Categories
мэдээ спорт

“Аваргын гараа” өсвөрийн үндэсний бөхийн барилдааны шилдгүүд тодров

МУГТ, Дархан аварга Г.Өсөхбаярын нэрэмжит “Аваргын гараа” өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаан энэ амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Барилдаанд 16 байгууллагын 180 орчим өсвөрийн бөхчүүд 3 насны ангиллаар өрсөлдөж, багийнхаа дүнгээр спортын сургалттай ерөнхий боловсролын сургууль түрүүлж, Батцэнгэл сумын ЕБС-ийн баг удаалсан юм.

Энэхүү барилдааны зорилго нь үндэсний бөхийн барилдааныг сонирхох хүүхдийн тоог нэмэгдүүлэх, залуу хойч үеэ бэлтгэх, хүүхдийн бие бялдрыг өв тэгш хөгжүүлэх зорилготойгоор жил бүр зохион байгуулдаг юм. Тус барилдааны нээлтэд МҮБХ-ны тэргүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, дэд тэргүүн улсын заан Ц.Магалжав, БТСГ-ын дарга, МУГТ Ц.Шаравжамц, Архангай аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн Б.Өсөхбаяр, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Д.Рагчаа, “Сокол” ХХК-ий захирал “Бөхбилэгт” дэвжээний гүйцэтгэх захирал Н.Алтаншагай нар хүрэлцэн ирсэн байлаа. Нээлтийн үеэр Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Улсын заан Ц.Магалжав нар аавынхаа нутаг Архангай аймгийн хүндэт иргэн боллоо. Аваргын аав Бадмаанямбуу Цэнхэр сумын хүн, зааны аав Цэрэндашдорж Өгийнуур сумын хүн байжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуурамч шатахууны үйлдвэрлэгч сүлжээ гэмт хэргийн мөрөөр

-400 ГАРУЙ ШТС ХУУРАМЧ ШАТАХУУН БОРЛУУЛЖ БАЙНА ГЭВ-


Шатахуун импортлогч компаниуд Онцгой албан татвар төлдөг. Тиймдээ ч шатахууны үнэ жилээс жилд нэмэгдэж байгаа. Тэгвэл татвараас зугтааж, хуурамч шатахуун үйлдвэрлэж, хэрэглэгч нарт худалдаалж онц их хэмжээний ашиг олж, мөнгө угаадаг гэмт хэргийн томоохон сүлжээ Монголд бий болжээ. Хил гаалийнхан, мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаагийн томоохон албан тушаалтнууд, хуурамч шатахуун үйлдвэрлэгч компаниудын эзэд, хөдөө орон нутагт худалдан борлуулалт хийдэг шатахуун түгээх станцын эзэд гээд хамрах хүрээ олон гэнэ. Хуурамч шатахуун үйлдвэрлэгч гэмт хэрэгтнүүд татвараас зугтааж, улсад онц их хэмжээний хохирол учруулсныхаа төлөө хэдэн зуун тэрбум төгрөгний ашиг хүртэж байгаа гэдгийг эх сурвалж онцолж байв. Бүр дэлхийд хуурамч, чанаргүй шатахуун нийлүүлдэг гэдгээрээ алдартай компани ч манай улсад хэдийнэ ороод ирсэн. Өөрсдийн шатахууны “найрка” хийх үйлдвэртэй болсон. Тэндээ өдөр шөнөгүй хуурамч шатахуун үйлдвэрлэж байдаг гэх ноцтой мэдээллийг эх сурвалж онцолж байв. Энэ талаар нэхэн сурвалжилж уншигч та бүхэнд хүргэж байна.

ТАТВАРААС ЗУГТААХ АРГА БУЮУ ХУУРАМЧ ШАТАХУУНЫ ТҮҮХИЙ ЭД ХИЛЭЭР ОРУУЛЖ ИРДЭГ СҮЛЖЭЭ

Керосин, хөнгөн фракцийн бензин буюу нафта, дистиллят, нүүрс-устөрөгчийн хольц гэх мэт 22 нэр төрлийн бүтээгдэхүүн шатахууны найрлагад буюу үйлдвэрлэхэд ордог байна. Өөрөөр хэлбэл дээрх 22 төрлийн бүтээгдэхүүнийг хооронд нь холиод шатахуун гарган авдаг гэнэ. Гэхдээ стандартын дагуу орцыг нь тааруулж, тусгай технологиор шатахуун гарган авч байж чанартай шатахуун болдог байна. Тэгвэл энэ төрлийн бизнес хийгчид болон тэдэнтэй халаас нэгтэй гэгдэх улс төрийн томоохон бүлэглэл хууль бус аргаар их хэмжээний ашиг олох боломжийг өөрсдөө нээж өгчээ. Шуудхан хэлэхэд шатахуун хийхэд ордог керосин, хөнгөн фракцийн бензин буюу нафта, дистиллят, нүүрс-устөрөгчийн хольц гэх мэт 22 нэр төрлийн бүтээгдэхүүнийг улсын хилээр ямар нэгэн гаалийн болон бусад төрлийн татваргүйгээр оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлж чаджээ. Өөрөөр хэлбэл шатахуун хилээр орж ирэхэд онцгой албан татвар авдаг мөртлөө, түүхий эдийг нь оруулж ирэхэд ямар ч татвар авахгүй байхаар татварын тухай хуулийн зохицуулалтыг өөрсдөдөө ашигтайгаар хийж чадсан байна. Сүүлийн хоёр жилийн гаруйн хугацаанд 202 мянга гаруй тонн шатахуун үйлдвэрлэхэд ордог үндсэн болон нэмэлт бүтээгдэхүүн хилээр орж ирсэн гэх тоон судалгаа байна. Мөн өнгөрсөн жилийн эхний есөн сарын байдлаар 49.988 тонн керосин манай улсын хилээр орж иржээ. Улмаар шатахууны гол түүхий эд болох хөнгөн фракцийн бензин буюу нафта 17.259 тонн, нэмэлт бүтээгдэхүүнүүд нь 33.216 тонн хилээр нэвтэрсэн байна. Импортлогчид энэ жил л гэхэд 100,463 тонн хуурамч шатахуун үйлдвэрлэх хэмжээний бүтээгдэхүүн хилээр оруулж ирсэн гэх мэдээлэл байх юм. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ дунджаар 650 ам.доллар байсан.Тэгвэл керосин, хөнгөн фракцийн бензин буюу нафта, дистиллят, нүүрс-устөрөгчийн хольц гэх мэт 22 нэр төрлийн бүтээгдэхүүн шатахуунаас хоёр дахин бага буюу 300 орчим ам.доллараар худалдаалагддаг байна. Тэд үүнийг овжин ашиглаж чадсан байгаа юм. Хоёр дахин бага үнэтэй бүтээгдэхүүнүүдийг худалдаж аваад ямар нэгэн татвар төлөхгүйгээр хилээр оруулаад ирнэ. Үүнийхээ дараа хооронд нь хольж хутгаад маш хямд зардлаар шатахуун үйлдвэрлэнэ. Түүнийгээ Монголын зах зээлд худалдаалагдаж байгаа үнээр борлуулна. Ингээд хэдэн тэрбум төгрөгний ашиг олж чаджээ. Хуурамч бензин үйлдвэрлэгчид 60 гаруй тэрбум төгрөгийн ашгийг сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд олсон байж магадгүй байгаа аж.

Зөвхөн эдгээр бүтээгдэхүүнүүдийг найруулж, шатахуун гаргаж авахаас гадна дизелийн түлш дээр керосин нэмж арвижуулан зардаг гэх мэдээлэл байгаа юм. Шатахуун дээр ч нафта нэмэн мөн л бензинийхээ чанарыг алдагдуулан арвижуулж зардаг гэнэ. Бидний хамгийн сайн мэдэхээр сүү, айраг, шингэн цагаан идээн дээр ус нэмэн зарж, ашиг олдогтой адилтгаж болохуйц үйлдэл юм. Энэхүү хуурамч шатахууныг хэрэглэгчид авч, машин нь эвдрэл гэмтэлд нэрвэгдэж байна.

Хуурамч шатахуун үйлдвэрлэхэд ашиглагдаж байгаа 22 нэр төрлийн бүтээгдэхүүнийг шатахуун үйлдвэрлэхээс өөрөөр манай улсад бараг ашигладаггүй. Зэс угааж, боловсруулахад ашигладаг ч хувь хэмжээ нь маш бага байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, зэс угааж боловсруулахад маш бага ордог керосин, хөнгөн фракцийн бензин буюу нафта, дистиллят, нүүрс-устөрөгчийн хольц гэх мэт 22 нэр төрлийн бүтээгдэхүүн их хэмжээгээр хилээр орж ирж байгаа нь шууд утгаараа хуурамч шатахуун үйлдвэрлэхэд ашиглаж байгаа нь маш тодорхой гэсэн үг юм. Хил гаалиар татваргүй орж ирсэн түүхий эдийг юунд хэрхэн зарцуулж байгаа вэ гэдгийг мэргэжлийн хяналтын газраас хянах үүрэгтэй. Харамсалтай нь мэргэжлийн хяналтын газраас энэнд огт анхаарал хандуулдаггүй. Керосин, хөнгөн фракцийн бензин буюу нафта, дистиллят, нүүрс-устөрөгчийн хольц гэх мэт 22 нэр төрлийн бүтээгдэхүүнийг юунд зарцуулж байгааг нэг ч удаа шалгалт хийгээгүй гэдгийг эх сурвалж онцолж байв. Бүр хуурамч шатахуун үйлдвэрлэж байгаа томоохон үйлдвэр бий болсон. Хөдөө орон нутаг руу борлуулалт хийгдэж байхад Тагнуулын ерөнхий газар, ЦЕГ-ынхан огт мэдэхгүй юм шиг сууж байгаа ажээ.

ХУУРАМЧ ШАТАХУУНЫ ҮЙЛДВЭРЛЭЛТЭЭРЭЭ “ТРАФИГАРУ” ГЭХ КОМПАНИ ТОЛГОЙ ЦОХИДОГ ГЭВ ҮҮ

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр “2015 оноос эхлэн иргэд чанаргүй шатахууны талаар гомдол гаргадаг ч дорвитой арга хэмжээ авалгүй өнөөг хүргэсэн. 2017 онд уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг гарч стандартын бус иргэдийн хэлээд байгаа шиг хуурамч шатахууны мөрөөр шалгалт хийсэн байдаг. МХЕГ-аас “Трафигару”, “Транс Гайд”, “Хар мөрөн импекс”, “Ай Си Ай Си”, “Петролиум продакшн” зэрэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагааг хаах санал оруулсан байна. Энэхүү шалгалтын дүн одоо хүртэл гацсан, Засгийн газарт танилцуулагдаагүй юм билээ. Өмнөх шалгалтын дүнгээ огт танилцуулаагүй хэрнээ дахин хамтарсан ажлын хэсэг зарлажээ. Бид өмнөх ажлын хэсгийн шалгалтын дүнг танилцуулаач гэсэн шаардлагыг Засгийн газар хүргүүлж байгаа” хэмээн мэдэгдэж байсан. Мөн хуурамч шатахуун худалдаалдаг 400 гаруй шатахуун түгээх станц Монголд бий болоод байгаа гэнэ. Тэгвэл Монголд хуурамч шатахуун үйлдвэрлэж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай “Трафигура” хэмээх компани байдаг гэх мэдээлэл байгаа юм. Багахангай дүүргийн шатахуун нөөцлөх газарт түүхий эд вагоноор очдог. Тэнд нь химийн бодисуудыг хооронд нь хольж хутгаад шатахуун болгодог гэнэ. Тус компанийг Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан нэгэн генерал арыг нь дааж хамгаалдаг гэх мэдээллийг эх сурвалж онцолж байв. “Трафигура” хэмээх компани олон оронд шатахууны түүхий эд нийлүүлдэг. Сүүлийн жилүүдэд Африкийн орнуудад нийлүүлж буй шатахуун нь чанарын шаардлага хангахгүй байгаа. Олон орон тус компанийн шатахуунаас татгалзаад байгаа гэх мэдээлэл ч байгаа юм.


Categories
мэдээ нийгэм

ЭХЭМҮТ нисдэг тэрэг буух талбайтай боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан эмнэлгүүдийн гадна талбайн тохижилтын ажлыг хийж байгаа нь иргэдийн талархлыг хүлээсэн ажил болоод байгаа юм. Өнгөрсөн хугацаанд ГССҮТ, Хавдар судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Шастины нэрэмжит Улсын III эмнэлэг, Амгалан амаржих газар, Хан-Уул дүүргийн 1 дүгээр амбулатори, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг зэрэг 12 эмнэлгийн гадна талбайн тохижилтыг хийж гүйцэтгэсэн билээ. Тэгвэл өнөөдөр Өргөө амаржих газар болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна талбайн тохижилтын ажлыг хүлээн авлаа.

Авто машины зогсоол хоёр дахин нэмэгджээ

Өргөө амаржих газрын тохижилтын ажлын хүрээнд 150 авто машины зогсоол, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, явган хүний зам хийсэн байна. Өмнө нь 80 орчим машины зогсоолтой байсныг 150 болгон нэмэгдүүлжээ. Тоосжилт ихтэй, зохион байгуулалтгүй, замбараагүй байсныг зураг төслийн хүрээнд шинэчлэн хийсэн болохоор зөв зохион байгуулалттай болсон гэдгийг тохижилтын ажлыг гүйцэтгэгч компанийн төлөөллүүд хэлж байв.

Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Г.Баясгалан “Манай эмнэлгийн гадна талбай замбараагүй, зохион байгуулалт маш муу байсан. Одоо бол үйлчлүүлэгчид амрах талбайтай, 150 машины зогсоолтой болсон. Ирж үйлчлүүлж буй иргэдийн сэтгэл ханамж маш өндөр байгаа. Бидний зүгээс нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхандаа талархаж байгаагаа илэрхийлье” хэмээж байлаа.

ЭХЭМҮТ нисдэг тэрэг буух талбайтай боллоо

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажлын хүрээнд 16000 ам метр талбайд асфалтан хучилт, нисдэг тэрэгний буух талбай, 150 гаруй авто машины зогсоол, явган хүний зам, 2500 ам метр талбайд ногоон байгууламж, 70 ширхэг гэрэлтүүлэг, хоёр байрлалд хүүхдийн тоглоомын талбай зэргийг цогцоор нь шийдэж өгсөн байна.

НИТХ-ын дарга С.Амарсайхан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, НЗДТГ, УБЗАА иргэдийнхээ эрүүл аюулгүй, ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бий болгох чиглэлд анхааран ажиллаж байна. Үүний нэг жишээ бол өнөөдрийн бидний хүлээн авч буй бүтээн байгуулалтын ажил юм. ЭХЭМҮТ-ийн 1100 ажилтан, албан хаагчдын ажиллах орчныг сайжруулах, түүгээр үйлчлүүлж буй иргэдийн эрүүл, аюулгүй нөхцөл байдлыг хангах, авто машинаа байршуулахаас эхлүүлээд алхах гишгэх газар бүхнийг шаардлага хангасан хэмжээнд хүргэхийн төлөө энэ бүхнийг хийсэн. Энэ бүтээн байгуулалтын ажил цаашид үргэлжлэх болно” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй гуравдугаар шатлалын эмнэлэг болон нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хоёрдугаар шатлалын эмнэлэг, төрөх эмнэлгүүдийн тохижилтын ажлыг бүрэн хийж дуусгана гэсэн томоохон зорилго тавин ажилласан. 2016 оноос хойш 14 эмнэлгийн тохижилтын ажлыг хийсэн. Нийт 18 эмнэлгийн тохижилтыг хийнэ. Иргэд бухимдалгүй, түгжрэлгүй, тохилог орчинд үйлчилгээ авах хэрэгтэй гэсэн зорилт тавин ажилласан. Энэ ажил нийслэлийн иргэдийн талархалыг хүлээсэн ажил болоод байна. Монгол Улсын хаанаас ч түргэн хугацаанд ирж үйлчлүүлж болохоор орчин үеийн, дэлхийн стандартад нийцсэн нисдэг тэрэгний буух талбайтай болсноороо онцлог. Мөн ГССҮТ, ХӨСҮТ-үүд нисдэг тэрэгний буух талбайтай болсон байгаа” хэмээлээ.

Тохижилтын ажлыг хүлээн авах арга хэмжээний үеэр ЭХЭМҮТ-ийн хамт олноос Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нарт талархалаа илэрхийлж, дурсгалын зүйл гардуулан өгсөн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

ИНФОГРАФИК: Конвенц соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд баталсан хууль тогтоомжуудын талаар бэлтгэсэн инфографикуудыг Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцыг соёрхон батлах тухай хуулийн инфографик болон танилцуулгыг толилуулж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн “Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцыг соёрхон батлах тухай” хуулийн төслийг Монгол Улсын Их Хурал 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Арбитрын байнгын шүүх нь Нидерланд Улсын Гааг хотноо байрладаг олон улсын маргаан шийдвэрлэдэг Засгийн газар хоорондын байгууллага бөгөөд одоогоор 121 улс уг байгууллагад гишүүнээр элсжээ.

Уг байгууллага нь гишүүн улс орон, Засгийн газар хоорондын олон улсын байгууллага болон хувийн аж ахуйн нэгжүүдийн хооронд олон улсын гэрээ хэлэлцээртэй холбоотой үүссэн маргааныг түр арбитр байгуулан хянан шийдвэрлэдэг байнгын үйл ажиллагаатай байгууллага юм. Гишүүн орон нь олон улсын эрх зүйн мэдлэгтэй, арбитрын үүргийг гүйцэтгэх чадвартай, ёс зүйн өндөр нэр хүндтэй 4 хүртэлх хүнийг Шүүхийн гишүүнээр сонгож болно. Тус байгууллага нь маргалдагч талууд хэн байхыг үл харгалзан түр болон хувийн арбитраас хямд өртөгөөр маргааныг зохицуулах зорилготой бөгөөд тус байгууллагын Олон улсын товчооны хуулийн ажилтнууд гишүүн улсдаа арбитрын ажиллагаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх чиглэлээр зөвлөгөө, мэдээллээр ханган ажилладаг байна.

Монгол Улс Арбитрын байнгын шүүхийн гишүүн болсноор жилд 1071 еврогийн төлбөр төлөх үүрэг хүлээнэ.

Арбитрын байнгын шүүхийн Олон улсын товчоо нь гишүүн улсуудтайгаа хамтран олон улсын арбитр болон маргаан шийдвэрлэх чиглэлээр төрийн албан хаагч, хуульч болон бусад мэргэжилтнүүдийг сургах, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, тухайн орнуудад хөрөнгө оруулалтын орчин, хууль тогтоомжийг боловсронгуй болгоход туслалцаа дэмжлэг үзүүлдэн ажилладаг тул гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадаад худалдаа өргөжиж байгаа үед аливаа маргааныг хямд өртгөөр зохицуулах арбитрын байнгын шүүхийн гишүүнээр элсэх нь зүйтэй гэж үзлээ.

Categories
мэдээ цаг-үе

Атрын гурван аяныг үзсэн буурал тариаланч Д.Батаагийнх

Д.Батаа “Өгөөж сүмбэр” компанийн захирал, охин Б.Пүрэвжаргалын хамт

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

“Өвгөн ах нь газар тариалантай амьдралаа холбоод нэгэн жаранг туулжээ. Цэл залуухан насандаа энэ нутагт ирж, атрын анхны шанг татаж байлаа. Би шинэхэн трактороор энэ нутгийн зөөлөн, шимт хөрсийг хөндөж, загон татаж байсан түүхтэй. Хавар атрын хөндий талд улаанбуудайн нялх соёо бор хөрснөөс цухуйчихсан байх эсвэл намрын хонгор шаргал өдрүүдэд болц нь гүйцсэн тариа хээрийн салхины аясаар найган давалгаалан шаргихад их дуртай. Газар эх хөдөлмөрлөж, хөлсөө дуслуулан хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хүнд үр шимээ харамгүй өгдөг юм даа. Түүний үр шимийг хүртэж явна даа өвгөн ах нь” хэмээн Монгол Улсын Гавьяат механикжуулагч Д.Батаа гуай хэлсэн юм. Өдгөө 90 нас хүрч байгаа өвгөн тариаланч энэ жил арвин их ургац хураан авч байна лээ. Га-гаас 20 гаруй центнер улаанбуудай хураан авч байгаа гэнэ. Өнгөрсөн улсын баяр наадмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас “Гавьяат механикжуулагч” хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн Д.Батаа гуайнд очиж тариан талбай дунд өнжлөө. Д.Батаа гуай Октябрын Сангийн аж ахуй буюу одоогийн Төв аймгийн Сүмбэр сумандаа 60 гаруй жил улаанбуудай тариалан амьдарч байгаа анхны атарчин юм.

Биднийг Д.Батаа тариаланчийн гэрт очтол гэрийн эзэн эзгүй байв. Сумын эмнэлгийн ахмад ажилтнууд уулзалдаж байгаа гэнэ. Тэр уулзалтад хүндэт зочин болон уригджээ. Түүний гар утас руу залгаж, сумын төвд ирчихсэн байгаа гэдгээ хэлтэл өөдөөс “Ах нь одоохон очно. Манай үтрэмийн хашаанд очиж бай. Тэнд манай охин байгаа” гэж хэлээд утсаа салгачихлаа.Бид түүний хэлснээр “Өгөөж сүмбэр” компанийн үтрэмийн талбайд очлоо. Цементэн талбай дээр улаанбуудайг хөл гишгэх зайгүй шахам нуруулдаад асгачихсан байв. Компанийн ажилтнууд борви бохисхийлгүй л ажиллаж байгаа харагдлаа. “Өгөөж сүмбэр” компанийн захирал Б.Пүрэвжав гэх эмэгтэй биднийг тосч авч уулзлаа. Тэрбээр “Цас орохоос өмнө тариа хураалтаа дуусгачих гээд л зүтгэж байна. Бороо, цас орсоор байгаад улаанбуудайн болц жаахан удааширсан. Саяхан манай талбайгаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирээд явлаа. Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам энэ жил улаанбуудай өндөр үнээр худалдаж авна гэсэн. Бид хурааж авсан улаанбуудайгаа зарах асуудалд санаа зовохгүй байгаа” гээд ярилаа. Биднийг ийн ярилцаж байтал Д.Батаа гуай хүрээд ирлээ. Тэрбээр гавьяатынхаа тэмдгийг зүүчихсэн, тод ногоон өнгийн дурдан бүс бүсэлж, бүрх малгай духдуулан тавьжээ.

90 нас хүрч байгаа хөгшин гэхэд хөнгөн шингэн гэж жигтэйхэн юм. Бидэнтэй мэнд мэдэлцэж, хөөрөглөв. Тэгснээ “Хэдүүлээ тариан талбай дээр очиж байгаад ярилцах уу. Надад бас тэнд очих ажил байна. Нас хөгширсөн болохоор хэдэн хүүхдүүддээ заавар зөвлөгөө л өгөх юм. Гэхдээ нэг үеэ бодвол манайхан тариа тарихдаа овоо туршлагатай болоод байгаа шүү” гэв. Ингээд сумын төвөөс гарч, баруун хойшоо давхилаа. Загдалын гол захаасаа зайрмагтан хөлджээ. Замд өвс навсайтал ачсан машинууд зөрнө. Намар цагийн хөдөөд малчид өвөлдөө бэлдэж байгаа нь энэ билээ.

Намар хоёр ч удаа тариалангийн бүс нутагт цас орсон. Энэ талаар өвгөн тариаланч “Зурагт, телевизээр тариа цасанд дарагдаж унаад сүйд болоод байгаа гэх мэдээлэл гарч байна лээ. Яахав тариа унасан нь үнэн. Гэхдээ комбайнаар хадаж байгаа болохоор давгүй. Сая хэд хоног цаг агаар тун чиг сайхан байлаа шүү дээ. Энэ үеэр манайхан тариагаа овоо хураачихлаа. Одоо хэдхэн хоночихвол ургац хураалт дуусна. Энэ жилийн буудайны чанар сайн байгаа. Цавуулаг чанар, хог хаягдал бага гарч байна. Бусад айлын талбайд ямар байгааг мэдсэнгүй” гэв. Бид Жавхлант толгойн зүүн дор, Бор өндөрийн өвөрт очлоо. Тариа хураалт ид өрнөж, комбайны дуу хөндий талаар нүргэлэн сонсогдох ажээ.

АЙЛД ӨРГӨГДСӨН НЬ

Д.Батаа гуай Увс аймгийн Ховд сумынх гэнэ. Түүнтэй удам судрынх нь талаар яриа дэлгэв. Тэрбээр 1929 онд Хижиг гэх хүний ууган хүү болон мэндэлсэн байна. Тэрбээр төрөөд долоо ч хонолгүй айлд өргөгджээ. Сонин нь түүний төрүүлсэн аав, ээж болон өргөж авсан аав нь эхийнхээ хэвлийд байхад нь өргөж авах талаар хэдийнэ тохиролцсон байсан гэнэ. Түүнийг өргөж авсан аав Доржийнх зургаан охин ганц хүүтэй айл байж. Гэтэл ганц хүүг нь өвчин ээрээд байсан аж. Ингээд нутгийнхаа мэргэн хүнд үзүүлтэл “Их ядуу тарчиг амьдралтай айлаас могой жилтэй хүүхэд өргөж ав. Тэгвэл танай энэ хүүхэд хүн болно” гэж хэлсэн гэнэ. Арга чарга нь барагдсан Дорж нутгийнхаа айлуудаар бууж, өргөж авах хүүхдийн эрэлд гарчээ. Тэгсэн нутгийн урд хэсэгт орших Бор хад хэмээх газарт их ядарсан амьдралтай айл нүүж чадалгүй хар нутагт хаягдаж үлдсэн, эхнэр нь тогоон чинээ гэдэстэй байсан гэж нутгийн хүнээс сонсчээ. Үүнийг сонссон даруйдаа нөгөө айлаа зорин очсон гэнэ. Нар, сар гэрэлтсэн гэртэй, гэрийнхээ гадаа ганц бор морь, хэдхэн ямаатай залуухан хосууд хар нутагт үлдсэн нь үнэн байжээ. Гэрийн эзэгтэйг нь харсан эрэгтэй хүүхэд тээж байгаа нь илтэд мэдрэгдсэн байна. Тэгэхээр нь шууд л хүүхдийг нь өргөж авах талаар гэрийн эздэд хэлж, хадаг барьжээ. Ингэж л эхийнхээ хэвлийд бүрэлдэн байгаа хүүг өргөж авахаар тохиролцож, гэрийнхээ ойр буулгахаар болж, ачаа хөсөг зөөх тэмээ өгсөн байна. Д.Батааг өргөж авсан аав нь сумандаа мал хөрөнгө ихтэй нэгэн байсан гэнэ. Мөн феодалуудын малыг хурааж авах үед төрсөн аав, ээжид нь 100 гаруй мал тасдан өгч байсан түүхтэй аж. Түүнийг таван настай байхад өргөж авсан аав нь 73 насандаа өөд болсон байна. Удалгүй ах нь цэрэгт явж, ээжтэйгээ үлджээ. Мичин жилийн зуднаар хонь, ямаа, адуу, тэмээгээ нутгийн хүмүүст өгч, отроор явуулсан байна. Харин Д.Батаа ээжийнхээ хамт 30 гаруй тооны үхрээ аваад нутагтаа үлдсэн гэнэ. Мичин жилийн зудны талаар “Би амьдралдаа тийм хүйтэн өвөл болж байхыг үзээгүй. Үхрийн сүүл хөлдөөд тасраад ойчсон. Болжмор шувуу харганы нөмөрт бөөн бөөнөөрөө шавааралдаад тас хөлдчихсөн. Туулай бас хөлдөөд үхчихсэн байдаг байж билээ. Шүлсээ хаяхад агаар дээр хөлдөж байсан юм шүү дээ” гэв. Мичин жилийн зуднаар малаа барж, цөөхөн малтай үлдсэн байна. Гэтэл ах нь цэргээс ирж, дүүдээ монгол бичиг зааж өгчээ. Монгол бичиг сураад удаагүй байтал бүх нийтийг кирилл бичиг үсэг сургах аян улс даяар өрнөсөн байна. Д.Батаа ч кирилл үсэг амархан сурчээ. Бүр шинэ үсгийн багш болж нутгийнхаа арван хөгшинд шинэ үсэг заасан байна. Сар гаруй хугацаанд өдөр бүр хичээл заасан ч нэг ч хүнийг бичиг үсэгтэй болгож чадаагүйгээ ярин хөхөрч зогсов. Настай хүмүүс бичиг үсэг сурах гэж бөөн хөгжилтэй зүйл болдог байсан гэнэ. Ингээд шинэ үсгийн багш хийж байгаад сумын салбар агент хийж, тэндээсээ Баян-Өлгий аймгийн Даянгийн заставт цэргийн алба хаажээ.

Д.Батаагийн гэр бүл

АНХНЫ АТАРЧИН БОЛСОН НЬ

Цэргээс халагдаж ирсэн Д.Батаа нутгийнхаа бүсгүйтэй ханилан суусан байна. Нэгдэлд элсэж, тугал хариулах болж, нэгдлийн даргын тушаалаар Ховд аймагт мал зохиомол хээлтүүлэх курст суусан гэнэ. Нэгдэлдээ хоёр жил орчим ажиллаж байтал “Залуучуудын үнэн” сонин дээр “Барилгын ажилтан элсүүлж авна” гэсэн зар байхыг уншаад нэгдлээс гарах өргөдлөө өгөөд, эхнэр, том охин Б.Нямсүрэнгээ дагуулаад аймгийн төв рүү гараад давхичихсан аж. Түүнд нутгаасаа явж олны газар ажиллах хүсэл сонирхол байнга л төрдөг байснаа ийн эхлүүлсэн байна. Дээр нь тухайн үед гэр бүлийнхэн нь ээлжилж өвдөөд байж. Нутгийн мэргэн хүнд үзүүлтэл “Хүний нутагт очиж амьдарвал сайн сайхан явна” гэж хэлжээ. Ингээд барилгачин болохоор эхнэр, хүүхдээ дагуулан явж байгаа нь энэ аж. Аймгийн төвд иртэл барилгын ажилтан аваад дуусчихсан байжээ. Харин Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуй шинээр байгуулагдаж байгаа. Атрын анхны аян эхлэх гэж байгаа болохоор залуусыг ажилд авч байгаа. Бүр сангийн аж ахуйн хүн нь ирчихсэн бүртгэж байгааг нутгийнхаа хүнээс сонсчээ. Ингээд САА-н хүнтэй уулзаад удалгүй Жаргалант суманд анх хөл тавьсан байна.

Шинэ суурин суурьшсан Д.Батаа үүрэгт ажлынхаа дагуу трактор, комбайны жолооч болсон байна. Ингээд 1958 онд одоогийн Сүмбэр сумын нутагт, Хар эргийн тасаг буюу Улаан чулууны дөрөвдүгээр бригадыг анх байгуулж ажиллахаар анхны атарчин болон иржээ. Хар эргийн тасагт долоон хүн хуваарилагдаж ирсний нэг нь Д.Батаа тариаланч юм байна. Тэд шинэ газрыг анх хагалж, атрын анхны шанг энэ нутагт татжээ. Тэр тусмаа Д.Батаа гуай хамгийн анхны загоныг татаж, пооль дөрвөлжилж байсан гэнэ. Хөдөлмөрийн баатар С.Цагааншүхэрт Н.Батдорж, Ц.Сандагдалай гээд л шилдгүүдтэй нэг бригад болон хамтран ажиллаж, анхны атрын шанг Сүмбэр нутагт татсан түүхтэй ажээ. Д.Батаа Хөдөлмөрийн баатар С.Цагааншүхэрт Н.Батдорж, Ц.Сандагдалай гээд газар тариалангийн “бурхад”-тай мөр зэрэгцэн хөдөлмөрлөж, тэднээс дутахааргүй ажиллаж байжээ. Тэр ид ажиллаж байхдаа гурван ч удаа БНМАУ-ын хөдөлмөрийн баатар гэх эрхэм цолны болзол хангаж байсан гэнэ. Гэхдээ Загдалын голын хойд эргийг хагалж, төлөвлөгөөт эдийн засгийг биелүүлнэ гэсэн дарга нарын шийдвэрийг эсэргүүцэж, “Чулуутай газар хагалаад хэрэггүй. Ямар ч тариа ургахгүй” гэж эсэргүү зан гаргасан. Өөрийнхөө үзэл бодлыг сумын хурал болгон дээр шүүмжилж ярьсан гэдэг шалтгаанаар хөдөлмөрийн баатар болж чадаагүй хоцорчээ. Түүнийг анх энэ нутагт ирж байхад сумын төв байгаа газарт гурван казах, нэг урианхай айл байсан гэнэ. Энэ ч үүднээс тэр Сүмбэр сумыг анх байгуулалцсан хүмүүсийн нэг яах аргагүй мөн. Тэрбээр 265 га газраас тогтмол 428-440 тонн тариа хурааж гарамгай амжилт үзүүлэн БНМАУ-ын өндөр ургацын аварга хэмээх цолыг 1967, 1969, 1973 онуудад гурван удаа хүртсэн гэнэ. Мөн Төв аймгийн “Өндөр ургацын аварга” таван удаа, сумын долоон удаагийн аварга тариланч болж 1967 онд хөдөлмөрийн хүндэт медаль, 1972 онд Жаргалантын САА-н хүндэт дэвтэрт бичигдэж байсан гэнэ. Эгэл жирийн тракторын жолоочоос сангийн аж ахуй тоо бүртгэгч, орлогч дарга хүртлээ дэвшин ажилласан байна. Тэр ингэж л анх Октябрын САА-г, Сүмбэр сумыг анх байгуулалцаж байсан түүхтэй ажээ.

ХҮҮХДҮҮД НЬ ААВЫГАА ӨРГӨЖ ЯВНА

Д.Батаа нутгийн бүсгүй Бадамтай ханилан сууж зургаан хүүхдийн ээж, аав болсон байна. Тэдний тав нь Сүмбэр суманд төржээ. Ууган охин Б.Нямсүрэн нь сумын сургуулийн багш, захирлаар олон жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан байна. Харин дараахь охин Б.Нямжав нь сангийн аж ахуйн нягтлангаар олон жил ажиллаж байсан бол одоо “Өгөөж сүмбэр” компанийн нягтлангаар ажиллаж байгаа юм. Гурав дахь охин Б.Пүрэвжаргал аавынхаа ажлыг өвлөн авч, “Өгөөж сүмбэр” компанийн захирлын албыг хашиж байгаа ажээ. Харин хүү Б.Даваажав нь Ражив гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын политехникийн коллежийн захирлаар ажиллаж байгаа бол Б.Даваасүрэн хүү нь Дархан хотын гаалийн дарга гэнэ. Харин бага хүү Давааням нь “Өгөөж сүмбэр” компанийн менежерээр ажиллаж байгаа юм байна. Д.Батаа гуайн эхнэр олон жилийн өмнө бурхан болжээ. Гэхдээ үр хүүхдүүдээ хэнээс ч дутахааргүй хүмүүжилтэй, хөдөлмөрч болгосон тэрбээр өдгөө ач, зээ нараа тойруулан суусан өвөө болжээ. Хүүхдүүд нь аавыгаа байнга эргэж тойрч, сайн сайхан амьдралыг цогцлоон бүтээж байгаа юм билээ.

Монгол Улсын Гавьяат механикжуулагч Д.Батаа гуай бид намрын салхинд үелзэн найгасан тариан талбай дундуур алхаж явахдаа түүний өсч торнисон нутаг, өдий зэрэгтээ авч яваа Сүмбэрийн уул, усны талаар хөөрөлдсөөр байв. Тэр атрын анхны шанг татахаас эхлээд амьдралынхаа нэгэн жарныг газар тариалангийн амьдралтай холбосон нэгэн. Монгол Улсад өрнөсөн гурван атрын аяны гэрч, тод төлөөлөгч юм. Тэрээр “Тариа тарих тийм амархан ажил биш. Одоо манай улс Атрын дөрөвдүгээр аяныг эхлүүлэх цаг нь болсон. Хөрсөө сайжруулах хэрэгтэй байна. 60 жил огт сэлгээ хийлгүй тариа тарилаа шүү дээ. Одоо дараагийн халаа болсон хүмүүсийг төр бодлоготойгоор дэмжих хэрэгтэй байна. Шинэ боловсон хүчин байхгүй болчихлоо. Улаанбуудай сайн ургах нь тракторын жолоочоос хүртэл хамаарна. Одоо газрын хөрсний чийг хэрхэн хадгалах талаар ч тариаланчид анхаарах хэрэгтэй байгаа” хэмээн онцлон ярьж байв.

“Өгөөж Сүмбэр” компани 2000 га талбайгаас улаанбуудай, гурвалжин будаа хураан авч байгаа юм билээ. Өвгөн тариаланч маань намар намрын шаргал наран дор алтан тариа халиуран найгасан талдаа сэтгэл тэнэгэр алхаж явна лээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН


Categories
мэдээ нийгэм

Д.Цогтбаатар сайд “LEAD Mongolia” хөтөлбөрт хамрагдсан залуусыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн шугамаар хэрэгжиж буй LEAD Mongolia хөтөлбөрт хамрагдсан залуусын төлөөллийг Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзав. Сайд Д.Цогтбаатар Монгол, Америкийн харилцааны өнөөгийн байдлын талаар мэдээлж, хоёр орны хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэв.

Тэрээр Монголын залуучууд энэхүү хөтөлбөрт хүсэл сонирхлоороо идэвхтэй хамрагдаж байгааг сайшаан тэмдэглэж, дэлхий дахины өнөөгийн байдлыг гүнзгий танин мэдэх, мэдлэг хуримтлуулахад англи хэл сурахын ач холбогдлыг чухалчлан зөвлөв. LEAD хөтөлбөрийн залуучууд Гадаад харилцааны сайд тэднийг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлж, асуулт асууж санал солилцов. Эдгээр залуус удахгүй АНУ-д танилцах аяллаар явах юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ.

Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг, ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.

Мөн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн юм.

Categories
мэдээ улс-төр

Шри Ланка Улсын парламентын даргын айлчлал хойшлов

Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улс (БНАСШЛУ)-ын парламентын дарга Кару Жаяасурьяагийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлал тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.

Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдын урилгаар Монгол Улсад эн сарын энэ сарын 28-наас ирэх сарын 01-нд айлал хийхээр товлоод байсан ч Шри Ланка Улсын дотоодын нөхцөл байдлаас үүдэн ийнхүү айлчлалаа хойшлуулсан байна.

Түүний айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурал, БНАСШЛУ-ын парламент хооронд хамтын ажиллагаа тогтоох тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөөд байсан юм. Түүнчлэн Улаанбаатар дахь Шри Ланка Улсын Өргөмжит консулын газрыг нээхээр төлөвлөж байв.

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга байлдааны буудлагатай хээрийн сургуулилтын явцтай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өчигдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын хээрийн сургуулилтын талбайд очиж, Батальоны байлдааны буудлагатай хээрийн сургуулилтыг үзлээ.

Хээрийн сургуулилт дууссаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга байлдааны буудлагатай хээрийн сургуулилтад амжилттай оролцсон бүрэлдэхүүнд баяр хүргэж, үг хэлэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА

“Эрхэм генерал, офицер, ахлагч нараа

Эрхэм зочид оо,

Сургуулилтад оролцож байгаа нийт цэргийн алба хаагчид аа

Батальоны тактикийн бүлгийн байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулилтыг зохион байгуулж байгаа Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын бие бүрэлдэхүүн Та бүхэнд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар баяр хүргэж, амжилт хүсье.

Энхийн цагт Зэвсэгт хүчний гол үүрэг бол цэргийн сургалт, бэлтгэл байдаг. Тэр дундаа байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль нь цэргийн сургуулилтын хамгийн үр дүнтэй хэлбэр гэж тооцоогддог юм. Энэ удаагийн сургуулиар манай цэргийн алба хаагчид Зэвсэг хүчний байлдааны олон талт үүргийг гүйцэтгэх боломж, чадавхиа дээшлүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Монголын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин нь шинэчлэлийн бодлогыг богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлж байгаагаараа үлгэр жишиг болж байгаа юм. Монголын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн олон улсын энхийг дэмжих ажиллагаанд бие даан үүрэг гүйцэтгэж, олон улсын болон хоёр талын хамтарсан сургуулиудад амжилттай оролцож мэдлэг, дадлага, мэргэжлийн ур чадвараа гадаад, дотоодод илтгэн харуулсаар байгаа нь бахдал төрүүлэх амжилт юм.

Эртнээс цуутай монгол цэргийн алдар, дайчин уламжлалыг нэр төртэйгээр залгамжлан, эх орноо батлан хамгаалах эрхэм үүргээ чадварлагаар биелүүлж байгаа Та бүхний эр зориг, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадварыг энэ хээрийн сургууль дахин нотлон харууллаа.

Хээрийн сургуулиар тавигдсан үүргийг нэр төртэй биелүүлсэн албан хаагчдад дахин баяр хүргэе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол цэргийн цог золбоо үеийн үед бадарч явах болтугай” гэлээ.


Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа нар Зэвсэгт хүчний 016 дугаар бригадаар орж, зэвсэглэл, техник хэрэгсэл зэрэг бригадын үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцлаа.

Categories
мэдээ нийгэм

Аравдугаар сарын 29-нд болох үйл явдал

Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

09:00 цагт ЭМЯ-нд “Бэтэг, галзуу өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр” боловсруулах ажлын уулзалт, хэлэлцүүлэг болно. Утас: 88106649

09.00 цагт Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт “Тархины харвалтын эсрэг тэмцэх Дэлхийн өдөр”-т зориулсан Нээлттэй хаалганы өдөрлөг болно.

09.00 цагт “Новотел” зочид буудалд ажилгүйдэл, ядуурлыг бууруулах “Бүтээлч Монгол” үндэсний хөтөлбөр боловсруулах зөвлөлдөх уулзалт болно. Утас:91915340, 88844482

11.40 цагт Хүндэт харуулын 032 дугаар ангид Нийслэлийн тугийг мандуулах ёслол болно. Утас: 99810808, 99071032

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт “Хүчирхийллийг хүчгүйдүүлэх олон нийтийн хөдөлгөөн”-ий зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.30 цагт Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангаас олгож буй зээлийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын дэргэдэх Монголын худалдаачдын холбооноос “Шударга ёсыг Ц.Нямдоржоос эхлүүлье” сэдвээр мэдээлэл хийнэ.

12.30 цагт Хөдөлмөрийн үндэсний намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийнэ.

“Монгол ньюс” мэдээллийн төв

11.00 цагт Ерөнхий сайдын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний зөвлөлийг татан буулгасныг эсэргүүцэж Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын удирдлагууд мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Талын түмэн адуу” арга хэмжээний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас:99089730, 91995007

12.00 цагт Иргэний нийгмийн хөдөлгөөний удирдлагууд “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчид шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт “2012-2016 оны аймгийн Засаг дарга нарын клуб”-ээс Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар мэдээлэл хийнэ.