Categories
мэдээ цаг-үе

“Опозит” Гантулга: Сонсохоос гадна үзэж хүртдэг болохоор кино миний хувьд хөгжмөөс илүү

“Opozit” хамтлагийн дуучин А.Гантулгатай ярилцлаа.


-Таныг хүүхэд залуус хип хоп хамтлагийн дуучин гэдгээр тань илүүтэй мэднэ. Харин сүүлийн үед кино урлагт хүчтэй орж ирж байна шүү?

-Анх “Опозит” хамтлагт дуулдаг байхдаа 2010 онд “Mongolian best dance crew” реалити шоуны дууг дуулах саналыг тус нэвтрүүлгийн санаачлагч, найруулагч О.Батзориг ахаас хүлээж аваад Vanquish болон дуучин Оргилын хамт дуулж байсан юм. Тэр цагаас өдийг хүртэл О.Батзориг ахтай нөхөрлөж, нийт гурван кино, мөн Монгол HD телевизтэй хамтран монгол хүн бүрийг ариун цагаан хөдөлмөрт уриалан дуудсан “Бригад” төсөл, мөн нижгээд хэмжээний тоглолтын ард цуг ажиллаж гараад байна даа.

-Энэ сарын 30-нд нээлтээ хийх “Шөнө дундын яриа” кинонд та тогложээ?

-Энэ миний тоглосон гурав дахь кино бөгөөд “Шөнө дундын яриа” киноны хоёрдугаар анги.

-2000-аад оны үед “Шөнө дундын яриа” нэвтрүүлэг бол монголчуудыг хуйлруулж л байсан. Тэр нэвтрүүлгээс сэдэвлэж хоёрдугаар ангийг нь хийж байгаа болохоор бас л аймшгийн кино байх даа?

-2013 онд гарсан “Шөнө дундын яриа” кино өмнө нь Монголд төдийлөн хийгдэж байгаагүй төрлөөр буюу аймшгийн, инээдмийн хослосон жанраар бүтэж байсан л даа. Одоо гарах гэж байгаа хоёрдугаар анги ч бас комеди, хоррор хослосон маш хурц өгөгдсөн нөхцөлтэй адал явдлаар дүүрэн кино болсон. Ер нь өмнө нь хийгдсэн киноноосоо илүү өргөн цар хүрээг хамарсан, маш олон хүний нөр их хөдөлмөр шингэснээрээ онцлог юм болов уу. “Шөнө дундын яриа-1” мөн одоо 30-нд нээлтээ хийх хоёрдугаар ангийн зохиолыг би О.Батзориг ахтай хамтран бичсэн л дээ. ЦЕГ, ОБЕГ, ЗХЖШ бидэнд мөн туслалцаа үзүүлж хамтран ажилласан. Энэ удаагийн кинонд бас урд нь төдийлөн туршиж үзээгүй зураг авалтууд хийгдсэн байгаа. Манай киноны зураг авалтын 90 хувь нь Дархан хотод хийгдсэн. Дарханы символ болох саяхан л Монголын хамгийн өндөр барилга байсан 16 давхраас орлон тоглогчгүйгээр бууж үзлээ . Энэ дашрамд Дархан хотын Онцгой байдлын газрын залуустаа баярласнаа илэрхийлье. Үзэгчдийн хүлээлт маш их байгаа нь анзаарагдаж байгаа. Нээлт дөхсөн болохоор их догдлолтой л хүлээж сууна даа.

-Хөгжим, кино хоёр хэдийгээр урлаг гэдэг нэг нэрийн дор явдаг ч хоорондоо маш их ялгаатай. Танд ямар ялгаатай мэдрэмж өгдөг вэ?

-Дуу хөгжим хийхдээ үгээ бичихдээ ч юм уу тархиндаа хар зураг буулгаж байгаад бичдэг. Кино, дуу хөгжим хоёрыг урлагийн хувьд харьцуулшгүй ч гэсэн миний хувьд надад ирдэг мэдрэмж нь төстэй. Хоёр өөр арга замаар л хүнд хүрч байгаа болохоос аль аль нь эцсийн шатандаа хүмүүст хүрч үнэлэлт дүгнэлт өгдөг болохоор тэр байх. Киног сонсохоос гадна үзэж хүртдэг болохоор кино миний хувьд илүү.

-“Опозит” хамтлагийн сүүлийн үеийн уран бүтээл гэвэл?

-Манай хамтлагийн Г.Энэрэл дуу хөгжимдөө тууштай анхаарал хандуулж байгааг залуус мэдэх нь мэдэж байгаа байх аа. Иймд найзаараа их бахархдаг. Бид хоёрын хувьд дуу хөгжим хийж эхэлснээс хойш буюу 2006 оноос хойш гэж тоолбол бараг 12 жил болжээ. Энэ хугацаанд биднийг сонсож, дотоод мэдрэмжүүдийг маань хуваалцаж ирсэн, одоо ч юу ч хийсэн дэмжиж байдаг сонсогч залуустаа маш их баярладаг. Анх дуу хийж эхэлснээс хойш өдийг хүртэл бид хоёрын дуунуудад хандах хүмүүсийн хандлага сайн хэвээр байгаа нь харагддаг. Цаг үеэ дагаж бидний сонсдог хөгжим, амьдрах хэмнэл, сонирхол өөрчлөгдсөн хэдий ч бид уран бүтээлийн хувьд адилхан хувьсаж чадсан нь тэр юм болов уу. Яг хамтлагийн тухайд хамт нэг зүйл дээр ойрын хоёр жил ажиллаагүй байгаа. Харин миний хувьд “Шөнө дундын яриа 2” киноны дуун дээр хамгийн сүүлд ажиллалаа.

-Тоглосон кинонуудынхаа дууг нь дуулдаг уу?

-Заавал киноны дуу гээд кинотой холбогдолтой дуу хийх дэмий санагддаг. Өмнөх хоёр кинон дээр ч бас зүгээр дуулмаар санагдсанаа л дуулсан. Энэ удаа ч мөн адил. Гэхдээ энэ удаа нэг тийм онцгой зүйл хиймээр санагдсан. Найруулагч О.Батзориг ахын дүү, миний найз “Punk and rap” хамтлагийн дуучин О.Батхүлэг амьд ахуйдаа хийж байсан хүнд хүргэж амжаагүй байсан дууны хоолойг авч ашигласан л даа. Хэлж чадахгүй ч гэсэн дурсан санаж байгаагаа илэрхийлж чадах нэг арга зам юм уу даа. Дууны хувьд ч бас их хүлээлттэй байгаа нь анзаарагдаж байгаа. Энэ киноны дуу миний хийж байсан хамгийн сайн дуунуудын нэг болсон.

-Тэгвэл та киноныхоо нээлтийг хүлээгээд л догдолж байгаа юм байна даа?

-Тэгэлгүй яахав. Киноныхоо нээлтийг үзэгчидтэйгээ хамт мөн догдлон хүлээж байна. Одоо урилга хэвлэх, тараах зөндөө ажилтай явж байна. Нээлтэн дээр уулзацгаая. Ярилцлаганд урьж оролцуулсан “Өдрийн сонин”-ы хамт олонд маш их баярлалаа.


Categories
мэдээ нийгэм

Билгийн тооллын 29, Онгоц одтой, хар бич өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 6, Бархасбадь гариг. Билгийн тооллын 29, Онгоц одтой, хар бич өдөр. Өдрийн наран 8:23 цагт мандан, 17:07 цагт жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Дутсан юм илүүднэ” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Дутсан юм илүүднэ” хэмээн өгүүлжээ.

“Ардчилсан нам улс төрд шинэ соёл, эрүүл хандлагыг эхлүүлж байгаагаа зарлав” хэмээн “Улс төр” нүүрт өгүүлсэн байна.

Бодлого судалгаа хөгжлийн газрын дарга Ж.Оюунчимэг: Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаанд сайжирсан үзүүлэлт гарсан гэж “Улс төр” нүүрт ярьжээ.

Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми: Том компаниуд жижиг, дунд үйлдвэрлэгчдийн зээлийг хамж салбарыг нь эзэлчихээд байна хэмээн “Эдийн засаг” нүүрт ярив.

“Өдрийн сонин”-нд Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл “Ардчилалд хүрэх зам – бодит түүх” -(1989/12/01-05-ны өдрийн тэмдэглэл)-ийг “Улс төр” нүүрт бичжээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Алтны ангуучдын лобби үеийн үед хүчтэй байдаг хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

Давж заалдах шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Ууганбаяр: Хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэж байгаа гол хүмүүс нь оюутнууд байдаг хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярьжээ.

“Эрхүүгийн их сургуулийн зуун жилийн түүхэн ойд оролцсон нь” хэмээн “Аян замын тэмдэглэл” нүүрт өгүүлжээ.

Дэд професор Х.Ариунаа: Нисвэл ниснэ, зогсвол унана хэмээн “Багш” нүүрт ярьжээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд: Миний чөлөөлөгдөх өргөдлийг Ерөнхий сайд өөрийн эрх мэдлийн хүрээнд шийднэ гэж “Улс төр” нүүрт ярив.

“ХНХЯ-наас “Ахмад настныг тэтгэвэрт бэлтгэх” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна” хэмээн “Энэ тухай” нүүрт бичсэн байна.

Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж: Өмгөөллийн тухай хуулийг батлах нь хүний эрхийг хамгаалах үйлсэд чухал нөлөө үзүүлнэ хэмээн “Энэ тухай” нүүрт ярьжээ.

“Орост бид сүүлчийн боломжийг олгож байна” хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт бичив.

“Авьяаслаг сэтгүүлч, том сонин хоёр л анхны ярилцлагыг чинь гоё, ухаалаг болгож өгдөг юм” хэмээн “Энэ өдөр” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэхэд хүмүүсийн хандлагыг өөрчлөх чухал гэв

Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэл нь жендэрийн тэгш бус байдлаас бий болдог бөгөөд тэгш бус байдлыг улам дэвэргэж байдаг. Энэ нь хүний эрхийн зөрчил төдийгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд эрх мэдлийн тэгш бус байдлыг илэрхийлдэг. Гэхдээ өнөөдөр жендэрийн асуудлыг хоёрхон хүйст хамааруулж ойлгох, судлах, хэлэлцэх нь учир дутагдалтай болжээ. Бусад хүмүүсийн эрх үүнд хамааралтай хэмээн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг илтгэлдээ дурдаж байлаа.

Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэхэд хүмүүсийн хандлагыг өөрчлөх чухал гэв

“Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэх нь: Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт онол, практикийн бага хурлыг Хүний эрхийн Үндэсний Комисс Гадаад харилцааны яамтай хамтран зохион байгуулсан бөгөөд Цагдаагийн ерөнхий газар “Жендэрээс үүдэлтэй тэмцэх цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хохирол нөхөн төлүүлэх үйл ажиллагаа”, Улсын ерөнхий прокурорын газар “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг шалгах шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал”, Хууль сахиулах их сургууль “Гэр бүлийн хүчирхийлэл, өнөөгийн байдал”, “Жендэрээс үүдэлтэй холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтын тогтолцоо” зэрэг сэдвээр илтгэл тавьж оролцлоо. Хууль сахиулах байгууллагын түвшинд тулгамдаж буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам, сайн туршлагыг харилцан солилцож, хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, мэдээллийн нэгдсэн сүлжээтэй болох зэрэг асуудлыг хөндөн хэлэлцлээ.

Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэхэд хүмүүсийн хандлагыг өөрчлөх чухал гэв

Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэл нь хүний эрх, эрүүл мэнд, үндэсний хөгжилд өргөн хүрээнд нөлөөлсөн нийгмийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. хамгийн түгээмэл тохиолддог ч, цөөн мэдээлэгддэг хүний эрхийн зөрчил юм. Хүчирхийлэлд өртөгсдийн олонх нь хүчирхийллийг мэдээлэхгүй байгаа нь тэдэнд үзүүлдэг тусламж үйлчилгээний хувилбар, боломж хязгаарлагдмал, хүчирхийлэл үйлдэгчийг бус хохирогчийг буруутгах хандлага бүхий нийгэм, соёлын хэм хэмжээ давамгайлж байгаатай холбоотой хэмээн оролцогчид үзэж байна.

Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэхэд хүмүүсийн хандлагыг өөрчлөх чухал гэв

Хурлын нээлтэд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатар нар оролцож үг хэллээ.

Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэхэд хүмүүсийн хандлагыг өөрчлөх чухал гэв

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил 2018 оны эхний 10 сарын байдлаар 32 878 бүртгэгджээ. Энэ нь нийт гэмт хэргийн дуудлага, мэдээллийн 3.8-6.8 хувийг эзэлж байна. Зарим тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч хүчирхийлэл үйлдэгчийг шүүх, цагдаагийн байгууллагад өгөхөөс илүү, хүчирхийлэгчийн зан үйлийг засч авахыг хүсдэг тул албадан болон сайн дурын сургалтыг зохион байгуулах, хамтарсан багаар ажиллаж төлөвшүүлэх зан үйлд сургах хэрэгцээ шаардлага байгааг Цагдаагийн байгууллагын төлөөлөл хэлж байв. Хохирогчийг хамгаалах түр байрны хүртээмж, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ, хууль сахиулах байгууллагын ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтад хамруулах, иргэд, төрийн байгууллага хамтарсан баг, бүлэг байгуулан ажиллах, хүчирхийллийг цаг алдалгүй мэдээлэх боломжийг бүрдүүлэх, мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгох, олон нийтийг татан оролцуулах, хүмүүсийн хандлагыг өөрчлөх зэрэг олон санал дэвшүүллээ.

Categories
мэдээ спорт

​Чөлөөт бөхийн “Аланы” олон улсын тэмцээнд манай долоон тамирчин хүч үзнэ

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Аланы” олон улсын тэмцээн арванхоёрдугаар сарын 8-9-нд ОХУ-ын Хойд Осетийн нийслэл Владикавказад болно. Кавказын дэвжээнд манай улсаас долоон тамирчин оролцох бөгөөд 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Н.Насанбуян, 61 кг-д спортын мастер Б.Баасанжаргал, 65 кг-д спортын мастер Б.Наранболд, 74 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ, 86 кг-д ОУХМ Г.Ганхуяг, 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл нар хүч үзэх юм. Шагналын сан өндөртэй тус тэмцээнд олимп, дэлхийн аварга Сослан Рамонов, Владимир Хинчегашвили, Шарип Шарипов, дэлхийн хошой аварга Гено Петриашвили, нэг түрүүтэй Георгий Кетоев, Хетик Цаболов тэргүүтэй олон шилдэг бөхчүүд зодоглохоор болжээ.

Categories
мэдээ нийгэм

Нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замын ажил эхэллээ

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж байгаа Нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замын эхний 1,5 км замыг барих ажлыг өнөөдөр эхлүүлжээ. Уг ажлыг УБТЗ-ын Зам засварын машинт станцын хамт олон, Замын 4-р ангийн замчид хамтран гүйцэтгэх юм байна. Төмөр бетон дэр, Р-65 зам төмөр, Английн пандрол бэхэлгээтэй уг төмөр замыг хугацаанаас нь өмнө ашиглалтад өгөхөөр төлөвлөжээ. Уг төмөр замын ерөнхий гүйцэтгэгчээр УБТЗ ажиллаж байгаа бөгөөд туслан гүйцэтгэгчээр үндэсний хэд хэдэн компани сонгогдсон юм байна. Одоогоор төмөр замын далангийн ажил 94 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэнэ.

Нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замын ажил эхэлжээ

Нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замын ажил эхэлжээ

Categories
мэдээ спорт

Петер Шмейхель мэндчилгээ ирүүлжээ

Дэлхийн домогт хаалгач Петер Шмейхель Монголд ирэхэд долоо хоног үлдлээ. Уулзах цаг мөч улам ойртсоор буйд Петер Шмейхелийн ч сэтгэл хөдлөж, Монголын хөлбөмбөг сонирхогчдод мэндчилгээ ирүүлжээ.


Categories
мэдээ нийгэм

IV бүсийн сургалт боллоо

‘’Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх’’ үндэсний хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн 28 хороог нутаг дэвсгэрийн байршлаар 4 бүсэд хуваан эрх зүйн сургалт, сурталчилгааны өдөрлөгийг шат дараатай зохион байгуулдаг. Өнөөдрийн сургалтад дүүргийн 8,10,11,12,20,23,28 дугаар хорооны 100 гаруй зохион байгуулагч, хэсгийн ахлагч нар хамрагдсан байна. Сургалтаар Монгол улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/01 дүгээр захирамж, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын А/07 дугаар тушаалыг тус тус танилцууллаа.

Сургалтаар дүүргийн Тамгын газрын эрх зүйн мэргэжилтнүүд Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн онцлог зохицуулалт болон түүнтэй холбоотой видео шторкыг албан хаагчдад үзүүлсэн байна.

Түүнчлэн албан хаагчдад газар олголт, хөдөлмөр эрхлэлт, өв залгамжлал, гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлаар холбогдох хуулиудын зохицуулалтыг тайл таниулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн эмнэлэгүүдэд 850 хүүхдийн ор нэмэлтээр дэлгэлээ

Нийслэлд Томуу, томуу, төст өвчний улиралд Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн орны ачаалал аравдугаар сараас гуравдугаар сард дээд хэмжээнд хүрдэг. Иймээс ЭМС-ын тушаал, НЗД-ын захирамжаар батлагдсан “Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, идэвхжил, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны календарьчилсан төлөвлөгөө”-г тус тус хэрэгжүүлэн ажиллаж байна. 2017 онд Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд 60 ортой, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд 50 ортой хүүхдийн эмнэлэг, 2018 онд Баянзүрх нэгдсэн эмнэлэгт 100 ортой эмнэлгийг тус тус шинээр барьж, ашиглалтад оруулсны үр дүнд нийслэлд хэвийн үед хүүхдийн 977 орыг ажиллуулж байна. 2018-2019 оны Томуугийн улиралд нийслэлийн хэмжээнд болон Дүүргийн эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн ор зохицуулах нэгдсэн төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд нөөц орон зайг ашиглаж нэмэгдүүлэх 354 ор, хүүхдийн оронд шилжүүлэх насанд хүрэгсдийн 496 ор нийт 850 орыг нэмэлтээр дэлгэхээр төлөвлөснөөр 1827 орон дээр тусламж, үйлчилгээг үзүүлэх боломжтой болсон. Энэхүү төлөвлөгөөний дагуу нэмэлтээр оруудыг үе шаттайгаар дэлгэн 12-р сарын 04-ний байдлаар 1311 хүүхдийн орон дээр Томуу, томуу төст өвчтэй хүүхдийг хэвтүүлэн эмчилж байна. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 64350 үзлэг хийгдснээс томуу, томуу төст өвчтэй 2811 тохиолдол оношилогдсон буюу нийт үзлэгийн 4.4%-ийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшингөөс өөрчлөлтгүй, өнгөрсөн оны мөн үеэс 0.2%-иар бага байна. Нийт өвчлөгсдийн 41.6%-ийг 0-1 нас, 25.4%-ийг 2-4, 13.8%-ийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байна гэж НЭМГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Зургаан компанийн хувьцааны ханш өслөө

Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 222,921,785 төгрөгийн үнийн дүн бүхий 2,338,357 ширхэг хувьцаа арилжсан байна. Үүнээс 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөв. Арилжаагаар 10 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байв. Тодруулбал, “Жинст-Увс” ХК-ийн JIV хувьцаа 14.77 хувиар, “Хөвсгөл Алтан Дуулга” ХК-ийн ADU хувьцаа 5.37 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Орхондалай” ХК-ийн ORD хувьцаа 12.50 хувиар, “Улсын Их Дэлгүүр” ХК-ийн UID хувьцаа 5.30 хувиар буюу хамгийн их уналттай байв. Энэ өдөр “TOP 20” индекс 0.44 хувиар өсч 19581.19 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,308,319,757,122.13 төгрөг боллоо.