Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Мөнх тэнгэрийн бичиг-2018” үзэсгэлэн тав хоног үргэлжилнэ

Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн өчигдөр Хүүхдийн урлан бүтээх төвд нээлтээ хийсэн юм. Үзэсгэлэн энэ сарын 9-нийг дуустал тав хоногийн турш үнэ төлбөргүйгээр дэлгэгдэж байна. Үзэсгэлэн насанд хүрэгчдийн болон сурагчдын гэсэн ангилалд боллоо.

Сурагчдын бүтээлийн ангилалд Монгол Улсаас 104,ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсаас 3, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орноос 16, нийт 123 сурагчийн бүтээл дэлгэгджээ.

Үзэсгэлэнг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Бидний хойч үе бичиг соёлынхоо уламжлалд гүн хүндэтгэлтэй хандаж, сэтгэл зүтгэл гарган монгол уран бичлэгийн бүтээл туурвих нь жил ирэх тусам өргөжин тэлж байгааг харах, сонсох сайхан байна. Энэ бол монголчууд бидний бахархах, өөгшүүлэн дэмжих, тэтгэх ёстой өв соёл мөн. Монголчууд “Өсөхөөс сурсан үндэсний хэл, мартаж болшгүй соёл” гэх их зохиолч Д.Нацагдоржийн алдарт шүлгийг уншаад өнгөрөх бус зүрх сэтгэлдээ тээж, үе дамжуулан өвлүүлж байгаагийн нэгэн гэрч нь өнөөдрийн энэ үзэсгэлэн юм. Эртний согд бичгээс санаа авч, бий болон хөгжсөн Монгол бичиг болбоос Монголчуудын хамгийн урт удаан хугацаагаар хэрэглэж, хөгжүүлж байгаа бичиг соёл билээ” хэмээн онцолж байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа “Мөнх тэнгэрийн бичиг” олон улсын үзэсгэлэнд шалгарсан шилдэг бүтээлийн эзэн болсон багачуудад шагнал гардуулж, баяр хүргэсэн юм.

“Мөнх тэнгэрийн бичиг-2018” үзэсгэлэнд оролцогчдын ахлах ангийн ангилалд шилдгээр шалгарсан сурагчид:

1.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн 11В ангийн сурагч Мөнхчулууны Цэнгүүн “Цаасан шувуу” бүтээлээрээ,

2.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн 11В ангийн сурагч Батнасангийн Зэсмаа “Хөх судар” бүтээлээрээ,

3.Нийслэлийн Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 12Б ангийн сурагч Саранчимэгийн Энхмаа “Чингис хааны билиг сургаал” бүтээлээрээ,

4.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 11В ангийн сурагч Намхайнямуугийн Хулан “Морин хуур” бүтээлээрээ

5.Булган аймгийн Рашаант сумын ЕБС-ийн 10А ангийн сурагч Дорждагвын Алтанцэцэг “Урам хайрла” бүтээлээрээ тус, тус шилдгээр шалгарав.

“Мөнх тэнгэрийн бичиг-2018” үзэсгэлэнд оролцогчдын дунд ангийн ангилалд шилдгээр шалгарсан сурагчид:

1. ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шимбарга баруун хошууны Залуучуудын хөдөлгөөний төвийн 7-р ангийн сурагч Соргог “Чингисийн арван хоёр донж-1” бүтээлээрээ,

2. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн 9Б ангийн сурагч Жамьяансүрэнгийн Номин-Эрдэнэ “Боржигоны бор тал” бүтээлээрээ,

3. ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улсын 7-р ангийн сурагч Имкинова Мария “Хүн ахтай, дээл захтай” бүтээлээрээ,

4.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 9Е ангийн сурагч Ёндонжамцын Золбоо “Мөнх тэнгэрийн бичиг” бүтээлээрээ,

5.ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шимбарга баруун хошууны Залуучуудын хөдөлгөөний төвийн 7-р ангийн сурагч Чандмань “Чингисийн арван хоёр донж-3” бүтээлээрээ тус, тус шалгарлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шилдэг бүтээл туурвисан сурагчдад баяр хүргэж, хүүхдүүдийн бүтээлийг үзэж, сонирхсон юм.

2011 оноос уламжлал болгон 7 дахь жилдээ зохион байгуулж буй “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн:

Насанд хүрэгчдийн ангиллын бүтээлүүд Монголын Уран зургийн галерейд дэлгэгдсэн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

Р.Амарбаясгалан: Харвалтаар эмчлүүлж буй хүмүүсийн дийлэнх нь цусны даралт ихсэлт, чихрийн шижингээс болсон байдаг

Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр аравдугаар сарын 29-нд буюу өчигдөр тохиолоо. Монгол Улс арав дахь жилдээ энэ өдрийг НҮБ-аас гаргасан “Харвалт биднийг сөхрүүлсэн ч бид босч чадна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ талаар Монголын харвалт судлалын нийгэмлэгийн тэргүүн доктор, профессор, зөвлөх эмч Р.Амарбаясгалантай ярилцлаа.


-Манай улс дэлхийд цусны харвалтаараа дээгүүрт орж байна гэлээ. Цусны харвалт ямар шалтгаанаас үүсдэг юм бэ?

-Монголын харвалт судлалын нийгэмлэг эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран дэлхийн харвалтын өдрөөр “Харвалт биднийг сөхрүүлэвч бид дахин босч чадна” гэсэн уриатай аян зохион байгуулж байна. Манай улс харвалтаар дэлхийд тэргүүлж байгааг ДЭМБ-аас анхааруулж байгаа. Жилээс жилд энэ өвчнөөр маш олон хүмүүс амиа алдаж байна. Хамгийн эмзэглэмээр зүйл нь энэ өвчинд нас залуужиж байгаа юм. Засгийн газраас энэ тал дээр дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй байна. Халдварт бус өвчний нас баралт халдварт өвчнийхөөс илүү байна. Тэр дундаа харвалтаар нас барж байгаа хүмүүсийн тоо сүрьеэ, ДОХ, хавдар, авто замын ослоор амиа алдаж байгаа хүмүүсээс давж байгааг ДЭМБ-аас мэдээлсэн. Бид өөх тостой хоол их иддэг, давстай цай уудаг, хөдөлгөөний дутагдлаас шалтгаалсан илүүдэл жинтэй байна. Архи ууж, тамхи татдаг хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Эдгээр нь бүгд харвалтад хүргэх гол шалтгаанууд юм. Эдгээр буруу хэвшлээ засахгүй бол харвалтад өртөх магадлал ихсээд байна гэсэн үг. Цусан дахь өөх тос их байвал судас хатуурч эцэстээ харвалтад хүргэдэг. Харвалтаар эмчлүүлж буй хүмүүсийн дийлэнх нь цусны даралт ихсэлт, чихрийн шижингээс болсон байдаг. Цусны даралтаа бууруулж, жингээ барьж, чихрийн шижинд өртөхгүй бол эрүүл байна. Чихрийн шижинтэй хүн өндөр даралттай байдаг. Хэзээд ч харвах аюултай.

-Харвалт юунаас болж залуужиж байна вэ?

-Харвалт залуужиж байгаа олон шалтгаан бий. Хүний биеийн суурь эрүүл мэндийн байдалтай холбоотой. Мөн удамших, судасны өөрчлөлтөөс шалтгаалдаг. Хүний бие организм буруу амьдралын хэв маягтайгаа байгаад байвал тэрхүү организм тэсч чадахгүй болсноор харвалт өгч байна гэсэн үг. Манай хүн амын 54,4 хувь нь илүүдэл жинтэй. Ялангуяа эмэгтэйчүүд ихэнх хувийг нь эзэлж байна. 25-64 насны хүмүүсийн 6,9 нь диабиттай байна гэсэн судалгаа гарсан. Хүмүүс эргэн тойрных нь аль нэгэн хүн цус харваагүй л бол энэ талаар тийм сайн мэддэггүй. Тиймээс бид жил болгон ярьж, сануулах хэрэгтэй болдог. Хүн харвалтаас урьдчилан сэргийлэхийн тулд бага залуугаасаа анхаарлаа хандуулах ёстой. Хүүхдийг эрүүл өсгөж, зөв хэвшилд сургах нь хамгийн түрүүнд анхаарах зүйл. Жишээ нь, өөх тостой хоол идээд байвал хүний цус өтгөрч, судас бөглөрөх аюултай. Тамхи татдаг хүмүүс толгой дараалан тархины судасны бөглөөс болдог. Архи уудаг хүн судас хагарах харвалтад заавал өртдөг.

-Харвалтаас яаж урьдчилан сэргийлэх вэ?

-Бид ямар нэгэн өвчнөөс урьдчилан сэргийлэхдээ хойрго ханддаг. Хүндрүүлсний дараа эмнэлгийн байгууллагад очдог. Харвалтаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Бидний хувьд өөх тосоо багасгах, идэвхтэй хөдөлгөөнтэй байх, стрессээ зөв тайлах, архи тамхины буруу хэрэглээгээ багасгах хэрэгтэй.

-Тал, бүтэн харвана гэж яриад байдаг?

-Харвалт бол хүнд өвчин. Статистик тоо мэдээллээс харахад 100 хүн харвахад 25 нь газар дээрээ нас бардаг. Харин 25 нь эхний хоёр сар, нэг жилийн дотор давтан харваж нас бардаг байна. 50 хувь нь тахир дутуу болж амьдралынхаа туршид амьдрах чадвараа алддаг гэх мэдээлэл бий.

-Бүрэн эдгэрдэг үү?

-Харвалт үүссэн ч эмчлэгддэг өвчин. Гэхдээ эмчлэгдэхийн тулд маш олон хүчин зүйлээс хамаардаг. Харвасан тохиолдолд гурван цагийн дотор эмнэлэгт ирсэн байх шаардлагатай. Мөн харвалтын тасагт эмчлэгдэх ёстой. Гэтэл энэ тасаг улсын гуравдугаар төв эмнэлэгт л ганцхан байдаг. Гуравдугаар төв эмнэлгийн ачаалал их байдгаас хүн болгонд хүрч үйлчилж чаддаггүй. Мөн харвасан хүмүүс тэр болгон гурван цагийн дотор багтаж ирдэггүй. Тиймээс манай харвалтын тасгийг нэмэгдүүлэх шаардлагатай. Мэргэжлийн баг бүрэлдэхүүн ажиллах ёстой. Бүхэл бүтэн харвалтын систем хэрэгтэй байна. Харваад гурван цаг өнгөрөхөд тархи өөрөө үхжиж эхэлдэг учраас эмчилгээ тус болох нь бага байдаг. Манайд харвалтын дараа нөхөн сэргээх эмчилгээ бараг л хийгддэггүй. Жирийн тасагт эмчилгээ хийгээд ар гэрт нь гаргадаг.

-Харвасан тохиолдолд гэрийн нөхцөлд хурдан шуурхай ямар арга хэмжээ авах вэ?

-Хүн бүрт эрүүл мэндийн мэдлэгийг хүүхэд ахуйгаас нь суулгах хэрэгтэй байна. Харвалт өгөхийн өмнө хэдэн шинж тэмдэг илэрдэг. Бид “Таван Ха” шинж гэж нэрлэдэг. Тухайн хүний хацар унжих, хараанд өөрчлөлт орох, хэл яриа ээрэх, хөл гар сулраад ирвэл хурдан түргэн тусламж дуудах хэрэгтэй. Эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд цагийг нь сайн мэдэж байх ёстой. Хүний биеийн байдлаас шалтгаалж хажуу тийш нь харуулж хэвтүүлэх, тайвшруулах, даралтыг нь үзэх, даралтны эм уулгаж болно.

-Өвлийн улиралд малгай өмсөхгүй явах нь тархинд өөрчлөлт өгдөг үү?

-Хүйтний улиралд малгай өмсөхгүй байх нь буруу. Энэ үед хүзүү гавлын булчингууд чангарч, cудсууд агшиж эхэлдэг. Байнга толгой тархинаасаа даарвал судас нарийсдаг. Толгой өвддөг, юм мартдаг болдог. Мөн хоолойн ангинн, янз бүрийн харшил, шүдний өвчлөлүүд нь дандаа холбогч эдийг гэмтээж байдаг. Ингэснээр судасны ханыг гэмтээж амархан хагарахад хүргэдэг.

-Нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхээр цусанд өөрчлөлт ордог гэлээ?

-Эмэгтэйчүүд сүүлийн үед турах зорилгоор маш их нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг болсон. Хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийхээ найрлагад юу байгааг мэддэггүй. Эмчээс зөвлөгөө авахгүй дур мэдэн хэрэглэдэг. Энэ нь цусандах өөх тосны бодисын солилцоонд нөлөөлдөг. Мөн залуучууд булчингаа хөгжүүлэхийн тулд хэт өндөр тунгаар уураг, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг. Үүнээс болж харвалт өгч манайд ирж байсан. Эдгээр зүйлс эрсдэл их дагуулдгийг мэдэхгүй байна.

-Хөдөө орон нутгийн хүмүүс харваад очиход харьяа биш гээд эмнэлгүүд хүлээж авдаггүй. Харвасан хүн цаг алдахгүй байх ёстой гэдэг. Шууд хүлээгээд авчихаж болдоггүй юмуу?

-Хөдөө орон нутгийн хүмүүс нэгдүгээр эмнэлэг дээр цаг алдалгүй очсон тохиолдолд буцаахгүй. Гуравдугаар эмнэлэгт ч очих боломжтой.

-Харвалтаас өөр санаа зовоож буй мэдрэлийн ямар өвчлөл байна вэ?

-Олон өвчин бий. Хамгийн түгээмэл тохиолддог нь вирусийн гаралтай өвчлөл. Хавар, намар ханиад томуу дэгддэг. Энэ үед улаанбурхан, салхин цэцэг болон янз бүрийн ханиадны вирус тархдаг. Эдгээр вирус явсаар байгаад мэдрэлд халдварладаг. Ингэснээр тархи нь саажих, ухаангүй болох, нугасанд өвчний голомт үүсэж, биеийн доод хэсэг нь мэдээгүй болох, нүүр саажих гээд олон эмгэг тохиолдоно. Мөн мэдрэл, сэтгэц хоёрын дунд талын невроз гэж эмгэг нэмэгдэх хандлагатай байгаа. Энэ нь сэтгэл санаанд нөлөөлдөг эмгэг юм. Эмч нар тухайн хүнийг үзэж, шинжилгээнд хамруулахад ямар ч өвчин зовиур илэрдэггүй. Тэгсэн хэрнээ бие нь байнга өвдөж байдаг. Энэ бол нийгмийн байдал, стресстэй холбоотой эмгэг.

-Харваад очиход компьютер томографикийн мөнгө гэж авдаг?

-Улсын гуравдугаар төв эмнэлгээс бусад эмнэлэгт томографикт мөнгөө төлж орно.

-Даралт багасах нь харвалтанд бас нөлөөлдөг үү?

-Даралт унахад тархинд бөглөрөл үүсдэг. Тархины шигдээс, зүрхний шигдээс үүсгэдэг. Харвалтад нөлөөлөх тал бий.

-Харвалттай тэмцэх өдрөөр ямар арга хэмжээ зохиогдож байна?

-Манайх орон даяар энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ сарын 29-нд бид хүмүүст харвалтын талаар мэдээ мэдээлэл олгох сургалт хийж улсын нэг, хоёр, гуравдугаар эмнэлэгт бид өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүмүүс үнэ төлбөргүй мэдрэлийн эмчид үзүүлж зөвлөгөө авсан. Мөн эмийн байгууллагууд өөрсдийн харвалтын талаарх эм бэлдмэлээ танилцуулсан юм.


Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт “Корпорэйт” зочид буудалд “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологийн инноваци 2018” үндэсний чуулган болно. Утас: 99287297

09.00 цагт Арьсны өвчин судлалын үндэсний төвд “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, өвчтөний аюулгүй байдал, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг сайжруулах нь” сургалт эхэлнэ. Утас: 99862926, 99183245

09.30 цагт “Туушин” зочид буудалд Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сан болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах хөтөлбөрийн танилцуулах уулзалт болно. Утас: 99112652

10.00 цагт МҮЭХ-нд Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн 25 жилийн ойд зориулсан “XXI зууны хөдөлмөр” эрдэм шинжилгээний бага хурал болно.

10.30 цагт “Пума” зочид буудалд “Авлигын эсрэг түншлэлд сэтгүүлчдийн оролцоо” хэлэлцүүлэг болно.

11.00 цагт Санхүүгийн зохицуулах хорооны байранд “Санхүүгийн салбарын 2018 оны III улирлын үзүүлэлтүүдийг танилцуулна.

11.00 цагт Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд Чогсомын Жазагийн “Гэгээн судар” 9 боть номын нээлт болно. Утас:95000043

12.00 цагт Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах Буянт-Ухаа орон сууцны хорооллын Цэвэрлэх байгууламжийн нээлтийн ёслол болно. Утас: 99006938, 88010867

14.00 цагт “Новотел” зочид буудалд амьд ертөнцийн цуврал Хүрээлэн нэтрүүлгийн “Говийн 5 гайхамшиг” шинэ төслийн нээлт болно. Утас: 99118668 88118668

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Шударга ёсыг Ц.Нямдоржоос эхлүүлье” сэдвээр мэдээлэл хийнэ.

11.30 цагт Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ЖДҮХС-гаас олгосон зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ нийгэм

Тэргүүн дагуул одтой, хар бар өдөр

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 6, Ангараг гариг. Билгийн тооллын 29, Тэргүүн дагуул одтой, хар бар өдөр. Өдрийн наран 7:44 цагт мандан, 17:31 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Бурхан мөнгөтэй хүнд мөнгө өгдөг” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Бурхан мөнгөтэй
хүнд мөнгө өгдөг” хэмээх нийтлэлийг уншина уу.

Улсын Их хурлын гишүүн Б.Пүрэвдорж:
Хуулийнхан ЖДҮийн
зээлийн асуудлыг
анхааралдаа авч шалгаж
байгаа бол бидний хувьд
чуулгандаа оролцох боломж
нээгдэж эхэлж байна хэмээн “Улс төр” нүүрт ярив.

Иргэд шатахууны үнийг эсэргүүцэн Төрийн ордныг
гороолж, төгрөгийн ханшийг чангатгах шаардлагыг
жагсагчид Монголбанкинд хүргүүллээ хэмээн “Баримт үйл явдал” нүүрт өгүүлжээ.

Салхитын мөнгөний орд тойрсон
маргааны баримт түшсэн бодит үнэн-1 хэмээн “Энэ тухай” нүүрт өгүүлсэн байна.

Хонь малыг
ичдэг болгож
болох уу хэмээснийг “Танин мэдэхүй” нүүрээс уншаарай.

“Дурсахуй” нүүрт Гэгээн алсыг зорьсон
Бат-Очирын Сундуй найрагч хэмээн өгүүлсэн байна.

Монголын
анагаах ухааны эрх зүйн
хорооны ерөнхийлөгч,
эмч, өмгөөлөгч Э.Ганбат: Өвчтөн өвдөж, шаналж,
зовохгүй байх эрхтэй хэмээн Эмч нүүрт ярьжээ.

Ираны эсрэг хориг арга
хэмжээ үйлчилж эхэллээ хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт 3 хэм дулаан байна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна.

2018 оны 11 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 1-3 хэм дулаан байна.

Categories
энтертаймент-ертөнц

​Попын хаан Майкл Жексоны савхин хүрмийг дуудлага худалдаагаар зарна

Попын хаан Майкл Жексоны супер хит Bad дууныхаа клипэнд тоглохдоо өмссөн савхин хүрмийг дуудлага худалдаагаар зарахаар болжээ. Нью Йорк хот дахь Hard Rock Café-д болох Icons&Idols: Rock`n Roll дуудлага худалдаагаар Майкл Жексоны савхин хүрмийг зарах гэнэ. Дуудлага худалдаа энэ сарын 9, 10-ны өдрүүдэд болно. Цахилгаан, товч, бүч, гархи зэргээр тоноглогдсон савхин хүрмээ Майкл Жексон Bad дууныхаа клипнээс гадна 1987-89 оны хооронд хийсэн аялан тоглолтынхоо үеэр ч гангарч байсан эд аж. Попын хааны хар савхин хүрмийг одоо Техас мужийн бизнесмэн, сайн үйлсийн элч Милтон Веррет эзэмшдэг байна. Милтон Веррет попын хааны Thriller дууны клипэндээ өмссөн улаан савхийг 2011 онд явагдсан дуудлага худалдаагаар 1.8 сая ам.доллараар худалдан авч байжээ.

Уг дуудлага худалдаагаар Майкл Жексоны савхин хүрмээс гадна дуучин Принцийн хэрэглэж байсан цагаан өнгийн “Collings 290” гитар, дуучин Мадоннагийн “Desperately Seeking Susan” кинонд тоглохдоо өмсөж байсан хүрэм, Дэвид Боуи, Битлз, Жорж Майкл, Эрик Клэптон, Тина Тёрнер, Шер зэрэг оддын эд зүйлсийг ч зарах ажээ.


Categories
мэдээ нийгэм

Эрсдэлт бүлгийнхнийг үнэ төлбөргүй томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулж байна

Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, архаг суурь өвчтэй зэрэг эрсдэлт бүлгийн хүн амыг үнэ төлбөргүй улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулж байна.

Томуугийн эсрэг вакциныг зургаан сараас дээш бүх насныхан эмчид үзүүлэн, ямар нэгэн эсрэг заалтгүй бол хийлгэх боломжтой. Ингэхдээ ханиад хүрээгүй, халуураагүй байх ёстой.

Зургаан сараас гурав хүртлэх насны хүүхдэд 0,25 мл-ээр тарих бөгөөд сарын дараа давтан үнэ төлбөргүй хийнэ. Харин гурваас дээш насныханд 0,5 мл-ээр нэг удаа хийнэ.

Томуугийн вакцин хийлгэснээс хойш 21 хоногийн дараа дархлаа тогтох бөгөөд вакцины халдвараас хамгаалах хугацаа нь нэг жил юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Япончуудын гар урлалын үзэсгэлэн гарна

“Netsuke – Японы уламжлалт гар урлал өнөө цагт” үзэсгэлэн маргааш Монголын Үндэсний музейд нээлтээ хийнэ. Япончууд Эдогийн үеэс эхлээд кимоно хувцасныхаа бүснээс “Netsuke” буюу жижиг гар урлалын чимэглэл бүхий гоёлыг зүүж хэрэглэж эхэлжээ. Япон үндэсний кимоно хувцас нь халаасгүй тул “Netsuke” буюу тамхи зэрэг жижиг зүйлсээ хийх уут бүснээсээ зүүж, уутныхаа уяаны үзүүрт зүүх чимэглэлийг сийлбэрлэн урладаг байжээ.“Netsuke”-г модны ур үндэсээр урладаг. Ингэхдээ гарын алган дээрээ өнхрүүлээд, хаанаас нь ч харсан гар урлалын нарийн хийц, онцлогуудыг шингээж урлах хэрэгтэй ажээ.

Японы уламжлалт гар урлалын үзэсгэлэн гарна

Японы уламжлалт гар урлалын үзэсгэлэн гарна

Японы уламжлалт гар урлалын үзэсгэлэн гарна

Японы уламжлалт гар урлалын үзэсгэлэн гарна

Японы уламжлалт гар урлалын үзэсгэлэн гарна

Японы уламжлалт гар урлалын үзэсгэлэн гарнаЯпоны уламжлалт гар урлалын үзэсгэлэн гарнаЯпоны уламжлалт гар урлалын үзэсгэлэн гарна

Уг үзэсгэлэнг Япон улсын Элчин сайдын Яамны дэмжлэгээр 2018 оны 11 дүгээр сарын 06-аас 12 дугаар сарын 01-ны хугацаанд Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд дэглэн толилуулж байна. Үзэсгэлэнгийн үеэр “Netsuke-Японы уламжлалт гар урлал ба Монгол гар урлал-чимэглэл” сэдэвт нээлттэй лекц, ярилцлагыг 11 дүгээр сарын 15-ны 15 цагаас зохион байгуулах юм.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймгаас дэлхийд томд тооцогдох алт, зэсийн орд илэрчээ

Монголын говиос дэлхийд томд тооцогдох алт, зэсийн орд олж илрүүлсэн тухай мэдээлэл өнөөдөр дэлхий нийтэд цацагдлаа. “Занаду майнз” компани Өмнөговь аймаг дахь Хармагтайн ордын нөөцийг шинэчилж, төслийн талбайн хөрсөн дор дэлхийд томд тооцогдох алт, зэсийн ашиглаагүй орд байгааг тогтоожээ. Австралийн stockhead.com.au цахим хуудаст энэ тадлаар мэдээлжээ. Ордын нөөцийг 598 сая тонн зэсийн хүдэрт агуулагдах 1.9 сая тонн зэс, 4.3 сая унци алттай хэмээн тогтоожээ. Мөн 2.6 сая тонн зэсийн дагалдах металл байгаа гэнэ. “Занаду майнз” үүний өмнө 2015 оны гуравдугаар сард ордын нөөцийг гаргаж байсан бөгөөд шинэчилсэн үнэлгээгээр зэсийн нөөц 400 хувиар, алтны нөөц 249 хувиар нэмэгдэж гарч иржээ. “Бид хайгуулын үр дүнд маш баяртай байна. Ордын нийт нөөцөөс гадна ялангуяа ил ордын нөөц нэмэгдсэн нь уухайн ажлыг хурдан хугацаанд эхлүүлэх боломж олгож байна” гэж “Занаду майнз” компанийн гүйцэтгэх захирал Эндрью Стюарт өгүүлжээ. Өөрөөр хэлбэл, хармагтайн талбайн эрдэсжилт нь газрын гадаргатай маш ойр бөгөөд олборлолтыг ил уурхайн хэлбэрээр эхлүүлэх боломжтой юм байна. Одоо баттай нөөцтэй болсон учир төслийн ажлыг хурдавчлуулах, мөн профирын өөр нөөцийг илрүүлэн нийт нөөцийг нэмэгдүүлэх ажил эрчимтэй хийгдэж байгааг тэрээр цохон тэмдэглэжээ. хармагтайн ордыг зэсийн агуулгын хувьд ядуу гэсэн мэдээлэл өмнө нь гарч байсан. Тэгвэл шинээр тогтоогдсон нөөцийн 54 са тонн хүдэр нь 0.86 хувийн агууламжтай, нийт зэсийн хүдрийн 61 хувь нь “өндөр” агууламжтай гэж тооцогдох өндөр магадлалтай гэнэ. Дашрамд дурьдахад, дэлхийд эхний гуравт ордог гэгддэг Оюутолгойн ордын нөөцийг 2014 онд зэс 44 сая 595 мянган тн, алт 1.9 мянган тн, мөнгө 11.9 мянган тн, молибден 205 мянган тн хэмээн тогтоосон байдаг. Харин “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн хугацаанд нийт 800 сая тонн хүдэр олборлосон, дахиад 700 сая тонн хүдрийн нөөц үлдсэн гэсэн мэдээлэл өнгөрсөн жил гарч байсан билээ.