– УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН ХАРЬЯАНД БАЙГАА 450 ГАРУЙ КМ ТӨМӨР ЗАМЫН АШИГЛАЛТЫН ХУГАЦАА ДУУССАН –
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатартай ярилцлаа.
-Сүүлийн үед олны анхаарлыг татаж буй сэдвээр ярилцлагаа эхэлье гэж бодож байна. Таны эхнэрийг “Эпато анарваан” ХХК-даа Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас жилийн гурван хувийн хүүтэй 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан гэдэг баримт ил болсон. УИХ-ын гишүүний шугамаар уг зээлийг авахад таны оролцоо байсан гэж хардахаас өөр аргагүй байна л даа…
-Манай эхнэр найз нартайгаа хамтран байгуулсан компанидаа Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан юм байна лээ. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл аваад зориулалтын дагуу ашиглаж байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Эхнэр бид хоёр тус компанийн үйл ажиллагаанд оролцохоо болиод удаж байна л даа. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан компаниудаас нь тодруулга авах ёстой байх. Миний ойлгосноор тус компани нээлттэй сонгон шалгаруулалтад эх үрсийн эрүүл мэндийн чиглэлд төслөө өгч зээлээ авсан гэдэг мэдээлэл өгсөн. Уг компаниас аж ахуйн чиглэлийн үйл ажиллагааны мэдээллийг авах нь зөв.
-Уг 1.2 тэрбум төгрөгийг таныг хувийнхаа Банк бус санхүүгийн байгууллагаар оруулж эргэлдүүлсэн гээд байгаа шүү дээ?
-Миний хөрөнгө орлогын мэдүүлэг дээр бий. Энэ сангаас зээл авч элдэв бусаар ашиглаж байна, Банк бус санхүүгийн байгууллагаар эргэлдүүлсэн гэсэн байна лээ. Тийм зүйл огт байхгүй. Яригдаад байгаа компанийг үүсгэн байгуулахад манай эхнэр оролцсон нь үнэн. Гэхдээ эхнэр маань эрүүл мэндийн шалтгаанаар сүүлийн жилүүдэд уг компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар оролцоогүй. Тэр компани эрүүл мэндийн чиглэл, тэр дундаа эх үрсийн эрүүл мэндийн чиглэлийн үйлчилгээнд шинэ соёл нэвтрүүлж байгаа аж ахуйн нэгж. Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаас авсан зээлээ зориулалтын дагуу ашигласан гэдэг нь маш тодорхой байгаа юм билээ.
-Энэ мөнгийг та өөрийн Банк бус санхүүгийн байгууллагаараа оруулаагүй гэдгийг яаж батлах юм?
-Зориулалтын дагуу ашигласан. Энэ бүхэн тайлан тооцоотой явдаг зүйл.
-Гэхдээ УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хамаарал бүхий этгээд гэдгээр танай эхнэр яалт ч үгүй хамаарна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуульд хамаарал бүхий этгээд гээд заасан л даа?
-Монгол Улсын ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн зүйл байхгүй.
-Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтарыг өнгөрөгч зургадугаар сард найман вагоныг зориудаар унагасан талаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан мэдэгдсэн. Салбарын сайдын хувьд энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Юу гэж санаатайгаар вагон унагах вэ дээ. Б.Дэлгэрсайхан гишүүн буруу мэдээлэлтэй байсан байх. Өнөөдөр (өчигдөр) Б.Дэлгэрсайхан гишүүн, дэд сайд Л.Халтар хоёр уулзаж зөрүүтэй мэдээллээ солилцсон.
-Та Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсоноос хойш анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгч байна. Энэ салбарт ямар бодлого барьж ажиллах вэ?
-Засгийн газрын дөрвөн жилд хэрэгжүүлэх хөтөлбөр бий. Салбарын сайдууд Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Манай салбар үндсэн таван гол чиглэлтэй. Ялангуяа иргэний нисэхийн салбарт аюулгүй ажиллагааг хангах, тийзний үнийг буулгах, иргэдийн ая тухтай зорчих, бусад эдийн засгийн салбараа дэмжих салбар болгон хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Тиймээс УИХ долдугаар сард иргэний нисэхийн салбарт либералчлалыг эхлүүлэх, зарим нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасныг хэрэгжүүлэх ёстой. Гэхдээ МИАТ болон үндэсний агаарын тээвэрлэгчдийнхээ эрх ашгийг дээдэлж, үндэснийхээ эрх ашгийг бодох шаардлагатай. Иргэний нисэхийн салбарт аюулгүйн ажиллагааг голлон анхаарах нь зайлшгүй юм.
Авто замын салбарт бүтээн байгуулалтын ажлуудыг шуурхайлж 2020 оноос өмнө 21 аймгийг хатуу хучилттай авто замаар холбож, Үндэсний авто замын сүлжээ байгуулах ажлыг дуусгах хэрэгтэй. Тиймээс зарим концессийн гэрээ авсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шуурхайлна. Шаардлагатай гэвэл тэдэнд хариуцлага тооцох болно. Ирэх онд Дархан-Улаанбаатар, Налайхын замыг барьж эхэлнэ. Улаанбаатар хо-тоос дөрвөн эгнээ бүхий хамгийн аюулгүй олон улсын стандартад нийцсэн зам барина. Өнөөдөр бид 21 аймгийн Улаанбаатартай хоёр эгнээ замаар холбож байна. Тэгвэл энэ замын ажил хийгдсэнээр цаашид 21 аймгийг дөрвөн эгнээ замаар холбох ажил эхэлж байгаа юм. Тиймээс авто замын хийц, бүтэц дээр тооцдог аргачлалыг өөрчилнө. Нэг үгээр хэлбэл хөдөлгөөний эрчимтэй уялдуулж тэр авто замын бүтэц, хийцийг тооцдог аргачлал руу шилжинэ. Бид норм нормативыг баталж байж олон улсын стандартад нийцэж, замын ажил сайжирна. Нөгөө талдаа манай улсад хатуу хучилттай авто зам нэлээд баригдсан. Одоо барьсан замаа арчилж, хамгаалах бас нэг ажил бий. Өнөөгийн нөхцөлд норм нормативаар нь замаа арчилъя гэвэл авто замын салбарт жилдээ 55 тэрбум төгрөг шаардлагатай. Өмнөх жилүүдэд 10 гаруй тэрбум төгрөг тавьдаг байсан бол ноднин 20 тэрбумыг суулгаж өгсөн. Харин ирэх онд 30 тэрбумыг суулган Их хурлаар хэлэлцүүлж байна. Цаашид замын арчилгаа, засвар үйлчилгээнд шинэ техник технологийг оруулж ирэх төсөв санхүүг нь шийдэх ёстой.
Тээврийн салбарт Төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг Засгийн газрын хуралдаанаар батлуулсан. Тээврийн салбар хамгийн зохион байгуулалт муутай салбар болж хувирсан. Нэг аймгийн төвөөс портер машин хоосон гарч давхиад Улаанбаатараас ачаа ачаад буцдаг. Цаашид хоёр талдаа ачаатай явдаг байх тээвэр зохицуулалтыг олон улсын стандартад нийцүүлэх шаардлагатай. Тээврийн үйлчилгээтэй холбоотой яригдаж буй нэг том асуудал нь замын хөдөлгөөний аюулгүй байдал, ослыг бууруулах. Тиймээс би сайдаар томилогдсоны дараа Аваар ослыг бууруулах үндэсний стратегийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Ослыг бууруулахын тулд бид Замын хөдөлгөөний үндэсний зөвлөлийг байгуулах хэрэгтэй. Цаашлаад тэмдэг, тэмдэглэгээний томоохон шинэчлэлийг хийх цаг болжээ. Хөдөө орон нутаг руу явахад хаашаа яаж яваа нь ч мэдэгддэггүй. Тиймээс зарим зам дээр зураг авалт хийж аваар осол гарч буй замуудад мэргэжлийн дүгнэлт гаргадаг болно. Тухайлбал, Дарханы замд сая зураг авалт хийхэд 26 цэг байгаа юм. Үүнээс ес нь онцгой анхаарал татсан. Зам барих үедээ технологийн алдаа гаргаснаас болж хүнд даацын автомашин гулгаад замын хажуу руу ордог, гэрэл шилжүүлэх гэхээр үзэгдэх орчин хязгаарлагддаг гэх мэтчилэн зарим замуудад технологийн өөрчлөлтийг хийх юм. Мөн замын хөдөлгөөнд оролцож буй иргэдийн соёлыг дээшлүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Сошиал орчинд байгаа иргэдийн санал санаачилга дээр түшиглэж хийх ёстой. Тээврийн салбарт мөн ухаалаг тээврийн асуудал чухал. Ялангуяа Улаанбаатар хотоос Налайх руу явлаа гэхэд Налайхын наад талын мөнгө тушаадаг замын пост дээр түгжрэл үүсдэг. Үүнээс эхлээд жижиг юм шиг хэрнээ иргэдийн амьдралд нөлөөлдөг зүйлсийг тээврийн шинэчлэлийн хүрээнд хийнэ. Миний хувьд салбарын сайдаар ажиллаж байх хугацаандаа нэлээд том шинэчлэлийг хийх хүсэлтэй байгаа. Тиймээс холбогдох мэргэжлийн хүмүүстэй нь ярилцаж байна. Тээврийн салбарын хуульд өөрчлөлт оруулах хүрээнд хэд хэдэн тээврийн хуулийг өргөн барихаар ажиллаж байгаа гэдгийг хэлье.
-Төмөр замын салбарт ямар бодлого барих вэ. Төмөр зам гэдэг их айлын талаар янз бүрийн л мэдээлэл гарах юм?
-Миний хариуцаж буй салбараас хамгийн их анхаарал татаж байгаа нь Төмөр замын салбар. Өнөөдөр Улаанбаатар төмөр замын бүх зүйл гацаанд орчихсон.
-Гацаанд орсон гэдэг нь?
-Улаанбаатар төмөр зам ХНН жилд 25 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Энэ онд 25 сая тонноосоо давж биелж байгаа. Нэг үгээр хэлбэл хүчин чадлын даац хэтэрсэн. Түүнчлэн Улаанбаатар төмөр замын харьяанд байгаа 450 гаруй км төмөр замын ашиглалтын хугацаа дууссан. Өнгөрөгч зун Айраг өртөөнд вагон унасан шүү дээ. Үүн шиг осол гарах эрсдэл хэзээ мөдгүй болчихоод байна. Улаанбаатар төмөр зам өөрийн хөрөнгөөр жилд 50 км төмөр замыг шинэчилж байгаа. Энэ хурдаар явбал 10 жилийн дараа шинэчилж дуусна. Тиймээс хувь эзэм-шигчийн хувьд ОХУ-тай ярьж томоохон хөрөнгө оруулалт хийж шинэчлэл хийхгүй бол болохгүй нь. Төмөр замын вагоны олдоц байхгүй болсон. Дээрээс нь салбарынхаа хөгжлийн бодлогыг нийтэд нь авч үзээгүйгээс шалтгаалж төмөр замын зорчигч эрс багассан. Тухайлбал, Замын-Үүд рүү хэдэн цаг машинаар давхиад очиж байхад заавал төмөр замаар хонон өнжин очих нь түвэгтэй болж эхэлсэн. Цаашдаа төмөр замыг өнөөдрийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж хэрхэн зохион байгуулах вэ гэдэг асуудлыг ирэх арваннэгдүгээр сард ОХУ-д айлчлахдаа хойд хөршид саналаа хүргүүлнэ. Төмөр замын салбарт томоохон шинэчлэл хэрэгтэй. УИХ, Засгийн газрын түвшинд шийдвэрлэх асуудал их байна.
-Шинэ төмөр замын асуудлууд хаашаа яаж шийдэгдэх юм бол?
-Үе үеийн Засгийн газрууд төмөр зам барьж уул уурхай, эдийн засгаа дэмжинэ гэдэг. Өнөөдөр бүтээн байгуулаад газар шорооны ажил хийсэн зүйл алга. Эхний ээлжинд Гашуунсухайт-Таван толгой, Гашуунсухайт-Сайншанд чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлэх шаардлагатай. Тиймээс энэ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хийх төрийн өмчит компаниудыг байгуулах ажил явж байна. Энэ ондоо багтаж эдгээр төмөр замын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа. Хоёрдугаарт, Шивээхүрэн-Нарийнсухайт, Зүүнбаян-Ханги, зүүн коридорт байгаа Эрдэнэт-Арц суурийн чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын шийдвэр Их хурлаас гарсан. Царигтай холбоотой зарим нэг шийдлүүдийг ойрын үед Их хуралд орж шийдүүлнэ. Засгийн газрын хуралдаанаар Шивээхүрэн-Нарийнсухайтын царигийн асуудал орж дэмжигдсэн.
-Өргөн, нарийн цариг гээд хэл ам болдог. Эдийн засаг талаасаа ч тэр нарийн царигаар тавигдах юм байгаа биз дээ?
-Нарийн цариг тавигдана. Эрдэс баялгийн салбарт зориулагдсан болохоос төмөр замын үндсэн шугамд холбогдоогүй тул эдийн засгийн үр ашгийнх нь үүднээс ийм шийдвэр гаргасан. Энэ асуудлыг удахгүй Их хуралд оруулна. Гишүүд дэмжээд явна гэж итгэж байгаа.
Ер нь зам, тээврийн салбарт боловсон хүчний бодлогыг төгөлдөржүүлэх шаардлагатай. Нөгөө талаасаа мэргэшсэн байх тал дээр онцгой анхаарч байна. Зам, тээврийн салбар технологийн шийдэл гаргадаг. Тиймээс мэргэжлийн хүмүүс байх ёстой. Мэргэжлийн хүмүүс нь мэргэжлийн байр суурин дээр ажиллах шаардлагатай.
-Нислэгийн тийзний үнийг бууруулах тал дээр ямар бодлого барих юм бэ. Манай улсын тийзний үнэ маш өндөр байдаг тул аялал жуулчлал хөгжихөд саад болдог гэдэг. Зуны улиралд үйлчлүүлэгчид нь их байхад МИАТ өөрийн онгоцоо гадаад улсад түрээслээд байдаг юм биш үү?
-Иргэдийн зүгээс тийзний үнийн буулгах талаар маш их санал хэлдэг. УИХ-ын гишүүд ч маш их ярьдаг болсон. Цаашид олон улсын нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Мөн үндэсний тээвэрлэгч МИАТ компани бусад авиа компаниудын засаглалыг сайжруулж, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх ёстой. Түүнчлэн тийзний үнэ нэмэгдэхэд нөлөөлж буй шатахуунтай холбоотой бусад зүйлсийг олон улсын өрсөлдөөний жишигт нийцүүлэх цаг болсон гэж бодож байна. Энэ бүгдийг хийж ирэх зун гэхэд тийзний үнийг бууруулахаар зорьж ажиллаж байгаа. Нөгөө талдаа шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орж байгаатай холбоотойгоор тийзний үнэд нөлөөлөхүйц зүйлс яригдаж байгаа шүү. Тиймээс бид аль болох иргэдийн нуруунд ачаа үүрүүлэхгүйгээр өнөөгийн үнийг бодит түвшинд бууруулахад анхаарал хандуулж байгаа юм.
-Үйлчлүүлэх хүмүүс нь өдөр хоногоо хүлээн дугаарлаж байхад МИАТ яахаараа онгоцоо гадаад улсад түрээсэлдэг юм бэ. Тэр онгоцоо түрээслэхийн оронд тийзний үнийг буулгаад нислэг үйлдүүлж болохгүй юу?
-МИАТ онгоцоо нойтон түрээсээр гадагшаа түрээсэлж байгаа. МИАТ ирэх оны нэг болон тавдугаар сард хоёр шинэ онгоц түрээсээр авна. Гадагшаа нойтон түрээсээр ашиглуулж байгаа онгоцуудаа дотоодын өөрийн нислэгт ашигла гэж байгаа л даа. Ингэснээр МИАТ компани зарим чиглэлд гарч буй нислэгийн давтамж нэмэгдэх үед өөрсдийн дотоодын нислэгийг хангах боломж бүрдэнэ.
-Нийслэлийн авто замын түгжрэл “0” зогсолт хийх хэмжээнд хүрлээ. Салбарын сайдын хувьд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Намайг сайд болох үеэр нийтийн тээвэр, Улаанбаатар хотын түгжрэлтэй холбоотойгоор гишүүд асуулт асуусан. Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх үндсэн гарц нь нийтийн тээвэр. Дэлхийн олон хотууд авто замын түгжрэлийн шийдлээ давхар зам тавих, авто замаа өргөтгөх гэх мэтчилэн олон арга замаар шийдсэн. Гэхдээ үндсэн арга зам нь нийтийн тээврийг хөгжүүлэх. Нийтийн тээвэр ая тухтай, цаг хугацаандаа очдог иргэн бүр үйлчлүүлэх боломжийг нээж өгсөн тийм л нийтийн тээвэртэй болох ёстой. Бид нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийг хийх цаг болсон. Үүний тулд тусгай замын ви ар ти автобусыг ирэх жил явуулах, тус автобусны шугамыг хийх ажлыг эхлүүлэхээр ярилцаж байна. Мөн нийтийн тээвэрт явж буй автобусны шугам, автобусны насжилт, нийтийн тээврийн үйлчилгээний соёлтой холбоотой асуудал бий. Ойрын үед бид үүн дээр тодорхой шийдэл гаргана.
Дэлхийн бусад орнуудын жишгийг харж байхад ажилдаа очихдоо автомашинаа унаж очоод өдөржин ажлынхаа гадаа зогсоож байснаас нийтийн тээврээр үйлчлүүлэхийг илүүд үздэг болсон. Ер нь нийтийн тээврээр л түгжрэлийн асуудлаа шийдсэн байдаг.
-Зам, тээврийн хөгжлийн яаман дээр маш их мөнгө эргэдэг гэж ярьдаг. Тэр утгаараа авлига, албан тушаалаа урвуулан ашиглах явдал их бий. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Яамныхаа мэргэжилтэн албан хаагчидтай нэг бүрчлэн уулзсан. Би хоёр шаардлага л тавьж байгаа. Нэгдүгээрт, төрд тангараг өргөсөн албан хаагч учраас мэргэшсэн, ажилдаа чин сэтгэл гаргаж ажиллаач ээ. Хоёрдугаарт, аливаа хувийн ашиг сонирхлоос хол ажиллана шүү. Улс төрийн нам, хэн нэгэн хүний шахааны хүн байж болохгүй гэдэг асуудлыг хэлсэн. Энэ салбарт яригддаг хөрөнгө мөнгө, хувийн ашиг сонирхлын талаарх хардлага байдаг.
Тиймээс ил тод нээлттэй ажиллах болно. Яамны дэргэд орон тооны бус олон нийтийн зөвлөлүүдийг ажиллуулахаар яригдаж байна. Ингэснээр ард түмэнд тендерээс эхлээд олон зүйл нээлттэй болох юм.