ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ хамтран өнөөдөр Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
1. Дэлхий дахинд:
Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүсийн улс орнуудад томуугийн идэвхжил улирал хоорондын түвшинд байна. Өмнөд болон Зүүн Өмнөд Азийн улс орнуудад томуугийн идэвхжил нэмэгдэж байна. Дэлхий дахинд томуугийн А хүрээний вирус эргэлтэд байна.
2. Улсын хэмжээнд:
2018 оны 11 дүгээр сарын 26-аас 12 дугаар сарын 02-ыг дуустлах долоо хоногт улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 5.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 0.2 хувиар их, сүүлийн 3 жилийн дунджаас 0,9 хувиар бага байна.
Хүн амын дунд томуугийн вирус эргэлтэд ороогүй харин амьсгалын замын синцитиаль вирус, риновирус зонхилон давхар эргэлтэд байна.
3. Нийслэлийн хэмжээнд:
Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгийн 4.4 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өмнөх долоо мөн үетэй ижил түвшинд, өнгөрсөн оны мөн үеэс 0.1 хувиар их, сүүлийн 3 жилийн дунджаас 2,8 хувиар бага байна.
Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн 977 хүүхдийн орон дээр нэмэлтээр 334 зөөврийн орыг нэмж зохицуулалт хийсэн ба одоогийн байдлаар 1311 хүүхэд (үүнээс 1059 нь амьсгалын замын халдварт өвчтэй) хэвтэн эмчлүүлж байна.
Томуугийн улирал эхэлсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлгүүдэд 7 хоног тутам хуваарийн дагуу ажиллаж, тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж байна.
Хүүхдийн орны тоог нэмэхэд анхаарч нэмэлт ор дэлгэх, насанд хүрэгчдийн орыг шилжүүлэх зэргээр зохицуулалт хийх болон шаардагатай эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг хангаад байна. Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртсгасан цагаар ажиллуулах, хүүхдийн эмнэлэг, хүүхдийн түргэний зөвлөгөө өгөх утсыг 24 цагаар ажиллуулж байна.
Улсын хэмжээнд 125,000 хүн тун томуугийн вакциныг татан авч нийслэлийн 160 цэцэрлэгийн 2-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан, эрүүл мэндийн ажилтныг дархлаажууллаа.
Томуу, томуу төст өвчний үүсгэгчийн онцлог, зонхилон илрэх шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх арга, эмчилгээний энгийн аргуудын талаар ЭМЯ, ХӨСҮТ, НЭМҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газрын цахим хуудас, нийгмийн сүлжээний хуудсаас дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.