Categories
мэдээ нийгэм

ЭМЯ, НЭМГ-ын хамтарсан ажлын хэсэг СХД, БГД, ЧД-ийн эмнэлгийн нөхцөл байдалтай танилцлаа

Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу ЭМЯ, НЭМГ-ын хамтарсан ажлын хэсэг өнөөдөр эмнэлгийн тусламж үйлчилгээ, томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бэлэн байдалтай газар дээр нь очиж танилцлаа.

ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн чанар аюулгүй байдлын хэлтсийн дарга Я.Амаржаргалаар ахалсан ажлын хэсэг СХД-ийн нэгдсэн эмнэлэг, БГД-ийн эрүүл мэндийн төвийн Хүүхдийн нэгдсэн эмнэлэг, ЧД-ийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн орны ачаалал болон зохицуулалт, эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй танилцаж, нөхцөл байдлыг судаллаа.

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нийт батлагдсан хүүхдийн 165 ортойгоос өнөөдрийн байдлаар 261 хүүхэд хэвтэн эмчлүүлж, 96 ор нэмэлтээр дэлгэн зохицуулалт хийжээ. Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар өдөрт дунджаар 153 хүн үйлчлүүлж, 30 хувь нь хэвтэн эмчлүүлдэг байна. Одоогоор тус эмнэлэгт дутагдсан эм тариа байхгүй, гурван сарын нөөцтэй байгаа аж.

Баянгол эрүүл мэндийн төвийн Хүүхдийн нэгдсэн эмнэлэг нийт батлагдсан хүүхдийн 200 ортойгоос өнөөдрийн байдлаар 262 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 62 орыг дэлгэн зохицуулалт хийжээ. Эрчимт эмчилгээний тасагт дөрвөн хүүхэд хэвтэн эмчлүүлж буй бөгөөд тус эмнэлгийн коридорт хүүхэд хүлээж авсан байдал алга байна. Хүүхдийн нэгдсэн эмнэлэг өдөрт дунджаар 190-250 хүүхдэд амбулаторийн үзлэг хийж, зөвлөгөө өгч 24 цагаар ажиллаж байна.

Чингэлтэй эрүүл мэндийн төв нь нийт батлагдсан хүүхдийн 80 ортойгоос өнөөдрийн байдлаар 154 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 78 ор дэлгэн зохицуулалт хийжээ. Насанд хүрэгчдийн 28 орыг хүүхдийн оронд шилжүүлж, Сэргээн засах болон Ажилчдын амралтын өрөө зэрэг бусад нөөц орон зайд ор дэлгэн, хүүхэд хүлээн авч зохицуулалт хийсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн архивын газрын барилгын хөрөнгө оруулалт ирэх оны төсөвт суулаа

Нийслэлийн архивын газрын шинэ барилгын хөрөнгө оруулалт нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XX хуралдааны II хэлэлцүүлгээр нийслэлийн 2019 оны төсөвт суухаар эцэслэн шийдвэрлэгдээд байна.

Төрийн архивын зориулалтын байртай байх хэрэгцээ шаардлага, үндсэн нөхцөл, олон улсын хотуудын архивын хөгжлийн чиг хандлагыг өөрийн орны хотын архивт баримтлах үүднээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 5-15-д тусгагдсан “Төрийн архивын хадгалалт хамгаалалтын нөхцөлийг хангасан архивын байрыг барьж эхлүүлэх” гэсэн зорилтыг тусгасан.

Тус газар нь 2018 оны 12 дугаар сарын байдлаар нийт 312 хөмрөгийн 1639-2016 оны 165.925 гаруй хадгаламжийн нэгжийг 5 байрны 758.16м2 талбайд хадгалж хамгаалж байна.

Шинэ барилгын газрыг Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/918 дугаар захирамжаар “Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд 2804 м2 газрыг олгосон бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Сүхбаатар дүүргийн долдугаар хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд Нийслэлийн Архивын конторын зориулалттай байр барих газрыг нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан байна.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/1034 дүгээр захирамжаар барилгын зураг төсөв боловсруулах, ажлын гүйцэтгэгчээр нийслэлийн Зураг төслийн хүрээлэн ОНӨААТҮГ ажиллаж, зураг төслийн ажил хийгдсэн. 2015 оны наймдугаар сарын 07-ны өдөр архивын зориулалттай барилгын эскиз зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан.

Уг барилга нь нийт 6025 м2 талбай бүхий Архивын хадгалалт, хамгаалалтын шаардлагад бүрэн нийцсэн оффис, захиргааны 636 м2, нийтийн зориулалт бүхий өрөө, заал, хонгил 2162 м2, лабораторийн зориулалт бүхий 263 м2, хадгаламжийн сангийн 2650м2, техникийн зориулалт бүхий 350 м2 өрөөнүүдээс бүрдэж байна.

Мөн түүнчлэн 2016 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгээс Архивын барилгын гадна инженерийн шугам сүлжээний угсралтын ажил тус тус хийгдсэн бөгөөд нийслэлийн Архивын газрын шинэбарилгын ажлыг эхлүүлэхэд шаардагдах холбогдох техникийн нөхцөлүүд бүрэн гарсан гэж нийслэлийн Архивын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталлаа

НИТХ-ын XX дугаар хурал өнөөдөр хуралдаж, Нийслэлийн 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталлаа.
Нийслэлийн 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийт 4 бүлгийн 26 дэд бүлэгт хамаарах 496 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний биелэлтийг бүрэн хангалттай гэж үнэллээ.
Харин 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд НИТХ, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа газар албад нийт 71 байгууллагаас ирүүлсэн давхардсан тоогоор 1000 гаруй саналыг судлан боловсруулалт хийж, 4 бүлгийн 17 дэд бүлэгт хамаарах 658 төсөл арга хэмжээг багтаасан бөгөөд ийнхүү НИТХ-ын XX дугаар хуралдаанаар баталлаа.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Хувьсахуй” нэртэй бүжгэн тоглолт энэ сарын 6-нд болно

Үндэсний урлагийн их театрын дэргэдэх “Эрхэмсэг” бүжгийн хамтлагийн “Хувьсахуй” нэртэй тоглолт арванхоёрдугаар сарын 06-нд 19:00 цагаас “Corporate convention center”-д болох гэж байна. “Эрхэмсэг” бүжгийн хамтлаг 2012 онд байгуулагдсан. Нийт долоон гишүүний бүрэлдэхүүнтэй. Харин энэ удаагийн тоглолтод таван бүжигчин оролцоно. “Хувьсахуй” тоглолтод урилгаар Гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн, Үндэсний урлагийн их театрын дуучин Ц.Түмэнжаргал, тус театрын эрэгтэй бүжигчид болон жазз дуучин Н.Наранбаатар нар оролцоно.


Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын буцаан олголтын бэлтгэл ажил эхэлжээ

2019 оны нэгдүгээр улиралд олгох НӨАТ-ын буцаан олголтын бэлтгэл ажил эхэлжээ.

Анхны жил буюу 2017 оны нэгдүгээр улиралд нэг хүн дунджаар 57 мянган төгрөгийн буцаан олголт авч байсан бол 2019 оны нэгдүгээр улиралд нэг хүн дунджаар 150 мянган төгрөгийн буцаан олголт авах урьдчилсан тооцоолол гараад байгааг Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв улсын үйлдвэрийн газрын Технологи хариуцсан захирал Б.Биндэръяа хэлж байсан юм.

2019 оны нэгдүгээр улиралд олгох НӨАТ-ын буцаан олголтыг авахын тулд Ebarimt системийн хэрэглэгч Та хувийн мэдээллээ зөв оруулсан эсэхээ шалгаарай.


Categories
мэдээ нийгэм

Икао нисэхийн сургалтын төвийн гишүүнчлэлийг сунгалаа

Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-ын “Trainair PLUS” хөтөлбөрийн “Жинхэнэ” гишүүн байгууллагын гэрчилгээ сунгах давтан аудит шалгалтад ИНЕГ-ын Нисэхийн сургалтын төв амжилттай хамрагдаж гишүүнчлэлийн хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгалаа.

Олон улсын иргэний нисэхийн байгууллагын “Олон улсын сургалтын төв”/Global Aviation Training Office/-өөс “Trainair PLUS” хөтөлбөрийн гишүүн улс орнуудад хөтөлбөрийн шаардлагыг хангасан эсэхийг тогтоох албан ёсны шалгалтыг гурван жил тутамд зохион байгуулдаг юм. Үүний дагуу ИНЕГ-ын Нисэхийн сургалтын төв энэ оны долоодугаар сарын 2-6-ны хооронд шалгалтад хамрагдаад байсан.

Нисэхийн сургалтын төв өнөөдрийн байдлаар авиа компаниуд болон бусад алба салбар, хэлтэс, нэгжүүдэд зориулан нисэхийн англи хэл, Нислэгийн удирдагчийн сургалт, нисэхийн аюулгүй байдал зэрэг олон сургалтыг зохион байгуулдагаас гадна зэрэглэл олгохоос бусад төрлийн анхан болон ажлын байрны, сэргээх, шилжих, онцгой тохиолдлын гэх мэт сургалтуудыг явуулдаг.

ICAO-ийн аудитын шалгалт нь сургалтын байгууллагын үндсэн үйл ажиллагааны дагуу 10 бүлэг сэдвийн хүрээнд 123 асуултаар

  1. Байгууллага;
  2. Үйл ажиллагааны заавар;
  3. Сургалтын хөтөлбөр, сургалтын арга барил;
  4. Сургалтын хэрэгцээ, шаардлагын үнэлгээ
  5. Барилга байгууламж, тоног төхөөрөмж;
  6. Хүний нөөц;
  7. Тайлан, бүртгэл;
  8. Чанарын удирдлагын тогтолцоо;
  9. Сургалтын менежментийн систем
  10. Аюулгүй ажиллагааны удирдлагын байдлыг шалгасан байна.

Шалгалтын дүнд ИНЕГ-ын Нисэхийн сургалтын төв нь “Trainair PLUS” хөтөлбөрийн “Жинхэнэ” гишүүн байгууллагад тавигдах шаардлагыг бүрэн хэмжээнд хангаж байна гэж дүгнэжээ. Тиймээс Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-аас Нисэхийн сургалтын төвийн “Trainair PLUS” хөтөлбөрийн “Жинхэнэ” гишүүнчлэлийн хугацааг 2019.01.01-ний өдрөөс 2021.12.31-ний хүртэл сунгалаа.

“TRAINAIR PLUS” гэдэг нь ИКАО-ын “GAT- Global Aviation Training Office” сургалтын байгууллагаас байгуулсан сургалтын хамтын ажиллагааны хөтөлбөр юм. Өөрөөр хэлбэл, ИКАО нь олон улсын түвшинд агаарын тээврийн салбарт аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг бүрэн хангасан үйл ажиллагааг сайжруулах, тогтвортой хөгжлийг бий болгох, олон улсын сургалтын нэгдсэн нэг стандарт, шаардлагыг хэрэгжүүлэх, олон улсын иргэний нисэхийн салбарын нийт ажилтнуудын мэдлэг, ур чадвар, чадавхыг хөгжүүлэх зорилгоор “TRAINAIR PLUS” хөтөлбөрийг нэгдсэн байдлаар хэрэгжүүлдэг.

ИНЕГ-ын Нисэхийн сургалтын төв ИКАО-ийн дээрх стандарт, шаардлагыг бүрэн хангасан орчин үеийн сургалтын арга барил, техник технологийг нэвтрүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, сургах зорилгоор “Trainair PLUS” хөтөлбөрт 2012 онд гишүүнээр элссэн.

Улмаар ИКАО-ын аудит шалгалтаар 2012 онд “Дэмжигч” гишүүнчлэлтэй болж, 2016 онд “Жинхэнэ” гишүүн байгууллагын эрхийг эзэмшин үйл ажиллагаагаа явуулан “Trainair PLUS” хөтөлбөрийн 108 сургалтыг эх орондоо зохион байгуулах боломж бүрэн нээгдсэн. Ингэснээр олон улсад чиглэсэн сургалтын зардлыг хэмнэх, олон улсын сургалтуудыг эх орондоо хямд зардлаар зохион байгуулах, нутагшуулах, ИКАО-д баталгаажуулсан, стандартчилагдсан сургалтын багц хөтөлбөрөөр сургалт зохион байгуулах зэрэг олон талт ач холбогдлолтой ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албатай хамтран нисэхийн мэдээллийн менежментийн мэргэжилтэн бэлтгэх “Aeronautical information management specialist-021/122/AIS AIM SPC” стандартчилагдсан сургалтын багц хөтөлбөрийг боловсруулж Олон улсын иргэний нисэхийн байгууллага/ИКАО/-аар албан ёсоор баталгаажуулсан. Ингэснээр Монгол Улсын Иргэний нисэхийн салбар анхны олон улсын сургалтын багц хөтөлбөртэй болсон юм. Энэхүү олон улсын сургалтыг зөвхөн Монголын ИНЕГ олон улсад зохион байгуулах эрхийг эзэмшиж 2017, 2018 онуудад бусад улс орны нисэхийн салбарын мэргэжилтнүүдийг эх орондоо цуглуулан сургалт явуулсан. Австрали, Бангладеш, Непал, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын болон өөрийн улсын ИНЕГ-ын холбогдох мэргэжлийн боловсон хүчинг хамруулсан дээрх олон улсын сургалтыг зохион байгуулснаар гадаад улс оронд өндөр өртгөөр мэргэжилтэн бэлтгэх дотоодын зардлыг хэмнээд зогсохгүй гадаадын мэргэжилтнүүдийн сургалтын зардлыг эх орондоо татсан ач холбогдолтой болсон юм.

Нисэхийн сургалтын төв энэ онд ИНЕГ, түүний харьяа байгууллага, алба, салбарын мэргэжилтнүүдэд “Нисэхийн мэдээллийн менежментийн мэргэжилтэн”, “Агаарын тээврийн эдийн засаг ба зохицуулалт”, “Агаарын тээврийн урьдчилсан мэдээ/прогноз” зэрэг олон улсын зайн болон танхимын сургалтуудыг эх орондоо зохион байгуулж ажилласнаар гадаад сургалтад зарцуулах 185 мянга орчим ам.долларыг хэмнэх боломж бүрдүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Aviation exchange форум зохионо

ИНEГ-ын Мэдээллийн тeхнологи, инноваци, судалгаа хөгжлийн албанаас Aviation Exchange форумыг санаачлан жил бүр зохион байгуулахаар болсон. Энэ жилийн форум Aviation Exchange – Digital Innovation сэдвээр 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Hunnu Cinema кино театрт зохион байгуулагдана.

Уг форумын зорилго нь:

  • Иргэний нисэхийн салбарт дижитал инноваци ба дижитал шилжилтийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах;
  • Мэдээллийн технологийн чиглэлээр тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх, ашиглаж буй систем, программ хангамжуудын харилцан уялдааг хангах;
  • Оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх;
  • Цаашид нэвтрүүлэх систем, программ хангамжуудын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох;
  • Дижитал өгөгдөл солилцоонд суурилсан, систем төвтэй орчинд шилжих бэлтгэл ажлыг эхлүүлэх.

Форумд ИНЕГ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, IT Zone ХХК, IT Tools ХХК, Ерөнхий зориулалтын нисэхийн холбоо, TT Tools ХХК болон Дроны холбооны төлөөллүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://aviationexchange.mn/ вэб хуудас болон Aviation Exchange Forum facebook page-ээс авна уу.

Categories
мэдээ нийгэм

“Алтан үзэг” наадам боллоо

Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхимээс жил бүр зохион байгуулдаг оюутны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан үзэг” сэтгүүл зүйн улсын наадмыг энэ жил Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, МУИС, МУБИС-иуд хамтран зохион байгууллаа. “Алтан үзэг” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр болж шалгарсан бүтээлүүдэд шагнал гардууллаа.

Ес дэх жилдээ зохион байгуулагдаж буй уг наадамд сэтгүүл зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 их дээд сургуулийн оюутнууд нийтлэл, телевизийн нэвтрүүлэг, радио нэвтрүүлэг, нийгмийн реклам, мультимедиа нийтлэлийн төрлөөр нийт 305 бүтээл ирүүлсэн байна.

Оюутнууд “Нийслэлийн иргэдийн эрх зүйн боловсрол болон Хотын соёл” сэдвийн хүрээнд сэтгүүл зүйн дээрх таван төрлөөс нийт 80 гаруй бүтээл ирүүлж, шалгарсан гурван бүтээлийн эздийг Нийслэлийн Засаг даргын нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан байна гэж НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргаар Л.Батжаргалыг сонголоо

Говь-Алтай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн зургаадугаар хуралдаанаар тус аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг олонхийн саналаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн төлөөлөгч Л.Батжаргалд хүлээлгэн өгөв.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтуудыг ноцтой зөрчиж, хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа гэх үндэслэлээр Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзоригийг өөрчлөх саналыг зарим төлөөлөгчид гаргасны дагуу хурлаар хэлэлцсэний эцэст түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Ийнхүү Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зургаадугаар хуралдаанаар төлөөлөгч Л.Батжаргал олонхийн саналаар даргаар сонгогдсон бөгөөд уг хурал гурав дахь өдрөө үргэлжилж байгаа ажээ.

Categories
мэдээ улс-төр

Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнгийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн Ц.Цолмон Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнгийн Суурин төлөөлөгч Крейг Кастаньяг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. УИХ-ын Тамгын газар, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн хамтран АНУ-ын Конгрессын Ардчиллын түншлэлийн дэмжлэгтэйгээр нийтийн сонсгол зохион байгуулах арга зүйн сургалтыг Улаанбаатар хотноо 2018 оны 12 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд, БНСУ-ын Үндэсний Ассамблейн үйл ажиллагаа, нийтийн сонсгол зохион байгуулж буй туршлагатай танилцах арга хэмжээг 12 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо тус тус зохион байгуулахаар ажиллаж байна.

Уулзалтаар талууд энэхүү сургалт, туршлага судлах үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө болон хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцож, сургалтыг чанартай, үр дүнтэй зохион байгуулахад онцгой анхаарч ажиллахаар тогтлоо.

Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал болон албаны бусад хүмүүс байлцав.