Categories
мэдээ нийгэм

Авлигын эсрэг сурталчилгааг автобусаар дамжуулж хийнэ

Авлигатай тэмцэх газрын санаачилгаар Нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар смарт карт ХХК-тай “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т өнөөдөр гарын үсэг зуржээ. Тус байгууллагууд хамтран ажилласнаар автобуснууд авлигын эсрэг сурталчилгаа “хийдэг” болох юм байна. Тодруулбал, зорчигчийн U-money цахим карт дээр авлигын эсрэг сурталчилгаа хэвлэгдэнэ, буудал зарладаг цахим дэлгэцээр авлигыг мэдээлэх утасны дугаар урсдаг болж буй аж.

Categories
мэдээ нийгэм

“Дижитал Монгол” нээлттэй хэлэлцүүлэг болж байна

Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй “Дижитал Монгол” олон улсын нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Новотел зочид буудалд эхэллээ. “Мэдлэгээ хуваалцаж, хамтдаа хөгжье” уриан дор зохион байгуулагдах нээлттэй хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, үүрэн холбооны операторууд, олон улсын байгууллага, харилцаа холбооны салбарын үйлчилгээ эрхлэгч, МУИС, ШУТИС-ийн төлөөлөл зэрэг нийт 200 хүн оролцож байна. Тэд нийгэм, эдийн засгийн бүх салбарт бизнесийн болон хэрэглээний шинэ чиг хандлагыг бий болгоод байгаа дижитал эдийн засаг түүний тогтвортой хөгжил, бодлого, шинэчлэлийн талаар хэлэлцэх юм. “Дижитал Монгол” хэлэлцүүлгийг нээн ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ХХМТГ-ын дарга Б.Чинбат, ОУЦХБ-ын хөгжлийн товчоо, газрын дарга Земал Хусейнович, ХХЗХ-ын дарга Г.Чинзориг нар үг хэллээ. “Дижитал Монгол” хэлэлцүүлэг “Дата дэд бүтэц”, “Дижитал үйлчилгээний хүртээмж”, “Апп эдийн засаг-Санхүүгийн салбар, туршлага”, “Дижитал орчин дахь хэрэглэгчийн хөгжил” гэсэн дөрвөн хэсэгт өрнөнө. Дэд бүтэц гэхээр шилэн кабель ярьдаг байсан нь өдгөө өөрчлөгдсөн. Дижитал орчин дахь дэд бүтэц бол том өгөгдөл. Тиймээс хэлэлцүүлгийн эхний сэдэв “Дата дэд бүтэц” бөгөөд Өгөгдөл хамгаалах хуулийн төслийн талаар холбогдох хүмүүс илтгэл тавьж байна.

Categories
мэдээ туслах-ангилал улс-төр

Ирц хүрээгүй учир Ёс зүйн дэд хорооны хуралдаан хойшиллоо

УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хуралдаан ирц хүрээгүйн улмаас 14.30 цаг хүртэл түр хойшиллоо. ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд хөнгөлөлттэй зээл авсан тухай асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэхийг шаардаж, УИХ-ын гишүүд, ТББ-ууд болон иргэдээс хэд хэдэн шаардлага ирсэн байна. Үүний дагуу Ёс зүйн дэд хороог өнөөдөр 09.00 цагт хуралдуулахаар товлосон ч ирц хүрсэнгүй.

Categories
мэдээ нийгэм

НИТХ-ын ээлжит хуралдаан эхэллээ

Image result for НИТХ

НИТХ-ын ээлжит хуралдаан дөнгөж сая эхэллээ. НИТХ –ын дарга С.Амарсайхан “45 төлөөлөгчөөс 25 төлөөлөгч ирлээ. Үлдсэн төлөөлөгч хүндэтгэх ажилтай учир чөлөөлсөн болно. НИТХ-ын дэгийн дагуу төлөөлөгчийн ирц бүрдсэн тул хурал нээснийг мэдэгдье” гэв. Одоо хотын дарга С.Батболд 2019 оны нийслэлийн төсвийн төслийг танилцуулж байна.

Categories
мэдээ спорт

Монголын хөлбөмбөгийн холбоо “AFC Awards-2018” шагнал хүртжээ

Оман улсад Азийн хөлбөмбөгийн холбооны оны шилдгийг шалгаруулах “AFC Awards-2018” зохион байгуулагдлаа. Монголын хөлбөмбөгийн холбоо 2018 онд гаргасан амжилт, хийсэн ажлаараа дүгнэгдэж “Шилдэг холбоо”-“Aspiring association of the year” шагналыг хүртсэн байна. Азийн хөлбөмбөгийн холбооны шагналыг МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатарт гардан авчээ. Монголын хөлбөмбөгийн холбооноос “Монгол Улсад хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх их үйлст бие сэтгэлээ зориулан ажиллаж буй бүх хүмүүстээ, ямагт бидэнтэй хамт байж дэмждэг фанатууд та бүхэндээ баярлалаа” хэмээн цахим хуудсаараа дамжуулан талархлын сэтгэгдлээ хуваалцсан ажээ.

Categories
мэдээ улс-төр

ХНХ-ын сайд С.Чинзориг уучлал гуйхыг шаардлаа

Image result for С.Чинзориг

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өчигдрийн хийсэн мэдээлэлд нэр дурдсан зургаан сайдын нэг нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг байсан. Тэгвэл уг асуудалд ХНХ-ын сайд С.Чинзориг тайлбар хийлээ. Тэрбээр “Засгийн газрыг огцруулах асуудалтай холбоотойгоор улс төрчид нэгнийгээ ор үндэсгүй гүтгэх байдал газар авлаа. Намайг “Бээвэр” гэдэг компаниараа дамжуулан 300 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл цацагдаж байна. Би насаараа төрд алба хашиж байгаа хүн. Амьдралдаа нэг л удаа “Соёмбо консалтинг” гэдэг зөвлөх үйлчилгээний компани байгуулж байсан. Бусад гишүүдтэй адил олон компанигүй. Миний бие “Бээвэр” гэдэг компанитай ямар ч холбоогүй. Миний үр хүүхэд, ах дүүсийн дунд тийм компанитай хүн байхгүй. Миний сонгогдсон тойрог 12 сумтай. Би тойрогтоо нэг суманд 2-3 жижиг, дунд үйлдвэрийн төсөл бичиж өг гэдэг чиглэл өгсөн. Үүнийг би ХХААХҮ-ийн яаманд уламжилсан. Эдгээрээс 40 хувь нь л зээл авсан. Энэ нь нийтдээ 250 орчим сая төгрөгийн зээл юм билээ. Тийм учраас энэ асуудлыг гаргаж байгаа УИХ-ын гишүүдийг надаас болон манай тойргийн иргэдээс уучлал хүсэхийг шаардаж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Такси НӨАТ-ын баримт олгодог болно

Гааль, татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төв УҮГ-ын захирал Ц.Орхонтамир, Онлайн такси үйлчилгээний UBCAB апп хөгжүүлэгч ЮБИ КАБ ХХК-ний гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр Таксигаар үйлчлүүлсэн иргэд НӨАТ-ын Е баримт авах боломжийг бүрдүүлжээ. Тодруулбал Улаанбаатар хотод олон улсын жишигт нийцсэн онлайн такси үйлчилгээ нэвтрүүлж буй дотоодын тэргүүлэгч инженер залуучуудаас багаа бүрдүүлсэн ЮБИ КАБ ХХК өөрсдийн хөгжүүлсэн Апп-ыг Е-баримт системтэй бүрэн холбож, интеграци хийж дууссан байна. UBCAB Апп хөгжүүлэгч ЮБИ КАБ компанийн гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр “Бид UBCAB 3.0 хувилбар дээрээ НӨАТ-ын урамшууллын системтэй бүрэн интеграц хийж Монголд анх удаа такси төлбөрийн баримт буюу Е-баримт олгох боломжийг бүрдүүллээ” хэмээн хэллээ. Эл үйлчилгээг нэвтрүүлснээр үйлчлүүлэгчид таксигаар үйлчлүүлэх бүртээ Е-баримт авахаас гадна жолооч нарт бодит үр нөлөөгөө өгч эхлэх юм. Жишээ татвал, 15 жил тасралтгүй таксинд явж байгаа жолооч өдөртөө 60-100 мянган төгрөгийн орлого олдог ч санхүүгийн хэрэгцээ гарахад орлого тодорхойлох боломжгүй гэдэг шалтгаанаар банкнаас нэг ч удаа зээл авч чадаагүй байдаг аж. Харин UBCAB онлайн такси үйлчилгээний жолооч нар UBCAB Апп-аар олсон орлого бүр нь татварын баримтаар баталгааждаг болсноор сардаа 3,9 хувийн хүүтэй банк бус санхүүгийн байгууллагад хандах бус бизнес эрхлэгчдийн адил арилжааны банкнаас ердийн нөхцөлөөр автомашины зээл ч юм уу, ямар нэгэн санхүүгийн үйлчилгээ авахад саадгүй болно.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар Ёс зүйн дэд хороонд дахин хандлаа

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ёс зүйн дэд хороонд “60 тэрбум”-ын хэрэгт нэр холбогдсон хүмүүст хариуцлага тооцох тухай албан бичгийг дахин хүргүүллээ. Тэрээр, “УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнөөдөр хуралдаж, ЖДҮХС-тай холбоотой асуудлыг хэлэлцэхээр товлосон байна. Миний бие энэ оны 08 дугаар сард УИХ-ын дарга М.Энхболдын нэр холбогдсон “60 тэрбум”-ын гэх хэргийг уг дэд хороогоор хэлэлцүүлэх албан бичиг хүргүүлсэн ч хариу өгөөгүй. Тиймээс өнөөдөр уг бичгээ Ёс зүйн дэд хороонд дахин хүргүүлж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Гадаад, дотоодын тэтгэлэгийн мэдээллийг “ТЭТГЭЛЭГ АППЛИКЭЙШН”-ээс аваарай

Өөрийгөө сорьж, амьдралдаа өөрчлөлт хийхийг хүсч байна уу? Олон улсад чанартай боловсрол эзэмшиж дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхахаар зорьж байгаа залуу танд дуулгах сайхан мэдээ байна. Үүнээс хойш тэтгэлгийн тухай мэдээ хайж, хэзээ зарлагдсан нь тодорхойгүй цахим мэдээ, постон дунд төөрч үнэтэй цаг заваа алдах шаардлагагүй болжээ.

Дотоодын тэтгэлгүүд болоод Америк, Австрали, Англи, Япон, Герман, Хятад, Солонгос, Орос, Тайван гээд боловсролоор тэргүүлэгч улс орнуудын бүх төвшний тэтгэлэгт мэдээг цаг алдалгүй, хурдан шуурхай, үнэн зөвөөр танд хүргэх “Тэтгэлэг” аппликейшнийг гар утсан дээрээ татаж аваарай.

Тус аппликейшнийг татан авснаар бакалавр, магистр, докторын зэрэг олгох тэтгэлэгт мэдээллээс гадна богино хугацааны серфтикат олгох сургалт, мэргэшил дээшлүүлэх дамжаа, дотоодод зарлагдаж буй гээд бүх төрлийн тэтгэлэгүүд талаарх мэдээллийг зарлагдсан даруйд нь гар утсандаа хүлээн авах боломжтой аж.

Апп-ыг хэрэглэснээр:

-Гадаад, дотоодын тэтгэлгийн мэдээллийг цаг алдалгүй авна

-Тэтгэлгээр хэрхэн суралцсан талаарх сонирхолтой зөвлөгөө, ярилцлагуудын хүлээн авна

-Тэтгэлэг аппликэйшн шинэчлэгдэж та өөрийгөө илэрхийлэг профайлтэй болсон

-Та ижил зорилго, тэмүүлэлтэй залуустай тодорхой сэдвийн хүрээн хэлэлцүүлэг хийх боломжтой

-Тусгай бүртгэлд бүртгүүлснээр зөвхөн танд зориулсан мэдээллийг хүлээн авах болно.

-Таны цаг завыг хэмнэнэ.

Мөн та байнга шинэчлэгдэх мэдээлэл дундаас тэтгэлэгт өрсөлдөх шалгууруудыг өөртөө бий болгож, дэлхий даяар өндөр боловсрол эзэмших мянга мянган боломж бийг олж харах болно. “Тэтгэлэг аппликэйшн” -ийн хөгжүүлэлтийн багийн залуус оюутан байхад, одоо ч гэсэн өөрс

Татаж авах:

Апп-аа татна. Android, ios

App store – татаж авна уу.

Play store – с татаж авна уу.

Энэхүү апп нь мэргэжлийн IT хөгжүүлэгчийн шинэлэг санаачлагаар хэрэглэгчдийн санал шүүмж, технологийн дэвшлээр нэг жилийн хугацаанд байнга шинэчлэгдэж, шинэ хувилбаруудыг гаргасаар байх болно.

Холбоо барих:

Web: www.Tetgeleg.mn

Mail: info@tetgeleg.com

phone: +976 9929575

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зөвлөмж хүргүүлэв

Амьсгалын замын цочмог халдвар буюу томуу, томуу төст өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч болон булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинж тэмдгээр илэрснээр өвчлөл, хүндрэл үүсгэдэг. Иймд уг өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-аас гаргасан энэхүү зөвлөмжийг хүргэж байна.

-Өвчлөхөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл, дархлааг сайн байлгах явдал юм. Тиймээс аминдэмээр баялаг, чанартай хоол хүнс болон жимс, жимсгэний шүүсийг тогтмол хэрэглэх, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, ажил амралтаа зөв зохицуулах, хангалттай амрах шаардлагатай.

-Амьсгалын замын цочмог халдвар буюу томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтад хамрах явдал юм. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.

-Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэн нөхцөлд малгай, ороолт, бээлий хэрэглэх, амны хаалт зүүх.

-Гараа тогтмол савандаж сайн угаах.

-Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөөнд агаарын бохирдол бага цагаар агаар оруулж, агаар сэлгэж байх, өдөр бүр тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх.

-Амьсгалын замын цочмог халдварын шинж тэмдэг илэрвэл харьяа Өрхийн эрүүл мэндийн төвд хандаж, эмчид үзүүлэх.

-Өвчилсөн тохиолдолд гэртээ байж эмчийн зөвлөсөн эмчилгээ, дэглэмийг мөрдөх хэрэгтэй. Цэцэрлэг, сургуулийн багш, эмч нар болон эцэг, эхчүүд өвчтэй хүүхдийг аль болох гэрт нь тусгаарлан эмчлэх нь өвчний эдгэрэлтэд сайнаар нөлөөлөхөөс гадна бусад хүүхдэд амьсгалын замын цочмог халдвар тархахаас сэргийлэх ач холбогдолтой.