснээр цаашид газар нутгаа өрнө зүг тэлэх бололцоогүй болсноо ойлгож, II Александр хаанаас эхлэн Дорно зүг газар нутгийн тэмцэл хийж эхэлсэн юм. Орос, Хятад хоёрын гэрээ Кульж – 1857, Айгун – 1857, Бээжин – 1860, Санкт Петрбург – 1881, Бээжин – 1913, Хиагт – 1915, Бээжин – 1924, Москва – 1945, Москва – 1949, Бээжин – 1989 мэтээр олон удаа болсны бараг бүгдээрээ хилийн асуудал байсан ба ихэнхдээ Оросын тал довтлогч нь байлаа.
Энэ хооронд оросууд Манжуур, Монгол, Дорнод Туркестанаас асар том газар нутаг булааж авч дөнгөсөн боловч дундуураа гурав тасарсан Гадаад Монголын асуудал арай өөрөөр эргэсэн юм. 1912 онд Хятадад хувьсгал гарч Манж Чин гүрнийг түлхэн унагаж Бүгд найрамдах засаглал тогтсон, Дорнын газар нутгийн төлөө булаалдах шинэ өрсөлдөгч Япон гарч ирэн 1905 онд Оростой байлдаж дийлсэн, 1920 оны Вашингтоны бага хурлаар Хятадын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг их гүрнүүд хүлээн зөвшөөрсөн гэх мэтийн асуудлаас болоод Орос нь Гадаад Монголыг шууд булаан эзэгнэх бололцоогүй болжээ. Түүхэн ийм нөхцөл байдлаас болж 1907 онд Япон, Орос хоёр нууц гэрээгээр Манжуур, Барга, Өвөр Монгол нь Японы нөлөөний бүс, Гадаад Монгол нь Оросын нөлөөнийн бүс гэсэн тохиролцоонд хүрчээ. Энэ гэрээг улам нарийвчилсан дараагийн нууц тохиролцоог 1912, 1916 онуудад хийж баталгаажуулжээ. Иймээс СССР нь Гадаад Монголыг Японоос тусгаарлах өөрийн нөлөөний буфер бүс гэсэн зарчмыг хатуу баримталсан юм.
Дэлхийн дайнд Япон ялагдаж тоглоомоос хасагдсаны дараа Гадаад Монголыг Орос, Хятадыг тусгаарласан бүс гэж үзэх болов. Үүнд хятадууд дургүй байсан боловч эцэст нь АНУ-ын оролцоотойгоор Ялтын гэрээгээр Монгол Улсын одоо байгаа статус квог хүлээн зөвшөөрүүлсэн. Эцэст нь Москвад болсон Орос-Хятадын гэрээгээр хоёр тал Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөр шийдсэн. Энэ гэрээг 1950 онд Маогийн Хятад ч хүлээн зөвшөөрсөн юм.
Өнөөгийн Монгол Улс бол хоёр хүчирхэг хөршийнхөө харилцан тохиролцоогоор тэднийг заагласан бүсийн үүрэг гүйцэтгэгчээр хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар тогтносон улс юм. Хэнийх нь нөлөөний бүс байх нь тухайн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаална.
Гээд юутай ч энд гурав дахь орны эрх ашиг орж ирэхийг аль аль тал зөвшөөрөхгүй. Монгол Улс 1972 онд Японтой дипломат харилцаа тогтооход хоёр хөрш тааламжтай хандаагүй. АНУ-тай харилцаатай болох гэж Монголын тал олон жил зүтгэсэн боловч үүнийг СССР-ийн зүгээс дөч гаруй жилийн турш хаалт хийж зөвшөөрөөгүй. Гэхдээ Гадаад Монголыг аль ч тал өөрийн болгож аннекс хийх бололцоогүйгээс гадна хүсэлгүй. Дэлхийн II дайны дараа Монголын удирдагчид улс орноо СССР-ийн бүрэлдэхүүнд багтаах гэж хэд хэдэн удаа оролдон хүсэлт өргөдөл гаргаж байжээ. Энэ бол үнэндээ тэнэглэл байсан юм, учир нь дайны дараахь дэлхийн газрын зураг нэгэнт хуваагдан тогтсон байхад ийм зүйл хийх нь бололцоо ч үгүй, аль ч хөрш нь үүнийг хүлээж авах хүсэлгүй нь тодорхой.
УУЛ УУРХАЙН БУЖИГНААН
Орос, Хятадын тохиролцоогоор хүлээн зөвшөөрөгдөж тусгаар тогтносон энэ орон хүйтэн дайн дууссан бужигнааны үеэр хараа хяналтаас гарчээ. Ардчилсан тогтолцоо, нээлттэй нийгэм, зах зээлийн харилцаанд орж гадаад бодлогоо хоёр хөрш дээрээ нэмээд гурав дахь хөршийн бодлого зарлав. ОУВС, Япон болон өрнийн орнуудын тусламжаар шилжилтийн хүнд үеийг даван туулав. Газрын баялаг ихтэй байж магадгүй энэ орон гадаадын хөрөнгө оруулагчдыг татахаар ихэд хичээв. Зөвхөн 1990-2000 оны хооронд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь гадаадын хөрөнгө оруулагчдыг урин дуудсан 200 орчим удаагийн хэлсэн үг бүртгэгдсэн байдаг. Гэвч шинэ зуун гартал Монголд бараг хэн ч орж ирээгүй юм. Өөрснөө л гар аргаар жаал жуул алт олборлосон байх. Стратегийн бүхий л байгууламж нь Оросоос хамааралтай, гадаад худалдаа нь Хятадаас хамааралтай эхний 10 жилийг туулав. Хөршүүд ч тайван байлаа.
Үйл явц шинэ зуун гаруут үндсээрээ өөрчлөгдөв. Монголд геологийн хайгуул хийх, байгалийн баялаг ашиглах, хөрөнгө оруулах өрнөдийн компаниудын сонирхол гэнэт нэмэгдлээ. Геологийн том жижиг олон орд нээгдэж хөрөнгө оруулалт цутгаж эхлэв. Аравхан жилийн дотор ДНБ ганц тэрбум доллараас 12 тэрбум болтол өсөв. ДНБ-ий өсөлт жилийн 17 хувь гэсэн аварга амжилт ч бүртгэгдлээ. Дэлхийн нэртэй олон эдийн засагчид, нэр хүндтэй мэдээллийн хэрэгслүүд Монголыг дараагийн Азийн бар гэж нэрлэх болжээ.
Нэгэнт гэнэт анхаарал татсан тул Путин богино хугацаанд Монголд гурван удаа айлчлав. Сталин, Хрущев ирж байгаагүй, харин Брежнев энд цэрэг байрлуулахаар ирж байв. 1990 оноос хойших Хятадын бүх удирдлага айлчиллаа. Мао, Дэн нар ирж байгаагүй. Аль ч удирдагчдын юун түрүүн санаа зовж байгаа асуудал нь олон дахин гуйж шаардаж ятгасаар атал монголчууд өдий болтол Шанхайн хамтын нийгэмлэгт элсээгүй явдал. Тэрнээс илүү санаа зовмоор асуудал бол Монголд “гурав дахь орнууд” энд хэзээ ч орж ирж байгаагүй их хөрөнгө оруулалт хийжээ. Энэ бол Москва, Бээжингийн алиных нь нүдээр харсан геополитикийн том алдаа юм. Тохиролцоогоор буй болсон жийргэвч бүс төлөвлөснөөс өөр байдалд оржээ. “Сүүл нь нохойгоо тоохоо болив” гэсэн үг байдаг.
ХӨРШҮҮДИЙН АВИР
Оюу толгой хэмээх асар том баялаг ордод өрнөдийнхөн олон тэрбум доллар оруулахаар шийдээд нэгэнт ажлаа эхэлснийг Путин Монголд айлчлахдаа мэдэв. Улаанбаатарт суух Оросын элчин сайд энэ тухай огт мэдээгүй байсан тул түүнийг үтэр түргэн хөөж явуулсан юм. Канадын Хан Рисорс хэмээх компани Монголд ураны хайгуул хийх төдийгүй хөрөнгө оруулан ашиглаад эхэлсэн байна. Оросын ерөнхий сайд асан Криенко өөрийн биеэр тэнд очиж үзсэн. Эндээс канадчуудыг хөөж явуул, тэгээд манайтай хамтарч ажиллая гэсэн санал тавьсан юм. Тэр байтугай арбитрийн шүүхэд гарах торгуулийн мөнгийг өмнөөс нь төлнө гэж хүртэл амаллаа. Монголын Ерөнхий сайд Кремльд айлчлахад Путин түүнд канадчуудыг хөөж гаргахыг давхар сануулаад арбитрийн шүүхийн асуудал гарахад сайн өмгөөлөгчөөр тусална гэж амлав. Юутай ч Монголын Засгийн газар Хан Рисорсыг хөөсөн. Цаадуул нь мэдээж арбитрийн шүүхэд хандан 400 сая доллар нэхэмжлэв. Удтал сунжирсны эцэст шүүхээс Монголыг 100 сая доллар нөхөн төлбөр төлөх шийдвэр гаргажээ. Энэ хооронд Хан Рисорсын канад захирал Улаанбаатарт зүрхний шигдээсээр бурхан болов. Харин оросууд таг чиг болсон. Өнөө амласан торгуулийн мөнгийг өмнөөс нь төлөх, мэргэжлийн хуульч өмгөөлөгчөөр туслах тухай байтугай ордыг хамтран ашиглах асуудал ч таг болжээ. Оросууд уранаар дутаагүй, түүнээс гадна хамгийн том нөөцтэй орны нэг гэгдэх Казакстанаас ч авдаг. Харин Монголын нөөц өнөөдөр дэлхийн ураны нийт илэрцийн ердөө ганц хоёрхон хувийг эзэлдэг.
Монголын ураныг хамтран ажиллахаар сонирхсон өөр компани гэвэл Японы Тошиба, Францын төрийн өмчит Ариава юм. Ариава Монголд хайгуул хийж эхлээд бараг 25 жил болж байна. Үе үеийн Засгийн газрууд тэдэнд ашиглалтын лиценз өгөхгүй боож хаасаар ирсэн. Цөмийн аюул гэх мэтийн ямар ч үндэслэлгүй гүтгэлэгийг тараах ба айлган сүрдүүлэх ажлыг мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн байгууллага гэх рэкетчидээр гүйцэтгүүлнэ. Цөмийн аюулыг сурталчлан Монголд цөмийн шаар булшлах гэж байна гэх мэтийн худал мэдээлэл цацаж цуглаан жагсаал эсэргүүцэл зохион байгуулдаг хүн нь Японы иргэн, солонгос үндэстэн байдаг. Тэр баян хүн биш ч энэ бүх ажиллагааг санхүүжүүлдэг. Рэкетчидийг санхүүжүүлдэг мөнгө Германаас дамжин орж ирдэг нь нотлогдсон. Японы ч, Германы ч албаны хүмүүс ийм асуудалд өөрснийгөө холбоогүй гэдэг. Францын гадаад яамны сайд Монголд айлчилж Аривагийн асуудал сөхөхөд биотехнологи хөгжүүлэхэд 7 сая доллар одоо бэлнээр өгвөл асуудлыг шийдэж болох юм гэж Монголын төрийн дээд албаныхан шантаажилж байсан тохиолдол ч бий.
Таван толгойн коксжих нүүрсний орд бол дэлхийн хамгийн томд орох ордын нэг. Энэ ордыг ашиглах тогтоолыг Монголын төр 1968 онд гаргажээ. Ийм том хөрөнгө оруулалтыг дангаараа дийлэхгүй учир хамтрах саналыг Румын, Япон, Хойд Солонгос, Хятад, Өмнөд Солонгост удаа дараа тавьж байсан ч тээврийн хүнд нөхцөлөөс болоод үргэлж татгалзсан хариу сонсож байв. Харин шинэ зууны эхээр Хятадын Шинхуа компани, АНУ-ын Пибоди компани хамтран ашиглах сонирхлоо илэрхийллээ. Австралийн нүүрснээс бүрэн хараат Солонгос, Япон нь тэнд болсон гамшигт үеийн шалтгаанаар коксын хямралд орсон тул Монголын нүүрсийг сонирхон квот авах гэж хэдэн жил хөөцөлдөв. Чухам тэр үед оросууд гэнэт сонирхогчоор нэмэгдэн олон улсын концерн байгуулж оролцохоор болов. Америкийн Пибоди Таван толгойд хөрөнгө оруулахаар есөн жил хөөцөлдөж, Улаанбаатарт байнгын төлөөлөгчөө суулган оффис ажиллуулсан юм. Монголын Засгийн газрын удирдлага дор концерн байгуулах хамтарсан уулзалт 13 удаа болоход Оросын төлөөлөгч Морозов уулзалт болгоныг үймүүлэн үл бүтэх шаардлага тавьсаар бүтэлгүй болгосон гэдэг. Пибоди эцэст нь залхаад Монголоос гарч явсан. Япон, Солонгосын хувьд Мозамбикаас кокс импортлох гарц олоод энэ асуудлыг сонирхохоо больсон.
АНУ “Мянганы сорилын сан”-ын шугамаар Монголд 280 сая доллар бэлэглэхээр шийджээ. Дотоод шаталтын хөдөлгүүрээр ажилладаг хуучирч муудсан орос стандарт царигтай төмөр замаа энэ мөнгөөр сэлбэхээр Монголын тал шийдвэрлэмэгц Улаанбаатар төмөр замын 50 хувийг эзэмшдэг Орос Төмөр замын босс Якунин яаралтай ирэн Америкийн мөнгөнөөс татгалзах шийдвэр гаргалаа. Тэрээр Монголын төмөр замыг орос стандарт царигтай хэвээр хадгалах ба шинэчлэх ажлыг оросууд хийх, харин монголчууд өөрт ногдох зардлаа Таван толгойн нүүрсээр төлөхөөр болгов. Якунин үүнийгээ “үнэгүй юм зөвхөн хулганы хавханд байдаг” гэж тайлбарлаад хэлэлцээ дууссаны дараа монгол анд нартай зургаа татуулахдаа салаавч зангидсан байсан нь фото зурагт үлджээ. Харин хожим нь тэрээр Хятадын Төмөр замын холбогдох хүмүүст захидал бичихдээ Монголын төмөр замыг шинэчлэхээр нэгэнт тохирсон, үүнд зарцуулах мөнгийг зээлээр олгоно уу гэж бичсэн байв. Түүнээс хойш арваад жил өнгөрсөн боловч Монголын төмөр замыг шинэчлэх асуудал таг мартагдсан.
Хятадууд бээр оросуудтай харьцуулахад бүдүүлэг түрэмгий нь харьцангуй гайгүй. Тэд аргадах, алхам алхамаар цаашлах, шал өөр шалтаг хэлэн боож хаах, хахууль өгөх зэрэг зөөлөн аргаар ханддаг. Монголд ялангуяа уул уурхайд оруулж буй тэдний хөрөнгө оруулалт монголчуудын дунд төдийлөн эсэргүүцэл үүсгэдэггүй, шуугиан тарьдаггүй. Нууц нь тэд бараг бүх шатны эрх мэдэлтнүүд болон элдэв рэкетчидэд хахууль өгөн чимээгүй байлгаж чаддаг юм. Өрнөдийн орнуудад бусдад хахууль авлига өгөхийг газар нутаг үл хамааран хатуу хориглодог, чанга хуультай учраас хахуульд дуртай монголчуудын зэвүүг хүргэж элдэв шантааж рэкетэнд тогтмол өртдөг. Хятадуудын энэ хахууль, авлига нь монголчуудын ёс суртахуунд туйлын муугаар нөлөөлсөөр. Монголд оруулсан уул уурхайн Хятадын хөрөнгө оруулалтын ихэнх нь монгол хүний нэр дээр байдаг.
ӨГӨГДСӨН ХУВЬ ЗАЯАТАЙГАА ЭВЛЭРЭХ
Оюу толгой дахь Рио Тинтогийн хөрөнгө оруулалт нь нэг талаас асар их баялаг өгч байгаа ба хожмоо энэ орныг баян болгох ирээдүйтэй ч нөгөө талаас энэ орны хүн амыг талцуулж, эд мөнгө-улс төрийн хагаралд оруулж байна. Оюу толгойн хөрөнгө оруулалтыг дэмжих байтугай эерэгээр үнэлсэн болгоныг гадны тагнуул, эх орноосоо урвагч, тэднээс хээл хахууль авч амьдрагч хэмээн харааж загнах нь өдрийн дэглэм болжээ. Монгол Улсын хууль тогтоох байгууллагад хүртэл парламентын гишүүд биенийгээ “Оюу толгойг эсэргүүцэж нэг ч удаа үг хэлж байгаагүй учир Монгол төрийн дайсан мөн” гэж тодорхойлох явдал байнга гардаг. Ийм учраас Оюу толгойн хөрөнгө оруулалт (Ер нь хөрш бус орны хөрөнгө оруулалт) ач холбогдолтой гэхээсээ хожмын хор хөнөөл нь илүүтэй тусахаар байна. Тэртэй тэргүй зөвхөн хоёр хөршийн ая дангаар оршин тогтнох хувь заяатай учраас алс газраас Монголд том хэмжээний хөрөнгө оруулалтыг хөршүүд зөвшөөрөхгүй.
Киргизид Памирын нуруунд уулын хүнд нөхцөлтэй алтны орд бийг Кумтар гэдэг. 350 тонн алтны нөөцтэй энэ ордыг Канадын Сэнтэра голд компани ашигладаг. Энэ ядуу оронд буй бараг цорын ганц нээгдсэн баялаг нь энэ байх. Чухам энэ баялагаас болж тэнд хэд хэдэн удаа төрийн эргэлт гарснаас гадна иргэний дайнд тулж, мөргөлдөөн гаран олон хүн эндсэн. Хичнээн ядуу буурай ч гэсэн Кумтаргүйгээр киргизүүд өлсөж үхэхгүй нь лав. Энэ хөрөнгө оруулалт тэдэнд нэмэр болохоосоо илүү гай болж байгаа юм. Мянга мянган жил нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн монголчууд хэзээ ч нийтийг хамарсан өлсгөлөн, байгалийн гамшигт өртөж байгаагүй. Өнөөдөр монголчууд 80 сая толгой малтай болсон нь урьд хожид байгаагүй их тоо. Ердөө гуравхан сая хүнд шүү дээ.
Монголоос гурав дахь орны хөрөнгө оруулагчдыг хавчин гадуурхах, хөөж туух нь тэднийг нэгмөсөн жигшээх, дахиж нааш харах аргагүй болгох геополитик тоглоом юм. Мөнөөх Киргизэд алтны орд ашиглаж байгаа Сэнтэро голд компани Монголд 40 тонн алтны орд дээр арав гаруй жил ажиллаж бараг тэрбум долларын татвар төлжээ. Тэд дараагийн 70 тонн алтны нөөцтэй үндсэн орд дээр ажиллахаар Монголын Засгийн газартай гэрээ хийн нэлээд хөрөнгө оруулсан байна. Гэвч тэднийг тэнд оруулахгүй гэж парламентын нэлээд гишүүд эсэргүүцлийн аян зохиож, рэкетчид байнгын дарамт учруулсаар хэдэн жилийг барав. Хоёр тал байнга шүүхдэлцэх боловч Монголын шүүхийн байгууллага бараг хориод удаа хуралдаад дорвитой шийдвэр гаргалгүй залхаажээ. 2009 оны үзүүлэлтээр Сэнтэра голд компани Монголын ядруухан төсөвт татвар төлсөн үзүүлэлтээр нэгдүгээр байр хүртэл эзэлж байсан ч Монголын Ерөнхийлөгч тэднийг нийт ажилласан хугацаандаа ердөө 15 мянган долларын татвар өгсөн гэж шулуухан гүтгэсэн. 2018 оны хавар Монголын шүүх шийдвэр гарган мөнөөх 70 тонн алттай ордыг канадчууд ашиглах эрхийг нь цуцалж орхижээ. Зун нь монголчууд (?) Сэнтэра голдтой хэлэлцээ хийн ордыг 35 сая доллараар худалдан авах болов. Намар нь Монголын шүүх дахин хуралдаад ордыг ашиглах лицензийг сэргээв. Уг орд монгол хүмүүсийнх болсон гэж ярьж буй нь эргэлзээтэй. Ийм явдал давтагдсаар.
Оюу толгойн хувьд энэ ордыг худалдаж авах саналыг Хятадын талаас тавьж байжээ. Энд газар дор 1-2 километрийн гүнд шороог баяжуулдаг маш өндөр технологи техник суурилуулах бүтээн байгуулалт ид явагдаж байна. Ийм технологийг өдгөө Рио Тинто, Анло Американ гэсэн хоёрхон компани эзэмшдэг гэх. Хятадууд илүүтэй энэ технологийг сонирхсон авч хэлэлцээ амжилтад хүрээгүй. Риогийнхны ярьж буйгаар хэдэн жилийн өмнө Монголын төрийн албаны хоёр эрхэм Оюу толгойг худалдан авах санал тавьжээ. Хэдэн тэрбум долларын өртөгтэй энэ уурхайг худалдан авах чадал Монголд байхгүй учир тэд ихэд гайхаж “оросууд мөнгө өгнө” гэсэн гэх. Үнэндээ оросууд тэгсэн нь худлаа ч байж магадгүй, гэхдээ л хоёр хөршөөс зайлбаргүй.
Өнөөдөр Монгол Улсын тусгаар тогтнол баталгаатай. Энэ орныг хэн ч эзлэн түрэмгийлэх гээгүй. Үгүйдээ л дэлхийг хамарсан дараагийн дайн хүртэл. Монгол Улсыг хоёр хөршийн хэн нь ч аннекс хийх, булаан эзлэх сонирхолгүй. Тэдэнд найдвартай жийрэглэгч тусгаар улс хэрэгтэй. Харин энэ тусгай бүс рүү өөр сонирхогчид орж ирэн гүн харилцаа тогтоохыг тэд яав ч зөвшөөрөхгүй. Тэртэй тэргүй бололцоогүй зүйлийг боломжийн болгох гэж зүтгэх тусмаа монголчууд л хохирно. Эв нэгдлийн хувьд ч, ёс суртахууны хувьд ч, хүний болон ард түмний мөн чанарын хувьд ч. Юун түрүүн байгалиас заяасан хоёр хүчирхэг гүрэнтэй эвтэй байж арга эвийг нь олон, геополитик ашиг сонирхлыг нь хүндэтгэх ёстой юм. Оросын зүгээс ч, Хятадын зүгээс ч энэхүү Монголд хандаж буй ааш авир нь тэднийг ойлгож болохуйц аргагүй авах арга хэмжээ. Иймээс Монголын түүхэнд хамгийн том хөрөнгө оруулалт хийсэн ч үүнийг цаашид хүчирхэг хөршүүд нь тэртэй тэргүй зөвшөөрөхгүй бодит нөхцөлийг Рио Тинтотой ярилцан ойлголцож эвээр салах нь хамгийн зөв гарц мөн болно. Монгол нутагт Рио Тинто шиг аварга компани идээшихгүй нь сүүлийн бараг хориод жилийн туршлагаас ил харагдлаа. Цаашид энэ үйл явдал үргэлжлэх тусам Рио Тинтогийн хувьд нэр төрийг нь гутаасан гүтгэлэг харлуулалтад улам их өртөж, эд баялагаар улам илүү хохирол хүлээх төдийгүй, нийт эргэлтийнх нь дийлэнх хэсгийг эзэлж буй бусад бизнис нь бүтэлгүйтэж ч болох юм. Монголын хувьд ард түмний дундах хагарал улам гүнзгийрч, төрийн тогтворгүй байдал хурцдаж, хүмүүсийн ёс суртахуун өдөр ирэх тутам доройтсоор удалгүй Конго, Венесуэл, Зимбабве, Нигери, Хайти зэрэг орон шиг дээрэмчдийн гарт орсон хөгийн улс болон хувирах магадлалтай. Уул уурхайгаар баяжих гэсэн биш улс орноо там болгохыг эрүүл саруул хэн ч хүсэхгүй биз ээ.
2018.12.1
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Ардчилсан нам Ж.Батзанданг намаас нь хасаж, Л.Болд, Д.Мурат нарыг сонгуульд нэр дэвших болон албан тушаалд томилох, хаших эрхийг нь хасах сахилгын шийтгэл оногдуулах шийдвэрийг гаргажээ. Яагаад энэ шийдвэрийг гаргах болов?
-Ардчилсан нам эцсийн мөч хүртэл асуудалд тэвчээртэй хандсан. АН өөрийн үнэт зүйл, үзэл баримтлал, үндсэн дүрэм, журамтай байгууллага. Журмаа хэрэгжүүлэхийн тулд зайлшгүй энэ алхмуудыг хийж байна. Үүсэх аливаа эрсдлээс болгоомжлоод байгаа юм алга. Хамгийн гол нь улс төрийн намын хувьд дүрэм журмаа барьж, байр суурин дээрээ хатуу байх ёстой. Түүнээс ямар нэгэн хувь хүнийх нь хувьд зөрчилтэй байдлаар асуудалд хандаагүй. Энэхүү тогтоол шийдвэрийг АН-ын дотоод хяналтын дээд байгууллага болох Үндсэн дүрмийн хороо хуралдаж, 100 хувийн саналаар гаргасан. Уг тогтоол шийдвэр дээр үндэслээд шийдвэр гарч байгаа. Хувь хүн, С.Эрдэнэ энэ шийдвэрийг ганцаараа гаргаж байгаа юм биш. Дээрээс нь МАН-ын дотоод зодоон манай намд огтхон ч хамаагүй.
-Л.Болд гишүүн “Хууль, шийдвэр зөрчөөгүй. АН нэг хүний дарангуйллын нам болжээ” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Харин би Л.Болдыг би гайхаж байна. Өөрөө эрх чөлөөний үр шимийг хүртсэн хүн. Ардчилсан намын нэр дээр хамгийн их боломжийг эдэлсэн шүү дээ. Тийм байж ийм үйлдэл хийж байгаад нь би харамсаж байна. 1989, 1990 оны Ардчилсан хувьсгалыг эхлүүлж байсан өдрүүдэд бид хамт явж байсан. Тэр үед бид хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, зах зээлийн нийгэм, хөгжингүй Монголын төлөө залуу, халуун хүслээрээ тэмүүлж явлаа. Гэтэл өнөөдөр Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн босгон дээр Л.Болд маань Ардчиллын эсрэг санал өгөөд зогсож байгаад үнэхээр их гайхаж байна. Тэр тусмаа дарангуйллын сод жишээ болсон хүний төлөө саналаа өгсөнд гайхаж байна л даа. Юу бодож тэгж саналаа өгч байгаа юм. Нийгэмд баялаг бүтээж, амь амьдралаа аваад явч байгаа хэсгийг бүлэглэл, МАНАН гэж эзэн биегүйгээр цоллоод эхэлж байна. Энэ бол яг л 1930-1950-иад оны коммунистуудын шилдэг арга. Лхүмбэ, Гэндэндэмидийн гэсэн зохиомол хэргүүд үүсгэж, хэдэн арваар нь буудаж байсан. Энэ бол түүний сонгодог жишээ шүү дээ. МАНАН гэж яриад л байна.
Тодорхой гэм буруутай этгээдүүд байгаа юм бол хууль хяналтын байгууллагууд нь шалгаж тогтоогоод, хариуцлага тооцоод явах бүрэн боломж байгаа. Гэтэл зүгээр л нийгэмд айдас хүйдэс бий болгоод байх юм. МАНАН гэж хэнийг хэлээд байгаа юм. Сүүлдээ МАНАН гэх нэрээ хэн дуртай дээр нь аваачиж наадаг болсон. Өөрсдийнх нь эсрэг үг хэлэхээр л МАНАН болчихдог. Лхүмбэ, Гэндэндэмидийн хэргүүд чинь яг ингэж л гарсан. Хүмүүсийг эх орны дайсан, урвагч гэж цоллон нийгмийн сэтгэл зүйг бэлдэж байгаад нэг л өдөр олноор нь буудчихдаг. Ард түмэн юу ч хэлдэггүй. Учир нь эд нар дайсан учраас устах ёстой гэсэн бодол суучихсан байдаг. Дараа нь хэдэн арван жилийн хойно тэр хүмүүсийг цагаатгаж байна. Амьдын хагацал, цус, нулимсыг хэн төлөх юм. Яг өнөөдөр тийм жишээ явж байна.
-Ж.Батзандан болон Л.Болд гишүүнийг ашиг сонирхлын зөрчилтэй байсан учраас Засгийн газрыг унагахгүй гэх байр суурийг илэрхийлсэн гэж яриад байгаа. Таны хувьд эдгээр гишүүдийг Ерөнхий сайдын үзэл бодлыг дэмжлээ гэж үзэв үү, эсвэл ашиг сонирхлын зөрчил байсан гэж бодож байна уу?
-Ж.Батзандангийн ах У.Хүрэлсүхийн зөвлөх хийж байгаа. Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хийж байгаад тус яаман дээр болсон хүн амины хэргээс болоод огцорсон. Тийм байж буцаад Засгийн газрын тэргүүний зөвлөх болсон нь ёс зүйн хувьд сайн зүйл шиг харагдахгүй л байгаа юм. Мөн Ж.Батзандангийн нэг ах нь Хөх хотын консулаар саяхан томилогдсон. Эхнэр нь нүүрсний тээврийн компанитай. Л.Болд гишүүн “Богд” банктай нь ч үнэн. Гэхдээ Л.Болд “Богд” банкаараа, Ж.Батзандан ах нар, эхнэрийнхээ компаниараа, Д.Муратыг өөрийн хийсэн алдаа, зөрчлөөсөө болж барьцаалагдаад асуудалд хандлаа гэж хэлэх баримт надад алга байна. Яахав сонссон юм бол байна.
-Гишүүдтэй хариуцлага тооцож байгаа энэ үйл явц өөрөө намын дотоод эв нэгдэлд нөлөөлөх үү?
-Үнэт зүйл, дүрэм журмаа уландаа гишгээд бие биенээ тэврээд явахыг эв нэгдэл гэж хэлэхгүй. Бид өөрсдөө хариуцлагатай, үнэт зүйлээ дээдэлдэг байх ёстой. Түүнийхээ өмнө хариуцлага хүлээж чаддаг байх хэрэгтэй. Ирээдүйд энэ нам засаглаж, түмэн олны итгэлийг авч төрийн жолоог барих гэж байгаа юм бол одооноос эхлээд хариуцлагатай, зарчимтай байх ёстой. Тэгж гэмээнэ бид ирээдүйд ард түмнийхээ итгэлийг даасан төрийг залж, чиглүүлэх хүчирхэг улс төрийн нам болж чдана. Хэрэв бие биенийхээ алдааг харсан ч хараагүй юм шиг илт үндсэн дүрэм рүүгээ нулимаад байгаа хүмүүсийг өөгшүүлээд байх юм бол бид дараа нь яаж Монгол Улсын хууль дүрмийг хэрэгжүүлэх юм. Ардчилал гэдэг чинь хариуцлага юм. Эв нэгдэл маш хэрэгтэй. Гэхдээ эв нэгдэл нэрийн дор хуйвалдах ёсгүй. Хамтын шийдвэр гаргаж чаддаг байх нь эв нэгдэл юм.
-Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ. Тэрээр цаашид өөрийн хэлж буй шударга ёсоо тогтоож чадах болов уу?
-Одоогоос нэг жил гурван сарын өмнө Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсны дараа У.Хүрэлсүх “Нийгэмд шударга ёс тогтооно. Улс орноо хөгжүүлнэ” гээд л гоё сайхан зүйл ярьж гарч ирсэн. Манай АН-ын бүлгийн есөн гишүүн бүгд дэмжиж кноп дарсан. Манай есөн кнопны ачаар энэ хүн Ерөнхий сайд болсон. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн хугацаанд юу хийв ээ. Ам.долларын ханш 2670, бензиний үнэ Улаанбаатар хотод 2000, хөдөө орон нутагт 2200-2300 төгрөг болсон. Махны үнэ талийгаад л өглөө. Үхэр, адууны мах бараг 10 мянган төгрөг хүрэх нь. Үнэтэй байлаа ч авъя гэхэд мах нь олдохоо байлаа. Махны олдоц улам багасч байна. 60 хэдэн сая малтай Монголд мах ховордож байна гэхээр гайхаад байх юм. Хил гааль, мэргэжлийн хяналт, төр, Засгийн газар юу хийж байна вэ. Ард иргэдийн худалдан авах чадвар улам муудсан. Өргөн хэрэглээний барааны үнэ доод тал нь 200-300 төгрөг, дээд тал нь 3000-4000 мянган төгрөгөөр өсчихсөн байна. Энэ сайн үзүүлэлт үү. Шударга үнэний төлөө яваа Ерөнхий сайдын ажлын үр дүн энэ үү. Дахиад нэг жил зургаан сар энэ хүнээс бид юу хүлээх юм бэ.
Бид МАН-ын аль нэг дотоод бүлэглэлийн талд орж асуудалд хандаж байгаа зүйл байхгүй. МАН гэдэг улс төрийн хүчнийх нь хувьд бид хариуцлага тооцох гэж асуудалд хандсан юм. Бидэнд олдож байгаа боломж нь энэ шүү дээ. Олдож байгаа боломжин дээрээ тулгуурлаж бид хариуцлага тооцох гэж оролдож байгаа юм. Өөр боломж бидэнд байхгүй. Есүүлэхнээ юм чинь бид өөр яах билээ. Дээрээс нь МАН-ын 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс нэг ч зүйл заалт хэрэгжээгүй. Хий хоосон яриад л яваад байгаа. Эд нарт юм хийх хугацаа байхгүй. Он гараад сонгуулийн өмнөх жил учир улстөржсөөр байгаад л таарна. Нөгөө эрх барьж байгаа хэд нь сонгуулийн бэлтгэлээ хангаж байгаа нь энэ гээд түлхүү идэж уух байлгүй. 2020 оны эхний зургаан сард сонгууль руугаа анхаараад юу ч хийхгүй. Тэгэхээр У.Хүрэлсүх Ерөнхий сайдаас хүлээх зүйл байхгүй. Улстөрч хүний хувьд шуудхан ингэж л хэлэх байна.
-Улс төр цаашид хэрхэн өрнөх бол. Эрх баригч намын дотоод зодоон намжих болсон болов уу?
-Сөрөг хүчний намын даргын хувьд эрх баригч намд дотоод зодоон өрнөөд байвал сайхан л байна байх. Гэхдээ би хүртэл залхаж байна. Одоо болиосой. Ядаж 2020 оны нэгдүгээр сар хүртэл болчихоосой. Нэг жил тайван амгалан байж, ард түмний нурууг тэнийлгэх сэн. Үнэхээр эдийн засаг нь өсөж, хөрөнгө оруулалт бодит боломж байгаа юм бол улс орны хөгжлөө бодоосой. Би ингэж хүсч байна. Эдний намын зодоон дуусахгүй ээ. Чуулганы төгсгөлд хэлсэн намынх даргын үгийг сонсоод энэ нам дотооддоо эвлэрэхгүй юм байна гэдэг дүгнэлт хийхэд хүрсэн. Намын дарга, Ерөнхий сайдын амнаас заналхийлсэн, сөрдүүлсэн үгнүүд л гарсан. Хөөнө, тууна, хариуцлага тооцно, асуудал дуусаагүй шүү гээд л дуусгана лээ. Арай л ална тална гэж хэлээгүй дээ. Уг нь би тэр хүнээс өөр зүйл хүлээж байсан юм. “Өчнөөн олон хоног муудалцлаа. Надад ч гэсэн алдаа дутагдал байсан юм байна. Буруугаа ойлголоо. Та бүхний тавьсан санал хүсэлтийг хийх ажилдаа тусгана. Та бүхэнтэй хамтарч нэг баг болж ажиллана. Нэг нам учраас дотроо ойлголцоод явах ёстой” гээд л эвлэрэл, ухаарлын сайхан үг хэлээд дуусгах болов уу гэж бодож байсан. Аргаа бараад сөрөг хүчний намын дарга нь тийм юм хүлээлээ шүү дээ. Даанч тэгсэнгүй. Цаашдаа улс төрийн өрнөлийг сайн сайхнаар харахгүй байна.
-Ардчилсан намын IX их хурал энэ лхагва гаригт болно. Их хурлаар ямар асуудлууд хэлэлцэх вэ?
-Нийгэмд үзэл бодол, чиг баримжааны улс төрийн ялгарал ид явагдаж байна гэдэгтэй санал нийлж байгаа. Тийм учраас АН өөрийн үнэт зүйл, үзэл баримтлалдаа өөрчлөлт хийж байгаа. Суурь бус нэмэлт өөрчлөлт хийнэ. Өөрөөр хэлбэл, манай нам цаашдаа баруун төвийн нам хэвээрээ байх уу, хэвээрээ байх бол хувийн өмч, зах зээлийн нийгэм, хувь хүний эрх, эрх чөлөө, ардчилал, шударга ёсны асуудлыг юу гэж үзэх вэ гэдгээ шинэ шатанд, өөр түвшинд тодорхойлох зорилготой юм. Хоёр жилийн хугацаанд бид улс орон даяар үзэл баримтлал, үнэт зүйлийнхээ талаар хэлэлцүүлэг явууллаа. Намынхаа бүх шатны байгууллага, гишүүдээрээ хэлэлцүүллээ. Ингэж хэлэлцэж байсан түүх манай намын хувьд байхгүй. Мөн Үндсэн дүрмэнд редакцийн зарим нэг нэмэлт өөрчлөлтүүд орно. Ардчилсан хувьсгалын 30 жилийг ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоол гарна. 2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд АН-аас оролцох мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг байгуулж, хяналт тавьж ажиллах чиглэлийг Үндэсний бодлогын хороонд өгөх юм. Үүнтэй холбоотой тогтоол их хурлаар гарна. Бусад гэсэн хэсэгт нь дотоод зохион байгуулалтын ажлууд тус тус багтана. Түүнчлэн намын даргын улс төрийн илтгэл орно. Илтэл дээр санал шүүмжлэлүүд явагдана. Намаас улс төрийн мэдэгдэл гаргана. Өнөөгийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдалд өгсөн үнэлэлт дүгнэлт дээр тулгуурлаад мэдэгдэл гаргах юм.
-Өнөөдөр хуралдах Үнэсний бодлогын хороогоор ямар асуудлууд хэлэлцэхээр төлөвлөсөн бол?
-ҮБХ-гоор намын их хурлын дотоод зохион байгуулалт, хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэдэг журамтай. Үүнийхээ дагуу хуралдана.
-Саяхан Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваа болон НИТХ дэх АН-ын бүлгийн хэд, хэдэн гишүүдийг намаас нь хассан байсан. Уг шийдвэрийг яагаад гаргах болсон юм бэ?
-Д.Пүрэвдаваа намын дүрмийг удаа дараа зөрчсөн. Намын дүрэм зөрчсөн нь тогтоогдсон. Үндсэн дүрмийн хорооны тогтоол шийдвэр гарсан учраас түүнийг үндэслэж тушаал гаргасан. Баянзүрх дүүргийн намын хорооны зарим нэг хүмүүст тооцсон арга хэмжээг би ногдуулаагүй. Баянзүрх дүүргийн АН-ын даргын тушаалаар хариуцлага ногдуулсан. Тухайн шатны намын дарга өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд Үндэсний дүрмийн салбар хорооны дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргасан юм билээ.
УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд 11.00 цагт болох Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх БОАЖ-ын сайдын мэдээллийг сонсох юм. Үдээс хойш буюу 14.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, найман асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Хэлэлцэх асуудлын жагсаалтад Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болгох тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Мөн “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийг батлах тухай, “Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай”, “УИХ,Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэх аж. Түүнчлэн “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийг тогтоох тухай, “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-ийг батлах тухай,“Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-ийг батлах тухай тогтоолын төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ.
Түүнчлэн 15.00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана. Тус байнгын хороо Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай, Монгол, Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах ”Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэж, Гадаад харилцааны тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах аж.