Categories
мэдээ нийгэм

БСШУСЯ-НЫ хамт олон “сайн үйлсийн аян” өрнүүллээ

Ерөнхий сайдын дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах Үндэсний зөвлөл”-ийн дэд зөвлөл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Тус дэд зөвлөлийн үйл ажиллагааг Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан удирдан зохион байгуулдаг. Үндэсний өгөх өдрийг угтан Засгийн газраас манай яаманд ирүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй 2 өрхийн ахуй амьдралыг дэмжих хүсэлтийн дагуу БСШУСЯ-ны хамт олон “Сайн үйлсийн аян”-ыг өрнүүллээ.

Яамны нийт албан хаагчид, дэд зөвлөлийн гишүүн байгууллагууд болох Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, Насан туршийн боловсролын үндэсний төв, Боловсролын зээлийн сан болон Монгол Улсын Боловсролын их сургуулийн хамт олон оролцож сэтгэлийн хандив цуглуулсан юм.
Аяны хүрээнд хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдсан Ранжинхүүгийн Болджаргалд иж бүрэн тавилгатай гэр бэлэгллэсэн юм. Тэрээр эхнэр таван хүүхдийн хамт хадам аавындаа арав гаруй жил амьдарч иржээ. Удахгүй зургаа дахь хүүхэд нь мэндлэх гэж байгаа аж. Мөн Балдангийн Энхбаатарт төмөр эдлэл хийх төхөөрөмж, суурь машин худалдаж авахад нь зориулж 2 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Харааны бэрхшээлтэй тэрээр өөрөө бие даан төмөр эдлэл хийхэд суралцаж, түүгээрээ өрхийнхөө амьжиргааг залгуулдаг байна. “Суурь машин худалдаж авах нь миний мөрөөдөл юм. Өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой болсондоо баяртай байна” хэмээн Б.Энхбаатар ярьсан юм.

Categories
гадаад мэдээ

Канадад заналхийлсэн дуудлагуудын улмаас 20-иод сургууль хаалгаа барьжээ

Өнгөрсөн лхагва гаригт Канадын хойд хэсгийн Нью-Брансуик мужид заналхийлсэн хоёр дуудлага ирсэнтэй холбоотойгоор 20 орчим сургуулийг хаасан байна. Энэ талаар “CBC” телевиз цагдаагийн байгууллагын мэдэгдлээс иш татан мэдээлснийг “РИА Новости” агентлаг уламжлав.

Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр, Эдмунстон хотын нэгэн сургуульд орон нутгийн цагаар 05:34, 06:15 цагт тус тус хоёр заналхийлсэн дуудлага иржээ. Өглөөний 07:05 цагт сургуулийн үйл ажиллагааг нэг цагийн хугацаатай хаах шийдвэр гаргасан ч удалгүй сургууль хаалгаа барьсан байна. Эдмунсоны цагдаагийн газар болон Канадын Хатан хааны морьт цагдаагийн газраас хэргийг шалгаж эхэлжээ. Хууль сахиулах байгууллагынхан энэ нь Хэллоуины тоглоом шоглоом байхыг үгүйсгээгүй аж. Цагдаагийнхан “Өнөөдөр хэдийгээр Халлоуин ч гэлээ бид ийм нөхцөл байдалд эрсдэл гаргуулахгүй” гэж мэдэгджээ. “CBC” телевизийн мэдээлснээр, дээрх дуудлагын улмаас 18 сургуулийн нийт 5000 сурагч, 400 багшин хичээл цуцлагдсан байна.

Categories
мэдээ улс-төр

Хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.11.01) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 08 минутад гишүүдийн 53.3 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “АН-ын бүлгээс тавьсан шаардлагын хариуг УИХ-ын дарга бичгээр ирүүлсэн хэдий ч Засгийн газраас албан бичиг ирүүлээгүй тул хуралдаанд оролцох боломжгүй” хэмээн мэдэгдэж, хуралдааныг орхин гарлаа.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Хуралдаан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв. Хуралдаанд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Т.Аюурсайхан, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Х.Баделхан, Ё.Баатарбилэг, Н.Оюундарь нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс уул уурхайн бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдийн гүйлгээг монголын банкуудаар дамжуулах замаар валютын нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг анхааруулаад төгрөгийн ханшийг чангатгах, Монголбанкны алдагдлыг бууруулахад авсан арга хэмжээний талаар илүүтэй сонирхов. Мөн өмнөх оны тогтоолд тусгагдсан ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулахад бодитой арга хэмжээ авсан эсэхийг тодрууллаа.

Монголбанк одоогоор 720 сая ам долларын интервенц хийсэн бөгөөд энэ оны эцсээр нэг тэрбум ам долларын интервенц хийнэ. Ингэснээр 2018 оны сүүлээр ханшийн сулралт 5 хувийн хэлбэлзэлтэй байх юм. УИХ-аар хэлэлцүүлж байгаа Валютын зохицуулалтын тухай хуульд Оюутолгой болон Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ хийсэн аж ахуйн нэгжүүдийн гүйлгээг Монголбанканд данс нээж хийхээр тусгагдсан байгаа. Хуулийн төсөл батлагдвал валютын нөөцийг нэмэгдүүлэх боломж өснө хэмээн Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир хариулав. Түүнчлэн тэрбээр, ипотекийн зээлийн эргэн төлөлт 98 хувьтай байгааг тодотгохын зэрэгцээ 2017-2018 онд зээлийн хүртээмж бага байсан. Иймд 2019 онд ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээг өргөжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар Байнгын хорооноос Монголбанканд чиглэл өгч, арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна гэж байлаа.

Харин Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ипотекийн зээлийн асуудлыг Төвбанк бие даан шийдвэрлэхэд хүндрэлтэй байгааг дурдаад ОУВС 2019 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн Засгийн газарт ипотекийн хөтөлбөрийг шилжүүлэх чиглэлг өгсөн гэдгийг тодотгов. Тэрбээр, Монголбанк эдийн засгийнбодит нөхцөл байдлыг тооцож үзээд Дэлхийн банктай хамтран ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар ажиллаж байна. Монголбанк арилжааны банкны зээлийн хүү 21 хувьтай байсныг 17,8 хувьд хүргэж, цаашид ч бууруулах талаар ажиллаж байгааг онцлов. Мөн Монголбанк гурван их наяд төгрөгийн алдагдалтай байгаа бөгөөд холбогдох хуульд Засгийн газар өрийн бичиг, үнэт цаас гаргаж алдагдлыг хаадаг ганцхан зохицуулалттай. Гэвч эдийн засгийн нөхцөл байдал хүнд, Засгийн газарт санхүүгийн дарамт үзүүлэхгүй байх үүднээс Монголбанк үйл ажиллагааны ашгаас алдагдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байна хэмээн Монголбанкны ерөнхийлөгч хариулж байсан.

Ингээд тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй гурван саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Тухайлбал, тогтоолын төсөлд “Монгол Улсын гадаад валютын урсгалын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, улирал тутам тайлагнаж байх”, “Эдийн засгийн төлөв, санхүүгийн чадавхтай уялдсан урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэх”, “Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах асуудлыг судалж, шийдвэрлэх” гэсэн тус тус заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Иймд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Дараа нь Засгийн газраас 2018 оны зургадугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдэд нийт 14 зөрчил гурван хийдэл гарсныг онцоллоо.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийгУлсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулав. Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Дэд сайд Ж.Сауле болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдууланУлсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Энх-Амгалан, Г.Тэмүүлэн нар Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авав.

Үргэлжлүүлэн уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Тухайлбал, төсөлд Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтын “улсын мэргэжлийн” гэсний өмнө “мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал” гэж, мөн хуулийн долдугаар зүйлийн 7.1.8 дахь заалтын “Засгийн газарт оруулах” гэсний өмнө, “мал, амьтны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран” гэж тус тус нэмэхийг, мөн төслийн гуравдугаар зүйлийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Хөдөө аж ахуйн гаралтай, бараа түүхий эдийн биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухайхуулийн төслөөс гуравдугаар зүйлийг тус тус хасах, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдугаар зүйлийг хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Ингээд уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн жинхэнэ албан хаагчдын ажил, мэргэжлийн түвшинг үнэлнэ

Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн жинхэнэ албан хаагчдын ажил, мэргэшлийн түвшинг улсын хэмжээнд үнэлэх тухай ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо нарын хамтарсан тушаал гарсан. Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-аас холбогдох албан тушаалтнуудын дунд семинар зохион байгуулж байна.

Семинараар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, төрийн захиргааны байгууллагын ажлыг үнэлэх аргачлал, тайлагнах, төрийн мэргэшсэн албан хаагчийн ажилд үнэлгээ өгөх зэргийн талаар мэдээлэл өгөх юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар семинарыг нээж үг хэллээ. Тэрээр “Төрийн албаны тогтвортой байдлыг хангах, мерит зарчимд суурилсан, улс төрөөс ангид, хараат бус, сахилга хариуцлагатай төрийн албыг бэхжүүлэх нь Засгийн газрын баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын нэг гол зорилго” гэлээ. Мөн олон арга хэмжээ авч тодорхой үр дүн гарч байгаа ч сахилга хариуцлага тууштай хангагдаж чадахгүй байгаа учир улам бэхжүүлэхийн тулд эрс шийдэмгий арга хэмжээ авах шаардлагатай гэж үздэгээ тэмдэглэв. Үнэлгээ өгөх хүрээнд Төрийн албаны шинэчилсэн найруулгын тухай хуулийг төрийн албан хаагчдаар судлуулсан байдал, хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц, “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 258 дугаар тогтоол, Төрийн албаны ажилтны улсын зөвлөгөөний мөрөөр хийсэн ажлын үр дүнг байгууллага нэг бүрээр шалгана. Мөн төрийн жинхэнэ албан хаагчийн ажил, мэргэшлийн түвшин, тухайн хүний ажил хэргийн чадвар, ажлын гүйцэтгэл, ёс зүйн байдлыг хүн нэг бүрээр шалгаж дүгнэх юм. Төрийн албан хаагчдын ажил, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах Төв комиссыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан ахалж байна. Комиссын бүрэлдэхүүнд Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яам, Удирдлагын академи зэрэг байгууллагын төлөөлөл оржээ. Төв комисс ажлынхаа дүнг нэгтгэн, цаашид авах арга хэмжээний саналаа 12 дугаар сарын 20-ны дотор Засгийн газарт танилцуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Кувейт улсаас Монгол Улсад суух Элчин сайд Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав

Ноён Элчин сайд Мохаммад Файсал Аль-Мутайриг юун түрүүнд Кувейт улсын Эрхэм дээд Эмир Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабахын халуун дотно мэндчилгээг дамжуулж, Монгол Улсад Элчин суухаар томилогдон ирсэндээ баяртай буйгаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Кувейт улсаас Монгол Улсад сууж байсан өмнөх Элчин сайдтай олон удаа уулзахдаа зарим төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр нааштайгаар ярилцсан талаар хэлж, Элчин сайд Мохаммад Файсал Аль-Мутайритай ч гэсэн хоёр улсын улс төр, нийгэм, эдийн засгийг өргөжүүлэхийн тулд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Кувейтийн сангаас олгогддог санхүүгийн дэмжлэгийг илүү хэрэгцээтэй төсөл, хөтөлбөр рүү, зориулалтынх дагуу ашиглах асуудалд анхаарч буйгаа хэлж, ойрын хугацаанд Монгол-Кувейтийн судалгааны төвийн асуудлаар дахин уулзахаар тохиролцов.

Ноён Элчин сайд Мохаммад Файсал Аль-Мутайри өөрийн үүргээ ухамсарлаж, хоёр улсын бүхий л түвшний харилцааг өргөжүүлэхийн тулд хичээл зүтгэл гарган ажиллахаа хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ажил, хэрэгч бүхий л саналыг таатай хүлээн авч, хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт үйлчилж эхэллээ

Гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг хөнгөлөх журам өнөөдрөөс буюу арваннэгдүгээр сарын 1-ний энэ өдрөөс ирэх оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл таван сарын хугацаанд айл өрхийн оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны төлбөрөөс чөлөөлөх юм. Энэ жил улсын хэмжээнд 135 мянган айл энэхүү хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдахаас 120 мянга нь нийслэл хотод, 15 мянга орчим нь аймаг, орон нутагт байгаа юм.

Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор баталсан гэр хорооллын хэрэглэгчдийн орой болон шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх журмын дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан шийдвэрээр Улаанбаатар хотын гэр хорооллын хоёр тарифт тоолууртай айл өрхийн цахилгааны тарифыг 100 хувь, бусад аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай төв сум, суурин газрын хэрэглэгчдийн цахилгааныг 50 хувь хөнгөлж байгаа юм.

Цахилгаан, эрчим хүчний хэрэглээ тодорхой хэмжээгээр нэмэгдэж буйтай холбоотойгоор нийслэлд цахилгааны шугам сүлжээний ачаалал ихэсч байгааг зохицуулах үүднээс хязгаарлалт зааж өгсөн. ЭХЗХ-ны Үнэ тариф, зах зээлийн газраас мэдээлж буйгаар, гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг хөнгөлөхдөө цахилгаан түгээх шугам сүлжээний техникийн боломжтой уялдуулан зохицуулалтыг хийж байна.

Үүнд, 220 В-ын буюу нэг фазын сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийг хангах цахилгааны дээд чадал 2.5 кВт байгаа учраас гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлөх цахилгаан хэрэглээний дээд хязгаарыг нэг сард 700 кВт.ц-аар тооцох бөгөөд үүнээс илүү гарсан орой, шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 50 хувиар хөнгөлөх, 380 В-ын буюу 3 фазын сүлжээнд холбогдсон гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифийг 100 хувь хөнгөлөх цахилгааны дээд хязгаарыг нэг сард 1500 кВт.ц-аар тооцох. Түүнээс илүү гарсан орой, шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөхөөр шийдвэрлэжээ.

Цахилгааны хэрэглээ өнгөрсөн өвлийн байдлаар нийслэлд 130 сая квт цахилгаан эрчим хүчийг орой, шөнийн цагаар хэрэглэж байсан бол 2019 онд 260 сая орчим квт цахилгаан эрчим хүч хэрэглэх тооцоо гарчээ. Шөнийн тарифын хөнгөлөлт үйлчилж буйтай холбоотойгоор гэр хорооллын айл өрхүүдийг эрчим хүчний найдвартай, аюулгүй байдлаа хангах үүднээс гэр, байшингийнхаа дулаан алдагдлыг багасгахад анхаарахыг сануулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Гаруда 2018” шилдгүүдээ шалгарууллаа

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ойн босгон дээр нийслэл хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж бүтээн байгуулалт хийсэн байгууллагуудыг тодруулдаг “Гаруда 2018” ёслол хүндэтгэлийн ажиллагаа болж шилдгүүдээ шалгарууллаа.

Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж, бүтээн байгуулалтыг тодруулах энэхүү шагнал нь барилга байгууламж, авто замын бүтээн байгуулалт, дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэр, брэндинг, франчайзинг гэсэн таван төрлөөр шилдгүүдээ тодрууллаа.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар оролцож шилдгүүдэд шагналыг нь гардуулан өгсөн юм.

Энэ жилийн тусгай байрт Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар хийгдэж буй “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төсөл шалгарлаа. Уг гүүрэн байгууламжийн хувьд шинэ гүүр нь 4 эгнээ бүхий 250 у/м урт, 20.5 м өргөнтэй, Д-рамп шинэ гүүр нь 276 у/м, 8.5 м өргөнтэй, хуучин гүүр нь 250 у/м, 9 м өргөнтэй юм.

Categories
мэдээ нийгэм

Хайлаастын уулзвараас Дарь эх хүртэлх авто замын ажлын гүйцэтгэл 65 хувьтай үргэлжилж байна

Гадна тойруугийн хойд хэсгийн замын гуравдугаар хэсэг болох СБД-ийн 13 дугаар хороо, БЗД-ийн 21 дугаар хорооны Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэл 1.4 км авто зам, 57 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажил үргэлжилж байна.

Авто замын нөлөөлөлд нийт 105 нэгж талбар өртсөн бөгөөд 100 нэгж талбарт иргэдтэй зөвшилцөж, газар чөлөөлөлт хийгдсэн. Үлдсэн таван нэгж талбарын өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөж байна.

Өнөөдрийн байдлаар шинэ гүүрнээс зүүн тийш үргэлжлэх 650 м авто замын асфальт бетон хучилтын ажил хийгдэж дуусаж, үргэлжлүүлэн явган хүний замын ажил, гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээ, борооны ус зайлуулах шугам сүлжээний ажил хийгдэж байна.

Авто замын барилгын ажлыг “Мотор Сервис” ХХК гүйцэтгэж байна.

Categories
мэдээ нийгэм

МХЕГ 57 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна

МХЕГ-ыг 1800-1286 нээлттэй утсанд аравдугаар сарын 15-26-ны хооронд 87 иргэн хандан гомдол санал өгч, зөвлөгөө, мэдээлэл авчээ.

Улсын хилээр тэжээвэр нохойгоо авч гарах болон рентген аппарат, гоо сайхны бүтээгдэхүүн импортлох, цахим тоглоомын газар, зочид буудал шинээр ажиллуулахад ямар бичиг баримт бүрдүүлэх, хөдөлмөрийн харилцаатай холбоотой зөвлөгөө хүссэн зэрэг асуудлаар 57 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар долоон удаа ханджээ.

Categories
мэдээ нийгэм

Шүүгчийн ёс зүйн сургалтад Монголын бүх шүүгч оролцож байна

Шүүхийн ерөнхий зөвлөл, Азийн сантай хамтран зохион байгуулж буй Шүүгчийн ёс зүйн сургалтад Монголын бүх шүүгч оролцож байгаа юм. Нийслэл дэх шүүгчдэд зориулсан сургалт өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэллээ.

Энэ удаагийн сургалт нь шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх, нийтийн алба, нийгмийн харилцаа, хувийн амьдралд баримтлах ёс зүй, олон улсын стандарт, төвийг сахих зарчим, ашиг сонирхлын зөрчил, зан төлөв зэрэг сэдвээр үргэлжилж байгаа юм.

Шүүгчийн ёс зүйн талаарх суурь мэдлэгийг гүнзгийрүүлж, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чадвар, хандлага төлөвшүүлэх зорилготой уг сургалтыг өнгөрсөн сарын 22-30-нд орон нутагт есөн бүсэд зохион байгуулсан бөгөөд 271 шүүгч оролцсон юм. Харин нийслэл дэх “Шүүгчийн ёс зүйн сургалт” энэ сарын 7-ыг хүртэл 5 ээлжээр үргэлжлэх болох бөгөөд 209 шүүгч оролцоно.

Сургалтын нээлтийн үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж “Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор шүүхийн сургалтын дизайн батлагдана. Энэ төлөвлөгөөгөөр шүүгчийн ёс зүй, хүний эрхийн сургалт үндсэн, бусад нь сонголтын шинжтэй байх юм. Өөрөөр хэлбэл, шүүгчид хүний эрх болон ёс зүйн сургалтад заавал хамрагдана.

Энэ удаагийн сургалтад Монголын бүх шүүгч оролцож байгаагаараа түүхэн ач холбогдолтой” хэмээсэн юм.

Азийн сангийн Дэд суурин төлөөлөгч Диана Фернандез “Шүүх засаглалыг шинэчлэхэд Азийн сан олон жил хамтран ажиллаж байна. Шүүхийн тухай багц хуулийн төсөл батлагдахаас эхлээд шүүгчийн сонгон шалгаруулалтын программ боловсруулж, шинэчлэх болон авлигын эсрэг гэмт хэргийг шийдвэрлэх, шүүгчийн ёс зүйн сургалт зэрэг олон чиглэлээр Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран ажиллаж байна” гэлээ.