Categories
мэдээ улс-төр

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Сум, аймаг, нийслэл, дүүрэгт жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх дэд сантай байх боломжийг энэ хуулиар нээж өгөх ёстой. Аймаг, сумд сантай болъё гэхээр эрхзүйн үндэс нь бүрдээгүй учир болдоггүй. Сангийн хөрөнгийг гадаад, дотоодын эх үүсвэрээр бүрдүүлэх боломжтой. Тухайлбал, Өмнөговь аймаг уул уурхайн компаниудаасаа хөрөнгийн эх үүсвэр босгох боломжтой.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа “Д.Тогтохсүрэн гишүүний саналыг дэмжиж байна. Аймаг, сум бүр жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай баймаар байна. Төсвөөс хараат бус аж ахуй нэгж байгууллага, уул уурхайн компаниуд нь энэ сандаа хөрөнгө төвлөрүүлж бие даан хөрөнгө санхүүгээ шийдвэрлээд явах эрхзүйн зохицуулалтыг уг хуулийн төсөлд цогцоор нь суулгаж өгмөөр байна” гэдэг саналыг хэлсэн бол УИХ-ын гишүүн М.Билэгт “Чухал хууль орж ирж байна. Гишүүдийн хэлж байгаатай санал нийлж байна. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан хөдөөд бараг хүрдэггүй. Эндээс нь хэсэг бүлэг хүмүүс аваад бүр сурчихсан. Хөдөө орон нутагт сангийн хүртээмжийг бий болгомоор байна” гэв.

Тус хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй санал хураалт явагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Эрхүү хотод айлчилж байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа тэргүүтэй төлөөлөгчид аравдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Эрхүү хотод ажлын айлчлал хийж байна.

Төлөөлөгчид энэ өдрүүдэд ОХУ-ын Эрхүүгийн улсын их сургуулийн 100 жилийн ойн арга хэмжээнд оролцохын хамтаар Эрхүү мужийн Засгийн газрын тэргүүний 1 дүгээр орлогч дарга В.Ю. Дорофеев, Эрхүү мужийн Боловсролын сайд В.В. Перегудова нартай уулзлаа.

Уулзалтаар талууд Эрхүү мужийн их дээд сургуулиудын Монголын их дээд сургуулиудтай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны талаар санал солилцон цаашид хамтын ажиллагаагаа идэвхижүүлэн бэхжүүлэх зүйтэй гэдэгт санал нэгдсэн.

Түүнчлэн Боловсрол, соёл, шинжлэх, спортын сайд Байгалийн улсын их сургуульд суралцуулахаар 2018 оны наймдугаар сарын сүүлээр илгээсэн 10 оюутантайгаа уулзаж тэдний сургалтын талаар халуун дотно яриа өрнүүллээ. Одоогоор эдгээр оюутнууд тус яамны зардлаар орос хэлний бэлтгэлд суралцаж байгаа бөгөөд ирэх хичээлийн жилээс тусгай хэрэгцээт боловсролын нарийн мэргэжлээр үргэлжлүүлэн суралцах юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд оюутнууддаа хичээнгүйлэн суралцаж, сурсан мэдсэнээ тусгай хэрэгцээт сургуулиудын сургалтын чанарыг ахиулахад ихээхэн хувь нэмэр оруулах ирээдүйн боловсон хүчин болохыг захилаа гэж БСШУСЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Морин хуурын чуулгад Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөл олгоно

Ирэх арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн 18:30 цагт Япон улсын Элчин сайдын өргөөнд Монгол Улсын морин хуурын чуулгад Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл олгох ёслолын ажиллагаа болох юм байна. Энэхүү өргөмжлөлийг Япон, Монгол Улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллага хамт олонд олгодог байна.

Морин хуурын чуулга 1996 оноос хойш хоёр улсаас санаачлан зохион байгуулсан хөтөлбөр, арга хэмжээнд жил бүр оролцож, хоёр орны найрамдалт, найрсаг харилцаа, харилцан ойлголцлыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж иржээ. Тус өргөмжлөл нь Япон улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлсэн шагналуудаас Японы эзэн хааны шагналын дараа ордог үнэ цэнэтэй шагнал юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Яндан бий болсноор монголчууд ямар ч гэсэн улцан нүднээсээ салсан юм гэсэн шүү

Улаанбаатарын өвлийн утаа нийслэлчүүдэд зовлон болоод удаж байна. Өнөө жил утаагүй өвөлжихийн тулд гэр хорооллын 100 мянган айлын янданд шүүлтүүр тавина гэж байгаа. Энэ нь бидний өмнө хэрэглэж байсан энгийн нэг шүүлтүүр биш. Цахилгаан индукцийн аргаар утаанд агуулагддаг хорт бодисыг бүрэн шатаах төхөөрөмж юм. Нэг ширхэг нь таван зуугаад мянган төгрөгийн үнэтэй бөгөөд шинжлэх ухаанаар баталгаажсан технологийн шийдэл гэсэн. Үүнд зориулж улсын төсөвт 54 тэрбум төгрөг суулгаад байгаа. Тэгвэл янданд суурилуулах энэхүү индукцин төхөөрөмж нэлээд хэл ам дагуулах болов. Хамгийн түрүүнд “Яндангийн шүүлтүүр нэрээр улсаас их хэмжээний мөнгө хуслаа” гэж салбарын сайдыг цоллож байна. Бас “Индукцин шүүлтүүр нь тогоор ажилладаг гэсэн. Хэрэв цахилгаан тасарчихвал угаартаж үхнэ”, “Гэр хорооллын айлуудад энэ янданг суурилуулахаар тогны ачаалал дийлэхгүй унана. Шинэ станцууд барих шаардлагатай”, “Яндандаа зориулж байгаа цахилгаанаар гэрээ халаасан нь дээр” гэх зэрэг шүүмжлэлээр булж, нийгэм даяар шуугьж байна.

Яндангийн тухай ийм дуулиан шуугиан монголчуудын хувьд цоо шинэ үзэгдэл биш. Өнгөрсөн зууны 40, 50-иад онд яг өнөөдрийнх шиг шүүмжлэл давалгаалж байсан юм гэнэ лээ. Тулганд галаа ноцоодог байсан манай ард түмэн зуух, яндангийн талаар төсөөлөлгүй байсан цаг үе болохоор аргагүй л дээ. Тиймдээ ч хуучцуул “Муу ёрын цаг ирнэ. Морины туурай тооноор цухуйна” гэж шинэ цагийнхныг айлгаж, зуух янданг хүчтэй эсэргүүцэж байсан гэдэг. Тухайн үед энэ суртал ухуулгыг сөрж чадсанаар монгол гэр болгоны тооноор яндан гарч ирсэн юм. Гэр дотор хөшиглөж байсан задгай тулганы битүү утаа байхгүй болов. Яндан, зуухны талаарх шинэ цагийн уриа дуудлага ийнхүү соёлт байдлын илэрхийлэл болж байлаа. Үнс нурам пургиж, хоолой, нүд хорсгосон хуучин цаг ард хоцров. Гэр доторх түнэр харанхуй утаа алга болсноор улаан нүдэн монголчууд улцангаасаа салж, хар нүдэн монголчууд бий болсон билээ. Энэ бол тэр үедээ монгол түмний хувьд том хувьсгал байв.

Одоо цагт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын албан тушаалаа барьцаалан байж шаталтыг бүрэн дэмжигч индцукин төхөөрөмж нэвтрүүлэх гэсэн чин хүслийг нь хараад байхад сая өгүүлсэн яндангийн хувьсгалтай адил санагдаж байна. Өнөөдөр гэр хороололд 220-иод мянган өрх амьдардаг гэсэн статистик байдаг. Орчин үеийн технологийн дэвшлээр халаалтын асуудлаа шийдсэн айл нь тун цөөхөн. Бас дулаалга сайтай гэр, байшингууд ч ховор. Ямар нэгэн байдлаар гал түлж л байгаа бол тэндээс утаа гарч л таарна. Эхний удаад 100 мянган айлын янданд индукцин төхөөрөмж суурилуулаад үлдсэн өрхүүдээ сайжруулсан түлшээр хангачихвал Улаанбаатарын утаа 50 хувь багасна гэсэн амлалтыг салбарын сайд өглөө. Хэрэв түүний хэлснээр хотын утаа буурахгүй бол хариуцлагыг нь хүлээнэ гэдгээ ч мэдэгдсэн. Ингэж албан тушаалаа барьцаалж ажил үүргээ гүйцэтгэж буй төрийн түшээг сүүлийн үед дуулаагүй юм байна.

Монгол улс утаанаасаа салах гэж өчнөөн янзаар оролдож үзлээ. Бүхэл бүтэн хөтөлбөр хэрэлжүүлж утаагүй зуухыг Улаанбаатар даяар тараасан боловч үр дүнгээ өгөөгүй. Утаагүй түлшний үйлдвэрлэлд 14 тэрбумыг зарцуулсан ч үйл ажиллагаа нь явагдаагүй. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэд хэдэн бүсэд дэд бүтэц, орон сууцны ажлуудыг хэрэгжүүлж байгаа хэр нь богино хугацаанд утаанаас сална гэдэг амаргүй болоод байна. Ер нь утаанаас бүрмөсөн салах төгс шийдэл нь гэр хорооллын айлуудыг орон сууцанд оруулах гэдэгтэй бүх нийтээрээ санал нийлдэг. Харамсалтай нь их хэмжээний хөрөнгө мөнгө шаардсан энэ ажилд хугацаа нэлээн шаардагдана.

Утаа бол яндангаас л гардаг. Зуухан дахь түлшний шаталтыг нь сайжруулж, дэмжих төхөөрөмжийг яндантайгаа холбочихвол эндээс хорт утаа суунаглахгүй болно. Н.Цэрэнбат сайдын нэвтрүүлнэ гээд яриад байгаа энэ төхөөрөмж бол Монголын хөрсөнд нэлээд тохирсон эд бололтой. Дэлхийд цахилгаан барааны брэнд болж чадсан “Haiеr” компанийн үйлдвэрлэсэн технологийн дэвшил гэсэн. Үүнийг Монголд нэвтрүүлэхээр багагүй хугацаанд туршилтын ажлууд хийсэн юм билээ. Тиймээс хотын утааг 50 хувь буурна гэсэн Н.Цэрэнбат сайдын гарсан ам итгэл үнэмшилтэй харагдаад байна. Ер нь залуу сайд Н.Цэрэнбатыг дэмжвэл яасан юм бэ. Яндандаа тэр төхөөрөмжийг нь суулгаад үзээд алдъя. Богино хугацаанд хорт утаанаас салах өөр сонголт одоогоор алга. Ямартаа ч гурван жил ажиллах баталгаа өгсөн индукцин яндангаа хэрэглэж байх зуур дэд бүтэц, орон сууц барих ажлаа эрчимжүүлнэ гэсэн төлөвлөгөө энэ Засгийн газарт байгаа юм билээ.

Тэртээх он жилүүдэд зуух, яндагийн хувьсгал болж монгол гэр доторх бүрхсэн утаанаасаа салсан. Утаа үгүй болж, монголчууд улцангаасаа салсан. Одоо энэ яндангийн хувьсгал Улаанбаатарын гудамжийг утаанаас салгаж мадагүй байна. Тэгвэл монголчууд уушгины өвчлөл, уур уцаарнаасаа ч ангижирна даа.


Categories
мэдээ нийгэм

Сурагчдын амралт өнөөдрөөс эхэлнэ

2018-2019 оны хичээлийн жилд мөрдөж буй ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц 2018 оны тавдугаар сард батлагдсан .

Энэ дагуу Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт өнөөдрөөс эхэлж байна. Тодруулбал, Нийслэл болон орон нутгийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт адилхан 7 хоног бөгөөд бүх сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал амарна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Мандухай сэцэн хатан” киноны 30 жилийн ойг тэмдэглэнэ

“Дэлхийн дуу, дүрсний өвийн өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ хүрээнд Архивын ерөнхий газрын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Монголын кино урлагийн сор бүтээлүүдийн нэг болох “Мандухай сэцэн хатан” түүхэн уран сайхны киноны 30 жилийн ойд зориулсан арга хэмжээг зохион байгуулах юм. Кинотой холбоотой архивын баримт бичиг, гэрэл зураг, эд хэрэглэл, уран бүтээлчдийн гар бичмэл, гар зургийн үзэсгэлэн, уран бүтээлчдийн уулзалт ярилцлагыг сонирхвол Архивын ерөнхий газарт болох аж.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Ганбаатар: Зөрчлийн тухай хууль жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дарамталж байна

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай ярилцлаа.


-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас нэр бүхий сайд, УИХ-ын гишүүд өөрийн харьяа компанидаа их хэмжээний хөрөнгө татсан гэх мэдээлэл байна. Ер нь төрийн түшээд эрх мэдлээ ашиглаж ард түмнийхээ хоолноос хумслах нь хэр ёс зүйтэй үйлдэл юм бэ?

-Би бол нэг л зарчим барьдаг. Би УИХ-ын гишүүн хүн. УИХ бол хууль тогтоох засаглал. Хуулийн хэрэгжүүлэгч гүйцэтгэх засаглал гэж бий. Би гүйцэтгэх засаглалын ажилд ерөөсөө оролцдоггүй. Оролцохгүй гэдгээ ч УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байхдаа сонгогчдодоо амлаж байсан. Намайг мэдэх хүмүүс нь мэддэг. Гэлээ ч би хүний өмнөөс үнэн, худал гэж ярьж чадахгүй. УИХ-ын гишүүний хувьд таамагласан байдлаар ярих эрх байхгүй.

-Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан хаана харьяалагддаг юм бэ?

-Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд бодлого тодорхойлдог Жижиг дунд үйлдвэрлэлийн газар гэж бий. Уг газар нь ЖДҮ-ийн асуудлуудыг бодлогын хувьд шийддэг. Мөн ЖДҮ-ийг дэмжих сан гэж тусдаа байгаа. Энэ нь санхүү, хөрөнгөө хариуцаж ажилладаг.

-Уг сангаас хамгийн ихдээ хичнээн хэмжээний зээл авах боломжтой вэ. Тавигдах шаардлагуудаас дурдвал?

-Ер нь бол 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл яригдаж байгаа асуудлуудыг цэгцлэх, замбараагүй байдлыг засах гэж л Жижиг, дунд үйлдвэрийн тухай шинэ хууль гарч байгаа юм. Шинэ хууль батлагдсанаар ЖДҮ-ийн агентлаг байгуулагдана. Энэ агентлагийг яамны бус Ерөнхий сайдын харьяанд байх нь зөв гэж үзэж байгаа. ЖДҮ эрхлэгч 2.5 тэрбум төгрөг хүртэлх зээлийг авч болно. Гэхдээ 500 сая төгрөгөөс илүүгүй зээл авах бол сангаар нь олгоё, түүнээс дээш тохиолдолд арилжааны банкаар дамжуулж өгөх нь зүйтэй гэж үзсэн. Харин бүх ЖДҮ эрхлэгчид барьцаа хөрөнгө, бизнес эрхэлсэн туршлагагүй учир арилжааны банкны шаардлагыг хан-гадаггүй. Тиймээс 500 сая хүртэлх төгрөгийг сангаар дамжуулахаар тусгаж өгсөн. Энэ хууль батлагдсанаараа бүх зүйл сайн сайхан болохгүй л дээ. Гэхдээ хуулийг ягштал дагавал асуудлууд багасч л таарна. Дээрээс нь гүйцэтгэх засаглал бүх зүйлээ УИХ-д нялзаагаад байж болохгүй.

Батлагдсан хуулинд хяналт тавиад, журамлаад, алдаа дутагдлаа засаад явах нь гүйцэтгэх засаглалын үүрэг шүү дээ.

-ЖДҮ-ийг дэмжих сан алдагдалтай ажиллаж ирсэн гэж яриад байна л даа. Хууль батлагдсанаараа энэ байдал өөрчлөгдөж чадах уу?

-ЖДҮ-ийг дэмжих сан бол төрийн байгууллага. Алдагдалтай, ашигтай ажиллана гэсэн ойлголт байхгүй. Харин зээлсэн мөнгөө буцааж авч чадахгүй байгаа эсэхийг нь л алдагдалтай ажилласан гэж хэлж байгаа байх. Миний дуулснаар сүүлийн хоёр, гурван жилд өгч байгаа зээлүүд нь эргэж ирэхгүй зээл биш байх. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд бүх бизнес амжилтад хүрдэггүй. Зээлсэн мөнгө болгон буцаж ирэхгүй. Банкинд ч ялгаагүй тодорхой хэмжээний эрсдэл үүсдэг. Түүнтэй адил сан дээр ч гэсэн эрсдэл үүснэ. Гэхдээ тэр эрсдэл нь хэт их давамгайлдаггүй.

-Сангийн яамнаас өргөн мэдүүлсэн Татварын багц хуульд жижиг, дунд үйлдвэртэй холбоотой заалтууд орж ирсэн. Энэ нь таны санаачилсан Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн зарим заалттай зөрчилдөж байгаа. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах нь зүйтэй вэ?

-Би хууль бол хууль л байх ёстой гэж бодож байгаа. Тэр нь Сангийн сайд санаачилсан том хууль, энэ нь энгийн гишүүн санаачилсан жижиг хууль гэж ойлгохгүй байх гэж бодож байна. Татварын багц хууль болон Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулинд зөрчилдөж байгаа хоёрхон заалт бий. Нэгдүгээрт, манай хуулинд ЖДҮ эрхлэгчдээс авч байгаа татварыг нэг хувь гэж заасан. 100 төгрөгийн ашиг олж байгаа хүн нэг төгрөгийг нь л татварт өг гэж байгаа юм. Сангийн сайдын хуулинд ЖДҮ эрхлэгчдээс 10 хувийн татвар авчихаад түүнийхээ 90 хувийг нь буцааж өгнө гэж заасан байна. Энэ нь та 100 төгрөгийн ашгаасаа 10 төгрөгөө өг, есөн төгрөгийг нь буцааж өгье гэж байгаа юм. Маш өөр сонсогдож байгаа биз. Есөн төгрөгөө буцааж авахын тулд юу биелүүлэх, яах ёстой, хэдэн хувьд нь эргэж очих, хэний үзэмжээр шийдэх үү гээд сөрөг талууд их бий. Ер нь тэгээд ч МАН-ын мөрийн хөтөлбөрт ЖДҮ эрхлэгчдийн орлогын албан татварыг нэг хувь болгоно гэсэн байгаа. Мөрийн хөтөлбөрөө эрх баригч нам биелүүлэх ёстой. Мөн 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны чиглэлд суучихсан. Чиглэлээ Засгийн газар барих ёстой. Тэгэхээр Сангийн сайд өргөн мэдүүлсэн уг хуулийн зарим заалтуудаараа мөрийн хөтөлбөр, чиглэлээ зөрчсөн байна гэсэн үг. Би мундагтаа ЖДҮ-ийн эрхлэгчдийн орлогын албан татварыг нэг хувь болгоё гэж цоо шинэ зүйл санаачилсан юм биш. МАН-ын мөрийн хөтөлбөр дэх заалтаа биелүүлэх ёстой л гэж үзэж байгаа юм.

Хоёрдугаарт, ЖДҮ эрхлэгч жилд дөрвөн тайлан гаргадаг байсныг нэг болгоно гэсэн юм. Үүнийг Татварын багц хуулинд 50 сая төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүд нэг тайлантай, түү-нээс дээш орлоготой бол дөрвөн тайлантай байя гэж тусгасан. Тухайн аж ахуйн нэгж өдөрт 136 мянган төгрөгийн орлоготой байгаа тохиолдолд жилдээ 50 сая төгрөгийн орлоготой байна. Ганцхан хүнтэй аж ахуйн нэгж ч жилдээ ийм орлого олно. Тэгэхээр амьдралаас тасарчихсан юм ярьж байна л даа.

-Энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль хэлэлцэгдэнэ. Дээр дурдсанаас гадна онцолмоор ямар өөрчлөлтүүд орсон бэ?

-Өмнөхөөсөө маш олон өөрчлөлтүүд орж байгаа. Жижиг, дунд үйлдвэрийн салбар нэг тогоон дотор байсан. ЖДҮ-ийг жижиг, дунд, бичил гэж ангилж нэг тогооноос гаргасан нь хуулийн хамгийн том өөрчлөлт юм. Түүнээс гадна 2.5 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүдийг ЖДҮ-ийн хуулинд хамруулна. 2.5 тэрбумын ашигтай биш, орлоготой ЖДҮ шүү.

-Та Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр “Зөрчлийн тухай хууль ЖДҮ эрхлэгчдэд хүндрэл учруулж байна. Энэ талаар надад санал гомдол ихээр ирж байгаа” гэж хэлж байсан. Энэ талаараа тодруулаач?

-Зөрчлийн тухай хууль ЖДҮ эрхлэгчдийг дарамталж байна. Зөрчлийн тухай хууль нь иргэн ирж буй акт, шаардаж байгаа мөнгөн дүнд гомдолтой байгаа тохиолдолд шүүх, дээд шатны байгууллагад өөрийгөө илэрхийлэх боломж олгохгүй байна. Тухайн иргэнийг өөрийгөө илэрхийлэхийг нь хүлээхгүйгээр прокурор шууд шийдвэр гаргаж түүнийгээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд өгөөд, тус алба иргэний данснаас мөнгийг нь хурааж авч байна. Би үүнийг зогсоо гэж хэлж байгаа. Иргэн “Энэ шийдвэр буруу. Би гомдолтой байна” гэсэн тохиолдолд процесс зогсдог байх ёстой. Хэн нэгнийг мэдээгүй байхад нь дурын байцаагч акт бичээд прокурорт өгөхөд тухайн иргэнд Зөрчлийн хуулиар 200 хүртэлх сая төгрөгийн торгууль тавьчихаж болно гэсэн үг. Ийм зүйл байж болохгүй. Иргэн хүн тухайн зөрчлийг үнэн, худал эсэхийг илэрхийлэх, өөрийгөө хамгаалах ёстой. Тэр хүнийг гүтгэсэн ч байж болно шүү дээ. Эсвэл төрийн албан хаагч хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байхыг ч үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд дээд шатын байгууллага, шүүхэд хандах эрхийг нь хаах, эсвэл тэр эрхийг нь өөрт нь мэдэгдэхгүй байх ийм зүйл хэзээ ч байж болохгүй. Өмнө нь гарцгүй газраар гарсан, танхайрсан зэрэг зөрчил гаргасан бол цагдаа ирээд торгууль тавиад, тухайн иргэний гарын үсгээр баталгаажуулдаг байсан. Энэ чинь л зөрчлийн хууль.

Тухайн иргэн хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шүүхээрээ явах ёстой шүү дээ. Тэгэхгүйгээр нэг тал нь давамгайлаад л шүүхийн шийдвэр гаргачихаж болохгүй. Зөрчлийн тухай хууль хэлэлцэгдэж байхад би энэ талаар маш их ярьсан. Үүнээс үүдэн Х.Нямбаатартай маргалдаж ч байсан. Миний үгийг сонсоогүй. Зөрчлийн тухай хууль амьдралд хэрэгжээд эхлэхээр иргэд үүнийг ойлгож, хэлж байна л даа.

-2019 оны төсөв хэлэлцэгдэж байна. Хүмүүс төсвийг янз бүрээр л дүгнэж байгаа. Таны хувьд алдаа, оноотой зүйл нь юу байна гэж харж байгаа вэ?

-Төсвийн нийт хөрөнгө оруулалтын зардал нэг их наяд 300 тэрбум төгрөг байгаа. Уг хөрөнгө оруулалтын дийлэнх нь сургууль, цэцэрлэг, зам, гүүр барихад зарцуулагдана. Эдгээр нь эргэж төсөвт хувь нэмэр оруулахгүй. Тэр битгий хэл дараа жилийн төсөвт дахиад зардал болно. Мэдээж дээрх бүтээн байгуулалтууд зөв. Гэхдээ бүгдийг нь тэдгээрт зарцуулна гэдэг учир дутагдалтай. Заримыг нь дараа жилийн төсөвт нэмэр болох зүйлд зарцуулж болно. Энэ тал дээр би шүүмжлэлтэй байгаа.

ЖДҮ дээр огт мөнгө тавиагүй. Сангийн сайд Монголд ЖДҮ огт хөгжихгүй байна гэж үздэг юм билээ. Ер нь амьдрал руугаа орсон, нийцсэн байх ёстой гэж бодож байгаа.

-Та С.Эрдэнэ гишүүний санаачилсан Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох, мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хууль дээр ажиллаж байгаа гэсэн үү?

-Уг хуулийн ажлын хэсгийг би ахалж байгаа. Хоёр өөр байр суурьтай хүмүүсийг цуглуулж хуулийн аль хэсэгт ямар алдаа байгааг засах даалгаврыг Байнгы хорооноос өгсөн гэсэн үг. Банкны холбоо, арилжааны банкнуудын зүгээс захиргааны аргаар зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Гэхдээ дэлхийн 76 улсад энэ аргыг хэрэглэдэг. Яахав амжилттай, бас амжилтгүй тохиолдлууд бий. Хүмүүс зээлийн хүүг инфляци, хадгаламжийн хүү, эдийн засгийн өсөлт, гадны хөрөнгө оруулалт, Төв банкны мөнгөний бодлого гээд олон зүйлтэй холбож ярьдаг. Гэхдээ эдгээр зүйлийг 20 жил ярьж байгаа. Өнөөдрийг хүртэл Монгол Улс дэлхийд бараг хамгийн өндөр зээлийн хүүтэй байна. Үүнээс болоод аж ахуйн нэгжүүүд томрохгүй, хөгжихгүй байна. Тийм учраас миний хувьд зээлийн хүүгийн дээд хязгаарыг захиргааны аргаар зохицуулахаас өөр аргагүй гэж үзэж байгаа.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг энэ намрын чуулганаар хэлэлцэнэ гээд байгаа. Томоохон өөрчлөлтүүд гарч чадах болов уу?

-Үндсэн хуулийн асуудал бүлэг, байнгын хороогоор орсны дараа үзэл бодлоо илэрхийлэх нь зөв байх. Ер нь бол миний хувьд засаглалын хэлбэр парламентынх байсан нь дээр гэж үздэг. Харин гүйцэтгэх засаглал тэр дундаа Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх гэж байгаа нь цаг үеэ олсон хэрэг гэж бодож байна. Учиргүй сонгуулийн хууль зэрэгт өөрчлөлт оруулна гэдэгт би итгэхгүй байна. Тэр бол таамгаар л яригдаж байгаа зүйлүүд байх.


Categories
мэдээ нийгэм

Монгол Улс хүн амын тооллого явуулсны 100 жилийн ой тохионо

Одоогоос 100 жилийн өмнө буюу 1918 онд 647.5 мянга байсан манай улсын хүн ам өнөөдрийн байдлаар 3.2 саяд хүрлээ.

Монгол Улсад орчин үеийн Хүн амын тооллого явуулсны 100 жилийн ой энэ оны сүүлд тохиож байна.

Харин XXI зууны анхны Хүн ам, орон сууцны тооллогыг 2010 онд зохион байгуулсан бөгөөд ээлжит тооллогыг 2020 онд явуулахаар бэлтгэл ажлаа базааж байна. Тодруулбал, Монгол Улсын “Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль”-ийн дагуу Их Хурлын 2017 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн 76 тоот тогтоолоор Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллогын товыг тус оны нэгдүгээр сарын 8-9-нд шилжих шөнийн 00.00 цагаар тогтоосон юм.

Хүн ам, орон сууцны тооллогыг зохион байгуулж явуулах нь НҮБ-ын гишүүн орныхоо хувьд хүлээсэн үүргээ биелүүлж байгаа хэрэг юм. НҮБ-ын 2015 оны “Дэлхийн хүн амын тооллогын хөтөлбөр”-ийн хүрээнд гишүүн улс орнуудын Засгийн газар нь 2014 оноос 2024 оны хооронд хүн амаа хамгийн багадаа нэг удаа нэгдсэн аргачлалаар тоолох үүрэг хүлээсэн.

Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг 2020 онд явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмний аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөхөд туслах суурь мэдээлэл болж өгөх юм.

Categories
мэдээ улс-төр

​УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 13 тогтоолын төсөл хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар нийт 13 хууль, тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Чуулганы хуралдааны эхэнд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх юм.

Дараа нь Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Польш Улс хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ.

Түүнчлэн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай, Хэмжил зүйн тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээс гадна “Төрөөс дээд боловсролын салбарт баримтлах бодлогын талаар” Х.Болорчулуун гишүүнээс БСШУС-ын сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно.

Categories
мэдээ нийгэм

Аравдугаар сарын 26-нд болох үйл явдал

Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт “Соёлын орон зай: Тогтвортой хөгжил-Өв ба музей” эрдэм шинжилгээний бага хурал ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно.

09.00 цагт Улаанбаатар чуулгын байранд Эрүүл мэндийг дэмжигч байгууллага өрх, эрүүл мэндийг дээдлэгч өрх, иргэнд, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болно.

09.00 цагт МУИС-ийн номын сан Монгол Улсад Биеийн тамирын тэнхим үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас: 99002019

09.00 цагт Зэвсэгт хүчний 065-р ангид иргэн-цэргийн харилцаа, хамтын ажиллагааг дээшлүүлэх, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний талаар нийгмийн сэтгэл зүйд давамгайлсан сөрөг уур амьсгалыг өөрчлөх “Эерэг эх орон” аяны зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас: 88774344

09.30 цагт Хүүхдийн урлан бүтээх төвд Нийслэлийн архивчдын зөвлөгөөн эхэлнэ. Утас: 325044, 88071168

10.00 цагт НЗДТГ-ын “Б” танхимд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын тэргүүний ажилтнууд, иргэдэд шагнал гардуулах ажиллагаа болно.

10.00 цагт Архивын ерөнхий газарт “Мандухай сэцэн хатан” МУСК дэлгэцнээ гарсны 30 жилийн ойд зориулсан үзэсгэлэн, уран бүтээлчидтэй хийх уулзалт, өдөрлөг болно.

10.00 цагт ЭМЯ-нд Монголын яаралтай тусламжийн эмч, мэргэжилтнүүдийн үндэсний чуулган болно. Утас: 99012230

10.00 цагт Монголын Архитекторуудын Эвлэлийн ордон Монгол Улсын ууган архитектор Б.Чимэд агсаны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээ болно

10:00 цагт МЗХ-оос зохион байгуулж байгаа “Эврика-2018” эрдэм шинжилгээний их хурлын “Мөргүншил-соёл хүмүүжил” салбар хуралдаан БСШУСЯ-ны 401 тоот хурлын танхимд болно. Утас: 80080727, 96039398

10.00 цагт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны 253 дугаар цэцэрлэгийн 300 хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах арга хэмжээ болно. Утас: 99010499

10.00 цагт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд Хан-Уул дүүргийн арьс ширний үйлдвэрийн орчмын хөрсний бохирдлыг саармагжуулах аргыг боловсруулах судалгааны ажлын үр дүнгийн хэлэлцүүлэг болно. Утас: 99740500

10.00 цагт НМХГ-т нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн эзэмшлийн талбай, сургууль цэцэрлэгийн орчин, гэр хорооллын айл өрхийн ил задгай шугам сүлжээ, цахилгаан эрчим хүчний хангах түгээх байгууллагуудад хийгдсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Утас:91887887

10.00 цагт “Пума Империал” зочид буудалд ХЗДХЯ-наас “Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай” хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 88098212, 99662207

11.00 цагт Нийслэлийн цагдаагийн газраас өөрийн байрандаа галт зэвсгийн тооллого болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Монголын Хүүхдийн ордонд Багш нарын индексийн шагнал урамшуулал гардуулах ёслолын арга хэмжээ болно. Утас: 325044, 70113039

13.00 цагт “Corporate convention center”-т Монгол Улсад Усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн хурал болно.

15.00 цагт Улсын хүүхэлдэйн театрт “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийн нээлт болно. Утас: 325044