Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн алба хаагчийг мөргөөд зугтсан этгээдүүдийг баривчилжээ

Өчигдөр залилах гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаяр, түүнтэй хамт явсан Т.Лундаа гэх хоёр этгээд 11:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тоёота прадо” маркийн автомашинтай явж байгаад цагдаагийн алба хаагчид баригдах үедээ зугтаж, түүнийг чирч унаган биед нь хүнд гэмтэл учруулаад хэргийн газрын орхин зугтсан хэрэг гарсан.

Үүний дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд гэмт этгээдүүд унаж явсан тээврийн хэрэгслээ Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг Халзангийн давааны орчимд орхин зугтсан байсныг олж эрлийг үргэлжлүүлсэн аж.

Цагдаагийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг шуурхай хэрэгжүүлснээр оройн 22 цаг 30 минутад Т.Лундааг Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Майхан толгой орчмын төв зам дээрээс, Б.Энхбаярыг 23 цаг 25 минутад Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгойн зуслангийн төв замаас 200 орчим метрийн зайд байрлах айлын саравчинд бүгсэн байхыг нь олж тус тус дайчлан баривчилжээ. Гэмт хэрэгтэн Б.Энхбаяр гэгч нь их хэмжээний хохиролтой залилангийн хэрэг үйлдсэн бөгөөд Баянзүрх дүүргийн шүүхээс хоёр удаа, СХД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан аж.

Харин ажил үүргээ гүйцэтгэж яваад гэмт этгээдүүдийн халдлагад өртсөн цагдаагийн алба хаагч тархиндаа хүнд гэмтэл авч тэр даруй эмнэлэгт хүргэгдсэн боловч одоог хүртэл ухаан ороогүй ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын гишүүн Д.Мурат Монгол төрийн сэнтийг бузарлаж дууслаа

УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой хормой хотны асуудал дэгдээд багагүй хугацаа өнгөрлөө. Тэрбээр нэгэн бүсгүйд дотно харилцаатай болох санал тавьж, элдэв ёс бус зургаа илгээж, дарамталж, бүр гар хүрсэн гэж хохирогч шүүхэд гомдол гаргасан юм. Түүгээр ч зогсохгүй хохирогч бүсгүй энэ тухайгаа хэвлэлд ярьж, түүнд илгээсэн зургуудийг нийтэд дэлгэсэн билээ. Харин хэдхэн хоногийн өмнө анхан шатны шүүхээс Д.Муратад холбогдох дээрх хэргийг хэрэгсэхгүй болгож, цатгаатгасан тухай мэдээлэл цацагдсан. Ямартаа ч хохирогч болох хөдөөний 30 гаруй насны хүүхнийг тэрбээр аргалаад өнгөрөв бололтой. Шүүхээс Д.Мурат гишүүнийг хууль зөрчөөгүй гэж үзсэн нь бүх зүйл дууссан гэсэн үг биш юм. Тэрбээр ийм ёс зүйгүй асуудалд орооцолдож, хэл үг үүсгэснийхээ төлөө ёс суртахууны хариуцлагаас зугатах учиргүй. Төрийн өндөр дээд албыг хаших эрхэм чанарыг уландаа гишгэсэн гишүүн гуай шүүхээр нэрээ цэвэрлүүлээд авлаа гэж маадгар алхаж байж мэднэ. Тэгвэл Монгол төрийн эрхэм дээд сэнтийд ийм ёс зүйтэй хүн суух эрхгүй. Ёс зүйн хариуцлага хүлээж суудлаа тавьж өгөх ёстой. Ардчилсан намынхан ч хаацайлж үлдэлгүй УИХ-аас явуулах ёстой. Ёс зүйн хэм хэмжээг давж, төрийн хар хүний мөн чанар, нэр хүндийг шаварт хутгасан ийм гишүүдийг хаацайлах нь хэтэрхий утгагүй, увайгүй, ичгүүргүй үйлдэл болно. Монгол төрийн жолоог ийм хүмүүс барьдаггүй.

МАН-ын залуу гишүүн Д.Гантулгыг хар. Хэрэв ёс зүй ярих юм бол түүнийг залуу насны алдаа гэж зөөлрүүлж болох. Мэдээж, Д.Гантулга гишүүний асуудалд Ерөнхийлөгчийн сонгууль, элдэв улс төр нөлөөлсөн байх. Гэхдээ л тэр ёс зүйн хариуцлага хүлээж, УИХ-аас яваад өглөө. Д.Гантулга нь ч бай, Д.Мурат нь ч бай ийм хэрэг хийгээгүй байж болно. Гэхдээ ичгүүргүй хэл аманд орсныхоо төлөө ёс зүйн хариуцлага хүлээх ёстой.

Үйл явдлыг харж байхад Д.Мурат гишүүн ёс зүйн хариуцлага хүлээх нь бүү хэл өөрийнх нь булай явдлыг мэдээллээ гэж сэтгүүлчийг шоронд хийхээр хөөцөлдөж явна. “Овоо босгоогүй бол шаазгай хаана суух билээ” гэгчээр өөрсдөө анхнаасаа ёс зүйтэй амьдарсан бол хэн тэднийг илчилж бичих билээ. Бүх зүйл өөрөөс нь эхлэлтэй атал бусдыг буруутгах гэж зүтгэж буй Д.Мурат гишүүнээс ёс зүйтэй байхыг шаардах эрх сэтгүүлчид бий. Үүнийх нь төлөө “миний бузар булайг дэлгэлээ” гэж сэтгүүлчийг шүүхэд өгөх нь гишүүний өөрийнх нь ёс суртахууны хэм хэмжээг илчлээд өгөв.

Д.Мурат гишүүнийг шүүхээс цагаатгажээ гэдэг нь нөгөө талдаа хохирогч эмэгтэй худлаа ярьсан болж таарах нь. Харин өөрийн биеэр яриад, зураг сэлтийг нь үзүүлээд байгаа тэр эмэгтэйн яриаг нийтэд хүргэсэн сэтгүүлчийг шоронд хорих нь хэтэрхий биеэ өмөөрсөн хүний үйлдэл юм.

Бидний жишээ болгон ярьдаг өндөр хөгжилтэй орнуудад ёс зүйн алдаа гаргасныхаа төлөө огцрох явдал энгийн үзэгдэл болсон байдаг. Өөрөө төдийгүй гэр бүлийнхэн нь авлига хээл хахууль зэрэг хууль бус үйлдэлд орооцолдсон бол ёс зүйн хариуцлага хүлээж, ажлаа өгдөг нийтлэг жишигтэй. Дэлхийн улстөрчид хэрхэн ёс зүйн хариуцлага хүлээдэг талаар доктор Ц.Мөнхцэцэг “Дэлхийн улс орнуудын парламентад дэг зөрчсөн гишүүнд тооцох хариуцлагыг нарийн тодорхой томьёолсон байдаг. Тухайлбал, Герман, Их Британи, Франц зэрэг ихэнх улсуудад дэг зөрчвөл сануулга өгөх, үг хэлэх эрхийг нь хасах, танхимаас гаргах, ноцтой зөрчилд 5-30 хүртэл хоногоор парламентын чуулганд оролцох эрхийг нь хасах арга хэмжээ авдаг юм. Грект дэгийг ноцтой зөрчсөн гишүүнийг буруутгах тухай тогтоолыг нийслэлийн гурав, тухайн гишүүний сонгогдсон тойргийн хоёр сонинд нийтэлж олон нийтэд танилцуулдаг нь өвөрмөц бөгөөд үр дүнтэй шийтгэл гэж тооцогддог байна. Мөн Испанид дэг зөрчсөн гишүүдэд мөнгөн торгууль ногдуулдаг юм. Харин манайд чуулганы хуралдаанаас хоцорсон, тасалсан, өөр гишүүний өмнөөс санал өгсөн зэрэг дэг зөрчсөн үйлдлүүдэд ямар нэг хариуцлага тооцохгүй байна” хэмээжээ. Гэтэл манай Д.Мурат гишүүн маань УИХ-ын чуулганы дэг байтугай улстөрчийн ёс зүйг уландаа гишгэчихээд, бусдыг буруутгасан шиг хээв нэг алхаж явна. Ц.Мөнхцэцэг судлаачийн онцолсноор “АНУ зэрэг Өрнөдийн олон оронд улстөрчийг улс төрийн тавцнаас холдуулдаг, улс төрийн замналыг нь үгүй хийдэг зүйл бол гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаа байдаг. Олон улстөрч, сенатын гишүүд энэ асуудлын улмаас огцорч байсан. Ийм ёс зүйн алдаа гаргаж огцорсон бол тухайн улстөрчийн карьер эгнэгт дуусч улс төрийн тавцангаас арчигддаг”.

Дэлхийн улстөрчид ёс зүйгүй үйлдэлд холбогдоод хэрхэн хариуцлага хүлээсэн тухай олон жишээ байдаг. Тухайлбал, Олон улсын валютын сангийн Ерөнхийлөгч Стросс Кан зочид буудлын үйлчлэгч бүсгүйг оролдсон хэмээн Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ алдаж байв. Дэлхийн банкны ерөнхийлөгч дотно харилцаатай эмэгтэйдээ илүү цалин өгсөн хэмээн албан тушаалаасаа огцорч байсан. Эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг Америкт өрнөсөн “Би ч бас” хөдөлгөөнд дэлхийн олон улс нэгдэн орсон бөгөөд энэ үеэр хэд хэдэн улстөрч ёс зүйгүй үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээсэн талаар мэдээлж байсан. Соёлт хүн төрөлхтний ёс зүйн хариуцлага ийм тов тодорхой.

“Хууль зөрчихөөсөө ёс суртахуун зөрчих нь илүү гутамшигтай” гэж манай сонин бичиж байсан. Ес зүйгүй үйлдэлд нэр холбогдсон УИХ-ын гишүүн Д.Мурат монгол төрийн ариун сэнтийд суух эрх байхгүй. Монголын төр бол үе үеийн эх орончдын амь насны төлөөсөөр үлдэж хоцорсон ариун дагшин сэнтий. Хэн дуртай нь юу ч хамаагүй хийдэг явуулын газар биш билээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Тухайлбал, Эдийн засгийн байнгын хороо 09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Хэлэлцэх асуудлын жагсаалтад “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Харин Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 11.00 цагт хуралдаж, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар төлөвлөсөн байна.

Үдээс хойш буюу 14.00 цагт болох Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар долоон асуудал хэлэлцэнэ. Тухайлбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Мөн Соёл, урлагийн салбарын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төсөл, ХНХЯ, БСШУСЯ, ЭМЯ-ны 2018 оны хөрөнгө оруулалтын явц, гүйцэтгэлийн үйл ажиллагааны хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн тайланг сонсож, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулна.

Categories
мэдээ нийгэм

“Туушин зочид буудал”-ийн өмнөх газрыг албадан чөлөөлж байна

“Туушин зочид буудал” ХХК-ийн өмнөх газрыг хотын даргын шийдвэрээр албадан чөлөөлж байна.

Нийслэлийн газрын албанаас энэ сарын 9-ний өдөр “Туушин зочид буудал” ХХК-д энэ сарын 15-ны дотор явган хүний зам чөлөөлөх үүргийг өгсөн. Гэвч уг хугацаанд газрыг чөлөөлөөгүй тул ийнхүү албадан чөлөөлж байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

С.Чинзориг: Эдийн засгийн өсөлтийн үр шимийг ард түмнийхээ бодит орлогыг нэмэгдүүлэхэд чиглүүлнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой ярилцлаа.


-УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж эхэллээ. Засгийн газрын гишүүд өөрсдийнхөө тойрогт ахиу мөнгө хуваариллаа гэсэн асуудал дагуулж байна. Таны сонгогдсон тойрогт хичнээн төгрөг хуваарилав?

-Жилийн жилд төсөв ярихад хөрөнгө оруулалтын хэрэгцээ маш их байдаг. Гэвч төсөв санхүүгийн боломж нь хязгаарлагдмал болохоор гишүүдийн хүслээр, тойргийнх нь хэрэгцээний дагуу хөрөнгө оруулалтын ажлууд явагдаж чаддаггүй шүү дээ. Савандаа тааруулаад л төсөв баталдаг. Манай тойрогт хөрөнгө оруулалтын хэрэгцээ их байгаа. Миний сонгогдсон тойрог 12 сумтай. Жижиг, том гэлтгүй сум болгонд асуудал байна. Өнөө жилийн төсөвт тусгагдсаны дагуу долоон суманд хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэж байгаа. Харин ирэх онд үлдэж байгаа сумддаа шаардлагатай хөрөнгө оруулалтыг тавиулъя гэсэн чиглэлээр ажиллаж байна. 2019 оны төсөвт манай тойрогт хоёр сургууль, нэг соёлын төв, хоёр спорт заал барих хөрөнгө тавигдаж байгаа. Цаана нь үлдээд байгаа хоёр сумын спорт заал барих хөрөнгийг ирэх оны төсөвт багтаах асуудал бий. Энэ мэтчилэн аймаг болгонд тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд хязгаарлагдмал төсөвтөө хязгааргүй хэрэгцээг яаж багтаах вэ гэсэн зовлон байна.

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийнхөө тойрогт 51 тэрум төгрөг төсөвлөсөн байна гэж Ж.Мөнхбат гишүүн байнгын хороон дээр цоллосон. Зарим сайд нар үүнийг тайлбарлахдаа “Ерөнхий сайд орон нутагт ажиллахдаа амласан амлалтуудын хөрөнгө оруулалт багтсан” гэх юм. Засгийн газрын тэргүүн танай аймагт ямар амлалтууд өгсөн бэ?

-Ерөнхий сайд орон нутагт ажиллаж байхдаа иргэдээс гарсан саналуудыг шийднэ гэж амласан. Үүнтэй холбоотойгоор аймгуудад хөрөнгө оруулалтын дүн нь орж байгаа. Магадгүй Ерөнхий сайдын очоогүй аймгуудад тийм хөрөнгийн эх үүсвэр тавигдаагүй байх. Гэхдээ Ерөнхий сайд очсон, очоогүй л тухайн аймагт шаардлагатай хөрөнгийг аймгийн удирдлагууд нь УИХ-ын гишүүдээр дамжуулаад Сангийн яам судалж төсөвт оруулсан байх.

Манай аймагт Ерөнхий сайд очиж ажиллахад хэд хэдэн асуудал тавигдсан. Тэр нь энэ оны төсөвт ороод явж байна. Тухайлбал, Өвөрхангай аймагт хүүхдийн эмнэлэг, Орхон голын нурсан гүүрийг бетон болгож барих, Хужирт суманд цэвэрлэх байгууламж байгуулах, Богд сумыг шилэн кабельд холбох зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдэж өгөх хүсэлтийг орон нутгийн иргэд болон удирдлагуудын зүгээс Ерөнхий сайдад тавьсан. Эдгээр асуудлууд Ерөнхий сайдын Өвөрхангай аймагт ажилласан ажлын төлөвлөгөөний хүрээнд авах арга хэмжээнд ороод ирэх оны төсөвт баталгаажаад тусгагдсан байгаа.

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хувьд ирэх онд ямар бүтээн байгуулалтын ажлуудад хөрөнгө хуваарилав?

-Төсөвтөө захирагдаад салбарын өмнө тулгамдсан бүх асуудлуудад хөрөнгө мөнгө тусгагдаад шийдэгдэж чадахгүйн зовлон бий. Ямартаа ч зарим аймагт хүүхдийн ордон, нийгмийн даатгалын чиглэлээр иргэдэд үзүүлэх үйлчилгээг хүргэх шаардлагатай байгаа барилга объект, хэлтсийн барилга барих гэх мэтчилэн бүтээн байгуулалтын ажлуудад хөрөнгө мөнгө тусгагдсан байна.

-Манай улсын эдийн засаг сүүлийн хоёр жил өсөлттэй байгаа. Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд 2019 оны төсөвт хичнээн төгрөг суулгах вэ?

-Монгол Улс ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлсний дүнд төсөв санхүүгийн байдал сайжирч, эдийн засгийн өсөлт нэмэгдэж байна. Төсвийн орлого сүүлийн хоёр жил дараалан давж биеллээ. Гэхдээ бүх юм сайжирсан гэж хэлэхэд эрт байгаа л даа. “Монголын эдийн засаг тун эмзэг байна” гэсэн ОУВС-гийн дүгнэлттэй санал нэг байгаа юм. Засгийн газрын зүгээс “Төсвийн орлого давж биелж байгаа учраас ард түмнийхээ амьдралын бодит орлогыг нэмэгдүүлэхэд чиглүүлье” гэсэн зарчим баримталж байна. Эдийн засгийн өсөлтийн үр шимийг ард түмэн хүртэх цаг нь болсон. Энэ хүрээнд цалин, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх бодлоготой ажиллаж байна. Ирэх жил найман төрлийн арга хэмжээнд 723 тэрбум төгрөгийг яг иргэдийн бодит орлого болгож халаас руу нь оруулахаар төсөв дээр цоо шинээр тусгаж байгаа. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын цалинг нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлнэ. Мөн тэдний ажлын байранд хийсэн үнэлгээг үндэслэж, ялангуяа багш, эмч нарын албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэхэд арга хэмжээ авна. Үүний үр дүнд ирэх онд эмч, багш нар, төрийн албан хаагчдын цалин багагүй хэмжээгээр нэмэгдэнэ.

Нийгмийн даатгалын сан болоод халамжийн сангаас олгодог тэтгэврийн хэмжээг 2019 оны хоёрдугаар сарын 1-нээс нэмэгдүүлнэ гэсэн салбарын яамны бодлого бий. Ер нь халамжийн сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээ нь амьжиргааны түвшнээс доогуур байсаар ирсэн. Асрамж, халамж хэрэгтэй иргэд маань амьжиргааны түвшнээс доогуур хэмжээтэй тэтгэвэр аваад байхаар амьдралаа хэвийн хэмжээнд аваад явах боломж нь бүрдэж өгдөггүй. Тиймээс халамжийн сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг амьжиргааны доод түвшинд хүргэж нэмэгдүүлэхээр төсөвт тусгасан.

-Халамжийн тэтгэвэр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрнэ гэсэн үг үү. Багш, эмч нарын цалинг хэдэн хувиар нэмэхээр төлөвлөж байгаа юм бол?

-Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг 2019 оны төсөвт 266 тэрбумаас доошгүй байхаар тусгана гэж Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай хэлэлцээр байгуулсан. Энэ дагуу ирэх онд 267.1 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд тусгаж байгаа. 2018 онд тө-рийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд 65-хан тэрбум төгрөгт багтааж байсан шүү дээ. Мөн нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд 119 тэрбум төгрөгт багтаана. Харин халамжийн сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг амьжиргааны түвшинд хүргэхийн тулд 22 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгахаар ажиллаж байна. Цалин, тэтгэврийн нэмэгдлийн хувь хэмжээ, хэрэгжилт зэргийг нь төсөв батлагдсаны дараа Засгийн газарт оруулна. Хуулиараа Засгийн газрын тогтоолоор эцэслэдэг асуудал учраас тухайн үед нь дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

-Малчны тэтгэвэр тогтоолголтыг таван насаар урагшлуулсан хуулийн хэрэгжилт ямархуу явж байна вэ. Мөн ирэх оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх нийгмийн халамжийн чиглэлийн хуулиудыг тодруулахгүй юу?

-Малчдын тэтгэврийн насыг таван насаар наашлуулахтай холбоотой хууль энэ онд хэрэгжээд явж байна. Нийт 13 мянган малчин энэ хуулийн дагуу тэтгэвэрт гарах байх гэж тооцоолж байсан. Есдүгээр сарын 1-ний байдлаар малчнаар ажиллаж байсан 5700 иргэн тэтгэвэрт гарсан байна. Харин малчнаар ажиллаж байгаа боловч нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй иргэдийг нөхөн тооцуулах хууль ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэхээр өнгөрсөн онд батлагдсан. Мөн ээжүүдийн төрүүлж өсгөсөн хүүхдийнх нь тоогоор улсад ажилласан жилийг таван жилээр нэмэгдүүлэх, ээжүүдийг нийгмийг даатгалд хамрагдсанаас нь үл хамаараад жирэмсний болоод амаржсаны тэтгэмжээ авдаг зэрэг нийгмийн хамгааллын чиглэлийн хуулиуд ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. Гэхдээ ОУВС-гаас өгч буй зөвлөмж, нөгөө талаас төсвийн алдагдал дорвитой буурахгүй байгаа зэрэгтэй холбоотойгоор эдгээр хуулийг 2020 онд хэрэгжүүлье гэсэн саналыг Засгийн газраас оруулсан.

-МАН 2020 оны сонгуульд оноо авахын тулд нийгмийн халамжийн чиглэлийн хуулиудаа хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм биш үү?

-Манай улсын эдийн засаг хэдийгээр өсөлттэй байгаа ч эмзэг үе дээрээ байгаа гэдгийг ОУВС-гаас зөвлөсөн. Гэхдээ ирэх оны төсөв хэлэлцэх үед гишүүд зарим нэг зүйл заалтыг нь урагшлуулах асуудал чуулган дээр нээлттэй яригдах байгаа.

-УИХ төсвөө баталчихаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг залгуулаад хэлэлцэнэ гэж байсан. Таны хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Манай монголчууд аливаа ажил, амьдрал нь явахгүй болохоор өөрөөсөө биш, бусдаас буруу хайдаг. Тэр утгаараа Үндсэн хууль руу бүх бурууг чихээд явчихаж болохгүй. Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага бий. Ер нь буруутан хайх юм бол улс төрийн намууд, улстөрчид, иргэд гээд бүгдэд л хамаатай асуудал болно. Улс төрийн намуудын төлөвшил, санхүүжилт, улстөрчдийн үг үйлдэл нь зөрдөг гээд олон асуудал байна. Энэ бүгдээс сүүлийн 25 жилийн асуудлыг хайх ёстой. Иймд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох ёстой.

-Яаж тэр вэ?

-Төр, Засгийн газар, аймаг, сум, багийн удирдлага гээд шат шатандаа эрх мэдлийн хуваарилалт, түүнийгээ дагасан хариуцлагыг нь хүртэл оновчтой болгож өгөх ёстой. Жишээлбэл, одоогийн манай боловсролын хууль гэхэд Засгийн газрын эрх үүрэг, Боловсролын яамны эрх үүрэг, бүх шатны эрх үүрэг гээд тавьчихдаг. Тиймээс бо-ловсролын асуудлаар төв Засгийн газар, сайд, аймгийн дарга, сумын дарга нь ямар эрх үүрэгтэй байж, ямар хариуцлага хүлээхийг нь тодорхой болгоод өгөх хэрэгтэй. Өнөөдөр бүх шатны Засаг даргын эрх үүргийг тавьчихаар асуудал эзэнгүйдээд байгаа.

-Мэдээж, Үндсэн хууль дээр Монгол Улсын засаглалын хэлбэрийг хэлэлцэнэ. Энэ тал дээр таны бодлыг сонсмоор байна?

-Засаглалын хэлбэрийг нэг тийш нь шийдэх хэрэгтэй. Парламентын засаглалтай орон гэдэг мөртлөө Ерөнхийлөгчөө нийт ард түмнээсээ сонгодог. Тэгсэн атлаа Төрийн тэргүүн маань эв нэгдлийн илэрхийлэгч, бэлгэдлийн шинж чанартай. Нөгөө талдаа гүйцэтгэх засаглал ч юм шиг байдаг шүү дээ.

-МСҮТ-ийн элсэгчид жил ирэх тусам багасч байгаа тухай статистик байдаг. Хэдийгээр хөдөлмөрийн зах зээл дээр мэргэжилтэн бэлтгэж байгаа ч гэсэн боловсролын байгууллага гэдэг утгаар нь БСШУСЯ-ны харьяанд байлгаж болдоггүй юм уу?

-Солонгос, Герман зэрэг хөгжилтэй орнуудад МСҮТ нь хөдөлмөрийн яамныхаа харьяанд байдаг тогтолцоотой. 2012 оны сонгуулийн дараа МСҮТ Хөдөлмөрийн яаманд ирсэн. Цаашдаа энэ бүтцээрээ явах нь зүйтэй. МСҮТ-ийг бэхжүүлэх, төлөвшүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Нэгдүгээрт, хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байгаа мэргэжлүүдээр залуусыг сургаж чадаж байна уу гэдэг асуудал. Үнэнийг хэлэхэд, хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байгаа мэргэжилтэй ажилтныхаа судалгааг нарийн гаргаж, тэр дагуу элсэлтүүдээ авч зохион байгуулах ажил төгөлдөр болж чадаагүй. Хоёрдугаарт, мэргэжилтэн ажилтан бэлтгэх боловсон хүчний чадавх нөөц нь материаллаг баазын боломж, хэрэгцээ шаардлагыг төдийлөн хангаж чадахгүй асуудал байна. Гуравдугаарт, мэргэжлийн сургалт боловсролын асуудал нь дан хөдөлмөрийн яаманд байх ёстой, эсвэл боловсролын яаманд байх ёстой гээд аль нэг тийш нь туйлшруулж авч үзэх боломж байхгүй. Ялангуяа багш нарыг давтан бэхжүүлэх чадавхжуулах нь хоёр яамны зайлшгүй оролцох асуудал. Энэ тал дээр хоёр яам бодлогын түвшинд хамтарч, уялдаатай ажиллах нь чухал.

Иймд манай яам ирэх жилийг МСҮТ-ийн багшийн хөгжлийг хангах жил болгон зарлаж байгаа. Багш нарыг сургах, давтан бэлтгэх, чадавхжуулахад томоохон ахиц гарна. Энэ хүрээнд хоёр том ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Мэргэжлийн боловсрол, сургалтын төвүүдэд ажиллаж байгаа багш нарыг техник хэрэгслээр хангаж, компьютержуулна. Тэдний цалин хөлс, үр дүнгийн урамшууллууд нь ЕБС-иудын багш нарынхаас доогуур түвшинд яваад байгаа. Тиймээс мэргэжлийн боловсролын сургалтын төвд ажиллаж буй багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын байрны нөхцөлд нь судалгаа, үнэлгээ хийж, албан тушаалын ангилал зэрэглэлийг нь шинэчлэх арга хэмжээ авна. Одоо МСҮТ-ийн багш нар сард таван хувийн үр дүнгийн урамшуулал авдаг. Энэ дүнг ирэх оноос арван хувь болгож нэмэгдүүлнэ гэж төсөвт тусгасан.

-МСҮТ-ийн оюутнууд 70 мянга авахаа больсон болохоор суралцагчдын тоо буураад байна уу?

-Элсэлт буурч байгаад олон хүчин зүйл нөлөөлж байгаа. МСҮТ-үүдийн мэргэжлээ сурталчилж, таниулах ажил тааруу байдаг. Мөн их, дээд сургуулиуд элсэлтийнхээ босго оноог сүүлийн жилүүдэд бууруулж байгаа нь ч МСҮТ-ийн элсэлт буурсантай холбоотой. Манай улсын эдийн засгийн өсөлт нэмэгдэж байгаа болохоор ирэх жилээс бүтээн байгуулалтын ажлууд өрнөнө. Энэ хэрээр хөдөлмөрийн зах зээл дээр мэргэжилтэй, өндөр ур чадвартай ажилчдын хэрэгцээ ч нэмэгдэнэ. Тиймээс мэргэжлийн боловсролын сургуулиудад суралцаж, өндөр ур чадвар эзэмших залуусын сонирхлыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс МСҮТ-үүдэд суралцаж байгаа оюутнуудад сар тутам 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог байхаар төсөвт оруулж өгч байгаа. Энэ бол мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд том түлхэц болно. Их, дээд сургуулиудын оюутнуудад сургалтын Төрийн сангаас хүүгүй зээл олгож дэмжиж байна шүү дээ. Тэгвэл мэргэжлийн боловсролын байгууллагыг сонгож ирээд суралцаж байгаа оюутнуудад төр засаг дэмжлэг үзүүлэх ёстой.

-Япон руу ажиллах хүч гаргах зөвшөөрөлтэй компани олон байдаг ч энэ ажил удаашралтай байгаа шалтгаан юутай холбоотой юм бэ?

-Япон улс гаднаас ажиллах хүч авах хуулиндаа өөрчлөлт оруулсан. Өмнө нь тус улс дадлагажигч ажилтнуудыг хоёр жилийн хугацаатай авдаг байсан бол шинэ хуулиар энэ хугацаа гурван жил болсон. Японы Засгийн газар өмнө Монголоос ажиллах хүч авахдаа өөрийнхөө улсын ТББ-уудаар дамжуулж авдаг байсан. Одоо хуулинд нь өөрчлөлт орсонтой холбоотой Японы Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагаараа дамжуулж ажиллах хүч авдаг болж байгаа. Манай талаас тусгай зөвшөөрөлтэй олон аж ахуйн нэгж байгаа нь үнэн. Японы Засгийн газарт манайх нэг санал тавьдаг юм. “Солонгос руу бид ажиллах хүч гаргахад нэг л төрийн мэдлийн байгууллагаар дамжуулж гаргаж байна. Ийм бүтцэд оръё” гэхээр “Манайх хуулиараа ажиллах хүч илгээж байгаа талтай заавал нэг байгууллагаар харилцана гэхгүй. Манай ажиллах хүч авах байгууллагатай гэрээ байгуулсан компани байх юм бол Монголын талын илгээгч хэдэн ч байгууллагаас ажиллах хүч авч болно гэсэн хуультай” гэдэг юм. Манай яам мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарч Японд дадлагажигч ажилтан илгээх байгууллагуудыг нэлээд аттестатчилж, есөн байгууллагын үйл ажиллагааг нь зогсоосон. Тодорхой хэмжээгээр ажил сайжруулах хугацаатай үүрэг өгч, нэг хэсгийг нь түдгэлзүүлсэн. Шинээр цөөн тооны байгууллагуудад ч тусгай зөвшөөрөл олгосон. Энд нэг зүйлийг сануулаад хэлэхэд Япон руу дадлагажигчаар явж байгаа залуус зөвхөн япон хэлний сургалтад суухдаа л сургалтын төлбөр гэж бага хэмжээний мөнгө төлнө. Тэрнээс наана нь хэдэн саяар нь хураамж зардал төлөх асуудал байхгүй. Японд яг явахаар виз нь гарсан тохиолдолд зардал төлнө.

-Тус улс руу жилд хэдэн хүн дадлагажигч ажилтнаар явж байна вэ?

-Ер нь бол манайхаас авч байгаа хүний тоо цөөн. Жилд 60-70 орчим хүн л дадлагажигч ажилтнаар явдаг. Хэдийгээр манайхаас авна гэдэг боловч үйл ажиллагаа нь удаашралтай байгаа. Учир нь манай залуус үйлдвэрлэл, барилга дээр ажиллах сонирхолтой. Харин Японы талаас хөдөө аж ахуй, асрамжийн байгууллагууд, өндөр настнуудыг асрах чиглэлээр дадлагажигч авна гэдэг. Ер нь бол ажилгүй байгаа залуучуудыг Япон руу дадлагажигчаар явуулдаг байдлыг бид өөрчилнө.

-АНУ гаднаас ажиллах хүч авдаг H2 визнийхээ зөвшөөрлийг манай улсад өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл энэ нь ямар нэг ажил хэрэг болоогүй байгаа. Ер нь энэ асуудал биелэлээ олох юм уу?

-Одоогоор АНУ-ын компанитай гэрээ байгуулсан монгол компани байхгүй. АНУ-д Н2 визтэй холбоотойгоор ажиллах хүч гаргах асуудал эхлээгүй байна. АНУ-ын тал Монголоос ажиллах хүч авна гэдэг нь хүндрэлтэй. Байршлын хувьд хол нутаг, зардал ихтэй. АНУ-тай хил залгаа зардал багатай Мексик байна шүү дээ. Шашин шүтлэг, хэл ус нэгтэй ийм хүмүүсийг ажиллах хүчээр авдаг. Тиймээс наанадаж тээврийн зардал өндөртэй манайхаас ажиллах хүч авах сонирхолтой АНУ-ын компани одоохондоо гарч ирээгүй байна.


Categories
мэдээ нийгэм

Аравдугаар сарын 16-нд болох үйл явдал

09.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд “Эмийн хүртээмжийг сайжруулах нь” олон улсын хурал болно. Утас:86885060

09.00 цагт “Туушин” зочид буудалд “Улаанбаатар хотын эрчим хүчний мастер төлөвлөгөө” судалгааны тайлангийн хурал болно. Утас:88109320

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд ХХААХҮЯ-наас “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тохиолдуулан “Хүнсний аюулгүй байдал: Хүнсний экспорт” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна. Утас:80019000, 99020804

09.30 цагт Тусгаар тогтнолын ордонд “Өнөөгийн Монголын нийгэм, улс төрийн хариуцлага, ёс зүйн зангилаа асуудлууд” эрдэм шинжилгээний хурал болно.Утас:99253949

10.00 цагт НҮБ-ын байранд “Ази тивийн далайд гарцгүй хөгжиж байгаа зарим орны эдийн засгийн бүтцийн өөрчлөлт ба экспортын төрөлжүүлэлтийг дэмжих нь” сэдэвт бүс нутгийн семинар болно.

11.00 цагт Спортын төв ордонд “Спорт ба Хөгжил” улсын зөвлөгөөний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас: 89001717

11.00 цагт ГХЯ-нд “Монгол Улсын дотоод шилжилт хөдөлгөөний судалгаа”, “Хотод шилжин ирэгсдийн эмзэг байдлын судалгаа”-ны тайлангийн хурал болно.

11.00 цагт Сүхбаатарын талбайд ХХААХҮЯ-наас “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тохиолдуулан хүнсний бүтээгдэхүүний амталгаат худалдаа зохион байгуулна. Утас:80019000, 99020804

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамаарал бүхий компаниуд хууль зөрчиж байгаа талаар иргэд мэдээлэл хийнэ.

13.00 цагт МУИС-ийн Номын санд “Нотариатын нийгэмд гүйцэтгэх үүрэг” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно.

13.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд НИТХ, “Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоо”-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.Утас:88058053

14.00 цагт БОАЖЯ-нд агаарын бохирдлын асуудлаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийнэ. Утас:91910031

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

Categories
мэдээ цаг-үе

Уул уулын цаадах умард нутаг

-БНАСАУ-Д ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ-

НЭГ. ОНГОЦНЫ ЦОНХООР

“AIR KORYO” гэсэн бичигтэй Орос улсад хийгдсэн хуучивтар онгоц жаахан огцомдуухан сэгсрүүлсээр Пхеньянд газардлаа. Онгоцны цонхоор нов ногоон хөвчөөр бүрхэгдсэн намхан толгод үргэлжлэх агаад торлог мэтийн шигүү ургасан модод хөвөөлсөн тариалангийн талбай үзэгдэнэ. Онгоц хурдаа хасч цардмал замаар зугуухан гүйсээр урд талын хаалгыг улаан халз хивсний үзүүр дээр тааруулан зогсов.

Уртад зассан улаан хивсний зүүн гар дагуу дээхнэ үеийн соц орнуудын цэргийн нийтлэг өнгө болсон “цэрэг ногоон” хувцас бүхий хүндэт харуулын цэрэг, үлээвэр найрал хөгжим бэлэн жагссан байх бөгөөд ойролцоогоор 1000 орчим хүн хайрцаг эгнээ үүсгэн цэцэгт дохиур барин зогсжээ. Солонгос үндэсний хувцас болох өнгө өнгийн хамбугаар гоёсон бүсгүйчүүд, мөн европ хослолтой эрчүүд тэдгээр цэцгийн баглаагаар бараг нэгэн жигд шахуу даллан дохих аж.

ХОЁР. ХОТЫН ТӨВ ХҮРТЭЛ

Пхеньяны онгоцны буудлын барилга манай Чингис хаан нисэх буудлаас даруй хоёр дахин том бөгөөд БНАСАУ-ын улаан таван хошуут улаан тууз, хөх халзтай далбааг өндөрт мандуулжээ. Буудлаас гарахад зогсоолд багцаагаар 20 гараад жилийн өмнө түгээмэл байсан хуучны мерседес бензүүд элбэг. Нисэх буудлаас Пхеньяны төв хүртэл 30 гаруй минут цардмал замаар давхихад хот төлөвлөлт нь цэгцтэй, цэмцгэр. Голдуу өрнөдийн орнуудын мэдээллийн хэрэгслээс энэ улсын тухай ойлголт авдаг бидэнд бодит байдлыг нүдээр үзэх, “хаалттай” гэж нэрлэгдэх коммунист оронд зочлох нь туйлаас сонирхолтой. Юм бүгд нь өөрийн эрхгүй ажиглалт, харьцуулалтаар тусч байв.

Хотын төв хүртэл машин 60 гаруй км цагийн хурдтай давхиж явлаа. Замын баруун гар талаар тариалангийн талбай, ургамал бут ихтэй номин ногоон хөндий үргэлжилнэ. Зүүн гар талаар нийтийн зуслангийн байшин, нам дор уур амьсгалд зохицон ургадаг модод янз бүрээр эгнэсэн аж. Эрдэнэшиш, тутрагын талбай үе үе харагдах бөгөөд тариалангийн талбайд ажиллаж буй тариачид болон голдуу зам харгуй цэвэрлэсэн, цэцэг бут тэгшилсэн хүмүүс элбэг үзэгдэх нь 70 жилийн ойн бэлтгэлийн хэсэг байлаа.

“Air Koryo” онгоцонд суугаад хамгийн түрүүнд нүдэнд туссан зүйл бол “удирдагчийн тэмдэг”. Онгоцноос буугаад харсан үзсэн солонгос хүн бүрийн зүүн чанх энгэрт тус улсыг үндэслэгч Ким Ир Сен болон түүний хүү удирдагч Ким Чен Ир-ийн хос зурагтай тэмдэг зүүгээстэй нь анхаарал татна. Хотын төв рүү орлоо. Хүмүүс дугуй унах нь элбэг, машин сийрэг. Машины хувьд төрөл төрлөөр, ёоз ёозоор. Америк, өмнөд Солонгос машинаас бусад бүх төрлийн машин үзэгдэнэ. Голдуу германы хуучин машин элбэг бол японы тоёотагийн жийпүүд мэр сэр харагдана.

Зам дагуу хүмүүс алхах нь элбэг. Замын уулзвар бүрт эмэгтэй зохицуулагч анхаарал татна. Гялалзтал тосолсон хар ботинк, шагайнаас нэг төө хэртэй татсан цагаан оймс, өвдөгнөөс дээгүүрхэн цэнхэр банзал өмссөн цав цагаан цэрэг хүрэмтэй залуувтар бүсгүйчүүд цэх журамтай зогсож дохиураар яв цав дохиж, замын хөдөлгөөнийг удирдана. Тэдний гурван тал руу харах нь хүртэл огцом баруун, огцом урагшаа, огцом зүүн гэх мэтээр шувуу шиг үзэгдэнэ.

Иргэн, цэрэггүй мөнөөх тэмдгээ зүүсэн байх агаад эрчүүд нь хэлхгэр өргөн хар өмд, гурвалжин энгэртэй богино ханцуйтай хар бараан хүрэм дотуураа цамцгүй өмссөн байна. Энгийн нүдээр харахад илүүдэл жинтэй, удаан явдалтай хүн гэж бараг үзэгдэхгүй. Хотын гудамжаар явахад бүх бичиглэл, хаяг нь солонгос хэл дээр. Өөр орны хэл дээр нэг ширхэг ч зүйл дөрөв хоноход харагдсангүй. Орон сууц нь яг Монгол, Орос маягаар гахиур (цемент) зангидаж, тоосгоор дүүргэсэн бөгөөд тагт болгон нь цэцгийн баглаа алаглуулсан аж. Зам зургаан эгнээ, хоёр урсгалтай харьцангуй сийрэг, дээр нь хурд хэтрүүлдэггүй, явган зорчигчид яс гарцаар гардаг учир гэмт хэрэг зөрчил бага байдаг аж.

ГУРАВ. ХОТ ТӨЛӨВЛӨЛТ

Хот төлөвлөлт нь цэгцтэй. Хотын төв цэг нь Ким Ир Сений нэрэмжит талбай. Энэ талбай 1954 оны наймдугаар сард нээгдсэн бөгөөд хожмоо дайны дараа дахин шинэчлэгдсэн. Хэмжээний хувьд 75 мянган метр квадрат. Дэлхийн хамгийн том төв талбайн жагсаалтад яг манай Сүхбаатарын талбайн дараа 48 дугаар байрт ордог. Дашрамд дурдахад, тус жагсаалтын VII Бээжингийн Тяньаньмэний талбай, 50 дугаарт Москвагийн Улаан талбай ордог. Хүмүүс эгнээд зогсохоор тус талбайд нэг зэрэг 100 мянган хүн элбэгхэн багтана. Талбайн хоймор нь ертөнцийн зүгээр бол баруун талдаа. Хоймор хэсэгт Ардын номын сан нэртэй хуучны ази маягийн шийдэлтэй үе шаталсан барилга байна.

Түүнээс чанх зүүн зүгт БНАСАУ-ын гол үзэл болсон “Жүччэ” үзлийн 170 метрийн өндөртэй чулуун цамхаг сүндэрлэнэ. Цамхагийн үүд нь гурван тоннын хос чулуун хаалга бөгөөд онгойж хаагддаг. Улсыг үндэслэгч Ким Ир Сений 70 насны төрсөн өдрөөр солонгосчууд дотоодын нөөц бололцоогоор тус цамхагийг босгосон аж. 150 метрт нь цахилгаан шатаар гарч галт бамбарын дороос хотыг бүхэлд нь харж болно. Цамхагийн баруун талд хотын төв хоймор өөд тэмүүлсэн гурван хүний дүрстэй хүрэл хөшөө сүндэрлэнэ. Нэг нь сэхээтэн ангийг төлөөлсөн бийр атгасан хүн, хоёр дахь нь тариачин ангийг төлөөлсөн хадуур барьсан эмэгтэй, гурав дахь нь ажилчин ангийг төлөөлсөн алх барьсан залуугаар нийгмийнхээ бэлгэ тэмдэг, тулгуурыг бэлгэддэг аж. Ийм бэлгэ тэмдэг хаа сайгүй чулуугаар ч, тугаар ч, хөшөө дурсгалаар ч үзэгдэнэ.

Тэедонг хэмээх мөрөн төв талбайн зүүн, мөнөөх цамхагийн баруун талаар хойноос урагш чиглэлтэй урсах буюу Пхеньян хотыг төв, баруун, зүүн хэсэгт хуваана. Хотын төв хэсгээр өндөр барилгууд сүүлийн үед эрчимтэй нэмэгдсэн аж.

ДӨРӨВ. ОРОН СУУЦ

2012 оноос барилга байгууламжийн ашиглалтад орох нь эрчимжсэн байна. Хуучны хорооллуудаа тэгшилж, оронд нь шинэ хорооллыг үе шаттай ашиглалтад оруулжээ. Хамгийн өндөр байшин нь 300 метр гаруй өндөр бөгөөд гурвалжин оройт цамхаг. Орон сууцны 30, 50 давхар барилгууд цөөн тоогоор ашиглалтад орсон аж.

Сууцыг мэдээж зарахгүй. Яг манай хуучны тогтолцоо шиг хүмүүст хуваарилж өгдөг. Жагсаалтад оруулж, тухайн хүний ажлын бүтээмж, гэр бүлийн байдал, гавшгай чанар, үлгэр дуурайлыг нь харгалзан байр хуваарилна. Сүүлийн үеийн байшингууд нь тас дөрвөлжин биш, зургаа юмуу найман талт дугуй өнцөгт, Ази маягийн хэв загвар шингээсэн аж.

ТАВ. БҮСГҮЙЧҮҮД

Улс орон бүрийн өнгө төрхийг тухайн газрын хүүхнүүдийнх нь цог жавхаа, гоо зүй, загвар, хувцаслалт илэрхийлдэг. Хүүхнүүдийн байр байдал нь улс орны дэглэмийн толь байдаг. Жишээ нь, Афганистанд бол урт цэнхэр “бурга”-тай хүүхнүүд зөвхөн гэрийн эрэгтэй хүнтэй хамт гадуур явах бөгөөд ганцаар олны хөлийн газар явах нь ховор. Дээр нь тэд шагай шүргэсэн өвч битүү цэнхэр өмсгөлийн цаана нүдээ хүртэл торон гивлүүрээр далдалдаг. 1950-иад он гэхэд хүүхнүүд нь богино банзал өмсдөг байсан улс шүү дээ, Афган. За үндсэн сэдэвтээ оръё.

Аялалд гарахын өмнө биднийг “Умардын” нутагт очоод аль болох “хойд” ба “өмнөд” гэж ялгаж битгий хэлээрэй гэж сануулсан байв. Тэр ёсоор бид аль болох “Солонгос” гэдэг ерөнхий нэрээр буюу эсвэл улсыг бүтэн нэрээр нь, гэхдээ англиар DPRK (Democratic People’s Republic of Korea) гэж дуудаж байв. За тэгэхээр “DPRK”-ийн өнгө төрх болсон бүсгүйчүүдийн байдлаас тус улсын дэглэмийн ялгааг харах гэж оролдъё.

Нас насны ангиллаар, сурагч уу, оюутан уу, ажил мэргэжлийн онцлогоос болоод үсний засалтын 10 гаруй засалтыг тогтоосон байна. Сургуулийн хүүхдүүд бол мөр шүргэсэн жигд тайрмал үстэй. Анх очихын өмнөх төсөөлөл бол хүүхнүүд нь өвдөгнөөс дээш банзал өмсдөггүй, эрээн мяраан даашинз өмсдөггүй гэсэн төсөөлөлтэй байв. Бодит байдал дээр арай өөр. Хүүхнүүд нь зүүн өмнөд Азийн бусад нийтлэг орон шиг майга биш, бие бялдар өв тэгш, гудамжаар хүртэл тэгш хамжааргатай алхана. Биеийн галбир харагдуулсан хувцастай, банзал нь өвдөгнөөс дээш төө хэртэй хүүхнүүд ч энд тэндгүй. Нэг үгээр бол бидний төсөөлөлд барууны хэвлэл мэдээллийн тусгал гүн нөлөөлснийг анзаарав. Сүүлийн жилүүдэд Умардад хүүхнүүдийн гоо сайхны хагалгаа эрчимтэй нэвтэрснийг дуулсан.

Умардын нэг онцлог бол ургамлын гаралтай эм, эмийн бэлдмэлүүдээрээ алдартай. Бусад орнууд шиг химийн олон найрлагатай бус дотоодын эко шийдэлтэй гоо сайхны бүтээгдэхүүн, тамир тэнхээ оруулдаг, олон төрлийн өвчлөлийг анагаадаг уламжлалт аргачлалаараа зарим улсаас түрүүлсэн байна. “Умардын бүсгүйчүүд, Өмнөдийн залуучууд” гэж үг бий гэж зарим хүмүүс хэлнэ лээ. Ерөнхийдөө бол Умардын бүсгүйчүүдийг өмнөдийнхөөсөө илүү царайлаг гэж таарсан хүн болгон хэлж байхыг сонссон.

ЗУРГАА. ҮЗЭЛ БА ХӨШӨӨ ДУРСГАЛ

Умард солонгосын аймаг нэгж бүрт тэдний хүндэтгэн дууддагаар “Улсын эцэг, их удирдагч нөхөр…” гэж заавал нэрнийх нь өмнөтгөл болгодог Ким Ир Сен болон, түүний хүү бөгөөд залгамжлагч Ким Чен Ирийн хөшөө дурсгалыг байгуулжээ. Тус орны хэмжээнд эцэг хүү хоёрын хамт зогсоо хөшөө 20 гаруй мянган газар байршжээ. Хаашаа л харна эцэг Ким баруун гараар алсыг зааж, хүү нь тэр зүгт нуруугаа үүрэн харж буй зохиомжтой хөшөө болон зурагт хуудас үзэгдэнэ.

Төр засгийн бүхий л барилга байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, олны хөлийн газар дээрх зураг хүндэтгэл төгс байршсан байх бөгөөд шөнийн цагаар хүртэл зориулж гэрэл тусгасан байна. Удирдагч нарын хөшөө дурсгал, зурагт хуудаснаас гадна дайны үеийн сэдэвтэй хөшөө дурсгал олноор байгуулжээ. Харваас асар их санхүү, төсөв ийм маягийн “бүтээн байгуулалтад” зориулагдсан нь ойлгомжтой.

Социализмын жилүүдэд түгээмэл байдаг цөөн өнгийн ялгамжтай, баатарлаг дүрслэлтэй, тэмцэлт шийдэл бүхий үзэл суртал, ухуулгын ханын самбар зургууд энд тэндгүй үзэгдэнэ. Барилга байгууламжийн дээвэрт тогтоосон том том бичгийн утга нь “нэг зүрх, эв нэгдэл”, “Их удирдагч Ким Чен Ун мандтугай”, “социализм бол ялагдашгүй” гэх утга бүхий үй түмэн лоозонгууд хөвөрнө. Өөр нэг хөшөөний зохиомж бол өмнө дурдсан бийр, алх, хадуур гурвын хоршил бүхий дүрс хаа сайгүй сүндэрлэнэ.

Музей, удирдагч нарын бунханд лааны тосон баримлаар тэднийг яг амьд сэрүүн мэт бүтээсэн байх бөгөөд өмнө нь зогсож заавал бөхийн хүндэтгэл үзүүлэх горимтой. Тахин шүтэлтийн мөн чанарыг маш олон хэлбэрээр, олон арга барилаар төгс нэвтрүүлэхэд хөшөө дурсгал, түүнийг хүндэтгэх горим журам их хүч болдог бололтой. Гудамж талбайд харагдах орчин бүрт нүдэнд үзэгдэнэ, энгэрт тэмдэг нь зүүгээстэй, олны газар чанга яригчтай машинаар соц үеийн өтгөн хоолойтой хүмүүс дуулдаг дайны сэдэвтэй дуу цуурайтна. Одоогоороо дайны байдал үүсэхэд хүн бүр бэлэн мэт сэтгэгдэл төрөхүйц. БНАСАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярын концерт дээр дэлгэцэнд дээрх хөшөө дурсгалыг дахин давтан үзүүлэх нь хүний тархи, оюун бодлын мэдээлэл хүлээн авах бүхий л сувгаар “социализм нэвчиж” буйг илэрхий харуулна.

2018.09.18 Улаанбаатар хот

Сүхбаатарын ЭРДЭНЭБОЛД

Үргэлжлэл бий


Categories
мэдээ цаг-үе

Өмгөөлөгч Э.Ганхөлөг: Шүүх олны анхаарал татсан хэргүүдэд холбогдсон хүмүүсийг заавал хорьж, цагдах болсон нь буруу

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг нэг сарын хугацаатай хорих шийдвэрийг энэ сарын 2-ны өдөр гаргасан юм. Ч.Ганзоригийн өмгөөлөгч шүүхээс гаргасан шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргасан. Харин шүүхээс өмгөөлөгчийнх нь гаргасан өргөдөл, гомдлыг хүлээж авах боломжгүй хэмээж Ч.Ганзоригийг хорих нь зүйтэй гэж үзсэн. Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн өмгөөлөгч Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж “Стандарт” банкинд өр тавьсан гэх хэргийг шалгагдаж эхэлснээс хойших таван жилийн хугацаанд миний үйлчлүүлэгч нэг ч удаа мөрдөгчийн болон прокурорын зүгээс сануулга болгосон гэмт хэргийн талаар өөр хэн нэгэнтэй ярих, мэдээлэх, хэрэгт холбогдолтой бусад этгээдүүдтэй уулзаж, зөрчил гаргаж байгаагүй. Мөн дахин гэмт хэрэг үйлдэх талаарх ямар нэгэн зүйл хийгээгүй байхад хорих хугацааг сунгана гэдэг нь үндэслэлгүй. Ийм шийдвэр сонссон 60 гаруй настай Ч.Ганзоригийн биеийн байдал тааруу байгаа” гэжээ. Сүүлийн үед олны анхаарлын төвд орсон хэргүүдэд холбогдсон хүмүүсийг шүүхээс хорих арга хэмжээ авах үгүйг шүүн хэлэлцэхдээ хэт нэг талыг барьсан шийдвэр гаргах болсон талаар хуульчид ярих болсон билээ. Тэр тусмаа прокурорын зүгээс хорих үндэслэл бүхий мэдээлэл байна гэсэн байр суурьтай байгаа ч тэрхүү үндэслэл, мэдээлэлтэй нь танилцуулдаггүй болжээ.

Энэ талаар болон дахин гэмт хэрэг үйлдэх эргэлзээ бий гэсэн үндэслэлээр хүмүүсийг үргэлжлүүлэн хорьж болдог эсэхийг Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Э.Ганхөлөгөөс тодрууллаа.

-Дахин гэмт хэрэг үйлдэх магадлал бүхий эргэлзээ бий гэсэн заалт нь ямар учиртай юм бэ?

-Сүүлийн үед олны анхаарлын төвд орсон хэргүүдэд холбогдох хүмүүсийг заавал цагдан хорьж шалгах ёстой гэсэн захирамжийг шүүхэд гаргаад байгаа. Цагдан хорих гэдгийг хэд хэдэн нөхцөл байдал тогтоогдсоны үндсэн дээр хэрэгжих боломжтой зүйл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр бүлэгт таслан сэргийлэх арга хэмжээ хэмээх хэсэг байгаа. Үүнд таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхээс түдгэлзүүлэх, хязгаарлал тогтоох, барьцаа авах, цагдан хорих гэсэн хэрэгслүүд байдгийг заасан. Үүн дотроос мөрдөгч өөрийн мэдэлдээ авдаг хэд хэдэн арга хэмжээ байхад прокурор дангаараа мэдээд авчихдаг арга хэмжээ ч бас бий. Харин цагдан хорихыг заавал шүүхийн шийдвэрээр хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл прокурор саналаа гаргалаа, үндэслэлтэй байна гэж үзвэл шүүх захирамжаа гаргаад тэр хүнийг цагдан хорьж шалга гэдэг юм. Хэрэгт холбогдож буй хүмүүсийн ихэнх нь хилийн хориог зөрчдөггүй. Мөн хэрэгт холбогдсон бусад хэн нэгэнтэй уулздаггүй, тэднийг дарамтлах үйлдлүүдийг хийдэггүй. Ихэвчлэн цагдан хорих саналыг 14.9-д заасан дөрвөн үндэслэлийн аль нэг нь илэрвэл хэрэгжүүлдэг.

-Дөрвөн үндэслэлд нь юуг хамааруулсан байдаг юм бол?

-Хэрэг шийдвэрлэх үйл ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч зэрэг гэмт хэрэгт холбогдож байгаа хэн нэгний дарамтлах, айлган сүрдүүлэх, аюул учруулах, эсвэл яллагдагчаар татагдсан хүнд өөрт нь аюултай байдал үүссэн тохиолдолд цагдан хорьдог. Мөн гэмт хэрэг дахин үйлдэх талаарх үндэслэл бүхий баримт эргэлзээ байвал, урьд нь авч байсан таслан сэргийлэх ажиллагааг зөрчсөн гэсэн үндэслэлээр цагддаг.

-Сүүлийн үед энэ заалтаас болж олон хүн хоригдож байгаа гэсэн?

-Ихэнх тохиолдолд 14 дүгээр зүйлийн 9.1.3 буюу гэмт хэрэг дахин үйлдэх талаарх үндэслэл бүхий мэдээлэл байгаа гэсэн саналыг прокуророос ирүүлж, шүүх түүнийг нь шийдээд хүмүүсийг цагдан хориод байна. Гэвч өмгөөлөгчдийн зүгээс үндэслэлээ тайлбарлаач ээ гэхэд бидэнд энэ хэргийг дахин үйлдэх үндэслэл бүхий мэдээлэл байгаа. Үүний дагуу мэдээллээ нууцлах эрх ч бий. Нууц учраас танилцуулах боломжгүй гэдэг нэрийн дор өмгөөлөгч нар болон хэргийн бусад оролцогч нарт мэдээлэлтэй танилцах боломж олголгүй хэргийг шийдээд байна.

-Нууц гэдэг нэрийн цаана бусдыг үндэслэлгүйгээр цагдан хорьж байна гэсэн үг үү?

-Ийм боломж үүсчихээд байгаа юм. Үүнийг үгүй хийх хэрэгтэй. Яагаад гэвэл өнөөдөр хэний ч эрх зөрчигдөөд шалгагдаад хоригдох нөхцөл үүсээд байна. Шүүх олны анхаарал татсан хэргүүдэд холбогдсон хүмүүсийг заавал хорьж, цагдах болсон нь буруу.

-Хэрэв хэрэг таслагдаад үндэслэлгүй хоригдсон нь нотлогдвол яах вэ?

-Хэрэг шийдэгдээд шүүхээс цагаатсан тохиолдолд үндэслэлгүй хоригдсон хоногоо тооцоод тэр хүнд ямар хэмжээний гэм хор, хохирол учирч байна гэдгийг бодож үзэн нэхэмжилж болно. Гэхдээ Монголд цагдан хоригдсон хоногийг өдөр судраар нь үржүүлж мөнгөн дүнгээр тооцож гаргаж ирэх зохицуулалт байдаггүй. Мөнгөн дүн тогтоогоод нэхэмжлэлээ ч хангалттай, хүссэн хэмжээнд хүртэл нөхөн олговроо авч чаддаггүй. Тухайлбал хэрэг нь дээд шүүхээр орж цагаатан үндэслэлгүйгээр 110 хоног хоригдсон хүнд нөхөн олговор гэж 18 сая орчим төгрөг авч өгч байсан гэв.

Ч.Ганзориг 2007-2013 онд Эрдэнэт үйлдвэрийг удирдаж байхад улсын мэдлийн 51 хувийг Жастын Ш.Батхүү Өмнөд Африкийн Стандарт банкинд барьцаалан 50 гаруй сая ам.долларын зээл авсан гэдэг. Харин тухайн үед уг зээлийг авахад Ч.Ганзориг баталгаа гаргаж өгсөн болох нь Арбитрийн шүүхээр батлагдсан ч манай хууль шүүхийн байгууллага “гарын үсгийг дуурайлган зурсан” гэх дүгнэлтийг гаргасан байдаг.

Эл хэрэгт Ч.Ганзоригоос гадна Стандарт банк руу явуулсан албан бичиг нь ил болсон Д.Сугар, Ерөнхий сайд асан С.Баяр, УБТЗ-ын дарга асан Т.Очирхүү нар холбогдож байна.

Стандарт банкнаас авсан зээлийн эргэн төлөлт хүүтэйгээ нийлээд 100 гаруй сая ам.доллар болоод буй. Үүний хүү болох сарын 800-900 мянган долларыг Монгол Улсаас төлөх ёстой гэх шийдвэрийг олон улсын Арбитрийн шүүх гаргасан. Хэрэв зээлээ төлж чадахгүй бол хариуд нь Эрдэнэт хотын Амарын талбай, Эрдэнэт үйлдвэрийн оффиссын барилга, Уурхайчин соёлын ордон зэрэг үл хөдлөх хөрөнгөө өгөх, эсвэл Англид буй эрсдэлийн сан дахь хуримтлалаасаа шууд суутгуулах болно хэмээн Арбитрийн шүүх шийдвэрлэжээ. Харин хэргийг үйлдсэн гэх Ш.Батхүүг АТГ өнгөрсөн дөрөвдүгээр сард баривчилж одоог хэрнэ хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм. Хэргийг шалгагдаж дуустал Ч.Ганзориг болон түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчдийнх нь зүгээс ямар нэгэн тайлбар өгөхгүй гэсэн байр суурьтай байгаа гэнэ. Хэрэв энэ хэрэгт Ч.Ганзориг буруугүй нь нотлогдоод хэрэг цагаатчихвал тэрбээр үндэслэлгүй хоригдож байсан гэх асуудлаар хэрэг үүсгэж, нөхөн олговроо авч магадгүй гэнэ.

З.МӨНХСУВД

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Ярих нь шударга, хийх нь хударга болоод байна уу даа, Баттөмөр гишүүн ээ” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы Мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Ярих нь шударга, хийх нь хударга болоод байна уу даа, Баттөмөр гишүүн ээ?” Хэмээн өгүүлжээ.

“Увсын гишүүд улс байгуулах шахам төсөв аймагтаа тавьжээ” гэж “Улс төр” нүүрт бичсэн байна.

Л.Болд: Эрх баригчид Үндсэн хуульд Монголыг бие даасан улс байхын эсрэг заалтууд оруулах гэж байна хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

“Чансаа өндөр бөхчүүдийн халз барилдаан болно” хэмээн “Цаг үе” нүүрт бичжээ.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Сүржин яриа даржин төгсгөл болох вий дээ гэж “Улс төр” нүүрт ярьсан байна.

“Эдийн засаг” нүүрт “Монголчууд нефтийн бүтээгдэхүүний “колоничлол”-оос ангижрах уу” хэмээн өгүүлжээ.

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Өрийн дарамт өрх бүрийн хаалгыг тогшиж байна хэмээн “Улс төр” нүүрт ярив.

“Будааны чинээтэй ч асар өндөр чадалтай тагнуулч чип” хэмээн “Танин мэдэхүй” нүүрт бичсэн байна.

“Өвлийн хүйтнийг зардал багатай давах төгс шийдэл “РЭССИ”” хэмээн “Хэрэглээ” нүүрт бичжээ.

Компьютерийн ухаан, сошиалинформатик , харилцаа холбооны хүрээлэнгийн мэргэжилтэн, доктор Ц.Түвшинтөр: Орчин цагт текст биш, график уншиж мэдээлэл авдаг болсон хэмээн “Цаг үе” нүүрт ярив.

“Баримт, үйл явдал” нүүрт “УИХ-ын индэр дээрээс Ж.Мөнхбат, Н.Оюундарь нараар халагдахаа зарлуулсан С.Дорждагва гэж хэн бэ” хэмээн өгүүлжээ.

“Алга болсон сэтгүүлчээс болж Саудын Арабын эсрэг хориг арга хэмжээ авах уу” хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт өгүүлжээ.

Анагаах ухааны доктор Д.Наранжаргал: Д вирустэй буюу хамгийн том асуудалтай хэсэг дээр анхаарал дутагдаж байна гэж “Эмч” нүүрт ярив.

“Гэр хорооллын хүүхэд” хэмээн “Энэ өдөр” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр “МАК” ХХК-ийн “Евро блок” болон тус компанийн “Хөх цав” цемент, шохойн үйлдвэртэй танилцлаа.

2015 онд ашиглалтад орсон “Евро блок” үйлдвэр хоногт 900 шоо метр блок үйлдвэрлэж, импортын хэрэгцээний 30 орчим хувийг хангахуйц байгаа юм.

Манай улсын цементийн хэрэгцээ жилд 1.8 сая тонн байдаг, үүний нэг сая тонн-ыг импортоор оруулж ирдэг үе саяхныг болтол байсан. Засгийн газар дотоодын барилгын материалын үйлдвэрүүдийг бодлогоор дэмжсэний үр дүнд манай улс өнөөдөр 1.4 сая тонн цемент үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болоод байгаа юм. Жилд сая тонн цемент, 100 мянган тонн шохой үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлж буй “Хөх цав” үйлдвэр 2017 оноос ажиллаж буй ажээ.

Монгол Улсын Ерөнхий сайд дараа нь Дорноговь аймгийн Алтанширээ суманд ажиллаж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа.

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дэд бүтцийн барилгын ажлын суурийг өнгөрөгч зургадугаар сард тавьсан бөгөөд өнөөдрийн байдлаар дэд бүтэц буюу автозам, төмөр зам, цахилгаан дамжуулах шугамын ажил нийт 40 хувьтай явж байна. Энэхүү бүтээн байгуулалтад 500 гаруй хүн, 260 гаруй машин механизм ажиллаж байгааг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулсан байна.

Төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах шугамын ажлын бүтээн байгуулалтад монголчууд ажиллаж буй бөгөөд орон нутгаас 120 гаруй ажилчин ажиллуулж, орон нутгийн аж ахуйн нэгжүүдээс 800 сая төгрөгийн бетон зуурмаг, хэв хашмал, цемент, хайрга, барилгын бусад материалууд, нийт ажилчдын хэрэглэх хоол хүнс, ахуйн барааг худалдан авч, орон нутгийн эдийн засагт хувь нэмэр оруулж байгааг нутгийн удирдлагууд тэмдэглэж байлаа.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн хойд зүгт 18 км-т Алтанширээ сумын нутаг дэвсгэрт 150 га талбайд барьж байна. Жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай, эхний тогтоогдсон түүхий эдийн нөөц 40 жил юм юм. Санхүүжилтийн өртгөө ашиглалтад орсноос хойших эхний 10 жилд бүрэн нөхөх боломжтой. Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2022 онд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа юм.

Дорноговь аймагт ажиллаж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүх маргааш буюу энэ сарын 16-нд Говьсүмбэр аймагт ажиллана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.