Categories
мэдээ нийгэм

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт 7 сая еврогийн төсөл амжилттай хэрэгжлээ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 7 сая еврогийн санхүүжилттэй “Эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, суурилуулах, хүний нөөцийг бэлтгэх” төслийг ТТАХНЭ-т амжилттай хэрэгжүүлж дууслаа.
Уг төслийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ХЗДХЯам, ТТАХНЭ, “АМЕ интернэйшнл” компани хамтран хэрэгжүүлэхээр талууд гэрээнд гарын үсэг зурсан бол өнөөдөр нэг жилийн хугацаанд төсөл бүрэн хэрэгжиж төслийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болж байна.

Төслийн хүрээнд 87 нэр төрлийн 180 гаруй тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн суурилуулалтыг бүрэн хийж, эмнэлгийн үйл ажиллагаанд ашиглаж байна. Онцолж хэлэхэд Монгол улсын нэгдсэн эмнэлгүүдийн түүхэнд анх удаа ламинар урсгалтай мэс заслын вакум өрөөнүүд, эрчимт эмчилгээний хэсгийн тоног төхөөрөмжүүд, эмнэлгийн хийн хангамжийн систем угсралт суурилуулалт хийгдсэнээс гадна хэвлийн болон үений дурангийн мэс заслын иж бүрдэл, өндөр хүчин чадал бүхий хэвлийн хөндий, зүрх, тархины өнгөт хэт авиан оношлогооны тоног төхөөрөмжүүд, рентген оношлогоо, ходоодны уян дуран, тархи, мэдрэл, булчингийн цахилгаан бичлэгийн болон нойрны бичлэгийн аппаратыг эмнэлгийн тусламж, үйлчилгээнд ашиглаж байна. Мөн эмнэлгийн түргэн тусламжийн бүрэн тоноглосон автомашинтай болсон. Түүнчлэн ариутгал, халдваргүйтгэлийн хэсэг олон улсын стандартад нийцсэн орчин үеийн тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдлоо.

Төслийн хэрэгжилттэй холбоотойгоор 2018 онд нийт 28 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг Австри, Герман, Хятад, Финлянд улсуудад 14-28 хоногийн хугацаанд мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдлаа.
Төслийн хүрээнд суурилагдсан оношлогоо, шинжилгээний тоног төхөөрөмж ашиглан өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 28300 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлээд байна.

Энэхүү төслийн хүрээнд эмнэлгийн тоног төхөөрөмжийн цогц шинэчлэл хийж, хүний нөөцийг бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгуулж, төсөл бүрэн хэрэгжиж дууслаа.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсад ДОХ-ын халдвар авсан 267 хүн байна

Дэлхий дахинд 37.9сая хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байна.Үүний 34.5 сая (28.8-40.2) насанд хүрэгчид, 2.1 сая (1.7-2.6) <15 насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд жил бүр 1.8 сая хүн (1.6-2.1) шинээр ХДХВ-ийн халдвар авч байна. ДОХ-ын улмаас нас барсан хүний тоо 1.1 сая хүн байна гэсэн мэдээлэл байна.НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн хөтөлбөрөөс 2020 он хүртэл 90:90:90 хөтөлбөр буюу ХДХВ, ДОХ-той хүмүүсийн 90%-ийг илрүүлж, илрүүлсэн хүмүүсийн 90%-ийг РВЭЭ-нд хамруулж, эмчилгээнд хамруулсан хүмүүсийн 90%-ийнх нь вирүсийн ачааллыг бууруулах зорилт дэвшүүлсэн. Дэлхий нийтээрээ жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг “Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Know your status”буюу “Яг одоо шинжилгээнд..”гэсэн уриан дор тэмдэглэнөнгөрүүлж байна. Энэ талаар өнөөдөр ЭМЯ, ДЭМБ, НЭМҮТ, ХӨСҮТ хамтран хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн хуралд ДЭМБ-ын Монгол улс дахь Суурин төлөөлөгчСергей Диордица, НЭМҮТ-ийн захирал Д.Нарантуяа, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны НЭМГ-ыг ахлах мэргэжилтэн Ц.Хандармаа нар оролцлоо.

Монгол улсын эрүүл мэндийн үзүүлэлтээр 2018 оны 11 сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын нийт 267 тохиолдол, нас баралтын 42 тохиолдол бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 61%-ийг 25-39 насны иргэд эзэлж байгаа бөгөөд99% нь бэлгийн замаар дамжсан байна. БЗДХ-тай хүмүүсийн хавьтагчийн 3 хүн тутмын 1-ийг илрүүлж, оношилгоо, эмчилгээнд хамруулж байна. Нийт бүртгэгдсэн БЗДХ-ын 59.7% нь гэр бүлтэй, 32% нь ажилгүй, 50.4%нь 20-29 насны хүн ам байна.
2018 онд хийсэн ХДХВ-ийн халдварын тархалтын тооцооллоор.
2018онд 653хүн ХДХВ-ийн халдвартай байх боломжтой ба үүний 34.4хувийг илрүүлээд байна.
Иймд Та халдвар авсан эсэхээ мэдхийн тулд ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээг 21 аймаг есөн дүүргийн БЗДХ-ын кабенэтэд үнэ төлбөргүй өгч, эмчлүүлж зөвөлгөө мэдээлэл авах бүрэн боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн байгууллагын бэлэн байдлыг хангаж ажиллана

Энэ сарын 30-наас 12 дугаар сарын 1-нд шилжих шөнө Баян-Өлгийн,Увс, Ховд аймгийн нутгаар, 12 дугаарын сарын 1-ний өдөр Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 28-30 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч, хүчтэй салхи салхилж, хүчтэй цасан шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, яаралтай тусламж, гамшигын асуудал хариуцсан холбогдох мэргэжилтнүүдтэй, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл, Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэнүүд цахимаар холбогдож, цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхэд эмнэлгийн байгууллагууд бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголлоо.Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас эрчим хүчний саатал гарах, зам даваа цасанд хаагдах, хальтиргаа, гулгаа, үүсэх, мал уруудах, малчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрах зэрэг хүндрэл үүсч болзошгүй тул аливаа эрсдлээс амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ барьсан Бүгд Найрамдах Чили Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Луис Шмидт Монтесийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Монгол Улсад хавсран суух Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, Монгол, Чили улсууд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах боломж бүрэн байгааг тэрбээр дурдлаа. Уулзалтын үеэр ойрын хугацаанд хоёр орны уул уурхайн асуудал эрхэлсэн яамд хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар тохиролцож, монгол оюутнуудыг уул уурхай, хүнд үйлдвэрийн чиглэлээр Чили Улсад тэтгэлгээр суралцуулах боломжийг судалж байгаагаа чилийн тал илэрхийллээ.

Мөн геологи хайгуул болон уул уурхайн үйлчилгээний салбарт чилийн компаниуд олон улсын төвшинд амжилттай ажиллаж байгаа бөгөөд Монгол Улстай ч энэ чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа Элчин сайд Луис Шмидт Монтесдурдав. Монгол Улсын Засгийн газраас зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах зорилт тавин ажиллаж байгааг дэд сайд Д.Загджав дурдаад, энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьсан. Чили Улс нь сэргээгдэх эрчим хүчний чухал түүхий эд болох зэс, лити зэрэг ашигт малтмалын арвин нөөцтэй, дэлхийн тэргүүлэх үйлдвэрлэгчдийн нэг билээ. Дэд сайд Д.Загджав Элчин сайд Луис Шмидт Монтесийн цаашдын ажилд өндөр амжилт хүсч, хоёр орны уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

ХБН Бразил улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Паулу Эстивалле Де Мескитаг хүлээн авч уулзлаа

Мөн өдөр дэд сайд Д.Загджав Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Паулу Эстивалле Де Мескитаг хүсэлтээр нь хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, хоёр орны уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, бэхжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллахыг дэд сайд Д.Загджав хүслээ. Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ тодорхой нэг төсөл, хөтөлбөрт тусгайлан анхаарал хандуулж, төслийн саналаа ойрын үед ирүүлэхээ Элчин сайд Паулу Эстивалле Де Мескита илэрхийллээ. Энэ нь талуудын цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх эхлэлийг тавина гэдэгт итгэж байгаагаа Элчин сайд дурдлаа.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

Categories
мэдээ нийгэм

ХДХВ, ДОХ-ын эсрэг олон улсын өдрийг “Яг одоо шинжилгээнд…” уриатайгаар тэмдэглэж байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас бэлгийн замаар дамжих халдварт өвчний үеэр харьяа эрүүл мэндийн байгууллагуудын үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, илрүүлэг шинжилгээний хамралтыг нэмэгдүүлэх зорилгоор “Бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх, тусламж, үйлчилгээнд ээлтэй орчин бүрдүүлье” аяныг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 12 дугаар сарын 19-ний өдрийн хооронд зохион байгуулж билээ. Тиймээс нийт ард иргэд, оюутан залуусыг харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвийн бэлгийн замаар дамжих халдварын кабинетад үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдахыг уриалж байна.

2018 оны эхний 11 сарын 15-ны байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 267 тохиолдол бүртгэгджээ. Монгол Улсад албан ёсоор бүртгэгдсэн тохиолдлуудыг авч үзвэл, ХДХВ-ийн халдварын тархалт нийт хүн амын дунд 0.1 хувиас бага, харин бэлгийн цөөнх эрэгтэйчүүдийн дунд 9.2 хувь (ХДХВ, тэмбүүгийн тархалтын тандалт судалгаа 2017) байгаа нь манай улс Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын ангиллаар нийт хүн амын дунд ХДХВ-ийн халдварын тархалт багатай, харин эрсдэлт бүлгийн хүн амын дунд төвлөрсөн тархалттай орны тоонд орж байгаа юм.

2018 онд шинээр 16 тохиолдол оношлогдсон байна. Нас баралтын нийт 42 тохиолдол байгаагаас энэ онд 1 тохиолдол нас баржээ.

Бүртгэгдсэн тохиолдлууд бүгд бэлгийн замаар дамжсан нь тогтоогдсон аж. Өнөөгийн байдлаар цус цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой, мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Нийт бүртгэгдсэн тохиолдлын 20 хувийг 15-24 насны, 40 хувийг 25-34 насны хүн ам эзэлж байгаа юм.

ХДХВ/ДОХ-ын нийт бүртгэгдсэн тохиолдлоос эмэгтэйчүүд 18.4% (n=49), эрэгтэйчүүд 81% (n=216)-ийг эзэлж байна.

Нийт бүртгэгдсэн тохиолдлыг орон нутгийн харьяалалаар авч үзэхэд хөдөө орон нутгийн харьяалалтай 20.6%, Улаанбаатар хотын харьяат 79.4% байна.

ХДХВ БОЛОН БЗДХ ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭ

ХДХВ-ийн халдварын тархалтыг 2020 он гэхэд хяналтандаа авч, цаашид ямар ч улс орны хувьд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал биш болгохоор тавьсан 90-90-90 (2020 он гэхэд ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүсийн 90 хувийг оношилно, оношлогдсон хүмүүсийн 90 хувийг РВЭЭ-нд хамруулна, тэдний 90 хувьд ХДХВ-ийн ачааллыг дарангуйлна.) зорилтын хэрэгжилтийн байдал:

ЮНАЙДС албан ёсоор мэдээлснээр Монгол улс нь ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүсийн 38.4 хувийг оношилсон байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлоос ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээ авч байгаа хүмүүсийн 91.3% нь ретровирүсийн эсрэг эмчилгээ (РВЭЭ)-нд хамрагдаж байна. РВЭЭ-нд хамрагдсан хүмүүсийн 90%-д ХДХВ-ийн ачаалал дарангуйлагдсан байна.

Иймд манай орны хувьд ХДХВ-ийн халдварын шинэ тохиолдлын оношилгоонд анхаарах нь чухал байна. Халдвар авснаас хойш ДОХ-ын шинж тэмдэг илрэх хугацаа хүн бүрт харилцан адилгүй байдаг. ХДХВ-ийн халдвартай ихэнх хүмүүс эрүүл харагдах учир хэн нэгэн хүнийг гаднаас нь хараад халдвартай гэж хэлэх боломжгүй. Шинж тэмдэг илрээгүй ч ХДХВ-ийн халдвартай хүн халдвараа бусдад тараадаг.

  • ХДХВ-ийн халдвар авсан эсэхээ мэдэх цорын ганц арга нь ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийлгэх юм.
  • ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдах нь өөртөө итгэлтэйгээр амьдарч гэр бүл, хайртай дотны хүмүүсээ халдвар авах эрсдэлээс хамгаалж буй таны үүрэг хариуцлага юм.

Энд нэг анхаарах зүйл бий. Халдвар авснаас хойш 1-3 сарын хугацаанд шинжилгээнд ХДХВ-ийн халдвар илрэхгүй байж болох ба үүнийг “цонх үе“ гэдэг. Хэрэв та дээр дурьдсан халдвар авах эрсдэлд өртөж байсан бол “Цонх үе”-ийг тооцон давтан шинжилгээ өгч эрүүл гэдгээ заавал баталгаажуулаарай.

Мөн орон нутгийн засаг захиргааны нэгж, эрүүл мэндийн бус салбар дундын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, уул уурхай үйлдвэр зэрэг ажлын байран дахь эрүүл мэндийн хөтөлбөрийг тухайн байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх нь БЗДХ, ХДХВ, ДОХ-ын эрт илрүүлгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

ХДХВ/ДОХ-ЫН ТАРХАЛТ ДЭЛХИЙ ДАХИНД

Дэлхийн тоо мэдээ (2017 он):

  • 36.9 сая хүн (31.1-43.9) ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаагаас 35.1 (29.6-41.7) сая нь насанд хүрэгчид, 1.8 (1.3-2.4) сая нь <15 насны хүүхэд эзэлж байна.
  • 1.8 сая хүн (1.4-2.4) шинээр ХДХВ-ийн халдвар авснаас 1.6 сая нь насанд хүрэгчид, 180.000 нь <15 насны хүүхэд эзэлж байна.
  • 940.000 (670-1.3) хүн ДОХ-ын улмаас нас барсан ба 830.000 насанд хүрэгчид, 110.000 <15 насны хүүхэд эзэлж байна.
  • 21.7 сая хүн Ретровирүсийн эсрэг эмчилгээ (РВЭЭ)-тэй байна.
  • 17.5 сая хүн вирүсийн ачаалал дарангуйлагдсан байна.
  • Жилд 357 сая хүн шээс бэлгийн замын хламид, заг хүйтэн, тэмбүү, трихомониазын аль нэгээр нь өвчилдөг (хламид 131 сая, заг хүйтэн 78 сая, тэмбүү 6 сая, трихомониаз 142 сая).

90-90-90 зорилт дэлхий дахинд:

2017 оны байдлаар дэлхий дахинд ХДХВ, ДОХ-той хүмүүсийн 75%-ийг илрүүлж, илрүүлсэн хүмүүсийн 79%-ийг ретровирүсийн эсрэг эмчилгээнд хамруулж, эмчилгээнд хамруулсан хүмүүсийн 81%-ийнх нь вирүсийн ачааллыг бууруулсан байна.

2017 онд хүрсэн ахиц дэвшил:

  • 2013 оны үзүүлэлттэй харьцуулахад шинэ халдварын тохиолдол 10% буурсан.
  • 2013 оны үзүүлэлттэй харьцуулахад шинээр халдвар авсан хүүхдийн тоо 2017 оны байдлаар 18.1% буурсан.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 30 минутад эхэлсэн бөгөөд хуралдааныг Улсын Их Хурлын Дэд дарга Л.Энх-Амгалан даргаллаа.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Өчигдөр Ёс зүйн дэд хороо хуралдах байсан ч өглөөний 09-12, үдээс хойш 14-18 цаг хүртэл хүлээсэн ч ирц бүрдээгүйн улмаас хуралдаж чадаагүй. Дэд хороо есөн гишүүнтэй ч, Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд, Г.Тэмүүлэн, Д.Эрдэнэбатаас бусад гишүүд хуралдаандаа ирээгүй гэдгийг онцлоод Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн болон хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомж зөрчсөн асуудлаар Засгийн газрын зарим гишүүд нэр холбогдон, шалгагдаж байгааг хэлэлцэх шаардлагатай талаар Төрийн бус байгууллага, иргэд, олон нийт хүсэлт ирүүлснийг гишүүдэд анхаарууллаа.

Мөн тэрбээр, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах саналд ч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн асуудалд Засгийн газрын нэр холбогдсон зарим гишүүдийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу ЖДҮХС-тай нэр холбогдсон Засгийн газрын гишүүдийг хуралдаанд оролцохгүй байх шаардлагатай” гэдгийг онцлов.

Энэ үеэр Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8.2.-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй”, Нийтийн албанд нийтийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9.6.-д “Гишүүн шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзах бөгөөд энэ тухайгаа хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэнэ” гэснийг уншиж сонордуулаад,хуралдаан даргалагчид одоогоор урьдчилан мэдэгдсэн бичиг ирүүлээгүйг тодотгов.

Ингээд Улсын Их Хурлын нэр бүхий 27 гишүүний санаачлан боловсруулж, өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” саналыг хэлэлцэв. Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Нэр бүхий гишүүд өргөн мэдүүлсэн албан бичигтээ, Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, 43 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт болон 12 дахь заалтыг баримтлан 7 үндэслэлээр Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг огцруулах санал гаргасан. Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Ц.Мөнх-Оргил, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат нарын нэр бүхий 27 гишүүн “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” албан бичгийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 38,1.1 дэх заалтын дагуу 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцсэнийг дурдлаа.

Мөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгөтэй Засгийн газрын зарим гишүүд нэр холбогдсонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, нэн хөнгөлөлттэй зээлийг жижиг, дунд бизнест хүртээхийн оронд төрийн өндөр албан тушаалтнууд өөрийн болон хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд тараах нөхцөлийг бүрдүүлсэн, үүнээс урьдчилан сэргийлж чадаагүй, Засгийн газрын гишүүддээ чиглэл даалгавар өгч удирдлагаар хангаагүй, ёс зүйн алдаа гаргасан болон шатахууны үнийн өсөлт, эдийн засгийн өсөлт саарсан зэрэг Ерөнхий сайдыг огцруулах 7 үндэслэл дурдсан байсныг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулгадаа онцлов.

Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, О.Баасанхүү, Л.Болд, Ц.Гарамжав, Ж.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Г.Занданшатар, Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат, О.Содбилэг нар асуулт асуун, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар гишүүдийн асуултад хариулснаар хуралдаан түр завсарлав. Үдээс хойших хуралдаанаар уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Дүү хүү аштайхан байгаарай. Чи бол баялаг түүхтэй хүн шүү

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалан, 72 гишүүн оролцож байна.

УИХ-ын Ж.Мөнхбат: Бид энэ танхимдаа их л мундаг ярьж байна. Ард түмэн бол ичиж үхэх гэж байна. Шившигтэй юм болж байна. Ерөнхий сайдыг огцруулах хамгийн гол үндэслэл бол ЖДҮ-ийн хулгай мөн шдээ. Асуудалд холбогдсон сайд нараа Монголын ард түмэн та бүхнийг хүлээж байна. Албан тушаал тур хугацааных, ард түмний эрх ашиг мөнхийн юм.

Ж.Энхбаяраа ЖДҮ-ээс мөнгө авчихаад өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэж байхад хамгаалаад юу яриад байгаа юм бэ. Ж.Энхбаяр чи яагаад камер харахаараа худлаа ярьдаг юм бэ. Энэ наймаа хэрээс хэтэрч байна. Өнөөдөр Л.Болдын Богд банкаар бонд гаргана, ипотекийн зээл гаргана гэж байгаа. Монголын төр наймаа болчихсон юм уу. ЖДҮ-тэй орооцолдсон сайд нар минь та нар хуулиа хэрэгжүүлээд гарчихаач дээ. Юундаа ингээд зууралдаад байдаг юм.

Өчигдөр хэдэн гишүүнийг намаас хөөх шийдвэр гарсан байна лээ. Үнэн шдээ. Энэ асуудал нь нийгэмд цацагдаад ирэнгүүт хяналтын хорооны даргаа ийм асуудал болоогүй гэж хэлүүлж байна. 10 хүн нь хөөнө, нэг хүн нь хөөхгүй гэсэн шийдвэр гарсан шдээ. Ийм шившгийн хөндийн түүхээ зогсооё. Төрийн хүний зарчим, ухаан, ёс зүй гаргаач ээ. Юунд нь амь тавин үхэн хатан зүтгээд байгаа юм.

Л.Энх-Амгалан дарга танд энэ хурлыг даргалах эрх байхгүй. Та наад суудлаасаа буу. Я.Санжмятав дарга даргалах ёстой.

Ж.Мөнхбат гишүүнд хандаж

Би төрдөө их цэвэрлэгээ хийнэ. Намдаа их цэвэрлэгээ хийнэ. Би сонгуульд ялагдсан ч хамаагүй. Дүү хүү аштайхан байгаарай. Чи бол баялаг түүхтэй хүн шүү. Ах хүний хувьд тэсээд тэвчээд сууж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Улс төрөөс болоод Ерөнхий сайд 14 хоногийн ажлаа алдаж байна. Өвөлжилтийн бэлтгэл, ХХААХҮ-ийн сайдаа томилж чадаагүй байдаг. Ард түмэнд хохиролтой 14 хоног өнгөрч байна.

Ерөнхий сайд засгийн газраар гурван асуудал шийдүүлэх гэж ажиллаж байна.

Нэгдүгээрт, ард түмнээ дотоодын хүнсээр хангах. Дотоодын хэрэгцээг хангаж, хүнс экспортлогч орон болох. Хоёрдугаарт, улс орныг эрчим хүчээр хангах. Гадаадаас авмааргүй байна.

Таван толгой, Эрдэнэбүрэн цахилгаан станцуудаа барьж өргөтгөмөөр байна. Харамсалтай нь улс төр гэдэг хийрхлээс энэ ажлууд зогсдог. Завсарт нь ашиг сонирхлууд ордог.

Гуравт нефть боловсруулах үйлдвэртэй болох. Дотоодоо нефтээр хангах боломжтой. Нефтийн үйлдвэрийг бариулахгүй юм сан гэсэн далдын хар хүч байгаа. Битгий баригдаасай билээ гэж боддог хүмүүс энэ зааланд ч бий. Энэ бүхэн засгийн газрыг унагаах шалтгаан нь болж байна. Шалтаг нь ЖДҮ. Энийг УИХ-ын гишүүд зөвөөр ойлгоосой.

Улс төрөөс болоод 20 жил цэвэрлэх байгууламжийг барьж чадаагүй. Одоо хөрөнгө мөнгө нь шийдэгдсэн. Ашиг сонирхлын зөрчлөөс зогсооё гэсэн хүч байна. Тийм хүч байгаа учраас ЗГ-аас хийж байгаа ажлууд зогсох унах эрсдэл байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: 30 гэр бүл гэж хэн юм бэ? Би энд холбогдох уу?

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалан, 72 гишүүн оролцсон билээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

Зарим үед та нар шатахуунаа хямдхан зарж бай. Та нар хангалттай баяжсан. Ард түмнээ үнэхээр боддог юм бол сэтгэл гаргаад өөрсдөө жаахан алдагдал гаргасан ч гэсэн хямдхан өгчихөөч.

Н.Номтойбаяр аа, та нарыг юм хийж байгааг мэдэж байгаа. Н.Нямтайшир хөдөлмөрч хүн. Би аавын чинь талаар яриагүй байна. Чамайг хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Зарим гишүүд ЖДҮХС-ийн зээлийг зүгээр л зээл шдээ гэж байна. Энэ бол зохион байгуулалттай албан тушаалаа хэтрүүлэн авсан зээл. Би танаас хууль биелүүлэхийг шаардъя. Юу гэж хариулахаас таныг хэр шударга хүн бэ гэдгийг харах гэсэн юм.

Гишүүд наад зах нь ЖДҮХС-гаас авсан зээлээ төлж байгаа нь үүнийг хүлээн зөвшөөрч байгаагийн хэлбэр. Та ЕС-ийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй нь ил болсон сайд нараа энэ чуулганы танхимаас гар гээд хэлчихгүй юм уу?

Бүгд ЖДҮ-тэй холбоотой шалгагдаж байгаа. Шүүхээр тогтоогоогүй байна. Гэхдээ авсан нь тодорхой болчихлоо.

Хоёрдугаарт, 30 гэр бүл гэж хэн юм бэ? Би энд холбогдох уу? Ямар шалгуураар 30 гэр бүл болчихов?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Тэр 30 гэр бүлийн нэг нь та өөрөө мөн. Яривал би цааш нь ярина. Зөвхөн МАК компани 36 лиценз эзэмшдэг. Цагаан суварга танай гэр бүлийн өмч биш. Нэг ч лицензгүй хүмүүс нь харин 3 сая хүн байж магадгүй. Та нар хууль бусаар баяжсан. Төрийн эрх ард түмний гарт байдаг.

ЖДҮ-тэй холбоотой асуудлаар шалгалт оруулсан. ЗГ өөрөө үүнийг шалгасан. Б.Батзориг сайдыг сайд болсны дараа гурван удаа анхааруулж хэлсэн. “Чи наадахаа болио. Ил тод болго. Реалити шоу болго. Олон нийтэд ямар компани зээл авч байгааг нэвтрүүлэг болгочих” гэсэн. Гэтэл миний шаардлага хэрэгжсэнгүй. Ингээд салбарын сайд маань хариуцлага алдаад хариуцлагаа үүрсэн. Цаашдаа би юм хэлье. Их хурлын гишүүд манай сайд нараас битгий хууль бус юм гуйгаач ээ гэж хүсэж байна.

Чи үнэхээр эх орондоо хайртай юм бол цагаан суваргаа буцаагаад өгчих. Монголын ард түмэнд буцаагаад өг.

Тийм учраас та нар шиг хүмүүстэй би тэмцэж байгаа юм. Тиймээс надад хүндрэл бэрхшээл учирч байгаа. Цаашдаа Хүрэлсүх Ерөнхий сайд намын дарга хийх юм бол бидний эрх ашиг байхгүй болно гэж айж байна. ЕС-ыг огцруулах 27 хүн дотор Монголын хөрөнгө мөнгийг завшсан хүмүүс байгаа шүү. Танай МАК компани хандив өргөсөн юм билээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Бид нэг нэгнээ идэж ууснаа л яг одоо яриад байна. Гэвч ард иргэдийн амьдрал хэцүү байна шүү дээ. Долларын ханш гэхэд хоёрхон сарын дотор 200 төгрөгөөр нэмэгдчихлээ. Ард түмэн рүүгээ чиглэсэн ажлыг хийе л дээ. Шинээр нефтийн үйлдвэр барих боломжтой юу, бензиний үнэд дарлуулахгүй байх боломж байна уу, зун гэхэд цэвэрлэх байгууламжаа сайжруулж өмхийгөөс салах боломжтой юу гэдэгт анхаарлаа хандуулцгаая.

Хэрэлдсээр байтал энэ улс орон чинь цөхөрч байна. Одоо ажлаа хийцгээе. Засгийн газраа тогтвортой байлгая.

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат

Сангийн сайд та тэнд байгаа бүх мөнгийг авчраад төрийн сангийнхаа бүх мөнгийг хав дарчихаад ямар эргэлт хийж эдийн засгаа аврах гээд байгаа юм. Зээлийн хүү буурахгүй байгаа асуудалд та ч бас нэмэр болоод байна. Та ерөнхий сайдаа эдийн засгийн зөв бодлогоор хангаагүй учраас валютын ханшаа өсгөөд байгаа юм. Зохицуулалтгүй юм гэж байдаггүй юм.

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав:

Бид хоёр хөрш, бусад дипломат улсын хамтын ажиллагаатай холбоотой асуудлуудыг ярихгүй байгаач гэж хүсэж байна. Өнөөдөр бид ЗГ огцрох, эс огцрох асуудлыг хэлэлцэнэ. Шүүхээр шийдвэрлээгүй тохиолдол хэн нэгнийг ЖДҮ-чин гэж хэлж болохгүй. Хэн нэгэн гишүүнийг хөөх тухай асуудал яригдахгүй.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Н.Энхбаярын баривчилгааг санаж байна. Тэр үед танай намын дарга байсан хүнийг гэр орныг нь үймүүлж аймшигтай баривчилж байсан. Сэтгэлзүйгээр нь тамлан зовоож байсан хүмүүс өнөөдөр шударга ёс байх ёстой гэж ярьж байна. Хууль зүйн сайд, Ерөнхий сайдаас эхлээд энд байгаа маш олон шударга хүмүүс энд сууж байна.

Гэм буруутай, буруугүйг шүүх тогтоогоод эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Албан тушаалаа ашиглаад өөртөө давуу байдал бий болгосон сайд нар, төсвийн онц их алдагдал үүрчихлээ гээд байхад парламентыг үл тоож байгаа сангийн сайд, шатахууны үнэ нэмэгдээд байгаад арга хэмжээ авахгүй байгаа уул уурхайн сайддаа хариуцлага тооцохгүй гэж яриад байна. Энэ сайдуудыг болиулах эрх нь парламентад байхгүй.

Ерөнхий сайд аа,

Хариуцлага тооцох ёстой сайд таны кабинетэд байгаа юу? Байгаа бол хэн бэ? Хариуцлаа тооцох ёстой сайд нэг ч байхгүй юу? Унавал би уная гээд байгаа юм уу гэдэгт тодорхой хариулт өгөөч.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

Хариуцлагын тухай асуудалтай би санал нэг байна. ЕС хариуцлага тооцохгүй биш тооцож байна. Миний бүрдүүлсэн кабинетээс хоёр сайд үүрэгт ажлаа өгсөн.

Төрийн хариуцлагаас гадна улс төрийн хариуцлага тооцох ёстой. Би ЕС-аар томилогдохдоо хоёр зүйл ярьж байсан. Нэг нь нийгэмд шударга ёс тооцох, нөгөө нь улс орны эдийн засгийн уналтыг зогсоох. Гол ажил маань эдийн засаг руу чиглэсэн. Хариуцлага тооцох ёстой.

ЖДҮ гэж сайн юм гарч ирлээ гэж бодож байна. Монголыг цэвэрлэх сайн үйл явдал боллоо. Үүнтэй холбоотой нөхдүүдтэй хариуцлага тооцож байна. Үнэхээр тэр нь ашиг сонирхлын зөрчилтэй болоод хууль хяналтын байгууллага тогтоовол хариуцлага тооцно. Тиймээс би цаашдаа ажиллах сонирхолтой байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Хууль хяналтын байгууллага хариуцлага тооцвол би хариуцлага тооцно гэлээ. Тэр хүн шоронд орсны дараа ямар хариуцлага тооцох вэ? Та чинь хотын даргаа утаатай тэмцсэнгүй гээд огцруулчихсан. Жинхэнэ мөнгий нь барьж байгаа сангийн сайдад яагаад хариуцлага тооцохгүй байна вэ?

Шүүхээр гэмт буруутай нь тогтоогдсон бол танай засагтай засаггүй өөрөө хуулийн хариуцлага хүлээнэ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Г.Занданшатар бүх сайд нарыг оруул. Бензин, доллар ард иргэдийн санааг зовоож байна. Заримдаа ямар ч сайд зохицуулж чадаагүй асуудал байдаг юм. Өөрөөс чинь үл хамаардаг юм байгаа. Доллар гэдгийг бид хэвлээгүй шдээ. Америкт хэвлэдэг юм. Шатахууныг бид гадаадаас авдаг.

УИХ-ын Ж.Батзандан: Нам удирдах биш намын бүлэглэлүүд биднийг удирдаж байна. Нам ийм шийдвэр гаргасан гэж худлаа ярихаа больё. АН-ын гишүүн бол шударга ёсны төлөө зогсох ёстой гэж боддог. Ерөнхий сайд таны хэлж байгаа Монголын төрд их цэвэрлэгээ хийнэ гэж байгаа нь надад таалагдаж байна. Шуналын туламнууд болсон шударга бусын мананжсан мафижсан мөлжлөгийн санхүүгийн тогтолцоог цэвэрлэх хэрэгтэй.

Үүнийг Хүрэлсүхийн ЗГ хийх ёстой. Намын сонирхлоор бол ЗГ-ыг түлхэн унагаах талд байна. Гэхдээ шүүх ажиллахаа болилоо, прокурор ажиллахаа болилоо. АТГ ажиллахаа болилоо.

УИХ-ын гишүүн Л.Болд: Ард түмний өмнө бүх юм илчлэгдлээ. Бүгд дотуур хувцсаа гаргаад шидлээ. Ж.Мөнхбат гишүүн хүн болгоныг намнадаг уран цэцэн мундаг хүн л дээ. Сөрөг хүчнийг нам даръя гэдэг шинжтэй. Та хаа хамаагүй юмыг ярьж байна. Ичих ч үгүй чи намайг гүтгэчихээд сууж байна.

Би ашиг сонирхлын зөрчил үүснэ гээд Голомт гэж том банкаас татгалзсан. Гэхдээ манай гэр бүлийн Богд банк гэж жижиг банк бий. Манай банкийг Монголбанк бүх талаар нь хавчиж байна. Сангийн сайд хариултаа өгөөрэй. Бүх банкинд ипотекийн зээлийг өгч байгаа. Ганцхан манай банкинд өгөхгүй байгаа. Эсрэгээрээ бүх юмнаас Богд банкийг хассан. Ард түмний эрх ашиг байгаа болохоос чи битгий тэгж хамааралгүй хүмүүсийг гутаа. Би чамтай шүүхээр явна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Ж.Мөнхбат гүтгэлгийн шинжтэй юм тарааж байна. Хүнээс сонссон юмаа нягтлахгүй тарааж байна. Төрийн мөнгө рүү арилжааны банкууд бүгд дайраад орчихсон. Төрийн мөнгийг арилжааны банкууд бага хүүтэй байршуулаад эргүүлээд өндөр хүүтэй зээлж авдаг байсан. Энийг бид таслан зогсоосон. Одоо бүх арилжааны банкууд төрийн мөнгөнөөс савраа татсан. Төрийн мөнгөөр арилжааны банкууд бизнес хийдгийг таслан зогсоосон. Гэхдээ бид энэ ажлаа зогсоохгүй.

Богд банкинд сангийн яам ипотекийн зээл олгодог гэж худлаа. Ипотекийн зээлийг Монголбанк хуваарилдаг. Сангийн яам тэр банкинд өгчихөөч гэж заадаг юм байхгүй.

УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт: Та бүхэн хуралдаанд ёс зүйн хэм хэмжээг баримтлаасай. Бие биеэ гүтгэж, доромжилж байна. Эргээд уулзах улаан нүүртэй шүү, хэлэлцэх асуудал, бодлогын асуудалдаа төвлөрч яриарай гэдгийг гишүүддээ хэлье.

Энэ хүн чинь УИХ-ын гишүүн. Санаачилсан асуудалтай нь холбогдуулаад даргалуулахгүй гэдэг. Уг нь УИХ-ын дарга нь удирдах ёстой. Гэвч УИХ-ын дарга өөрөө удирдахгүй гэсэн. Дэд дарга гэдэг хүнээр удирдуулах шаардлагагүй. Хууль санаачилж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээ эдэлснийх нь төлөө хурал даргалуулахгүй гэж болохгүй.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Энэ их хуралд ашиг сонирхлын зөрчилгүй хүн гэж байна уу? УИХ-ын дэд дарга Я.Санжмятав ч ашиг сонирхлын зөрчилтэй. Би ч зөрчилтэй. Ашиг сонирхлын зөрчил гэдэг бол тодорхой сайдын асуудал яригдах бол тэр сайд гараад явах ёстой. Үүнийг хэлж байгаа юм. Л.Энх-Амгалангаар хурал удирдуулах шаардлагатай.

Хоёрдугаарт, өнөөдөр У.Хүрэлсүх сайдыг огцруулах асуудлыг ярьж байна. У.Хүрэлсүх их хурлын гишүүн биш.

Гуравт, энэ байдлыг та нар цөмөөрөө өөрийнхөө бие дээр тавиад үзээрэй. Энэ хурлын дараа Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүн уулзсан нь дээр байх. Та нарыг төрийг тараах биш төрийг тайван байлга гэж суулгасан шүү.

ИХ-ын гишүүн Л.Болд: Та нар ЖДҮ гэсэн хаяг зүүгээд засгийн газрыг огцруулбал яавч зөв болохгүй. ЖДҮ бол 60 тэрбумын нотлох баримт. 60 тэрбум ЖДҮ-гээр бүрэн нотлогдож байгаа, тоо баримттайгаа.

ЖДҮ-гүй цэвэрхэн бүлэглэл ЖДҮ-тэй бохир бүлэглэлийг унагааж байгаа гэдгийг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Та нар 65 уулаа хариуцлага хүлээх ёстой.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Нам дотроо нам бусаар хэрэлдээд байгаа юм бол үндэстэн дамнасан корпорациуд хөндлөнгийн улс орнуудыг баярлуулаад л сууна. Аль болох дуугүй байх юм сан, эвлэрүүлэх юм сан гэж бодож байна.

Засгийн газар огцорно гэдэг галав юүлэхтэй адил биш юм. Бид хэчнээн ч ЗГ огцруулав.

Бид өөд өөдөөсөө муухай ч харах эрхгүй хүмүүс шүү дээ. 3 саяуулахнаа. Бид чинь дотроо тасарчих гээд байна. Би биеэ гүжирдэх доромжлох хэрээс хэтэрлээ. Тийм учраас өнөөдрийн яриад байгаа зөрчил энэ тэрийг Л.Энх-Амгалан дарга удирдаад хэрэггүй.

Categories
мэдээ улс-төр

ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 46 минутад 61.1 хувийн ирцтэйгээр эхэллээ. Байнгын хороо Мягмар гарагийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн бөгөөд хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтээс үүдэх үр дагаварыг нягтлах шаардлагатай тул хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргасныг гишүүд дэмжсэн юм. Ийнхүү өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 15 дугаар дүгнэлтийгүргэлжлүүлэн хэлэлцэв.


Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон юм. Тэрбээр “Үндсэн хуулийн цэцэд Улсын дээд шүүх хоёр асуудлаар хандсан. Эхнийх нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хууль сахиулах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа тус бүрийг хамааруулахгүй болсон нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн. Хоёрдугаарт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд шинээр нотлох баримт цуглуулахыг хязгаарласан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн байна. Үндсэн хуулийн цэц уг асуудлыг хүлээн авч, маргааныг хянан хэлэлцээд холбогдох дүгнэлтийг гаргасан байгаа юм. Хоёрдугаар асуудалтай холбогдуулан гаргасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжтой гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд захиргааны хэм хэмжээтэй холбоотой акт бүтээх үйл ажиллагаа буюу үүнтэй холбоотой төрийн удирдлагыг үйл ажиллагааг бүхэлд нь процессжуулж, зохицуулсан байдаг. Захиргааны эрх зүйн шинжлэх ухаан талаасаа төрийн удирдлагыг хэрэгжүүлэх хоёр арга бий гэж үздэг. Итгүүлэх, албадах гэсэн хоёр арга бий гэж онол талаасаа үздэг. Итгүүлэх аргын хэрэгжилт нь Захиргааны ерөнхий хуулиар илэрдэг. Бусад буюу хууль сахиулах, зөрчил шалган шийдвэрлэх, цэцэд маргаан хянан хэлэлцэх ажиллагаа нь тус тусын процессын хуулийн хүрээнд буюу төрийн удирдлагын албадлага хэрэгжүүлэх хэлбэр юм. Нэг дэх асуудалтай холбоотой дүгнэлтийг хүлээн авбал зөрчил шалган шийдвэрлэхтэй холбогдсон процесс бүхэлдээ тодорхойгүй байдалд орж, гацаа үүсэх эрсдэлтэй” гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан асуулт асууж, Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хариулт өгсөн юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Нямдорж нар байр сууриа илэрхийллээ. Ийнхүү санал хураалт явуулав.


Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад “хууль сахиулах, гэмт хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, …” гэж заасны “хууль сахиулах, … зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа …” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, … шударга шүүхээр шүүлгэх … эрхтэй. …” гэсэн заалтыг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэнгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад “хууль сахиулах, гэмт хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, …” гэж заасны “хууль сахиулах, … зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа …”, гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх, … хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтыг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжээгүй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж заасны “… зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад …” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “Монгол улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, … шударга шүүхээр шүүлгэх … эрхтэй. …” гэсэн заалтыг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 86.7 хувь нь дэмжсэнгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагаварбий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж заасны “… зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад …” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх, … хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтыг зөрчсөн байна гэснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэнгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан зарчим нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэсэн заалтыг зөрчсөн байна гэснийг гишүүдийн 73.3 хувь нь дэмжээгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан зарчим нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “Монгол улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, … шударга шүүхээр шүүлгэх … эрхтэй. …” гэсэн заалтыг зөрчсөн байна гэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн 73.3 хувь хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан зарчим нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх, … хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтыг зөрчсөн байна гэснийг 66.7 хувийн саналаар гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.9 дэх хэсэгт “Шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт нотлох баримт цуглуулахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэсэн заалтыг зөрчсөн байна гэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн дэмжив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.9 дэх хэсэгт “Шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт нотлох баримт цуглуулахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “Монгол улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, … шударга шүүхээр шүүлгэх … эрхтэй. …” гэсэн заалтыг зөрчсөн байна гэснийг 73.3 хувь хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн санал өгөв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.9 дэх хэсэгт “Шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт нотлох баримт цуглуулахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх, … хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтыг зөрчсөн байна гэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн 73.3 хувь нь хүлээн зөвшөөрөхийг дэмжлээ.

Ийнхүү санал хураалт явуулсан шийдвэрлэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хэрэглээний нийлэг уутыг ирэх оны 3-р сараас хориглоно

Image result for Нийлэг уут

Засгийн газраас 2019 оны III сарын 01-нээс эхлэн хэрэглээний нийлэг уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэрийг гаргажээ. 2019 оны III сарын 1-нээс эхлэн бүх төрлийн гялгар уут худалдаалахыг хориглож, хэрэглээг нь хязгаарлаж байгаа юм. Тус шийдвэрийн хэрэгжилтэд Гаалийн Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар болон бусад холбогдох байгууллагууд хяналт тавьж ажиллах аж. Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, “0,035 мм-ээс нимгэн сав баглаа боодлын зориулалтаар хэрэглэгддэг хальсан уутыг хориглож байна. Энэ бол байгальд хамгийн хор хөнөөлтэй. Ингэснээр цаашид байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа бүх эх үүсвэрийг хязгаарлах бодлогыг эхлүүлж байна. Жил орчмын өмнөөс энэхүү шийдэвэрийг гаргаж, олон нийтэд зарлаж байгаа нь иргэд болон импортлогчдод мэдээлэл хүргэж, бэлтгэлээ хангах боломж олгож байгаа явдал юм.” гэжээ.