Categories
мэдээ спорт

Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээний шилдгүүд шалгарлаа

Монголын Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит 22 хүртэлх насны залуучуудын хөнгөн жингийн цомын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Спортын төв ордонд боллоо. 10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэ тэмцээний нээлтийн ажиллагаанд МЧБХ-ын дэд ерөнхийлөгч Ж.Түмэн-Аюуш, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч П.Гансүх, Монгол Улсын хөдлөмөрийн баатар, ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны хүндэт ерөнхийлөгч, соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Б.Баяраа, түүний анхны багш О.Мөнхбат, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга болон О.Пүрэвбаатарын гэр бүл, “Аваргууд” академийн хамт олон, найз нөхөд, шавь нар нь оролцов.

Тэмцээнд 17 байгууллагын 120 гаруй тамирчин дөрвөн жинд өрсөлдсөн бөгөөд 57 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Н.Насанбуян, 61 кг-д “Хангай хүчтэн” дэвжээний тамирчин Б.Мөнхзориг, 65 кг-д 73 дугаар сургуулийн тамирчин Б.Буд, 70 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Э.Бямбадорж нар жин тус бүртээ аваргаллаа. Өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын Азийн аварга ОУХМ Н.Насанбуян тус тэмцээнд гурван жил дараалан аваргалж, бусад нь анх удаа түрүүлсэн юм. Тэмцээний шилдэг дасгалжуулагчаар “Хангай хүчтэн” клубийн дасгалжуулагч ОУХМ Д.Гомбодорж, шилдэг шүүгчээр Д.Алтанцэцэг нар тодров.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:

57 кг (41 тамирчин): 1. Нармандахын Насанбуян (Хасу-Мегастарс) 2. Эрхэмбаатарын Алтангэрэл (МУБИС) 3. Батсайханы Ариунболд (Хангай хүчтэн), Б.Баттулга (ҮБТДС)

61 кг (25): 1. Баярцогтын Мөнхзориг (Хангай хайрхан) 2. Базардарийн Гүндсамбуу (Алдар) 3. Бямбасүрэнгийн Ууганбаяр (Баянхонгор), Намдагдоржийн Эрхэмбаяр (Хангай хайрхан)

65 кг (28): 1. Батбаатарын Буд (73 дугаар сургууль) 2. Баасанжавын Будням (ҮБТДС) 3. Ганболдын Чойгажид (Женко), Олонбаярын Сүлдхүү (Хасу-Мегастарс)

70 кг (23): 1. Энхбаярын Бямбадорж (Баянхонгор) 2. Чойжилсүрэнгийн Гэндэн-Яримпил (МУБИС) 3. Хуягтбаатарын Хишигбат (Төгс дэвжээ), Дамжингийн Батзул (Хасу-Мегастарс)

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан болж байна

Image result for Цэц

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан болж байна. Хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хяналтын журмаар дахин хянан үзэж, эцэслэн шийдвэрлэнэ. Хуралдаанд өргөдөл, мэдээлэл гаргасан иргэд, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан оролцож байна.

Categories
мэдээ улс-төр

Л.Оюун-Эрдэнэ гишүүн ЖДҮ-гээ нуух гэж худлаа ярив уу?

Их хурлын гишүүдийн гэр бүлийг баривчлаагүй гэж ЦЕГ-аас хариу ирүүлжээ

УИХ-ы гишүүн Л.Оюун-Эрдэнэ “М.Энхболд гэдэг хүнийг хамгаалах гэж, МАНАН гэх бүлэглэлийн томилгоо нурах гээд байгаа учраас өчигдрөөс бөөнөөрөө ажиллаж эхэлж байна. УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах ажиллагаа эхэлж байна” гэсэн сүржин мэдээллийг өчигдөр хийсэн билээ. Үүний УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын Ерөнхий прокурор болон ТЕГ, АТГ, ЦЕГ-т албан бичиг хүргүүлжээ. Уг албан бичигт “УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “МАНАН-гийн гэх бүлэглэлийн тоглоом нурах гээд байгаа тул хууль, хяналтын байгууллагууд М.Энхболдыг хамгаалахаар ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах ажиллагаа явуулж, гишүүдийг дуудаж, Засгийн газрыг хамгаалбал хэрэгт холбогдуулж шалгана гэсэн мэдэгдэл хийсэн. Дээрх мэдэгдэл үнэн эсэх, УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах ажиллагаа явуулсан эсэх талаар шалгаж, хариу ирүүлнэ үү. Мөн олон нийтэд илтэд буруу мэдээлэл хүрсэн бол залруулж, албан ёсны мэдэгдэл хийнэ үү” гэсэн байна. Үүний хариуд ЦЕГ-аас хариу бичиг ирсэн бөгөөд “УИХ-ын гишүүдийн гэр бүл болон тэдгээртэй хамаарал бүхий иргэнийг баривчлах ямар нэгэн ажиллагаа явуулаагүй болохыг танилцуулъя” гэжээ. Мөн өчигдөр АТГ хэвлэлийн хурал хийх үеэрээ “УИХ гишүүн Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий компани ЖДҮХС-гаас зээл авсан асуудал шалгагдаж байна. Энэ хүний хамаарал бүхий этгээдүүдийг ч шалгаж байна. Түүнээс биш гишүүд, улс төрчдийн ар гэрийнхнийг байцаагаад, цагдан хорьсон зүйл байхгүй. Мөн ар гэрийнхнийг нь албадан барьсан ямар нэгэн асуудал байхгүй гэдгийг албан ёсоор хэлж байна” хэмээсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Оюун-Эрдэнэ ЖДҮ-ийн зээлтэй нэр холбогдоод ирэнгүүт өөрийгөө хамгаалах зорилгоор ийм худал мэдээлэл хийв үү, эсвэл байнга ийм худал зүйл ярьж явдаг хүн үү гэдэгт олон нийт эргэлзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Танхимын дадлага, сургууль явагдаж байна

ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангиас зохион байгуулж буй “Уул уурхайн салбарт ашиглагдаж буй химийн хорт бодисын ослын үеийн менежментийг боловсронгуй болгох, оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэх” сэдэвт сургалт, дадлага хоёрдахь өдрөө үргэлжилж байна.

Энэхүү сургалт, дадлага нь уурхай, уулын үйлдвэрлэлд ашиглагддаг химийн хорт бодисын тээвэрлэлт, хадгалалт, ашиглалттай холбоотой хууль, дүрэм, стандарт, журам, аюулгүй ажиллагааны талаар оролцогчдод онолын мэдлэг олгохоос гадна салбар дундын харилцан ажиллагааны уялдаа, холбоог сайжруулахад чиглэгдэж байгаа юм.

Тиймээс сургалтад оролцож байгаа ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, ЭМЯ, УУХҮЯ, БОАЖЯ, ДЭМБ, ХХЕГ, ЦЕГ, ТЕГ, МХЕГ, ГЕГ, НЭМҮТ, Зэвсэгт хүчний 119 дүгээр анги болон Сэлэнгэ, Төв, Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгийн ОБГ, ЭМГ, МХГ-ын 60 гаруй төлөөлөл бүлэгт хуваагдан уул уурхайн салбарт ашиглагдаж буй химийн хорт бодистой холбогдолтой ослын нөхцөл байдал үүссэн үед аврах, хор уршгийг зохион байгуулах, нөхцөл байдлыг үнэлэх цагийн байдлын дагуу ажиллаж байна.

Түүнчлэн сургалтын хүрээнд улсын хэмжээнд химийн хортой бодисын холбогдолтой ослын үед ашиглах техник, тоног төхөөрөмжийг танилцуулах үзүүлэх сургуулиас гадна осолд нэрвэгдсэн иргэнд эмнэлэгийн тусламж үзүүлэх хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага сургуулиудыг зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж: Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгээ хэзээ ч битгий мартаарай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 94.7 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалж байна. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараагаар гишүүд горимын санал гаргалаа. Гишүүн О.Баасанхүү “Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан хүн хурал даргалах нь ашиг сонирхлын зөрчил үүснэ. Тиймээс дэд сайд Я.Санжмятаваар даргалуулъя гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгээ хэзээ ч битгий мартаарай гэж хэлсэн. Харамсалтай нь эс тоолоо. Харамсалтай санагдаж байна. Өнөөдөр энэ МАН-ын асуудал биш. Монголын төр ямар байдалд хүрснийг, бизнес сүлжээ Монголын төрийг ялзруулсаны гор гарч байна. Ашиг сонирхлын зөрчил гэдгийг дэндүү өргөнөөр нь харуулж байна. Энэ УИХ дотор ашиг сонирхлын зөрчилгүй хүн байгаа юм уу.

Өнөөдөр У.Хүрэлсүх гэдэг Ерөнхий сайдыг огцруулах асуудал ярьж байна. У.Хүрэлсүх гэдэг хүн УИХ-ын гишүүн биш. Үүний дараагаар ҮАБЗ-ийн гурван гишүүн уулз. Та нарыг төрийг тайван байлга гэснээс төрийг бусниул гэж томилоогүй.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл нь ЖДҮХС-гаас зохион байгуулалттай зээл олгосон. Тиймээс зээл авсан гишүүд энэ асуудлыг хэлэлцэхэд хуралдаанд оролцвол ашиг сонирхлын зөрчил үүснэ. Тиймээс хуралдааны танхимаас гаргая.

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ:

Бид энэ хуралдааныг хуульзүйн талаас нь харж, хууль зөрчихгүй байх ёстой. Ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд энэ хуралдаанд оролцохгүй байх зүйтэй. Өөрсдөө мэдэж байгаа. Энэ асуудлыг хуралдаан дээр шийдвэрлэх нь зүйтэй. АН-ын улс төрийн зөвлөлийн шийдвэр гаргасан. АН өнөөдөр Монгол Улсын Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг зохицуулаад явах нь зүйтэй юм.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Бүх ард түмний нүдэн дээр бодит байдлыг ил хэлж байж шийдвэр гаргасан. Сүүлийн хэдэн сар нийгмийг бужигнуулсан үйл явцаас хэн нь хэн бэ гэдгийг таньж авсан байх. Зарим нь шүүхийн өмнөөс шийдвэр гаргах гээд байна. Хуулийн байгууллага шалгаж байна. Хуулийн байгууллагад улс төрийн нөлөөлөө битгий татан оролцуулаач ээ.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-АН-аас Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж байгаа. Эрх баригч намын бүх Засгийн газрыг АН огцруулах байр суурьтай байна. Танай байгуулсан аль ч Засгийн газар оршин тогтох эрхгүй. Яагаад гэвэл амлалт, мөрийн хөтөлбөрөөсөө буцсан.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Хар тамхи хэрэглэж, худалдан борлуулдаг этгээдүүдийг үйлдэл дээр нь баривчиллаа

ЦЕГ-ын дэргэдэх Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хар тамхины хууль бус сүлжээнийхнийг илрүүлэн, баривчилжээ. Энэ сарын 27-28-нд шилжих шөнө буюу өнгөрөгч мягмар гарагт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс хар тамхи хэрэглэж, худалдан борлуулдаг гэх 4-5 хүнийг үйлдэл дээр нь баривчлан саатуулсан байна. Хэргийн газраас эд мөрийн баримтаар метафетамин буюу химийн аргаар гаргаж авсан мөс гэх нэршилтэй бодис,18 кадр гэрэл зураг, сэжигтэн этгээдүүдийн хурууны хээг бэхжүүлжээ. Дээрх этгээдүүдээс биологийн дээж авч шинжлэхэд, хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон тул ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхэллээ. Бүлэг этгээдийн дунд “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит хувьцаат компанийн мэргэжилтэн Э гэгч байсан бөгөөд тэрбээр хар тамхи хэрэглэснээс гадна бусдад худалдан борлуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Сэжигтэн Э-гийн аав нь Монгол Улсын шүүх байгууллагад олон жил ажилласан нэгэн бөгөөд иргэний хэргийн шүүхэд Ерөнхий шүүгчээр ажилладаг тул хэрэгт нөлөөлж магадгүй аж. Хэргийг Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Хар тамхитай тэмцэх хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хот “Ногоон хотууд” хөтөлбөрт нэгдэж байна

Улаанбаатар хот нь Ногоон хотын үйл ажиллагааны төлөвлөгөөг Европын сэргээн босголт хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр боловсруулан байгаль экологи болон дэд бүтцийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Ингэснээр 1.4 сая хүн амтай Улаанбаатар хот, Европын Сэргээн босголт хөгжлийн банкны Ногоон хотуудын хөтөлбөрт нэгдэж буй Азийн анхны хот болох юм.

Ногоон хотын үйл ажиллагааны төлөвлөгөөг БНСУ-ын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх ба Монгол Улсын нийслэлд нэн тэргүүнд тулгамдаж буй байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардлагатай хөрөнгө оруулалтыг тодорхойлж хамтран ажиллах юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх эхний төсөл нь Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл байхаар төлөвлөжээ.

Хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон Европын Сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын тэргүүн хатагтай Ирина Кравченко нар оролцлоо. Мөн Ногоон хотын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах төслийн зөвлөхүүд, оролцогч талуудтай хамтран нийслэлд авч хэрэгжүүлэх нэн тэргүүний арга хэмжээг тодорхойлох семинарыг зохион байгууллаа.

Европын Сэргээн босголт хөгжлийн банкны Ногоон хотуудын хөтөлбөрийн хүрээнд 950 сая еврогийн санхүүжилт хийх боломжтой ба энэ нь хотуудын ногоон хот төлөвлөлтийн бизнес загварыг боловсруулж уг загвараа стратеги төлөвлөгөөндөө тусган хэрэгжилтэнд нь шаардагдах хөрөнгө оруулалтыг хийж, техникийн туслалцаа үзүүлэхэд зориулна.

Ногоон хотуудын хөтөлбөр нь Европын Сэргээн босголт хөгжлийн банкны Ногоон Эдийн Засагт Шилжих аргачлалын нэг хэсэг болох ногоон санхүүжилтийг тэлэх нэг арга зам юм. Европын Сэргээн босголт хөгжлийн банк 2020 он гэхэд банкны жилийн нийт санхүүжилтийн 40 хүртэлх хувийг ногоон санхүүжилт болгон өсгөхөөр зорин ажиллаж байна.

Тус банк нь Монголд хувийн хэвшил, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар төрөлжсөн эдийн засгийг бий болгохоор ажиллаж байна. Үйл ажиллагаагаа 2006 оноос эхлүүлснээс өнөөдрийг хүртэл Монголд Улсад 1.5 сая еврогийн хөрөнгө оруулалтаар100 гаруй төслүүдийг санхүүжүүлээд байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах штабын сургууль эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газраас Зам тээврийн яаманд зохион байгуулж байгаа “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын үеийн гамшгаас хамгаалах зам, тээврийн улсын албаны удирдлага зохион байгуулалт, харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах штабын дадлага сургууль эхэллээ.

Сургуулийн нээлтийн ажиллагаанд ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Мэргэн, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нар оролцлоо.

Дадлага сургуульд гамшгаас хамгаалах зам, тээврийн улсын алба, мэргэжлийн ангийн нийт 50 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдаж байна.

Сургуулийн хүрээнд гамшгаас хамгаалах зам, тээврийн улсын алба, мэргэжлийн ангийн гамшгаас хамгаалах төлөвлөлтийг бодит байдалд нийцүүлэн тодотгох, Онцгой байдлын албаны шинэчлэл, гамшгаас хамгаалах менежментийн хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл өгөх танхимын сургалтуудаас гадна улсын албаны бие бүрэлдэхүүн, шуурхай штабын бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, Монгол Улсын нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, ослын хор уршгийг шуурхай арилгах харилцан ажиллагааг зохион байгуулах цагийн байдлын дагуу ажиллах дадлага сургуулийг зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЭМХТөвийн “Нээлттэй хаалганы өдөр” боллоо

Эрүүл мэндийн хөгжлийн төв “Нээлттэй хаалганы өдөр”-ийг байгууллагын үйл ажиллагааг танилцуулах, эрүүл мэндийн салбарынхан болон иргэд, үйлчлүүлэгчдэд тулгамдаж байгаа асуудлууд, тэдгээрийг хэрэглэгчдэд ээлтэйгээр шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах, санал, хүсэлтийг сонсох зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ.


Энэ удаагийн Нээлттэй хаалганы өдөр магадлан итгэмжлэл авах эрүүл мэндийн байгууллагуудад зөвлөгөө өгөх, Донорын асуудлаар мэдээлэл өгөх, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдэд хөрөнгийн төлөвлөлтийн програм дээр ажиллах дадлага зохион байгуулах зэрэг хэрэгцээт олон мэдээллийг зэрэг хүргэж байгаагаараа онцлог боллоо.

Үүний зэрэгцээ Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлсэн “1:2” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Сувилагчдын мэдлэг чадварыг бататгах”, “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтанд бэлтгэх” сургалтуудын талаар мэдээлэл хүргэж бүртгэл хийгдлээ.
Энэ өдөр 80 орчим хүн 10 байгууллага ирж мэдээлэл авлаа.

Categories
мэдээ улс-төр

Гишүүд, дэмжигчдэдээ ил захидал илгээлээ

МОНГОЛ АРДЫН НАМЫН ГИШҮҮД, ДЭМЖИГЧДЭД ИЛГЭЭХ

ИЛ ЗАХИДАЛ

Сайн байцгаана уу?

Улсын Их Хурлын бидний 27 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах санал гаргаснаа намын гишүүд, дэмжигчид Та бүхэндээ тайлбарлах нь зүйд нийцнэ хэмээн үзэж, энэхүү ил захидлыг илгээж байна.

Сонгуулиас хойшхи хоёр гаруйхан жилийн хугацаанд нэг Засгийн газар сольж, дараагийн Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барьж, хоорондоо талцан мэрэлцэж, төрийн ажлыг ч, намын үйл хэргийг ч хөсөрдүүлж суух Улсын Их Хурал дахь намын бүлгийн гишүүд та нар минь даанч яав даа хэмээн халаглан харамсаж, харууслын үгээ хэлж суугаа намын гишүүд, дэмжигчдээсээ түмэн хүлцэл өчиж, бидний 27 гишүүн төрд өргөсөн тангарагтаа захирагдаж, намын дүрмээ чандлан сахиж, Үндсэн хуулиар олгогдсон үүргээ биелүүлж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах гарцаагүй үндэслэл, шаардлага байгааг учирлан тайлбарлая.

Засгийн газар тогтвортой ажиллах нь чухал. Гэхдээ аливаа Засгийн газрын тогтвортой ажиллах үндэс суурь нь тухайн Засгийн газрын гишүүд төрийн хуулийг ягштал биелүүлж, ёс зүй, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, алдаа гаргавал хариуцлагаа хүлээдэг, тэдгээрт хариуцлага хүлээлгэдэг байх явдал юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын гишүүд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрсдийн болон хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомж зөрчин тэрбум тэрбумаар тараасан нь нэгэнт тогтоогдлоо. Намын зарим удирдах албан тушаалтнууд ч нэр холбогдож байна. Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж ёс зүйн алдаа, магадгүй эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн байж болох Засгийн газрын гишүүддээ ёс зүйн болон улс төрийн хариуцлага тооцох тухай УИХ-ын гишүүд бидний шаардлагад Ерөнхий сайд У.Хүрэлсүх одоо болтол хариу өгөөгүй байна.

Шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн Үндсэн хуулийн суурь заалт, шударга ёсыг дээдэлж, хариуцлагаа ухамсарлах нь Монгол Ардын Намын үйл ажиллагааны нэн чухал зарчим мөн гэсэн намын Мөрийн хөтөлбөрийн заалтыг зөрчсөн энэ бусармаг үйлдлийг эсэргүүцэж, мөн энэ үйлдлийг таслан зогсоож, урьдчилан сэргийлж, хариуцлага тооцож чадаагүйд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг буруутгаж бид асуудлыг өргөн барьсан юм.

Намын эв нэгдэл чухал. Гэхдээ намын эв нэгдэл нь ардчилсан ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчимд суурилах ёстой. Үндсэн хууль, парламентын засаглалыг үгүйсгэж, Монголын ард түмний эв нэгдлийг бусниулах гэсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын хууль бус үйлдлийг хазаарлан зогсоох үүрэгтэй Ерөнхий сайд түүнтэй үгсэн нийлж, Үндсэн хуулийн хүрээнд ажиллах боломжгүй болсноо өөрөө Улсын Их Хурлын индэр дээрээс мэдэгдэж, ард иргэдээ жагсаал цуглаанд уриалсан уулзалт зохион байгуулж Монгол төрийн тогтвортой байдал, нийгмийн дэг журмыг алдагдуулахад хүргэж болзошгүй хариуцлагагүй үйлдэл хийснийг нь бид буруушааж, огцруулах саналыг оруулсан юм.

Монголчууд бидэнд тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаас илүү үнэт зүйлс үгүй. Үүнийг хамгаалж, аливаа халдлагаас урьдчилан сэргийлэх нь Ерөнхий сайдын нэн тэргүүний үүрэг мөн. Гэтэл гадаад гүрний тусгай албад Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн хулгайлах хууль бус үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд ноцтой аюул учрууллаа. Гадаад гүрний албаны хүмүүс энэ үйл ажиллагааг Монголын талтай зөвшилцөж явуулсан гэдгийг албан ёсоор удаа дараа мэдэгдсэн. Энэ хууль бус үйлдлийг зөвшөөрсөн, эсхүл урьдчилан сэргийлж, таслан зогсоож чадаагүй, холбогдох төрийн албан хаагчдад одоо болтол хуулийн дагуу хатуу арга хэмжээ аваагүй Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд улс төрийн хариуцлага тооцох ёстой гэж бид үзэж байгаа юм. “Ард түмнийхээ эрх чөлөө, улс орныхоо тусгаар тогтнолын төлөөх үзэл санаа нь манай намын уугуул өв, үнэт зүйл мөн” гэсэн Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийн нэгдүгээр заалт ч биднийг ийм алхам хийхийг шаардаж байгаа юм.

“Хамтын удирдлага, эв нэгдэл, дотоод ардчилалтай байх зарчмыг баримтлан” ажиллах тухай намын Дүрмийн 1.5 дахь заалтыг У.Хүрэлсүх умартаж, Ерөнхий сайдын болон намын даргын нэр сүрээр далайлгах, шүүмжлэлийг үл ойшоох, үг сөрсөн гишүүн бүрийг айлган сүрдүүлэх, аливаа асуудлыг тушаан захиргаадах аргаар шийдвэрлэх гэж оролдох нь хэрээс хэтэрч, намын ажлаас хальж төрийн үйл ажиллагаанд саад тотгор учруулах хэмжээнд хүрлээ гэж бид үзэж, түүнийг огцруулах асуудлыг өргөн барьсан юм.

Та бүхэн мэргэн оюундаа тунгааж болгооно уу. Зарчим, шударга үнэн ямагт ялан дийлэх хүчтэй билээ.

Та бүхэндээ сайн сайхныг хүсэн ерөөе.

МОНГОЛ ЭХ ОРОН МИНЬ ҮҮРД МАНДАН БАДРАГ.