Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын эмч нар зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд үзлэг хийж байна

Өнөөдөр МУЗН-ийн байранд БНХАУ-ын эмч нар төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийг эмчлэх эхний шатны үзлэг хийж байна. Зайлшгүй эмчлэх хүүхдүүдэд БНХАУ-ын эмнэлэгт үнэ төлбөргүй хагалгаа хийх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 99022376 утсаар авч болох аж.

Сүүлийн үеийн судалгаагаар, төрөлхийн зүрхний гажигт нэгдүгээрт, вирусын халдвар нөлөөлж буй юм байна. Вирусын халдвар нь дотроо улаануудын вирус, парагриф, коксакивирус гээд олон төрөл бөгөөд ургийн зүрхийг гэмтээх магадлалтай ажээ. Жирэмсэн эмэгтэй хөнгөн ханиад хүрээд өнгөрсөн ч гэсэн цусаар нь явж байгаа вирус ургийн зүрхээр нэвтрэхдээ зүрхийг гэмтээдэг байна.

Хоёрдугаарт, эх ажлын хортой нөхцөл, будагч бодисууд, химийн хортой бодисуудтай ажилладаг бол хүүхэд төрөлхийн зүрхний гажигтай төрөх магадлал өндөр ажээ. Гуравдугаарт, архи, тамхины хэрэглээ хорт зуршлууд, эмийн бодисууд тэр дундаа сэтгэцэд нөлөөлдөг эмүүд, нойрны эмүүд ургийн гажиг үүсгэдэг гэсэн судалгаа бий бол удмын шалтгаан ч байдаг аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Сонирхолтой физиологи

Энэ ном айл болгоны номын санд байдаг байлаа. Одоо харин цөөрч, хаа нэг хуучин номын худалдаанд харагддаг болжээ. Оюутан байхдаа Арслантай гүүрний арслангийн баримлын дор ном зарж суусан хуучин номын худалдаачнаас 300 төгрөгөөр авсан “Сонирхолтой физиологи”-оо энэ удаад сонирхуулъя. 1977 онд ЗХУ-д хэвлэгдсэн даруйдаа шуугиан дэгдээж, одоогийнхоор бол Бестселлер болж байсан ном. Харин монгол хэлнээ 1988 онд Н.Төмөрбаатарын орчуулгаар бууж. Тухайн үед хүүхэд залуус номын сан орж “Хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь”-ийг шагайж Монголын болон дэлхий дахины мэдээллийг тоо баримттай нь уншдаг байлаа. Уг ном хэд хэдэн ботьтой. Бүх ботиудыг уншиж дуусгасан сурагч, оюутан бол ер нь л боломжийн мэдлэгтэйд тооцогддог байлаа. Харин “Сонирхолтой физиологи” монгол уншигчдын гарт хүрсэнээр дээрх ботиудын хэмжээнээс давсан, бараг өөр хэмжээст нэвтэрч байгаа юм шиг мэдлэг, мэдээллийг өгч чадсан юм. Б.Сергеевийн энэ бүтээл тухайн үедээ социалист орнуудад түгж нэрд гарахын хэрээр шүүмжлэгчид, няцаагчидтай олон удаа нүүр тулсан.

Жишээ нь, усны тухай өгүүлэхдээ шинж чанарыг нь бичээд химийн томьёогоор нь дулдуйдаагүй. Энэ номонд “Буцалгаагүй усыг хэрэглэх явдал бие махбодод буцалсан уснаас илүү тустай юм” гэсэн байдаг. Манайхан түүхий ус уувал түүхий гарна гээд хүүхдүүдээ загнаад эхэлнэ. Гэтэл яагаад түүхий ус уух нь сайн бэ гэдгийг маш дэлгэрэнгүй тайлбарласан байгаа юм.

Матрын нулимс гаргалаа гэцгээдэг. Гэтэл үнэндээ матар уйлдаггүй. Матар, яст мэлхий зэрэг далай амьтад нүднээсээ нулимс дуслуулан элсэн дээгүүр мөлхөөд ус руу шумбачихдаг. Гэтэл энэ бол илүүдэл давсаа гаргах давсны булчирхай нь ажиллаж байгаа үйл явц аж. Тэгэхээр энэ номноос ургуулаад бодохоор монголчууд тэмээ уяхан амьтан, уйланхай гэж андуурдаг байж мэдэх юм шүү.

Энэ номонд одоо ч бидний төдийлөн мэддэггүй, google-ээс хайгаад байдаггүй асуултуудад хариулт өгсөн байдаг. Загас ус уудаг уу. Агаарыг шахаж болохгүй юу. Бүх зүйл юунаас эхлээ вэ. Өндөгнөөс хэдэн дэгдээхий гарч болох вэ гэсэн асуултуудын хариулт “Сонир-холтой физиологи”-д бий. Галт шувуу гэж яриад байдаг. Гэтэл яг тийм шувуу байдаг уу, үгүй юу гэдгийг мэдэж авна.

Бас гермафродитын тухай сонирхолтой өгүүлсэн байдаг. Грекийн домогт гардаг үзэсгэлэнт охин тэнгэр Салмакида Гермес, Афродита хоёрын хүү ер бусын гоолиг залуу Гермафродитад ухаангүй дурладаг. Салмакида өөрийг нь Гермафродитагаас хэзээ ч битгий салгаж өгөөч гэж бурхнаас гуйна. Бурхан гуйлтыг ёсоор болгож тэднийг нэг биед нийлүүлдэг. Тэр жигтэй амьтан хоёр хүйстэй болсон хэрэг. Грекийн бурхад төдийгүй байгаль ч гэсэн тохуурхах дуртай. Дэлхий дээр нэг биетэй мөртлөө эм, эр хүйс зэрэгцэн байдаг гермафродит амьтад олон бий. Гаднаас эр эс хайхгүй, дотроо боловсруулаад л үр тогтоогоод үр төлөө гаргачихна.

Энэ мэтээр “Сонирхолтой физиологи” номонд гаж, сонин олон сэдвийг шинжлэх ухааны үндэстэйгээр гаргаж тавьсан байдаг. Тийм болохоор энд тэнд байвал эргүүлээд нэг үзээрэй.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Пүрэвдорж: Онцгой албан татвар тавьчихад л хуурамч бензин чинь алга болчихно

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Эдгээр хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -УИХ-ын гишүүдэд танин мэдэхүйн зүйл хэлье гэж бодлоо. Хуурамч шатахууны асуудал яриад байгаа юм. Хуурамч шатахуунд бол керосин ордог. Авиакеросинийг нисэхийн салбарт хэрэглэдэг. Гэтэл түүнийгээ оруулж ирэхгүйгээр “Мэргэ Ван”, “А-Жет”, “Сод Монгол” зэргээс оруулж ирнэ гээд явчихдаг. Керосинийг маш ихээр оруулж ирж дизелийн түлшинд хольж байгаа. 10 тонн тутамд хоёр керосин хийдэг.

Түүнийгээ том торхонд найруулдаг. Торхныхоо доод хэсэг хуйлруулагч байршуулчихсан байдаг. Яахав энэ нь бензиний чанарыг сайжруулж байгаа юм. Гэхдээ таны унаж байгаа приус машины карирбятер, поршинг амархан муудуулдаг. Хоёр жил унахад л приус чинь явахаа больж, жагсаалтаас гарна гэсэн үг. Портер машины аппартур ч мөн адил маш хурдан эвдэрнэ.

Автобуснуудыг маш их утаа гаргадаг. Апартур нь муудчихсан учраас тэр. Хэдий дизлийн түлшний шаталт нь ихэсч байгаа боловч аппартур нь муудчихсан учраас утаа гаргаад байгаа юм. Эдийн засгийн хувьд хувь хүн дээр очиж байгаа хохирол нь маш их хортой. Дээрээс нь Монгол Улсад татварын байдлаараа маш хортой үйл ажиллагаа явуулж байна.

Нарийн тоо хэлье л дээ. “Трафигура” гэж компани “ICIC” компаниар дамжуулаад энэ оны есдүгээр сарын байдлаар 68700 тонн керосин оруулж иржээ. Түүнийгээ дизелийн түлшинд хольдог. Дизелийн түлшний онцгой албан татвар нь 285 мянган төгрөг байдаг. Үүн дээр арван хувиа нэмэхээр 315 мянган төгрөгийн зөрүү гарч байгаа. Зөвхөн онцгой татварын зөрүүнээс тэр компани 21 тэрбум 500 сая төгрөгийн ашиг олж луйвар хийсэн байна. Сангийн яамныхан сайн бичиж аваарай. Дизелийн түлшин керосин хольдог гэж хэлсэн. Дизелийн түлш тонн тутам нь 650 ам.доллараар орж ирдэг. Гэтэл керосин 520 ам.доллараар орж ирж байгаа. Үнийн зөрүү нь 130 ам.доллар. 332 мянган төгрөг гэсэн үг. 68700 тонндоо үржүүлэхээр нийтдээ 22 тэрбум 800 сая төгрөг болж байна. Үнийн зөрүүн дээрээс ийм мөнгө олж байгаа юм. Ингээд зөвхөн энэ компани нийтдээ 44 тэрбум 300 сая төгрөгийг бензин түлш борлуулсан луйвраараа олж байна. Энэ асуудал дээр шалгалт хийх цагдаагийн байгууллага хаана байна вэ. Шударга Ц.Нямдорж гуай хаана байна вэ. Яг үүнтэй адилхан “Гунвар” гэж компани байгаа. “Петрохаан”, “Монсуль” болон “Петролиум Продакшн” гээд манай сайдын хувь эзэмшдэг компани бий. Эдгээр компанийн нэрээр керосин оруулж ирдэг. Нийтдээ 12 мянган тонныг оруулж ирдэг. Түрүүний жишгээр бодоход 7.7 тэрбум төгрөгийн луйвар хийж байгаа. Тэгэхээр нэг санал байна. Керосин дээр татвар тогтоо. Аль эсвэл нисэхийн компаниудын хэрэглэдэг тестээр нь л квот өг. Бусад дээр нь татвар оруулж ир. Тэгэхгүй бол жилд 120 мянган тонн керосин Монголп орж ирж байна. Энэ хэрээр монголчуудад маш их хохирол учирч байгаа. Тодорхой санал гаргалаа шүү. Үүн дээр хууль хяналтын байгууллагууд нь анхаарч, хөөцөлдөөрэй. Гадны хоёрхон трэйдинг компани ингэж 54-55 тэрбум төгрөг луйвардаад явж байна шүү” гэсэн юм.

Уг асуудлын талаар түүнээс тодруулсан юм.

-Шатахуун импортлогч компаниуд онцгой татварын зөрүүнээс ашиг олж, луйвар хийж байна гэлээ. Энэ хэр бодит мэдээлэл вэ?

-Чуулган дээр дурдсан тоонууд бол баталгаатай. Бүгд бодит тоо.

-Энэхүү нөхцөл байдлыг хэрхэн зохицуулах ёстой бол?

-Ер нь бол яг зориулалтын авиакеросиноо татваргүй оруулж ирдэг байж болно. Хэрэглэдэг авиа компаниуддаа квот өгчихдөг байх хэрэгтэй. Түүнийхээ дагуу хяналтаа тавьчихаж болно. Бусад зах замбараагүй орж ирж байгаа керосиноо хязгаарлах ёстой. Онцгой албан татвар тавьчихад л хуурамч бензин чинь алга болчихно гэсэн юм.


Categories
мэдээ нийгэм

Шинжлэх ухааны судалгааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг бүрдүүлнэ

БСШУСЯ, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан технологийн сан хамтран Монголын залуу эрдэмтэн судлаачдын дунд зохион байгуулж буй “Хүрэлтогоот” инженерчлэл, технологи, инновацийн эрдэм шинжилгээнийбага хурлыг 14 дэх жилдээ зохион байгуулж байна.

“Хүрэлтогоот 2018” эрдэм шинжилгээний бага хурал өнгөрсөн сарын 06-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр “Техник технологи, инновацийн салбар хуралдаан”-аар үргэлжилж буй юм. Тус эрдэм шинжилгээний хурал нь залуу эрдэмтэн судлаачдын бүтээлийг олон нийтэд таниулах, дэвшилтэт техник, технологийн судалгаа шинжилгээний үр дүнг үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой. Өнөөдрийн хуралдаанд шилдэг 10 залуу судлаачаас гаднаШинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич, доктор Д.Дашжамц, доктор Б.Загдхорол нар хүндэтгэлийн илтгэл тавих аж.

Өнөөдрийн хуралдаанаас өмнө Анагаах ухаан, Байгалийн ухаан болон Газарзүй, геологи, Нийгмийн шинжлэх ухаан, Эдийн засаг, бизнесийн удирдлагын салбар хуралдаан болсон. Харин энэ сарын 27-нд Хөдөө аж ахуй, биотехнологийн салбар хуралдаан болох юм.

“Хүрэлтогоот 2018”-ын төгсгөлд салбар хуралдаан бүрээс шалгарсан шилдэг 14 судлаачийг БСШУС-ын сайдын нэрэмжит Грант 4 сая төгрөгөөр шагнана. Мөн дэд байрт шалгарсан 14 судлаачид өргөмжлөл, үнэ бүхий зүйл, Улсын Ерөнхийлөгчийннэрэмжит шагнал болон ШУА-ийн залуу судлаачийн тэтгэлэг олгох аж.

Categories
мэдээ цаг-үе

Хүний эрүүл мэндийг хянах ухаалаг төхөөрөмжүүд

Хүн амьдралын буруу хэв маягаас шалтгаалж биеийн үйл ажиллагаагаа доголдсоныг мэдэлгүй явснаас эрүүл мэндээрээ хохирдог. Сүүлийн үед өдөр тутамдаа биеийн үйл ажиллагаагаа дор бүр нь хянаад явах боломжтой болсон. Ухаалаг бугуйн цаг, ухаалаг гар утсанд зориулсан эрүүл мэндийн аппликейшн, ухаалаг толь зэргийг ашиглаж эрүүл мэндээ хянаад явах боломж бүрдээд байгаа юм.

Монголд Fitbit ухаалаг бугуйн цаг хэрэглээнд нэвтрээд байна. Fitbit төхөөрөмжийг гар утасны аппликейшнтэй хослуулан хэрэглэснээр та эрүүл мэндийнхээ бүрэн зураглалыг өдрийн турш харж, түүхэн дата үүсгэх боломжтой юм. Мөн Fitbitийн төхөөрөмжийг ашиглалгүй зөвхөн аппликейшнийг нь гар утсандаа суулгаснаар алхалтын тоо, алхсан зай, шатаасан калори зэрэг үзүүлэлтийг хянаж болно. Fitbit таны тухайн өдөр алхсан тоо болон замын урт, зүрхний цохилт, шатаасан калори, идэвхтэй хөдөлгөөн хийсэн хугацаа, дээш шатаар гарсан тоо, унтсан цагийг харуулна. Эдгээр үзүүлэлтийг төхөөрөмж нь автоматаар хэмжих бол уусан шингэн, идсэн хоолныхоо хэмжээ, калорийг аппликейшнд оруулж хоол хүнсээ хянах боломжтой юм.

Fitbit Aria гэх ухаалаг жинг ашигласнаар биеийн жингээ хялбар байдлаар хянах нөхцөлийг бүрдүүлж өгсөн байна.

Энэ нь фитнесс бол эрүүл мэндийнхээ төлөө зөвхөн зааланд дасгал хийх тухай ойлголт бус, тухайн хүн өдрийг хэрхэн өнгөрүүлж байгаа нь эрүүл мэндэд хамгийн чухал нөлөөтэйг үндэслэн байгуулсан нь олон үйлдэлт ухаалаг цагуудаас ялгаруулж өгчээ.

Дээр дурдсан үзүүлэлтүүдээс гадна Fitbitд гүйх, ууланд авирах, дугуй унах, төмөр өргөх гэх мэт үйлдлүүдэд зориулсан хэмжилтүүдийг суулгажээ. Тухайн үйлдлийг хийж эхлэхээс өмнө идэвхжүүлээд, дасгал хэр болсныг дараа нь туулсан хэмжээ, шатаасан калори, зүрхний цохилт зэрэг цогц үзүүлэлтээр харах боломжтой гэнэ.

Мөн нэг сонирхолтой зүйл нь таныг амраах, амьсгалын дасгалыг хийлгэх товч юм. Үүнийг идэвхжүүлснээр хэрхэн амьсгалах, амрах зааврыг дэлгэцээр хүлээж авах боломжтой аж. Үүнээс гадна утасныхаа GPS -ийг идэвхжүүлэн, алхсан маршрутаа гаргах зэрэг нэмэлт боломжуудтай гэнэ.

Үзүүлэлтүүдээ өдрөөр болон долоо долоо хоногоор дундажлаад харах боломжтой өөр нэг давуу тал болдог байна. Энэхүү төхөөрөмж болон аппликейшнийг интернэтгүй орчинд Bluetooth-ээр холбогдож тохиргоо хийснээр, тухайн өдрийн датагаа тэр дор нь шилжүүлж болдог байна. Харин интернэтэд холбогдож байж өмнөх өдрүүдийн үзүүлэлтээ харах боломжтой.

Мөн энгийн үед утасныхаа bluetoothийг асааснаар гар утсанд ирж буй дуудлага, мессэж төхөөрөмжийн дэлгэц дээр харж болдог нь давуу тал юм. Энэ нь утсаа халааснаасаа гаргах юмуу, авч харах үйлдлийг хөнгөвчилж байгаа хэрэг юм. Fitbitийн хэрэглэгч хөдөлгөөн хийхгүй удаан суух үед “Хөдөлгөөн хийсэн нь дээргүй юу” гэх сануулга өгдөг нь бусад аппликейшнуудаас ялгарах онцлог юм.

Fitbitийг нэг удаа бүрэн цэнэглэж таван өдрийн турш хэрэглэх боломжтой юм. Иймээс цэнэг хурдан дуусах эрсдэлгүй гэж ойлгож болно. Тус аппликейшний нэг зугаатай зүйл нь найзуудтайгаа холбогдож, бие биеэ сорих боломж юм.

Ухаалаг толь

Өнөөгийн нийгэмд таргалалт олон хүнд асуудал болоод байгаа. Үүнтэй тэмцэхэд туслах ухаалаг толь бий болжээ. Naked Labsын бүтээсэн эрүүл мэндийг хянах систем бүхий олон мэдрэгчтэй энэ толь худалдаанд гараад төдийлөн удаагүй байгаа ч олон хүний сонирхлыг татаад байна. Хүний бүтэн биеэр харагдахуйц хэмжээний том толины өмнө та нүцгэн зогсоод эргэх үед биеийн тань бүх л хэсгийг уг толь 3D-гээр скайнердах юм. Үүний дараа биеийн үзүүлэлтүүдийг тань нарийвчлан гаргах гэнэ. Ердөө 20 секундын дараа таны биеийн дулааны үзүүлэлтүүдийг ашиглан биеийн аль хэсэгт хамгийн их өөх хуримтлагдсан байгааг олж илрүүлэх юм.

Healthаппликейшн

Энэ аппликейшн нь хөдөлгөөн, цусны даралт хэмжигч болон бусад эрүүл мэнд, фитнессийн төхөөрөмжүүдтэй холбож, утаснаасаа өөрийгөө хянах боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл бусад төхөөрөмж болон аппликейшнүүдээс эрүүл мэндтэй холбоотой өгөгдлийг оруулж, өөрийн эрүүл мэндийн болон үйл хөдлөлөө хянах, онцгой тохиолдолд эрүүл мэндийн мэдээллийг өөрийн эмч рүү илгээх боломжтой болж байгаа юм.

Хэрвээ та Apple Watch төхөөрөмжтэй бол энэ төхөөрөмж нь таны үйл хөдөлгөөн, фитнессийн дасгалын хөдөлгөөн болон эрүүл мэндтэй холбоотой өгөгдлүүдийг Health аппликейшн рүү илгээдэг байна.

Categories
мэдээ цаг-үе

А.Даваасүрэн: Оросоос Хятад руу байгалийн хий дамжуулах хоолой барих асуудал зүгээр шоу юм биш үү

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн судлаач А.Даваасүрэнтэй ярилцлаа.


-Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотноо болсон Алс дорнын эдийн засгийн IV чуулганд оролцсон. Улс орнуудын удирдагчид цугладаг энэ удаагийн чуулганаар ямар асуудлыг хөндөв?

-ОХУ-ын Засгийн газрын санаачилгаар зохион байгуулдаг Алс дорнодын эдийн засгийн форум бол тус улсын Ази Номхон далайн бүс нутаг руу гарах гол гарц гэж үзэж байгаа. Оросын удирдагчдын онцолж байгаагаар энэ чуулга уулзалт нь тус бүс нутаг руу эдийн засгийн болон бүх талын худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх ганц боломж гэсэн үг. Тийм ч учраас энэхүү арга хэмжээнд ерөнхийлөгч В.Путин өндөр ач холбогдол өгсөөр ирсэн.

Дорнын эдийн засгийн чуулганд манай Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр дахь жилдээ оролцсон. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч, Японы ерөнхий сайд гээд улс орнуудын төрийн дээд удирдлагууд оролцсон. Чуулганд оролцогч орнууд Ази Номхон далайн бүс нутагт эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн. Тэр хүрээнд төрийн тэргүүнүүд ганцаарчилсан уулзалтыг зохион байгуулсан.

-Дорнын эдийн засгийн форумд манай улсын оролцоо юу байв?

-Манай хувьд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, газрын баялгаа нэмүү өртөг шингээн экспортлох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Ялангуяа, нүүрсээ Ази, Номхон далайн бүс нутгийн улсуудад нийлүүлэх талаар түлхүү ярилцсан байдаг.

-Энэхүү чуулганаар ямар шийдвэр гаргав. Тэр нь манай улсад хэрхэн үр өгөөжөө өгөх вэ?

-Энэ чуулга уулзалтаар Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорыг байгуулах механизмуудыг ажилд оруулах тал дээр талууд гарын үсэг зурсан байдаг. Эдгээр механизмуудыг судалж ашиглах талаар гурван улсын холбогдох яамд санамж бичиг байгуулсан. Гэхдээ энд ямар механизмуудын талаар яриа болсон нь тодорхойгүй байна.

-Улиг болтлоо яригдаж байгаа гурван улсын эдийн засгийн коридорыг хамтран урагшлуулах механизмтай болох талаар талууд гарын үсэг зурлаа гэж Ерөнхийлөгч мэдээлсэн. Ер нь энэ ажил яагаад идэвхжихгүй байна вэ?

-Гурван улсын эдийн засгийн коридорыг байгуулах асуудлаар дөрвөн жил дараалан эрдэмтдийн Think thank уулзалтыг зохион байгуулж эрдэмтдийн илтгэлээр хязгаарлаж ирсэн байдаг. Тэдгээр илтгэлүүд нь ч бас оновчгүй байдаг. Гурван улсын эдийн засгийн коридорыг байгуулахын тулд юуны өмнө гурван улсын яамд өөрөөр хэлбэл төрийн институтууд тодорхой чиг үүрэг хүлээж, тэдгээр нь хоорондоо байнга бодлого, үйл ажиллагаагаа уялдуулж нэгдсэн нэг байр суурьтай байх ёстой. Түүнээс гадна энэхүү коридорыг байгуулснаар гарах геополитик, нийгэм, эдийн засгийн үр ашгийг тооцоо судалгааг хийж, үндэслэлийг эхлээд боловсруулах ёстой. Өөрөөр хэлбэл удирдлага, зохион байгуулалт, санхүү, эдийн засаг, эрх зүйн болон гэрээ хэлэлцээр гэх мэт механизмуудыг мэргэжлийн хүмүүс сууж байгаад хамтын хүчээр шийдэх юм. Ингэхгүйгээр гурван улсын эдийн засгийн коридор байгуулах асуудал зүгээр л цаг үрсэн хоосон яриа болно.

-ОХУ-ын байгалийн хийг Хятад руу нийлүүлэх хоолойг Монголоор дамжуулж барихад туслалцаа үзүүлээч гэсэн манай саналыг В.Путин дэмжиж ажиллана гэсэн байна лээ. Хэдийнээс хэрэгжих боломжтой гэж та харж байна вэ?

-Манай хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт хийх үеэр ийм яриа өрөнөсөн юм билээ. Энэ асуудалд дүгнэлт хийхээс өмнө нэг логикийн асуудлыг хэлмээр байна. Хятадын тал 2014 онд ОХУ-ын Сибириэс тухайлбал, Эрхүүгийн хойд хэсгээс зүүн чиглэлд байгалийн хий дамжуулах хоолой барихаар 30 жилийн хугацаатай, жилд 30 тэрбум метр куб байгалийн хий нийлүүлэх хүчин чадал бүхий хоолойг 30 тэрбум ам.долларын өртөгтэй байгуулахаар гэрээ байгуулсан шүү дээ. Энэ нь 2019 онд ашиглалтад орохоор байсан боловч хоёр жилээр хойшлогдсон. Үүнд хоёр шалтгаан байдаг. нэгдүгээрт, хятадууд үнэ дээрээ тохироогүй. Оросын тал 1000 метр куб байгалийн хийг 290-300 ам.доллараар зарах санал болгосон бол хятадууд 180 ам.доллараар авна гэсэн. Тиймээс хийн хоолой татах асуудал үндсэндээ зогссон. Хоёрдугаарт, Оросын “Газпром” компани энэхүү хоолойг татахад Хятадын хөрөнгийг ашиглана гэж тооцсон байдаг.

Эдгээр шалтгаанаас болж өөр арга боломжийг хайж, хажуугаар Хятад улс 2007 онд байгуулсан Туркменээс болон Дундад Азийн орнуудаас байгалийн хий татах хоолойг барих гэрээг эрчимжүүлэхэд анхаарч эхэлсэн байгаа юм. Тодруулбал, Туркменээс Узбекстан, Кыргызстанаар дамжуулаад Хятад руу байгалийн хийх дамжуулах 6,5 тэрбум ам.долларын өртөгтэй хоолой барих гэрээг хэрэгжүүлэхэд хүчээ тавьж эхэлсэн. Энэ хоолойгоор нийтдээ 40 тэрбум метр куб хийг Хятад руу нийлүүлж байна.

Тэгвэл энд нэг тооцоо хийхэд Хятад улсын байгалийн хийн жилийн хэрэгцээ нь 197 тэрбум метр куб. Үүнээс 135 тэрбум метр кубыг нь Шинжанаас олборлоод дотоодын хэрэгцээгээ хангачихдаг. Үлдсэн 60 гаруй тэрбум метр куб байгалийн хийг импортоор авах хэрэгцээ байдаг. Энэ хэрэгцээгээ хангахын тулд Дундад Азийн орнуудаас татаж байгаа нэг хоолойгоо нэмж хоёр чиглэлээр татах хувилбарыг судалж байна. “Туркмен -Афганистан -Пакистан-Хятад”, “Туркмен -Узбекстан КыргызстанХятад” гэсэн чиглэлүүдээр хий дамжуулах хоолойг барихаар төлөвлөсөн. Гэвч энд тухайн бүс нутгийн улс төрийн асуудлаас болж зогсонги байдалтай байгаа.

-Тэгэхээр Хятад улс Оросоос байгалийн хий авах шаардлагагүй болж байгаа гэсэн үг үү?

-Эндээс дүгнэлт хийхэд байгалийн хий Оросоос Хятад руу дамжуулах хоолой барих асуудал зүгээр шоу юм биш үү. Дээр би хэлсэн, яг чин үнэнийг хэлэхэд Хятад улс одоохондоо Оросоос байгалийн хий авах шаардлага алга. Яагаад энэ асуудлыг манай Ерөнхийлөгч ОХУын ерөнхийлөгчид тавьсан юм бол гэж би гайхаж байна л даа. Ямартаа ч Оросын талаас Хятад руу байгалийн хий татах асуудал үндсэндээ зогсонги байдалд орчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл, бүтэхгүй ч байх магадлал өндөр. Хятадын өнөөгийн барьж байгаа бодлого бол Дундад Азиас байгалийн хийгээ авна гэж бодож байгаа юм шиг байна.

-Хоёр хөршийнхөө дунд хийн хоолой дамжуулагч орон болох манай улсын саналыг В.Путин дэмжинэ гэсэн. Бас Си Жиньпин судалж үзье гэсэн юм биш үү?

-Тийм яриа байдаг. В.Путин манай Ерөнхийлөгчид дэмжлэг үзүүлнэ гэж хэлсэн бол Хятадын ерөнхийлөгч Си Жиньпин уулзахад судалж үзье гэсэн мөртлөө “Баруун чиглэлийн байгалийн хий татах хоолойг хурдавчлах шаардлагатай” гэсэн үүргийг өгсөн гэж дуулдсан. Тэгэхээр Монголын газар нутгаар дамжих байгалийн хийн хоолой тавих асуудал нь эргэлзээтэй болчихож байгаа биз дээ.

-Ер нь бол бид хоосон мөрөөдөөд л суугаад байна уу?

-Бид аливаа гэрээ, хэлэлцээрт орж, санал тавихдаа маш сайн судалгаа шинжилгээ хийж, магадлаж байхгүй бол дэлхий нийтэд буруу ойлголт төрүүлж манай улсын гадаад нэр хүнд унаж, бидэнтэй хэн үнэн сэтгэлээсээ итгэж харьцах вэ гэдэг асуудал гарч ирнэ.

-Азийн супер сүлжээ, эрчим хүчний таатай мэдээ дуулдаж байна?

-Ер нь бол бид Азийн ч байна уу, Европын ч байна уу, гурван улсын ч байна уу, супер гэж нэрлээд байгаа сүлжээнд орохдоо бид эхлээд өөрсдөө нөөц бололцоог ашиглаад дэд бүтцийн сүлжээг байгуулчих хэрэгтэй. Тэгсэн нөхцөлд холбох бол хоёрдугаар асуудал.

-Дорнын эдийн засгийн чуулганы үеэр манай улс Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах хамтарсан ажлын хэсэг байгуулах санаачилга гаргасан. Манай улс супер сүлжээнд хэрхэн нэгдэх боломжтой вэ?

-Азийн эрчим хүчний супер сүлжээг санаачлагч бол Япон улс. Тус улс нь газар хөдлөлт, цунами зэрэг байгалийн гамшигт өртөмтгий. Үүнээс шалтгаалан атомын цахилгаан станц дээр суурилсан эрчим хүчний сүлжээнээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүч, тэр дотроо био түлшээр эрчим хүчнийхээ хэрэгцээг хангах гэсэн шийдвэр гаргасан. Ингэхдээ цахилгаан станциудыг био түлшинд шилжүүлж хөрш зэргэлдээ орнуудаас шахмал түлш авахаар болсон. Гэвч саяханы газар хөдлөлт цунамигаас болж энэ ажил хойшлогдоод байгаа. Ерөнхийдөө Азийн супер сүлжээнд Япон, Хятад, Өмнөд Солонгос, Орос гэсэн улсуудын хооронд эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх зорилготой. Байгаль экологид хор хөнөөлгүй гэсэн үүднээс ийм санаачилга гаргасан. Үүнд Азийн нэлээд орон орчихсон байгаа. Монгол Улс Азийн эрчим хүчний супер сүлжээнд ороход нар салхины шавхагдашгүй нөөцөө ашиглаж, сэргээгдэх эрчим хүчний сүлжээ бий болгох шаардлагатай байна. Энэ нь манай улсад ирээдүйтэй.

-Саяхан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд ОХУ-д айлчлахдаа Хар тэнгис рүү нүүрсээ гаргах тохиролцоонд хүрчээ. Энэ тал дээр та ямар бодолтой байна?

-Уул уурхайн сайд Д.Сумъяабазар ОХУд айлчлахдаа “Газпром”, “Роснефт”-ийн удирдах зөвлөл, захирлуудтай уулзсан байна лээ. Уулзалтын зорилго нь ОХУ-аас газрын тос хайх, үйлдвэр барих тал дээр туршлагатай учир нефтийн хайгуул хийх мэргэжилтнүүдийг авчирна. Мөн Оросын компаниудын хөрөнгө оруулалтаар Таван толгойн нүүрсийг тээвэрлээд Таманы боомтоор гуравдагч оронд гаргах асуудлаар ярилцсан гэсэн мэдээг МОНЦАМЭ-гээс олж харсан. Орос улс бол нүүрсний нөөцөөрөө дэлхийд АНУ-ын дараа хоёрдугаарт ордог орон. Бид ОХУтай нүүрсний зах зээл дээр хүчтэй өрсөлдөгч юм. Нөгөө талаас нь Краснодарын хязгаарын нутаг дэвсгэрт байрлах Хар тэнгисийн зүүн хойд эрэг дээрх Тамань боомтоос холгүй орших Украины бүрэлдэхүүн байсан Донецкийн бүгд найрамдах улсад хамгийн сайн чанарын нүүрсний орд байдаг. Жинхэнэ гангийн үйлдвэрлэлд хэрэгтэй илчлэг өндөртэй нүүрс тэнд бий. Ийм сайн чанарын нүүрстэй манай нүүрс өрсөлдөөд Хар тэнгис рүү гарна гэхээр би гайхаж байгаа юм. Учир нь Оросын дотоодын төмөр замын тээврийн зардал дэлхийн дунджаас өндөр үнэтэй. Тэрүүгээр 8000 гаруй км зайнд тээвэрлээд очсон нүүрс алттай ижил үнэтэй болно доо. Нүүрсээ зөөгөөд аваачлаа гэж бодоход тийм өндөр үнээр хэн авах юм бэ. Үнэхээр нүүрс дэлхий дээр ховордчихоод байвал өөр хэрэг.

Түүнийхээ оронд бид хөнгөн үйлдвэрийнхээ малын үс, ноос, арьс ширээр хийсэн бараа бүтээгдэхүүнээ ОХУ-д гаргах талаар өмнө ярьсан яриагаа ахиулсан бол яах байсан юм бол. Дээр нь махны экспортын асуудлыг чухалчлан хөндөх хэрэгтэй байсан бол арай амьдралд ойр байх болов уу.

-Оросууд өөрсдөө эдийн засгийн хоригт орчихоод нүүрсээ гаргаж чадахгүй байгаа юм биш үү?

-Оросууд хойд мөсөн туйлаар дамжуулаад Хятад руу бага хэмжээний нүүрс гаргаж байгаа.


Categories
мэдээ улс-төр

ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Монгол Улсад айлчилж байна

ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд, хатагтай Урсула фон дер Ляйен өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Түүнийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БХЯ-ны гадна талбайд угтан авч мэндчиллээ. Одоо хоёр орны Батлан хамгаалахын сайд нар албан ёсны хэлэлцээ хийж буй юм. Үүний дараагаар хатагтай Урсула фон дер Ляйен Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхана.

ХБНГУ-ын Батлан хамгаалахын анхны эмэгтэй сайд Урсула фон дер Ляйен нь Бельги улсын Брюсселийн ойролцоох Иксель хотод төржээ. Тэрбээр Ангела Меркелийн ойрын хүн юм байна. Өмнө нь Гэр бүлийн асуудал эрхэлсэн сайд (2005-2009), Хөдөлмөр, нийгмийн асуудал хариуцсан сайд (2009-2013), Батлан хамгаалахын сайд (2013 оноос хойш)-аар ажиллаж байв.

Categories
мэдээ цаг-үе

О.Лхагвадорж: Дорой сэтгэл зүйтэй бол хөгжил рүү тэмүүлсэн ч их удаан байдаг

Монголын сэтгэл судлал, нийгмийн болон байгалийн ухааны эрдэмтэд, судлаачдын хамтран “Нийгмийн сэтгэл зүйд тулгамдсан асуудлууд” зөвлөгөөнийг зохиолоо. Энэ үеэр “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд ба хөгжлийн тухай буруу философи” сэдвээр илтгэл тавьсан Нийгмийн сэтгэл зүйн судалгааны хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн дарга О.Лхагвадоржтой ярилцсан юм.


-Хөгжлийн тухай буруу ойлголт байдаг гэх юм. Үүнийг тайлбарлахгүй юу?

-Манай улс сүүлийн 28 жилийн турш хөгжлийн төлөө зүтгэж байна. Гэхдээ хөгжөөд байгаа юм уу, хөгжлөөс ухраад байгаа юм уу гэдгийг мэдэхгүй байна. Монголын нийгэм тэр чигтээ хөгжлийн тухай төөрөгдөлд орчихоод хүмүүс юуны төлөө зүтгээд байгаагаа ойлгохгүй байх шиг санагдана. Өнөө үед хөгжил гэдгийг зөвхөн эдийн засгийн өсөлт, өндөр барилга, үнэтэй машин, техникийн ололт, хэрэглээний өргөн сонголт болон боловсролын дэвшлээр үнэлж байна. Гэтэл энэ бүх хөгжил дэвшил гэгчийн ард хүмүүс, нийгмийн сэтгэл зүй гээгдэж, буруу зүг рүү төөрөөд байгаа юм. Нийгмийн хэв маяг хүмүүсийн тайван амьдрах орчин нөхцөлийг устгаж байна. Мөн улс төрийн асуудал дэндүү өндрөө авч буйг хүн бүр харж байгаа.

-Өнөө үеийн хүмүүсийн нийгмийн сэтгэл зүйн төлөв ямархуу байна вэ?

-Үүнийг муу байна гэж хичнээн хэлээд ч улиг болж байх шиг байна. Тиймээс хэдхэн тоон жишээ хэлье. Өнгөрсөн жилийн судалгаагаар манай улсын хүн амын 11.7 хувь буюу 118000 иргэн ажилгүй байна. Харин архины хамааралтай хүний тоо 750000-д хүрсэн нь хүн амын 23 хувийг эзлээд байгаа юм. Үүнээс гадна хар тамхи хэрэглэгчдийн тоо 85000 хүрчээ. Зөвхөн энэ оны эхний хагас жилд л гэхэд хар тамхитай холбоотой 258 гэмт хэрэг үйлдэгдсэн байна лээ. Идэр, залуус насныхан гэрлэлгүй ганц бие явахыг илүүд үздэг болчихсон. Энэ нь нэгэндээ итгэж, итгэл хүлээлгэж чадахгүй нэгнээсээ хөндийрөх болсныг харуулж байна. Хамгийн харамсалтай нэгэн тоо жишээ нь, жилд дунджаар 400 гаруй хүн амиа хорлож байгаагийн дийлэнх нь эрэгтэйчүүд байгаа юм. Энэ үзүүлэлтээрээ бид дэлхийд гуравдугаарт бичигдэх болсон. Энэ бүх тоон үзүүлэлтийн үр дүнгээр нийгмийн сэтгэл зүйг шууд тодорхойлж болно.

-Сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс манай улсад их байдаг уу?

-Дээрх тоо үзүүлэлтүүдээс гадна өөр бусад зүйлсээр нийгмийн сэтгэл зүйг тодорхойлж болдог. 2013 оны байдлаар сэтгэцийн эмгэгтэй хүний тоо 587000 хүрсэн. Энэ нь нийт хүн амын 18 хувийг эзэлж буй гэсэн үг. Мөн хүн амын 42.2 хувь буюу 1.3 сая иргэн өр зээлтэй, 3.1 нь ядууралд өртсөн гэсэн мэдээ бий. Энэ бүгдээс үзэхэд манай иргэдийн тархи оюуныг шаналгадаг бодол нь мөнгө л болж хувирсан байгаа нь харагдаж байна.

-Авлига, залилан, хулгайн гэмт хэргээс болж иргэд их бухимддаг. Нийгэмд энэ төрлийн гэмт үйлдлүүд яагаад буурахгүй байгаа юм бол?

-Нийгэмд үнэ цэнэтэй гэж тооцогдож байгаа зүйл нь зөвхөн мөнгө болчихсон. Энэ нь цаашлаад ажил хэргийн чиглэл рүү шилжихдээ гэмт хэрэг үйлдэх сэдлийг бүрдүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл мөнгөнөөс болж хийгдэж буй гэмт хэргийн үйлдлүүд нийгэмд хавтгайрах шинжтэй, харгис болж байна.

-Яагаад хүмүүсийн итгэл алдарч, сэтгэл зүй нь өөрчлөгдөөд байгаа юм бол?

-Итгэл алдрахад сэтгэл мөхдөг. Иргэд яагаад өнөөгийн нийгэмд ингэтлээ уур бухимдалтай байгаад байна гэхээр нийт хүн амын 64.5 хувь нь төрдөө итгэх итгэлгүй болчихсонтой холбоотой. Өөрийг нь хамгаална гэж бодож байсан зүйл нь эсрэгээрээ байгаад байхаар хүн нийгэмд итгэх итгэлгүй болж улмаар хар амиа бодсон бэртэгчин зантай болгож буй. Энэ нь хүн хүндээ итгэх итгэлийг үгүй хийж, нэгнээ бухимдуулаад байгаа юм. Үүнээс болоод ялимгүй маргаан гарахад л нэгнээ ганцаардуулж, тухайн хүнийг сөрөг итгэл, гутранги сэтгэл зүйтэй болгодог. Тиймээс л амиа хорлох, гэмт хэрэг үйлдэх, архинд орох зэрэг нийгмийн сөрөг үзэгдэл, хандлагууд нэмэгдэж байна. Ийм дорой сэтгэл зүйтэй ард түмэн хөгжил рүү тэмүүллээ ч их удаан байдаг. Учир нь хөгжил гэдгийг хүн бүтээдэг тул нийгмийн сэтгэл зүй урвуу байвал улс орон хөгжих боломжгүй. Тухайн улсад юу дутагдаад, юу өгүүлэгдээд байгаа нь урлаг, соёлын бүтээлүүдээр нь илт мэдрэгддэг.

-Өнөөгийн нийгмийг хөгжилд иргэдийн сэтгэл зүйгээс гадна өөр юу саад болж байна вэ?

-Аливаа улсыг хөгжлөөс хойш татаж, хагалан бутаргахад нөлөөлдөг хэдхэн зүйл байдаг. Тухайлбал, олон нийтийг нэг үзэл санаатай болгохоос зайлсхийх буюу жагсаал цуглаан хийлгэдэггүй, төрийн өмчийг хувьчлан задлах болон уул уурхайгаас бусад аж үйлдвэрлэлд хөрөнгө оруулахаас цааргалах зэрэг нь нөлөөлдөг. Мөн үндэсний сэтгэлгээг нь алдагдуулж, уламжлалыг нь эвдэн олон янзын төлөв байдалд оруулах, олон намын системийг бий болгож, гүтгэлгийн шинжтэй зүйлсийг нийгэмд түгээдэг.Иргэдийг эдийн засгийн хараат байдалд оруулснаар номхон хүлцэнгүй байдалтай болгож тухайн улсыг бутаргадаг. Манайд эдгээр нь хэрэгжээд эхэлчихсэн. Мөн хүний эрх нэрийдлээр бүгдийг эрх чөлөөтэй болгосон нь нийгмийг стрессдүүлээд байна. Эдгээрээс болоод хүмүүсийн хувийн ёс суртахуун алдагдаж, амиа хичээсэн үзэлтэй болон хувирч буй. Бусдад саад болохгүйгээр хувийн эрхээ эдэлж, таашаал мэдрэх нь байж болох зүйл гэдэг үзэл нь нийгмийг доройтолд хүргэдэг. Мөн өнөө үед мөнгөгүй хүнийг амьдрах аргагүй болгож, мөнгөөр бүгдийг шийддэг тогтолцоог бий болгосон нь нийгмийн сэтгэлгээг урвуу байлгах гол зүйлийн нэг болжээ.

-Эдгээрийг шийдэхийн тулд юу хийх ёстой юм бол?

-Монголын ард түмэн сэтгэл зүйн дайны талбар болчихсон нь илт байгаа. Одоо үед хутга буу агсаж дайтахаас урьтаад сэтгэл зүйгээр нь дайралт хийж ялалт байгуулдаг болсон. Тиймээс нийт ард түмний сайн сайхан байдлыг бий болгох зорилготойгоор төр засаг ажиллах ёстой. Нийгмийг хөгжилд хүргэхийн тулд хүмүүсийн дунд нэгдмэл ойлголт хэрэгтэй. Түүнчлэн иргэдийн ахуйн хуваарилалтыг тэгш байлгах нь зөв. Өнөөгийн өндөр хөгжилтэй орнуудын ард иргэдийн сэтгэл зүй бүгд өөдрөг, сэтгэлгээний гажуудалгүй байдаг. Мөн улс төрийн идэвх сайтай байх нь ажиглагддаг. Учир нь иргэдийн дунд үүсээд байгаа асуудлыг төр нь бүрэн шийдэж чадаж байгаа болохоор тэр байх. Монголд жил дунджаар 3945 гэр бүл салж буй нь өдөрт 9-10 салалт болж байгаа гэсэн үг. Иргэдийн дунд салалт өндөр байгаа нь төрийн бодлоготой шууд холбоотой. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо 81200 хүрсэн нь бодлогоо шинэчилж, ард иргэдийнхээ төлөө юм хийх цаг болсон гэдгийг сануулаад байна.

-Нийгмийн сэтгэл зүйг эрүүлжүүлэхэд юу чухал вэ?

-Бидний өдөр тутмын амьдралд тулгарч буй асуудлууд зөндөө бий. Замын түгжрэлээс авахуулаад банкны зээл, эрүүл мэндийн байгууллагын ачаалал, цалингийн хэмжээ, өрхийн дундаж орлого гэх мэт. Тиймээс төрийн буруу бодлогыг засч, иргэдийн эрх ашгийн нэгдүгээрт тавьдаг өөрийн улсдаа тохирсон бодлоготой болчихвол иргэдийн итгэл сэргэж, нийгэм эрүүлжинэ. Түүнээс биш ургийг гажиг, цус ойртолт иргэдийг стрессдүүлээд байгаа юм биш. Мөн хувь хүн ёс суртахуунаа дээшлүүлснээр хулгай, дээрэм, залилан бий болохгүй. Мэдээж хулгай байх юм чинь шорон хэрэггүй болно шүү дээ. Гэхдээ хүн болгон бусдын төлөө гэсэн ёс суртахуунтай байж чадахгүй учраас өөрийн улсдаа тохирсон бодлогоор зохицуулалт хийх л хэрэгтэй. Стресс гэгч сэтгэлийн сөрөг үзэгдэлд төрөөс үзүүлж буй сөрөг нөлөөлөл их бий.

-Монголчууд зоригтойгоор ажил эхлүүлж чаддаггүй, хэн нэгний хараанд байгаад сурчихсан гэх юм. Энэ нь бид аймхай, сэтгэлгээ нь задраагүй байгаагийн шинж үү?

-Үүнд нийгмийн тэр дундаа нийгмийн орчин бүрдүүлж байдаг улс төрийн бодлого хамгийн чухал нөлөөтэй. Түүнээс биш манай залуус тийм залхуу, авьяас чадваргүй, оюуны чадавх муу юм уу гэхээр үгүй шүү дээ. Олон улсын чанартай янз бүрийн тэмцээн уралдаанд орж бүхий л төрөлд амжилт гаргаж чадаж байна. Энэ бүх чадварыг нь ёс суртахуунаар нь зөв хөглөж, дэмжлэг үзүүлбэл юуг ч, яаж ч хийж чадах залуус манайд бий. Хүмүүсийн урам хугарна гэж их айхавтар зүйл бий. Өнөөдөр төрийн буруу бодлогоос болоод машин нь зам дээрээ багтахаа больчихсон. Түүнээс гарах утаанд нь иргэд хордож, угаадсаа гадагш цацан хөр-сөө бохирдуулж, алт нэрийдлээр байгалиа сүйтгэж байгаа. Үүний оронд иргэдээ хөгжүүлж, гарах үр дагаврыг нь эдэлбэл байдал арай өөр байх байлаа.

З.МӨНХСУВД

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол маргааш болно

НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол маргааш буюу энэ сарын 21-ны ням гаригт явагдана.

Уг сугалаанд өнгөрсөн сарын 01-30-ны өдөр хүртэлх хугацаанд иргэдийн худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулах юм. Тиймээс иргэд маргааш буюу энэ сарын 21-ний 23 цаг 59 минутаас өмнө худалдан авалтын баримтаа Цахим төлбөрийн баримтын систем буюу ebarimt.mn-д бүртгүүлэх шаардлагатай. Өнгөрсөн удаагийн тохирлоор 125 сая төгрөгийн Супер азтан тодроогүй тул энэ сард Супер азтаны шагналын сан 150 сая болж өснө.

Тохирлыг Боловсрол суваг телевиз орон даяар шууд дамжуулан үзүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ

Засгийн газрын тогтоолын дагуу 24 дэх жилдээ зохион байгуулж буй “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг “Вакцинаар хамтдаа сэргийлье” уриан дор энэ сарын 20-30-нд улс орон даяар зохион байгуулах юм.

Энэ хүрээнд товлолын дархлаажуулалтаас хоцорсон 15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах, эцэг эх болон асран хамгаалагчдад дархлаажуулалтын талаар бодит мэдээлэл түгээх, эрүүл мэндийн ажилтны ур чадвар, дадлыг сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хамтран Уран зургийн галерейд зохион байгуулсан хэвлэлийн бага хурал, “Вакцинаар хамтдаа сэргийлье” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, “Дархлаажуулалт нь халдварт өвчнөөр зөвхөн нэг хүүхдийг өвчлүүлэхгүй байх асуудал биш. Олныг хамарсан дэгдэлт, цар тахлаас нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг.

Дэлхийн 194 орон бага насны хүүхдийг вакцинаар дархлаажуулж, хүүхдийн өвчлөл эндэгдлийг эрс бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна. Иймд дэлхийн эрүүл мэндийн чуулганаар 1974 онд “Дархлаажуулалтын хөтөлбөр”-ийг баталж, дэлхийн 190 гаруй улс орон хүлээн зөвшөөрч хэрэгжүүлж эхэлсэн” гэдгийг онцолж байлаа.