Categories
мэдээ нийгэм

Объектын гал түймрийн аюулаас 791 хүний амь насыг авран хамгааллаа

2018 оны эхний 10 сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 3040 удаа гарч, 14.8 тэрбум төгрөгийн хохирол учирч, 58 хүн нас барж, 39 хүн түлэгдэж гэмтэн 289 толгой мал хорогдож, 1380 гэр орон сууц шатсан байна.

Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 791 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 34.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 3.15 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 40.9 хувиар өссөн байна.

Нийслэл хотод нийт 1970 удаагийн гал түймэр гарч, 3.9 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 1070 удаагийн гал түймэр гарч, 10.9 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ.

Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар:

Энэ хугацаанд 16939 байгууллага, аж ахуйн нэгж, 102263 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 81974 зөрчил дутагдал илрүүлэн, 34861 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 4801 заавал биелүүлэх албан шаардлага, 5686 мэдэгдэл, 252 танилцуулга, 778 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 81 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 161.7 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 2305 удаа, дадлага 1630 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2485 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.

Объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:

Ил задгай гал, асгасан үнс нурмаас 840 гал буюу 27.6 хувь,

Пийшин, зуух, яндангийн цонолтоос 621 гал буюу 20.04 хувь,

Цахилгаанаас 583 гал буюу 19.1 хувь,

Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 301 гал буюу 9.9 хувь,

Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 186 гал буюу 6.19 хувь,

Бусад шалтгаанаас 181 гал буюу 5.9 хувь,

Шалтгаан тогтоогдоогүй 173 гал буюу 5.6 хувь,

Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 65 гал буюу 2.1 хувь

Гагнуур, паялник, бамбараас 28 гал буюу 0.9 хувь

Архидан согтуурснаас 18 гал буюу 0.6 хувь,

Машин, техникийн яндангийн цонолт, оч болон цахилгааны очноос 14 гал буюу 0.46 хувь

Санаатай үйлдлээр 14 гал буюу 0.46 хувь,

Байгалийн үзэгдлээс 6 гал буюу 0.19 хувь,

Тэсрэлт дэлбэрэлт ослоос 4 гал буюу 0.13 хувь,

Технологийн горим зөрчсөнөөс 4 гал буюу 0.13 хувь,

Газрын тосны бүтээгдэхүүний ашиглалтын буруугаас 2 гал буюу 0.06 хувийг эзэлж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэгчдэд шалгалт хийнэ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар тэмдэглэлээр согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, үйлдвэрийн байрыг өргөтгөх шинэчлэх, хаяг байршилаа өөрчилсөн гэсэн шалтгаанаар Захиргааны ерөнхий хуулийн дагуу хариу тайлбар ирүүлсэн 32 аж ахуй нэгжид 2019 онд багтаан хяналт шалгалт явуулах шийдвэр гарсантай холбогдуулан МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газраас эдгээр аж ахуй нэгжүүдийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар Засгийн газраас гарсан тогтоол шийдвэрийн талаар танилцуулж, 2019 оны эхний улиралд зохион байгуулагдах хяналт шалгалтаар үйл ажиллагаа явуулаагүй, тусгай зөвшөөрлийг сунгах нөхцөл, шаардлагыг хангаагүй аж ахуй нэгж байгууллагуудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал, дүгнэлтийг Засгийн газарт тавьж, шийдвэрлүүлнэ гэдгийг анхааруулав.

Монгол Улсын Засгийн газрын “Архидан согтуурахтай тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 46 дугаар тогтоол, Улсын Ерөнхий байцаагчийн албан даалгаврын хүрээнд 2017 онд улсын хэмжээнд согтууруулах ундааны үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж 16 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон аж.

Categories
мэдээ цаг-үе

Д.Оюунхорол: Засгийн газраас оруулж ирсэн төсөв дээр нэг ч төгрөг нэмээгүй

УИХ-ын гишүүн, 2019 оны төсвийг батлах Ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхоролтой ярилцлаа.


-Их хурал ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Төсвийн ажлын хэсгийн ахлагчийн хувьд ирэх оны төсвийг хэрхэн харж байна вэ?

-Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9.6 их наяд, зарлагыг 11 их наядаар тооцон оруулж ирснийг хэвээр нь хадгалсан. Төсвийн алдагдлыг нэг их наяд буюу 913.3 тэрбум төгрөгөөр тооцож оруулсныг ажлын хэсэг хэвээр нь дэмжсэн. Харин дотор нь нэлээд хэдэн өөрчлөлт оруулсан. Төсвийн тогтворжуулалтын санд 322 тэрбум төгрөгийг үлдээх, Ирээдүйн өв сандаа 550 тэрбум төгрөгийн хуримтлал үүсгэнэ гэж оруулж ирсэн. Ирээдүйн өв сангийн тухай хуулиар 550 тэрбум төгрөгийг 2030 он хүртэл эдийн засгийн эргэлтэд оруулах, ашиглахыг хориглосон байдаг. Ажлын хэсгийн гишүүд энэ мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, малын түүхий эдийн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үйлдвэрийг барьж байгуулах, иргэдийг ажлын байртай болгох санал гаргасан. Ерөнхийлөгчийн зүгээс чуулганд мэдээлэл хийхдээ төсвийн реформыг хийхдээ үйлдвэр байгуулах талыг харгалзан үзэж 160 мянган хүнийг ажилтай, орлоготой болгох гурван том үйлдвэр байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх санал тавьсан. Бид ажлын хэсэг дээрээ ярилцаад төсвөө тусад нь ярихаар болсон.

Төсөв дээр үйлдвэрүүд барих хөрөнгө оруулалтын зардлын эх үүсвэрийг суулгах боломжгүй. Мэдээж зах зээлийн жамаар зээл олгож үйлдвэр аж ахуйн газар барихад зориулж хүү багатай зээлийн эх үүсвэрийг олоход төрөөс зохицуулах зохицуулалтыг нь хийж өгөх ёстой. Ирэх онд цалин тэтгэврийг нэмэгдүүлэхэд 672.6 тэрбум төгрөгийг суулгаж байгаа. Халамждаа 67 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ хүрээнд “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжинэ. Мөн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө өгөх хөтөлбөрүүд явна. Нэлээдгүй гишүүний зүгээс нийгмийн хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг нааш нь татаад хөрөнгийн зарлагыг нэмэгдүүлэх санал гаргасан. Одоогоор тийм боломж улсын төсөвт байхгүй тул Засгийн газраас өргөн барьсан хуулийн хүрээнд авч үзэхээс өөр аргагүй байгаа юм.

-Орон нутгийн хөрөнгө оруулалт нэлээд нэмэгдэж шүүмжлэлд өртөөд байгаа юм биш үү. Ирэх оны төсөв 2020 оныг угтсан сонгуулийн төсөв боллоо гээд?

-Шинээр нэмэгдүүлж байгаа хөрөнгө оруулалт дээр хөдөө орон нутагт хүн амынх нь тоонд харьцуулаад 189 тэрбум төгрөг тусгасан байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс юунд зарцуулах нь тодорхойгүй хөрөнгө оруулалтуудыг аймаг орон нутаг руу шилжүүлэх нь Төсвийн тухай хуулийг зөрчинө гэж байсан. Тиймээс ажлын хэсэг дээрээ болон бүлэг дээрээ ярилцаад төсөвт хөрөнгө оруулалтын зардлыг нь тодорхой бичээд хуваарилах нь зүйтэй гэж үзээд шийдвэрээ гаргасан. Энэ дагуу 76 тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн өөрсдийнхөө саналыг бичиж өгсөн. Засгийн газар 117 сургууль, 143 цэцэрлэг шинээр барих санал оруулж ирсэн байсан ч гишүүдийн нэмэгдсэн саналаар 18 сургууль, 32 цэцэрлэг 189 тэрбумаасаа барихаар тусгаж орж ирсэн. Ингэснээр гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг хоёр ээлжтэй болгох, сургуулийн өмнөх насны цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах боломжтой гэж үзсэн. Төсөв дээр дутуу орж ирсэн зүйл бол хотоос сонгогдсон гишүүдийн тойрогт тавигдсан хөрөнгө оруулалт үнэхээр бага байсан. Нийслэлд 1.3 сая иргэн амьдарч байна. Тиймээс хотоос сонгогдсон гишүүд хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн. Улаанбаатар хотын 20 мянга гаруй хүн амтай хороон дээр сургууль, цэцэрлэг байхгүй байхад 1000 хүнтэй суманд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлчилгээний бүх байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Энэ мэт хуваарилалт нь болохгүй байгаа зүйлүүд байсан учраас нийт хүн амынх нь тоонд нь харьцуулж хөрөнгө оруулалтаа тавих нь зөв гэж үзсэн. Тиймээс Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүдийн тойргийн саналыг хүлээж аваад 90 орчим тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын төсөв дээр нэмэгдүүлж батлахаар оруулж ирсэн.

Тодорхой хэмжээний урсгал зардлууд оруулж ирсэн байсан. Ноднин УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн зүгээс хүүхэд хамгааллын зардлыг зургаан тэрбум төгрөгт хүргэж байсан бол Засгийн газраас хүүхэд хамгааллын зардлыг хоёр дахин бууруулж оруулж ирсэн. Гэтэл энэ жил 2.4 тэрбум төгрөг болгон оруулж ирсэн. Хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэл их байгаа тул үүнтэй тэмцэх зорилгоор зардлыг нь нэмэгдүүлэх ёстой гээд найман тэрбум төгрөг болгож өгч байгаа. Мөн 2020 онд хийх хүн, ам орон сууцны нэгдсэн тооллоготой холбоотойгоор зургаан орчим тэрбум төгрөг гарахаар санхүүжилт байсан юм билээ. Засгийн газар энэ саналыг нь орхигдуулсан талаар Үндэсний статистикийн газрын саналыг авч ажлын хэсгийн гишүүд сайтар ярилцаж байгаад 2019 оны төсөвт 1.8 тэрбум төгрөг нэмсэн. Монголын Улаан Загалмай Нийгэмлэг янз бүрийн гамшиг ослын үед олон улсын байгууллагуудтай хамтарч маш их тусламж дэмжлэг үзүүлдэг. Тус байгууллагын зүгээс ослын үеийн зардлыг нэмэгдүүлэх ёстой гэдэг санал өгсөн байсан тул 952 сая төгрөгийн санхүүжилт тусгасан. Сонгуулийн ерөнхий хорооны тоног төхөөрөмж солих ажилд долоон тэрбум төгрөгийг суулгахаар оруулж ирсэн ч эхний ээлжинд дөрвөн тэрбумыг тусгаж өгөхөөр болсон.

-Хэлмэгдэгсдийн үр хүүхдэд нэг удаагийн дэмжлэг үзүүлэхэд 40 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн ч мөнгө суулгаагүй юм биш үү. Хууль нь удахгүй хэрэгжиж эхэлнэ шүү дээ?

-Огт мөнгө суулгаагүй биш, суулгасан. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нөхөн олговорт таван тэрбум төгрөг сууж байгаа. Эхний ээлжинд ингэж оруулж байгаа юм шүү. Дараа дараагийн жилүүдэд нэмэгдлээд явна. Үүнээс гадна жендерийн үндэсний хорооны үйл ажиллагааны зардалд 700 гаруй сая төгрөг тавьж өгсөн. Ерөнхийлөгч чуулганы хуралдааны үеэр ЖДҮДС-ийн төсөв дээр мөнгө тавиагүй байна. Ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг явуулаач ээ гэсэн. Мөн МАН-ын мө-рийн хөтөлбөрт 21:100 үйлдвэржилтийг дэмжих бодлого туссан. Гэсэн ч энэ удаагийн төсөвт нэг ч төгрөг тавиагүй байсан тул 47 тэрбум төгрөгийг тавьж өгсөн. Жижиг дунд үйлдвэрлэл байгуулах гэж байгаа, үйлдвэрлэл хөгжүүлэх хүсэлтэй тэр хүндээ зээл нь хүрээсэй гэж бодож байна. Сүүлийн 27 жил Монгол Улсад орлого багатай иргэн, аж ахуйн нэгжүүдэд зориулсан хөнгөлөлттэй зээл хүндээ хүрэхгүй байгаа гэсэн шүүмжлэл одоо ч байсаар байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал сүлжээнд ЖДҮДС-ийн мөнгөний зарцуулалтын талаарх янз бүрийн мэдээлэл гарч байгаа тул цаашид энэ тал дээр анхаарч ажиллах ёстой. Хэвлэлээр гарч байгаа мэдээллээс болоод энэ сангийн мөнгийг хасах нь буруу гэж үзсэн. Харин хяналтыг нь чангатгаад, эзэндээ хүрэх зээлийг олгох ёстой гэж үзэж байгаа. Эдийн засаг тодорхой хэмжээнд өсч байгаа боловч эдийн засгийн өсөлт ядуу иргэдэд хэр хүрч байна вэ гэдэгт үргэлж дүгнэлт хийх хэрэгтэй. Монгол Улсын ядуурлын түвшин 29 хувьтай байна гэж байгаа. Өмнө нь эдийн засгийн өсөлт 17.5 хувьтай байхад ийм л байсан. 2016 онд эдийн засгийн хямрал нүүрлэж байхад мөн л 29 хувьтай байна гэж байсан. Тиймээс ядуурлыг тогтоож байгаа индекс тооцоо нь бодитой биш байгаа юм байна. Хөдөлмөр эрхлэлтийн кэофцент өөрчлөгддөггүй, тэгсэн хэрнээ аж ахуйн нэгжүүдийн ажилд авна гэсэн зар сурталчилгаа их байдаг. Өнөөдөр компанийн удирдлагууд ажилтан олдохгүй байна гэдэг. Энэ бүхэн хоорондоо уялдаж өгөхгүй байгаа тул цаашид эргэж харах шаардлагатай. Тиймээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд найман тэрбум төгрөг нэмж байгаа. Төсөвт 20 тэрбум төгрөг суусан. Энэ зээлийн гол зорилго нь хүү багатай, хугацаа урт итгэлийн зээлийг орлого багатай иргэдэд олгох юм.

-Хөрөнгө оруулалтууд ихээхэн нэмэгдсэн байна. Энэ мөнгөний эх үүсвэрийг хаанаас оруулах вэ?

-261 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж байгаа учраас Засгийн газрын төслөөс хасах ёстой. Засгийн газрын өгсөн саналаас агаар орчны бохирдлыг бууруулахад зориулж 146 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан. Индукцийн аргаар агаарын бохирдлыг бууруулах буюу гэр хорооллын айлуудын янданд тавих төхөөрөмжийг худалдаж авахад 100 орчим тэрбум төгрөг тавьсан байснаас 80 тэрбум төгрөгийг хассан. Яагаад хассан гэхээр энэ төхөөрөмж нь туршигдаагүй, туршигдсан гэх ганц хоёр айлууд нь хэрэглэхгүй байгаа талаар телевизийн мэдээлэл гарсныг бидэнд бичлэгээр нь үзүүлсэн. Иргэдийн зүгээс нэгдүгээрт, зуухны таталт муудсан. Хоёрдугаарт, сар бүр 24 мянган төгрөгийн эрчим хүчний зардал нэмэгдэж байна. Гуравдугаарт, хэрэглээ нь амьдралд нийцэхгүй юм байна. Улаанбаатар хотын хэмжээнд эрчим хүчний хомсдолд орох эрсдэлтэй байгаа учраас хэрэглэх боломжгүй гэсэн юм. Засгийн газар түүхий нүүрсийг Улаанбаатарт оруулахыг хориглосон шийдвэр гаргасан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд шахмал түлшийг үйлдвэрлэх ёстой. Ингэхийн тулд үйлд-вэрүүдийг нь барих ёстой. Тиймээс эх үүсвэрийг нь хангахын тулд одоо тавигдсан байгаа хөрөнгийг нь тавиач ээ, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, агаарын бохирдлыг бууруулахад ганц аргаар явахгүй. Нүүдэлчин маягийн амьдралтай, таван ханатай гэрт амьдардаг хүмүүс галаа түлнэ. Тиймээс шахмал түлш түлүүлэх, халаагууруудын үнийг хямдруулан иргэдэд олгох, эрчим хүчний шөнийн тарифыг тэглэхэд зориулж мөнгө гаргаж байсан хуучин аргыг нь хэрэглэх гэх мэтчилэн олон арга хэрэглэж байж агаарын бохирдолтой тэмцэнэ. Түүнээс биш их хэмжээний улсын төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж болохгүй. Монгол Улс тийм баян ч орон биш. Үнэхээр үр дүнтэй байвал дараа нь дутагдаж буй тодорхой эх үүсвэрүүдийг Засгийн газрын нөөц сангаас гарган хэрэгжүүлэх боломжтой учраас бууруулсан.

-Хэд хэдэн улсын эмнэлгийг хувьчилна гэсэн мэдээлэл гарсан. Ямар эмнэлгийг ямар байдлаар хувьчлах вэ?

-Монгол Улсын Засгийн газраас том эмнэлгийг бие даалган үйл ажиллагаа явуулах саналыг оруулж ирсэн. Нэг үгээр хэлбэл ирээдүйд хувьчлалын хэлбэр рүү ороод явна гэж үзсэн. Ажлын хэсгийн зүгээс Хавдар судлалын үндэсний төвийг хувьчлах ямар ч боломжгүй гэсэн. Өнөөдөр манай улсад хавдрын өвчлөл маш их байна. Дундаж амьдралтай болон ядуу иргэд бүгд хавдраар өвчилж, энэ эмнэлгийн хаалгаар орж ирдэг. Энэ хүмүүстээ хатуурхаж өндөр зардалтай эмчилгээ үйлчилгээ үзүүлж болохгүй. Тиймээс улс энэ эмнэлгээ өөрийн мэдэлд байлгаж чадавхжуулж, бэхжүүлээд явах нь зөв гэсэн юм. Хоёрдугаарт, Улсын хоёрдугаар төв эмнэлгийг бие даалгана гэж оруулж ирсэн. Тус эмнэлэг эмчилгээ үйлчилгээний хамгийн том төвийг бариад ирэх онд ашиглалтад оруулах гэж байгаа. Манайхан гадаад явж өндөр зардлаар эмчилгээ, оношлогоо хийлгэх шаардлагагүй олон улсын стандартад нийцсэн эмнэлэг болох юм. Энэ төвийг ашиглалтад оруулаагүй байхад хувьчилна гэдэг санал оруулж ирснийг нь бид дэмжээгүй. Тиймээс ХСҮТ, Улсын хоёрдугаар төв эмнэлгийг улсын төсвөөс санхүүжүүлээд төсөвт 15.2 тэрбум төгрөгийг хэвээр нь үлдээж үйл ажиллагаагаа явуулах нь зүйтэй гэсэн юм.

-Хүүхдийн мөнгийг хэдэн хувьд нь олгох вэ. 100 хувь хүүхдийн мөнгөнд хамрагдах боломжгүй болчихсон юм биш үү?

-Одоо хүүхдүүдийн 80 хувьд нь хүүхдийн мөнгө олгож байгаа. С.Чинзориг сайдаас “Хүсэлт тавьсан хүүхэд бүр хүүхдийн мөнгө авч чадаж байгаа юу.

Энэ нь 80 хувьдаа хүрч байгаа юу” гэхэд “Чадаж байгаа” гэсэн. Салбарын сайд “Одоо 10 хувь нь нэмээд өргөдөл өгөхөд санхүүжилт байхгүй” гэдгийг хэлсэн. Улсын төсвөөс баталж өгөөгүй учраас боломжгүй юм. УИХ-ын хэсэг гишүүд хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох хуулийн төсөл санаачлаад өргөн барьсан. Ерөнхийлөгчийн зүгээс хүүхдийн мөнгийг 100 хувь олгооч гэдэг санал тавьсан. Төсөв хэлэлцэхээс хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох хуулиа баталж чадаагүй.

Тиймээс батлагдаагүй хууль дээр УИХ мөнгө тавих боломжгүй. С.Чинзориг сайд нэмэгдэх хандлагатай байна гэж үзээд 20 тэрбум төгрөгийн эх үүсвэр нөөцөд үлдээж байгаа гэсэн мэдээлэл өгсөн. Тиймээс өргөдөл өгөөд хүүхдийн мөнгө авахыг хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох асуудлыг шийдвэрлэнэ. Хүүхдийн мөнгийг 10 хувь нь авдаггүй юм билээ. Тиймээс энэ мөнгийг нь санд нь үлддэг байхаар хуулийн зохицуулалтыг хийх шаардлагатай.

-Утаа гэж маш их ярьдаг хэрнээ утааг бүрэн шатаадаг төхөөрөмжийг ашиглая гэхээр мөнгийг нь хасчих юм. Мөнгийг нь хассан болохоор дахин бид утаа гэж ярина. Ядаж энэ мөнгийг нь утааг бууруулах өөр зүйлд зарцуулж болохгүй юу. Тэр чигт нь хасчихсан байна…

-Би хоёр удаа Байгаль орчны сайдаар ажилласан. Эхлээд ажиллахад Агаарын бохирдлыг бууруулах санг нь татан буулгасан байсан. Тэр үед мөнгийг нь буруу захиран зарцуулсан гээд тухайн үеийн сангийн удирдлагууд хуулийн хариуцлага хүлээсэн. Хоёр дахь удаагаа намайг сайд болоход санг байгуулах ёстой гээд дахин байгуулж байсан юм. Тэр үед улсын төсвөөс 30 тэрбум төгрөгийг уг санд баталж өгч байлаа. Энэ мөнгөөр шахмал түлшний үйлдвэрүүдээс утаагүй шахмал түлшийг худалдан авч орлого багатай иргэдэд тараах ажлыг хийсэн. Хоёрдугаарт, эрчим хүчний шөнийн тарифыг “0”лээд Эрчим хүчний яаманд зөрүү төлбөрийг нь төлдөг байсан. Одоо бид тухайн үеийн 30 тэрбумаас 1.5 дахин илүү зардлыг төсөвлөж өгч байгаа учраас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэл ажлаа хийгээд үз гэж байгаа юм. Татвар төлөгчдийн мөнгө хэн дуртай хүний гарын салаагаар урсаж байдаг мөнгө биш. Хийх гэж байсан ажил нь индукцийн аргаар айлуудын янданд төмөр суулгах гэж байсан. Туршилт хийгдээгүй, үр дүн нь мэдэгдэхгүй зүйлийг хэсэг бүлэг хүний сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдчих юм бол нийгэмд бухимдал үүснэ. Харин бид ипотекийн зээлийн эх үүсвэрт 15 тэрбум төгрөг нэмэгдүүлэхээр оруулсан. Ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй хүмүүс их байгаа учраас агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хэмжээний дэмжлэг болно гэж үзээд нэмэгдүүлсэн.

-ЖДҮДС-гийн мөнгийг 47 тэрбум төгрөгөөр оруулж ирсэн юм байна. Гэхдээ үнэндээ Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бус Их хурлын гишүүд, сайд нарын мөнгө юм биш үү?

-Тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн асуудлаас болж янз бүрийн яриа гарч байна. Үүнийг хянана, шалгана. Энэ хүмүүсээс болоод жижиг, дунд бизнес эрхэлдэг аж ахуйн нэгж үйлдвэрүүд байгуулах гэж гүйж байхад дуулианы далимаар бүр байхгүй болгоё гэсэн хүн ч байна. Тиймээс бид үүний эсрэг зогсч, ирэх оноос Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангийн 47 тэрбум төгрөгийг маш хариуцлагатай, хяналттай олгох ёстой гэж үзэж байгаа.

-Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хамаарал бүхий гэгдэх “МАК” компанийн “Цагаан суварга”-ын орд руу 220 киловаттын цахилгааны агаарын дамжуулах шугам, дэд станц барихад 79 тэрбум төгрөг төсөвлөсөн гээд шуугьж байна. Өмнө нь концесс нэрээр хэл ам таталж байсан уг төсөл төсөв өргөн барихад орж ирээгүй хэрнээ Яармагийн төрөх эмнэлгийн төсвөөс хоёр тэрбум, Чойр дэд станцын төслөөс таван тэрбумыг нэмж суулгахаар болж. “МАК”-ийн энэ ажил хийгдээд дууссан бол мөнгийг нь өгч болох ч ажил нь ч эхлээгүй компанид мөнгө өглөө гэж байна л даа…

-Нэг зүйлийг онцолж хэлье. Сангийн яамнаас оруулж ирсэн төсөв дээр нэг ч төгрөг нэмээгүй. Гадуур ташаа мэдээлэл яваад байна. Зарим нэг хүн “МАК” компанид 79 тэрбум төгрөг өгөхөөр төсөвт суулгасан байна гэх юм. 79 тэрбум төгрөгийн ямар ч асуудал байхгүй. Тус компани Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сумдыг эрчим хүчинд холбосон юм билээ. Ажил нь дуусаад бараг хоёр жил болчихоод байхад нэг ч төгрөг улсаас аваагүй юм байна. Хувийн хэвшлийнхэн ажлаа дуусгасан бол төр мөнгийг нь өгөх ёстой биз дээ. Төр нь хувийн хэвшлээр ажлаа хийлгэчихээд мөнгийг нь өгөлгүй луу унжаад байж болохгүй. Нэгэнт ажлаа дуусгаад хоёр жил болчихсон юм чинь гээд ажлын хэсэг дээр ярьж байгаад Чойр дэд станцын төслийн мөнгөнөөс таван тэрбум, Яармагийн төрөх эмнэлгийн мөнгөнөөс хоёр тэрбумыг нэмээд долоон тэрбум төгрөг суулгасан. Яармагийн төрөх эмнэлгийн ажлын гүйцэтгэл 30 гаруй хувьтай байгаа юм билээ. Концесс гүйцэтгэж буй компани нь өмнөх ажлаа дуусгаагүй байж төсвөөс мөнгө авахаар орж ирсэн. Хуулиараа ажлаа дуусгаад мөнгөө авах ёстой. Тиймээс тэр төсвөөс нь хоёр тэрбумыг шилжүүлж суулгахаар болсон.

-УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнг мөн Нарны хороололд сургууль, цэцэрлэг барьснаа улсад шахлаа гэж байна…

-Ер нь зарим нэг мэдээллийг саармагжуулахаар зорилттой мэдээлэл гарч байх шиг байна. Дээр хэлсэнчлэн төсвийн зардлыг нэмсэн юм байхгүй. Нэг ч төгрөг нэмээгүй. Ажлын хэсэг дээр ярьж байгаад суусан зардлуудаас дотор нь зохицуулалтуудыг хийсэн. “Хурд” групп 960 сурагчийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг барьсан юм билээ. Үүнд нь аудит хийгдээд төсөвт өртөг, үнийг нь тогтоочихсон байсан. Нэг үгээр хэлбэл ямар ч асуудалгүй төсөвт өртөг нь үнэн гээд бүх бичиг баримт нь байна лээ. Сургууль, цэцэрлэг дээр нь очиж үзсэн ажлын хэсгийн гишүүд Олон улсын стандартад нийцсэн орчин үеийн бүтээн байгуулалт хийгдсэн байна гэдгийг хэлж байсан. Энэ удаагийн төсөв дээр тэр энэ гишүүний тойрог, энэ миний тойрог гэсэн талцал хуваагдалгүй, зөвшилцлийн замаар шийдэж чадаж байгаа нь давуу тал. Аль нэг намын гишүүн энэ тэр гэж ялгаж, хэн нэгнийг нь илүү дэмжсэн төсөв биш шүү.


Categories
мэдээ нийгэм

АТГ: Дорнод аймагт нэр бүхий албан тушаалтанд холбогдох хээл хахуулийн 11 үйлдэлтэй хэрэг илрүүлэв

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймагт ажиллалаа.

Дорнод аймгийн хувьд албан тушаалтнууд өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргах, төсвийн хөрөнгийг хууль бусаар үр ашиггүй зарцуулах, худалдан авах ажиллагааны тухай хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй, хөрөнгө орлогын мэдүүлгийг хугацаа хоцроох, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилсны дараа хянуулах, иргэд, аж ахуйн нэгжээс гаргасан өргөдөл, гомдлыг хангалтгүй хэмжээнд шийдвэрлэх, төрийн үйлчилгээний албан хаагчид иргэдээс хууль бус төлбөр хураамж авах зэрэг нийтлэг зөрчил, дутагдал илэрч байна.

Аймаг, сумын ИТХ болон Тэргүүлэгчид нь хуулиар олгогдоогүй эрх эдэлж, орон нутгийн татвар, төлбөр хураамжийн хэмжээг тогтоосон байна. Тухайлбал, Баян-Уул суманд 5, Цагаан-Овоо суманд 4, аймгийн ИТХ-аас 3, ИТХ-ын Тэргүүлэгчид 1 шийдвэрийг эрх хэмжээ хэтрүүлэн гаргажээ.

АТГ-ын ажлын хэсэг Дорнод аймагт албан томилолтоор ажиллах хугацаандаа нэр бүхий албан тушаалтанд холбогдох хээл хахуулийн 11 үйлдэлтэй хэрэг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Аймгаас сумдад ажилласан хяналт шалгалтын болон бусад байгууллагын ажлын хэсгийн гишүүдийн хоол, зочид буудал болон бусад зардлыг сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс зарцуулах нь түгээмэл байна. Зарим сумын Засаг дарга, бусад албан хаагчид зардал төлбөрийг хувиасаа гаргадаг аж. Хяналт шалгалтын ажлын хэсгүүд нь чиг үүргийн хувьд давхцсан байдлаар шалгах, ойр ойрхон тасралтгүй ирдэг байдал нь суманд хүндрэл учруулдаг гэв.

Жилд дунджаар суманд 13-16 ажлын хэсгийн 90 гаруй хүн ирж очдог байна. Гаднаас ирсэн зочид төлөөлөгчдийн зардлыг төлж дийлэхгүйгээс өр, төлбөрт орсон сум ч байна. Энэ төрлийн зөрчил гарах болсон шалтгаан хяналт шалгалтын ажлын хэсгийн гишүүдэд албан томилолтын зардал өгдөггүй, хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөгүй, ажлын уялдаа холбоогүй байдагтай холбоотой.

Уг асуудлыг газар дээр нь шийдвэрлүүлэхээр АТГ-ын ажлын хэсэг аймгийн удирдлагад танилцуулсны үндсэн дээр Дорнод аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/470 дугаартай “Төсвийн сахилга бат, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” захирамж гарсан бөгөөд харьяа байгууллагын удирдлагуудад захирамжийг танилцуулж мөрдөн ажиллах талаар үүрэгжүүлсэн байна.

Уг захирамжаар “төрийн байгууллагын хяналт шалгалтын чиг үүргийн давхардлыг арилгаж, ажлын бүтээмж, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, ажлын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор нийт төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуй нэгж, байгууллагуудын сумдад ажиллах ажлын нэгдсэн төлөвлөгөөг жил бүрийн 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор багтаан саналаа хүргүүлж батлуулах, хяналт шалгалтыг нэгтгэн явуулах, төрийн албан хаагчийг дээд шатны удирдах байгууллага, эрх бүхий албан тушаалтнаас баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу албан томилолтоор ажиллуулах тохиолдолд холбогдох шийдвэр, баримт бичгийг үндэслэн томилолтын зардлын 80-аас доошгүй хувиар урьдчилан олгох”-ыг шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Валютын ханш, шатахууны үнийн асуудлаар Засгийн газарт чиглэл өгнө

УИХ-ын гурван байнгын хороо, нэг дэд хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
– Байнгын хорооны тогтоолын төсөл /Валютын ханш, бензин, шатахууны үнийн асуудлаар Засгийн газар, Монголбанкинд чиглэл өгөх тухай/;
– Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох.

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
– Байнгын хорооны тогтоолын төсөл /Мал тооллого, хадлан, тэжээл, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, хүнсний ногооны хангамжийн талаар/.

3.Хүний эрхийн дэд хорооны хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 17 дахь илтгэл.

4.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлт;
– Бусад.

Categories
мэдээ цаг-үе

И.Гэрэлчулуун: Айл болгон өөрсдийнхөө онцлогт тохируулан сард хуримтлуулах чадвараа тооцох хэрэгтэй

Дэлхийн хуримтлалын өдрийг жил бүрийн аравдугаар сарын 31-нд тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан “Хуримтлалын аян”-ы нээлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо. Ирэх сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Энэ хүрээнд иргэд, олон нийт, бага насны хүүхдүүдэд зориулсан хуримтлалын ач тус, Монголын үндэсний хуримтлалын бэлгэ тэмдгийг сурталчлан таниулах цуврал арга хэмжээ, лекц, семинар зохион байгуулах юм байна.


Нээлтийн үеэр ХБНГУ-ын Хадгаламжийн банкны Олон улсын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч И.Гэрэлчулуунтай ярилцлаа.

-Манайх шиг хөгжиж буй орнуудын иргэд хэрхэн хуримтлал үүсгэдэг вэ. Энэ тал дээр зөвлөгөө, мэдээлэл өгнө үү?

-Миний хувьд хамгийн сайн мэддэгээрээ Герман улсын туршлагыг жишээ болгоё. Германд гэнэтийн эрсдэлд бэлтгэж хуримтлал үүсгэх шаардлагатай гэдгийг багаас нь ойлгуулдаг. Ингэхдээ хүүхдүүдэд шууд онол ярьдаггүй. Өнөөдөр 1000 төгрөг хуримтлуулаарай гэдэг шиг шууд тулгаж заадаггүй. Харин өөрийнх нь хэрэгцээ, мөрөөдлийг тодорхойлж, түүнд суурилсан аргыг заадаг. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхэд өөрийнхөө мөрөөдөлд хүрэхийн тулд хэдий хэмжээний хөрөнгө хэрэгтэйг тодорхойлж, тэрхүү хөрөнгийг бий болгохын тулд хуримтлал хэрэгтэй гэдгийг л ойлгуулдаг. Бага ангид нь хүүхдэд сонирхолтой байх хэлбэрээр хуримтлалын талаар боловсрол олгодог. Германд насанд хүрэгчид нь мөнгөө хуримтлуулаад сурчихсан байдаг. “Үнэт цаас бусад бүтээгдэхүүнд хөрөнгө оруулаач ээ” гэхэд хүртэл “заавал хуримтлуулна” гэдэг. Маш олон жилийн турш бага наснаас нь эхлэн хуримтлал чухал шүү гэдгийг ойлгуулсан учраас хуримталдаг улс орон бий болсон гэж болно. Мөн насанд хүрэгчдийн санхүүгийн боловсролд банк, санхүүгийн байгууллага анхаарч ажилладаг. Банкны ажилтан маань бүтээгдэхүүн үйлчилгээ авах гэж буй хүнд хуримтлалын талаар зөвлөгөө өгөх ёстой. Зээл авъя гэсэн хүнд “Та үүнийгээ хадгаламжаар бодож үзсэн үү, яг өнөөдөр зээл авах хэрэгцээ байгаа юу, энэ баярыг тэмдэглэхийн тулд зээл авах шаардлагатай юу” гэх мэтээр асууж, зөвлөх юм. Бид урт хугацаандаа олон зүйл хийхээр төлөвлөсөн. Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэн ажиллана. Танай хүүхэд одоо 14 настай гэж бодъё. Тэгвэл дөрвөн жилийн дараа их сургуульд орно. Тэр үед сургалтын төлбөрийг нь төлөх болно. Тэгэхээр та дөрвөн жилийн дараа зээл авах биш, энэ дөрвөн жилийн хооронд яаж мөнгөө цуглуулахыг бодож үзсэн үү гэх зэргээр зөвлөгөө, мэдээлэл хүргэхэд анхаарна. Бид зээлийг буруутгаж байгаа юм биш. Зээл бол бас л санхүүжилтийн чухал хэлбэр. Гэхдээ үүнийг зохистой, хэрэгцээтэй үедээ авдаг, бусад бүтээгдэхүүн үйлчилгээтэй хослуулж чаддаг байна гэдэг нь санхүүгийн боловсролтой иргэнийг бий болгоно гэсэн үг.

-Яг үнэндээ зээл авсан хүмүүсийн тоо хуримтлалтай иргэдээс их байдаг. Үүнийг хэрхэн багасгах вэ?

-Бид үүн дээр анхаарч ажиллаж байгаа. Монголбанкнаас гаргаж буй бодлогын арга хэмжээнүүд нэлээд нөлөө үзүүлэх байх. Хэрэглээний зээлийг багасгах хэрэгтэй. Монголчууд ингэж хийх ёстой гэж хүнд заах гээд байдаг. Гэтэл яг яаж хийх аргыг нь зааж өгдөггүй. Германы санхүүжилттэй энэхүү төсөл нь арилжааны банкуудад туслах юм. Туслахдаа зөвлөх ажилтнаа хамтдаа бэлдэнэ. Ингэснээр иргэдэд зөвлөх нь болж өөрчлөгдөнө. Мөн дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэе гэж төлөвлөсөн. Хуримтлалын өдрийг хэдий өмнө нь тэмдэглэдэг байсан ч нэгдсэн байдлаар тэмдэглэж дадаагүй. Иргэдтэй ойр байна шүү гэдгээ илэрхийлдэг энэ өдрийг банкууд нэгдсэн байдлаар тэмдэглэх юм. Зарим нэг үйл ажиллагаан дээр санхүүжилт дутдаг бол Германаас санхүүжилтээ авах боломжтой. Ингээд ирэхээр арилжааны банкууд маань идэвхтэй оролцдог болох байх. Эхлээд бид санхүүгийн байгууллага дээр ажиллана. Бусад байгууллагууд, томоохон аж ахуйн нэгжүүд үйлчлүүлэгчдэдээ хуримтлал гэдэг ойлголтыг өгье, боловсролд нь анхааръя гэдэг болно. Жирийн байгууллагууд ч бүтээгдэхүүнээ танилцуулдаг, ойлгуулдаг, борлуулдаг байхаасаа гадна харилцагчдынхаа боловсролд анхаарч болно шүү дээ.

-Германы нийт хүн амын хэдэн хувь нь хадгаламжтай вэ?

-Герман улс ойролцоогоор 80 сая хүн амтай. Хоёр хүн тутмын нэг нь хадгаламжийн данстай байдаг гэсэн судалгаа бий. Энэ бол өндөр үзүүлэлт. Гадагшаа өөр улсад мөнгөө хадгалахаасаа илүү эх орондоо хадгалах нь чухал. Ингэж хуримтлуулахдаа төлөвлөгөөтэй хуримтлуулъя гэдэг зарчимтай байдаг.

-Иргэд хуримтлал үүсгэх хэмжээний хангалттай цалинтай биш гэдэг. Энэ тал дээр ямар зөвлөгөө өгөх вэ?

-Тэгж ярьдаг. Биднийг хуримтлал гэж ярихаар хүмүүс “Европт олгогдож байгаа шиг өндөр цалин бидэнд байхгүй. Тэгэхээр бид яаж мөнгө хуримтлуулах юм бэ” гэдэг. Гэтэл бодит байдал дээр тийм биш. Европт ч гэсэн яг л адилхан орлого багатай хүмүүс байгаа. Гэхдээ тэд хуримтлалаа үүсгэе гэдэг. Тэд хуримтлал үүсгэснээрээ би санхүүгийн гэнэтийн хэрэгцээ үүсэхэд аюулгүй байх юм байна, бусдаас зээлэх гэж явах хэрэггүй гэдгийг хүмүүс нь сайн ухамсарласан байдаг. Үүнийгээ ч хэрэгжүүлж чаддаг. Германд өөрийнхөө өрхөд тохирсон хэмжээнд хадгалах зарчмыг баримталдаг. Тэгэхээр хүмүүс маань үүн дээр анализ хийх хэрэгтэй. Орлого орж ирлээ гэхэд өөрийнхөө тэжээдэг хүмүүсээ тооц. Ганц бие хүн хоёр сая төгрөгийн цалинтай байлаа гэж бодъё. Гэтэл тэр хүн аав, ээж рүүгээ мөнгө шилжүүлдэг бол яах вэ. Эсвэл гэр бүлтэй хүн байвал үр хүүхдэдээ зарцуулах мөнгө, өрхийн зарлагад цалин нь хүрэлцэхгүй байж болно. Тэгэхээр айл болгон өөрсдийнхөө онцлогт тохируулан сард хуримтлуулах чадвараа тооцоолох хэрэгтэй. Ингэхдээ өөрийнхөө үндсэн хэрэгцээгээ хангаж амьжиргааныхаа чадамжаа алдаж болохгүй. Алдчихвал хүн өөртөө сэтгэл хангалуун байхаа больчихно. Өрх болгон тохирсон хэмжээндээ хүсэл болон хэрэгцээгээ ялгах хэрэгтэй. Өнөөдөр заавал авах шаардлагагүй зүйлээ үлдээ. Зарим зүйлийг бусдаас зээлж хэрэглэж болно шүү дээ. Үүнийгээ ялгаж харах, өөрийнхөө өрхийн хуримтлал үүсгэх чадварыг гаргаад, тэр хэмжээндээ тултал хуримтлалаа үүсгэж, тогтмол хуримтлуулах нь чухал.

-Хуримтлал үүсгэх тал дээр монголчуудын өөрсдийн нэг онцлог байгаад байх шиг…?

-Гол нь хүмүүс тогтмол хуримтлал үүсгэдэг байх хэрэгтэй. Хугацаатай хадгаламжаа хугацаанаас нь өмнө авах биш, тухайн хугацааг нь дуустал байлга. Мэдээж бид нүүдэлчин байсан гэдэг утгаараа гэнэтийн шийдвэр гаргадаг. Мөн тухайн өдрийнхөө байдлаар ямар ч төлөвлөгөөгүй явчих гээд байдаг зан бий. Үүнийг бид хуримтлал үүсгэх чадваргүй гэж үзэх нь өрөөсгөл. Тэгэхээр санхүүгийн боловсролыг л дээшлүүлэх хэрэгтэй болж байгаа юм. Хүмүүс ойлгох хэмжээнд хүртэл шат дараалалтай арга хэмжээ авч, ойлгомжтой байдлаар тайлбарлаж өгөх юм бол асуудалгүй бид хуримтлуулж чадна.

-Манай арилжааны банкуудын хадгаламжийн хүүг бусад орнуудынхтай харьцуулахад ямар хэмжээнд байна вэ. Хуримтлал үүсгэхэд хүү чухал уу?

-Герман улсын бодлогын хүү тэг хувь. Хадгаламжийн жилийн хүү нь 0.4 хувьтай. Ийм байхад иргэдийнх нь хоёр хүн тутмын нэг нь хадгаламжтай. Хүүн дээр гэхээсээ илүү өөрөө тэр орлогоо яг тогтмол цуглуулж, өөрийнхөө мөнгийг өөртөө төлөвлөх нь чухал байна. Түүнээс биш хүүндээ баригддаг асуудал энэ биш. Манай хадгаламжийн хүү өндөр. Иргэдийн зүгээс гомдол мэдүүлэхээргүй хэмжээнд байгаа гэж болно.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм

Аравдугаар сарын 30-нд болох үйл явдал

09.00 цагт Халдварт өвчний тандалт судалгааны албаны Шуурхай удирдлагын нэгжид Томуугийн цар тахлыг хязгаарлах, шуурхай хариу арга хэмжээ авах “Пан стоп” ширээний дасгал сургуулилт болно. Утас:99773800, 88008516

09.30 цагт “Кемпински” зочид буудалд УБЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

10.00 цагт НМХГ-т ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд хийсэн хяналт, шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Утас:91887887

10.00 цагт “Blue Sky” зочид буудалд Нээлттэй нийгэм хүрээлэнгээс “Монгол Улсын 2019 оны төсвийн зарлагын төлөвлөлт” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас:313207

10.00 цагт Баянзүрх дүүргийн ЗДТГ-т Эрүүл мэндийн даатгалтай иргэдийг нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Японы анагаах ухааны сургуулиудад Монголын оюутан залуусыг тэтгэлгээр суралцуулах чиглэлд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол БСШУСЯ-нд болно. Утас:88111046

11.00 цагт БГД-ийн 20 хорооны нөхөрлөлийн гудамжны шинэ замыг нээх нээлтийн үйл ажиллагаа эхэлнэ. Холбоо барих утас: 99053513

13.00 цагт Нийслэлийн 6 тусгай сургуулийн урлагын анхдугаар тоглолт Улаанбаатар чуулганы танхимд болно.

14.00 цагт БОАЖЯ-нд Монгол, Чех улс хамтран хэрэгжүүлсэн “Монгол орны ойн болон орон нутгийн ой модны генийн сангийн хөгжил” төслийн хаалтын семинар болно.

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

10.00 цагт “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас:99996206

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

Categories
мэдээ цаг-үе

Яруу найрагч Баттөрийн Мягмаржав: “Ээжийн цэнхэр нутаг” тоглолтоо хийхээр санаа шулуудаж хэвтэнэ дээ

“Болор цом”-ын эзэн, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Баттөрийн Мягмаржавтай уулзаж хөөрөлдлөө. Оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” наадам 32 дахь удаагаа зохиогдоход “Тэнгэрийн татах хүч“ шүлгээрээ тэргүүн байр хүртсэн тэрээр эдүгээ аюулт өвчинд шаналан Баянхошуун дахь гэртээ адар ширтэн хэвтэнэ. Түүний “Ээжийн цэнхэр нутаг” дуу хөгжим, яруу найраг, сэтгэлийн их цэнгүүн ирэх арваннэгдүгээр сарын 14-ний 19 цагт “UB palace”-ын их танхимд болох аж. Монголын хоймор сайхан нутаг Хөвсгөлөөс төрсөн ясны яруу найрагчдаа ус нутгийнхан нь болон улс түмнээрээ туслан хөл дээр нь босгоосой билээ!


-Алс холын Солонгост ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар эх орондоо ирсэн сураг байсан. Бие тэнхээ ямаршуухан байна даа?

-Сайхан намаржаад байна уу, та бүхэн минь. Яах вэ, хүний нутагт хүмүүсийн адил ажиллаж хөдөлмөрлөн нэг жил болоод ирлээ. Юм үзэж харъя, ажилтай орлоготой байя гээд амьдралын тодорхой зорилготой явсаан. Явсны хэрэг яахав болж л байлаа. Тэгтэл тэнд жил болдгийн ойн дээр өвчин зовлонд унаснаа мэдлээ. Тэрүүгээрээ бие хаагаа үзүүлтэл ходоодны шарх гээд эмнэлэг жаахан хөөцөлдөж яваад ирлээ. Хүний нутагт үзүүлж харуулах мөнгө нь ч дийлдэхгүй юм, тэгээд аргагүйн эрхэнд эх орондоо есдүгээр сарын дундуур ирсэн дээ.

-Ирээд “Ээжийн цэнхэр нутаг” сэтгэлийн цэнгүүнээ хийхээр шийдэв үү?

-Энд эмчилгээ сувилгаа хийлгэж, гадаадын улс орны эрүүл мэндийн байгууллагад шинжилгээгээ явуулсан. Ходоод, элэг гэсэн хоёр эрхтэн хавсарсан өвчин учраас түвэгтэй л юм шиг байна. Шинжилгээний хариу иртэл зүгээр байж байхаар тоглолт хийж эмчилгээний зардлыг босгоё гэсэн саналыг найз нөхөд, Хөвсгөл аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Ренчинлхүмбэ сумын нутгийн зөвлөл”, “Хөвсгөл-нэг үе” клубээс санаачлан “Ээжийн цэнхэр нутаг” дуу, найраг, сэтгэлийн их цэнгүүнийг хийхээр товлоод байна. “Хөвсгөл-нэг үе” клубийн ерөнхийлөгч Г.Чингүнжав гэж сэтгэл сайт хүмүүн л энэ буянт үйлийг санаачиллаа. “Би ямар хүний өмнөөс өвдсөн биш” гэж дуугүй талдаа байсан ч тоглолтынхоо цаана нь гарахаар санаа сэтгэл шулуудаад хэвтэж байна даа. (Идэр залуухан найрагчийн эрдүү аргил хоолой сөөнгөтөн цээжний чинадаас шивнэн ярих ажээ. Л.Б)

-Энэ буянт үйлийг хэн, хэн дэмжиж байна?

-Миний хорин жил ажилласан Монголын үндэсний радио, телевизийн хамт олон, МЗЭ-ийн шагналт зохиолч Бидэрийн Баярсайхан, төрийн шагналт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж, сэтгэл сайт дүү нар, найз нөхөд сэтгэл зүрхээ надад харамгүй зориулж байна даа. Тэд маань л гадуур бүх ажлыг зохицуулаад бужигнаад байх шиг байна. Миний байгаа царай ч дээ, ингээд хэвтэж байдаг “ажил”-тай болж дээ.

-Хүний нутагт шүлэг бүтээл аль хэр туурвив. Шинэ номоо баринтаглах бодол байна уу?

-Өө, уран бүтээлээсээ яаж холдох вэ. Сэтгэл зүрхэнд байгаа юм чинь бичиж байгаад ирсэн. Өгүүллэгийн нэг ном боочихъё гэсэн чинь учиг зангидах арай болоогүй санагдаад байгаа. Энэ нэг өвчин шүү юмны цаана гарч байгаад хэвлүүлэх бодол байна. Цахим өртөөний буянаар Орос, Хятад, хаа байсан дэлхийн нөгөө бөөрнөөс сайхан сэтгэлийн дэм өгч сэтгэлээр минь намайг үндсэндээ босгож ирж байна даа. Эд бүхэндээ энэ өвчнийг даваад гарчихсаныхаа дараа хүүрнэл үгийн номоо өргөн барина даа.

-Юу гэсэн нэртэй ном байх бол?

-Аа, номондоо нэр сайн оноож амжаагүй. Жаахан дутуу дулимаг санагдаад байх юм. Хоёрын хооронд юм хүний гар дээр тавих би дургүй. Угаасаа ч тийм бодол үзэлтэй хүн. Хариутай бол бариутай гэж сайхан монгол үг бий. Сэтгэлийн дэм өгсөн хүн зондоо үнэгүй тараах бодолтой байна. Уран бүтээлч хүний чадах юм л энэ юм даа. Солонгост ажиллаж байхдаа мэр сэр бичсэн шүлэг байлгүй яахав. Иймэрхүү л ааш аягтай байх шив дээ.

-Өмнө нь уншигчдынхаа оюуны мэлмийд хэдэн номоо толилууллаа?

-“Долоон сарын цас”, “Цаг хугацаа буцвал…”, “Хоймор нутаг”, “Уулсын симфони” гэсэн арван хоёр мөнгөний дэвтэр шиг хэдхэн ном, “Нүүнэ” хэмээх тоосго шиг том нэг номтой хүн л дээ би.

-Өөрийн чинь цэнгүүнээ нэрлэсэн “Ээжийн цэнхэр нутаг” ч ухаарлын сайхан үгтэй дуу шүү…

-“Мэлмэрээ нуурын дэргэд нь хө

Миний л ээжий суугаа даа

Ээжийн нутгаа санаад байх чинь

Эр хүн байж би чинь уйлах нь үү дээ

Салхи хөлөглөм цэцэгс нь ээ

Самсаа шархирам үнэртэй дээ

Нутаг ээжээ санаад байна аа

Нулимсаа нуугаад уйлах нь үү дээ” гэсэн шүлгийг аль тэртээ ерээд онд бичиж, хөгжмийн зохиолч Жигжидийн Жаргалсайхан ая зохиосноос хойш олон ч дуучин дууллаа. Монгол Улсын гавьяат жүжигчин Чулуунхүү, Өлзий-Орших, Бямбажав болон дуучин Найдандорж нар дуулж хүнд хүргэж байх шив дээ. Би өөрөө их дуу цөөтэй, дээр нь дууны үг цөөтэй хүн. Дууны үг чинь нэг бодлын амархан ч юм шиг, нөгөө бодлын хэцүү ч юм шиг санагддаг юм.

-Тоглолтод хэн хэн гэдэг уран бүтээлчид оролцох бол?

-Гавьяат жүжигчин Ө.Уянга, Завханы гавьяат С.Батсүх ах хоршин дуулагч Б.Бат-Энэрэл хүүтэйгээ, соёлын тэргүүний ажилтан, ая зохиогч, дуучин Норовын Баасандорж, соёлын тэргүүний ажилтан О.Баянмөнх, Г.Эрдэнэтунгалаг, Д.Найдандорж, Я.Гэрэлчулуун, морины хэмээх дуучин Л.Нарантуяа нар, “Uvertura” хамтлаг хүрэлцэн ирж ая дуугаа өргөх юм. Төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудоржоос эхлэн Монголын утга зохиолыг нуруун дээрээ үүрч байгаа ерээд оны мөнгөн үеийнхэн соёлын гавьяат зүтгэлтэн Цоодолын Хулан, Хайдавын Чилаажав, Д.Нацагдоржийн болон “Болор цом”-ын хошой шагналт яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо, модернист яруу найрагч Баатарын Галсансүх, “Болор цом”-ын эзэн Агваржин Жа.Баяржаргал, Норовын Гантулга, Шагдарын Лхамноржмаа, Л.Моломжамц, Ц.Эрдэнэбаатар, яруу найрагч Бидэрийн Баярсайхан, О.Цэнд-Аюуш нарын үе үеийн яруу найрагч, зохиолчид оролцохоор болж байгаа. Манай үе үеийн яруу найрагчид нижигнээд л ирж шүлгээ уншина гэсэн. Тайз бол ямар ч байсан хоосонгүй байх нь тодорхой. Бужигнана ч, нижигнэнэ ч л гэж үзэж байгаа.

-Та эцэг эхээс хэдүүл билээ?

-Бид эцэг эхээс есүүлээ. Эжийгээ хэдэн жилийн өмнө бурхны оронд үдсэн. Эжийгээсээ хойш ч сайхан есүүлээ л аж төрж байна. Би чинь айлын дөрвөн эрэгтэйгийн хамгийн отгон. Өлмий доороо гурван эмэгтэй дүүтэй. Өнөөдөр төрсөн нутаг Ренчинлхүмбэ сумаас маань нэг ах, хоёр эгч минь дүүгээ эргэж ирээд байна даа. Манайхан бүгд малчин улс аа. Малын буян хаачих билээ, сайхан л амьдарцгааж байгаа. Бичиг соёл гэж явсан нь ганцхан би ухаантай. Хоёр ах, нэг охин дүү нар минь бас ирж л байгаа сурагтай. Би уг нь Солонгосоос ирээд Хөвсгөл сайхан нутагтаа нэг оччихъё гэсэн чинь бие арай дийлэхгүй байж л байна. (гүн санаа алдав. Л.Б)

-Ренчинлхүмбэ ч бас янзтай сайхан хангай даа?

-Өө, яриад яахав. Одоо яг жинхэнэ нүүдлийн үед миний нутаг хичнээн сайхан гээч. Манайхны нүүдэл цас орохоос өмнө юу юугүй цаашаа явчих гээд байна гэж ирээд байгаа Лхагва ах маань хэлнэ лээ. Манайхан чинь Ханхын тийш, Хөвсгөл нуурынхаа ар талд очиж өвөлждөг улс. Тав зургаан хоног нүүнэ. Монголд үлдсэн жинхэнэ нүүдэл тэнд л бий. Тэмээн хөсөг, шар ачаа, морин тэгнээ гээд сүүлчийн сайхан нүүдэл манай нутагт л байдаг. Машин техник явах аргагүй газар чинь тэгэхээс ч яахав. Үеийн үед тэгж л нүүж ирсэн. Тэр чанараараа л байж байгаа. Энэ сайхан нүүдлээрээ явах юм сан гэж бас бодох.

-Хань чинь хаанахын сайхан бүсгүй байна?

-Манай хүн чинь Ёндонгийн Сүрэнхорлоо гэж бас есөн хүүхэдтэй айлын охин. Сайхан ханийнхаа хайр, асаргаанд л одоо сууж байна даа. Хүү Баасандалай, Энх-Амгалан хоёр маань одоо л нэг амьдралын зах руу орох гэж байгаа хүүхдүүд дээ. Өнгөрсөн жил хөөрхөн ач хүүтэй боллоо. Өвөө болох уяралтай сайхан юм.

-Та монгол түмэндээ хандаж хандивын данс нээсэн гэл үү?

-Баттөрийн Мягмаржав миний “ХААН” банкны 5020521058 тоот данс байгаа. Монгол ахан дүүс та бүхэндээ сайн сайхныг хүсэн ерөөе дөө!

Тэнгэрийн татаххүч

Дэнхэл донхолтой амьдралд бүдэрч унахын цаг дор

Дээлийн минь захнаас татаж, тэнгэр намайг босгосон юм

Уйлсан нулимсыг минь тосож аваагүй тэнгэр

Дуулсан дууг минь түрж цуурайлсан юм

Уулга алдахдаа дууддаг хөх тэнгэртээ

Ухаант тархи минь хамгийн ойрхон явдаг

Чоно улихад толгойн үс босч, тэнгэрт улам ойртон

Чонос удмаа тэнгэрийнх гэдэгт итгэдэг би

Эх болсон зургаан зүйлийг энэрэхүйн ухаанаар

Ээтэн гутлын минь хоншоорыг тэнгэр дээш нь татсийм

Өвөг балрын олж ирсэн халуун амь гал голомтыг

Өөрийгөө шатаан байж, тэнгэр дээш нь дүрэлзүүлсэн юм

Эх газрын татах хүчтэй булаалдан байж

Эгц өндөр Алтайн уулсыг тэнгэр татаж босгосон юм

Нүүх үүлсэн зузаан хэвнэгийг сүлбэж гарсан

Нүсэр хотын хээнцэр шилтгээнийг ч тэнгэр татаж босгосон юм

Сарныхаа сүүн гэрлээр хөхүүлэн байж

Нарныхаа халуун алгаар өргөж өсгөсөн тэнгэр минь

Сая живаа оддоо хүний нүдэнд харуулаагүйсэн бол

Сансрын хөлгийг бид яах гэж бүтээх юм бэ?

Хүлэг морь, хийморь хоёроо давхил дундаа юүлсэн

Хүннү эцэгтэй Монголын үрс билээ, бид

Хөрст дэлхийн татах хүчинд

Хөлөө майга болтол татуулсан ч

Зовхиноосоо бол тэнгэр өөдөө татуулсан

Зоригт өвгөдийн үр сад билээ, бид

Газрын зоог хүлгийнхээ нуруу шиг хайрлан

Гангар хун шиг гэртэйгээ нисэн буун жаргасан

Энгэр газраа дэрлэн өвгөдийн бие шингэлээ ч

Тэнгэр таны хэвлийд бурхан сүнс залармой

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “У.Хүрэлсүх минь шударга бусын өмнө хүрэл зүрхтэн байж улс орныг удирдана шүү” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “У.Хүрэлсүх минь шударга
бусын өмнө хүрэл зүрхтэн
байж улс орныг удирдана шүү” хэмээн өгүүлжээ.

УИХ-ын гишүүн А.Ундраа: ЖДҮДС-гаас улс төрийн
эрх мэдлээ ашиглан зээл авч, мөнгө
хүүлсэн нь нотлогдвол хуулийн
хариуцлага хүлээлгэх ёстой хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн, УИХ дахь
Ардчилсан намын бүлгийн
дарга Д.Эрдэнэбат: Үндэсний эрх ашиг, жижиг дунд бизнес
эрхлэгчдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа хэмээн ярьсан байна.

Амьд гарах итгэл
найдвар буюу шүдэнзний
толгойн чинээ гэрэл хэмээн “Баримт үйл явдал” нүүрт ярьсан байна.

Р.Амарбаясгалан: Харвалтаар
эмчлүүлж буй хүмүүсийн
дийлэнх нь цусны даралт ихсэлт,
чихрийн шижингээс
болсон байдаг хэмээн “Эмч” нүүрт ярьжээ.

Хайрын дулаан хорвоо буюу
Эрэнжидийн Хархүү хэмээн “Хүмүүс” нүүрт өгүүлсэн байна.

Салхитын мөнгөний орд газартай
холбогдоод байгаа Ян эмч гэж хэн бэ хэмээн “Энэ тухай” нүүрт өгүүлсэн байна.

Өндөр ач
холбогдол
бүхий
Япон Хятадын

уулзалт хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Эко гэр бүл”-ийг шалгарууллаа

Амьдрах орчиндоо хүнсний ногоо зүлэг, мод тарьж бусдыг уриалан шинэлэг санал санаачлага гаргаж, агаар хөрсний бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж байгальд ээлтэй өрхүүдийг “Эко гэр бүл”-ээр шалгаруулав.

“Эко гэр бүл”-ийн шалгаруулалтад Нийслэлийн 9 дүүргээс тус бүрээс шилдэг 2 гэр бүл нийт 18 гэр бүл оролцжээ.

Шалгаруулалтаар ХУД 12-р хороо Д.Аманжол, БЗД 20-р хороо Ч.Дамиран, СБД 16-р хороо Ч.Эрдэнэчулуун, ЧД 15-р хороо Г. Батбаяр, БГД 6-р хороо Н. Дашдаваа, Багануур 4-р хороо Ц. Норжмаа, Налайх 4-р хороо К. Базар, Багахангай 2-р хороо С. Хундуу, СХД 32-р хороо Д. Чимэдбалжир нарын 9 гэр бүл “Эко гэр бүл”-ээр тус тус шалгарсан байна.