Categories
мэдээ нийгэм

Онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам батлагдав

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 118 дугаар тушаалаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг батлууллаа.

Энэхүү журам батлагдсанаар гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүн, малын гоц халдварт өвчний голомтод аврах, эмчлэх, сувилах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд эр зориг, мэргэжлийн ур чадвар гарган оролцож, онцгой гавьяа байгуулсан алба хаагчийг тодруулах, мөнгөн урамшуулал олгох үйл ажиллагааг зохицуулах боломж бүрдэж байна.




Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал ажлаа өгөхөө мэдэгдэв

ЭХЭМҮТ-ийн эмч, угтагч нарын буруу ойлголтоос болж жирэмсэн эмэгтэй төрөх тасагтаа хүрч амжилгүй, гадаа хүүхдээ төрүүлсэн явдал нийгэмд шуугиан тариад байна.
Уржигдар “Би төрөх гээд байх шиг байна” гэж тусламж гуйж орж ирсэн эмэгтэй угтагч эмэгтэйчүүд “Төрөхийн тасгийнхаа хаалгаар орно уу” гээд гаргаад явуулсан байгаа юм. Харин их өвдөлт өгч, ус нь гарсан ээж хүргүүлж ирсэн таксиндаа сууж төрөх тасгийг нь хайж явсаар байгаад орж амжилгүй машин дотор хүүхдээ гаргасан юм. Тэгвэл энэ хариуцлагагүй асуудалд салбарын сайд нь хариуцлага тооцно гэдгээ өчигдөр мэдэгдсэн. Харин өнөөдөр ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр ёсзүйн хариуцлага хүлээж, ажлаа өгнө гэдгээ дөнгөж сая мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Олны анхаарал татсан томоохон хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ

Нийслэлийн прокурорын газраас төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон болон олны анхаарал татсан хэргүүдийг шуурхай шалгаж, шийдвэрлэх талаар Авлигатай Тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсгийг байгуулан, прокуроруудыг уртасгасан цагаар ажиллуулж байна. Дээрх ажлын хүрээнд олны анхаарал татсан, төрийн албан тушаалтнуудад холбогдох хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Тодруулбал,Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ё.Гэрэлчулуун, Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж бай А.Гантулга, Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Гэрэлт-Од, Гэр хорооллын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Ш.Ганхуяг, “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын дэд захирлаар ажиллаж байсан Д.Оюунжаргал нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил үйлчилгээ худалдан авсан гэх,

-“Зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Г.Төмөрбаатар, Хөрөнгө оруулалт, хангамжийн албаны дарга О.Баасанжав, Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Г.Мөнхцэцэг нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил үйлчилгээ худалдан авсан, ,

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан, экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагч Ш.Тэгвандан нарт холбогдох “Монгол улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар хахууль авсан” гэх,

-Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хамран сургах тойргийн бус хүүхдийг сургуульдаа элсүүлэн авч бусдаас хахууль авсан гэх,

-Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа “Шинэ эхлэл” ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал Л.Эрдэнэ нь “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс 2019 оны хичээлийн жилийн зургаадугаар ангийн элсэлтийн шалгалтад бусдыг хууль бусаар тэнцүүлсний төлөө хахууль авсан” гэх хэргүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл хэсгүүдээр тус тус яллах дүгнэлт үйлдэн, гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхээр харьяалах шүүхүүдэд шилжүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

​Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхлэв

Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэллээ. Тус зөвлөгөөнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, ажлын албаны албан хаагчид, бүх шатны шүүхийн тамгын газрын дарга нар оролцож байгаа юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ шүүхийн шинэтгэл хэрэгжиж эхэлснээс хойших таван жилийн хугацаанд багагүй амжилтад хүрснийг гадаад, дотоодын судалгааны байгууллагууд хүлээн зөвшөөрснийг дурдаад шүүхийн захиргааг бие даалгасан амжилтыг онцоллоо.

Шүүхийн захиргааны байгууллага 2018 оныхоо ажлыг дүгнэхээс гадна ирэх оны үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг энэ зөвлөгөөнөөр хэлэлцдэг уламжлалтай. Ирэх онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний нэг эх сурвалж нь шүүхийн тамгын газрын дарга нарын дүгнэлт, санаачилга байна гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга онцолсон юм. Мөн нийгмийн мэдрэмж, иргэдийн шаардлага, судалгааны үр дүнд тулгуурлаж ирэх оныхоо ажлыг тодорхойлох аж. Шүүхийн захиргааны байгууллагын өдөр тутмын ажлыг хариуцаж байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны нэгжүүдийн саналд анализ хийж ирэх онд хийх ажлаа төлөвлөнө гэдгийг мөн илэрхийлсэн.

Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнөөр бүх шатны шүүхийн тамгын газруудын 2018 оны үйл ажиллагааны үр дүн, тамгын газрын даргын мэргэшлийн түвшинг үнэлнэ. Тиймээс зөвлөгөөний эхний өдөр бүх шүүхийн тамгын газрын дарга ажлынхаа тайланг товч танилцуулна. Харин маргааш Төрийн албаны хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд шүүхийн тамгын газрын даргын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг үнэлж, сургалт зохион байгуулна.

Энэ сарын 5-7-нд үргэлжлэх уг зөвлөгөөний сүүлийн өдөр бүх шатны шүүхийн тамгын газруудын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, Төсвийн ерөнхийлөн захирагчтай 2019 оны үр дүнгийн гэрээ байгуулна. Мөн энэ үйл ажиллагаагаараа тэргүүлсэн шилдэг тамгын газруудад шагнал гардуулах арга хэмжээ болох юм.

Categories
мэдээ нийгэм

Дохионы хэлний орчуулагч шалгаруулж авна

“Залуучууд Ардчилалд Хувь Нэмрээ Оруулна” буюу “LEAD Mongolia” төсөл

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгээр World learning, Иргэний Боловсролын Төв ТББ, Бүгд Найрамдахчуудын Хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй Leaders Advancing Democracy ( LEAD Mongolia) хөтөлбөрийн 3-р бүрэлдэхүүн хэсгийг Иргэний Боловсролын Төв хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн 3-р бүрэлдэхүүн хэсгийн зорилго нь Монгол улсын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид зориулсан иргэний боловсролын сурах бичиг боловсруулан түгээх, “Иргэн төсөл” аргачлалыг ЕБС дээр хэрэгжүүлэх болно.

Зөвлөх ажлын зорилго: ЕБС-ийн түүх, нийгмийн ухааны багш нарт зориулсан “Ардчиллын үндэс” хөтөлбөрийн видео хичээлийн дохионы хэлний орчуулга хийх

ВИДЕО ХИЧЭЭЛИЙН ДОХИОНЫ ХЭЛНИЙ ОРЧУУЛАГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Дохионы хэлний орчуулагч, багш мэргэжилтэй
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • Гэрээгээр гүйцэтгэх ажлыг цаг тухайд нь мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх, хариуцлага хүлээх чадвартай
  • Захиалагч байгууллагаас даалгасан хугацаанд гэрээт ажлыг дагнан хийх боломжтой

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Шалгаруулалтад орохыг хүссэн захидал
  • Иргэний үнэмлэхний хуулбар, 1% зураг
  • Боловсролын үнэмлэх, диплом, сертификатын хуулбар
  • Өөрийн туршлагыг тодорхойлсон товч намтар / CV/
  • Сүүлийн ажил олгогчийн тодорхойлолт
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид материалаа битүүмжлэн 2018 оны 12-р сарын 14-ний 16.00 цагаас өмнө ariuna.cce.mn@gmail.com хаягаар илгээнэ үү.
Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Дэлхий ертөнцийг тэр чинээгээр нь харуулж чадах Go pro “Hero6-4K”

Адал явдал, экстрем аялал сонирхогчдын хамгийн сайн мэдэх бага оврын хэмжээтэй, чанарын өндөр хүчин чадалтай видео камер бол мэдээж “Гө Про”. Шинэ үеийн “Хэро 6” нэртэй хар өнгийн 4 ка үзүүлэлттэй камер зураг, бичлэгийн алийг нь ч маш сайн чанартайгаар хийх боломжтой. Тус камер 4 ка форматаар нэг секундэд 60 зураг дарах чадалтай юм. Зохион бүтээгчдийн мэдээлснээр дэлхий ертөнцийг өөрийн нүдээр олж харсан бүхнээ байгаа тэр чинээгээр харуулж чадах цор ганц камер бол Хэро 6 хэмээн онцолж байна.

Байгалийн ямар ч нөхцөл байдалд ашиглах боломжтой тул хэрэглэгчдийн дунд маш их алдартай төдийгүй нэртэй уран бүтээлчид, кино найруулагчид тус Гө Про видео камерыг ашиглах маш их хүсэлтэй байдаг юм. Ус нэвтрүүлдэггүй тусгай зориулалтын шилэн гэр, элс шорооноос хамгаалсан гэр, доргилтоос хамгаалсан гэр гээд дагалдах хэрэгслүүдтэйгээр худалдаалагддаг. Шинэ үеийн Хэро 6 хар өнгийн гэрт зориулан бүтээсэн ус нэвтрэхээс хамгаалсан гэр усан дотор 10 метрийн гүн дэх даралтыг тэсвэрлэх боломжтой хэмээн онцолсон юм.

Мөн илүү олон төрлийн өнгө ялгаруулах дэлгэцний сайжруулсан технологийг нэвтрүүлж, автоматаар фокс тохируулагч системийн ажиллах хурдыг нэмэгдүүлсэн юм байна. Түүнчлэн дэлгэц нь мэдрэгчтэй болсон тул хүссэн үедээ бичиж байгаа объектоо ойртуулж, холдуулах боломжтой болжээ. Зах зээлд 499 америк доллараас эхлэн борлуулагдаж байгаа юм.


Categories
мэдээ нийгэм

“Шинэ эхлэл” сургуулийн захирал 10 сая төгрөгийн хахууль авчээ

АТГ-аас Кэмбрижийн сургалттай Ерөнхий боловсролын “Шинэ эхлэл” дунд сургуулийн захирал Л.Эрдэнээг 11 дүгээр сарын 10-ны өдөр саатуулж, бусдаас хахууль авсан үндэслэлээр яллагдагчаар татсан талаар бид өмнө мэдээлсэн. Энэ хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад “С.Эрдэнэ нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс 2019 оны хичээлийн жилийн зургаадугаар ангийн элсэлтийн шалгалтад бусдыг хууль бусаар тэнцүүлж, үүнийхээ төлөө ээж О-ээс нь энэ оны зургадугаар сарын 23-нд 10 сая төгрөгийн хахууль авсан” гэдгийг тогтоосон байна.

Ингэснээр Нийслэлийн прокурорын газраас энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

ӨБХ: “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсов

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 11 цаг 35 минутад гишүүдийн 56,2 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсов.

Монгол Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолын хавсралтаар “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-т тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өөрийн орны өвөрмөц нөхцөл байдал болон олон улсын жишиг, хандлагад нийцүүлэн гурван үе шаттайгаар хөгжүүлэхээр заасан. Түүнчлэн 2014 оны 43 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ногоон хөгжлийн бодлого”, Монгол Улсын Их Хурлын 2016 оны есдүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030”, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, цэнгэг усны нөөц, гол, мөрний урсац бүрэлдэх эх бүхий газар нутгийн тодорхой хэсгийг улсын тусгай хамгаалалтад авахаар заажээ.

Эдгээр тогтоол, шийдвэрүүд хэрэгжихгүй байгаа талаар аймаг, нийслэлийн иргэдээс найман мянга гаруй өргөдөл ирүүлсэн тул өнөөдрийн хуралдаанаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн төрийн бодлого, хуулийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэх шаардлагатай байгааг Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хуралдааны эхэнд онцоллоо.

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хийсэн мэдээлэлдээ, “Монгол Упсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” 2.3.1-д “.. Усны нөөц, гол мөрний урсац бурэлдэх эхийн 50-аас доошгүй хувийг тусгай хамгаалалтад авах”, “Ногоон хөгжлийн бодлого” 3.2.1-д “байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, цэнгэг усны нөөц, гол, мөрний урсац бурэлдэх эхийн 60-aac доошгүй хувийг тусгай хамгаалалтад авч, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 2020 онд нийт нутаг дэвсгэрийн 25 хувь хургэх”, “Ус үндэсний хөтөлбөр”-т “Гол мөрний урсац бурэлдэх эхийн 60 хувьд хамаарах газрын хилийг нарийвчлан тогтоож, улсын болон орон нутгийн хамгаалалтад авна”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр 4.2.1-д “Байгалийн унаган төрхөө хадгалсан газар, цэнгэг усны нөөц, томоохон гол мөрний урсац бурэлдэх эхийн 50-aac доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авна” гэж бодлогын бичиг баримтад заасан. Түүнчлэн гол мөрний урсац бүрдэх эх нь нийт 144,157.6 кв.км талбайг хамардаг ба үүнээс 64,438.45 кв.км талбай буюу 44.7 хувь нь улсын тусгай хамгаалалтад хамрагдсан. Цаашид улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөхөөр 9 аймгийн 29 сумыг хамарсан 3.4 сая га талбай бүхий 22 газрыг Улсын тусгай хамгаалалтад авахаар ажиллаж байна гэлээ.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын зарим нутаг дэвсгэр тусгай хамгаалалттай бүсэд хамаарагдсан боловч тогтоолын зарим заалт хэрэгжихгүй байгааг Ажлын хэсгээс тодруулав. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хийсэн тайлбартаа, тусгай хамгаалалттай газар, нутгийг хамаарах асуудлаар дахин хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн гэсэн бол Ажлын хэсэг, Бат-Өлзий сумын хувьд Улаан цутгалан бол тусгай хамгаалалтын бүсээс чөлөөлөх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан болохыг тодотгов.

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, аялал жуулчлалын зориулалт нэрийн дор Хөвсгөл нуур орчимд газар олголт эмх замбраагүй болсон төдийгүй гадаадын иргэд үйл ажиллагаа явуулж буй талаар нутгийн иргэдээс гомдол ихээр ирүүлж байна. Үүнд ямар зохицуулалт хийгдэж буй талаар тодруулав. Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр хийсэн тайлбартаа, өнгөрсөн наймдугаар сард томоохон бүрэлдэхүүнтэй ажлыг хэсэг Хөвсгөл аймагт ажилласан. Өнөөдөр ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэнэ, мөн аялал жуулчлалын стандартыг хэлэлцэж, үүсээд байгаа зөрчил, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх болно гэлээ.

Түүнчлэн, Туул гол орчмын тусгай хамгаалалттай бүсэд зөвшөөрөлгүй газар олгосон, обьект барьсан асуудлаар Өргөдлийн байнгын хороо газар дээр нь ажиллаж, үүрэг, даалгавар өгсөн. Өнөөдөр ямар шатанд явж буй талаар Байнгын хорооны дарга М.Оюунчимэг тодрууллаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хуулийн хэлтсийн дарга Ч.Раднаабазар, хууль бусаар обьект барьсан аж ахуйн нэгжид эрүүгийн хэрэг үүсгэж, шалгагдаж байгаа гэсэн тайлбар хийв.

УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авсны дараа үг хэлж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Өргөдлийн байнгын хороо газар нутгаа хамгаалах чиглэлээр тууштай ажиллаж буйд талархал илэрхийлэхийн сацуу Туул голын дагуу газрыг бүхэлд нь тусгай хамгаалалттай бүсэд хамруулж, Туул голтой холбоотой хуулийн төслийг нэн яаралтай өргөн барих тухай санал хэлж байв.

Ийнхүү Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонссоны дараа УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг тусган өргөдөл ирүүлсэн 8 мянга гаруй иргэдийг төлөөлж, Засгийн газарт чиглэл өгөх саналтай буйгаа Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хуралдааны төгсгөлд тэмдэглэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

С.Сарангэрэл: Л.Эрдэнэчулуун дарга хууль бусаар хайрга олборлогчдыг хамгаалж байна

Өргөдлийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх БОАЖ-ын сайдын мэдээллийг сонсож байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл “Туул голын хамгаалалтад авах хуулийг санаачилж, батлуулах шаардлага байна. Туул гол бохирдож, ус нь ширгэж байна. Улаанбаатар хотын 97.5 хувийг ундны усаар хангаж байгаа. Туул голыг тойрсон аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоох, хайрга авахыг хориглосон боловч харамсалтай нь хулгайн замаар тээвэр үргэлжилсээр байгаа. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунд энэ асуудлыг удаа дараа тавьсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар огт арга хэмжээ авахгүй байна. Яагаад Л.Эрдэнэчулуун дарга хууль бусаар хайрга олборлож байгаа, Туул голыг бохируулж байгаа, усыг ширгээхэд хүргэж байгаа аж ахуй нэгжийг хамгаалаад байна вэ? Нийслэлийн мэргэжлийн хяналтын дарга Л.Эрдэнэчулуунд хариуцлага тооцох асуудлыг Өргөдлийн байнгын хороо гаргаж тавих ёстой”гэлээ.

Categories
мэдээ соёл-урлаг

​Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын энэ сарын тоглолтын хуваарь

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид арванхоёрдугаар сард тоглох бүтээлүүдийнхээ жагсаалтыг гаргажээ.

Тэд энэ сарын 1-нд А.Бородин “Игорь ван”, 2-нд А.Бородин “Игорь ван” дуурийг тоглосон билээ.

Арванхоёрдугаар сарын 08-нд Ж.Чулуун “Уран хас” балет

Арванхоёрдугаар сарын 09-нд Ж.Чулуун хүндэтгэлийн “Гала” концерт

Арванхоёрдугаар сарын 16-нд П.И.Чайковский “Шелкунчик” балет

Арванхоёрдугаар сарын 22-нд П.И.Чайковский “Шелкунчик” балет

Арванхоёрдугаар сарын 23-нд П.И.Чайковский “Шелкунчик” балет

Арванхоёрдугаар сарын 29-нд П.И.Чайковский “Шелкунчик” балет

Арванхоёрдугаар сарын 30-нд Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурь