Categories
мэдээ туслах-ангилал улс-төр

Х.Баттулга МАН-ын бүлгийн хуралдаанд оролцож, 165 мянган малчин өрхийнхөө амьжиргааг дээшлүүлэхэд анхаарахыг сануулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд оролцож, Монгол Улсын 2019 оны төсвийн асуудлаар байр, сууриа илэрхийлэв.

Төсөв эцэслэн батлагдаж дуусаагүй байгаа учраас 10-15 хувийн хэмнэлт хийж 80 сая малынхаа түүхий эдийг боловсруулах үйлдвэр барихад зарцуулах нь 165 мянган малчин өрхийнхөө амьжиргааг дээшлүүлэхэд ихээхэн чухал болохыг дахин дахин анхааруулаад гарсан юм.

Өмнө нь уг асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

  • УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлж /унших бол энд дарна уу/
  • УИХ-ын дарга М.Энхболд /унших бол энд дарна уу/
  • Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт албан бичиг /унших бол энд дарна уу/ илгээсэн юм.

Тухайлбал, дээрх асуудлын хүрээнд 2019 онд манай улсын экспортын бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөж байгаа циклтэй холбогдуулан энэ жил л гэхэд 500 сая ам.долларыг төсвөөс хэмнэж үйлдвэрлэлийг дэмжих боломжтой гэж үзэж буйгаа танилцуулав.

Мөн нэгэнт уул, уурхайн салбар нь эдийн засгийн бодит өсөлтөд нөлөөлөхгүй байгаа тул төсвөөс хэмнэж болох мөнгийг хөдөө, аж ахуйн салбар, хөдөө аж ахуйн салбарын боловсруулах үйлдвэрт зээл хэлбэрээр гаргах нь эдийн засгаа дэмжих бодит алхам болно гэж үзэж буй талаараа бүлгийн гишүүдэд танилцууллаа. Учир нь, 1990 оноос өмнө манай улсын малын тоо 25 сая байхад нэг аж үйлдвэрийн комбинаттай байсан бол өдгөө малын тоо, толгой 80 сая гарсан ч аж үйлдвэрийн комбинат байхгүй байгаа нь хөдөө, аж ахуйн салбар уналтад ороход хүргэсэн тул мал аж ахуйн гаралтай түүхий эдээ боловсруулж, экспортлох үйлдвэр барьж, байгуулах шаардлагатай талаар танилцуулсан юм.

Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зориулалттай зээлийг нэр бүхий УИХ-ын гишүүд авсанд шүүмжлэлтэй хандаж, Хөгжлийн банк руу хүүгүй мөнгө гаргаж, түүгээрээ дамжуулан зээл олгох боломжтой талаар танилцуулж, УИХ-ын дарга М.Энхболд төсвөөс 10 хувийн хэмнэлт гаргахыг уриалсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд 15 хувийн хэмнэлт гаргахыг уриалснаа дахин сануулав.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүллээ

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд, нийслэлийн иргэд анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, Монголын нууц товчоог залж, нийслэлийн сүлдэт хуур цэнгүүллээ. Одоогоос 379 жилийн тэртээ 1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын “Мэлхийт” хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм.

НИТХ-ын дарга С.Амарсайхан хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр хэлсэн үгэндээ “Нийслэл хотын ойн энэ өдөр нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүлж, Монголын нууц товчоог залж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон билээ. Монгол Улсын хөгжлийн нүүр царай болсон нийслэлийн хөгжүүлэх их үйл хэрэгт нийслэлчүүдийн идэвх оролцоо юу юунаас чухал юм” гэж дурдлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Бүх нийслэлчүүдээ нийслэл хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ойн баярын мэнд хүргэе. Энэ өдөр бол нийслэлчүүдийн баярын өдөр юм. Бид 2019 онд нийслэл хотынхоо 380 жилийн тэгш ойг тэмдэглэнэ. Энэ ойг хөдөлмөр бүтээлийн өндөр амжилтаар угтах ёстой. Ойд зориулсан олон бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа. Бидний тавьж буй зорилт бол Улаанбаатар хот хүн амьдрахад хамгийн таатай хот байх ёстой гэсэн зорилтыг дэвшүүлж байна. Энэ хотыг бий болгоход хүн бүрийн хүчин зүтгэл, оролцоо чухал. Бид бүхэн сайхан хотод, аз жаргалтай амьдрах учиртай. Тиймээс нийслэлийн удирдлагууд, төр захиргааны байгууллагууд нийслэлийнхээ иргэдтэй хамт сайхан хотыг бүтээн байгуулахын төлөө, сайхан бүхний төлөө зүтгэнэ” гэлээ.

Нийслэлийн сүлдэт хуурыг Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын Ардын жүжигчин Ч.Батсайхан цэнгүүллээ. Нийслэл хотын ойн энэ түүхэн өдөр нийслэлийн Цагдаагийн газрын БЗД-ын цагдаагийн 2 дугаар хэлтсийн 6 албан хаагч гал голомтоо бадрааж хуримын ёслол хийж байгаад нийслэлийн удирдлагууд баяр хүргэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“МОНГОЛ ЭНТЕРПРАЙЗИНГИЙН ЭРЭЛ” сургалт зохиолоо

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Идэвхижсэн 2030” төслийн хүрээнд залуусыг шинэ санаагаа бодитоор хэрэгжүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол Энтерпрайзингийн эрэл” сургалтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Сургалтын үйл ажиллагаанд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ болон холбогдох хүмүүс оролцлоо.

Тус арга хэмжээнд нийт 350 залуучуудаас сонгогдсон 48 оролцогч хоёр өдрийн турш дөрвөн өртөө дамжин олон сонирхолтой даалгавруудыг багийн ажиллагаатайгаар гүйцэтгэн өөрсдийн “Тууштай байдал, эрмэлзэл”, “Бүтээлч хандлага”, “Бие даах чадвар”, “Эрсдэл хүлээх чадвар”, “Амжилтад хүрэх хэрэгцээ” гэсэн мэдлэг чадваруудаа хөгжүүлсэн үр дүндтэй үйл ажиллагаа боллоо. Энтерпрайзинг буюу санаагаа бодитоор хэрэгжүүлэх чадварыг хөгжүүлэх арга хэмжээг НҮБ дэлхийд анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм гэж нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Гоожингийн өндөр”-ийг нийслэлийн өмчид авах захирамж гаргалаа

Хотын дарга С.Батболд Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн 1914-1919 онд амьдарч байсан хоёр давхар барилгыг 2018 оны арванхоёрдугаар сарын 1-ний дотор Нийслэлийн өмчид авах тухай захирамж гаргажээ.

Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын захирамжид:

Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгал, Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан хоёр давхар барилга /Гоожингийн өндөр/-ыг Нийслэлийн өмчид эгүүлэн авах, анхны хэлбэр, хийц, бүтээцийг алдагдуулахгүйгээр сэргээн засварлахыг хариуцан зохион байгуулах Ажлын хэсэг байгуулахыг үүрэг болгосон байна.

1912 оны долоодугаар сард Бүгд Ерөнхийлөн захирах сайдын тушаал бий болгож Богд хаант тусгаар Монгол Улсын Засгийн газрын анхны Ерөнхий сайдаар Сайн ноён хан Т.Намнансүрэн томилогджээ. Тэрбээр 1919 оны 4 сард таалал болтлоо Монгол Улсын Ерөнхий сайдаар 7 жил ажилласан байна. Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн анх бариулсан энэхүү байшинд Манжийн засаг захиргаа төвлөрч, хятадын гамин цэргийн штаб /Сийлэнпүүгийн яам/ байрлаж байсан үед олноо өргөгдсөн оны үед байшин Сангийн яамны мэдэлд очиж, Сангийн яамны сургагч Козин ажиллаж амьдрах болжээ.

Козин хэмээх нэрийг дуудахад бэрх тул монголчууд “Гоожин” хэмээн дуудах болж улмаар амьдарч байсан хоёр давхар сууц нь “Гоожингийн өндөр” нэршжээ хэмээн эх сурвалжуудад дурдсан байна.

“Гоожингийн өндөр” хэмээх барилга Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр, 21 дүгээр сургуулийн зүүн хойд талд байдаг.

Categories
мэдээ нийгэм

Явган хүний зам, гарц чөлөөлөх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Явган хүний зам, орц гарц чөлөөлөх ажлыг эрчимжүүлж ажиллах хэрэгтэй. Ирэх онд иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж зөвхөн хотын төвд орц гарц нээж чөлөөлөх бус гэр хорооллын гудамж зам, орц гарцыг чөлөөлөхөд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Нийслэлийн Газрын албанаас аж ахуйн нэгж байгуулагуудын кадастрын тусгал зургийг дахин нягталж хянах ажлыг эхлүүл. Олгогдсон газраас илүү гаргаж барилга байгууламж, хашаа барьсан иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй” гэсэн үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн юм. Мөн тэрбээр ирэх хичээлийн шинэ жил эхлэхэд нийслэлийн бүх сургууль хоёр ээлжээр хичээллэх бэлтгэл ажлыг бүрэн хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Энэ өдрийн хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрындарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн21 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 36375 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 21 хоногтой харьцуулахад 87 нэгж буюу 0.2хувиар, гэмт хэргийн шинжтэй 1126 үйлдэл бүртгэгдсэн нь 31 нэгж буюу 2.7хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн хэмжээнд нийт зөрчлийн шинжтэй 18920дуудлага мэдээлэл хүлээн авсан. Давхардсан тоогоор 3914 чиглэлд 7851 офицер, цагдаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллалаа” гэж танилцуулав.

“Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст5093дуудлага мэдээлэл хүлээн авч1261 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 0.7 хувиар өссөн сөрөг үзүүлэлттэй байна. Тээврийн цагдаагийн албанаас “Илрүүлэлт-оргодол-шийдвэрлэлт 2018”, “Аюулгүй бүс-Аюулгүй тээвэрлэлт”, “Дүүрэг”, “Зэвсэг”, “Хяналт-Шалгалт” нэгдсэн, хэсэгчилсэн арга хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж ажиллаж байна” гэж Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдоржмэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод шөнөдөө 3-6 хэм хүйтэн, өдөртөө 6-9 хэмийн дулаан, салхины хурд 6-9 м/с байх төлөвтэй байна.Нийслэлийн хэмжээнд 21 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, ослын нийт 225 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 194, эрэн хайх, аврах ажиллагааны 31 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гал түймэр, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагаанаас нийт 202 иргэнийг авран хамгаалж ажиллалаа” гэж танилцуулав.

“Манай газраас өнгөрсөн хугацаанд ЕБС-ын хүүхдийн хоол хүнсний хангамж, нийлүүлэлт, үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтад төрийн өмчийн 120 сургуулийн үдийн цайны хэрэгжилт, үдийн цай хэрэгжүүлэгч 129 аж ахуйн нэгж байгууллага, сургуулийн дэргэдэх цайны газруудын үйл ажиллагааг 3 хяналтын хуудсаар үнэлэхэд 7.1 хувь нь их, 45.1 хувь нь дунд, 47.8 хувь нь бага эрсдэлтэй үнэлэгдсэн. Үдийн цай хэрэгжүүлэгч нэг байгууллагын үйл ажиллагааг түр зогсоож, 6 аж ахуйн нэгж, 8 иргэнд 8.4 сая төгрөгийн шийтгэл ногдуулан, 456 зөрчлийг арилгуулсан. Үдийн цай хэрэгжүүлэгч аж ахуй нэгж, иргэнд 2 удаагийн сургалт зохион байгуулсан” хэмээн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай дахь явган хүний зам, гарц, гармыг хаан, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дүүргүүд ажлын хэсгийг байгуулах, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа байршлуудын нарийвчилсан судалгааг гаргаж Захирагчийн ажлын албанд хүргүүлэх, Газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, нэр шилжүүлэх, талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх зэрэг захирамжуудыг нэр төрлөөр нь ялгах, хүчин төгөлдөр үйлчлэх хугацааг тодорхойлж, газрын кадастрын мэдээллийн сангийн зурагтай холболт хийх ажлыг эрчимжүүлэх, Ерөнхий боловсролын сургуулиудыг хоёр ээлжид шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын нарын оролцоотой ажлын хэсгийг байгуулах, хувийн Их, дээд сургууль, Коллеж болон Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн сул байгаа сургалтын анги танхимын судалгааг гаргаж, ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангиудыг шилжүүлэн суралцуулах боломжийг судалж танилцуулах, Дулаан, цахилгааны шугам солих, засварлах, авто болон явган хүний зам тавихаар ухсан газруудын шороог тэгшилж, хогийг цэвэрлэж ачуулан хуучин байдалд нь болгох ажлыг зохион байгуулах, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээс хөрөнгө шаардагдахгүй ажлуудыг эрчимжүүлж ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын хаягийн бичвэр олон улсад хүлээн зөвшөөрөгдлөө

Дэлхийн шуудан холбооны Хаягжуулалт, дата өгөгдлийн төвөөс хаягийн бичвэрийг хөгжүүлэх зорилгоор S42 стандартыг гишүүн улс орнууддаа мөрдүүлдэг. Монгол Улсын хаягийн бичвэр нь тус стандартын шаардлагад бүрэн нийцэж буйг тодорхойлж, аравдугаар сарын 18-ны өдөр Швейцарь улсын Берн хотноо зохион байгуулагдсан ДШХ-ны Ашиглалтын зөвлөлийн хуралдааны үеэр батламжийг ХХЗХ-ны Шуудангийн зохицуулалтын газрын дарга П.Цэрэннямд Дэлхийн шуудан холбооны дэд Ерөнхийлөгч Паскаль Сливаз, Ашиглалтын зөвлөлийн захирал Масахико Метоки нар гардуулсан байна.

Энэхүү стандарт нь хаягийн бичвэрийн хувилбаруудыг программчилснаар дэлхийн аль ч улсаас Монгол улсын хаягийн бичвэрийн загварын дагуу захидал илгээмж явуулах боломжийг хэрэглэгчдэд олгох юм. Манай улс Дэлхийн шуудан холбооны Хаягжуулалт, дата өгөгдлийн төвийн хаягийн санд хаягийн бичвэрийн 46 хувилбарыг латин болон кирилл үсгээр галиглан хадгалуулаад байна.

Хил хязгааргүй хөгжиж буй цахим худалдаанд тулгарч буй бэрхшээл нь хаягийн бичвэрийн асуудал болоод байгаа бөгөөд энэхүү стандарт хэрэгжсэнээр шуудангийн илгээмж төөрөх, буцах зэрэг саатлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

Дэлхийн шуудан холбоо нь S42 стандартын хэрэгжилтийг 2012 оноос эхлүүлсэн бөгөөд 2018 онд нэмж Босни Герцеговина, Бермуд, Малави, Малайз, Монгол, Мьянмар улсууд энэхүү стандартыг нэвтрүүлснээр одоогоор бүрэн хэрэгжсэн улс орон 54 болж, 25 улс орон баталгаажуулалтын бэлтгэл шатандаа байгаа аж.

Тодруулахад: Дэлхийн шуудан холбоо нь 1874 онд байгуулагдсан эгнээндээ 192 улс орныг нэгтгэсэн НҮБ-ын мэргэшсэн ууган байгууллага юм.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээний ажил явагдаж байна

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 193 дугаар тогтоолын дагуу нийслэлийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлж санхүүгийн тайланд тусгах, орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх ажлыг 2018 онд зохион байгуулахтай холбогдуулан энэ ажлын хүрээнд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Нийслэлийн Өмчийн харилцааны газраас сургалт зохион байгуулж нийслэл, аймгуудын өмчийн газар, нийслэлийн өмчит байгууллагуудын удирдах албан тушаалтнууд, нягтлан, холбогдох мэргэжилтнүүд хамрагдлаа. Үүнд:

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас:

·2018.01.18-2018.01.19 –ний өдрүүдэд “Хөрөнгийн дахин үнэлгээний бэлтгэл, 2017 оны улсын нэгтгэлд анхаарах асуудлууд”, “Төрийн болон орон нутгийн өмчийн удирдлагыг мэдээлэлжүүлэх системийн танилцуулга” сургалтыг зохион байгуулж Нийслэлийн Өмчийн харилцааны газрын холбогдох мэргэжилтнүүд хамрагдсан.

·2018.09.06-2018.09.07 –ны өдрүүдэд төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээний ажлын анхны сургалтыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын болон аймгуудын өмчийн газрын холбогдох албан тушаалтнуудыг хамруулан зохион байгуулсан.

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас:

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын СТС-ийн Хэлтэс, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институттэй хамтран

·2018.09.27-2018.09.28. нийслэл, дүүргийн өмчит хуулийн этгээдүүдэд зориулан дахин үнэлгээний сургалтыг нийслэлийн төвийн 6 дүүрэгт

·2018.10.03-ны өдөр Багануур дүүрэгт

·2018.10.07-ны өдөр Налайх дүүрэгт /Налайх, Багахангай дүүргийн байгууллагууд оролцсон/ тус тус зохион байгуулсан.

Нийт 535 байгууллага үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээний сургалтад хамрагдахаас 98%-ийн ирцтэй хамрагдлаа.

Үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээний ажлын бэлтгэл хангах ажил болон эхний шатны ажлуудыг хийж гүйцэтгэн аравдугаар сарын 30-ны дотор дуусгахаар ажиллаж байна гэж нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Хөгжлийн харандаа экспо” зохион байгуулагдлаа

Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ойг угтан хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилгоор Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас санаачлан 4 дэх жилдээ “Хөгжлийн харандаа экспо” 2018 оны 10 сарын 27,28 өдрүүдэд Зайсан хилл цогцолборт зохион байгууллаа.

Экспод Хүүхэд, гэр бүлд чиглэн ажилладаг 50 гаруй байгууллага оролцож өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулснаас гадна олон талын мэдээллийг нэг дороос авч, бүтээгдэхүүн үйлчилгээндээ хөнгөлөлттэй үнээр хүүхдүүдийг бүртгэн, өөрийн байгууллагадаа гишүүнээр элсүүлж, сэтгэлзүйн оношилгоо, зөвлөгөө, сургалт лекц, тэмцээн уралдаан олон олон сонирхолтой хөтөлбөрүүдийг зохион байгууллаа.

Үзэсгэлэнгийн дундуур олон хөтөлбөрт үйл ажиллагаа зохион байгуулагдаж хүүхэд гэр бүлийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа боллоо. Энэ жилийн онцлог нь хүүхэд гэр бүлд чиглэсэн үйлчилгээ үзүүлдэг хамгийн өвөрмөц болон онцлох байгууллагууд оролцсон. Экспо жил бүр хүрээгээ тэлэн илүү олон хүнд хүрч байгаа бөгөөд энэ жил 12,000 гаруй хүнд хүрсэн өвөрмөц арга хэмжээ болж өндөрлөсөн. Оролцогч байгууллагууд цаашдаа хүүхдийн хөгжлийн чиглэлд олон үйл ажиллагааг хамтран зохион байгуулж ажиллахаар боллоо гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн бүсэд зэрлэгшсэн нохой устгалын ажил явагдлаа

Нийслэлийн ногоон бүс болон зусланд зэрлэгшсэн ноход ихээр нэмэгдэж, тарвага зурам, бор гөрөөс зэрэг амьтдын тоо толгой цөөрөх гол шалтгаан болж байна.

Иймд зуслангийн бүсэд оршин суугч иргэд, зэрлэг амьтдыг хамгаалах зорилгоор Чингэлтэй дүүргийн 19, Сүхбаатар дүүргийн 19,20, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн зуслангийн бүсэд “Базалт нэгдэл” ХХК, “Мөнхбуян оргилт” ХХК золбин нохой устгалын ажлыг 2018 оны 10 дугаар сарын 20-21-ны өдрүүдэд гүйцэтгэж, нийт 46 золбин нохойг устгасан байна.

2018 оны 11 дүгээр сараас “Эрчимжүүлсэн устгалын ажил” эхлэх бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 10 хүртэлх хугацаанд ногоон бүсэд 2 удаа устгалыг зохион байгуулах тул нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчдад зэрлэгшсэн нохдын талаар мэдээлэл өгч хамтран ажиллахыг хүсье гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монголчууд холливуудтай хамтран олон ангит кино бүтээнэ

Залуус өөрсдийн санаачилгаар өнгөрсөн нийгмээс өдийг хүртэлх түүхийг харуулсан “Шуурган дундуур” олон ангит уран сайхны киног Холливуудын In the Wee hours кино компанитай хамтран бүтээж байгаа аж. Одоогоор киноны зохиол бичигдэж байгаа бөгөөд ирэх хавраас зургандаа орж, 2020 онд нээлтээ хийх юм байна. Продюссерээр нь Пүрэвбаатарын Мөнхтулга ажиллаж байгаа аж. Тэрээр өмнө нь байт харвааны “360” талбай дээр дэлхийн хамгийн том олимпийн цагаригийг барьсан билээ.