Монгол Улсын Засгийн газар, Европын холбоотой хамтран хэрэгжүүлж буй Монгол Улс-Европын холбооны хүний эрхийн диалогийг дэмжих төслийн хүрээнд “Хүүхдэд ээлтэй эрүүгийн эрх зүйн тогтолцоо: Өсвөр насны хүний хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа” сэдвээр хурал зохион байгуулсан юм. Энэ үеэр өсвөр үеийнхний үйлдэж буй гэмт хэрэг, түүнээс гарах нөлөөллийн талаар Хууль сахиулахын их сургуулийн удирдлагын академийн дэд профессор, доктор Ю.Бадамхандтай ярилцлаа.
-Хүүхэд үйлдэж буй гэмт хэргийн гаралт хэр их байна вэ?
– 2013-2017 онд нийт 5150 гэмт хэргийг насанд хүрээгүй хүмүүс үйлдсэн. Энэ нь сүүлийн таван жилийн судалгаагаар ялимгүй буюу 3.7 хувиар буурсан үзүүлэлт боловч зарим онуудад өссөн үзүүлэлт ажиглагдсан. Харин хүүхдийн эсрэг буюу хүүхэд хохирсон гэмт хэрэг өссөн. Ер нь насанд хүрээгүй хүмүүсийн үйлдэж буй гэмт хэрэгт буурах хандлага ажиглагдаагүй. Үүнээс бэлгийн эрх чөлөөний буюу хүчингийн гэмт хэрэг, хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэргүүд хамгийн их буюу өсөх магадлалтай байна. Мөн хулгай дээрэм, залилан мэхлэлт, бусдын бие махбодыг гэмтээх зэрэг хэргүүд нь өндөр хувийг эзэлж байгаа.
-Хорих ялаар шийтгэгдсэн хүүхдүүдийн хэдэн хувь нь ялаа биечлэн эдэлдэг вэ?
-Жилд дунджаар 454 насанд хүрээгүй этгээд шүүхээс ял сонсч байгаа.Үүний 70.1 хувь нь хорих ялаар шийтгэгдсэн. Харин 3.3 хувь нь хорихоос өөр төрлийн ял эдэлсэн, 26.6 хувь нь хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан юм. Мөн хорих ялыг биечлэн эдэлсэн нь 9.3 хувийг эзэлж байгаа бол 2.5 хувь нь тэнсэн харгалзах, 8.8 хувийнх нь ял хойшилсон байдалтай байна.
-Хар тамхи, хүчинтэй холбоотой хэрэг нэмэгдэж байна гэлээ. Энэ талаар дэлгэрүүлээд яривал?
-Энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн үед нэмэгдэж байгаа нь үнэн. Дэлхийн хөгжлийн нэг сөрөг нөлөө нь байж болох талтай. Хуучин бол цавуу, бензин, газ үнэрлэх зөрчил хүүхдүүдийн дунд нэлээд гарч байсан бол сүүлийн үед мансуурахтай холбоотой бодис хэрэглэх зэргээр төрөл хэлбэр нь өөрчлөгдсөн. Хэрэглэж үзсэн, хэрэглэж байсан хүүхдүүдийн тоо өсөх хандлага ажиглагдаж байгаа. Гэхдээ хүүхдүүд өөрсдөө мансууруулах бодис хадгалаад, тээвэрлэн, худалдах явдал нь насанд хүрсэн хүмүүсийг бодвол бага байна. Мөн насанд хүрээгүй этгээдүүдийн үйлдсэн гэмт хэргүүдээс хүчиндэх гэмт хэрэг 84 хувийг эзэлж буй.
-Хүүхдүүд ямар тохиолдолд гэмт хэрэг илүү их үйлдээд байна?
-Хүүхэд дангаараа гэмт хэрэг үйлдэхээс гадна бүлэглэн хэрэг үйлдэх тохиолдол гардаг. Мэдээж насанд хүрээгүй хүмүүс дангаараа гэмт хэрэг үйлдээд явах чадваргүй. Мөн “өнөөдөр нэг гэмт хэрэг үйлдье” гэж бодоод явдаг хүүхэд гэж байхгүй. Тухайн үеийн нөхцөл, хууль эрх зүйн мэдлэг дулимагаасаа болоод гэмт хэрэгт орооцолдох нь элбэг. Архи ууж байгаад, эсвэл өчүүхэн зүйлээс болоод муудалцан нэгнээ зодож гэмтээх тохиолдол бий.
-Нийгмийн аль давхаргад өссөн хүүхдүүд гэмт хэрэгт илүү их холбогдож байна вэ?
-Дунд, дундаас доод амьжиргааны түвшинд өссөн хүүхдүүд гэмт хэрэг үйлдэх, өртөх нь давамгайлж байгаа. Гэхдээ боломжийн гэх тодотголд өссөн хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох нь бага хэдий ч тодорхой хэмжээнд бий. Энэ нь эцэг, эхийн хараа хяналт, хэт дураар нь өсгөх болон цахим орчны замбараагүй хэрэглээнээс шууд хамааралтай. Үүнээс болоод л буруу үйлд автах үзэгдэл хүүхдүүдэд илүү ажиглагдаад байгаа юм. Мөн хүүхдүүд нэгнээ урвуу татах нь их байдаг.
-Гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдийн ар гэрийн нөхцөл нь ямархуу байдаг юм бол?
-Хүүхэд хэрэгт холбогдох үндсэн шалтгаан нь гэр бүлийн таагүй харилцаатай холбоотой. Үүнд, эцэг, эх нь салсан, хагас болон бүтэн өнчин, хойд эцэг, эхтэйгээ байдаг хүүхдүүд орно. Мөн эцэг, эхийнх нь аль нэг нь архи уудаг, ажилгүй, өрхийн орлого муу болон гэрт нь байнга хэвтрийн хүн байдаг, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан хүнтэй хамт байх зэрэг нь хүүхдийг гэмт хэрэгт холбогдоход гол нөлөө үзүүлдэг. Хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүмүүсийн ихэнхээс нь ийм ар гэрийн нөхцөл байдал илэрдэг. Нийгмийн хяналт сул, янз бүрийн зүйлд уруу татагдахад амархан болсон энэ үед эцэг, эхчүүд цаг, наргүй их ажилтай байлаа ч хүүхэдтэй тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байна. Тухайн өрхийн ерөнхий хүмүүжил нийгэмд зөв хүн гарч ирэхэд их нөлөөлдөг.
-Хоригдож байгаад гарч ирсэн хүүхдүүд дахин гэмт хэрэг үйлдэх магадлал хэр их байдаг вэ?
-Ийм тохиолдол бий. Яагаад гэхээр өмнө нь ял эдэлж байгаад гарч ирсэн хүүхдүүдийг хүлээж авах нийгмийн орчин нь бэлтгэгдээгүй байдаг. Иймд тухайн хүүхэд дахин гэмт хэрэг үйлдэх магадлалтай байдаг юм. Сургууль, гэр бүл, найзууд нь хоригдож байгаад гарч ирсэн хүүхэдтэй “эвэртэй туулай үзсэн юм шиг” харьцдаг нь тэднийг ганцаардуулдаг.
-Хүүхэд гэмт хэрэг үйлдэхээс гадна хэргийн золиос болох тохиолдол их бий. Ялангуяа охин хүүхдүүд хүчирхийлэлд өртөж буй талаар нэлээд сонсогдох боллоо…
-Ер нь хүүхэд хохирсон ч бай, хэрэг үйлдсэн ч бай тэдэнтэй холбоотой гэмт хэргийг буруутгах хандлагаар харьцахгүй байх хэрэгтэй. 13 настай хүүхэд бэлгийн хүчирхийллийн золиос болоод нас барчихаад байхад түүнийг өөрөө буруутай байсан мэтээр хандах нь маш буруу. Хүүхдийн эсрэг буюу хүүхэд хохирсон гэмт хэрэг 2013-2017 оны байдлаар нийт 7242 бүртгэгдэж, 7354 хүүхэд хохирсон байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь 2014 онд нийт үйлдэгдэж буй хэргийн 9.8 хувийг эзэлж байсан бол өнгөрсөн оны байдлаар нийт гэмт хэргийн 31.4 хувийг эзлэх олсон. Өөрөөр хэлбэл, хүүхдийн эсрэг үйлдэгдэх гэмт хэрэг таван жилийн дотор 12.3 хувиар нэмэгдсэн гэсэн үг.
-Хүүхдийн эсрэг гэмт хэргийг ямар хүмүүс түлхүү үйлдэж байна вэ?
-Насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэгдэх гэмт хэргийн 76.4 хувь нь хүчиндэх, биед нь хүнд гэмт хэрэг учруулах гэдэг ангилалд хамаарч байсан. Нийт хэргийн дийлэнхийг нь буюу 41.3 хувийг нь хойд эцгүүд үйлдэж байна. Мөн төрсөн хүүхдээ зодож, гэмтээх, хүчиндэх тохиолдол нийт хэргийн 36.4 хувийг эзэлж буй. Харин хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэх гэмт хэрэг сүүлийн таван жилд ер бүртгэгдээгүй.
-Энэ насныхны дунд архидан согтуурах хандлага хэр байна вэ. Магадгүй энэ нь гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлэг ч нэг хэсэг нь байж болох уу?
-Ер нь хүүхдүүдийн дунд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэх зөрчил нь насанд хүрэгчидтэй шууд хамаатай. Түүнийг хэрэглэх сэдлийг нь өдөөж байгаа нь том хүмүүс. Учир нь хүүхдийн хажууд архи ууж, согтуурч, агсам тавьж байна. Мөн архинд явуулж буй нь гэнэн, томоогүй хүүхдэд тухайн зүйлийг хэрэглэж болно гэсэн сэдлийг төрүүлээд байгаа юм. Бас үсэглэлийн баяр, бага, дунд, ахлах ангийнхны төгсөлтийг нийллэг маягаар тэмдэглэн, оргилуун дарс задлах хандлага нь өөрөө “наргиж явах гоё” гэсэн хандлагыг суулгаад байна.
-Багадаа гэмт хэрэг үйлдэн ял эдэлж байсан хүүхдүүд насанд хүрээд хэрэгт холбогдох нь хэр их байдаг вэ?
-Гэмт хэрэгтэн хүний хүүхэд гэмт хэрэгтэн болно гэсэн онолыг бид мартах хэрэгтэй. Багадаа алдаж байсан хүнийг гэмт хэрэгтэн гэдэг нүдээр бус алдсан, эндсэн гэдэг үзлээр хар. Хамгийн гол нь тэднийг зөв хүмүүжүүлж, нийгэмшүүлэх нь чухал. Хэдий ял эдлэн хоригдож байсан ч зөв хүмүүжүүлбэл дахин хэрэгт холбогдохгүй байх боломж бүрэн бий гэв.
Эрүүгийн эрх зүйн харилцаанд хүүхдийн тухай юу гэж тусгасан байдаг талаар Европын холбооноос Монгол Улсын хүний эрхийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх төслийн зөвлөх М.Ичинноровоос тодруулав
-Манай улсад өсвөр насны хүүхдүүдийн үйлдсэн хэргийг хянан шийдвэрлэх орчин ямар байна вэ?
-Хүүхдэд ээлгүй орчин бий болоод удаж байна. Ер нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа хүмүүсийн мэдлэг, чадвар, сэтгэлгээтэй холбоотой доголдол их бий. Цаасан дээр баталсан хууль эрх зүй нь хангалттай сайн боловч, үүнийг хэрэгжүүлэх хүмүүсийг мэргэжлийн талаас нь бэлтгэх хэрэгтэй байна. Ялангуяа, насанд хүрээгүй үедээ хэрэг үйлдсэн хүүхдүүдэд ихэвчлэн хорих ял оноогоод байгаа нь олон улсын стандартаас хол ухарчихсан яваад байгаагийн нэг илрэл болоод буй. Хүүхдийг өөрчлөгдөх магадлал хамгийн өндөр хүмүүс гэж үздэг. Тэгэхээр аль болох хүүхдэд хохир ял оноож, нийгмээс тусгаарлалгүйгээр хамт олон дунд нь хүмүүжүүлэх хэрэгтэй. Гаднын улсад гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдэд буруу үйл хийсэн гэдгийг нь бие махбодоор нь бус сэтгэл зүйгээр нь дамжуулан ойлгуулахыг оролддог юм. Ер нь муу хүүхэд гэж байдаггүй. Муу орчин, муу нөлөөнд өссөн хүүхэд л гэж бий. Орчныг нь сайжруулах замаар хүүхдүүдтэй харьцах хэрэгтэй. Мөн алдаа гаргасан хүүхдийг уучлалт гуйлгах аргаар шийтгэх нь ирээдүйн хүмүүжилд нь сайнаар нөлөөлдөг. Хүнлэг энэрэнгүй хайрласан тогтолцоонд хүүхдийг шийтгэж, ял зэм оноодог байх нь зөв шүү дээ.
-Аав, ээжүүд хүүхдэдээ болохгүй зүйлийг хэрхэн зөвөөр ойлгуулах ёстой вэ?
-Манай аав, ээжүүд хүүхдээ загнахдаа “шоронгийн хадаас болно доо чи”, “ингээд яваад байвал колонд ачуулна шүү” гэхчлэн муу үгээр зэмлэж хүмүүжүүлдэг. Гэмт хэргийг зөвөөр ойлгуулах гэхээсээ илүүтэй эцэг, эхчүүд өөрийн хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлээрээ хүүхдийнхээ ирээдүйг тодорхойлж байдаг. Амаар хэлж байгаа үг болгон биеллээ олдог. Тэгэхээр хүүхэдтэйгээ харилцах харьцаандаа “Чи тэнэг, мулгуу, мангар” гэдэг үгийг аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй. Өөрсдийнхөө хандлагыг өөрчлөх нь гэмт хэргийг зөвөөр ойлгуулахаас илүү чухал. Мөн боловсролын системд нь хэрхэн багаасаа ёс суртахуун, этиктэй хүн болж өсөх вэ гэдэг хичээлийг суулгаж өгөх хэрэгтэй байна. Ингэж чадвал хүүхэд багаасаа хүнийг хайрлаж сурна. Монголчууд бидэнд ёс зүйн чиг баримжаа дутагдаад байна. Гэмт хэрэг үйлдэгдэж буй суурь шалтгаан нь ядуурал, ажилгүйдэл, нийгмийн харгис орчинтой шууд хамаатай. Гэмт хэргийг бууруулж, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд нийгэм, эдийн засаг, улс төрийн зөв бодлогын нөлөө их бий.
-Хүүхдийн үйлдсэн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа гэж байдаг. Энэ үед гэмт хэрэг үйлдсэн хүүхэдтэй ялтан шиг харьцаж, тулган шаардах замаар мэдүүлэг авдаг гэсэн. Харин бусад орнуудад тусгай зориулалтын өрөөнд ярилцах маягаар хүүхэдтэй ойлголцохыг эрхэмлэдэг гэнэ. Энэ ер нь Монголд ямар байдаг юм бол ?
-Ер нь сүүлийн хоёр жилийн хугацаанд цагдаагийн мөрдөн байцаах албаны боловсон хүчний мэдлэг чадвар тодорхой хэмжээнд дээшилж байгаа. Хохирогч, гэрч, гэмт хэрэг үйлдсэн хүүхэдтэй хэрхэн харьцах талаар тусгай хүмүүсийг бэлдэж байна. Гэсэн хэдий ч яг энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс бага насны хүүхэдтэй насанд хүрсэн гэмт хэрэгтэн шиг харьцдаг гэж хэлэхэд болно. Насанд хүрээгүй гэрч хохирогчтой ажиллаж байгаа хуулийн байгууллагын ямар ч ажилтан сэтгэл зүйн бөгөөд үйл хөдлөлийн хувьд өндөр мэдрэмжтэй байх ёстой.
-Хүүхдээс мэдүүлэг авах тусгай өрөө гэж манайд байдаг болов уу?
-Уг нь тусгай өрөөнүүдийг байгуулж өгсөн. Гэсэн хэдий ч энэ нь хангалтгүй байна. Би Баянзүрх дүүргийн шүүхэд ажилладаг байхдаа хүүхдэд зориулсан тусгай өрөө гаргаж өгсөн. Учир нь гэрч, хэрэг үйлдэгч, хохирогч зэрэг хүмүүс нь нэг дороо байвал биендээ ямар нэгэн байдлаар нөлөөлөх үйлдэл гардаг. Гэтэл одоо үүнийг огт ашиглахгүй байгаа нь харамсалтай.
З.МӨНХСУВД