Categories
мэдээ цаг-үе

Ч.Улаан: Төрийн алба гэдэг сонгуульд хүчин зүтгэсэн хүнийг цалинтай байлгах нэг механизм болж

УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.


-Энэ намрын чуулганаар хэлэлцэн батлагдах гол асуудлын нэг нь төсөв. Ирэх оны төсвийг та хэрхэн дүгнэн харж байна вэ?

-Байнгын ажиллагаатай парламентын хийх ёстой гол ажил бол намрын чуулганаар төсөв, төлөвлөгөө батлах. Ер нь жилийн турш тасралтгүй хэлэлцдэг сэдэв бол төсөв төлөвлөгөө, мөнгөний бодлогын асуудал байдаг. УИХ хууль заасан хугацаанаасаа өмнө төсвөө хэлэлцээд дуусчихвал аймаг, орон нутаг энэ ондоо багтаад төсвөө хэлэлцэж батлах ёстой. Ингээд оны эцэст нэгдсэн төсөв батлагдан гарч ирдэг. Үүнээс гадна энэ намрын чуулганаар хэлэлцэгдэх гол асуудал байна. Тухайлбал, татварын багц хуулиуд бий. Үүнд, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Хүн амын орлогын албан татварын хуулиудад нэлээд дорвитой өөрчлөлт хийгдэнэ. Энэ бол ирэх оны төсвийн том суурь болж өгнө гэсэн үг. Мөн энэ чуулганаар Тендерийн тухай хуульд өөрчлөлт орно. Одоо УИХ дээр ирчихсэн хэлэлцэгдэж байгаа. Тиймээс энэ намрын чуулган улс орны эдийн засгийг хэлэлцсэн үр дүнтэй чуулган болно.

-Намрын чуулганаар хэлэлцэгдэх гол хуулиуд ийм байж. Тэгвэл ирэх оны төсвийн гол онцлогийг та ярихгүй юу. Өмнөх жилүүдээс юугаараа ялгаатай байна вэ?

-Ирэх оны төсөв маш хариуцлагатай төсөв байх ёстой. Учир нь манай улс ОУВС-тай тохирсон хөтөлбөр ирэх онд дуусч байгаа юм. Уг хөтөлбөрийн дагуу Монгол Улс 2020 он гэхэд санхүүгийн хямралыг гэтлээд эдийн засгийн тогтвортой хөгжлийн замд орох ёстой. Тиймээс 2019 он уг хөтөлбөрийн хувь заяаг шийдэх жил болж таарна. Хэрэв уг хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж чадаагүй, үр өгөөжийг нь хүртэж чадахгүй бол Монгол Улс эдийн засгийн хямрал дотор байх хугацаа цаашаа сунана. Тиймээс ирэх оны төсөв үүгээр маш онцлогтой болж байна. Зарим хүмүүс ирэх оны төсвийг сонгуулийн өмнөх төсөв, хайр зарлах төсөв гэж янз бүрээр л дүгнэн ярьж байгаа. Гэхдээ ямар ч байсан ирэх оны төсөв хайр зарласан төсөв байж болохгүй. Өөрөөр хэлбэл, сонгууль болох гэж байна гээд амласан зүйлээ гүйцээх, ард иргэдийн санаанд нийцсэн сайхан арга хэмжээнүүдийг хийнэ гээд тусгаж болохгүй. Тиймээс бага зэрэг шорвогдуу төсөв байх ёстой.

-Ирэх оны төсөвд тулгарч байгаа эрсдэлүүдийг та хэлэхгүй юу. Жил жилийн төсөв дээр л асуудал үүсдэг шүү дээ?

-Эрсдэл бий. Тухайлбал, орлогоо дайчилсан байдал хэр бодитой байна, зарлагаа хэр зэрэг оновчтой, хэмнэж зарцуулж чадсан гэх мэт үзүүлэлт бүрээр яривал асуудал бий. Үүнээс гадна төсөв дээр ямар эрсдэл учирч болох вэ гэдгийг анхаарах ёстой. Улс төрийн агуулгаар төсөвт хандаж, эдийн засагт бие болсон нааштай ололтуудыг алдчих эрсдэл байгаа. Манай улсын эдийн засаг өсч байна гээд яриад байгаа чинь оргүй зүйл биш. Гэхдээ энэ өсөлт маш эмзэг үедээ явж байна. Бид анхаарал жаахан сарниад ч гэх үү, улс төрийн агуулгаар хандах л юм бол эдийн засгийн нааштай өөрчлөлт, тогтворжилтын хандлага хормын зуур л алдагдана. Ингэснээр буцаад л 2016 оны хямрал руугаа орчих эрсдэлтэй.

-Төсвийн хуваарилалтыг оновчтой хийж чадаж уу. Манайд энэ жил бага төсөв олгочихлоо, тэрэнд ихийг өглөө гэх зэргээр маргаан гарч ирдэг ээ…

-Яг одоогийн байдлаар төсвийн хуваарилалтад үнэлэлт, дүгнэлт өгөх цаг биш. Байгаа хөрөнгийг оновчтой зөв хуваарилж чадаж байна уу гэдгийг хэлэлцүүлгийн явцад нямбайруулаад, чанаржуулаад явчих боломжтой. ЗТХЯ дээр гарсан хэрэгтэй холбоотойгоор ирэх оны төсөв нь багасчихлаа гэдэг утгагүй яриа гарч байгаад гайхаж байна. Яаманд гарсан балмад, танхай хэрэг чинь нэг өөр асуудал. Төсөв гэдэг бол төрийн бодлого, хөгжил дэвшлийн бодлого. Тиймээс энэ хоёрыг хамтатгаж ойлгож байгаа нь утгагүй. Төсөв ихэсч, багасах нь учир шалтгаантай. Эхэлчихсэн олон бүтээн байгуулалт ашиглалтад ороод дуусчихсан бол хэмжээ нь багасна. Ер нь төсөв дээр эдийн засгийн агуулгаар, үр ашгийн үүднээс хандах ёстой. Гэтэл манайд төсөв дээр улс төрийн агуулгаар, хэрэгцээ шаардлагын талаас нь хандаад байна. Надад юу өгөх гэж байна, миний тойрогт юу хийгдэх гэж байна ч гэдэг юм уу, ийм өнцгөөр асуудалд хандаж болохгүй.

-Чуулган дээр зарим гишүүд ирэх оны төсвийг хэт өөдрөг төсөв болсон гэж шүүмжилж байна…

-Энэ бол зөв шүүмжлэл. Өнөөдрийг хүртэл төсөв дээр нэг буруу хандлага явдаг нь зардлаа их тавьчихдаг. Тэгэхээр энэ их зардлаа сүүлд нь хасч чадахгүй яадаг вэ гэхээр орлогоо механикаар шахаж өгдөг. Өөрөөр хэлбэл, зардал их байна, орлого ол гэдэг. Энэ нь яагаад ч хэрэгждэггүй. Өнгөрсөн жил өмч хувьчлалаас 160 тэрбум төгрөгийн орлого оруулна гэж төлөвлөсөн. Гэтэл өнөөдөр энэ орлого ороогүй байх жишээтэй. Тэгэхээр нэг талдаа хэрэглээндээ хөтлөгдөөд орлогоо их үндэслэл муутай шахдаг. Нөгөө талдаа төсөвт батлаад өгчихсөн, хуульчилчихсан энэ орлого оруулах ажлаа хийдэггүй. Ингээд энэ хэмжээгээр орлого тасарч эхэлдэг. Үүнээс болж төсөв дээр асуудал үүснэ дээ. Яахав ирэх оны төсөв дээр орлогоо маш сайн бодитой оруулж ирсэн нь ажиглагдаж байгаа юм.

-Төсвийн байнгын хороогоор Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг шинээр байгууллаа. Уг зөвлөлийн ач холбогдлыг та тайлбарлахгүй юу?

-Энэ чухал ач холбогдолтой зөвлөл. УИХ өөрсдөө хууль бус үйл ажиллагаа явуулдаг. Үүнийгээ засч залруулахын тулд зарим үед шаардлагагүй ч байж мэдэх механизмыг бодож олдог. Хөрөнгө мөнгө зарлагаддаг, ийм нэг чөтгөрийн тойрогт байгаа улсууд шүү дээ. Угтаа тогтвортой байдлын зөвлөл байх шаардлагатай юу гэвэл үгүй. Манай улс уг нь төсвийн тогтвортой байдлын тухай хуультай улс. Уг хуулиа ягштал дагаад мөрдөөд хэрэгжүүлээд явчихдаг бол Монгол Улсын төсөв дээр ямар ч асуудал, эргэлзээ үүсэхгүй. Гэтэл хуулийг хэрэгжүүлэх явцдаа элдэв өөрчлөлт хийгээд нөгөө тогтвортой байх зарчмыг нь алдагдуулчихдаг. Тэгснээ тогтворгүй болсон төсвөө тогтвортой байлгахын тулд нэмэлт бүтэц байгуулж байна, зөв үү. Энэ талаас нь аваад үзвэл ямар ч утгагүй харагдаж байгаа юм. Гэхдээ нэгэнт төсөв тогтворгүй, замбараагүй, төсвийн сахилга бат алдагдчихсан энэ үед уг зөвлөл байгуулах зайлшгүй шаардлага үүсчихэж байгаа юм. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулагдсанаар төсвийн асуудалд эдийн засгийн агуулгаар үр ашиг талаас нь хандах хэнийг нөлөөгүй бие даасан бүтэц байгуулагдаж байгаагаараа ач холбогдолтой. Нөгөөтэйгүүр төсөв дээр ажиллаж байгаа УИХ, байнгын хэсэг, ажлын хэсэг, яамдууд өнөөдөр ямар байдалд орчихсон бэ гэхээр дээд зэргийн үрэлгэн, үр ашиг муутай, тогтворгүй, өөрсдөдөө зориулж төсвийн үзүүлэлтийг өөрчилдөг зэрэг замбараагүй байдалд байна. Тэгэхээр энэ байдлыг засахын тулд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гол үүрэг чиглэл оршиж байгаа юм. Өнөөдөр төсвийн асуудалд төрийн байгууллага, төрийн түшээдүүд зөвхөн улс төрийн өнцгөөр ханддаг болчихсон байна.

-Та түрүү нь энэ намрын чуулганаар татварын багц хуулиуд батлагдана гэж ярьсан. Олон улсын зүгээс манай орныг татварын систем тааруу улс орны тоонд оруулж, хар жагсаалтад оруулсан шүү дээ. Энэ хууль батлагдсанаар энэхүү жагсаалтаас гарах, цаашлаад гадаадын хөрөнгө оруулагчдыг татах боломж бүрдэнэ гэж ойлгож болох уу?

-Татварын хуулиуд олон улсын стандартыг аваад хэрэгжүүлээд ирэхээр хоёр чиглэлээр үйлчилнэ. Татварын хуулийн концепц ч тийм байгаа. Дотоодын аж ахуйн нэгжүүддээ чиглэсэн татварын хэмжээг нь багасгах, хүрээг нь тэлэх гээд нэг хэсэг бодлого байгаа.

Гол нь бүгдээрээ тэгш шударгаар татвараа төлдөг, тэгээд татвараас зугтдаггүй байх, татварын хэмжээ дарамтыг буулгах л зорилготой. 2017 оны сүүлийн хагаст Монгол Улсын татварын орчинд үнэлгээ өгөх судалгаа хийж байх явцад тэр оны арванхоёрдугаар сарын эхээр Европын холбоо Монгол Улсыг татварын хар жагсаалтад оруулсан. Татварын хар жагсаалт ямар учиртай юм бэ гэдгийг тэр үед манайхан сайн ойлгоогүй болов уу. “Хар жагсаалтад орчихлоо, аюул боллоо” гээд манайхан бужигнасан. Миний хувьд магадгүй завшаантай хэрэг болсон гэж бодож байгаа. Монгол Улсад татварын ил тод байдал хангалтгүй байна. Хоёрдугаарт, Монгол Улс татварынхаа мэдээллийг олон улсын холбогдох байгууллагуудад өгөхгүй, нууж хааж байна. Уг нь бол санаатайгаар нууж хаасан юм байхгүй. Ерөөсөө татварын ил тод боловсронгуй систем байхгүй учраас бид гадагш нь мэдээлэл өгч чаддаггүй. Гадагш нь өгөх битгий хэл дотроо мэдээллээ авч чаддаггүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад гаднын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд татвараас зайлсхийж байна гэдэг үндэслэлээр манайхыг хар жагсаалтад оруулсан юм. Монгол Улс хар жагсаалтад орчихлоо гэдэг нь хүмүүст аймшиг төрүүлсэн болохоос биш яг үнэндээ манай бодит байдлыг зөв үнэлсэн. Хар жагсаалтад байгаад байвал бид бас их олон сөрөг үр дагавартай болно л доо. Хамтын ажиллагаа цаашдаа амаргүй байдалд орно. Эргэлзээ тээнэгэлзээ төрнө. Хөрөнгө оруулалт багасна.

Харин тэр үед ОУВС-гаас байгуулагдсан ажлын хэсэг энэ хар жагсаалтаас гарахын тулд Монгол Улс олон улсын татвараас зайлсхийхийн эсрэг тэмцдэг байгууллагын гишүүнээр элс, энэ чиглэлийн гэрээ конвенцид нь ор гэдэг зөвлөмж өгсөн. Монгол Улсын Засгийн газар харин энэ асуудалд маш шуурхай хандаж, 2017 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Засгийн газар хуралдаад ерөөсөө Татварын ил тод байдлыг хангая. Татварын мэдээллээ олон улсад ил тод болгоё, харилцдаг болъё, энэ чиглэлээр олон улсын дүрэм, журмуудыг мөрдье гэдэг шийдвэр гаргасан. Ингээд Монгол Улс татварынхаа ил тод байдлыг сайжруулах амлалт авсан учраас бид хар жагсаалтаас гарч, саарал жагсаалтад орсон.

-Татварын багц хуульд яг ямар өөрчлөлт орж байгаа юм бэ?

-Үндсэндээ базаад хэлвэл хоёр том өөрчлөлт орж ирж байгаа. Нэгдүгээрт, дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжих. Шударга бизнесийг дэмжих, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, улмаар татварын ачааллыг багасгаж, хүрээг нь өрөгтгөх явдал юм. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд буюу үндэстэн дамнасан корпорациудын үйл ажиллагааг хянах, татварыг ил тод болгох татвараас нуугддаг, зувчуулдаг явдлыг арилгах гэсэн чиглэлтэй байгаа. Манайханд нэг дутагдал бий. Далайд гарцгүй орон, дэд бүтцийн хөгжил султай учир гадныханд давуу нөхцөл өгч байж хөрөнгө оруулагчдыг татна гэж ярьдаг. Гэтэл дэлхий дахинд ингэж хөнгөлөлттэй нөхцөл өгөх нь тухайн оронд эргээд хохиролтой тусна гэж үздэг. Тиймээс хэд давуутай нөхцөл олгож татвараас зугтаах бололцоо олгож байгаа энэ үйл ажиллагааг хаах ёстой.

-Сөрөг хүчний зүгээс МАН 2016 онд сонгуульд ялахдаа АН-ыг иргэн бүрийг 15 сая төгрөгийн өрөнд оруулчихлаа гэж хар пиар хийж байгаад гарч ирсэн. Харин одоо өөрсдөө хүн бүрийг 22 сая төгрөгийн өрөнд оруулчихаад сууж байна гэж чуулганы индэр дээрээс хэлсэн. Энэ үнэн үү?

-Улс төрийн шүүмжлэл байнга л байдаг. Ярих яриа, хийх ажил, амлах амлалтаа аль алиныг нь бодож байж л амлалт өгөх ёстой. Огт өр тавихгүй гэж амласан бол энэ байж болохгүй асуудал. Ер нь зээл авахгүйгээр хөгжсөн улс орон, аж ахуйн нэгж гэж байдаг юм уу. Энэ үүднээс аваад үзвэл эдийн засгийн байдаг л нэг харилцаа. Өрийг зээлээр төлж байна гэдэг бол өр төлөх зах зээлийн нэг боломж. Бага хугацаатай өндөр хүү төлж байснаас бага хүүтэй урт хугацааны зээл авах нь ашигтай. Тухайн үед энэ их өр зээлээ төлж чадахгүй Монгол Улс дампуурна гээд л яриад байсан. Өнөөдөр бид дампуурсангүй. Ямар нэгэн хэмжээнд бодлогын үйл ажиллагааг авч хэрэгжүүлсэн байгаа байхгүй юу. Яг өнөөдөр гадаад өр зээлүүдээ бүгдийг нь төлж дуусгаагүй ч гэсэн зарим зээлийнхээ хугацааг сунгаад заримынх нь хүүг багасгаад л явж байгаа.

-Төрийн алба чадавхгүй боллоо, төрийн тогтолцоонд гажиг суулаа гэж ярьж шүүмжлэх хүмүүс олон байна?

-Хуучин бидний үед Төрийн албанд ажиллахын тулд олон шалгуур үзүүлэлтийг хангадаг, шүүлт өндөртэй, хариуцлагатай байж төрд байр сууриа олж ажилладаг байлаа. Ингээд бусдаасаа шалгарсан, манлайлсан хүн л дээшээ өсч, дэвшиж явдаг л байсан. Гэтэл өнөөдөр энэ байдал алдагдчихсан. Төрийн алба гэдэг сонгуульд хүчин зүтгэсэн хүнийг цалинтай байлгах нэг механизм болж. Дадлага, чадвар муутай, орон тоо бөглөсөн хүнээр төрийн алба дүүрч. Дадлагын оюутан шиг танин мэдэхүйн шатандаа яваа хүмүүсээр төрийн албаны ихэнх орон тоог дүүргэсэн байна. Үүнээс болоод төрийн албаны тоо нь өсөөд байгаа болохоос ажлын үр дүн асар бага болж. Үүнийг дагаад зардал өсч байна. Тиймээс үүнд томоохон өөрчлөлт оруулах ёстой. Төрийн алба бол цомхон чадварлаг, мэргэшсэн байж гэмээнэ сая төрийн зардал багасдаг, ажлын үр дүн нааштай гардаг. Төр суларна гэдэг ард түмэн найдвартай хамгаалал түшиг тулгуургүй болж байна гэсэн үг.

-Намрын чуулганы нээлтийн үеэр Ерөнхийлөгч, УИХ-ын даргын хэлсэн үгэнд төрийн тогтолцоо болохгүй байгаа талаар дурдаж байсан. Мөн Үндсэн хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах ёсой гэдэг зүйлийг ярьсан. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Миний хувьд парламентийн засаглал манай улсад яг тохирсон засаглал гэж үздэг хүн. Монголчууд үүнээс илүү оновчтой тогтолцоог олж чадахгүй байх. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг ардын мэргэн сургаалтай ч бүрэн нийцэж байгаа гэж ойлгодог. Төрийн үйл ажиллагаа суларч, төр доройтож байгааг зөвхөн тогтолцоотой холбон үзэх нь учир дутагдалтай юм. Байгаа тогтолцооны хүрээнд үр ашигтай ажиллуулах боломж бололцоог бид хэр ашигласан юм. Би хувьдаа ашиглаж чадаагүй гэж боддог. Яг үнэндээ монголчууд бидэнд салан баавгайн үлгэрийн зарчим шиг нэг тийм сониучхан, юмыг амархан мартдаг зан бий. Бурууг бусдаас хайдаг. Тогтолцооноос болоод бүх зүйл буруудчихсан гэвэл тийм биш. Энэ төрийг бүрдүүлж байгаа нам, түүнийг төлөөлж төр засагт гарч ирсэн удирдлагуудын үйл ажиллагаа арга барилтай холбоотой. Тогтолцоондоо асуудал байдаг гэвэл байдаг л байх. Гэхдээ бүх болохгүй зүйлээ тогтолцоо руугаа чихэж байгаа нь буруу. Асуудал юундаа байна вэ гэхээр хүндээ л байгаа юм. Энэ төр, нийгмийг зөв зохион байгуулаад аваад явах чадвартай удирдагчид нь гарч ирвэл үүнээс илүү үр дүнтэй ажиллаж чадна гэдэгт би итгэдэг. Бид л энэ тогтолцоог нураасан. Хууль болгоноос нь зулгаасаар байгаад л тогтолцоог юу ч биш болгосон. Тиймээс сонгодог парламентынхаа тогтолцоог бэхжүүлж, түүнийхээ давуу талыг ашигллаж явах нь илүү оновчтой.

-Оюу толгойн үр өгөөжийг нэмэх лобби бүлэг байгуулагдаад нэлээд хугацаа өнгөрчээ. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах УИХ-аас гарсан Ажлын хэсэгтэй хэрхэн хамтарч байна вэ?

-Лобби бүлэг байгуулагдсанаас хойш нэлээд өргөн хэмжээний судалгаа хийж байна. Эрх зүйн бүх акц, гэрээ хэлцлүүд, засаг төрөөс гаргасан бүх тогтоол, шийдвэрийг судалж гишүүд нэгдмэл ойлголттой болсон. Нэг үгээр Оюу толгойн гэрээг шинэчилж, Монголын талд үр өгөөжтэйгөөр шинэчлэлт өөрчлөлт оруулахаас аргагүй юм аа гэдэг байр суурин дээр бид хатуу нэгдсэн. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах УИХ-ын ажлын хэсэгтэй бид хамтарч ажиллаагүй. Яахав, лобби бүлгийн гурван гишүүн Ажлын хэсэг дотор ажиллаж байгаа. Ажлын хэсэг хараахан дүгнэлтээ эцэслэж гаргаагүй байна.


Categories
мэдээ цаг-үе

А.Амарсайхан: “Эрт нахиалсан сарнай киногоороо өв соёл, хүн чанар алдагдаж буйг сануулах гэж хичээсэн

МЗЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, МЗЭ-ийн шагналт зохиолч, шог зураач Алтангэрэлийн Амарсайхантай ярилцлаа.


-Таны зохиолоор бүтээсэн “Эрт нахиалсан сарнай” кино “Academy Awards 2018” наадмын “Шилдэг олон ангит уран сайхны кино” шагнал хүртсэнд баяр хүргэе?

-Баярлалаа. Кино бол хамтын бүтээл. Тэгэхээр киноны тухай ярих гэж байгаа бол бид гэж ярих ёстой. Бид “Эрт нахиалсан сарнай” киногоо бүтээхдээ Монгол үндэстний үнэт өв уртын дууны сайхныг залуучуудад мэдрүүлэх юмсан гэж зорьсон. Уртын дуу хэмээх агуу зүйлийн сүлд хийморь биднийг тэтгэж энэ шагналын тавцан өөд хөтөлсөн болов уу. Монголд анх удаа олон ангит киног бүрэн хэмжээний уран сайхны киноны форматаар богино сценүүдтэйгээр бичсэн учраас маш нүсэр ажиллагаатай болсон. Зохиол нь хоёр жил дамнан бичигдэж, зураг авалт нь бүтэн жилийн турш үргэлжилсэн. Энэ бүхнийг давж гарч, киногоо амжилттай бүтээсэн киноны нийт уран бүтээлчид, МҮОНТ-д маш их баярлалаа гэж хэлэх ёстой.

-Зохиолоо анх ямар санаа сэдлээр бүтээв. Кино зохиолын зорилго юу вэ?

-Бидний наад талдаа тавьсан зорилго бол кино эфирт цацагдаж дуусахад Монголын залуус уртын дууны сайхныг мэдрээд, дуртай болоосой гэж бодсон. Манай түүхэн үнэт дурсгалуудыг шуналтнууд гадагшаа хайр найргүй зардаг болсон. Энэ тухай хаана хаанаа бодож, сэрэмж аваасай гэсэн санааг бас хийж өгсөн. Харин цаад зорилго бол их том. Кино “Өнчин цагаан ботго” дуугаар эхэлдэг. Энэ дууг өнгөц сонсоход эхийгээ алдсан ботгоны тухай дуу мэт. Гэтэл сайтар бодож тунгаагаад үзэхээр хүмүүний сэтгэлийг өгүүлсэн дуу байдаг. Бүр цаашлаад хүн эх орноосоо салбал ямар хүнд зовлонд унах вэ гэдгийг өвөг дээдэс минь бидэндээ давхар захиад хэлчихсэн ч юм шиг. Уртын дууны энэ бүх далд санаануудыг ганц хоёр ч болов үзэгч ойлгоосой, мэдрээсэй гэж бид зорьсон. Бас мөнхийн сэдэв болох хүн чанарын тухай киноны туршид нэвт өгүүлж, янз бүрийн бодрол, сэрэхүй, мэдрэмжүүд төрөхөөр агшнуудыг шигтгэж өгсөн байгаа.

-Таныг ажаад байхад голдуу л МҮОНТ-тэй хамтраад ажиллачихсан байх юм?

-МҮОНТ-ийн алтан босго надад ээлтэй байдаг юм. Анх “Тоншуул” сэтгүүлд ажиллаж байхдаа, 2005 оны цагаан сараар “Аман хуур” киноноос сэдэвлэсэн хошин зохиомж бичиж, түүнийг маань МҮОНТ-ийн уран бүтээлчид, “Өнгөт инээд” хамтлагийн жүжигчидтэй хамтран бүтээл болгож эфирт гаргаж байсан. “Зохиолч А.Амарсайхан” гэсэн нэрийг маань хүн анзаарахгүй болов уу гэж бодтол зөндөө олон хүн үзчихсэн баяр хүргэж байсан. Дараа нь “Хэцүү анги”, “Тусгай салаа”, “Огцом эргэлт” гээд гурван зохиолыг маань энэ телевизийн уран бүтээлчид кино болгон амилуулж, түмэнд хүргэсэн. Манай авга ахынх Баянхошуунд аж төрдөг, цагаан сарын өглөө авгадаа золгох гээд МҮОНТ-ийн өмнүүр гарахдаа заавал зогсож МҮОНТ-ийн өндөр цамхагт сүслэн мөргөдөг. Би энэ телевиз, энэ хамт олныг үргэлж биширч, хүндэтгэж явах ёстой хүн.

-“Эрт нахиалсан сарнай” руугаа эргээд оръё. Нэрний хувьд содон ч юм шиг, сонин ч юм шиг?

-Анх уран бүтээлийн нэр байг, явцын дунд солино доо гээд явж байсан. Гэтэл найруулагч Б.Гантулга маань “Нэрээ солихгүй шүү, Амараа” гэсэн. Зарим нэг уран бүтээлчид шүүмжлээд л. Мод л нахиалдаг болохоос цэцэг нахиалдаггүй гэцгээсэн. Хэл шинжлэлийн эрдэмтдээс бүр зорьж очоод асуутал буруугүй гэсэн. Тайлбар толинд ургамлын дөнгөж соёолж ургаж буй хэсэг гэсэн утгатай тайлбар байдаг юм билээ. Киноны төгсгөлд Билэгт гэдэг хичээлийн эрхлэгч бүсгүй “Цагаасаа эрт нахиалчихаад, ургаж ядаж байгаа сарнайг хагдрах уу, ургах уу гэдгийг та бид шийдэх гэж байна” хэмээн хэлдэг. Үүнд л киноны гол утга зангилагдчихаж байгаа юм. Гол дүр Анир хэмээх уртын дууны авьяастай өнчин охин энэ ороо бусгаа бараан нийгэмд цагаасаа эрт нахиалчих гээд, унаж босоод л яваад байгаа тухай өгүүлсэн кино.

-Киног ажиглаад байхад нээрээ л нүсэр ажиллагаатай харагддаг. Арвангуравдугаар зуун ч ороод ирэх, уртын дуучин охин ч яваад байх, гэмт бүлэглэл ч ажиллаад л байх юм?

-Арвангуравдугаар зуунд Хүлэгү хааны өөрийн захиалгаар бүтээгдэж, Хаан өөрөө хэрэглэж байсан гэх ихэр алтан толь киноны нэг шугам болж өгдөг. Энэ толийг судалж Чингис хааны ач хүү Хүлэгү хаан яг өөрөө захиалж хийлгэсэн болохыг нь батлах гээд нэгэн турк судлаач бүсгүй яваад байдаг. Харин Монголд байгаа нэг толийг нь гартаа оруулах гээд гэмт бүлэглэл хөөцөлдөөд байдаг. Харин тэр толь нь Сонор гэх оюутан залуугийн гэрт, сохор азаар л дээрэмчдийн гараас мултарч үлдээд байгаа түүх гарна. Мяраалаг тул “Бүдүүнээ” гэж хочлуулсан Анир гэх охин “Үндэсний авьяас” тэмцээнд орж уртын дууны авьяасаа нээж, “Төвөргөөн” хэмээх шаггүй алдартай хамтлагт орсноор дуучин болох гараагаа эхэлдэг. Гэтэл Арван долоохон настай охин хамтлагийн ахлагч 25-тай Тэргэлтэй хайр сэтгэлтэй болсноор нийгэм энэ хоёрыг ойлгохгүй бөөн асуудал үүсдэг. Энэ бас нэг шугам нь болдог.

-Алтан толины түүх нь бодит уу?

-Зохиомол түүх. Анх бичихдээ адал явдал оруулъя гэж бодсон. Бичилтийн явцад нэгэн санаа төрсөн. Энэ алтан толины төлөөх тэмцэлдээн, алаан нь цаагуураа алт эрдэнэс алдчихаад хайгаад байгаа явдал биш, хүн хэмээгч хүн чанараа алдчихаад түүнийхээ араас үхэн хатан хөөцөлдөөд ч байгаа юм уу гэх далд санааг шигтгэж өгсөн. Түрүүнд хэлсэн, улсынхаа түүхэн үнэт зүйлсийг хайр найргүй зарж байгааг ч хөндөж үзүүлье, хүмүүнд бодрол сэрэхүй төрүүлье ч гэж бодсон. Кино маань МҮОНТ анх удаа гадаад улстай ОАУСК-ны салбарт хамтарч ажилласнаараа бас нэгэн түүхийг шинээр бичсэн.

-Кино хамтын бүтээл гэж та түрүүн хэлсэн. Ямар уран бүтээлчидтэй хамтарч ажилласан бэ?

-Анх надад МҮОНТ-ийн продюссер А.Сарантуяа гэдэг бүсгүй ирж Турктэй хамтарсан кино хийе гэдэг санал тавьж байсан. Энэ хүн киноны маш их ажлыг нугалсан. Хоёр жилийн турш зохиол бичигдэх явцад хэд хэдэн хүн найруулагчаар томилогдсон. Энэ дундаас Боролдой С.Мягмар гуай зохиолыг хөгжүүлэх тал дээр сүрхий шинэлэг санаануудыг гаргаж дэвшүүлсэн. Дэлхийг байлдан дагуулаад байгаа кинонууд шиг бүрэн хэмжээний уран сайхны киноны форматаар бичих санааг ч сэдсэн. Тэгээд л би махаа идэж, зовж сууж зохиолоо гурав дахь удаагаа шинэчлэн бичсэн. Хоёр жил дамнан яригдаад зөвхөн “яриа” л байгаад байсан зохиолыг кино болгох шийдвэрийг МҮОНТ-ийн захирал Л.Нинжжамц гаргасан. Ингэж л галт тэрэг хөдөлсөн. Харин анх бичигдэхдээ энгийн тв-драма байсан зохиол маань бүрэн хэмжээний уран сайхны кино шиг бичилттэй болчихсон болохоор хөрөнгө санхүү дутагдаж, кино бүтээх хугацаа гурав дахин уртасч, маш том бэрхшээлтэй тулгарсан. Ямар ч гэсэн маргаж, хэлэлцэж, “тулалдсаар” байгаад киноныхоо зураг авалтыг нугалж чадсан Б.Гантулга найруулагчдаа, дээр дурдсан бүх хүмүүст баярлалаа гэж хэлэх ёстой.

-Гадаадад кино зураг авна гэдэг ярвигтай ажил. Турк дэх зураг авалтууд бас нэлээд хүндрэл дагуулсан биз?

-Турк дэх ажлыг маань нугалсан хүн бол МҮОНТ-ийн Мэдээний сувгийн захирал болсон Р.Гандиймаа. Туркийн нэг ч кино компани одоогоор уран сайхны киноны зураг авалт хийж дийлээгүй байгаа Топкапын ордон музейд ч хүртэл зураг авалт хийж чадсан. Туркийн элчин сайдын яам, хамтын ажилагааны “ТИКА” байгууллага тусалсан. Тэнд сурдаг оюутны байгууллагын дарга Балжаа гэдэг залуу гэхэд л орчуулга хийгээд чин сэтгэлээсээ гүйсэн байдаг. Би өөрөө Туркийн зураг авалтад яваагүй болохоор хүн үлдээсэн байж магадгүй шүү.

-Та олон ангит киногоор ер нь мэргэшчихэв ээ дээ?

-Анх “Хэцүү анги” гарсны дараа зохиолчид намайг “Тоншуулын Амараа” гэдэг байснаа болиод “Хэцүү ангийн Амараа” гэж нэрлэдэг болсон. Дараа нь “Тусгай салаа” гарч олон түмэнд хүрсний дараа “Тусгай салааны Амараа” гэдэг болсон. Энэ төрөл жанраар олон түмэнд хүрсэн хэд хэдэн уран бүтээл хийчихлээ. Гэлээ гээд мэргэшчихлээ гэж онгирохгүй ээ, алдас болно. Дөртэй болчихсон гэвэл онох байх. Одоо энэ төрлөөрөө дагнах шахуу уран бүтээл эрхлээд, чөлөөт уран бүтээлчийн статустайгаар, дээрээ даргагүй, дэргэдээ цэрэггүй санаа амар сайхан л явж байна. Олон зохиолыг маань продюсерлэн, “эх барьж” авсан МҮОНТ-ийн захирал байсан Ц.Оюундарь нэг удаагийн хүлээн авалт дээр их гоё хэлсэн дээ. “Амарсайхан гэж нэг амар сайхан хүн байдаг юм” гээд. Ардаа өөр ажил төрөл, татлаа түлхээгүй болохоор уран бүтээл дээрээ дагнаад суучихдаг, киноны зохиолууд их түргэн бичигдэж гардаг. Зөвхөн кинондоо л бүх анхаарлаа төвлөрүүлж чаддаг болохоор тэгж хэлсэн хэрэг л дээ.

-Нэг юманд л төвлөрчихөөр ар гэр гэж нэг зүйл бий. Энийг авч явдаг хүнийхээ тухай, гэр бүлийнхээ тухай ярих хэрэгтэй болов уу?

-Миний зээ М.Мөнх-Очир гээд долоон настай нөхөр бий. “Аамаа зөвхөн гуравхан ажил хийдэг. Гараа угаадаг, компьютер дээр суудаг, хоол иддэг” гэсэн удаатай. Нээрээ л гэрийн ажилд тэр бүр оролцоод байж чаддаггүй. Гэрийг минь авч явдаг, миний хань Ш.Цэвэлмаа гэж бүсгүй бий. “Таван Богд Вашёкү” компанийн хүний нөөцийн менежер хүн. “Нагоми”, “Сакура” гээд япон ресторануудын сүлжээ, “Мираж” ресторанд хэн ажиллахыг шийдэж, хүмүүсийг нь сургаж хөгжүүлж байдаг хүн. ОАУСК-ны зохиолыг минь бүрэн уншдаг гэвэл худлаа л даа. Зарим нэг болж өгөхгүй байгаа ангиудаа уншуулж санаа хэлүүлэх үе гарна. Шог өгүүллэгүүдийг маань уншиж, шог зургийг маань үзэж, анхны шүүмжлэгч болдог. Аав минь Бэгзийн Алтангэрэл гээд математикийн багш хүн. Говь-Алтайн толгой багш нарын нэг. Аав гүнзгийрүүлсэн сургалттай анги төгсгөж байгаа жилийн Говь-Алтайн конкурсэд эхний 40 байр дундаа ганц хоёрхон завсартайгаар аавын ангийн хүүхдүүд “давхидаг” байсан. Ээж харин Хүрэлээгийн Загд гээд монгол хэл-уран зохиолын багш хүн. Эд хөрөнгө биш бүтэн хана эзэлсэн тавиураар дүүрэн ном цуглуулсан айлд л өссөн хүүхэд дээ, би.

-Сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна вэ?

-Саяхан “Ёж философи” гээд шог зохиол, шог зургийн номоо хэвлүүлсэн. 1980-аад оны амьдралаар 100 ангитай кино бүтээхээр зохиолын ажилдаа орчихсон явж байна. Мах сүүний оочер, пянз жийнсний наймаа, шугам жагсаал, шугамын радио гээд л бүх содон дурсамжууд тэр киноноос минь харагдана. Тэр үеийн залуусын нандин хайр сэтгэл ч гарна. Одоо үндсэн зохиолдоо орчихсон, сая гучдугаар ангийн зохиолоо продюсерүүд рүүгээ илгээлээ. Төрөх гээд дуншиж байгаа энэ киноныхоо амьдрал руу бүрэн шингээд орчихсон, бодит амьдралаасаа тасраад алга болчихсон нэг хүн л явж байна даа. Аятайхан кино төрнө гэдэгт итгэлтэй, өдөр шөнөгүй л зохиолоо нухаж байна.


Categories
мэдээ нийгэм

Гүйцэтгэлийн шалгалт хийжээ

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Өлгий-Цагааннуур чиглэлийн 40 км авто замын ашиглалтын явцад илэрсэн алдаа дутагдлыг арилгуулах талаар гүйцэтгэгч “Алтайн зам” компанид албан шаардлага хүргүүлсэн. Улмаар албан шаардлагын дагуу алдаа дутагдлыг арилгасан эсэх, авто замын арчлалт хамгаалалт, засварын ажлыг норм, стандартын дагуу гүйцэтгэсэн эсэхэд гүйцэтгэлийн шалгалт хийжээ.

Мөн Мэргэжлийн хяналтын байгууллагын хүрээнд зохиогдож буй “Хүнсний аюулгүй байдлыг хангахад-Иргэн таны оролцоо” аяны хүрээнд тус аймгийн Цагааннуур боомтоор ипмортлогдож буй хүнс, хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго, тээвэрлэлтийн байдалд хяналт хийж аж ахуйн нэгжид зөвлөгөө өгөн ажиллаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх оны төсөвт сэтгүүлчдэд хуваарилсан ганц ч төгрөг алга байна?

Их хурлын чуулганаар 2019 оны төсвийг хэлэлцэж эхлээд байгаа. Ийнхүү Монгол Улс ирэх оны төсвөө хэлэлцэж буйтай холбогдуулан нийгмийн анхаарал ч энэ чигт хандсан нь ойлгомжтой. Их хурлын гишүүд өөрсдийн тойрогтоо хэдэн төгрөг илүү унагачих санаатай чуулган дээр “би чи”-дээ тулж, нэгийгээ барьж идэх шахан өөд өөдөөсөө дайрцгааж байна. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд ирэх оны төсвийн задаргааг ард түмэнд хүргэж, Засгийн газрын тэргүүнээс аваад бусад сайд хичнээн төгрөг захиран зарцуулах эрхтэйг уламжлал ёсоор мэдээлж байна. Мөн аймаг нийслэлийн засаг ноёдын зарцуулах мөнгөний хэмжээг ч тоо ёсоор нь олон нийтэд хүргэж буй.

Ирэх онд У.Хүрэлсүх Ерөнхий сайд 293 тэрбум 764 сая төгрөг зарцуулах эрхтэй. Шадар сайд Ө.Энхтүвшинд 145 тэрбум, 238 сая төгрөг хуваарилагдсан. Онцгойгийнхноо

аваад Шадар сайдын мэдэлд байдаг газрууд энэ мөнгөнөөс хүртэнэ. Батлан хамгаалах салбарынхан Н.Энхболд сайдын мэдэлд байгаа 261 тэрбумаас, цагдаа хууль хүчнийхэн Ц.Нямдорж сайдын мэдэлд байгаа 533 тэрбумаас, соёл урлаг, боловсол, спортын салбарынхан Ц.Цогзолмаа сайдын мэдэлд байгаа нэг их наяд 763 тэрбумаас, эрүүл мэндийн салбарынхан Д.Сарангэрэл сайдын мэдэлд байгаа 794 тэрбум 461 саяас, малчид, тариаланчид болоод хөдөө аж ахуйн салбарынхан Б.Батзориг сайдын мэдлийн 182 тэрбум 477 саяас, барилгынхан Баделхан сайдын мэдэлд байгаа 112 тэрбум, 855 саяас гээд бүхий л салбарынхан төсвөөс чиглэл чиглэлийнхээ харьяа яам агентлагуудаар дамжуулж их, бага хэмжээгээр мөнгө хүртэнэ.

Гэтэл төсөв хуваарилахад жил бүхэн албатай юм шиг оролцдог, тэрэнд нь ихийг хуваарилчихлаа, энэнд нь арай багыг өгчихлөө шударга бус хандлаа гээд ард түмнийхээ өмнөөс Сангийн яамтай, Засгийн газартай улаан нүүрээрээ тулдаг Монголын сэтгүүлчдэд сохор зоос ч хялайлгадаггүй. Энэ удаад ч ялгаагүй. “Дөрөв дэх засаглал”, “Ардчилсан нийгмийн гол тулгуур багана” хэмээн өргөмжилдөг ч урьдын адил сэтгүүл зүйд ганц төгрөг ч төсөвтөө суулгаж гийгүүлсэнгүй. Хэвлэл мэдээллийн байгууллагынхан, сэтгүүлчид бид бусдын эрх ашгийг яриад төр засгийг шүүмжлээд байдаг. Боловсролын ч юм уу, шинжлэх ухааны юм уу аль нэгэн салбарыг өмөөрч, дэндүү өрөвдмөөр бага мөнгө өглөө гэж төр засагтай тооцоо хийн өдөр бүхэн сануулж шүүмжилдэг ч өөрсдийгөө мартан, улсынхаа гадна ямар ч үнэ цэнэгүй хоцорч байгаагаа мэдсэн юмгүй өнөө хүрчээ. Хамгийн өрөвдөлтэй салбарынхан бид өөрсдөө гэдгээ мэдэлгүй, мэдсэн ч тоолгүй хохирсоор өнөөг хүрлээ. 2019 оны төсвийг ийм тийм гээд л баахан бичицгээж байна. Сэтгүүл зүйд нэг ч төгрөгийн нэмэр байхгүй, бид бүхний ахуй амьдралд огтхон ч хамаагүй, ямар ч наалдах юмгүй энэ төсвийг юуг нь бичиж сайлж муулах вэ. Монголын төр сэтгүүлчдээ дэндүү басамжилж ирсэн. Тусгаар тогтнолынх нь баталгаа болж, улс орны хамгийн амин судас болж яваа, ардчилсан чөлөөт нийгмийн язгуур үндэс суурь нь болж яваа сэтгүүл зүйд ганц ч төгрөг төлөвлөөгүй байж, сэтгүүлчдээ огтоос харж үзээгүй байж ямаанд төчнөөн тэрбумыг өгч байсан ийм л төр шүү дээ. Ямаан сүрэгт жилдээ гучаад тэрбум төгрөг төсөвлөлөө гэх баяр бахдал дүүрэн мэдээг нь хэвлэлийнхэн Монголын ард түмэнд хурдан шуурхай дамжуулаад л зогсож байсан.

Төрийн өмчит байгууллага төсвөөс мөнгө авах эрхтэй гэдэг. Гэтэл Монголын хөдөөд жалга сахиад хэвтэж байгаа малчин бүхэн төсвийн орлого хүлээгээд байж байдаг. Малын хөлийн татвар гэж төлдөггүй хэрнээ ноосны урамшууллаас аваад хөөрхөн хэдэн төгрөг цохичихно. Өнгөрөгч онд гэхэд 22.6 тэрбум төгрөгийг Монголбанкаар дамжуулан малчдын дансанд хийж байсан. Хадлан тэжээл өвс тоосны мөнгөө ч бараг авна. Тариаланчид тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулж жил бүр 35-40 тэрбум төгрөг төсөвт суулгаж урамшуулал хэлбэрээр авдаг. Ийнхүү тариа будааны мөнгөө авна, дээрээс нь техник тоног төхөөрөмжийн гэх тодотголтой хөнгөлөлттэй зээл гээд баахан эрх ямба эдэлнэ. Мөн уурхайчид, жолоочид нийгмийн бүхий л салбарынхан ямар нэгэн хэмжээгээр төсвийн бялуунаас хүртэх нь бий. Харин Монголын нийгмийг удирдан залуурдаж, чиглүүлж яваа сэтгүүл зүйн салбарынхан ганц төгрөг гар дээрээ тавьж үзсэнгүй. Дээрээс нь сурч боловсрох нөхцөл, орон байраар хангагдаж үзсэнгүй. Мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх боломж бололцооноос аваад гадагшаа, дотогшоо төрийн зардлаар аялах, нэр хүндтэй олон улсын томоохон шагнал хүртэх бүхий л зүйлээс албатай юм шиг хоцордог. Иргэнээ алагчилдаггүй төр гэж байх ёсгүй.

Гэвч Монголын төрд сэтгүүлчдийн ахуй амьрал, орон байр, боловсрол, эрүүл мэнд огтоос падгүй. Наанаа дөрөв дэх засаглалынхан, сэтгүүлчид л нийгэмд үнэнийг дэлгэж байгаа мэт налиганавч цаанаа цэвдэг хүйтэн, хөндий сэтгэлээр хандах болсон. Хоёр жилийн өмнө төрөөс сэтгүүлчдэд байр олголоо, ипотекийн зээлд хамгийн түрүүнд сэтгүүлчдийг хамрууллаа хэмээн олон нийтэд зарлаад, тэрхүү мэдээг нь хэвлэлийнхэн сонин телевизээр өдөр бүр гаргасан. Байртай боллоо гээд сэтгүүлчид бөөн баяр байлаа. Тэгтэл “Буянт-Ухаа” хорооллоос сэтгүүлчдийг хөөж тууж, “тэр чинь зүгээр сонгуулийн шоу байсан юм, одоо төлбөрөө төл, чадахгүй бол байраа сулла” гэж тулган шаардаж байна. Хэвлэл мэдээллийнхэнд хандаж байгаа Монгол төрийн үнэн нүүр царай ийм байна.

Харин төр засгийн зүгээс сүүлийн үед сэтгүүлчдэд нэг томоохон “бэлэг” барьдаг болсныг хэн хүнгүй мэдэж байгаа болов уу. Тэр нь редакцийг хорин сая төгрөгөөр, хувь сэтгүүлчийг хоёр сая төгрөгөөр торгох болсон Зөрчлийн хууль юм. Сүүлдээ энэ нь шүүхээр ч явж өөрсдөдөө ажил удахаа больсон байна лээ. Хууль шүүхийнхэндээ хүргэлгүй, захын нэг годгор залуу редакцид ханхалзан орж ирээд хүний нэр төрд халдсан байна гээд л хорин сая нэхээд зогсчихно. Зөрчийн хууль тийм хойно редакци арга барахдаа хувь сэтгүүлч рүүгээ бурууг тохож, хоёр сая төгрөгийг нь редакциас төлж байгаа юм. Ер нь Монголын төрд үеийн үед хэвлэл мэдээллийг боомилох арга сэдлийг хайж ирсэн. Сонин хэвлэлд мөнгө төлж сурталчилгаа гаргах нь буруу мэтээр ярьж, түүнийгээ хууль дүрмэндээ оруулах гэж дайрч давшилж ирснийг зах зухаас жишээ болгож хэлье. Ардчилсан засгийн үед “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль” гэж айхавтар хууль гараад сэтгүүл зүйн салбарыг үндсээр нь устгах аюул нүүрлэсэн. Д.Сарангэрэл нарын гишүүд хүчтэй дуугарч байж зогсоож авсан. Тухайн хуулиар хэвлэл мэдээллийн байгууллагын эзэн редакцийнхаа үйл ажиллагаанд оролцох эрхгүй, редакци нь тусдаа үйл ажиллагаа явуулдаг, төлбөртэй материал хийх эрхгүй, рекламны байгууллагаас тусдаа байхыг хуульчилсан.

Тэгвэл Ц.Оюунбаатар гэдэг нөхөр гишүүн байхдаа “Төсвийн мөнгөөр хэвлэл мэдээлэлд сурталчилгаа хийх, хаалтын гэрээ байгуулахыг хориглоно” гээд бас л ханцуй шамлаж дайрч байсан удаатай. Өнөө л сэтгүүл зүйг эдийн засгийн хувьд элгээр нь хэвтүүлж, нэг мөр нүд аниулах гэсэн эрх баригчдын бодлого. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд ч сонин хэвлэлийг ад шоо үзсэн заалтууд орсон байдаг. Өнөөдөр ч ялгаагүй, Ерөнхийлөгч болоод парламентын ажлын албаны зүгээс “хэвлэлд гаргах илүү мөнгө төсөв алга” гээд сууж байна. Төрийн эрх барих дээд байгууллага болоод төрийн Ерөнхийлөгчийн зүгээс ийм хариу сонсохоор юу болох билээ. “Монголын сэтгүүлчид зуданд уруудаж, арай чүү онд мэнд орж байгаа хаврын туранхай янхигар хөхүүл үнээ шиг хэрзийсэн амьтад боллоо. Энэ нь хэвлэлийн эздэд огтоос хүртээлгүй.

Тэд сониныхоо редакцийг, телевизийнхээ эфирийг хаагаад, үндсэндээ эзэмшил газрынхаа хаалгыг түгжчихээд л яваад өгнө. Хор хохирлыг нь сэтгүүлчид амсана. Тэгэхээр энэ бол төр засгаас сэтгүүлчдийг нухчин дарах, салбараас нь өөрийн эрхгүй дайжин үргээлгэх гэсэн зорилго агуулагдаж буй нь илэрхий” гэж “Өдрийн сонин” өмнө нь бичиж байсан.

Монголын сэтгүүл зүй нийгмийн амин судас нь мөн юм бол, үнэхээр дөрөв дэх засаглалын үүргийг гүйцэтгэдэг юм бол Монголын төр бодлогоор дэмжих цаг хэдийнэ иржээ. Сэтгүүл зүйг, сэтгүүлчдийг дэмжлээ гэхээр хэдэн шар сайтуудыг эрх мэдэлтнүүд өөрийн харьяалалдаа авснаа хэлээд байдаг. Монголын сэтгүүл зүйг дэмжиж байгаа мэтээр ойлгоод байдаг. Тэр ойлголтоос даруйхан салах хэрэгтэй. Хэвлэн нийтэлж, олонд түгээсэн мэдээ материалынхаа өмнө хариуцлага хүлээдэг мэргэжлийн редакцитай, нийгэмд нэр нөлөө бүхий, уураг тархи нь болсон хэвлэлийн байгууллага сэтгүүл зүйг төлөөлнө. Түүнээс ганц хоёрхон гишүүнтэй сайтаар сэтгүүл зүйг хэмжинэ гэвэл хэтэрсэн асуудал болно.

Дани, Швед зэрэг улсуудад хэвлэл мэдээллийн зардлыг нь төсөвтөө суулгаж, хэвлэлийн зөвлөлөөр дамжуулан мэргэжлийн редакцитай байгууллагуудад олгодгийг гадны судлаачид хэлдэг. Тэгвэл Монголын сэтгүүлчдийн байгууллагын ерөнхийлөгч “Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэдэг хэрэг дээрээ салбарын яамны үүрэг гүйцэтгэдэг ч төсвөөс нэг ч төгрөгийн татаас авч үзээгүй. Гишүүдийнхээ татварыг зуун хувь хурааж авлаа гэхэд үйл ажиллагааныхаа арван хувийг ч санхүүжүүлж хүрдэггүй” хэмээн зовлон тоочих жишээний. Албан ёсны сэтгүүл зүй байхгүй орон гэдэг тусгаар тогтнол байхгүйтэй ялгаагүй гэдэг. Улс орны дархлаа болсон дөрөв дэх засаглалын эзэн сэтгүүлчдэд Монголын төр элгэн халуун сэтгэлээр хандаач ээ. Монголын түүхийг бүтээлцэж буй бичиг соёлын сэхээтний энэ том давхаргыг хайрлан хамгаалж, улсын төсөвтөө мөнгө суулгаж өгдөг болох хэрэгтэй. Ирэх жил атар газар эзэмшсэний 60 жилийн түүхт ой болно гээд Засгийн газар хөөрцөглөж төсөвтөө суулгаж өгч байна. Тэгвэл саяхан Монголын оюун санааны үүр уурхай болсон сэтгүүл зүйн байгууллагын 105 жилийн ой чимээ аниргүйхэн болоод өнгөрсөн дөө.


Categories
мэдээ улс-төр

​Засгийн газрын ээлжит хуралдаанаар 17 асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр 17 асуудал хэлэлцэх тов гарчээ.Тодруулбал Хилийн хяналт шалгалтыг сайжруулах, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хорих анги болон төрийн өмчит үйлдвэрийн газар татан буулгах тухай, 2019 оныг Ахмад настны жил болгох тухай хэлэлцэх юм.Мөн Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан, дулааны үнэ тарифийг индексжүүлэх асуудлыг Засгийн газрын гишүүдэд танилцуулахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Аравдугаар сарын 10-нд болох үйл явдлууд

09.00 цагт “Novotel” зочид буудлын хурлын танхимд “Төрийн байгууллагын хүний нөөц – Бизнесийн таатай орчныг бүрдүүлэх нь” сэдэвт олон улсын хурал болно. Утас:99002019

09.00 цагт Монголын хүүхдийн ордны түүхт 60 жилийн ойн хүрээнд “Хүүхдийн хөгжил орчин үеийн асуудлууд“ олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас:11324603 99064836 95878725

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ.

10.00 цагт МУИС-ийн номын санд “Шүүхийн шийдвэр, түүний хэрэглээ, ач холбогдол” хэлэлцүүлэг болно.

11.30 цагт МҮЭХ-ноос өөрийн байрандаа шатахуун, төсөв, татварын хуулийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас:99027019

13.30 цагт Засгийн газрын IV байранд 2017-2018 оны Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийх аудитын нээлт болно. Утас:88059005

15.00 цагт Монголбанкны “А” байранд “Цахим эринд-цахим төлбөр тооцоо”аяны нээлт болно. Утас: 88118801, 91992520

Төрийн ордонд

08.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Нээлттэй сонсголын танхим”-д Өргөдлийн байнгын хорооноос шатахууний үнийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

16.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Цахим бодлогын түр хороо хуралдана.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт “Эрүүл мэлмий” ТББ, Монголын нүдний эмч нарын нийгэмлэгээс “Хараагаа хамгаалъя” сэдвээр мэдээлэл хийнэ.

11.30 цагт Монголын хүүхэд харах үйлчилгээний холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ нийгэм

Гачууртыг амралт сувилал, аялал жуулчлалын бүс болгоно

Хонхор, Гачуурт тосгон, Тэрэлжийн бүсийг Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу өргөтгөн хөгжүүлэх талаар Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас танилцуулснаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар дээрх газруудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлав.

Ингэхдээ 2030 он гэхэд Гачууртыг 7000 хүн амтай, амралт сувилал, байгалийн цэвэр аялал жуулчлал хөгжсөн бүс болгохоор төлөвлөснийг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар танилцууллаа. Тэрэлж орчмыг мөн аялал, жуулчлал, амралт сувиллын бүс болгох бөгөөд хүн амыг нь 4500-аас хэтрүүлэхгүй гэж тооцжээ.

Ингэхдээ Мойлтын тохой болон одоогийн суурин үүссэн хэсгийг л суурьшлын бүс болгох нь. Харин Хонхор тосгоныг хотын шинэ суурьшлын бүс болгохын зэрэгцээ сүүний чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйн бүс болгохоор төлөвлөгөөнд тусгажээ. Дашрамд дурдахад, энэ удаагийн хуралдааны үеэр шашны 30 байгууллагын зөвшөөрлийг сунгалаа гэж НИТХ-ын ХМОНХТөвөөс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Морь харах” зуур “Гайтавын жаргал” эдлэхүй хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы Лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт Баабарын “Морь харах” зуур “Гайтавын жаргал” эдлэхүй” хэмээн өгүүлснийг уншаарай.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Валютын ханшийн савлагаа нь Засгийн газар, Монголбанкны ажлын уялдаа холбоо алдагдсанаас болсон гэж “Улс төр” нүүрт ярьжээ.

“Жежү Эйр” компани Улаанбаатар-Сөүлийн чиглэлд тийзний хямд үнэ санал болголоо хэмээн тэргүүн нүүрт бичжээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Томоохон хөрөнгө оруулагчдын санхүүгийн гүйлгээг Монголбанкаар дамжуулах нь зохисгүй” гэж “Улс төр” нүүрт ярьжээ.

“Түүхий тос, хил үнэ, ам.долларын ханш өссөнөөр шатахууны үнэ нэмэгдсэн гэв” хэмээн “Эдийн засаг” нүүрт бичсэн байна.

“Түмпэн дүүрэн мах, бедон дүүрэн боодог” хэмээн “Улс төр” нүүрт бичив.

“Уул уулын цаадах умард нутаг” хэмээн “Аян замын тэмдэглэл” нүүрт өгүүлжээ.

Философич С.Молор-Эрдэнэ: Монгол хүнийг хэн ч молигодоод аманд нь чихэр үмхүүлж, гарыг нь хөтлөхөд дагаад явахад бэлэн байна гэж “Өөрөөс нь” нүүрт ярив.

“Өдрийн сонин”-ы “Улс төр” нүүрт “Супер прагматик Сингапурын нийгмээс суралцахыг санал болгоё” хэмээн өгүүлжээ.

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Г.Хонгор: Татвар хураагчийн хууль бусаар авсан мөнгө хаашаа ордгийг мэдэх шаардлагатай гэж “Эдийн засаг” нүүрт ярив.

“Хятадуудын булаацалдсан Салхитын мөнгөний ордоос 1.3 сая ам.доллар хүртэлх хэрэг явдал” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт бичжээ.

“Сити” их сургуулийн дэд захирал Дэмбэрэлцэрэнгийн Мөнхбаатар:Аавыг минь Монголын шүүхэд хувь заяагаар төрсөн хүн гэдэг гэж “Миний аав” нүүрт өгүүлжээ.

“Стресс халддаг” гэж “Энэ өдөр”нүүрт бичсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Малын үйлчилгээний жишиг аж ахуйн нэгж байгууллаа

Дундговь аймгийн Хулд сумын Олдох багийн хуц, ухныг “Хулд таван эрдэнэ” мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгжид ялган төвлөрүүлж, орон нутгийн мэргэжилтний хяналтад авах ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Хулд сумын ИТХ, ЗДТГ, “Хулд таван эрдэнэ” ХХК хамтран зохион байгууллаа.

Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэх, бог малын хээлтүүлэгчийг ялган төвлөрүүлэх, мал үржүүлгийн ажлыг технологийн хугацаанд чанартай гүйцэтгэх, загвар үржлийн аж ахуйн нэгжийг орон нутагт бий болгох энэхүү арга хэмжээнд ХХААХҮЯ-ны Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батсүрэн оролцсон юм. Тэрбээр, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилт, малын үржил, бүртгэлийн салбарын зорилт, үйл ажиллагаа, бог малын хээлтүүлэгчийг мэргэжлийн ажил үйлчилгээний нэгжид ялган төвлөрүүлэх, орон нутгийн Засаг захиргаа, мэргэжлийн байгууллагын хамтын ажиллагааны талаар танилцуулж, малчдын сонирхсон асуултад хариулт өгөв. Малын үүлдэр угсааг сайжруулах, нэгж малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй уг ажлыг Дундговь аймгийн Засаг дарга, Хулд сумын ИТХ, ЗДТГ, Хүнс хөдөө аж ахуйн газар дэмжин, бүх шатанд хамтран ажиллаж байна.

Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ гэдэгт малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх, малд үзлэг, ангилалт хийх, удам гарваль, ашиг шимийн гарц, чанарыг тодорхойлох, үр төлийн шинж чанарыг үнэлэх, удам зүйн үнэлгээ хийх, үржил селекцийн ажлын үр дүнг хянан баталгаажуулах, үржүүлгийн хөтөлбөр боловсруулах, сайжруулагч малыг үржилд тохируулан сонгох, цөм сүрэг бүрдүүлэх, малд зохиомол хээлтүүлэг хийх, гойд ашиг шимт мал шалгаруулах, үржлийн малын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, малын арчилгаа, маллагаа, тэжээллэгийн технологийн чиглэлээр малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдэд мэргэжил, арга зүйн зааварчилгаа, зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагааг хамруулна гэж Малын генетик нөөцийн тухай хуульд заасан байдаг. Уг үйлчилгээ явуулах нэгж нь орон нутгийн мэргэжлийн байгууллага, малчинтай гурвалсан гэрээ байгуулсны үндсэн дээр сум, багийн хэмжээнд үржилд ашиглаж буй хээлтүүлэгчийг худалдаж авах замаар ялган төвлөрүүлэх юм.

Д.Батсүрэн даргаар ахлуулсан ХХААХҮЯ-ны ажлыг хэсэг Дундговь аймгийн Хулд сумын өвөлжилтийн бэлэн байдал болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр гаргасан инженерийн хийцтэй худгийн ашиглалтын байдалтай танилцлаа.

Categories
мэдээ нийгэм

Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг шударгаар сонгохыг шаардлаа

94 жилийн түүхтэй Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо энэ сарын 12-ны өдөр холбооны удирдлагаа сонгох гэж буй. Монгол улсын нийт хүн амын буюу 3,2 сая иргэний 53 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. 21 аймаг, 330 суманд амьдарч буй 1 сая 700 гаруй мянган иргэний мөн л 50 гаруй хувь нь эмэгтэйчүүд. Гэтэл 1 сая 600 мянган эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, дуу хоолой нь болох учиртай Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгчийг 160-хан хүнээр буюу 0,009 хувь нь сонгох гэж байгаа явдал шударга биш хэмээн Монголын Эмэгтэйчүүдийн Холбоог нээлттэй болгох түр хорооноос шаардлага хүргүүллээ.

Үндсэндээ тэдний шаардлага Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны гишүүн байгууллага гэх 43 төрийн бус байгууллага, 5 команийн төлөөлөл болсон 160-хан хүн 1 сая 600 мянган эмэгтэйчүүдийг төлөөлж чадахгүй гэж үзэж байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны үйл ажиллагаа улам бүр хумигдаж, эрх ашгийг нь хамгаалах үндсэн зорилгоо умартаж, эмэгтэйчүүдийн өмнө энэ байгууллагын үүд хаалга хаалттай болсон гэдгийг мөн хэлж байна. Өөрсдийн эрх ашгийн төлөө бус Монголын нийт эмэгтэйчүүдийн өмнөөс тэднийг төлөөлөх тэргүүнээ сонгохдоо шударга байж эгэл жирийн эмэгтэйчүүдийг төлөөлөл болгон нэмж оролцуулахыг шаардлаа.