Categories
мэдээ нийгэм

Дэлхийн буддын шашны V чуулга уулзалт болов

БНХАУ-ын Фүжянь мужийн Пүтянь хотноо өнөөдөр Дэлхийн буддын шашны V чуулга уулзалт болжээ. Нийт 55 улс орон, бүс нутгийн буддын шашны зүтгэлтэн, эрдэмтэн мэргэжилтэн, нийгмийн бусад салбарын нэр хүндтэй хүмүүс зэрэг 1000 орчим зочид, төлөөлөгчид уг чуулганд оролцсон байна.

БНХАУ-ын Шашин, соёлын солилцооны нийгэмлэгийн нарийн бичгийн дэд дарга Шяохүн “Дэлхийн буддын шашны чуулга уулзалтыг Тайванийн хоолойн хоёр эрэг ба Хонконг, Макао зэрэг нутгийн буддын шашны зүтгэлтнүүд 2005 онд санаачлан анх зохион байгуулсан. Буддын шашинтнуудад урт хугацаанд солилцоо, хамтын ажиллагаа, яриа хэлэлцээ хийх үр ашигтай индэр гаргаж, Хятадын буддын шашинтнууд ба Тайванийн хоолойн хоёр эрэг хоорондын буддын шашны солилцоо хийх сайхан боломж бүрдүүлэх зорилготой юм” хэмээн онцолжээ.

Тэрээр тус чуулга уулзалтыг зохион байгуулах нь буддын шашны соёлын нөөцийг хөгжүүлж, дэлхийн буддын шашинтнуудын солилцоо, харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг идэвхтэй дэмжин, бодит утга учиртай, улам нөлөөтэй болгох юм гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүд ЖДҮ-ийг хөгжүүлэх зориулалттай зээл авсанд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлэв

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд оролцож, Монгол Улсын 2019 оны төсвийн асуудлаар байр, сууриа илэрхийлжээ.

Тэрбээр төсөв эцэслэн батлагдаж дуусаагүй байгаа учраас 10-15 хувийн хэмнэлт хийж, 80 сая малынхаа түүхий эдийг боловсруулах үйлдвэр барихад зарцуулах нь 165 мянган малчин өрхийнхөө амьжиргааг дээшлүүлэхэд ихээхэн чухал болохыг дахин дахин анхааруулжээ. Өмнө нь уг асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлж, УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт албан бичиг илгээсэн билээ. Тухайлбал, дээрх асуудлын хүрээнд 2019 онд манай улсын экспортын бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөж байгаа циклтэй холбогдуулан энэ жил л гэхэд 500 сая ам.долларыг төсвөөс хэмнэж, үйлдвэрлэлийг дэмжих боломжтой гэж үзэж буйгаа танилцуулсан. Мөн нэгэнт уул, уурхайн салбар нь эдийн засгийн бодит өсөлтөд нөлөөлөхгүй байгаа тул төсвөөс хэмнэж болох мөнгийг хөдөө, аж ахуйн салбар, хөдөө аж ахуйн салбарын боловсруулах үйлдвэрт зээл хэлбэрээр гаргах нь эдийн засгаа дэмжих бодит алхам болно гэж үзэж буй талаараа бүлгийн гишүүдэд танилцуулсан байна.

Учир нь, 1990 оноос өмнө манай улсын малын тоо 25 сая байхад нэг аж үйлдвэрийн комбинаттай байсан бол өдгөө малын тоо, толгой 80 сая гарсан ч аж үйлдвэрийн комбинат байхгүй байгаа нь хөдөө, аж ахуйн салбар уналтад ороход хүргэсэн тул мал аж ахуйн гаралтай түүхий эдээ боловсруулж, экспортлох үйлдвэр барьж, байгуулах шаардлагатай талаар танилцуулсан байна. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зориулалттай зээлийг нэр бүхий УИХ-ын гишүүд авсанд шүүмжлэлтэй хандаж, Хөгжлийн банк руу хүүгүй мөнгө гаргаж, түүгээрээ дамжуулан зээл олгох боломжтой талаар танилцуулж, УИХ-ын дарга М.Энхболд төсвөөс 10 хувийн хэмнэлт гаргахыг уриалсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд 15 хувийн хэмнэлт гаргахыг уриалснаа дахин сануулав.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тараах санал хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Зөвшилцөх тухай” албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод гардууллаа.

АЛБАН БИЧИГТ:

Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулиар Монголын ард түмэн “иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засаж” тэгш журамт, баян хүчирхэг Монголыг цогцлоох тухай амласан Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийг дэмжин итгэл хүлээлгэж, төрийн эрхийг барих үнэмлэхүй боломжийг дахин олгосон.

Иргэдэд танилцуулж, иргэдээрээ дэмжүүлсэн намын мөрийн хөтөлбөрийг ард түмэнтэй байгуулсан гэрээ гэж үзэж болно. Харамсалтай нь 2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн Улсын Их Хурал болон түүнээс байгуулсан Засгийн газрууд ард түмэнтэй байгуулсан гэрээгээ үл харгалзах, эсрэгээр хэрэгжүүлэх, хууль ёс, журмыг бүдүүлгээр зөрчих, төрийн эрх мэдлийг дур зорго мэт ойлгож авирлах байдалд бүрэн автаж, хэмжээ хязгаарыг давлаа.

Тухайлбал энэ жилийн төсөвт олон жил давтагдаж байгаа “гишүүний мөнгө”-ийг 5000 дахин өсгөсөн, зураг төсөвгүй 375 барилга, байгууламж барихаар тусгасан зэрэг улс орны эдийн засгийг туйлдуулах, хууль зөрчсөн олон асуудал байгааг засаж, залруулах зорилгоор миний бие Улсын Их Хуралд байр сууриа илэрхийлж, Улсын Их Хурлын дарга болон Ерөнхий сайдад тухайлан хандсан боловч үр дүнд хүрээгүйгээр барахгүй хэлэлцүүлгийн шатанд 404 барилга, арга хэмжээ нэмэх, улмаар “гишүүний мөнгө”-ийг 3 тэрбумаар нэмэгдүүлэн 8 тэрбум болтол нь өсгөх санал гарч, Улсын Их Хурлын гишүүдийн хувийн явцуу ашиг сонирхлоор шийдвэрлэгдэх нөхцөл бүрдээд байна.

Мөн Улсын Их Хурлын гишүүд албан тушаалын эрх мэдэл, нөлөөгөө ашиглан Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас сарын 0.25 хувийн хүүтэй зээлийг үлэмж хэмжээгээр авсан нь нийтэд ил болсон төдийгүй 75 гишүүний 50 орчим нь уг зээлийг авсан байх ноцтой нөхцөл байдал үүсэж, сарын 5 хувийн хүүтэй зээлээр үйлдвэр эрхлэн улс орон, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө чин шударгаар зүтгэж байгаа иргэд, олон нийтийн эсэргүүцэл, дургүйцлийг туйлд нь хүргээд байна.

Түүнчлэн 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Ж.Эрдэнэбатын Засгийн газар ашиг сонирхол бүхий концессын гэрээ байгуулсан зэрэг алдаатай олон бодлогынхоо үр дүнд огцорсон бол У.Хүрэлсүхийн Засгийн газар мөн улс орны эдийн засгийг туйлдуулах хэмжээний авлигажсан төсөв боловсруулсан, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд очих ёстой зээлийг эрх мэдэл, нөлөө бүхий албан тушаалтнуудад олгосон зэрэг огцрох хэмжээний алдаатай бодлогууд явуулж, үүнийг нь Улсын Их Хурал, түүний гишүүд хувийн ашиг сонирхлоор дэмжин өөгшүүлж байгаа нь илт болоод байна.

Сонгууль угтсан явцуу эрх ашгаар төсөвт хандаж улс орны эдийн засгаар тоглох, албан тушаалын эрх мэдэл, нөлөөгөө ашиглан хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зэрэг байдалд бүрэн автаад байгаа гишүүд “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, зарчмыг бүрэн алдагдуулж, Улсын Их Хурлын гишүүдээс бүрэлддэг төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаанд итгэх иргэд, олон нийтийн итгэл, дэмжлэгийг үгүй болгон, цаашид З дахь, 4 дэх Засгийн газрыг байгуулан ажиллуулсан ч улс орон хөгжиж, үр дүнд хүрнэ гэсэн баталгаагүй болгож байна.

Монгол Улсын Үндсэн хуулиар засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэдгийг тунхаглан баталгаажуулсан. Иргэдийн сонголтын үр дүнд байгуулагддаг төрийн эрх барих дээд байгууллага ард иргэдийнхээ итгэл, дэмжлэгийг илт алдсан ийм бодитой тохиолдолд бүрэн эрхээ цааш хэрэгжүүлж ажиллах боломжгүй юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно”, төрийн байгуулал, улс орны удирдлагын талаар хэрэгжүүлэх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг тодорхойлсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухайгаа зөвшилцөхөөр Улсын Их Хурлын даргад албан ёсоор мэдэгдэнэ. Улсын Их Хурлын дарга уул саналыг зөвшөөрөөгүй нь Ерөнхийлөгч саналаа Улсын Их Хуралд оруулахад саад болохгүй” гэж тус тус заасан.

Иймд Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлж байна.

Судлан үзэж, саналаа ирүүлнэ үү” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахал өвчнөөс сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллажээ

Тарваган тахал өвчнөөс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх яаралтай бэлэн байдлыг хангах зорилгоор Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд долоо удаа хяналт шалгалтыг ажлын хэсэг болон хөдөлгөөнт эргүүлээр хийжээ.

Зөвхөн шалгалт явуулаад зогсохгүй мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна. Тодруулбал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллагууд замын цагдаагийн газартай хамтран 27 эргүүлийн пост, баталгаат бус замууд дээр 53 удаагийн эргүүл, хяналтыг хийжээ.

Тус хяналтаар

  • Багануур дүүргийн эргүүл, постноос 11,
  • Налайх дүүргийн эргүүл постноос 4,
  • Сүхбаатар дүүргийн эргүүл, постноос 3,
  • ХУД-ийн эргүүлийн постноос 7,
  • Багахангай дүүргийн эргүүл постноос 2,
  • Баянгол дүүргийн эргүүл постноос 10 нийт 37 хураагдсан тарвага, тарваганы түүхий эдийг устгалд оруулжээ.

Тарваган тахлын Байгалийн голомт, хяналтын гүнзгийрэл шинжилгээг Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр сумдад календарчилсан төлөвлөгөөний дагуу хийж, 130 амьтан олзворлон, 12 гулгидас түүж, лабораторийн шинжилгээнд хамруулсан байна.

Цуглуулсан шинжилгээний сорьц, материалыг нян харах, нян судлал, ийлдэс судлал, биологийн аргаар шинжлэхэд тарваган тахлын үүсгэгч Y.pestis илрээгүй, одоогоор голомт тайван, идэвхижилгүй байгааг тандалтаар тогтоолоо.

Мөн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын үед шаардагдах эм урвалж, халдваргүйжүүлэх бодис, хувийн хамгаалах хувцас хэрэглэлийн нөөцийг бүрдүүлэн, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангаж, дотоод хяналтуудаар илэрсэн алдаа зөрчлийг арилган, нөхөн хангалт хийж ажиллажээ.

Тарваган тахлын дархлаажуулалтад эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүд, тарваган тахлын цэвэр өсгөвөр, туршилтын амьтад болон халдвартай, халдварын сэжигтэй материалтай ажиллагсад, мэргэжлийн хяналтын болон хууль сахиулах байгууллагын ажилтнууд, тарваганы түүхий эдтэй ажиллагсад болон анхан шатны боловсруулалт хийдэг байгууллагын ажилтан, тарваган тахлын голомтот нутагт геологи, хайгуул шинжилгээ, бэлчээр усжуулалт, агнуур бэлтгэл эрхэлдэг хүмүүс, малчид зэрэг 970 хүн хамрагдлсан байна.

Мөн тарваган тахал өвчин түүнээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах талаар 1244 эмч эмнэлгийн мэргэжилтэн, 260 албан хаагч, 159 оюутан сурагч, 748 эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгсэд, 5693 иргэдэд сургалт сурталчилгаа хийж, 3986 сурталчилгааны материалыг түгээж, эмч эмнэлгийн ажилтны дунд мэдлэг сэргээх хөгжөөнт асуулт хариултын жүжигчилсэн тэмцээн 2 удаа зохион байгуулж, шалгарсан багийг өргөмжлөл үнэ бүхий зүйлээр урамшууллаа.

Нийслэлийн Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Багануур дүүргүүдэд тарваган тахал өвчний хяналт, сэргийлэлт, өвчлөлийн үед авах арга хэмжээний тухай дадлагажих үзүүлэн сургалтыг зохион байгуулж, тарваган тахал өвчнөөс сэргийлэх ажлыг эрчимжүүлэн, яаралтай бэлэн байдлыг хангаж ажиллалаа гэж НЭМГ-аас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Цэрэнбат: Үзэгчид бугуйлдаж, шүүрч, уургалах тэмцээнд оролцох боломжтой

“Талын түмэн адуу” наадам болно. Тус наадам 11 дүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Батноров суманд болох аж. Энэ жил тав дахь удаагаа зохиогдож буй “Талын түмэн адуу” наадам нь малчин түмний биет бус өв, ахуй соёлыг хадгалан хамгаалж, суртачлан таниулах зорилготой.

Наадмын талаар зохион байгуулагч Мөнх харилцаа төрийн бус байгууллагын тэргүүн Э.Цэрэнбатаас тодрууллаа.

-Урдны жилүүдийнхээс энэ удаагийн наадам юугаараа онцлог вэ?

-Монголчууд морь унах нь багассан түүнийг дагасан олон соёлууд гээгдэж алга болж байна. Иймээс монгол соёлын биет бус өв болох адууны соёлыг түгээн дэлгэрүүлэх, суртачлан таниулах хэрэгтэй гэж үзэн манай байгууллага анх санаачлан зохион байгуулж ирсэн. Энэ жил Нийслэлийн аялал жуучлалын газар биднийг дэмжин хамтран зохион байгуулж байгаа. Мөн Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар, Батноров сумын захиргаа дэмжиж хамтран оролцож байгаа нь төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын оролцоог нэгтгэсэн үйл ажиллагаа болж өгч байгаагаараа онцлог байх.

-Мэдээж адууны өв соёлыг харуулсан олон үйл ажиллагаа болох байх. Ямар арга хэмжээнүүд хөтөлбөрт багтсан бол?

-Монголчууд морио унаад, уургаа бариад, нохойгоо дагуулаад адуу маландаа явах өв соёл багасаж, бараг устах нь гэхэд хилсдэхгүй болж. Нохойгоо дагуулаад малаа хариулахдаа тарвага агнадаг. Нохой нь тарвага бариад ирдэг. Уургаа унагавал морьноосоо буухгүй шүүрээд авдаг тэр чадвар малчин хүн бүрт л байсан. Одоо бол мотоциклоор өглөөдөө гаргаж явуулчихаад оройдоо туугаад ирдэг болжээ. Энэ соёлыг мартуулмааргүй байна. Авч үлдмээр байна.

-Яагаад адууны соёлыг харуулсан наадам зохиохыг зорьсон бэ?

-Монгол адуу гэдэг дэлхийн талыг эзлэхэд түүхэн хувь нэмэр оруулсан гайхалтай амьтан. Тэр ч утгаараа манай ард түмэн адууны өв их соёлтой. Тэр өв соёлыг гадаад дотоодын үзэгч, жуулчдад харуулах, үзүүлэн таниулах зайлшгүй шаардлагатай цаг иржээ. Бид адуу алаад ачаад экспортолдог мах гэдэг үүднээс биш суртачлан таниулах өв соёл гэдгийг таниулахыг зорьж байна.

-Морины эд хэрэглэл, онцгой хэлбэр хийцтэй эмээл хазаарыг шалгаруулах уу?

-Хэнтий аймгийн Батноров сумын морины эд хэрэглэлийн хийц нь монголд алдартай. Гэтэл тэр хийцийг хийдэг дархчууд нь алга болчихсон. Цөөхөн 2-3хан дархчууд нь хотод, өөр аймгуудаар ажиллаж амьдарч байна. Дархчуудын нэгдсэн холбоо манай үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллана. Монголын алдартай хийцээ алдаршуулъя, морины эд хэрэглэлд дуртай сонирхдог, эдэлдэг хүмүүст нь утга учрыг тайлбарлан таниулна. Хэдийгээр орчин үеийн дархчууд сонин содон хийцтэй хазаар эмээл хийгээд байгаа ч өөрсдөө утга учрыг нь тайлбарлаж чаддаггүй.

-Дан морьтой холбоотой үйл ажиллагаанаас гадна өөр сэдвийн зүйлүүд болох уу?

-Хэнтий аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллана. Монгол өв соёлыг харуулсан эд хэрэглэл, бэлэг дурсгалын зүйл худалдана. Мөн Хэнтий аймгийн музейг үзэж сонирхож болно. Дээр үеийн сайн эрс хээр майхан бариад үстэй дээлээ шидээд өвлийн эд хүйтнээр отор хийж явдаг байсан. Хэрэв та өөртөө итгэлтэй чадна гэж бодож байвал манай адууны бэлчээр дээр майхан бариад хонох нь нээлттэй шүү.

-Жуулчид хэр их зорин ирж үздэг вэ?

-Жилээс жилд зорьж ирэх үзэгчдийн тоо нэмэгдсээр байгаа. Мөн үзэгчид зүгээр үзээд алга ташаад суух бус оролцох боломжтой. Заавал малчин хүн энэ бүх хөтөлбөрт хамрагдах ёстой гэвэл андуурал. Та өөртөө итгээд бугуйлдах, шүүрэх, булгиулах гээд бүх тэмцээнд оролцох боломж бий. Хэрвээ бугуйлдаж, шүүрч чадахгүй гэвэл адууны тухай дуу дуулаачдын тэмцээн, богино зайн морины уралдаан ч болно. Бүжиглэх дуртай бол сумын соёлын төвд хоёр орой чөлөөтэй бүжиглэсэн ч чөлөөтэй. Магадгүй Батноров суманд төрж, сурч боловсорсон бол сумын сургуулийн дотуур байранд хонож болно. Бага насаа дурсаж сумын сургуулийн дотуур байр ямар болж, сургуулийн орчин байна гээд сонирхох зүйл их.

-Үзэгчид хоёр өдрийн бүх хөтөлбөрийг үзэж сонирхвол ая тухыг яаж хангах вэ?

-Бид бүгдийн ая тухыг хангахыг зорьсон. Хотоос 450 км цаана гэр кемп барьсан байгаа. Бүх үйлчилгээг бүрдүүлсэн. Ая тухын тал дээр санаа зовох асуудалгүй. Хэрэв хямд үйлчилгээг эрэлхийлж байвал сумын төвийн буудлууд, сургуулийн дотуур байр гээд олон сонголт бий.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн цагдаагийн албаны “Нээлттэй хаалганы өдөр” үзүүлэх үйлчилгээнүүд

Тээврийн цагдаагийн албанаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлого чиглэл, шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний дүрмийг сурталчлах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллүүдийг иргэд, олон нийтэд хүртээмжтэй хүргэх зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулах гэж байна.

Нээлттэй хаалганы өдөрлөг Тээврийн цагдаагийн албаны төв байранд 11.00-15.00 цагийн хооронд болно.

Энэ үеэр:

  • Тус албанд хэрэглэгддэг тээврийн хэрэгсэл, техник хэрэгсэл, хувцас хэрэглэлийн үзэсгэлэн гаргаж танилцуулах
  • ЦЕГ-ийн Бүртгэл хяналтын төвөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх шалгалт авах
  • Гээгдүүлсэн, хүчинтэй хугацаа дууссан үнэмлэхний материал хүлээн авах
  • Түр үнэмлэх гаргах, лавлагаа олгох
  • Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, бүртгэлийн талаар иргэдэд мэдээ мэдээлэл хүргэх
  • Албан журмын даатгагчдын холбооноос үзүүлдэг зарим үйлчилгээ үзүүлэх
  • Бэлэн бус торгуулийн талаар лавлагаа мэдээлэл өгөх зэрэг үйл ажиллагаанууд явагдах юм.

Мөн уг арга хэмжээнд албаны харьяа газар, хэлтэс, нэгжүүд оролцох тул иргэдээс алба, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтийг хүлээн авах аж.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Оддын өвчин” инээдмийн жүжиг Монголын тайзнаа

Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын Драмын Эрдмийн Театр 87 дахь үзвэрийн жилийн нээлтээ 11-р сарын 15-нд Америкийн алдарт зохиолч К.Людвигийн “ОДДЫН ӨВЧИН” инээдмийн жүжгээр нээж,театрын урлагийг шимтэн сонирхож, хайрлан биширдэг үзэгчдэдээ хайр, ухаарал,инээд баясал бэлэглэхэд бэлэн болоод байна.

Зохиож, найруулсан жүжгүүд нь Бродвейн театрын тайзнаа эзэгнэж, Холливудын дэлгэцийг дүүргэж байдаг К.Людвиг хэмээх энэ эрхмийн “ОДДЫН ӨВЧИН” инээдмийн жүжиг УДЭТ-ын тайзнаа тавигдаж, үзэгчдийн сэтгэлт зүрхийг булгилуулж, инээд баясал хүртээх нь гарцаагүй. Америкийн зохиолч К.Людвиг Монголын үзэгчдэд танил болсон зохиолч. УГЗ найруулагч Н.Ганхуяг “Гол дүрийн амрагууд” жүжгийг 2009 онд манай тайзнаа найруулан тавьж олон жил тайзнаас буулгүй тоглогдсон юм. Орчин цагийн театрын шинэ урсгал чиглэлээр жүжиг найруулж, зохиодог Кен Людвиг нь үзэгч уншигчдаас жүжгийн шинэ соргог мэдээлэл, тулгамдсан эмзэг асуудлыг тайзны хэлээр дамжуулан хүртэж болох замыг нээж, хүмүүсийн хоорондын харилцаа, соёл иргэншил, технологийн дэвшил, оюун ухааны шинэчлэлийн эсрэг хийгээд сөрөг талыг гэр бүлийн хүрээнд тавьж, хүн нийгмээс ямагт хариу нэхэж байдгаараа өвөрмөц зохиолч билээ. Драмын зөрчлийг инээдмийн хэлбэрээр, нэн сонирхолтой гаргадаг нь Кен Людвигийн бусдаас ялгагдах нэгэн онцлог юм. “Оддын өвчин”инээдмийн жүжгийн продюсерээр УГЗ Д.Цэрэнсамбуу, Ерөнхий найруулагчаар СТА Ч.Түвшин, орчуулагчаар УГЗ Н.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор УГЗ Г.Энхбаяр,ерөнхий зураачаар СТА С.Ариунболд нарын бүрэлдэхүүн ажиллаж байна. Бид энэхүү уран бүтээлээр дамжуулан Хүн өөрөөрөө байх тухай, аз жаргалын төлөө хүн өөрөө эзэн байхын тухай харуулахын хэрээр “Өнөө цагт хүн болгон л манлайлагч-лидер болох гээд, олноос онцгойрсон “Од” болох гээд улайран зүтгээд байна. Түүнийхээ төлөө найз нөхөд, гэр бүлээсээ урваж, хүн чанараа гээж, хаяж явна. Ингэж л болохгүй юм” гэсэн санааг гэгээлэг, ухаалаг, хүнлэг санааг жүжгийнхээ титэм санаа болгон дэвшүүлсэн юм. Тайз чимэглэл, хувцас, эдлэл хэрэглэлийг өвөрмөцөөр шийдэж, орчин цагийн модерн, авангард урсгалыг реалист хэлбэрээр уялдуулан урлан бүтээснээрээ урьд өмнө байгаагүй, сценографийн урлагт шинийг эрэлхийлснээрээ тун өвөрмөц юм. Энэ утгаараа найруулагч, уран бүтээлчдийн энэхүү жүжигт хандах хандлагын өвөрмөц илэрхийлэл, цоо шинэ өнгө төрхийг харна гэдэгт итгэлтэй байна.

“Оддын өвчин” жүжгийн танилцуулга:

Уг жүжгийн үйл явдал АНУ-ын Огайо муж улсын Клевлэнд хотын тансаг зэрэглэлийн зочид буудалд өрнөнө. Дуулаачийн компанийн ерөнхий менежер Сондерс нь алдартай дуучин, гайхамшигт тенор хоолойтон Тито Мереллитэй “Отелло” жүжгийн тоглох гэрээ байгуулснаар тоглолтын урилга,зараа сүр дуулиантай тарааж, театрын уран бүтээлчид төдийгүй хотын бишрэн шүтэгчид Титог тэсэн ядан хүлээж буйгаар энэхүү жүжгийн үйл явдал эхэлнэ. Тэгтэл Тито…

Үргэлжлэлийг харин та жүжгээс үзээрэй…

Тоглолтын тасалбарыг: 11-р сарын 05-наас УДЭТ-ын касс, WWW.TICKET.MN, Үнэгүй хүргэлт: 1900-1800-аар худалдаална.

Categories
гадаад мэдээ

Хулсны баавгайтай зургаа татуулах, тэжээхийг хориглов

Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн эрх баригчид хулсны баавгай олноороо байдаг дархан цаазат газрууд болон төвүүдэд ховордсон уг амьтанд ойрхон дөхөж очих боломжийг жуулчдад олгосон арилжааны зорилготой үйл ажиллагаа явуулахыг тухайлбал, зургаа хамт авахуулах, тэжээхийг хоригложээ. Жуулчид болон алдартай хүмүүс хулсны баавгайд хэт ойрхон дөхөж очиж байгааг Хятадын хулсны баавгайг хамгаалагчид эртнээс эсэргүүцжээ. Учир нь устаж үгүй болохын ирмэгт байгаа уг амьтанд янз бүрийн өвчин халдааж магадгүй гэж тайлбарлаж байгаа аж. Интернэт хэрэглэгчдийн ярьж буйгаар, Сычуань мужийн том хулсны баавгай үржүүлгийн газрынхан пандатай зургаа авахуулахад 1000 юань авдаг гэж Хятадын хэвлэлүүдэд бичжээ. Харин тус төвийнхэн энэ мэдээллийг няцааж, зөвхөн мал амьтны эмч нар, эрдэмтэд л хулсны баавгайд ойрхон ажилладаг гэжээ. Ховордсон амьтны төрөлд хамаардаг хулсны баавгай нь Хятадын төрийн онцгой хамгаалалтад байдаг. Үүнээс гадна, Хятадын бэлгэ тэмдэгт тооцогддог бөгөөд Бээжингийн дипломат харилцаанд онцгой байр суурь эзэлдэг байна. Хулсны баавгайг янз бүрийн орнууд руу илгээх нь уламжлал болон тогтсон бөгөөд “пандагийн дипломат харилцаа” гэж нэрлэх нь ч бий.

Categories
мэдээ нийгэм

“Босоо хөх Монгол”-ын 30 гаруй гишүүнийг баривчилж, мэдүүлэг авчээ

Өнөөдөр өглөө 08:00 цагт Их Тэнгэрийн зам дээр “Босоо Хөх Монгол” бүлгэмээс тайван жагсаал хийжээ. Гэвч зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийсэн гэсэн үндэслэлээр тэднийг цагдаагийн хүчээр тарааж, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс рүү тус бүлгэмийн 30 гаруй гишүүнийг баривчлан авч явж, тайлбар мэдүүлэг авсны дараа сулласан байна. “Босоо хөх Монгол” бүлгэмийн эх сурвалжийн хэлснээр жагсагчид нийгэмд тулгамдаж буй хэд хэдэн асуудлыг дарга нарт дуулгахыг хүссэн аж. Тэрбээр “Дураараа бензиний үнэ өсгөдөг авлигач, нефть импортлогч хэдхэн монополь компаниудын атганд багтах ёсгүй. Монгол Улс Хятадад сая тонн нефть үнэгүй бэлэглэхээ зогсоож, эх орондоо бензин шатахуунаа үйлдвэрлэе. Тамсагбулагийн нефть гаргаж экспортлож байгаа гэрээг эргэн харах цаг болсон. Жирийн ард иргэд бас машин унамаар байна. Дараагийн удаа Улаанбаатар хот, бүх аймаг орон нутагт зам хааж тэмцэнэ. Нэгдэхийг уриалж байна” гэв.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ хамтран Халхын голын тухай кино бүтээнэ

ОХУ-ын “Ленфильм” студи Халхын голын тухай кино бүтээх шинэ төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Студийн албан ёсны хуудсанд тавигдсан мэдээллээс үзвэл шинэ бүтээл маш чанартай болж Халхын голыг дэлхийд таниулах боломжтой юм байна. Студийн цахим хуудсанд тавигдсан мэдээлэлд “Киног Азийн уран бүтээлчидтэй хамтарч бүтээнэ. Зураг авалт хийх асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ярьж тохирсон. Төсөлд мөн БНХАУ-ын China Film Group Corporation, БНСУ оролцоно. Оролцоог ингэж нэмэгдүүлснээр уран бүтээлийн хамрах хүрээг ч нэмэгдүүлж, 100 сая ам.доллараар хэмжигдэх ашиг олно гэж тооцож байна. Ингэснээр “Ленфильм” Оросын кино урлагт дорныг сонирхох сонирхлыг бий болгож чадна гэдэгтээ итгэлтэй байна. Мөн энэхүү кино нь “Ленфильм”-ийн бүтээсэн хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг байна гэдгийг амлаж байна. Төслийн хүрээнд “Росархив”-тай хамтарч ажиллаж байгаа бөгөөд кинонд өмнө нь хэн ч хэзээ ч үзэж байгаагүй ховор нандин бичлэгүүдийг дэлгэх болно. Сергей Снежкиний баг зохиол бичих ажилдаа орсон. Кино гарсны дараа уг зохиолыг дахин найруулаад роман хэлбэрээр хэвлэх болно” хэмээн бичжээ.

Халхын голын ялалт нь Монгол төдийгүй ЗХУ-ын хувьд хамгийн анхны том ялалт, батлан хамгаалах үйлсдээ хийсэн том алхам байсныг энэ киногоор дамжуулан харуулах гэнэ. Халхын голын дайнд ОХУ-ын Чита мужаас олон цэрэг оролцсон бөгөөд тус хотод дурсгалын цогцолбор байдаг гэнэ. Хотын удирдлагууд энэ гавьяагаа үнэлүүлэхээр 2013 онд хүсэлт гаргаж, хотдоо байлдааны гавьяаны одон олгуулах гэсэн ч хүсэлт нь талаар болж байжээ. Халхын голын дайны 80 жилийн ой ирэх жил болно.