Categories
мэдээ спорт

“Талын түмэн адуу”-ны баяр болно

Морьтон Монголынхоо малчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, таниулан сурталчлах “Талын түмэн адуу” арга хэмжээ түүхэн аялал жуулчлалын бүс болох Хэнтий аймагт ирэх сарын 02-04-нд болно.

БОАЖЯ, Хэнтий аймгийн ЗДТГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэй “Мөнх харилцаа” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй энэ удаагийн талын түмэн адуун төвөргөөнд улс, аймгийн зэрэг цолтой уяачид, залуу адуучид авхаалж самбаагаа сорих юм. Мөн ӨМӨЗО-оос адуучид дахин ирж оролцох аж.

Хэнтий аймагтаа хамгийн олон адуутай Батноров болон зэргэлдээх сумдын малчдын амьжиргаа, эдийн засгийн эргэлтийг дэмжих үүднээс энэхүү арга хэмжээг 5 дахь удаагаа уламжлал болгон зохион байгуулах гэж байна. Монгол Улсад өвлийн аялал жуулчлал хөгжүүлэн гадаад дотоодын жуулчдын томоохон урсгал бий болгох, өвөл цагийн адуу маллах эртний, нүүдэлчин өв уламжлалыг хадгалан авч үлдэх, орон нутагтаа адуучдын авьяас, чадварыг алдаршуулах ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.

Хэнтий аймаг нь Монгол Улсын төдийгүй дэлхийн хэмжээний түүхт газар нутаг учир аялал жуулчлалын үйлчилгээ, дэд бүтцийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, байгалийн адал явдалт аялал, түүх соёлын аяллын төрлүүдийг нэгэн зэрэг хөгжүүлэх боломжтой нутаг юм.

Энэ удаагийн Талын түмэн адуун төвөргөөний хөтөлбөрт Адуучдын Хээрийн цайллага, адуун туувар, “Торгон тар” богино зайн бооцоот уралдаан, Нутаг усандаа алдартай хурдан адууны танилцуулга, Адууны зүс нэршлийн танилцуулга, Хос морьдын хөтөлгөө, ховор зүсний адууны цуваа, Морьтон хүүхдийн парад, Хэнтийн Брэнд хүнсний үзэсгэлэн худалдаа, Уран уургач шалгаруулах “Шургуу 2018” тэмцээн, Эмнэг булгиулах тэмцээн, Малчдын өвөлжөөтэй танилцах аялал, Тал нутгийн тайга нохойн уралдаан, хийц шалгаруулалт, Тожил хийцийн адууны тоноглол, дархан урлалын үзэсгэлэн, Талын түмэн адуу фото зургийн үзэсгэлэн, Баяр наадмын зочдод зориулсан урлагийн тоглолт зэрэг багтжээ.

Categories
мэдээ нийгэм

Үр тарианы 90 орчим хувийг хураан авлаа

Өнгөрсөн 7 хоногийн байдлаар ургац хураалт улсын хэмжээнд 90 хувьтай байна.

Ургацын төв штабаас мэдээлснээр 51 мянган га-г ангилан хадаж, нийт 298.5 мянган га-гаас 403 мянган тонн үр тариа, үүнээс 386.6 мянган тонн улаанбуудай, 13 мянган га-гаас 160.8 мянган тонн төмс, 8.3 мянган га-гаас 93.5 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна. Энэ нь үр тарианы 87.4 хувь, төмс, хүнсний ногооны 99.9 хувь, тэжээлийн 80,6 хувь, тосны ургамлын 57,3 хувийг хураан аваад байгаа үзүүлэлт юм.

Мөн шинэ ургацаас гурилын үйлдвэрүүд 135 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих сан 45 мянган тонн, нийтдээ 180 мянган тонн хүнсний буудай борлуулжээ.

Ургац хураалтын ажилтай зэрэгцүүлэн чанар сайтай сортын үрийн нөөц бүрдүүлэх ажлыг шуурхайлж байна. Мөн буудайн борлуулалтыг эрчимжүүлэх, шинэ ургацаас хүнсний буудай худалдан авсан гурилын үйлдвэрүүдийн арилжааны банкнаас авсан зээлийн хүүд хөнгөлөлт үзүүлэх асуудлыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн салбарт үрийн болон тэжээлийн буудай, ногоон тэжээл нийлүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэллээ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар өнөөдөр ЖДҮХС тойрсон асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Уг хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлсэн байна. Тэрээр “Мал аж ахуйн салбарын бодлогыг дэмжиж, эдийн засгаа солонгоруулах чиглэлд эрх баригч намын бүлэг анхаарч ажиллах хэрэгтэй байна. Энэ асуудлаар М.Билэгт гишүүн сайн санаачлага гаргаж байна лээ. Мөн жижиг дунд үйлдвэрлэлийг мал аж ахуйн салбараа түшиглэн орон нутагт түлхүү хөгжүүлэх чиглэлд бодлогоор дэмжих хэрэгтэй байна” гэсэн санаа илэрхийлжээ. МАН-ын бүлгийн хуралдаанаар яг одоо ЖДҮХС-гийн асуудлаар үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Залуу бөхчүүд Улаан-Үдээс 13 медальтай иржээ

Чөлөөт бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Европын болон Ази тивийн аварга Буриадын алдарт бөх Борис Дугданович Будаевын нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээн энэ сарын 26-27-нд Улаан-Үд хотод болж манай бөхчүүд 13 медаль хүртжээ. Энэхүү 26 дахь удаагийн уламжлалт тэмцээнд Монгол, ОХУ-ын Буриад, Якут, Тува, Эрхүү, Хакасия, Междуреченск, Забайкальский, Красноярск зэрэг хот хязгаараас 230 гаруй залуус эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөв. Улаан-Үдийн дэвжээнд манай улсаас 70 гаруй тамирчин хүч үзсэнээс гурван алт, таван мөнгө, таван хүрэл медалийн эзэд тодорлоо. Тодруулбал, 79 кг-д Баасандоржийн Цэрэндаш, 97 кг-д Төмөрбатын Мөнгөншагай, 125 кг-д Мөнхтөрийн Лхагвагэрэл нар алтан медалийн эзэд болсон бол 79 кг-д Ичинхорлоогийн Баатарчулуун, 86 кг-д Энхтүвшингийн Батмагнай, 92 кг-д Чинбатын Алтангэрэл, 97 кг-д Болорын Бадрал, 125 кг: Буянтогтохын Ганзолбоо нар мөнгөн медаль тус тус хүртжээ. Харин тус тэмцээний хүрэл медалийг 70 кг-д Болдбаатарын Сундуйжадамба, 74 кг-д Батсуурийн Отгонбаяр, 97 кг-д Цогбадрахын Баттулга, 125 кг-д Содбилэгийн Ган-Эрдэнэ, 97 кг-д Мөнхбатын Сумъяабазар нар тус тус хүртсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэг оношлогоонд хамруулж байна

Төв, орон нутгийн алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, мэргэжлээс шалтгаалах өвчний судалгаа хийх, эрүүл мэндийн чиглэлээр дунд хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, хөтөлбөрийг боловсруулах зорилгоор ОБЕГ-ын Давтан сургалт, сэргээн заслын төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, хошууч Д.Хонгороор ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгуудад ажиллах юм.

Өнөөдрийн байдлаар Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ийн сугалаа татварын орлогыг нэмэгдүүлжээ

НӨАТ-ын тухай хууль хэрэгжээд гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэхүү хуулийг далд эдийн засгийг ил болгож, улсын төсөвт бодит үр өгөөжөө өгсөн гэж үнэлдэг. Татварын ерөнхий газрын мэдээлж байгаагаар энэ хуулийн хэрэгжилтийн үр дүнд татварын орлогын бааз суурь нэмэгдэж, бүртгэлийн систем сайжирсан байна. Татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэнд тэгш бололцоог олгож, нээлттэй ил тод байдлыг бий болгосон нь үүнд нөлөөлжээ. УИХ-д өргөн бариад байгаа татварын шинэчлэлийн хуулийн төсөл батлагдвал шударга, ил тод байдлын тал дээр улам илүү боловсронгуй болж, сайжрах чиглэлтэй байгаа аж. НӨАТ-ын тухай хуулийн нэг том давуу тал нь худалдан авагч иргэн Монгол Улсынхаа эдийн засагт бодит хувь нэмрээ оруулах боломж бий болсон юм.

Учир нь иргэн худалдан авалтын и-баримтаа авдаг болсноор өөрийн болоод өрхийн хэрэгцээгээ хангахын зэрэгцээ улс орныхоо эдийн засагт бодит хувь нэмрээ оруулж байгаа гэсэн үг. Тухайлбал Нийслэлийн татварын газрын хувьд татварын орлого одоогоор 94.6 хувийн биелэлттэй байгаа аж. Мөн дүүргийн татварын хэлтсүүдтэй хамтран хууль хэрэгжилтийн талд эрчимжүүлсэн арга хэмжээг явуулж, иргэн, аж ахуйн нэгжээ тоолох тооллогыг хийж, цахим төлбөрийн системд холбуулах, төлбөрийн баримт олгуулах акцуудыг хийж байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн татварын газрын мэдээллийн баазад 138 мянга орчим аж ахуйн нэгж, байгууллага, нэг сая иргэн бүртгэлтэй байгаа юм. Үйлчилгээ үзүүлсэн, бараа борлуулсан бүх татвар төлөгч үйлчлүүлэгчдээ төлбөрийн баримтаа өгдөг байх, татвараа төлдөг байх зарчмыг Нийслэлийн татварын газраас барьж ажилладаж буй аж.

НӨАТ-тай холбоотой санал, гомдлыг татварын албаны 1800-1288 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, харьяа татварын алба руу шилжүүлэн, 30 хоногийн дотор шийдвэрлэдэг байна. Гомдол гаргасан иргэнд арга хэмжээ авсан талаар хариу утсаар хариу мэдээлэл өгдөг ажээ. Иргэдээс ихэвчлэн хямдарсан бараанд и-баримт олгохгүй байна, зарим үйлчилгээний байгууллага баримт өгөхгүй байна гэсэн санал, гомдлууд ирдэг гэдгийг татварын байгууллагынхан хэлж байна. Ямар ч тохиолдолд НӨАТ-ын баримт заавал өгөх ёстой. Энэ тал дээр иргэд, худалдан авагч нар шаардлагаа тавиад хуулиараа баримтаа авах эрхтэй. НӨАТ суутган төлөгч биш байсан ч ажил үйлчилгээ эрхэлж, орлого олж байгаа бол аж ахуйн нэгжүүд төлбөрийн баримт олгох ёстой гэдгийг тэд онцоллоо.

Цахим төлбөрийн баримтын системд холбогдсон мөртлөө төлбөрийн баримт олгохгүй байгаа аж ахуйн нэгж, иргэнийг татварын албаны 1800-1288 дугаарын утсанд хандаж, шийдвэрлүүлэх боломжтой. Иргэдийн санал, гомдлын дагуу тухайн аж ахуйн нэгж дээр очиж асуудлыг шийдвэрлэдэг байна.

Categories
мэдээ нийгэм

Ховд аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

Ховд аймгийн нийт нутгийн 70 орчим хувьд нь өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа талаар аймгийн ХХААГ-аас мэдээлжээ. Тодруулбал, одоогийн байдлаар аймгийн хэмжээнд отор нүүдэл хийх, өвс хадлан тэжээлийг татан авах нөөцлөх ажил өрнөж байна. Малчин өрхийн өвс татан авалт 80 гаруй хувьтай байна.

Ховд аймагт энэ өвөл 91 багт 8898 малчин өрхийн 3321.9 мянган мал хонин толгойд шилжүүлснээр 5039,7 мянган мал өвөлжих урьдчилсан дүн мэдээ гарсан аж. Аймгийн хэмжээнд хадлангийн гарц муу, ус ихтэй байсны улмаас наймдугаар сарын 15-аас хойш оройтож хадланд орсон байна.

Энэ сарын байдлаар аймгийн хэмжээнд 71.505 тн байгалийн хадлан, 1855 тн гар тэжээл, 5744 тн хужир шүү бэлтгэсэн тоон мэдээлэл байгаа юм. Хадлан 116,1 хувь, гар тэжээл 46,3 хувь, хужир шүү 74 хувийн биелэлттэй байна.

Энэ жилийн хувьд Ховд аймагт зуншлага оройтож, зуны хугацаанд зурвас газраар үе үе ширүүн аадар бороо, мөндөр орж үр тариа бэлчээрийн болон таримал ургамлын ургалтанд сөргөөр нөлөөлснөөс өнгөрсөн жилийн мөн үеийнхээс харьцангуй бага хадлан авсан, өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тухай албаныхан мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хот 60 жилийн дараа гүүрэн байгууламжуудаа цогцоор нь шинэчилж байна

ӨРГҮЙ УЛААНБААТАР

Анх 2016 онд 100 орчим тэрбум төгрөгийн өртэй хотыг нйислэлийн удирдлагын шинэ баг хүлээн авсан юм. Үүнд концессийн гэсэн тодотголтой бүх өр, аж ахуйн нэгж байгууллагын өрөөс эхлээд нийслэл хоттой хамаатай бүх төрлийн өр багтаж байв.

Хэдийгээр нийслэлийн эдийн засаг хүнд байсан ч хотын удирдлагын баг өмнөө тавьсан зорилтоо биелүүлэн, төсвийн орлогоо давуулан биелүүлж, бүх өрийг төлж дуусгахын төлөө чармайн ажиллаж эргэн төлөлтийг бүрэн хийв.

Нийслэл хотын удирдлага эдийн засаг санхүүгийн хүндрэлээс гарахын төлөө ийнхүү ажилласны үр дүнд 2018 он гэхэд эдгээр өрийг бүрэн барагдуулж, Улаанбаатар хот өргүй хот болж чадлаа.

  • УЛААНБААТАР ХОТ 60 ЖИЛИЙН ДАРАА ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖУУДАА ЦОГЦООР НЬ ШИНЭЧИЛЖ БАЙНА

Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь ажиллаж амьдарч байгаа их хотын дэд бүтцийн хөгжлийн тулгуур баганын нэг бол автозамын салбар. 2018 онд Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсөв, нийслэлийн авто замын сан, гадаадын зээл тусламж, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 63 төсөл, арга хэмжээ хэрэгжих юм. Нийтдээ 43.5 км авто зам, 3050 урт метр гүүр барих төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 24 төсөл арга хэмжээ хэрэгжинэ.

БНХАУ-ын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2017 онд эхэлсэн “Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц”, “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах”, “Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам”, “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 урт метр гүүр болон Сонсголонгийн 289.4 урт метр гүүр шинээр барих” томоохон төслүүдийн гол бүтээн байгуулалт 2018 оны хавар зэрэгцэн эхэлж барилгын ажил графикт хугацаандаа чанарын өндөр үзүүлэлттэй явж байна. Мөн Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх авто замыг нийслэл хот өөрийн хөрөнгөөр шинэчлэхээр төлөвлөж байгаагийн зэрэгцээ ус зайлуулах төхөөрөмж хийх ажилд онцгой анхааран ажиллаж байна.

Эдгээр нь Монголд анх удаа найман урсгалтай, дугуйн болон явган хүний замтай давхар гүүрүүд гэдгээрээ онцлог бөгөөд авто зам, гүүрүүдийн хувьд хувьсгал гэж хэлэхээр ажлууд юм.

  • СЕРВИС ЦЕНТР

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн санаачилгаар гэр хорооллыг хөгжүүлэх шинэ бодлого, шинэ төлөвлөлтийн ажлыг эхлүүлж, бүрэн утгаараа хэрэгжиж эхэллээ. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлага,нийслэлийн гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, НИТХ-ын 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрт тусгасан үндэслэлүүдээр “Гэр хорооллын дэд бүтцийн төв” төсөл хэрэгжиж эхлээд байна.

Нийслэл хотын гэр хорооллын чиглэлд авах арга хэмжээг төвийн, дундын, захын гэсэн гурван бүсэд хувааж хөгжүүлэхээр тусгасан. Төвийн бүсийн гэр хорооллыг төвлөрсөн шугам сүлжээнд холбосон өндөр давхар орон сууцны хороолол болгон хөгжүүлнэ. Дундын бүсийн гэр хорооллыг бие даасан болон хэсэгчилсэн инженерийн хангамжаар хангах дэд бүтцийн төв төслөөр хөгжүүлнэ. Захын бүсийн гэр хороолол буюу уулын орой хэсгээр байгаа бүсийг технологийн бүс гэж зарлан айл бүр дээр технологийн шинэ шийдэл нэвтрүүлэх юм. Дундын бүсийн гэр хороолол нь нийт гэр хорооллын 28.8 хувь буюу 2794 га талбайг хамардаг бөгөөд хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх Сервис центр буюу “Дэд бүтцийн төв” төслийг газар дахин зохион байгуулах төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Улаанбаатар хотын төвөөс алслагдсан, төвлөрсөн дулаан, бохирын систем очих боломжгүй газруудад иргэдийнхээ санал хүсэлтийг үндэслэн Сервис центр байгуулах шинэ бодлого гарган ажиллаж нийт 11 байршилд судалгаа хийснээс 2018 оны 11 дүгээр сард Сервис центр байгуулж дуусгах хоёр байршил сонгосон. Эдгээр нь Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороон дахь байршил юм. Үлдсэн гурван байршил болох Хан-Уул дүүргийн 9 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд зураг төслийн ажил дуусах шатандаа явж байна.

  • ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Хоногт 160-190 мянган шоо метр ахуйн болон үйлдвэрийн бохир ус хүлээн авч цэвэрлэдэг Төв цэвэрлэх байгууламжийг анх 1964 онд ашиглалтад оруулжээ. Гэвч лаг боловсруулах байгууламжгүй учир хоногт 1000-1200 шоо метр нойтон лагийг ил талбайд хатаадаг. Эндээс 900 мянган шоо метр лаг хуримтлагдан байгаль орчин, агаар, хөрс бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлсөөр ирсэн.

Үе үеийн Төр, засгийн үед ярьсаар ирсэн Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил 54 жилийн дараа буюу энэ онд шийдлээ бүрэн олов. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэрийг дарах ажлыг эхлүүлж, лагийг халдваргүйжүүлэх, үнэр дарах төслийн хүрээнд биологийн задралыг бий болгож, өвчин үүсгэгч нянг устган халдваргүйжүүлэх, үнэр саармагжуулах зориулалт бүхий хэт авиан тоног төхөөрөмжийг суурилуулж тохируулгын ажил хийж эхэлсэн. Уг төхөөрөмж нь ХБНГУ-ын “Ультрасоник” компанийн “Тюбэреактор” загварын сүүлийн үеийн бүтээгдэхүүн юм. Мөн бохир усны цэвэршүүлэлтийн хувийг нэмэгдүүлэх зорилгоор хоёр тунгаагуур, био цөөрөм барих, лагийг хуурайшуулж, хатаах, шатаах технологи бүхий төхөөрөмж суурилуулах ажил эхлүүлсэн билээ.

Хамгийн гол нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн 2018 оны наймдугаар сард Монгол Улсад Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Хятадын талаас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж байгуулах “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн нээлтийг хийлээ.

БНХАУ-аас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл” нь 300 сая ам.долларын өртөгтэй юм. Хоногт 250 мянган шоо метр бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадал бүхий дэвшилтэт технологи ашигласан, байгаль орчинд ээлтэй, лагийг бүрэн боловсруулж эрчим хүч үйлдвэрлэн дотоод хэрэгцээгээ хангах зэрэг олон давуу талтай бөгөөд ажил 1.6 орчим жил үргэлжилнэ.

  • ЭМНЭЛГҮҮДИЙН ГАДНА ТАЛБАЙГ ТОХИЖУУЛАВ

Улаанбаатарт байгаа эрүүл мэндийн салбарт хамааралтай гадна талбайн газрыг бизнесийн зорилгоор юм уу, орон сууц барих зорилгоор хувь хүн, компаниудад зарахгүй гэсэн зорилт тавин хэрэгжүүлж байна. Эдгээр талбайг иргэд эмнэлгийн үйлчилгээ авахад зориулсан автомашины зогсоолтой, илүү тохилог орчин болгоно гэсэн зорилт тавьж, Хавдар судлалын төв, Гэмтэл, согог судлалын үндэсний төв эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлгийн гадна талбай, нийт дөрвөн эмнэлгийн гадна талыг тохижуулав. Гэмтлийн эмнэлгийг 3 гарцтай байхаар шийдэж, онгоц буух талбай, 350 машины зогсоолтой болгож заслаа. Эдгээр эмнэлгээр үйлчлүүлэгчдийн 60 орчим хувь нь нийслэлчүүд байдаг.

2018 онд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэл өргөө амаржих газар, Амгалан амаржих газар, Халдварт өвчин судлалын Үндэсний төв, Хан-Уул дүүргийн нэгдүгээр амбулатори, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг зэрэг бүх дүүргийн эмнэлэг, төрөхүүдийн гадна талын талбайг тохижуулж дуусгаад байна. Зөвхөн зогсоол төдийгүй явган хүний зам, сандал суудал, ногоон байгууламжууд зэргийг иж бүрнээр нь тохижууллаа. Ингэснээр эрүүл мэндийн үйлчилгээ авах иргэдийн аятай тухтай байдал бүрдэх юм. Үүнийг эрүүл мэндийн салбарт зориулж байгаа Засаг даргын онцгой бодлого гэж хэлж болно.

  • БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, ХОТ ТОХИЖИЛТ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан билээ. Уг ажлын хүрээнд Нийслэлийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах, байгаль орчинд ээлтэй төслүүдийг хэрэгжүүлэх, хотын ногоон хөгжлийг хангах зорилгоор олон ажил хэрэгжүүлж байна. Үүнээс дурдвал, авто замын түгжрэлийг бууруулах, залуусыг спортод уриалж, амьдралын эрүүл хэв маягийг тогтоох зорилготой “UВike” төсөл хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл амжилттай хэрэгжиж иргэдийн талархлыг хүлээгээд байгаа бөгөөд ирэх жилээс нэмж “UB scooter” төслийг хэрэгжүүлэхээр болов.

Ногоон байгууламж нэмэгдүүлэх, иргэдийнхээ амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, дүүрэг бүрт бичил цэцэрлэг байгуулах “UB garden” төслийг мөн нэрлэж болно. “Жишиг гудамж” бий болгож, Б.Цэрэндоржийн гудамжны тохижилт, Дуурийн театрын өмнөх талбай зэрэг гол талбай, гудамжийг цогцоор нь тохижууллаа. 13-р хороололд Жишиг гудамж байгуулахын тулд 150 авто машины зогсоол байгуулж, 159 шилмүүст мод тарьж, нийтийн тээврийн зогсоолыг шинэчиллээ. Нийслэлийн 9 дүүргийн 16 байршилд орон сууц, гэр хорооллын дунд спорт тоглоомын газар байгууллаа. Гэр хорооллын долоон гудамжийг тохижууллаа. Их тойруугийн гудамжийг жишиг гудамж болголоо.

  • БОЛОВСРОЛ

Боловсролын салбарт 2018 онд томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил болж байна. Энэ жил Улаанбаатар хотод улсын төсвөөс 106.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 18.880 суудал бүхий 34 сургууль болон сургуулийн өргөтгөлийн барилга, 5 сургуулийн спорт заалны барилга, “Хүүхэд бүр цэцэрлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн 9.345 ор бүхий 52 цэцэрлэгийн барилга, бага сургууль цэцэрлэгийн гурван цогцолбор барилгыг тус тус барьж байна.

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 7 сургууль, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 4 сургууль барилгыг барихаар ажиллаж байна. Нийслэлийн төсвөөр 2018 онд 1310 ор бүхий 7 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна.

Нийслэл хотод улсын төсөв, нийслэл, гадаадын хөрөнгө оруулалтаар 100 гаруй шинэ сургууль, цэцэрлэгийн барилгын ажил өрнүүлж байна. Энэ ажлыг эхлүүлэхэд хүндрэлтэй асуудал нь “газар чөлөөлөлт” байв. Нийслэлийн газрын алба энэ ажлыг 93 хувьтай хийж гүйцэтгэснээр боловсролын салбарын бүтээн байгуулалтыг хийх нөхцөл бүрдлээ. Энэ 2018-2019 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод 26 сургууль гурван ээлжээр хичээллэж байгаа юм.

Харин 2019-2020 оны хичээлийн жилд Монгол улсын Засгийн газрын зорилтын хүрээнд нийслэл хотын ерөнхий боловсролын сургуулиуд 2 ээлжинд бүрэн шилжинэ. Мөн сургуулийн өмнөх насны хүүхдийн 85 хувь нь цэцэрлэгээр хангагдах төлөвтэй байна.

  • ГАЗРЫН РЕФОРМ, ШИНЭЧЛЭЛ

Нийслэлийн зүгээс газрын харилцааны шинэтгэлийн хүрээнд цахим биржийн үйл ажиллагааг нэвтрүүлэв. Ингэснээр иргэд цахим биржээр дуудлага худалдаа зохион байгуулж, зах зээлийн үнийн мэдээлэл цуглуулах, уг мэдээллээр иргэд болон хуулийн этгээдийг хангах юм. Мөн нийслэлийн 9 дүүргийн 152 хорооны газартай холбоотой бүх мэдээллийг агуулсан альбом буюу газар ашиглалтын зурагтай болно.

Газрын реформ, шинэчлэлийн ажлын хүрээнд 2018 оны эхний найман сарын байдлаар авч үзэхэд 2003 оноос хойш нийслэл хотод 196868 иргэнд 10529.2 га газар өмчилсөн байна.

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс “Явган хүний зам” арга хэмжээ эхлүүлсэн. Аяны хүрээнд нийтийн эзэмшлийн зам, явган хүний гарц хааж барилга барьсан аж ахуйн нэгж байгууллагуудад хугацаатай мэдэгдэл хүргүүлж, шаардлага биелүүлээгүй тохиолдолд албадан чөлөөлөх хүртэл арга хэмжээ авч байгаа юм. Өнөөдрийн байдлаар иргэдээс 40 гаруй байршилд явган хүний зам гаргуулахаар санал ирүүлж, уг саналын дагуу хугацаатай мэдэгдэх хуудсыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хүргүүлээд байна.

Газар эзэмшил, ашиглалтын чиглэлээр Орон сууцны хорооллын барилгуудын дунд болон сургууль, цэцэрлэгийн орчмын газарт барилга барих ажлыг хотын даргын захирамжаар бүрэн цуцалж, газар эзэмших, ашиглах эрх олгохыг зогсоов. Ингэснээр 16.8 га газрыг хүчингүй болгож, сургууль цэцэрлэг, оршин суугчдад буцаан олголоо.

СӨХ-дод нийтдээ 40.8 га газрыг олгож, тоглоомын талбай, тохижилт хийх боломжтой болголоо. Иргэд болон сургууль, цэцэрлэг, эмнэлэгүүдэд эргүүлэн олгосон газрын хэмжээ 57 га талбайд хүрч байгаа нь 50 ширхэг хөл бөмбөгийн талбайтай дүйж байгаа юм.

Газрын тухай хуульд нийцүүлэн газар эзэмших эрхийн хугацааг өөрчлөлт орох хэлбэрээс нь үл хамааран 15 жилээр олгодог болсноор гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдэх, бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийн ажлууд идэвхжих, тогтвортой харилцаа үүсгэх, газар ашиглалтын үйл ажиллагааг сайжруулах болсон тул газар эзэмшигч, ашиглагч, хөрөнгө оруулагчид таатай хүлээн авч байна.

  • ШИНЭ ЯАРМАГ

Нийслэлийн шинэ төлөвлөлтийн бүсүүдэд засаг захиргаа, худалдаа үйлчилгээ, соёл боловсрол, орон сууц, олон нийт, нийгмийн дэд бүтцийн үйлчилгээ бүхий ”Их тойруу”, “Яармаг” гэсэн хотын хоёр төв, Баянхошуу, Сэлбэ, Шинэ хот, Сонсголон, Гурвалжин, Амгалан гэсэн хотынзургаан дэд төв байхаар төлөвлөгдөөд байна.

Улаанбаатарыг нэг төвт хотоос олон төвт хот болгож, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Яармагт байгуулах шинэ төвд нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг нэг дор шилжүүлэн байршуулах судалгаа төлөвлөлтийг хийж, барилгажилтын төсөл боловсруулж НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулах ажлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд гардан хийж байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд Нийслэл хотын захиргааг Яармаг тийш шилжүүлэх ажил эхэлж, барилгын суурийг тавилаа. 2019 онд Хотын захиргаа Яармаг руу нүүж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа 33 агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд шилжин байрлах боломж бүрдэнэ. Ингэснээр 330 төрлийн ажил, үйлчилгээ нийслэлээс авахаар хотын төвд бөөгнөрөл үүсдгэдэг байсан байдал арилах юм. Нэг сая 300 гаруй мянган хүн амтай метрополис хотын захиргаа нийслэлийн баруун өмнө зүгт шилжин байрласнаар наад зах нь 30 мянга гаруй иргэн ажил, алба хөөцөлдөхөөр хотын төв рүү зүглэхээ больж, 3500 ажлын байр Яармагт төвлөрнө.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Майдар дагуул хот, шинэ нисэх буудлыг түшиглэсэн Аэросити зэрэг дагуул хотуудыг хөгжүүлэн хотын төвлөрлийг арилгана.

  • ХӨГЖЛИЙН АЛТАН ГУРВАЛЖИН

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар “Алтан гурвалжин-Хөгжлийн бүс” зөвлөлдөх уулзалт 2018 оны 5 дугаар сарын 21-нд болсон юм. Уулзалтын гол зорилго нь Улаанбаатар хотын төвлөрлийг задалж, хүний нөөц, ажиллах хүчний ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн болон захиргааны арга хэрэгслийг ашиглан Төвийн бүсэд зэрэгцэн орших Төв, Сэлэнгэ, Булган аймаг, Дархан, Эрдэнэт хотын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын хөгжлийн чиг хандлага, суурин газруудыг бүсчлэн хөгжүүлэх “Алтан гурвалжин” загвараар манлайлсан хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд оршиж байгаа билээ. Энэхүү “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд санаачилсан бөгөөд Монгол улсад жишиг болсон бүс нутгийн хөгжлийн бодлого хэрэгжүүлэх эн тэргүүний зорилт тавиад байна.

Олон улсын хөгжлийн туршлага, чиг хандлагаар томоохон хот, суурин газруудыг бүсчлэн хөгжүүлэх “Алтан гурвалжин” загвараар Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудыг хөгжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх улмаар хотуудын таталцал, нөлөөллийн бүс дэх Төв, Сэлэнгэ, Булган аймгуудтай хүний нөөц, ажиллах хүчний ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн болон захиргааны арга хэрэгслийг ашиглан аймаг, орон нутгийн зах зээлийн боломж, нөөцийг нэмэгдүүлэн тогтвортой хөгжлийг хангах талаар санал боловсруулж, хамтран хэрэгжүүлэх зорилго дэвшүүлж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн наймдугаар сард дээрх аймгуудтай байгуулсан Санамж бичгийн хэрэгжилт ямар байгаа, хэрхэн ажил хэрэг болж буйг газар дээр нь очиж үзэхээр Төв аймгийн Жаргалант сум, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад ажиллаад ирлээ. Ажлын эхний үр дүн гарч Төв, Сэлэнгэ аймгийнхан нийслэлчүүдийг хэн нэг ченжийн гар дамжуулалгүйгээр ургацын талбайгаас нь шууд нийлүүлсэн төмс, хүнсний ногоо, малчдын гар дээрээс шууд нийлүүлсэн сүү, цагаан идээгээр хангана гэдгээ илэрхийлжээ.

  • ШҮД, ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО

Улаанбаатар хотын хэмжээнд шүдний төрөлжсөн чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг Шүд, эрүү нүүрний төв 3 жил орчим түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байсан бол хэдхэн хоногийн өмнө шинэ байртай болж төвхнөлөө. Ингэснээр нийслэлчүүдэд орчин үеийн шаардлага стандартад нийцсэн, эмнэлгийн тоноглол бүхий тав тухтай орчинд эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг болов.

Энэ жилийн хувьд эрүүл мэндийн салбарт 8.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Чингэлтэй дүүргийн түргэн тусламжийн төв, Багахангайн 40 ортой эмнэлэг, Туул тосгоны эмнэлгийг барьж, Үндэсний оношлогоо эмчилгээний төв, АШУҮИС-ийн дэргэдэх эмчилгээний төвийн барилгыг барьж дуусгахаар ажилаж байна.

“ЖиСиАй капитал” байгууллагын дэмжлэгтэйгээр “Дүнжингарав” цус цуглуулах шинэ төвийг байгууллаа. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн шугамаар дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, амаржих газрын хүүхдийн үзлэгийн кабинет, хэвтүүлэн эмчлэх тасагт 200 ширхэг агаар цэвэршүүлэгчийг байрлуулав.

Үүний зэрэгцээ, Засгийн газраас нийслэлийн агаар бохирдол ихтэй гэр хорооллын бүсэд байрладаг сургууль, цэцэрлэгийн анги танхим болон эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжөөр хангах ажлын хүрээнд 230 ширхэг агаар цэвэршүүлэгчийг нэмж өгөөд байна. Мөн тус хөтөлбөрийн дагуу цаашид 365 ширхэг агаар цэвэршүүлэгчийг нэмж өгөхөөр төлөвлөжээ.

Дүүргүүдийн эмнэлэгт мухар олгой зэрэг зарим төрлийн мэс засал хийдэг болж, төвлөрсөн эмнэлгүүдийн ачаалыг зохих хэмжээгээр бууруулаад байна.

  • ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛ

Нийслэлээс үзүүлж байгаа 55 үйлчилгээг цахимжуулах гэж байна. Нийслэлийн хороодод төрийн үйлчилгээг хүргэх ажлыг энэ онд эхлүүлж байгаа юм. Улаанбаатар хотод нэг цэгийн үйлчилгээний супермаркет 4 бий. Одоо иргэдийн хамгийн их авдаг 7 төрлийн үйлчилгээг хороодод хүргэж байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Ардчиллын боловсрол төв хамтран нийслэлийн нутгийн захиргааны байгууллага албан тушаалтанд хандсан иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх, байгууллагуудын үйл ажиллагааг иргэдээр үнэлүүлэх “CHECK MY SERVICE” гар утасны аппликэйшныг иргэдийн хэрэглээнд нэвтрүүллээ.

Мөн нийслэлийн Мэдээллийн технологийн газраас нийслэлээс үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, стандартыг сайжруулах, иргэдэд ямар нэгэн саад, бэрхшээлгүй хүргэх зорилгоор тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn системийг шинэчлэн хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлээд байгаа юм.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв, нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Улаанбаатар Хотын Банк, Метатек компани хамтран “ГЭРЭГЭ” цахим төлбөрийн машиныг анх удаа хэрэглээнд нэвтрүүлж, нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт нээлтээ хийлээ. Эхний ээлжид Тээврийн Хэрэгслийн татвар болон, Торгуулийг төлөх боломжтой болж байгаа юм. Цаашдаа 30 гаруй төрийн үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байна.

  • НЭГ ХОТ-НЭГ СТАНДАРТ

Нийслэл хотод амьдарна гэдэг бол иргэд нь нийслэлийн стандартад нийцсэн үйлчилгээ авна гэсэн үг юм. Улаанбаатарыг удирдана гэдэг нь хотоо дэлхийн хотуудын стандартад хүргэнэ гэсэн үг. Хотын даргын хийх ажил бол энэ. Бага тойруугаас Багахангай, төв талбайгаас захын хороолол хүртэл нийслэл хотын 4700 ам дөрвөлжин км нутаг дэвсгэрт нэг л стандарт үйлчлэх ёстой. Үүнийг Нэг хот, нэг стандарт гэж байгаа юм.

Үүнийг нийслэлийн 1.4 сая иргэн бүрт нэг стандарт хэмээн томъёолон ойлгож болно. Үүний зэрэгцээ Олон удаагийн парламент дамжин хүлээгдэж байсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна.

Өдгөө 1.4 сая хүн амьдарч ажиллаж, ДНБ-ий 60 гаруй хувийг үйлдвэрлэж буй хотын хувьд уг хуулийн өөрчлөлт зайлшгүй шаардлагатай байгаа юм. Сүүлийн удаа 1994 онд уг хуулийг шинэчилсэн. Гэвч тухайн үед Улаанбаатарын суурин хүн амын тоо 589 мянга байсан бол өдгөө 1.4 сая болж, 30 мянган хүн амтай хороо ч ажиллаж байна. Автомашин 20337 бүртгэлтэй байсан бол өнөөдрийн байдлаар 400 гаруй мянга болсон гэх зэргээр нийслэл хотод эрх зүйн шинэ зохицуулалт зайлшгүй шаардлагатай болоод байгаа юм.

  • АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хот болон хот орчмоор ая тухтай аялах нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгоор “Сити-тур” төсөл хэрэгжиж “Сити тур” автобус явж байна.

Бүргэдийн баяр нь эдүгээ Монгол Улсын аялал жуулчлалын эвентүүдийн хамгийн сонирхолтой баярын нэг болоод байна. Энэхүү баярыг нийслэл хотод зохион байгуулдаг болсон нь гадаадын жуулчдын анхаарлыг ч татдаг боллоо.

Олон Улсын-Улаанбаатар марафон” гүйлтийн тэмцээнийг жил бүр зохион байгуулж байна. Үүнд оролцдог гадаадын иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм.

Монгол хоолны дахин давтагдашгүй соёлыг дотоод гадаадын иргэдэд түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор“UB Food Festival”-ийг зохион байгуулдаг боллоо. Тус арга хэмжээний үеэр энэ жил анх удаа Нийслэлийн нэрийн “Улаанбаатар шөл” болон “Улаанбаатар хуурга” шалгаруулах тэмцээн зохион байгуулсан юм.

“UB Food Festival”-д оролцогч байгууллагууд төрөл бүрийн хоол зууш, амттан бэлтгэн хүрэлцэн ирсэн зочид, үзэгчид дунд “Хэн хамгийн олон хотдог, бургер идэх вэ?”, “Аавтайгаа хамт”, Зайрмагны баяр, Айрагны баяр зэрэг уралдаан, хөгжөөнт тоглоом, урлаг соёлын хөтөлбөрүүд, хоол урлалын сонирхолтой үзүүлбэрүүд зохиогдог нь жуулчдын сонирхлыг татсан үйл явдлын тоонд орж байна.

Залууст өв соёлоо сурталчлах, гадаадын жуулчдыг татах зорилгоор Соёл, шашны томоохон зан үйл болох Даншиг наадмыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй хамтран Хүй долоон худагт жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд тэмдэглэж байна.

  • “ГЭР ХОРООЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ САН”-ГААС 87 ИРГЭН БАЙРТАЙ БОЛЛОО

Хот иргэдээ орон сууцтай болгохыг дэмжиж сан байгуулав. Сан байгуулагдсанаар Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийн иргэдээ орон сууцжуулах замаар барилгын салбараа бодитоор дэмжих үр дүнтэй ажил болж чадаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус сангийн дэмжлэгтэйгээр 87 иргэн орон сууцанд ороод байна.

Categories
мэдээ нийгэм

Баруун бүсийнхэн мал хулгайлах гэмт хэргийн талаар зөвлөлдөж байна

“Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт баруун бүсийн зөвлөлгөөн өнөөдөр Улаангом хотноо болж байна.

Зөвлөлгөөнөөр малын генетик нөөцийн тухай болон мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилт, хил дамнасан малын хулгайг таслан зогсооход Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээр, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хууль хяналтын байгууллага, орон нутгийн засаг захиргааны хамтын ажиллагаа, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд мэргэжлийн хяналтын байгууллагын оролцоо, иргэд, аж ахуйн нэгж, малчдын бүлэгтэй хамтран ажиллах, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, анхаарах асуудлуудын талаар Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон ХХААХҮЯ, ХЗДХЯ, МХЕГ, ХХЕГ, ЦЕГ-ын төлөөллүүд илтгэл тавьж байна. Энэ үеэр мөн Завхан, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн Цагдаагийн газрын дарга нар өөрийн аймгийн мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, урьдчилан сэргийлэх ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж байна. Увс аймагт энэ оны эхний 9 сарын байдлаар өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн 32.3 хувийг малын хулгайн гэмт хэрэг эзэлж, өмнөх оны мөн үеэс энэ төрлийн гэмт хэрэг 11 гаралтаар буурсан үзүүлэлттэй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Ч.Чамин-Эрдэнэ амиа алдсанд хэн нэг этгээд буруутай байж болзошгүй

“Монгол модель” агентлагийн модель, “Mon­golia’s next top model 2018” уралдааны оролцогч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар амиа алджээ. Тодруулбал, “Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр Энхтайваны гүүрний зүүн талд орших “KH Apart­ment” хотхоны 11 давхраас хүн унасан байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагын 102 тоот утсанд энэ сарын 24-ний 17:25 минутад ирсэн байна. Үүний дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг хийн ажиллаж, уг байранд оршин суух хаягтай 22 настай, загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ унаж, нас барсныг олж тогтоосон байна. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг нягтлахаар цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Задлан шинжилгээний хариу 21 хоногийн дараа гарна. Тиймээс талийгаач архи уусан байсан уу, түүний үхэлд хэн нэгэн этгээд буруутай юу гэдэг нь тодорхой болох юм.

Ч.ЧАМИН-ЭРДЭНЭ БУСДАД ХҮЧИНДҮҮЛСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭВ

Зарим гол эх сурвалжаас авсан мэдээллээр талийгаач тус хотхонд найз залуутайгаа амьдардаг байсан гэнэ. Түүний амиа алддаг өдөр гэрт нь залуус ирсэн байж. Талийгаач тэдгээр хүмүүстэй үл ойлголцсоноос, улмаар аминд нь хүрсэн байж болзошгүй гэв. Гэмт хэрэгтэн хэргээ хаацайлахын тулд талийгаачийг 11 давхраас түлхэж, унагасан байж болзошгүй гэдгийг онцоллоо. Түүний үхлийн шалтгааны талаар олон таамаг гарчээ. Тухайлбал, фэйсбүүкт “Т.с.с, Т.с.с” гэсэн хаягтай иргэн “Ганц чинь үнэнийг хариуцлагатайгаар хэлчихье. Би Чамиагийн ээжийнх нь бүр багын тодруулбал, цэцэрлэгээсээ өдийг хүртэл нөхөрлөж яваа хоёр найзынх нь нэг байна. Ч.Чамин-Эрдэнэ амиа хорлоогүй гэдгийг нь хэлье. Хамгийн түрүүнд мэдэж, бичсэн хэвлэлийн эх сурвалж нь сонин санагдлаа. “Амиа хорлосон” гэх юм. Хэн ч мэдэх үндэсгүй гэдгийг мэдэгдье. Түүний амийг егүүтгэсэн гэмт этгээд амьд арзайгаад, мэнд мэлтийгээд явж байгаа. Удахгүй зохих шийтгэлээ хүлээнэ” хэмээжээ. Талийгаачийн ар гэрийнхэн нь түүний үхэлд хэн нэгэн нөлөөлсөн гэж үзэж байгаа бололтой. Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн эмээ нь түүнийг бусдад хүчиндүүлсэн байж болзошгүй. Бүх шинжилгээг хийлгэнэ гэдгээ цагдаагийн байгууллагад мэдэгдсэн аж.

Ч.ЧАМИН-ЭРДЭНЭ ГЭЖ ХЭН БЭ

Ч.Чамин-Эрдэнэ 1996 онд төрсөн. Соёл урлагийн их сургуульд сурч байсан. Тэрээр Монголын ноос, ноолуурын салбарын анхдагч “Говь” үйлдвэр болон бусад шилдэг брэндийн нүүр царай болж, загвар өмсч байсан. Азийн шилдэг моделиудын нэг байсан юм. Мөн тэрээр “Mongolia’s next top model 2018” тэмцээнд оролцож, үзэгчдээс ихээхэн дэмжлэг авч байв. Тус тэмцээний шилдэг таван оролцогчийн тоонд орж, сүүлийн шалгаруулалтдаа бэлтгэж, сэтгэл догдлон хүлээж байсан гэдгийг түүний дотны найзууд, эгч нь бичжээ. Түүний Х.Бороо гэх ах нь “Миний дүү бурхны орондоо амар амгалан тайван нойрсох болтугай. Ах нь маш их харамсаж байна. Бид хоёрын бага насны олон сайхан дурсамж сэтгэл зүрхэнд минь үүрд үлдэх болно оо. Дүү минь “Бороо ах аа, та бид хоёр чадна аа. Цаг хугацаа харуулах болно” гэж хэлсэн энэ үгийг сонсоод ах нь урам зориг авч байжээ. Бид хоёр урлагийн гэр бүлд өсөөгүй ч, хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдэгт итгэдэг. Миний дүү од шиг гялалзаад буцлаа даа” гэсэн байна.

“MONGOLIA’S NEXT TOP MODEL” НЭВТРҮҮЛЭГ ЦААШИД ҮРГЭЛЖИЛНЭ ГЭЛЭЭ

“Mongolia’s next top mod­el 2018” тэмцээнийг зохион байгуулж буй “Боловсрол” суваг телевизийн хамт олон албан ёсоор эмгэнэл илэрхийлжээ. Эмгэнэлд “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ нь зуурдаар таалал төгсч бидэнд хүнд гарз тохиолоо. Түүний гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Түүний мэргэжлийн чадвар, найрсаг энэрэнгүй зан, хүн чанарыг сэтгэл зүрхэндээ үүрд дурсаж явах болно. Ум сайн амгалан болтугай” гэжээ. Тус телевизийн албаны эх сурвалжаас загварын тэмцээн цаашид үргэлжилж гарах уу гэдгийг тодруулахад “нэвтрүүлэг гарна” хэмээсэн юм.

Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа гэж мэдээллээ.