Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хуваах асуудлыг дэмжлээ

Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хуваах саналыг НИТХ дэмжин, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. 2019 оны Үндсэн чиглэлд хүн амын тоо, нягтаршлыг үндэслэн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хуваах, шинээр дүүрэг байгуулах асуудлаар төлөөлөгч Б.Сүхбаатарын санал, төлөөлөгч Ш.Төмөрбаатарын гаргасан Сүхбаатар дүүргийн XVI хороог хуваах зарчмын саналын дагуу хуралд оролцсон төлөөлөгчдийн дунд санал хураалт явуулахад олонх төлөөлөгч дэмжсэн байна. Дээрх саналыг НИТХ дахь “Аз жаргалтай хот” хорооны дарга Р.Дагва, Байгаль орчин ногоон хөгжлийн хорооны дарга Л.Нарантуяа, Төсөв санхүү, эдийн засгийн хороон дарга Ц.Сандаг-Очир, Хууль эрх зүйн хорооны дарга Ж.Батсайхан, Нийгмийн бодлогын хороон дарга Д.Мөнхжаргал нар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг батлахтай холбоотой санал, дүгнэлтээ танилцуулсны дараа дэмжлээ.

Categories
мэдээ улс-төр

Олон улсын хөрөнгө оруулагчдад монгол улсын уул уурхайн салбарыг сурталчиллаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид Австрали Улсын Мелбурн хотод зохион байгуулагдаж буй “Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн чуулга уулзалт”-д оролцож, Монгол Улсын уул уурхайн салбар болон хөрөнгө оруулалтын орчны талаар хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгч, санал солилцлоо.

Жил бүр зохион байгуулагддаг, Ази, Номхон далайн бүс нутаг дахь олон улсын хөрөнгө оруулагчдын хамгийн том арга хэмжээ болох “Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн чуулга уулзалт”-д энэ жил 6,000 гаруй уул уурхайн салбарын шийдвэр гаргагчид, бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулагчид, уул уурхайн түүхий эдийн худалдан авагчид, техникийн мэргэжилтнүүд оролцож, хамтран ажиллах боломжуудын талаар бүтээлч хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мелбурн хотод Монгол Улсын уул уурхайн салбар, төрөөс баримталж буй бодлого, хөрөнгө оруулж хамтран ажиллах боломжтой төслүүдийг танилцуулах зорилго бүхий MONGOLIA@IMARC-2018 форум зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 300 гаруй Австралийн болон бусад улсын хөрөнгө оруулагчид оролцсон нь манай улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах сонирхол их байгааг илтгэн харууллаа.

Энэ үеэр Засгийн газраас онцгой анхаарал хандуулж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны зарим хэсгийг гадаадын хөрөнгө биржид бүртгүүлэн арилжих бэлтгэл ажил, цаашид хэрэгжих дэд бүтцийн болон боловсруулах үйлдвэрийн төслүүдийн талаар хөрөнгө оруулагчдад танилцуулга хийв. Газарзүйн байршлын хувьд БНХАУ-ын томоохон гангийн үйлдвэрүүдтэй ойр байрладаг, коксжих нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ таатай байгаа зэргээс үүдэн олон улсын хөрөнгө оруулагчид, банк, санхүүгийн байгууллагууд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж байв.

Австрали Улсын банк, санхүүгийн байгууллагуудаас Оюу толгой болон бусад хайгуулын төслүүдэд хөрөнгө оруулалт хийсэн, тус улсын Засгийн газраас дэмжин Монгол Улсын геологийн салбарын мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдлыг хангах зорилготой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаад сайд Д.Сумъяабазар талархал илэрхийллээ. Мөн тэрбээр цаашид харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас үзэсгэлэнгийн талбай ажилуулж, 2019 оны 1 дүгээр улиралд багтаан дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр эхлүүлэх IPO-гийн талаар сонирхогч талуудад дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна. Тус компани IPO хийх дотоодын бэлтгэл ажлыг богино хугацаанд, шуурхай хангахаар ажиллаж байгаа билээ.

Энэ удаагийн Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн А.Ундраа, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, тус компанийн хувьцаа эрхэлсэн захирал Б.Батнайрамдал нар ажиллаж байгаа нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удахгүй арилжих хувьцааны талаар УИХ, Засгийн газар, компанийн байр суурийг хөрөнгө оруулагчдад нэгдсэн байдлаар илэрхийлэх боломжийг олгож байна. Мөн “Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес тус форумд оролцож, дэлхийн хэмжээний томоохон төслийг манай улсад хэрхэн амжилттай хэрэгжүүлж байгаа талаар танилцуулга хийсэн нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байлаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны зарим хэсгийг дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр амжилттай арилжиж, олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилтийн эх үүсвэр төвлөрүүлэх нь манай улсын эдийн засагт ихээхэн эерэг нөлөө үзүүлж, ажлын байр нэмэгдүүлж, Өмнийн говьд байрлаж буй ашигт малтмалын ордуудын үнэ цэнийг үлэмж өсгөх ач холбогдолтой юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын Австрали Улсад хийж буй айлчлал үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Томуугийн вакцин хийлгэхдээ анхаарах зүйлс

Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 71.058 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2561 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 3.6 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.4 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 0.5 хувиар тус, тус их байна. Нийт өвчлөгсдийн 40.1 хувийг 0-1 нас, 30.6 хувийг 2-4 нас, 14.5 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 1376 дуудлага ирснээс 37.6 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Хүүхдүүдээ ханиаднаас сэргийлэхийн тулд вакцинд хамрагдах боломжтой. Халдварт судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Сайн дурын дархлаажуулалтын төвд улирлын томуугийн вакцин хийж эхэлсэн. Тус төвд БНСУ-д үйлдвэрлэсэн вакциныг ажлын өдрүүдэд 08.30-14.30 цаг хүртэл хийх юм. Харин вакцины төлбөр бусад хувийн эмнэлгээс харьцангуй хямд буюу 15 мянган төгрөг аж. Мөн вакциныг хувийн эмнэлгүүдэд ч хийж байгаа аж. Тэгвэл ханиадны эсрэг вакцин хийлгэхдээ эцэг, эхчүүд дараах зүйлийг анхаараарай.

Categories
мэдээ нийгэм

Монгол бахархлын өдөр Монголын Үндэсний музей ажиллана

Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, Монгол бахархлын өдөр өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу энэ сарын 08-нд тохиож буй. Эл өдөр Монголын Үндэсний музей 09.00-16.30 цаг хүртэл ажиллана.

Засгийн газраас энэ жил пүрэв, баасан гарагт дараалан бүх нийтээр амрах шийдвэрийг гаргасан билээ. Энэ өдөр тус музей иргэддээ түүх, дурсгалын үзмэрүүдээ сонирхуулах юм. Үнийн хувьд том хүн 8000, оюутан 2500, хүүхэд 1000 төгрөг байна. Харин баасан гарагт ажиллахгүй, бямба гарагт 09.00-16.30 цагт ажиллаад ням гарагт амрах аж.

Монголын Үндэсний музей нь Монгол нутаг дахь хүний амьдралын түүх, соёл урлаг, ёс заншил, байгаль орчны тухай бодит баримтат материалуудыг цуглуулан хадгалж, судлан шинжлэх, дэлгэн үзүүлэх, сурталчлах таниулах үйл ажиллагааг байнга явуулах үүрэг бүхий, ашгийн төлөө бус, соёлын байгууллага юм.

Categories
гадаад мэдээ

Ерөнхийлөгч Гурбангул Бердымухамедов “алтан гол” өргөж, тэмцээний сурталчилгааг өвөрмөцөөр хийжээ

Хүндийн өргөлтийн дэлхийн шилдэг тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхөөр Туркменистан улсын Ашхабад хотод цуглараад байна. Өнөөдөр эхэлж байгаа уг тэмцээнийг угтан тус улсын Ерөнхийлөгч Гурбангул Бердымухамедов “алтан гол” өргөж, тэмцээний сурталчилгааг өвөрмөцөөр хийжээ. Тэрбээр нутагтаа болж байгаа уг тэмцээний цар хүрээг олон улсад түгээхийн тулд тамирчдын гол зэвсэгийг “алтаар” бүрэн өргөжээ. Өчигдөр тэмцээний нээлт эхлэхтэй зэрэгцэн энэхүү видео бичлэгийг олон нийтэд түгээжээ.

Нээлтийн үйл ажиллагаанаасаа эхлэн сүр дуулиантай эхэлсэн туйваанчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 88 орны тамирчид 10 хоногийн турш өрсөлдөнө.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол бахархлын өдрөөр “Чингис хаан одон” олгохгүй

Билгийн тооллоор өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг Их Эзэн Чингис хаан мэндэлсэн өдөр хэмээн үзэж “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Монгол бахархлын өдрөөр жилд нэг удаа хийсэн бүтээснээрээ шалгарсан нэг эрхэмд Төрийн тэргүүн “Чингис хаан” одонг гардуулдаг уламжлалтай. Энэ жилийн бахархлын өдөр арваннэгдүгээр сарын 8-ны пүрэв гарагт тохиож байгаа бөгөөд Ерөнхийлөгч “Чингис хаан” одонг олгохгүй, өнжихөөр шийдвэрлэжээ.

Анх 2002 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ сайшаан дэмжиж, УИХ-ын 21 дүгээр тогтоолыг баталж байжээ. “Чингис хаан” одонг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёсны түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулж, онцгой гавьяа байгуулсан иргэнд Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн долдугаар сарын 11-ний өдөр хүртээж байхаар тогтоосон. Дараа нь уг тогтоолын төсөлд өөрчлөлт оруулж “Чингис хаан” одонг Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан их хааны төрсөн өдрөөр буюу “Монгол бахархлын өдөр” ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар тусгажээ. Үүнээс хойш тус одонгоор нийт 11 эрхмийг шагнаад байна.

“ЧИНГИС ХААН” ОДОНГ ХҮРТСЭН ЭРХМҮҮД:

-2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат

-2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав

-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн

-2010 онд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж

-2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди

-2012 онд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл

-2013 онд Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном

-2014 онд Нэрт эрдэмтэн, академич Х.Намсрай

-2015 онд Нэрт яруу найрагч Г.Мэнд-Ооёо

-2016 онд Дуучин Г.Ариунбаатар

-2017 онд Олимпийн аварга Н.Түвшинбаяр нар хүртээд байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Цэнхэр нүдэн бүсгүй” балетыг өнөөдөр тайзнаа бүжнэ

Францын нэрт хөгжмийн зохиолч Л.Делибийн “Коппелия” буюу “Цэнхэр нүдэн бүсгүй” балетыг Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр тайзнаа толилуулна.

Энэ жил тус балетыг УДБЭТ-ын тайзнаа анх тавьсны түүхт 52 жилийн ой тохиож байгаа юм. Энэхүү гайхалтай балетыг анх 1870 оны тавдугаар сарын 25-нд Францын Парис хотноо “Гранд Опера” театрын тайзнаа амилуулсан байдаг. Харин манай улсад анх 1966 онд тайзнаа тоглосон түүхтэй. Гурван бүлэг, таван үзэгдэлтэй уг балетыг УДБЭТ-ын тайзнаа анх Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Б.Жамъяндагва хөрвүүлэн дэглэж, удирдаачаар нь Н.Намсрайжав, Ч.Жамсранжав, УГЗ Н.Туулайхүү, зураачаар нь Д.Сүхбаатар нар ажиллаж байжээ.

Уг бүтээл нь хөгжмөөр хүний дотоод сэтгэлийг илэрхийлсэн гайхалтай аялгууг бүжгэн жүжигтэй хослуулдгаараа онцлогтой. Энэхүү балетыг хүүхдүүд үзэхэд ойлгомжтой төдийгүй гол дүрийн эмэгтэй, эрэгтэй бүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг юм. Дэлхийн олон оронд “Хүүхдийн заавал үзэх жүжиг” жагсаалтад энэхүү балетыг оруулсан байдаг.

Гол дүрүүд болох Сванильдад гоцлол бүжигчин Г.Маргад-Эрдэнэ, Францад Д.Нацагдорж, Коппелиусид Х.Ганбаатар нар гоцолно.

Тоглолтын тасалбар нь 10, 15, 20 мянган төгрөгийн үнэтэй аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Эрдэнэ: Цаашид Ардчилсан нам УИХ-аас гаргасан аливаа шийдвэрийн хариуцлагыг хуваалцахгүй

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн есөн гишүүн өндөөрийн (өчигдрийн) чуулганы хуралдааныг орхин гарлаа. УИХ, Засгийн газрыг харицлагаа хүлээтэл чуулган болон Байнгын хороодын хуралдаанд суухгүй гэдгээ хэлсэн. Энэхүү асуудалд та намын даргын хувьд тайлбар өгөхгүй юу?

-Сүүлийн үед УИХ, Засгийн газар Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хуулиудыг зөрчсөн шийдвэр, ноцтой алдаатай бодлогуудыг ихээр гаргах боллоо. Энэхүү гаргасан буруу бодлого, шийдвэрээс нь болоод улс орны нийгэм эдийн засгийн байдал үндсэндээ дампуурал руугаа явж байна. Тухайлбал, сүүлийн хэдэн сард урьд хойчид байгаагүйгээр бензин, шатахууны үнэ өслөө. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсч байна. Мөн иргэдийн орлого буурч, амьжиргааны чадвар нь багаслаа. Түүнчлэн валютын ханш гэдэг зүйл хэрээс хэтэрлээ шүү дээ. Үүнтэй зэрэгцээд нөгөө алдарт 60 тэрбумынх нь хэрэг шийдэгдээгүй байтал 60 байтугай тэрбумын асуудал бослоо. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас нэр бүхий гишүүд хэдэн тэрбум төгрөгийн зээл авсан нь ил болж байна. Угтаа ЖДҮХС-гаас зээл авсан гэж байгаа ч үүнээс гадна маш олон сан бий. Тухайлбал, Зээлийн батлан даалтын сан, Тариалан эрхлэлтийн сан, Хөдөө аж ахуйн сан гэх мэт олон сан байдаг. Эдгээрээс хичнээн төгрөгийн зээл авсан нь нууц байна. Тиймээс л манай нам шаардлага тавьсан.

-Та бүхний шаардлагын хариуг УИХ-ын дарга өгсөн юм биш үү?

-Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт манай намын бүлгээс УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Нэгдүгээрт, дээрх сангуудаас зээл авсан гишүүдийг шалгаж тогтоогоод ямар хариуцлага тооцох талаараа мэдээллээч гэж. Хоёрдугаарт, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсээр байна. Цаашид энэхүү шатахууны үнийг барих, бууруулах асуудлаар ямар ажил хийх гэж байгаагаа тодорхой илэрхийлээч гэж. Мөн УИХ-ын гишүүдийг зохион байгуулалттайгаар авлигадсан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг шаардсан. Гуравдугаарт, энэ бүхнээс болж алдагдсан боломжийг иргэдэд буцаан олгох ажлыг УИХ , Засгийн газар яаралтай зохион байгуулахыг шаардаж байгаа. Харамсалтай нь үүнд УИХ-ын дарга тодорхой хариу ирүүлээгүй. Нэг албан бичиг ирсэн. Түүнд нь бидний хүссэн хариулт алга байсан. Бид улс орны нийгэм эдийн засгийн байдал ноцтой байдалд орчихоод байна гэдэг асуудлаар шаардлага тавьсан болохоос хуралд суух, суухгүй тухай асуудлыг яриагүй л байхгүй юу. Нөгөөтэйгүүр АН-ын есэн гишүүнтэй бүлэг Ерөнхий сайдад асуулга тавиад байхад одоо болтол бидэнд хариу ирүүлсэнгүй. Иймэрхүү нөхцөл байдлаас болж бид өнөөдрөөс (өчигдөр) эхлээд чуулган болон байнгын хороодын хуралд суухгүй гэдгээ хэлээд шаардлагуудаа ширээн дээрээ орхиод гарсан. Энэ бол сөрөг хүчний хувьд хийх ёстой тэмцлийн хэлбэр. Түүнээс биш бид хийх ажилгүйдээ ч юм уу ямар нэгэн улс төрийн ашиг хонжоо олох гэж хийгээгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

-Танай намын есөн гишүүн чуулганы хуралдаанд суухаа больчихлоо гээд УИХ-ын шийдвэр гаргах, хууль батлахад нь саад болж чадахгүй шүү дээ. Та бүхний шаардлагыг хэрхэн хүлээж авбал буцаад хуралууддаа суух юм бэ?

-Ерөөсөө л гэм буруутай этгээдэд хариуцлага тооц. Бодит үнэн зөв мэдээллийг гаргаж олон нийтэд ил болго. Засгийн газарт байгаа тэрхүү ёс зүйн зөрчил гаргасан гишүүддээ хариуцлага тооцоо л гэсэн шаардлагыг тавьсан. Хэрэв дээрх бүгдэд хариуцлага тооцоод эхэлбэл бид хуралдаа сууна. Бидэнтэй бидэнгүй энэ удаагийн эрх баригчид хэт олонхоороо шийдвэр гаргаад явчих боломжтой. Үүнийг нь бид үгүйсгээгүй. Сөрөг хүчин юутай ч шаардлагаа тавьж байна. Өнөөдөр сөрөг хүчний шаардлагыг эрх баригчид үл огоороод хэт олонхдоо дулдуйдаад цааш явах юм бол эндээс гарч байгаа аливаа шийдвэр бүхэн өөрөө ёс зүйгүй л шийдвэр болно.

Өөрөөр хэлбэл парламентын цөөнх оролцоогүй шийдвэр гэдэг бол тийм ч цэвэр шийдвэр гарахгүй гэсэн үг. Ганцхан нэг хүчний, эрх баригч намын дангаараа гаргасан шийдвэр л болж явна. Цаашид сөрөг хүчин буюу Ардчилсан нам УИХ-аас гаргасан аливаа шийдвэрийн хариуцлагыг хуваалцахгүй. Яагаад гэвэл бид тэрхүү санал хураалтад оролцоогүй, асуудал ярьж байхад нь ямар нэгэн байр сууриа илэрхийлээгүй. Тиймээс эрх баригч МАН дангаараа цаашаа явах юм бол хариуцлагаа өөрсдөө л хүлээх ёстой.

-Энэ сарын 15-наас өмнө чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэн батлах ёстой. Гэтэл сөрөг хүчин чуулганы хуралдаанд суухгүй болохоор ирэх оны төсөв хэрхэн батлагдах юм бол. УИХ дахь намын бүлгийн саналыг тусгаж байж төсөв батлагдана биз дээ?

-Ардчилсан намын бүлгийн хувьд дүгнэлтээ Их хуралд танилцуулсан. Ирэх оны төсөв үнэхээр учир дутагдалтай төсөв болсон. Хэт хөөсөрсөн, орж байгаа орлогоо бодитоор тооцоолж чадаагүй, хэт өөдрөг төсөв болсон байна лээ. Үүнийг засаач ээ, өөрчлөөч ээ гэдгийг бид олон удаа хэлж шаардсан. Харамсалтай нь эрх баригчид хүлээж аваагүй. Монгол Улсын 2019 оны төсөв нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал аж ахуйн бүх хэвшил болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах гэсэн Үндсэн хуулийн 5.4 дүгээр заалтыг ноцтой зөрчиж байгаа. Төрийн өндөр албан тушаалтнууд нь шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим байна гэсэн Үндсэн хуулийн 1.2 дугаар заалтыг ноцтой зөрчсөн байдлууд илэрч байгаа. Тиймээс эдгээр зөрчлүүдийг арилгатал УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын Дэгийн тухай хуулийн 4.10-т зааснаар хуралдаанд хугацаагүйгээр оролцохгүй байхаа мэдэгдэж байгаа юм.

-Уржигдар Б.Батзориг сайд өөрийн хүсэлтээр сайдын суудлаасаа чөлөөлөгдөж байгаагаа мэдэгдсэн. Энэ нь Засгийн газар хариуцлагаа үүрч байгаагийн нэг хэлбэр гэж харж байна уу?

-Зүгээр нэг сайд огцорсон гээд Засгийн газар хариуцлагаас мултарна гэдэг зүйл байж болохгүй. У.Хүрэлсүхийн Засгийн газар ганц, хоёрхон сайдыг ажлаас нь чөлөөлчихөөд хариуцлагаас зугтах гэж оролдож байна. Өмнө нь ЗТХЯ дээр гарсан ноцтой хүн амины хэргээс болж ганц сайдаа огцруулаад хариуцлагаас зугтсан. Одоо хэдэн арван сая төгрөгийн мөнгө угаасан байж болзошгүй авлигын шинжтэй хэрэг гарчихаад байхад мөн л тухайн асуудал хариуцсан сайдыг огцруулах замаар хариуцлагаас бултах гэж байна. Ер нь гэм буруутай үйлдэл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрчихлөө, тийм үү. Үүний илрэл нь тэрхүү зээл авсан гишүүд ч өөрсдөө хүлээн зөвшөөрсөн, дээр нь энэхүү зээлийг олгосон сайд нь өөрөө албан тушаалаасаа огцорч байна. Одоо тэгээд яах уу, дан ганц огцроод л асуудал дуусахгүй. Энэ улс хуультай юм бол хуулийнхаа дагуу л хариуцлага тооцоод явах ёстой.

-Энэ удаагийн Засгийн газрыг асуудал үүссэн сайдаа асуудалтай сайдаар сольчихдог гэж яриад байна л даа. Уг асуудлыг та юу гэж харж байна. Тухайлбал, ЗТХ-ийн сайдыг асуудал гаргахаар нь огцруулсан. Гэтэл түүний оронд томилогдсон сайд нь ЖДҮХС-гаас зээл авсан гэх асуудалд нэр холбогдчихсон байна гэдэг зүйлийг улстөрчид ярьж байна л даа?

-У.Хүрэлсүхийн Засгийн газар ажиллах чадамжгүйгээ иймэрхүү үйлдлүүдээсээ харуулаад л байгаа юм. Миний хувьд энэ удаагийн Засгийн газрыг шүдгүй арслантай л зүйрлэж байгаа. Засгийн газар үйл ажиллагаагаа явуулснаас хойш өдгөө хоёр том соёогоо аваад хаячихлаа. Арслангаар жишээ болговол энэ Засгийн газар шүдгүй болж байна л гэсэн үг. Энэ мэт нэг хоёроор нь шүдээ суга татаж хаяад байвал сүүлдээ юугаараа хоолоо идэх вэ. Үүнтэй адил бүхэл бүтэн нэг улсын Засгийн газар өөрийн буруу бодлогоосоо болоод алдаатай үйлдэл бүртээ нэг сайдаараа туг тахиж байна. Ингээд яваад байж болохгүй л байхгүй юу. Энэ бол хариуцлагагүй байгаагийн тод илрэл. Цаашид Засгийн газар үйл ажиллагаагаа явуулах боломж, чадамжгүй болсон.

-УИХ-ын 75 гишүүнээс 50 гишүүн ЖДҮХС-гаас зээл авсан гэдэг мэдээлэл нийтэд ил боллоо. Үүнд танай намын гишүүд байгаа юу?

-Байхгүй.

-Байхгүй гэдэгт нь та итгэлтэй байна уу?

-Итгэлтэй байна. Угаасаа тус сангаас зээл авсан хүмүүс чинь нэр усаараа ил тод байж байгаа шүү дээ.

-Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг өөрөө тарах саналаа Их хурлын даргад хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн энэхүү УИХ өөрөө тарах ёстой гэдэг саналыг та болон танай нам хэрхэн хүлээн авч байна вэ?

-Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах, чуулганы хуралдаанаар хэзээ, хэрхэн хэлэлцүүлэх нь УИХ-ын даргын мэдэх асуудал. УИХ-ыг хариуцлагаа хүлээгээд тар гэж байгаа бол би хувьдаа үүнтэй санал нийлэхгүй байгаа. Учир нь УИХ-д 76 өөр өөр тойргоос сонгогдсон далан зургаан бие даасан субьект байж байгаа. Нөгөөтэйгүүр яахаараа гэм хийсэн этгээдүүдийн өмнөөс гэм зэмгүй гишүүн ямар нэгэн ял, хариуцлага хүлээх ёстой юм. Тиймээс УИХ-ыг бүхэлд нь хариуцлага тооцох ёстой гэдэг саналыг би шударга бус гэж үзэж байна.

-Тэгэхээр УИХ бүхэлдээ тарах шаардлага үүсээгүй байгаа гэж ойлгож болох уу?

-Бүхэлдээ тарах ёстой гэдэг нөхцөл байдлыг би харахгүй байгаа. Мэдээж асуудлыг хэрхэн тавих нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал.

Categories
мэдээ цаг-үе

Д.Эрдэнэбулган: Цахим орчинд хүүхдүүд сэтгэл санаа, бие махбод, амь насаараа хохирох аюултай байдаг

Цахим сүлжээг ашиглан үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралт ихэсч буйтай холбогдуулан ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Эрдэнэбулгантай ярилцлаа.


-Кибер гэмт хэргийн талаар тодруулахгүй юу?

-Олон улсын нэр томьёогоороо нэлээд олон хэргийг нэгтгэж байж цахим гэмт хэрэг гэдэг ойлголт бүрддэг. Кибер гэмт хэрэг гэдэг нь ерөнхий нэршил юм. Монгол Улсын эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэгт “Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэж заасан байгаа. Үүнд гурван зүйл анги хамаардаг. Тухайлбал, цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах, хортой программ зохион бүтээх, тараах, болон цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах төхөөрөмж бэлдэх, халдах зэрэг нь багтдаг юм. Мөн кибер гэмт хэрэгтэй тэмцэх албаны чиг үүрэгт, цахим мэдээллийн сүлжээ ашиглан хувь хүний мэдээлэлд хууль бусаар халдах, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчих, хүүхдэд садар самууныг сурталчлах, хүүхдийг ашиглан садар самуун үйлдэлд татан оролцуулах, интернэт орчинд бусдыг хууль бусаар мөрдөж, мөшгөх гэсэн зүйлс нэмэгдэж, нийт найман зүйл ангийн хүрээнд хамаарах хэргийг кибер гэмт хэрэг гэдэг.

-Сүүлийн үед цахим орчныг ашиглан иргэдийг луйвардаж, эд мөнгөний хохирол учруулах тохиолдол ихэссэн гэл үү?

-Интернэт орчинд иргэдийг залилж, мэхлэх асуудал маш их болсон. Олон улсад энэ төрлийн луйвар нь кибер гэмт хэрэгт хамаарагддаг. Харин манай улсад үүнийг залилах гэмт хэрэгтэй тэмцэх нэгж шалгадаг.

-Иргэд яагаад кибер гэмт хэргийн золиос болоод байгаа юм бэ?

-Нэгдүгээрт, энэ төрлийн гэмт хэрэгт өртөх нөхцөлийг иргэд өөрсдөө бүрдүүлж байдаг. Олон нийтийн дунд мэдээлэл хомс байгааг гэмт хэргийн гаралт, хохирогчдын тоо нэмэгдэж байгаагаас харж болно. Бодит орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргээс ялгарах тал нь цахим орчинд үйлдэгдэж буй гэмт үйлдлээс иргэд өөрсдийгөө хамгаалах 99 хувийн боломжтой байдаг. Учир нь бодит амьдралд буюу хэн нэгэн гудамжинд явж байхад хоёрдогч этгээд түүнийг санамсаргүй байхад нь гэмтээх, эд зүйлийг нь хулгайлах зэргээр хохирогч болгодог бол интернэт орчинд гадны хүчин зүйл шууд тань руу халдаж, хохирооно гэж байдаггүй. Хэрэв тухайн хүн интернэт орчинд өөр рүү нь ирж байгаа аюул заналхийллийг хараад мэддэг, гадарладаг бол янз бүрийн хортой холбоо руу нэвтрэхгүй, идэвхжүүлэхгүй, танихгүй хаягаас ирсэн найзын хүсэлтийг авахгүй байх зэргээр өөрийгөө хамгаалж болдог. Гэвч хил хязгааргүй, цагийн зөрүү нөлөөлдөггүй зэрэг нь цахим орчны дутагдалтай тал юм. Гэмт хэргийг үйлдэж буй этгээдүүд дэлхийн хаанаас ч гэсэн бүгд интернэтэд холбогдоход цагийн зөрүүгүй ажиллаж, хэн нэгэнд хохирол учруулах боломжтой. Кибер гэмт хэргийг мөрдөхдөө цагдаагийн байгууллагуудууд олон улсын гэрээ конвенци, эрх зүйн туслалцаа зэргийг зөрчихөд хүрдэг. Тиймээс үндэстэн дамнасан гэмт хэргийг илрүүлэхэд цаг хугацаа алдах эрсдэлтэй байдаг.

-Яагаад фэйсбүүк орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргээс иргэд өөрсдийгөө хамгаалж чадахгүй байгаа юм бол?

-Улс орон болгоны эрх зүйн зохицуулалт хоорондоо ялгаатай байдаг. Фэйсбүүк дээр монгол хүний эрх ашиг зөрчигдөхөөр цагдаа хүчний байгууллагаас эсвэл өөр байгууллагууд тухайн хаягийг устгаж болдоггүй, хаягийг нь сэргээгээд хамгаалалтад авч чаддаггүй. Бид хийж болох хэдий ч фэйсбүүк гэдэг нь өөрөө Америкийн компани, тухайн хүн фэйсбүүкт бүртгүүлээд орсон л бол Америкийн нэгдсэн улсын хуулиар хамгаалагдаад, харилцаа нь түүгээр зохицуулдаг. Тэгэхээр цагдаа хүчний ямар ч байгууллага таны болон бусад гэмт хэрэг үйлдсэн этгээдийн мэдээллийг шууд гаргуулан авах ямар ч боломжгүй. Мөн Америкийн нэгдсэн улс болон манай улс хооронд эрүүгийн хэргийн асуудлаар эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байдаггүй. Тиймээс хүндрэлүүд гардаг учир иргэд хэрэв утасны дугаар дээр чинь ямар нэгэн код ирээд түүнийг хэн нэгэн “Андуураад оччихлоо, хэлээд өгөөч” гэх юм бол хэзээ ч битгий хэлж өгөөрэй гэдгийг сануулъя.

-Иргэд яг ямар үйлдэл хийснээс болж цахим гэмт хэрэгт холбогдож байна вэ?

-Хэрэг бүр өөрийн онцлогтой. Энэ орчинд залилангийн гэмт хэрэг хамгийн их үйлдэгддэг. Мөн хүүхэд, том хүн, аж ахуйн нэгжүүд хохирч байгаа хэрэг ч их бий. Залилангийн хэргийн тухайд гадаадаас Монгол руу халдаж, иргэдийг хохироосон зөрчлүүд гарч байна. Тухайлбал, гадаад улсаас иргэдийн и-мэйл хаягт “Та сугалаанд хожлоо”, “Таны дугаар санамсаргүйгээр азтан боллоо. Тиймээс доорх хаягаар орж өөрийн хувийн мэдээллээ бөглөнө үү” гэж хуурдаг. Эсвэл фэйсбүүкээр гадаад залуус монгол бүсгүйтэй танилцан “Би чамд виз гаргаж өгнө. Хоёулаа гэрлэе”, “Би чам руу их хэмжээний мөнгө шилжүүлье. Учир нь энэ мөнгийг банкаар дамжуулж шилжүүлэхээр өндөр татвар төлөх гээд байна. Тиймээс эхлээд чам руу өгье, тэгээд чи авчихаад миний хүссэн газар руу шилжүүлээд өгөөч. Танай улс татвар нь бага, хөнгөлөлттэй байдаг юм байна” гэж хэлэн мөнгө шилжүүлэх гэж байгаа хүний и-мэйл рүү интернэт дугаараас залган “Таны нэр дээр их хэмжээний мөнгө байна. Үүнийг авахын тулд та манай улсын хуулиар татвар төлөх ёстой. Энэ данс руу мөнгө хийнэ үү” гэж дөрвөөс таван удаа шилжүүлэг хийлгэдэг. Гэтэл мөнгө шилжүүлснийхээ дараа “Би юу хийчих вэ” гэж хохирогч болсноо мэддэг.

-Шилжүүлсэн мөнгийг нь буцааж авч өгөх боломжгүй гэх юм билээ?

-Одоогоор буцаагаад аваад өгчихсөн тохиолдол алга. Учир нь гэмт бүлэглэл нь Англид, хохирогч руу хортой код илгээсэн хүн нь Сингапурт, мөнгө хүлээн авч байгаа нь Японд зэрэг үндэстэн дамнаж байрладаг хүндрэл бий. Тэдгээр хүмүүс интернэтээр холбогдож бүгд ашиг хүртдэг. Тийм болохоор хэргийг шийдэхийн тулд Монголын цагдаа Сингапур, Англи, Япон руу очоод ажиллагаа явуулахад хэцүү. Гэхдээ олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага болох интерполд хүсэлт илгээдэг. Гэвч интерпол ч гэсэн богино хугацаанд хэрэгтэнг барьж чаддаггүй. Манай улсад тулгараад байгаа нөхцөл байдлаас болоод тэр. Гэмт этгээдүүд тэнэг хүмүүс биш учир хэзээ ч өөрийнхөө нэр дээр мөнгө хүлээж авдаггүй нь шалгалтын ажилд саад болдог. Тиймээс иргэддээ “үнэгүй зүйл зөвхөн хавханд байдаг” гэдэг ухагдахууныг суулгамаар байна. Хүн хэзээ ч танд их хэмжээний мөнгө зүгээр өгөхгүй, фэйсбүүкээр хүнтэй гэрлэе гэж гуйхгүй, виз гаргаж өгөхгүй шүү дээ. Ялангуяа өөрөө юу ч өгөхгүйгээр танаас мөнгө авах гэж байгаа тохиолдлын дийлэнх нь залилан байх магадлалтай.

-Иргэд өөрийн аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах ёстой юм бол?

-Танихгүй хаягтай найз болоод хэрэггүй. Мөн бусдын цахим хаягаар нэвтэрч дотны хүмүүс, найзуудаас нь мөнгө залилж байгаа асуудал сүүлийн үед нэлээд газар авч байгаа. Тиймээс хэн нэгэн цахим орчинд мөнгө зээлээч гэж байгаа тохиолдолд яаран шилжүүлэг хийх хэрэггүй. Тухайн хүнтэй уулзах, утсаар ярьж баталгаажуулах нь чухал.

-Гэмт этгээдүүд хүний хаяг руу нэвтэрч, танил хүмүүсээс нь мөнгө гуйгаад байгаа гэмт хэргийг хэрхэн үйлддэг вэ?

-Манай улсад энэ төрлийн гэмт хэргийг хоёр төрлийн аргаар үйлддэг. Тухайлбал, утасны дугаарыг нь тааруулдаг. Нэвтрэх нэр нь нууц үгтэйгээ адилхан бол үүнийг бүгд автоматаар тааруулаад хүний хаяг руу орчихдог. Тиймээс иргэд өөрсдөө чанаргүй хамгаалалт хийхгүй байх хэрэгтэй. Өөр нэг хэрэглэгдэж байгаа арга нь “fishing” юм. Үүнийг олон улсад “загасчлах” гэж ярьдаг. Энэ нь ямар нэгэн банкны нэвтрэх нүүрийг дуурайлган хуурамчаар хийсэн вэб сайтад хэрэглэгчээр нэвтрэх нэрээ, нууц дугаарыг нь бичүүлэхэд л хангалттай. Хэрэв биччихвэл тухайн хүн өөрийн бүх мэдээлэл, нууцлалаа алдчихлаа л гэсэн үг. Цахимаар залилуулж байгаа иргэдийн ихэнх нь энэ хоёр үйлдлийг хийснээс болоод эд материалаараа хохирч байна.

-Танайд цахим гэмт хэргийн золиос болсон хичнээн тохиолдол бүртгэгдсэн байна?

-Одоогоор цахим орчинд үйлдэгдсэн 409 хэрэг дээр ажиллаж байна. Үүний 320 нь зөвхөн залилах төрлийн гэмт хэрэг байсан. Харин дээрх найман зүйл ангид хамаарах 48 гэмт хэрэг бүртгэлтэй байна. Цахим мэдээллийн аюулгүй байдал буюу сүлжээнд хууль бусаар нэвтэрсэн 35 гэмт хэрэг байгаа. Цахим орчинд үйлдэгдэж буй кибер гэмт хэргийн тоо жил ирэх тусам өсч байгаа.

-Байгууллагууд хохирч буй тохиолдол бий юу?

-Цахим орчинд байгууллагууд хамгийн их өртөж байгаа гэмт хэрэг нь и-мэйл луйвар юм. Энэ нь дан ганц манай улсад тохиолдоод байгаа зүйл биш, дэлхий нийтэд үйлдэгдэж байгаа кибер гэмт хэрэг дотроо хамгийн эхэнд жагсаж байгаа. Учруулж буй хохирлын хэмжээ нь асар өндөр. 2016 оны байдлаар нэг сар 62 сая орчим ам.долларын хохирол учруулж байна гэсэн. Манай улсын тухайд гадаад худалдаа эрхэлж байгаа байгууллагууд үүнд их өртдөг.

-Үүнийг дэлгэрүүлж тайлбарлахгүй юу?

-Тухайлбал, харилцагч хоёр байгууллага байлаа. Нэг нь гадаадаас худалдаж аваад мөнгөө шилжүүлдэг, нөгөө нь бараагаа шилжүүлдэг. Гэтэл нэг өдөр гадаад компаниас “манай дансны мэдээлэл өөрчлөгдлөө. Хуучин дансан дээр шалгалт орчихсон, мөнгө хүлээн авах боломжгүй тулд энэ удаагийн мөнгөө 13…… данс руу шилжүүлнэ үү” гэсэн утгатай и-мэйл ирдэг. Харахад яг тухайн компанийн хаягаас ирсэн байдаг. Гэвч үүнийг нь манайхан нягтлахгүйгээр и-мэйлд итгээд мөнгөө шилжүүлж байгаа нь гэмт хэрэгтний өгөөш болчихлоо л гэсэн үг. Хэрвээ хариу өгөхдөө и-мэйлийг хянаад үзвэл гэмт этгээдийн ашигласан жинхэнэ и-мэйл харагдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, би хэний ч өмнөөс и-мэйл бичиж болно. Гэвч хариу илгээх үед миний хуурамч хаяг харагдах юм. Мөн и-мэйл хаягийн эх кодыг харж, харилцагч байгууллагатайгаа холбогдож, лавлах хэрэгтэй. Манай улсад энэ төрлийн гэмт хэргийн анхны тохиолдол 2013 онд бүртгэгдэж байсан. Хохирлын хэмжээ хэдэн тэрбумаар яригдана.

-Цахим гэмт хэргийн улмаас хүүхэд хохирч байна гэсэн үү?

-Хамгийн сүүлд л гэхэд фэйсбүүкээр дамжуулан 24 настай нэгэн этгээд өөрийгөө 16 настай гэж 14 настай охинтой хуурамч хаягаас харьцаж, гэрийн хаяг, сургуулийн мэдээллийг авчихсан байсан. Нөгөө охин хуурамч хаягаас харьцаж байсан тул өөрийгөө аюулгүй гэж бодон нүцгэн зургаа явуулахад охины жинхэнэ цахим хуудсыг олж, нүцгэн зургийг нь тараана гэж дарамтлан нүцгэнээрээ дүрсээ харж ярихыг шаардсан гэсэн дуудлага манай дээр ирж, бид хүүхдэд туслалцаа үзүүлсэн. Шалгалтын ажлыг явуулахад Улаанбаатар хотын харьяа тодорхой эрхэлсэн ажилгүй этгээд хуурамч хаягаар ийм хэрэг үйлдэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангадаг байсан нь илэрсэн. Цахим орчинд хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болохдоо эдийн засгийн хохиролд төдийлөн өртдөггүй. Харин сэтгэл санаа, бие мах бод, амь насаараа хохирох аюултай байдаг.

З.МӨНХСУВД

Categories
мэдээ цаг-үе

Н.Гантулга: Хоёр тал эвлэрч үндэсний бөхийн онц их хурлаа хийж “Бөхийн өргөө”-гөө нээх хэрэгтэй

Аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн зөвлөлийн тэргүүн аймгийн арслан Нэргүйн Гантулгатай ярилцлаа.


-Аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн зөвлөл байгуулагджээ. Энэ төрийн бус байгууллага хэзээ байгуулагдсан бэ?

– МҮБХ-оо талцаж байдал хурцдаж бөхийн өргөөгөө хаалгаад долоон сар болж байна. Энэ хугацаанд аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан нэгийг ч зохион байгуулаагүй. Үүний гол хохирогчид улсын цол хүртэхийн төлөө хөдөлмөрлөж буй залуу аймаг цэргийн цолтнууд болж байгаа юм л даа. Иймээс эрх ашгаа хамгаалахаар хоёр гурван ч удаагийн уулзалтыг бөхчүүд зохион байгуулсан. Улмаар төрийн бус байгууллага байгуулахаар шийдэлд хүрсэн. Бөхийн холбооны хэрүүлээс шалтгаалж бөхийн хөгжил уруудсан. Хоёр тал эвлэрч үндэсний бөхийн онц их хурлаа хийж “Бөхийн өргөө”-гөө нээх хэрэгтэй.

-Өмнө нь аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн зөвлөл байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байсан шүү дээ. Танай байгууллага юугаараа ялгаатай вэ?

-Өмнөх зөвлөл Монголын Үндэсний бөхийн холбооны удирдлагад үйл ажиллагаа явуулж байсан. Тэр зөвлөл зөвхөн МҮБХ-ноос зохиож буй үйл ажиллагаанд хамтран оролцож байсан. Манай зөвлөл нь бие дааж үйл ажиллагаа явуулж бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаална.

-Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн эрх ашиг яаж зөрчигдөж байна. Ямар ажил явуулахаар төлөвлөсөн бэ?

-Манай зөвлөл аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн эрх ашгийг хамгаална. Мөн аймаг, цэргийн цолтны бөхчүүдийн барилдааныг тогтмол зохион байгуулна. Өмнөх жилүүдэд есдүгээр сард намрын улирлын нээлтийн барилдаан явагддаг байсан бол өнөө жил арван нэгдүгээр сар дөхөж байхад ганц ч барилдаан зохион байгуулагдсангүй. Энэ нь өсч яваа залуу бөхчүүдэд их хор хохиролтой зүйл. Бөхчүүд барилдаандаа тааруулж бэлтгэл сургуулилтаа базаадаг. Барилдаанаасаа алдаа оноогоо дүгнэж, цаашид хөгждөг. Ийм боломж хаагдчихаад байна. Бөхийн дэвжээнд 30-40 залуус ирж бэлтгэл сургуулилт базаадаг байсан бол өнөөдөр 10-аадхан бөх л бэлтгэл хийж байна. Барилдаан зохион байгуулагдахгүй байхад юуны төлөө бэлтгэл хийх вэ дээ. Энэ бол үндэсний бөх мөхөл рүү ойртож буй нэг хэлбэр л дээ. Даруй арга хэмжээ авахгүй бол болохгүй.

-МҮБХ-оос долоон аймгийн наадамд түрүүлж, үзүүрлэж шөвгөрсөн бөхчүүдийн цолыг эрэмбэд оруулаагүй байсан. Энэ ямар шалтгаантай вэ?

-Энэ намрын нээлтийн барилдааныг Монголын Үндэсний бөхийн холбооноос “Алдар” спорт хороон дээр зохион байгуулсан. Энэ барилдаанд баяр наадмын барилдааны оноолтыг санаатай зөрүүлсэн, допинг хэрэглэж эрхээ хасуулсан бөх барилдуулсан, тойргийн цолтой бөх барилдуулсан зэрэг шалтгаануудад үндэслэж зарим бөхчүүдийн цолыг эрэмбэд оруулаагүй юм билээ. Энэ нь аймгийн наадмыг зохион байгуулсан бөхийн салбар хорооны, хэсэг бүлэг нөхдүүдийн хариуцлагатай холбоотой асуудал л даа. Гэтэл бүх бөхчүүд дүрэм зөрчсөн мэт албан ёсны эрэмбэд оруулаагүй байгаа нь эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа хэлбэр. Энд эрх ашиг нь зөрчигдсөн 58 бөх гарын үсэг цуглуулж манай байгууллагад хандсан. Бид “Энэ шийдвэр нь Баяр наадмын тухай хуулийн зарим заалтыг зөрчиж байна, аймгийн засаг дарга захирамж гаргаж олгосон цолыг төрийн бус байгууллага хүчингүй болгох эрх зүйн акт байхгүй. Наадам зохион байгуулсан аймгуудын үндэсний бөхийн холбоотой хариуцлага тооц” гэсэн шаардлагыг МҮБХ-нд хүргүүлсэн. Үүний дараа зарим аймгууд алдаа дутагдал гаргасан хүмүүстэй хариуцлага тооцсон тухай албан бичгийг холбоонд хүргүүлсэн л дээ. Улмаар МҮБХ-ны удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж 58 бөхийн цолыг эрэмбэд багтаасан. Энэ бол бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалж байгаа нэгэн хэлбэр юм.

-Танай төрийн бус байгууллагаас цаашид ямар үйл ажиллагаа зохиох вэ. Барилдаан зохион байгуулах уу?

-Хоёр холбоод шүүхдэлцээд, давж заалдаад явж байх хооронд Бөхийн өргөөг лацдах нь буруу. Энэ зөвлөлөөс сумын заануудын барилдааныг сард нэг удаа зохион байгуулна. Уран хурц барилдаан хомс болсон өнөө цагт энд л үзүүштэй барилдаан гардаг. Энэ бөхчүүд дундаас л ирээдүйн аварга, арслангууд төрдөг. Иймээс энэ төрлийн барилдааныг орхигдуулж болохгүй. Дээрээс нь аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдааныг сард хоёр удаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Цаашид аймаг цэргийн цолтнууд болон улсын цолтнуудын хооронд халз барилдааныг хийхээр ярилцаж байгаа. Монгол бөх рүү үзэгчдийг татах шинэлэг барилдаанууд хэрэгтэй байна. Хэрүүл уруулаас шалтгаалж бөхийн нэр хүнд шавартай хутгалдаж байна.

-Бөхийн өргөөгөө лацдуулчихсан байдаг. Барилдаан зохион байгуулах заалны асуудал хүндрэлтэй байх. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

-Хамгийн хүнд асуудал нь энэ. Бид энэ сарын 28-нд нийслэлийн 379 жилийн ойн баяраараа аймаг, цэргийн цолтой бөхчүүдийг барилдуулах хүсэлтийг Нийслэлийн засаг даргад тавьсан. Үүнийг нааштай хүлээн авч нийслэлийн баярын өдрөөр аймаг, цэргийн цолтой бөхчүүдийг барилдуулах шийдэлд хүрсэн. Нийслэлээс шагнал урамшууллыг нь гаргаж манай зөвлөл “АСА”- циркэд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Цаашдаа маргаж буй холбоод хэлэлцээрийн ширээний ард сууж ойлголцож, Бөхийн өргөөний үйл ажиллагааг хэвийн явуулах хэрэгтэй.

-Аймаг, цэргийн цолтнуудын эрх ашиг өөр хаана зөрчигдөж байна?

-Налайх, Багануур дүүргүүд 2015 оны дөрөвдүгээр сард НИТХ-ын А307 тоот тогтоолоор хот болсон. Тэр жил Налайх дүүргийн баяр наадамд түрүүлсэн Ц.Бямба-Очирт аймгийн арслан цол, үзүүрлэсэн Майнбаярт аймгийн заан цол олгосон. Гэтэл тэр жил Багануурт түрүүлсэн аймгийн арслан О.Баярхүүд аймгийн хурц арслан цол олгосныг эрэмбэнд багтаагаагүй. Энэ бол бөхийн эрх ашгийг зөрчсөн асуудал. Мөн Хөвсгөл, Говь-Алтай, Ховд зэрэг хэдэн хэдэн аймагт 512 бөх барилдуулж түрүүлсэн бөхөд аймгийн хурц арслан цол олгосон ч өөр хоёр аймагт түрүүлсэн бөхийн хурц арслан цолыг нь эрэмбэд багтаагаагүй. Энэ асуудлыг МҮБХ-нд уламжилсан.

-Өнөө цагт аймаг, цэргийн цолтнуудын эрх ашгийг хөндөж байгаа асуудал нь бөхийн найраа. Ид сайн барилдаж байгаа аварга, арслангууд аймгийн наадам хэсэж, худлаа барилдаж залуу бөхчүүдийн эрх ашгийг зөрчиж байгаа. Энэ асуудал дээр аймгийн цолтнуудын эрх ашгийг яаж хамгаалах вэ?

-40 гаруй насны ахмад улс, аймгийн цолтой аймгийн наадамд хоёр давсан нутгийн залуугаа тунаанаас гаргаж дэмжих нь найраа биш. Эрт үеэс уламжлагдаж ирсэн зүйл. Гэтэл орчин цагт үүнийг буруугаар ашиглаж байгаа хандлага ажиглагдах болсон. Улс, аймаг, сумын наадмуудыг бүгдийг нь нэг өдөр зохион байгуулах хэрэгтэй. Баяр наадмын тухай хуулинд өөрчлөлт оруулах санал хүргүүлэх хэрэгтэй.

-Зарим аймгууд улс аймгийн цолтнуудыг наадамдаа барилдуулаагүй байна лээ?

-Бөхийн найрааг багасгаж байгаа нэг хувилбар юм даа. Улсын цолтой бөх цол авах гэж аймгийн наадамд барилдахгүй шүү дээ. Байж болох л хувилбар. Хэд хэдэн аймаг, улсын цолтнуудыг наадамдаа барилдуулаагүй.