Categories
мэдээ нийгэм

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЗАЛУУС ХӨТӨЛБӨР зарлагдлаа

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн санхүүжилтээр Зориг Сан анх удаагаа оюутан залууст зориулсан БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЗАЛУУС ХӨТӨЛБӨР-өө зарлалаа. Тус хөтөлбөрт нийгэмдээ хувь нэмрээ оруулах, байгаль орчны мэдлэгээ тэлэх, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй оюутан залуусыг оролцохыг урьж байна.

Тавигдах шаардлага:

18-23 насны оюутан байх,
Хөтөлбөрийн үйл ажиллагаанд 2 долоо хоногийн турш идэвхтэй оролцох боломжтой байх,
Өөрийгөө хөгжүүлж, байгаль орчинд тустай үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй байх,

Хөтөлбөрт хамрагдсанаар:

Монголын өнөөгийн байгаль орчны тулгамдаж буй асуудлуудыг судлан, эдгээрийг шийдвэрлэхэд иргэн бүрийн хувь нэмэр, оролцооны талаар мэдлэгтэй болох
Байгаль орчны салбарын туршлага бүхий манлайлагчидтай уулзаж санал бодлоо солилцох,
Нийгмийн оролцоо, манлайлал, хамтын ажиллагааны ур чадвараа сайжруулах боломжтой
Залуус өнөөгийн байгаль орчинд тулгамдаж буй асуудлын талаар хамтдаа хэлэлцэж, түүний хор уршиг болон хэрхэн шийдвэрлэх арга замыг хамтдаа эрэлхийлэх.
Мөн хөтөлбөрийн хугацаанд 5 багт хуваагдан сурч мэдсэн зүйлс дээрээ тулгуурлан байгаль орчинд тулгамдаж буй асуудлын шийдлийг олох юм.

Оролцохыг хүсэгчид доорх өргөдлийг онлайнаар https://form.jotform.me/zorigfoundation/yelp-2019 бөглөх бөгөөд 2018 оны 10-р сарын 31-ний 23:00 цаг хүртэл хүлээн авна.

Шалгаруулалт:
Урьдчилсан шалгаруулалтыг Эссэ болон цахим өргөдлийн маягтыг үндэслэн явуулна. Зөвхөн урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчтай утсаар болон имейлээр холбогдож ганцаарчилсан ярилцлаганд урих бөгөөд ярилцлагын үр дүнгээр эцсийн шалгаруулалтыг хийнэ.

Шалгаруулалтын хуваарь:

Онлайн өргөдөл хүлээж авах: 2018.10.18 – 2018.10.31
Эхний шатанд тэнцсэн өргөдөл гаргагчтай утсаар холбогдож 2-р шатны ярилцлагад дуудах: 2018.11.02-03
Ярилцлага болох: 2018.11.05-06
Хөтөлбөр эхлэх: 2018.11.09

Хөтөлбөрт 25 оролцогч шалгаран оролцоно.

ЖИЧ: Зориг сангаас зарлагддаг бүх хөтөлбөр төлбөр авдаггүй болно.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнд 900 гаруй тамирчид оролцож байна

Монгол Улсын ууган гавьяат дасгалжуулагч, Монгол хэл, уран зохиолын багш, Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул А.Доржсүрэнгийн нэрэмжит өсвөрийн волейболын “Улсын аварга шалгаруулах тэмцээн” өнөөдөр нээлтээ хийлээ. Өсвөрийн волейболын “Улсын аварга шалгаруулах тэмцээн” нь 2006 оноос хойш 13 дахь жилдээ болж буй бөгөөд төрөлх нутаг Дундговь аймагт 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа аж.

Долоо хоногийн турш үргэлжлэх тус тэмцээнд 19 аймаг, 9 дүүрэг, 8 клубын эмэгтэй 37, эрэгтэй 39 багийн 900 гаруй тамирчид, 150 гаруй багш дасгалжуулагч оролцож, найман зоонд хуваагдан шилдэгээ шалгаруулах юм.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, ЗДТГ-ын дарга Ц.Эрдэнэсүрэн, БТСГ-ын дарга М.Наранбадрах, Сайнцагаан сумын ИТХ-ын дарга Б.Өлзийбаяр, МВХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, хурандаа С.Нэргүйбаатар нар оролцож нийт баг тамирчдад баяр хүргэж, амжилт хүслээ. Мөн Монгол Улсын волейболын ууган гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэнгийн хань Ардын боловсролын тэргүүний ажилтан Д.Хишигтогтох болон гэр бүл, үр хүүхдүүд нь оролцсон юм. Түүнчлэн тус гэр бүлээс Волейболын улсын шүүгч 2, Олон улсын хэмжээний мастер 1, Спортын мастер 8, Спортын дэд мастер 2 төрсөн байна.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр Монгол Улсын волейболын спортын мастер цол тэмдгээр Ц.Сувдантуяа шагнуулсан бол МВХ-ны хүндэт тэмдгээр А.Мөнхбаяр, Т.Оюумаа нар тус тус шагнуулсан юм. Түүнчлэн Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрын авьяаслаг уран бүтээлч хүүхдүүд уран бүтээлийнхээ дээжээс өргөн барилаа.

Categories
мэдээ нийгэм

16 нас хүрсэн 120 залуучууд иргэний үнэмлэхээ авч андгай өргөлөө

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын Газраас уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол Нийслэлийн 379 жилийн ойг тохиолдуулан дүүргийн Соёлын ордонд боллоо. Хан-Уул дүүргийн 16 хорооны 16 насанд хүрч буй 120 залуучууд иргэний үнэмлэхээ гардан авч, иргэний андгайгаа өргөлөө.

Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолын зорилго нь иргэний хувьд эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, хөдөлмөрч, хууль, ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд оршино.

Ёслолын ажиллагааг нээж Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд хэлэхдээ “Монгол Улсын иргэн болж үнэмлэхээ албан ёсоор гардан авна гэдэг бол нэр төрийн хэрэг. Мөн хуульд заасан тодорхой эрх эдэлж, үүрэг хариуцлага хүлээх юм. Тийм учраас өнөөдөр үнэмлэхээ хүлээн авч Монгол Улсын иргэн болж байгаа нийт залуучууддаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсээд улс эх орондоо хэрэгтэй, ихийг хийж бүтээсэн Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөсөн хариуцлагатай иргэн болохыг хүсэн ерөөе” хэмээж Засаг даргаас дурсгасан ном болон дурсамж, иргэний үнэмлэхийг гардуулан өглөө.

Андгай өргөж буй залуучуудад Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, Оюуны төвийн захирал, лектор Г.Мөнгөн нар илтгэл тавьж залуучуудыг нийгэмдээ манлайлагч байхыг уриаллаа. Түүнчлэн залуу дуучин Ш.Хүрэлбаатар 16 насны дурсамжаа хуваалцан ая дуугаар мэндчилгээ дэвшүүллээ гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар М.Баярааг томилжээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас ТУЗ-ийн 11 гишүүнийг албан ёсоор томилж, баталгаажуулсан билээ. ТУЗ-ийн гишүүдэд,

ТӨР ТӨЛӨӨЛСӨН ГИШҮҮД:

1.Сангийн яамны ТНБД С.Наранцогт,

2.Зам, тээврийн хөгжлийн яамны ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Х.Мэргэн,

3.Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ТНБД Г.Нандинжаргал

4.“Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг,

5.Сангийн яамны Хуулийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Баярчимэг,

6.ТӨБЗГ-ын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ,

7.ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн

ХАРААТ БУС ГИШҮҮД:

1.“Монголросцветмет” нэгдлийн Ерөнхий захирал асан Х.Болор-Эрдэнэ

2.МАН-ын “Цэгцрэх Хөдөлгөөн”-ий ерөнхий зохион байгуулагч П.Өлзийнаран

3.Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Р.Бурмаа

4.Цогийн Ганболд нарыг томилоод байсан юм.

Улмаар төр төлөөлсөн ТУЗ-ийн гишүүдийн бүрэлдэхүүнээс Сангийн яамны Хуулийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Баярчимэгийг хасч, оронд нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Баярааг томилсон байна.

Мөн өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга хийж байсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ТНБД Г.Нандинжаргалыг албан үүргээс нь чөлөөлж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Баярааг томилсон аж.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар томилогдсон М.Баяраа нь,

-2000 оноос УИХ-ын тамгын газарт мэргэжилтэн,

-2006 оноос Японы олон улсын Жайка төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн,

-2009 “Эм Ти Си Партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал

-2011 Хөгжлийн банк ахлах мэргэжилтэн,

-2016 СХД-ийн боловсролын газрын дарга,

-2016 СХД-ийн ЗДТГ-ын дарга,

2017 оноос УУХҮЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байгаа нэгэн аж.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын комисс Монголд хуралдана

-МАНАЙ УЛСААС БНХАУ, БНСУ, ЯПОН ЗЭРЭГ ОРНУУД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ АВАХ БОЛОМЖ НЭЭГДЖЭЭ-

Энэ сарын 31, арваннэгдүгээр сарын 1-ны өдрүүдэд “Зүүн Хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ, хамтын ажиллагааны 2018 форум” манай улсад зохиогдох гэж байна. Уг форумыг НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комисс (UNESCAP)Улаанбаатар хотод зохион байгуулах аж. Форумд Зүүн Хойд Азийн орнууд буюу Монгол, БНХАУ, БНСУ, Япон, ОХУ-ын Эрчим хүчний яам болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцох аж. Зүүн Хойд Азийн орнуудыг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжтой ганц улс нь Монгол гэж тус улсууд үздэг байна. Учир нь манай орон нь нар, салхи, ус гэх мэт сэргээгдэх эрчим хүчний арвин баялаг нөөцтэй. Энэ их нөөцийг ашиглаж чадвал тус бүс нутгийн орнуудыг цахилгаан, эрчим хүчээр хангах боломж нээгдэнэ хэмээн тус салбарынхан үзэж байгаа юм байна.

Зүүн Хойд Азийн бүс нутаг нь одоогоор эрчим хүчний нэгдсэн сүлжээгээр холбогдоогүй цорын ганц бүс нутаг болоод байгаа аж. Манай улс энэ байдлыг өөрсдөдөө ашигтайгаар ашиглаж чадвал ирээдүйд эрчим хүчний хил дамнасан худалдааг бий болгож чадах юм. Энэ бүс нутагт ДНБ-ний 25 хувь, нийт хүн амын 22 хувь, эрчим хүчний хэрэглээний 25 хувь нь төвлөрч байгаа нь манай орны хувьд өргөн уудам нутгийнхаа нөөцөө ашиглан сэргээгдэх эрчим хүчний экспортлогч орон болох алтан боломж гэж салбарынхан үзэж байгаа юм.

Монгол улсын оролцоог хангах боломж, давуу талууд гэвэл,

Эрчим хүчний баялаг нөөц

Харьцангуй бага хэрэглээ

Өргөн уудам газар нутаг нь том чадлын эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах шугам барихад таатай

Газарзүйн байршил.

Эрчим хүчний нөөц ихтэй ОХУ болон БНХАУ-ын баруун хойд, хойд мужтай харьцуулахад хэрэгцээт зах зээлдээ харьцангуй ойр, эдийн засгийн үр ашиг өндөр. Иймээс энэ долоо хоногийн лхагва, пүрэв гаригт болох НҮБ-ын комиссын хуралдаан нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт дэвшил авчрах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ гэж үзэж болох юм.

Categories
мэдээ нийгэм

Алга болсон БНХАУ-ын иргэдийг хүч нэмэгдүүлэн хайж байна

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоноос сураггүй алга болсон БНХАУ-ын хоёр иргэнийг хүч нэмэгдүүлэн хайж байна.

БНХАУ-ын харьяат иргэн 25 настай эрэгтэй М, 28 настай эмэгтэй иргэн Г нар 10 сарын 18-ны өдөр ууланд гурав хоног аялаад ирнэ гэж яваад сураггүй алга болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 6 алба хаагч, Тагнуулын газрын 1 алба хаагч, Цагдаагийн газрын 13 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, ар гэрийнх нь 2 хүн, нийт 36 хүн, 5 автомашин, 5 морь, 1 нохойтой 3 бүлэгт хуваагдаж, 10 сарын 28-ны өдөр 1 дүгээр бүлэг Алаг-Эрдэнэ сумын сумын 6 дугаар багийн Ар голын-Эх гэдэг газраас Байцын хад гэдэг газар хүртэл 60 км-т, 2 дугаар бүлэг Нуурт хөндий гэдэг газар хүртэл 40-км-т, 3 дугаар бүлэг Рэнчинлхүмбэ сумын Ёлт багийн Шимийн-Агь гэдэг газар хүртэл 40 км-т тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүн хүрээгүй харанхуй болсон учраас 20 цаг 30 минутад түр зогсоосон байна. Эрэн хайх ажиллагаа өнөөдөр өглөөний 8 цагт дахин эхэллээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, 1 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллахаар Хатгал тосгоныг зорьжээ.

Categories
мэдээ улс-төр

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Ерөнхий ассамблейн хуралдаанд МАН-ын төлөөлөгчид оролцлоо

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Ерөнхий ассамблейн 10 дугаар хуралдааныг ОХУ-ын Нэгдсэн Орос намаас Москва хотноо 10 сарын 24-27-ны хооронд зохион байгуулав. Азийн 35, Латин Америк, Африк тивээс тус бүр нэг улсын 70 намын төлөөлөгч оролцсон энэ удаагийн Ерөнхий ассамблейн хуралдаан “Олон улсын хурцадмал байдлыг намжаах, экстремизмтэй тэмцэхэд улс төрийн намуудыг үүрэг”, “Улсууд хоорондын эдийн засаг, улс төр, нийгмийн харилцааг хөгжүүлэхэд улс төрийн намуудын хамтын ажиллагааны ач холбогдол” гэсэн хоёр үндсэн сэдвээр явагдлаа. Хуралд МАН-ыг төлөөлөн Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Ц.Мөнхцэцэг, Хэвлэл мэдээллийн газрын дарга А.Энхзул нар оролцлоо.

Ерөнхий ассамблейн 10 дугаар хуралдааны Эмэгтэйчүүдийн 5 дугаар салбар хуралдаанд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Ц.Мөнхцэцэг “МАН-аас эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах талаар явуулж буй бодлого”, Хэвлэл мэдээллийн 4 дүгээр салбар хуралдаанд Хэвлэл мэдээллийн газрын дарга А.Энхзул “Монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн байдал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Ерөнхий ассамблейн 10 дугаар хуралдаанаас олон улсын түгшүүрт байдал, терроризм, экстремизмтэй тэмцэхэд улс төрийн намуудын хамтын ажиллагаа онцгой үүрэгтэй гэдгийг онцолж Москвагийн тунхаглал хэмээх баримт бичгийг батлан гаргалаа. Москвагийн тунхаглалд “Аливаа маргаан зөрчлийг НҮБ-ын дүрэм, олон улсын эрх зүйн дагуу энхийн аргаар шийдвэрлэхийг эн тэргүүний зарчим болгон баримтлах, хурцадмал асуудыг намжаах, урьдчилан сэргийлэхэд нийгмийн сүлжээ болон интернет онцгой үүрэгтэй хүлээн зөвшөөрч, хамтран ажиллах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг улсын дотоодод болон олон улсын тавцанд ханган баталгаажуулахын зэрэгцээ терроризм, эксремист үзэл суртлыг нийгмийн сүлжээгээр дамжин тараахаас урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллах, улс орнуудын эдийн засаг, улс төр, нийгмийн салбар дахь харилцаа холбоог бэхжүүлэхэд улс төрийн намууд хоорондын итгэлцэл, харилцан ойлголцол чухал үүрэгтэй” гэж заасан байна.

Categories
мэдээ нийгэм

Их цэвэрлэгээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид нэгдэв

Нийслэлийн өдрийг угтан нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагын дунд болзолт уралдаан зарласан билээ. Уг уралдаантай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагын дунд 2018 оны аравдугаар сарын 26-ны өдөр их цэвэрлэгээ болон эцсийн зогсоолын U money карт борлуулах цэгүүдэд хяналт, шалгалтыг зохион байгуулсан юм. Цэвэрлэгээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 аж ахуй нэгж байгууллага болон Улаанбаатар смарт карт ХХК-ийн нийт 394 ажилтан, 51953,5 м2 талбайг цэвэрлэн, 179 шуудай хогийг хогийн машинд тээвэрлэн ажиллаа.

Тус газрын 35 албан хаагчид цэвэрлэгээний хуваарийг гарган, U money цэгүүдэд хяналт тавин ажиллаа. Энэхүү цэвэрлэгээний ажилд идэвхитэй оролцсон аж ахуй нэгж байгууллагууддаа талархсанаа илэрхийлье.

Categories
гадаад мэдээ

Стивен Хокингийн ирээдүйг харсан зөгнөл хүмүүсийг цочирдуулж байна

Алдарт физикч Стивен Хокингийн “Нухацтай асуултад өгөх богино хариулт” ном саяхан Их Британид хэвлэгдэн гарчээ. Түүний бичсэн зүйл эрдэмтдийн төдийгүй жирийн иргэдийг хүртэл цочирдуулсан байна. Тэрээр номондоо генийн сайжруулсан өөрчлөлт бүхий хүн гарч ирэхийг зөгнөжээ. Баян хүмүүс өөрийн ДНХ-г ямар ч хяналтгүй өөрчлөх вий хэмээн С.Хокинг нэлээд түгшиж байсан гэнэ.Ийм нөхцөлд ядуу хүмүүс амьд үлдэхгүй аж.

Генийг засах нь уран зөгнөл биш. Өнөөгийн эрдэмтэд хүний генийг өөрчлөх боломжийг эзэмшсэн нь ойлгомжтой. Гэхдээ одоогийн байдлаар тэр боломж нь хязгаарлагдмал байна. Учир нь сөрөг үр дагаврыг хэн ч хэлж таашгүй. Энэ байдлыг засах нь ердөө цаг хугацааны асуудал бөгөөд үүнд 5-10 жил хангалттай гэнэ. Гагцхүү ёс суртахууны асуудал чухал юм. Нас барахын өмнө Стивен Хокинг энэ аюулаас урьдчилан сэргийлж анхааруулж байжээ. Генээр дамжуулан оюун ухааныг өөрчилж, тэр ч бүү хэл хүний араншинг өөрчилж болно. Энэ бол хүн төрөлхтний сүүлчийн хорхой хүргэсэн зүйл байх болов уу хэмээн үзэж байжээ.

“Супер хүн бий болмогц улс төрийн томоохон асуудлууд гарч ирэх бөгөөд тэр нь “сайжирч” чадаагүй, тиймээс ч өрсөлдөх чадваргүй хүмүүстэй холбоотой байх болно. Тиймээс алга болох, эсвэл чухал үүрэг гүйцэтгэхээ болино. Тэдний оронд өөрсдийгөө байнга сайжруулж байдаг хүмүүс бий болно” хэмээн Стивен Хокинг зөгнөжээ.

Гэхдээ нас бие гүйцсэн хүний генийг нэг ч эрдэмтэн өөрчилж чадахгүй, зөвхөн гэдсэнд байгаа үр хөврөлийг л ингэх боломжтой. Харин өнөөдрийн байдлаар ирээдүйн хүнийг өөрчлөхийг дэлхий дахинаа зарчмын хувьд хориглосон байдаг. Ганцхан Их Британид энэ ажиллагаанд лиценз олгохыг санал болгодог юм байна.

Стивен Хокингийн энэ зөгнөлөөс үүдэн эрдэмтэд хоёр хэсэг болон хуваагджээ. Тэдний нэг хэсэг нь хүний ДНХ-д оролцохыг хориглохыг уриалж байгаа бол 30 жилийн тэртээ ЭХО хүртэл зүй бус зүйл гэж тооцогдож байсныг сануулж байна.

Гэхдээ энэхүү маргаан, магадгүй цаашлаад хүн төрөлхтний хувь заяа судалгаа хийж байгаа хүмүүсийн гар хэр цэвэр байх вэ гэдгээс ихээхэн хамаарах нь тодорхой.

Ихэнх судлаачид нэг санаан дээр нэгдээд байна, -нийгэм өөрийгөө хамгаалж чадна. Жирийн хүн генетикийн лабораторид зүгээр нэг сониуч зандаа хөтлөгдөн орж болдоггүйтэй адил генийг редакторлох технологи олны хүртээл болж чадахгүй гэдэгт найдаж байгаа юм.

Т.БҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Яаралтай тусламжийн мэргэжилтнүүд чууллаа

“Монголын яаралтай тусламжийн мэргэжилтнүүдийн үндэсний чуулган-2018” –ыг Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгээс санаачлан энэ сарын 26- ны өдөр зохион байгууллаа.

Тус нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг энэхүү чуулганы үдээс өмнөх хуралдаанаар эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжид ажиллаж буй эмч мэргэжилтнүүдийн сүүлийн үед хийсэн шинэ судалгааны ажлууд, шинэ технологийг танилцууллаа.
Үдээс хойшхи хуралдаанаар шинэчлэн боловсруулж буй яаралтай, тусламж, түргэн тусламжийн журмын төсөл дээр бүлэг болон ажиллаж, санал дүгнэлт өглөө. Цаашид энэхүү журмуудын төслийн хүрээнд дахин жижиг бүлгээр хуралдаж, эцэслэн хэлэлцэхээр шийдвэрлэлээ.