Categories
мэдээ нийгэм

Шинжилгээнд тэнцээгүй 42,5 тонн жимсийг буцаав

Замын-Үүд боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албаны лабораторийн шинжилгээгээр Шинэ Зеланд улсаас импортолсон жимс, жимсгэнэ шаардлага хангаагүй тул экспорлогч улсад нь буцаажээ.

Хилийн Мэргэжлийн хяналтын албанаас “Хүнсний аюулгүй байдлыг хангахад – Иргэн таны оролцоо” аяны хугацаанд Дорноговь аймгийн Замын-Үүд боомтын том тэрэгний хяналтаар нийт 713 аж ахуйн нэгж, долоон иргэний импортолсон 31763 тн бараа, бүтээгдэхүүнийг хяналтад хамруулсан. Мөн хилийн шалгалтад 11,9 мянган тонн бодис, бараа бүтээгдэхүүнийг хамруулж, 19,6 мянган тонн бараа, бүтээгдэхүүнийг гүний хяналтад хамруулахаар шилжүүлсэн байна.

Хяналтаар 48 зөрчил илрүүлснээс лабораторийн шинжилгээгээр шаардлага хангаагүй дээрх жимс, жимсгэнэ, хүнсний ногоог экспортлогч оронд буцаасан аж.

Түүнчлэн хаяг шошгын зөрчилтэй, дагалдах бичиг баримтгүй, гарал үүсэл тодорхойгүй 9,1 тонн бүтээгдэхүүн, 5,07 тонн өнгөт үрэл, чихэр, 305 кг гахайн мах, 3,2 тонн гахайн тэжээл, 80 кг улаан чавга, 980 кг маргарин зэргийг хурааж, найман нэр төрлийн 133 ширхэг эмийг экспортлогч улсад буцаажээ.

Хилийн Мэргэжлийн хяналтын албанаас сарын аяны хүрээнд импортлогч аж ахуйн нэгж, иргэдэд гурван удаагийн сургалт хийсэн байна.

Categories
мэдээ нийгэм

​Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ

Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал 15:30 цагт эхэллээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Амархүү болон түүний менежер Б.Гандаваа нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна. Уг хуралд яллагдагчаар Б.Амархүү, Б.Гандаваа, хохирогчоор Н.Чойжилсүрэн, өмгөөлөгчөөр А.Ганбат, Ц.Туяа, Н.Энхцэцэг, улсын яллагчаар С.Эрдэнэтуяа нар оролцож байна. Шүүгчдэгч Б.Амархүү, Б.Гандаваа нарыг Эрүүгийн хуулийн 11.4.1, 11.6.1-д зааснаар буруутгаж, яллагдагчаар татсан юм.

Эрүүгийн хуулийн 11.4.1-д “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ”.

Мөн хуулийн 11.6.1-д “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заажээ.

Categories
гадаад мэдээ

Сэтгүүлч Хашоггийн хэргийг илрүүлэх ажиллагаанд оролцохыг уриалжээ

Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн аллагын хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаанд оролцохыг олон улсын мэргэжилтнүүдэд НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссар Мишель Бачелет уриалжээ. Уг мэдэгдэлд тэмдэглэснээр, дээрх хэргийг илрүүлэхэд Турк болон Саудын Арабын эрх баригчдын гаргаж буй хүчин чармайлтыг М.Бачелет өндрөөр үнэлсэн аж. Гэсэн хэдий ч энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд олон улсын мэргэжилтнүүдийн оролцоо ихээхэн хувь нэмэр оруулахыг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. Ж.Хашогги нь өнгөрсөн сард Туркийн нийслэл Истанбул хотод суугаа Саудын Арабын Консулын газарт амиа алдсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Шатахууны үнийг бууруулж чадахгүй байгаа сайд нь огцрох ёстой гэв

Энэ онд шатахууны үнэ долоон удаа нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд АИ-92 шатахуун 1995 төгрөгт хүрчээ. Харин орон нутагт бол аль хэдийнэ 2000 хол давсан байна. Шатахууны үнэ тодорхой хэмжээнд буурч байгаа гэж мэдээлж байса салбарын сайд Д.Сумъяабазартай хариуцлага тооцох асуудал хөндөгдөж эхэллээ.
Өнөөдрийн чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Шатахууны үнэ дахиад өслөө. Бууруулж чадахгүй бол сайд нь бас огцрох хэрэгтэй. Ерөнхийлөгчийн саналд ямар хариулт өгсөн бэ. Ард түмэн чих тавин хүлээж байна. Тэгэхгүй бол ганцаардсан Ерөнхийлөгч болж харагдаад байна. Би ганцаардал ямар байдлыг мэднэ. Төсвийн хэддүгээр хэлэлцүүлэг явж байгаа юм бэ. Мэдээллээ бичгээр өг л дөө” гэх мэт асуулт тавив. ЖДҮХС-аас зээл авсан асуудлаар салбарын сайд Б.Батзоригоор туг тахисан бол шатахууны үнээр “шантаачилж” Д.Сумъяабазарыг ч огцруулах асуудал ордонд хөндөгдөж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн дийлэнх хувь нь Баянзүрх дүүрэгт гардаг гэв

Хүйтний улирал эхэлж обьектын гал түймрийн тоо сүүлийн үед ихээр нэмэгджээ. Үүнтэй холбогдуулан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас БЗД-ийн Засаг даргын тамгын газартай хамтран Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ өнөөдөр боллоо.Өдөрлөгийн хүрээнд ОБЕГ-ын хүрээний Гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг офицер бүрэлдэхүүний 112 алба хаагч оролцов. Тэд өндөр барилгад гарсан обектийн түймрийг унтраах, эрсдэлтэй байгаа иргэдийг авран хамгаалах сургалт явууллаа.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн жил 2266 удаагийн гарсан бол энэ оны арван сарын байдлаар 1973 удаагийн гал түймэр гарчээ. Тиймээс нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус дүүргийн 8, 12, 14 дүгээр хорооны айл өрхөд хяналт шалгалтыг зохион байгуулж, иргэдэд галын аюулгүй байдлыг хангах, гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгч ажиллаж байгаа аж.

Энэ талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа, Ц.Нямбаяр, “Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 25 хувь нь Баянзүрх дүүрэгт гарсан. Тэр дундаа өдөрлөгт хамарч буй 8, 9, 12 дугаар хороо нь энэ оны эхний 10 сарын байдлаар 30 гаруй удаа обектийн түймэр гарсан. Айл өрх бүрт галын аюулгүй байдлыг хангаагүй зөрчлийг нь шалгаж илрүүлээд өнгөрөх биш, түүнээс гарч болзошгүй эрсдлийг таниулан сурталчилж, зөрчлийг газар дээр нь арилгах юм.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, “Ахуйн гаралтай гал түймрийн ослын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан ч нас барсан хүний тоо өссөн үзүүлэлт гарсан.Иргэд цахилгааны утсыг эрсдэлтэй байрлуулах, үнс нурмаа ил задгай асгах, зуухны галлагаа буруугаас, шатамхай бодис хаяснаас үүдэлтэй гал түймэр гарч байна. Ихэвчлэн шөнийн цагаар гал түймэр гардаг нь хүний амь эрсдэх аюулыг дагуулдаг. Засгийн газрын тогтоолоор өнөөдрөөс эхлэн шөнийн цахилгааны тарифыг “тэглэх” болсонтой холбогдуулан иргэд нүүрс, түлээгээ хэмнэх зорилгоор цахилгаан халаалтын төхөөрөмж хэрэглэх нь ихсэх тул цахилгаан төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах, ахуйн галын эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж зөвлөгөөг өгч байна. Алба хаагчид гурван хэсэгт хуваагдан айл өрхүүдээр явахдаа гал түймрийн эрсдлийн хяналт шалгалт явуулж, урьдчилан сэргийлэх долоон төрлийн арга замын талаар зөвлөгөө өгч, ухуулга сурталчилгааны дүрс бичлэг толилуулна. Мөн “Анхаар” гар утасны аппликейшнээр дамжуулан иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч байгаа” гэв.

Тоо баримтаас харахад гал түймрийн шалтгааны дийлэнх буюу 29 хувийг ил задгай унс нурам асгаснаас, 22 хувийг пийшин зуухны гэмтлээс, 15 хувийг цахилгаан ашиглалтын буруугаас шалтгаалж буйг онцолжээ.

Мөн иргэдэд болзошгүй аюулаас өөрийгөө болоод гэр бүлээ авран хамгаалах чадвар эзэмшүүлэх сургалтуудыг зохион байгуулна. Тус нэгдсэн арга хэмжээ маргааш хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан: УИХ-ын цөөнгүй гишүүн авлига, албан тушаалын асуудалд нэр холбогдсон

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийсэн мэдэгдэл, УИХ-ын гишүүдтэй холбоотой ёс зүйн асуудлууд болон Ардчилсан хувьсгалын нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэмт хэргийн захиалагчийг хөөн хэлэлцэх хугацаа дууссантай холбогдуулж, өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрбээр, Өнөөдөр АН-ын бүлэг УИХ-ын нэгдсэн хуралдаан болон байнгын хороодын хуралдаанд түр хугацаагаар оролцох боломжгүй гэсэн байр сууриа илэрхийлж, хурлыг орхин гарсан.

Нэгдүгээрт, олон нийт маш их бухимдалтай байна. УИХ-ын цөөнгүй гишүүн авлига, албан тушаалын асуудалд нэр холбогдчихоод байхад хууль хяналтын байгууллагууд ажлаа хийх ёстой. Мөн УИХ-ын дотоод хяналтын байгууллага болох Ёс зүйн хороо хуралдаж дүгнэлтээ гаргахгүй байна.

Хоёрдугаарт, Улсын Их Хурал Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан шаардлагыг хэлэлцэх ёстой.

Гуравдугаарт, УИХ улсын төсвийг их хэмжээний алдагдалтай баталсанд Ерөнхийлөгч шүүмжлэлтэй хандаж байгаа. Иймд УИХ өөрөө санаачилж, төсвийн хуулиар нээлттэй сонсгол хийх ёстой гэдэг шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй болсон гэж үзвэл УИХ-ын даргад зөвшилцөх санал болгож, УИХ өөрөө тарах шийдвэр гаргаж болно гэсэн хуулийн заалт бий. Ийнхүү тарах шийдвэр гаргасан тохиолдолд шинээр сонгогдсон гишүүдийг тангараг өргөтөл УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Мөн УИХ-ын нийт гишүүний гуравны хоёр нь тарах ёстой гэж үзсэн тохиолдолд, УИХ нь Ерөнхий сайдаа 45 хоногийн дотор томилж чадаагүй бол их хурал тарах заалттай.

Бид өнөөдөр бие биеийнхээ санаа бодлыг сонссон ч сонсоогүй мэт зүгээр өнгөрөөдөг байж болохгүй. Төрийн институтууд тавьж буй шаардлагад харилцан хүндэтгэлтэй хандаж, асуудлыг шийдвэрлэхийн төлөө бодитой ханддаг байх ёстой.

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг шалгаж, захиалагчийг олон түмэнд зарлана гэж гарч ирсэн эрх баригч намын албан тушаалтнууд өнөөдөр С.Зоригийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэргийг хааж байна гэж тархи угааж байна. Үүнийг миний бие УИХ-ын гишүүний хувьд ч, АН-ын бүлгийн дэд даргын хувьд ч хүлээн зөвшөөрөхгүй.

Ер нь соёлын өвийг хулгайлсан, устгасан гэмт хэргүүд болон авлига, төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой олон гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх нэрийдлээр дуусгавар болж байна. Тэгвэл хөөн хэлэлцэх хугацааг хуулиар сунгах боломжтой гэлээ.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Фото: Монгол орон Орос гэрэл зурагчны дуранд

Оросын гэрэл зурагчин Даниил Коржонов энэ намар Монгол орноор аялж баруун хязгаарын казах түмний ахуй амьдралаас хальснаа буулгажээ. Мөн Өмнийн говийн үзэмжит газруудыг ч гэрэл зургаар дүрсэлсэн байна.






















Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ-д томуугийн вакциныг 15,000 төгрөгөөр хийж байна

Энэ жил улсын хэмжээнд ДЭМБ-ын гэрчилгээтэй БНСУ-ын Грийн кросс үйлдвэрийн 125 мянган хүн тун томуугийн вакциныг хүлээн авч, сайн дурын дархлаажуулалт эхэллээ.
Уг вакцинаар эмч, эмнэлгийн ажилчид, нийслэл хотын 160 гаруй цэцэрлэгийн хүүхэд, замын цагдаа, онцгой байдлын албан хаагчид зэрэг зорилтот бүлгийн хүн амыг үнэ төлбөргүй дархлаажуулна. Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн /ХӨСҮТ/ дархлаажуулалтын кабинетад ажлын өдүүдэд 09:00-15:00 цагийн хооронд 15,000 төгрөгний төлбөртэйгээр дархлаажуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Гарал үүсэл нь тодорхойгүй 285 хайрцаг хатаасан жимс илрүүлэн битүүмжилжээ

Өнгөрсөн лхагва гаригт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Нарантуул” олон улсын худалдааны төв орчмын зарим худалдаа эрхлэгч иргэн, байгууллагуудын үйл ажиллагаанд шалгалт хийсэн байна. Энэ хүрээнд “Хантайшир” бөөний төвийн өргөтгөлийн гуравдугаар давхарт байрлах түрээслэгчдийн бараа бүтээгдэхүүнд шалгалт хийх үеэр гарал, үүсэл нь тодорхойгүй 285 хайрцаг хатаасан жимс худалдаалж байсныг илрүүлэн битүүмжилжээ. Хаанаас оруулж ирсэн нь мэдэгдэхгүй, хугацаа нь дууссан дээрх их хэмжээний жимсийг хувь хүн худалдан борлуулж байсан аж. Илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлчдийн аюлгүй байдал, эрхзүйн орчны судалгааны урьдчилсан үр дүнг танилцууллаа

Глоб интернэшнл төвөөс хэрэгжүүлж буй “GSP+” механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхүүлэн дэмжих нь” төслийн хүрээнд Монголын хэвлэл мэдээллийн эрхзүйн орчин ба сэтгүүлчдийн аюулгүй байдалд хийж буй мониторингийн эх шатны үр дүнгээ 11 дүгээр сарын 2-ны буюу “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-ийг тохиолдуулан танилцууллаа.

Монголын сэтгүүлчдийн аюулгүй байдлын өнөөгийн түвшин ба Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлийн хэрэгжилт судалгааны ажлын хүрээнд сэтгүүлчдийн аюулгүй байдлыг тандах зорилгоор үндэсний хэмжээнд 300 сэтгүүлчийг хамруулахаар төлөвлөжээ. Судалгааг энэ оны есөн сард хийж эхэлжээ. Одоогийн байдлаар судалгааны санал асуулгын мэдээлэл бүрдүүлэлт 30 хувьтай байгаа аж.

Урьдчилсан байдлаар сэтгүүлчдийн амь насанд аюул заналхийлдэг, сэтгүүлчид өдөр тутамд ажлаа хийхэд шахалтад өртдөг, хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг заналхийлэл, халдлага үйлддэг зэрэгт судалгаанд оролцогчдын олонх нь “санал нийлж” байна, “маш их санал нийлж байна” гэсэн хариултыг өгсөн байна. Гурваас дөрвөн сэтгүүлч тутмын нэг нь дор хаяж 2-3 удаа олон нийтэд түгээсэн, мэдээлэл, нийтлэл нэвтрүүлгээсээ болж ямар нэгэн дарамт шахалт, заналхийлэл, сүрдүүлэгт өртөж байсан гэх хариулт өгчээ. Түүнчлэн гэр бүлийнх нь гишүүдийг айлгаж, дарамжталж байсан гэсэн тохиолдлууд таваас багагүй бүртгэгдсэн байна.

Мониторингийн эцсийн үр дүнг 2019 оны тавдугаар сарын 3-ны өдөр албан ёсоор танилцуулах юм байна.

Б.ОЮУНЖАРГАЛ