Categories
мэдээ нийгэм

Автобусанд бэлэн мөнгөөр зорчсон иргэдэд сануулга өгч байна

“Нийслэлийн тээврийн газар”-аас энэ сарын 10-наас 14-ний өдрүүдэд жолооч болон зорчигчдын зөрчлийг илрүүлэхээр өглөө 07.00 цагаас 20.00 цаг хүртэл ажиллаж эхэлжээ. Энэхүү нэгдсэн шалгалтын гол зорилго нь нийтийн тээврийн жолооч нар үйлчлүүлж буй зорчигдоос бэлэн мөнгө авахгүй бөгөөд зорчигчид бэлэн мөнгөөр бус картаараа үйлчлүүлж, хэвшүүлэхэд чиглэгдсэн байна. Тусгай шалгагч нар маршрутын дагуу шалгалт хийх бөгөөд зөрчил илэрсэн тохиолдолд сануулга өгөх, үйлчлэхээс татгалзах смарт картаар үйлчлүүлэхийг шаардах зэргээр ажиллаж байгаа аж.

Нийтийн тээврийн зөрчлийг арилгахаар хийж буй шалгалтын маршрут:

-Баруун, өмнөд хэсгийн 5-н байршил

-120-оос-Зайсан

-120-оос-Яармаг

-5-н шараас-Сонсголон

-5-н шараас-Нефть

-5-н шараас-Ханын материал

-Нийслэлийн зүүн,хойд хэсгийн 7-н байршил

-3,4-р хороололын эцсээс-Гандан

-Зурагтын эцсээс-Гандан

-Баянбүрд-Дэнжийн мянга

-32-ын тойргоос-7-н буудал

-Дарь эхийн эцсээс-Дамбын уулзвар

-Шар хад-Цайз

-Чулуун овоо-Улиастайн гүүр чиглэлд тус тус ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Сурагчдад “Замын хөдөлгөөний цагаан толгой” зааж байна

Замын цагдаагийн албанаас хүүхдүүдэд Замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдын дунд “Ногоон гэрэл-Цагаан шугам” аяныг гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

Уг аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Замын хөдөлгөөний цагаан толгой” сэдвээр сургалт орохоос гадна хүүхдүүдэд замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарах зүйлсийн талаар зөвлөмж бүхий номын хавчуурга бэлэглэж буй юм.

Хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажилд жолооч, эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдэдээ зөв үлгэр дуурайл үзүүлж гарц гарамтай хэсгээр хөтөлж зам хөндлөн гарч байгаа, хүүхдийг зориулалтын суудал, хамгаалах бүс хэрэглэн тээвэрлэж байгаа эцэг, эх жолоочийг урамшуулан “Сайн жолооч” уриалгыг хэрэгжүүлж, бүтээгдэхүүнийхээ дээжээс бэлэглэх зэргээр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Есдүгээр сарын 10-ны өдөр Тээврийн цагдаагийн албанаас нийслэлийн Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн бяцхан багачууддаа мэдлэг олгож, баярлуулсан ба уг аян есдүгээр сарын 10-аас 14-ний өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд үргэлжлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрхийн гүүрийн бетон цутгалтын ажил хийгдэж байна

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Орлогч дарга Г.Баттогтох нар Туул гол дээгүүрх Баянзүрхийн 281.2 у/м төмөр бетон гүүр шинээр барих төслийн ажлын явцад хяналт тавьж газар дээр нь ажиллав.

Өнөөдрийн байдлаар гүүрийн 0-4 тулгуурын хайрцган дам нурууны доод хэсгийн болон хавирган хавтангийн 1600 м3 бетон цутгалтын ажил хийгдэж байна.

Одоогоор үндсэн гүүрийн 60 өрөмдмөл шон сууриас 52 суурийн өрөмдлөг бетон цутгалтын ажил хийгдсэн. Хуваарилах хавтан 12 хийхээс 7, захын тулгуурын их бие 3, завсрын тулгуур 12 хийхээс 8, 1 насадка, 11 резин тулц хийгдээд байна.

Categories
мэдээ нийгэм

“Газар өмчлөл”-ийн өдөрлөг болно

Нийслэлийн Газрын албанаас “Газар өмчлөл” ажил танилцуулах өдөрлөгийг 09 дүгээр сарын 20-ны өдрийн 10.00-15.00 цагийн хооронд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл салбарт зохион байгуулах гэж байна.

Тус өдөрлөгийн үеэр эзэмшил газраа өмчлөх боломжтой иргэдийн хүсэлтийг хүлээн авч, иргэнд газар өмчилж авах талаар зөвлөгөө өгч, мөн гарын авлага тараах материалаар үйлчилнэ.

Categories
гадаад мэдээ

Дональд Трамп: “Америкт дахин террористууд халдахгүй” гэж амалжээ

Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг 17 жилийн өмнө энэ өдөр террорист халдлагад өртсөн билээ. Их Британийн “www.telegraph.co.uk” сайтад халдлагатай холбоотой мэдээлэл нийтлэгджээ.

Өнөөдөр есдүгээр сарын 11-ний өдөр. Дэлхий дахиныг айдаст автуулж, олон мянган хүний аминд хүрсэн өдөр. Одоогоос 17 жилийн тэртээ энэ өдөр АНУ-ын Нью Йорк хотноо байрлах дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхаг халдлагад өртөж, улмаар 2000 орчим хүн харамсалтайгаар амиа алдсан юм. Террористууд ихэр худалдааны цамхагаас гадна Пентагоны төв байр, Цагаан ордныг сөнөөхөөр төлөвлөж байсан гэдэг.

Халдлагаас хойш энэ өдөр америкчууд амиа алдагсдад хүндэтгэл үзүүлдэг бол эрх баригчид террористуудын халдлагад өртөж, нуран унасан ихэр худалдааны төвийн суурин дээр тэдэнд зориулж дурсгалын хөшөө босгожээ. Энэ өдөр уламжлал ёсоор Нью Йорк хотод халдлагаар амиа алдсан 2983 хүний нэрийг нэг бүрчлэн дуудаж, халдлага болсон цаг минутад улс даяараа нэг минут дуугаа хурааж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп засгийн эрхийг авсаныхаа дараа “Америкийг дахин терроистууд халдахгүй. Би та бүхнийг хамгаалах болно” гэж амласан.

Тэрбээр террористуудтай тэмцэх, гэнэтийн гамшгаас сэргийлэхийн тулд исламын шашинтай нэр бүхий зургаан орны иргэдэд виз олгохоос татгалзсан. Хэдий Ерөнхийлөгчийн энэхүү шийдвэр олон улсыг бухимдуулж байгаа ч ард түмнээ аюулаас хамгаалах энэнээс өөр сонголт байхгүй хэмээн Трамп учирласан. Трамп “Би дахин террористуудын гарт АНУ-ын иргэдийг амиа алдаасай хэмээн хүсэхгүй байна” гэж мэдэгдсэн удаатай.

“Хэрвээ цаг хугацааны машин байсан бол тэр аймшигт өдөр хэдэн хүнийг аварч, хэдэн хүнийг аюулаас холдуулах байсан бол. Бид түүхээ мартах учиргүй. Би есдүгээр сарын 11-ны халдлагыг мартах учиргүй. Бид иргэдээ мартах учиргүй” хэмээн тус улсын Ерөнхийлөгч асан Жорж Буш халдлагын дараа ийнхүү мэдэгдэж байсан юм.

2001.9.11-ны өдөр. Нар ээсэн дулаахан өдөр байсан. Харин хагас цагийн дотор бүх зүйл өөрчлөгдөж, Нью Йоркийн тэнгэрийг хар утаа бүрхэн авав. Хаа сайгүй орилох хүмүүсийн дуу. Террорист этгээдүүд “American Airlines”-ийн онгоцыг барьцаалж, орон нутгийн цагаар 8.46 цагт ихэр худалдааны цамхагийн хойд цамхагийг мөргөлөө. Энэхүү халдлагаас хагас цагийн дараа буюу 9.03 цагт террористууд өмнөд цамхагийг мөргөв.

Ихэр цамхаг террорист этгээдүүдийн халдлагад өртөөд хагас цагийн дараа “American Airlines”-ийн онгоц Пентагоныг мөргөсөн бол 9.59 цагт “United Airlines”-ын онгоц Пенсильванийн Шенксвиллд унасан байна. Америкт ийнхүү ганцхан цагийн дотор дараалласан дөрвөн халдлага болжээ. Орон нутгийн цагаар 10.28 цагт халдлагад өртсөн ихэр цамхагууд нуран унажээ. Халдлагын захиалагчийг АНУ-ын тагнуулын байгууллага “Аль Кайди” бүлэглэлийн тэргүүн Осама Бин Ладен хэмээн мэдэгдэж, “Америкийн номер нэг дайсан” гэж зарлажээ. Америкийн цэргүүд Ойрхи Дорнодод нэвтэрч, хөнөөлт дайснаа устгахаар тэмцэж эхэллээ. 2011 онд америкчууд гол дайснаа устгажээ. Бин Ладеныг Пакистаны Абботтабад хот дахь нуувчинд байхад нь хөнөөсөн юм.

Ерөнхийлөгч асан Барак Обама энэхүү ажиллагааг Цагаан ордноос шууд хүлээн авч үзэж байжээ. Тэрбээр Бин Ладен амиа алдсаны дараа “Америкчууд ялалт байгууллаа” гэв. Бин Ладеныг устгасан нь түүний рейтингийг өргөсөн ч алан хядагчид Америкийг заналхийлсэн хэвээр байна. Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл 2014-2015 оны хооронд АНУ-ын гурван иргэнийг цаазалсан. Мөн энэ онд Америкт олон ч террорист халдлагууд болж, 30 гаруй хүн амиа алджээ.

Эдгээр халдлагуудыг “Халифатын вант улс” бүлэглэл захиалсан хэмээн Цагаан ордон хардаж байна. Тус бүлэглэл Ирак, Сири улсад хяналтаа тогтоосны дараа АНУ тэргүүтэй 11 орон нэгдэж, цохилт өгөх болсон юм. Ерөнхийлөгч Дональд Трамп өмнөх төрийн тэргүүний эхлүүлээд буй террористуудын эсрэг цэргийн ажиллагааг эцсээ хүртэл үргэлжлүүлэхээ мэдэгдсэн. Тэрбээр улстөрийн хувьд тогтворгүй байгаа ОХУ-тай гар барьж, тус бүлэглэлийг Сири болон Иракаас хөөн гаргаад буй юм.

Categories
мэдээ нийгэм

Яармагийн замыг хэсэгчлэн хаана

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажлын хүрээнд зарим замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаах юм байна. Тодруулбал,

  • Есдүгээр сарын 15-21-ний өдөр хүртэл Богд уулын арын зам урд урсгалын замыг,
  • Есдүгээр сарын 15-22-ны өдөр хүртэл Яармагийн зам урд урсгалын замыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ.

Мөн Чингисийн өргөн чөлөөний урд урсгалын замыг 09 дүгээр сарын 20-ноос 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл, Богд уулын арын зам хойд урсгалын замыг 09 дүгээр сарын 22-ноос 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл, Яармагийн зам хойд урсгалын замыг 09 дүгээр сарын 22-ноос 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл, Чингисийн өргөн чөлөөний хойд урсгалын замыг 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах юм байна.

Түүнчлэн шаардлагатай үед “D” рамп гүүрийн дам нуруу угсралтын ажлын хүрээнд есдүгээр сарын 08-наас 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж зохион байгуулахаар ажиллаж байна гэж НАЗХГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ыг зорилоо

Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон бусад албаны хүмүүс ОХУ-ыг зорилоо.

Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён болон бусад албаны хүмүүстэй уулзах юм.

Мөн Дорнын эдийн засгийн IV чуулганы үеэр Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын тэргүүлэх нэгдсэн хуралдаанд оролцохоор төлөвлөж байна.

Categories
мэдээ цаг-үе

Н.Учрал: Цахим сүлжээтэй холбогдуулж хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай

УИХ-ын Цахим бодлогын түр хорооноос зохион байгуулж буй “Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гаригт Төрийн ордны их танхимд боллоо. Уг арга хэмжээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, мөн НҮБ-ын хүүхдийн сан зэрэг байгууллагууд оролцсон. Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Нийслэлийн боловсролын газар, Монголын оюутны холбоо, Монголын сурагчдын холбоо дэмжин оролцлоо. Уг нээлттэй хэлэлцүүлэг нь урьд урьдын ийм төрлийн хэлэлцүүлгээс оролцож буй байгууллагын хүрээгээрээ харьцангуй өргөн хүрээг хамарч зохиогдсон ба ЦЕГ-аас өрнүүлж буй Unfriend аяныг дэмжин явагдсанаараа онцлогтой байв. Нээлттэй хэлэлцүүлэг нь “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал”, “Цахим орчны зохистой хэрэглээ” гэсэн хоёр панелийн хүрээнд явагдсан.

Энэ үеэр дээрх хэлэлцүүлгийг санаачлагч УИХ-ын гишүүн Н.Учралаас зарим зүйлийг тодрууллаа.


Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна хэлэлцүүлгийг санаачлан зохион байгуулж буй нь цаг үеэ олсон зүйл байлаа гэдгийг оролцогчид хэлж байна. Уг хэлэлцүүлгийн талаар тодруулахгүй юу?

-Цахим бодлогын түр хороо өнгөрсөн хаврын чуулганы сүүлээр байгуулагдсан. Байгуулагдсанаасаа хойш дөрвөн сар өнгөрчих үү дээ. Энэ хугацаанд манай түр хороо гурван чиглэлээр ажиллаж байна. Дижитал шилжилт, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд бэлтгэх, нийгмийн сүлжээнд хүний эрх, хүүхдийн эрхийг хамгаалах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудалд голчлон анхаарч ажиллаж байгаа. Өсвөр насныхан, залуучууд цахим орчинд цагийг их зарцуулдаг. Биднийг хүүхэд байх үед ээж, аав “Чи орой үдэш гадуур явж болохгүй, танихгүй хүнтэй уулзаж болохгүй, мэдэхгүй хүнд хаалгаа битгий нээж өгөөрэй” гэж захидаг байсан. Харин одоогийн хүүхэд залуучуудад эцэг, эх нь ингэж хэлдэг ч өдөр тутам танихгүй хүмүүстэй тааралдаж, харилцаж байдаг. Энэ танихгүй хүнтэй харилцах харилцаа цахим орчинд элбэг байна. Цахим ертөнцөд нэр, зүс нь үл мэдэгдэх хүн таны хүүхдэд өдөр болгон садар самуун зүйлийг сурталчлах, татан оруулах, гэмт хэрэгт уриалах, холбогдогч, хам хэрэгт унагах аюулд уруу татаж байна. Үүнээс болж цахим гэмт хэрэг манай улсад нэг дахин өссөн гэдэг үзүүлэлтийг Цагдаагийн газраас мэдээлсэн. Тиймээс энэ асуудлаас хүүхдээ хамгаалахын тулд эцэг эх, багш, нийгмийн ажилтнууд хамтран ажиллаж, хараа хяналтаа сайжруулах нь зөв. Өмнөх өмнөхөөсөө хэд дахин илүүтэйгээр хүүхдэд анхаарлаа хандуулах цаг үе иржээ. Тиймээс УИХ-ын Цахим бодлогын түр хорооноос өнөөдөр цахим орчин дахь хүүхдийн хамгааллын чиглэлээр уг хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

-Хэлэлцүүлгийн үр дүнг та бүхэн хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Хэлэлцүүлгээс гарах үр дүн их чухал. Гарах үр дүн нь яг одоогоор нөхцөл байдал ямар байгаа вэ гэдгийг тодорхойлно. Үүнийг хэрхэн шийдэх вэ гэдэг дээр технологийн шийдэл гэж гарч ирнэ. Тухайлбал, фэйсбүүк нээхдээ зөвхөн гар утаснаасаа нээдэг байх ч гэдэг юмуу, иймэрхүү технологийн шийдлээр асуудлыг зохицуулахад нөлөөлнө. Хамгийн чухал нь цахим сүлжээтэй холбоотой эрх зүйн орчинг боловсронгуй болгож, хүүхдийн эрхийг хамгаалах хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн зохицуулалтыг чангатгах хэрэгтэй. Өөр нэг чухал зүйл нь соён гэгээрүүлэх ажлыг идэвхжүүлэх юм. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас “Unfriend” хөдөлгөөнийг эхлүүлсэн. Манай түр хороо үүнийг нь дэмжин ажиллаж байгаа. Өнөөгийн нийгэмд эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарал хандуулах зайлшгүй шаардлага байна. Тэр дундаа орчин үеийн технологи, цахим сүлжээнээс хамгаалах чиглэлээр соён гэгээрүүлэх ажлыг идэвхтэй өрнүүлэх хэрэгтэй юм. “Un­friend” хөдөлгөөний хүрээнд нэр, зүс нь үл мэдэгдэх тэр хүмүүсийг хүүхдийнхээ цахим сүлжээнээс хасах, хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх нийтлэлүүдийг устгах ажлыг эцэг, эхчүүд нэн даруй хийх шаардлагатай.

-Дан ганц нийгмийн сүлжээ гэлтгүй зарим нэг цахим сайтуудад гарч буй нийтлэл, хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөөлөх мэдээ, мэдээлэл, садар самуунд уруу татсан зураг, дүрс бичлэгийг хэрхэн зохицуулах вэ?

-Үүнийг хэрхэн зохицуулах асуудлаар холбогдох мэргэжлийн хүмүүстэй уулзаж, хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд янз бүрийн гэмт хэргийг сурталчилж буй сайт, фэйсбүүк пэйжүүдийг “Хар жагсаалт”-д оруулах, энэ төрлийн сөрөг мэдээлэлтэй цахим хуудаснуудыг ядаж гэртэй IP-гаараа хаах боломжийг шийднэ. Энэ ажлуудыг эхлүүлэхийн тулд хууль, эрх зүйн орчинг эхэлж бүрдүүлэх нь чухал. Тиймээс ирэх намрын чуулганаар Хүүхдийг цахим орчинд хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр ажиллах болно. Уг хуулийн судалгаан дээр НҮБ-ын Хүүхдийн сангийнхан туслалцаа үзүүлж байгаа. Герман, Америк, Орос, Япон зэрэг олон улс уг хуулийг хэрэгжүүлээд эхэлчихсэн. Тиймээс эцэг эх, багш, нийгмийн ажилтнуудаа ирээдүй болсон үр хүүхдээ танихгүй хүмүүсээс хамгаалъя. Энэ бол цахим орчин шүү. Энэхүү хэлэлцүүлгээс дээрх зөвлөмжүүдийг гаргана. Үүнийгээ Төрийн гурван өндөрлөгт хүргүүлэх болно. Манай түр хороо, бусад төрийн байгууллага энэ асуудлаар бодитой үр дүн гартал нь ажиллах болно.

-Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулж цахим ертөнцийг хэрхэн зөв ашиглах талаар хичээлийн цаг нэмэх үү. Энэ асуудлыг хэлэлцүүлгийн үеэр хөндсөн үү?

-Америк, Япон зэрэг улсуудад цахимын зохистой хэрэглээний талаарх хичээлийг оруулдаг юм билээ. Бид энэхүү аяны хүрээнд Ерөнхий боловсролын сургуулиудад цахимын зохистой хэрэглээний талаарх бэлдсэн хичээлийг нэвтрүүлэх гэж байна. Хоёрдугаарт, манай түр хорооноос Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яаманд Цахим зохистой хэрэглээний талаарх тусгайлсан хичээлийг оруулах шаардлагатай байгаагаа албан ёсоор илэрхийлсэн. Удахгүй уг хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулж, мөрдүүлж эхэлнэ.

-Цахим бодлогын түр хороо өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд ямар асуудлаар Засгийн газарт санал, санаачилгаа хүргүүлж, хамтран ажиллаж байна вэ?

-Төрийн цахим шилжилтийг хийх асуудалтай холбоотойгоор Төрийн байгууллагууд дээр хэрэгжиж байгаа 230 сая ам.долларын программ хангамжийн үйлчилгээний төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлсэн. Эдгээр төслийн хэрэгжилтийн явцыг шалгах ажлын хэсгийг байгуулаад энэ сарын 15-аас Төрийн байгууллагуудад ажиллах гэж байна. Ингээд ирэх сард хөнгөлөлттэй зээлээр хийгдсэн Төрийн цахим шилжилтийн ажил үнэхээр үр дүнд хүрсэн эсэх нь тодорхой болно. Энэхүү мэдээллийг УИХ-д танилцуулна.

МОНГОЛД ХОЁР САЯ 900 ГАРУЙ МЯНГАН ХҮН ИНТЕРНЭТ АШИГЛАДАГ

Сүүлийн таван жилийн хугацаанд гэхэд Монгол Улсад интернэт хэрэглэгчийн тоо 4.5 дахин хэмжээгээр нэмэгдэж 2012 онд дөнгөж 654.000 байсан уг тоо өнгөрсөн 2017 онд 2.910.778-д хүрсэн гэсэн судалгаа гарсан байна. Түүнчлэн цахим орчноор дамжуулан хүүхдийн эрхэд халдсан зөрчил өнгөрөгч онд 44 удаагийн тохиолдол бүртгэгдсэн бол энэ оны эхний найман сарын байдлаар аль хэдийнэ 200 даваад байгаа аж. Манай улсад өнөөдрийн байдлаар цахим орчинд тавих хяналтын чиг үүргийг Харилцаа холбооны зохицуулах хороо төсөөтэй байдлаар зохицуулж байна. Төсөөтэй гэсний учир нь одоогийн Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, эрх зүйн актуудаар тус хороо нь цахим веб хуудас, радио телевизийн үйл ажиллагаа, тэдгээрийн контентод хяналт тавихаар зохицуулагдсан байдаг. Гэвч фэйсбүүк, твиттер зэрэг иргэн бүрийн үзэл санаа, үйлдэл эс үйлдэхүйн чөлөөт индэр болсон платформууд бий болж, улмаар Монгол Улс тэдгээрийн хэрэглээгээр Ази тивд нэгдүгээрт, дэлхийд 10 дугаар байрт жагсах болсон нь биднээс дараагийн бодлого, төлөвлөлт, алхмуудыг шаардаж эхэллээ. Иймээс уг арга хэмжээг зохион байгуулах болсон талаараа зохион байгуулагчид ярьж байна. Уг хэлэлцүүлэгт хууль хүчний байгууллага, харилцаа холбоо мэдээллийн технологийн чиглэлийн газар албадуут, хүүхэдтэй ойр ажилладаг ЕБС-ийн багш, нийгмийн ажилтан, сурагч болон эцэг эхийн төлөөлөл гээд нийт 800 гаруй оролцогч оролцсон юм.

Д.ДАГИЙМАА: СОХОРТЛОО Л УЙЛАВ ГЭЖ ДЭЭ, ЭЭЖ МИНЬ

Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх газрын дарга Г.АРСЛАНХУЯГ: -Хүмүүсийн хамгийн сайн мэддэг сэдвээр ярилцаж байна. Цахим хэрэглээний талаар эцэг, эхчүүд хүүхдээсээ дор мэдлэгтэй байна. Хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавина л гэх юм, чадах уу гэсэн асуудал гарч ирнэ. Un­friend аяны зорилго нь цахим хэрэглээнд иргэдийг соёлтой болгох, хүүхэд, залуучуудыг цахим ертөнц дахь аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх юм. Манай улсад цахимаар үйлдэгдэх гэмт хэрэг хувиар биш тав дахин өссөн. Монголчууд нийгмийн сүлжээгээр явж буй сөрөг мэдээлэлд хэт их дасч. Үүний хамгийн ноцтой нь хүүхдийн ёс суртахуун, хүмүүжилд хүчтэй сөрөг нөлөөлөл үзүүлж байна. Хуулиараа хүүхдийг таван орчинд хамгаална гээд заачихсан байдаг. Үүний нэг нь цахим орчинд хүүхдийг хамгаалах юм. Ингэхийн тулд эцэг, эх, багш нарын үүрэг оролцоо хамгийн чухал. Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд технологийн шийдэл дутагдаж байна. Энэ асуудлыг нэн яаралтай шийдээд, аль аль талдаа хариуцлагатай, анхааралтай хандаж чадвал хүүхдээ цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой” гэв.

Мөн ХИС-ийн Мэдээлэл харилцаа, менежмэнтийн сургуулийн захирал Д.ДАГИЙМАА: -Энэ цаг үеийнхнийг судлаачид дэлгэцийнхэн гэж онцолж байгаа. Учир нь хөгшин залуу гэлтгүй бүгд дэлгэцээс хамааралтай болчихсон. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр фэйсбүүкийг хог гэсэн шинжтэй харагдаж байна. Би хоёр жилийн өмнө өөрийнхөө фэйсбүүк хуудаснаа “Сохортлоо уйлав гэж дээ, ээж минь” гэсэн пост оруулсан юм. Энэ нь ямар агуулгатай вэ гэхээр дээхнэ үед нэг эрх хүүхэдтэй айл байж. Нэг өдөр хүүхэд нь унинд хавчуулчихсан хайч авна гэж уйлаад, ээж дээ хэлж л дээ. Учир зүггүй уйлаад, арга ядахдаа тэр ээж хүүхдэдээ хайчийг аваад өгчихөж. Гэтэл эрх хүүхэд хайчаар тоглож байгаад болгоомжгүйгээсээ болоод нүдээ сохолчихож л дээ. Хожим тэрхүү хүүхэд нас биед хүрээд ээждээ “Ээж минь та надад тэр хайчийг яах гэж авч өгсөн юм бэ. Би хайч авч өгсөнгүй гэж сохортлоо л уйлав гэж дээ” хэмээн эхийгээ зүхсэн гэдэг яриаг бид сайн мэднэ. Үнэхээр тэр хүүхэд сохортлоо уйлав л гэж дээ. Энэ сургамжтай адил одоогийн эцэг, эхчүүд бид утас нэхээд уйлж байгаа хүүхдэдээ гар утсаа өгчихдөг. Хожим хүүхэд нь нүдний эмгэгтэй болж, зарим нь гар утас зэрэг дижитал хэрэгсэлд донтож, сэтгэцийн өвчтэй болж байна. Тиймээс үр хүүхдээ цахим орчны зохисгүй хэрэглээнээс хамгаалах, орчин үеийн технологитой зөв зохистой харилцах ухаанд багаас нь сургах нь зөв гэв.


Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сарын 11-нд болох үйл явдал

8.30 цагт “Шангри-Ла” зочид буудалд “Гадаад худалдааг хөнгөвчлөх: Гааль болон мэргэжлийн хяналтын байгууллагын үүрэг, оролцоо” олон улсын бага хурал болно. Утас:99096232, 91989890

10.30 цагт БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас өөрийн байрандаа Олон удаагийн виз олголт болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
10.30 цагт Монголын залуучуудын холбооны “Б” байранд Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, Хүүхдийн хөгжил оролцооны үндэсний сүлжээ байгууллагаас багш нарын ажил хаялтын талаар мэдээлэл хийнэ. Утас:99107138, 99015430, 99168685
11.00 цагт ГХЯ-нд “Хилийн чанад дахь монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт”, “Монгол Улсын Соёлын элч нарын анхдугаар чуулга уулзалт”-ын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
11.30 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ. Утас:89017101, 99990495

17.30 цагт “Blue Sky” зочид буудалд охид эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах чиглэлээр гадаад орнууд, олон улсын байгууллагуудаас Монгол Улсад хандив өргөх арга хэмжээ болно.Утас:99823444

“Монгол ньюс” мэдээллийн төвд
11.00 цагт “Эрс шинэчлэл” хөдөлгөөнөөс “Авилгалын улмаас оффшорт дөнгөлөгдсөн Оюутолгойн нууц баримтууд” сэдвээр мэдээлэл хийнэ.
11.30 цагт “Их цааз их эргэлт” хөдөлгөөнөөс иргэд, ТББ, намууд нэгдэж УИХ-ыг тараах гарын цуглуулах ажиллагааг эхлүүлэх талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Оюутны зөвшилцөх хөдөлгөөнөөс сургалтын төлбөрийн асуудлаар БСШУСЯ, их дээд сургуулийн удирдлагуудтай зөвшилцөх талаар мэдээлэл хийнэ.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11.00 цагт “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Шударга ёсыг Ц.Нямдоржоос эхлүүлье” сэдвээр мэдээлэл хийнэ.
11.30 цагт Иргэд “Торгуулиар төсвийн орлогоо бүрдүүлдэг төр бидэнд хэрэггүй” сэдвээр мэдээлэл хийнэ.
12.00 цагт “Эх нутаг-Иргэдийн хяналт” ТББ-аас Ашигт малтмалын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн талаар мэдээлэл хийнэ.
Categories
мэдээ цаг-үе

П.Лхагвасүрэн: Боловсролын брэндлэг чанарт анхаарлаа хандуулах хэрэгтэй

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны Боловсролын хүрээлэнгийн захирал, боловсрол судлалын доктор Пүрэвийн Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.


-Хичээлийн шинэ жил эхэллээ. Монгол Улс их, дээд сургуулийн тоо, арван мянган хүнд эзлэх оюутны хувиараа дэлхийд дээгүүрт бичигддэг ч боловсролын чанарын хувьд бөмбөрцгийн хэмжээнд сүүл мушгидаг гэсэн шүүмж их байдаг. Үнэхээр тийм хэцүү байдалд орчихоод байгаа юу?

-Монголчууд бидний нэг суут соёл бол эрдмийг бишрэн дээдэлж, тахин шүтдэг үзэл. Социализмын буюу төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоотой нийгэмд манайх хэдхээн их, дээд сургуультай, хувийн сургуулийн тухай ойлголтгүй байлаа. Тэр үед их, дээд сургуульд элсэн орох гэдэг ойлголт жинхэнэ чанартай, шигшигдсэн, тухайн эзэмших гэж байгаа мэргэжлийнхээ суурь болсон шинжлэх ухааны үндэслэлийг ерөнхий боловсролын сургуульд чиглэл чиглэлээр үзэж эзэмшдэг байсан. Конкурс буюу элсэлтийн шалгалт маш өндөр хэмжээний ач холбогдолтой шалгалт байлаа. Улаан шугам буюу конкурсын эрэмбээр жагсаад сургуулийн хуваариа авдаг түвшинтэй. Зах зээлийн нийгэмд шилжсэнээр дээд боловсролын тогтолцоонд маш том өөрчлөлтүүд гарч байна. Дээд боловсролын салбарт цоо шинэ хувийн их, дээд сургуулийн арми үүсэн бий боллоо. Дээд боловсролыг тодорхой хэмжээний төлөвлөгөөтэй, тодорхой ажлын байртай уялдуулаад оюутан элсүүлдэг, хяналтын тоонд багтаадаг байсан маань үндсэндээ өөрчлөгдлөө.

-Олон их, дээд сургууль бий болохын хэрээр хяналт, боловсролын салбарт хандах төрийн бодлого алдагдаж дээд боловсролтой дэлгүүрийн худалдагчид бэлтгэх болсон юм биш үү?

-Өнөөдөр дээд боловсрол эзэмшихэд шаардлагатай суралцах чадварын тодорхой хэмжээний өндөр түвшинд хүрсэн бол бүгдэд нээлттэй. Стандарт гэдэг маань нэг ёсондоо элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр тодорхойлогдоно шүү дээ. Хуучнаар конкурс. 2012 оноос ЭЕШ-д босго тогтоож эхэлсэн. ЭЕШ-ын босгыг давсан байхад сурагчид их, дээд сургуульд сурах боломжтой болж байгаа. Нэгэн үед их, дээд сургуулиудыг давхардсан биш тоогоор аваад үзэхэд 170 орчим хүрч байсан. Өөрөөр хэлбэл ШУТИС гэхэд 13-14 салбар сургуультай, МУИС мөн тийм салбар сургуультай, ХААИС арваад салбар сургуультай. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 96 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Дээд боловсролын салбар тодорхой хэмжээнд хөгжиж байгаа. Хувьсан өөрчлөгдөж байна. Дэлхий нийтэд их, дээд сургуулиудын хөгжлийн чиг хандлага маш хурдтай өөрчлөгдөж байгаа. Зарим их, дээд сургуулиуд өөрийн гэсэн төлөвлөгөө, хөтөлбөр, өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнтэй. Боловсрон гарч буй оюутнууд, сэхээтнүүдийнхээ мэдлэг чадварын чанар чансаагаар, ажил эрхлэлтийн байдлаар, нийгэм болоод хүн төрөлхтөний оюуны соёлд юу бүтээж байгаагаараа, шинжлэх ухаанд юуг хийж туурвиж буйгаараа үнэлэгдэх ийм цаг үе. Дэлхийн зарим шилдэг сургуулиуд хөтөлбөрөө олон улсад нээгээд дэлгээд тавьж байна. Брэнд чанар гэдэг нь Харвардын их сургууль ч юм уу, МУИС-ийн бусдаасаа онцгойрч буй нэр хүнд л дээ. Өөрийн гэсэн том соёлыг бүтээж хүн төрөлхтөний түүхэнд оруулж буй хувь нэмэр, түүний баталгаажилт, хандлага найдвартай. МУБИС-ийн төгсөгчид гэхэд нэгэн үе манай улсын бүх ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын түвшинд ажиллаж байгаа багш нар нь заах арга зүйн хувьд онцгойрч байдаг байсан. МУИС-ийн төгсөгчид тухайн шинжлэх ухааныхаа чиглэлээр нэлээд гүнзгий мэдлэг эзэмшчихсэн, тэр мэдлэгээ хүүхдэд хүргэх талдаа гаршиж, тухайн багшийн гараас тодорхой шинжлэх ухааны чиглэлийн аваргууд төрдөг гэх мэтийн брэндлэг чанаруудыг бүтээсэн байдаг.

-Дээд боловсрол олгох сургуулиуд өндөр төлбөртэй, чанартай сургалттай байхгүй бол нийгэмд ашиггүй гүехэн мэдлэгтнүүдийн давалгаа цунамигийн хэмжээнд хүрлээ гэж халаглах хүн олон байна л даа?

-Оюутан сурагчдыг элсүүлэх өндөр төлбөртэй хувийн их, дээд, ерөнхий боловсролын сургуулиудын том арми бий боллоо. Ерөнхийд нь аваад үзэхээр өндөр төлбөрөөс тодорхой түвшний эцэг эхчүүдийн нэг хэсэг нь айхаа больсон. Зах зээлийн харилцаанд шилжсэнтэй уялдан хүмүүсийн өмчийн ялгарал их явагдаж байна. Ер нь чанартай боловсрол олгодог, хүнийг өөрчилж чадсан, шинэ нөхцөл боломжид ажиллаж чадах төгсөгчдийг бэлтгэдэг сургуульд мөнгө харамладаггүй болсон. Их, дээд сургуулиудын төлбөр харьцангуй өндөр байвч дэлхийн сургуулиудтай харьцуулбал доор байгаа. Үүнийг олон талаас нь ойлгож болно. Ард түмний амьдрал тааруу байна. Нийтээрээ их, дээд сургуульд сурах эрмэлзэл их. Суралцагсдын тоо олон болсон. Гэтэл их, дээд сургууль төгсөгчдийн ажлын байр хуучин нийгмийн үеийнхтэй харьцуулахад тэс ондоо болсон. Одоо бол ур чадвараараа, мэдлэг чадвараараа, эзэмшсэн мэргэжлийнхээ чанар чансаагаараа, тэрнээс гадна хүнтэй харилцах, багаар ажиллах, аливаа нэг асуудлыг дэвшүүлж шийдвэрлэх, ямар нэг зүйлд дасан зохицох зэрэг цоо шинэ чадварууд чухалд тооцогдох боллоо. Хувь хүний байгалийнх нь авьяас билэгт тулгуурласан чадваруудыг ажил олгогчид нэхээд эхэлсэн. Нөгөө талаас хүн төрөлхтний шинжлэх ухааны салбар, хүмүүсийн амьдралд мэдээллийн технологи бодитойгоор ороод ирлээ. Үүнтэй холбогдуулж маш олон шинэ мэргэжлийг нээж, эзэмших хэрэгтэй болж байна. Зарим нэг мэргэжлүүдийн шаардлага алга болох хувьслын он жилүүд үргэлжилж байна. Тиймээс сургалтын хөтөлбөрийг үүнтэй уялдуулан яв цав чанга хатуу биш уян хатан зохион байгуулах, хөрвөх хандлагатай шинэчлэлтүүдийг хийх зайлшгүй шаардлагатай.

-Болсон, болоогүй дипломын голууд олноор бэлтгэж байгаа нь харамсалтай биш гэж үү. Хөдөөгийнхөн гэхэд үр хүүхдээ мундаг хүн болгох гээд ноос ноолуурын мөнгөө хуу зориулаад байдаг. Нөгөөдүүл нь дөрвөн жил үлгэн салган сурсан болж хамаг мөнгө, үнэт цаг хугацаагаа салхинд хийсгэснийхээ эцэст гудманд лааз өшиглөсөн, эсвэл лангуу сахин нойрмоглосон нэгэн болох л хувь тавилан хүлээж байдаг даа?

-Үр хүүхдээ дээд боловсролтой хүн болгох гэсэн эцэг эхчүүдийн чин хүсэл эрмэлзэл дээр зарим сургууль бизнес хийж байгаа нь нууц биш. Хөдөөний хүүхдүүд найз нөхөд нь сургуульд явчихаар сонин байдалд орж болсон, болоогүй нэг сургуульд очоод ордог. Нөгөө муу эцэг эх нь төлбөрийг нь төлөхөөр “Малчны зээл” авдаг. Ноолуураа дэнчин тавиад зээл авна гэх мэтээр нийгэмд дээд боловсрол эзэмшихээс илүү өрийн сүлжээ үүсдэг. Үүнийг эмзэглэж харах ёстой юм. Үүнтэй уялдуулан төр боловсролын салбараа яаж санхүүжүүлэх вэ, яаж төлөвлөх вэ, ямар зохицуулалт, зохион байгуулалт хийх вэ гэдэгт хатуу бодлого баримтлах хэрэгтэй. Улс төргүйгээр аливаа нийгмийн амьдралыг төсөөлөх аргагүй. Гэхдээ улстөр боловсролын салбарт дэндүү соёлгүй, зөвхөн улстөрчийн араншингаар шинжлэх ухааны үндэслэлгүй орж ирсэн явдал монголчуудыг туйлдуулах үндэс болсныг нуух юун. Болсон, болоогүй борооны дараахь мөөг шиг тоймгүй олон сургуулийг байгуулсан. Энэ их хариуцлагагүй зүйл болсон. Хүмүүсийн үр хүүхдээ дээд боловсролтой болгох хүсэл сонирхол дээр маш том тоглолтууд явагдсан. Энэ бүхэн тодорхой хэмжээгээр багасч л байна. Уг нь тухайн нарийн мэргэжлээр мэргэших хүний суурь чанар, стандартыг хангах чадварыг тэр хүүхэд эзэмшиж үү, үгүй юу гэдгийг Элсэлтийн ерөнхий шалгалтаар тогтоох ёстой. Тиймээс ЭЕШ-ын босго оноог өндөрсгөх хэрэгтэй. Маш хатуу хандах учиртай. Энэ жилийн хувьд Цогзолмаа сайд “Улсын их, дээд сургуулийн ЭЕШ-ын босго 480 оноо байна” гэсэн чухал шийдвэр гаргасан. Урьд нь 400 оноо байсан. Энэ нь бас нэг том алхам байсан юм. Төр өөрийнхөө харьяа сургуулиудын оюутны чанарт өөрчлөлт хийхийг оролдож байна. Харин бусад сургуулиудын хувьд яах вэ гэдэг асуудал бий. БСШУСЯ, Боловсролын хүрээлэн энэ талаар хамтарч судалгаа хийж байгаа.

-Энэ босгыг цаашид хатуу барьчих хэрэгтэй юм байна даа?

-Тийм шүү. Чанартай сургуулиудад орох оюутнуудын хяналтын тоог яс барих хэрэгтэй. Энэнээс дээш оноо авсан хүн элсэж болно гэчихээд сургуулиудын хяналтын тоог яс барьж, сургуулиудын удирдах зөвлөлд хяналтын тоог тавиад өгчихөөр сургуулийнхаа эрх ашигт нийцүүлнэ. 480-аас дээш оноо авсан хүүхдүүд улсын сургуулиудад хуваарилагдчихаар хувийн сургуулиуд бэрхшээл үүссэн. Энэ зөрчлөөс болоод зарим хувийн сургуулиудад элсэгчийн ЭЕШ-ын босго оноог шахалтаар буулгачихсан. Энэ бол буруу. Үнэхээр чанаргүй сургуульд хүн элсэхгүй бол хүчээр элсүүлэх, сургуулиудыг хооронд нь нэгтгэх гэх нь алдаа болно. Оюутан хаалгаар нь орохгүй сургуулийг хаах нь зөв. Ийм л дүрмийг чанд мөрдөх нь зүйтэй. Чанартай сургалттай сургуулиуд төлбөрөө нэмэхэд болно. Их, дээд боловсролын сургалтын төлбөр хэт доогуур байгаагаас болж сургалтын чанар унаж байгаа нь нууц биш. Дэлхийн дундаж их, дээд сургуулиудын жилийн төлбөр 25 мянган орчим ам. доллар байна шүү дээ. Дундаж төлбөртэй сургуулийн жишгийг харахад хамгийн доод тал нь 15 мянган ам.доллар гээд бод л доо. Тэгэхэд Монголд хамгийн их төлбөр нь үүний дөрвөний нэгд ч хүрэхгүй.

-Сургуулиудыг нэгтгэснээр сургалтын чанарт нөлөөлөх болов уу?

-Сургуулиудыг автоматаар нэгтгэнэ гэхээр бас асуудал үүснэ. Жишээлбэл, Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль бол Монгол Улсын ууган гурван сургуулийн нэг. Санхүүгийн сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн сургууль 1924 онд шаваа тавьж байсан түүхтэй. Ийм түүхтэй сургуулийг МУИС-тай нэгтгээд, буцааж салгаад холион бантан болгож байна. Төр үүнд оролцож, зохиомлоор зохион байгуулна гэдэг утгагүй. Энэ сургуулиудын түүхэн замнал, соёл нь өөр. Том концепцийн хувьд өөр хэрэг. Жишээ нь, Азийн топ том их сургуулийг бий болгохын тухайд улсын хэдэн том сургуулиа нэгтгэж болох. Тэгээд менежмэнтийг сайн хийхгүй бол бас л алдаа болно.

-Мэргэжлийн сургалттай коллежүүдийг төрөөс овоо дэмжих бодлого барьж байснаа шалд нь буулгачихав аа даа?

-Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сурч байгаа оюутнуудад 70 мянган төгрөгийн стипенд олгодог, мэргэжилтэй ажилтан бэлтгэх талаар төрөөс дэмжээд явж байсан. Тэгтэл их, дээд сургуулийн оюутнуудад 70 мянган төгрөгийн тэтгэмж өгөөд эхэлсэн. Энэ барьцсан юм шиг шийдвэр том утгаараа “алдаа” болсон. Монгол Улсад мэргэжилтэй оюутан бэлтгэхэд том хөшүүрэг байлаа. Овоо гайгүй жигдэрч цэгцрээд явж байсан их аятайхан бодлого улстөр орж ирээд, сонгууль болоод сарничихсан. 2013 он буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн жил бараг оюутан болгонд 70 мянган төгрөг өгч эхэлсэн. Тэр жил 105 тэрбум төгрөг салхинд хийсээд явчихаж байгаа юм. Монгол Улсын боловсрол гэсэн том системийг шинжлэх ухааны маш их үндэслэлтэй, үндэсний соёл уламжлал дээрээ тулгуурласан, орчин үеийн дэвшилтэт технологийг гүн нэвтрүүлсэн шинэ үзэл баримтлал, амбицаар жолоодох ёстой. Үүнд Боловсролын хүрээлэн онцгой үүрэг гүйцэтгэх гол “цөм”, хөдөлгөгч хүч байх ёстой. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын агуулга, чанарыг сайжруулах талаар, стандарт тогтооход анхааран ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд ЕБС 10-12 дугаар ангийн тогтолцоонд шилжиж байгаатай холбогдон маш их өөрчлөлтүүд хийгдсэн. Үүнийг дагаад үндсэн сурах бичгүүд, сургалтын хөтөлбөрүүд бүгд өөрчлөгдсөн. Үүнийг дагаад багш нарт маш олон сургалтуудыг явуулсан. Мөн гадаадын олон оронд амьдран сууж буй монголчуудын үр хойчийг яаж монгол хэл, соёлтой, монгол зүрх сэтгэлтэй болгох вэ гэдэгт анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд бид гадаад улс оронд үйл ажиллагаа явуулдаг сургалтын төвүүдийн багш нарт хоёр өдрийн сургалт зохион байгуулсан. Удахгүй том чуулган болно. Түүнд манай хүрээлэн голлох үүрэгтэй оролцоно.

-Нийгмийн ухаан, байгалийн ухааны чиглэлээр тусгай квот тогтоохгүй бол ажлын байраасаа хэдэн зуу дахин олон зааз мэргэжилтнүүд төрөн гарч байна гэдэг. Сэтгүүлч, хуульч мэргэжлийн төгсөгчид болоод ажлын байрны харьцаа тэнгэр, газар мэт болсон гэж жишээлэн ярьдаг даа?

-Олон зуун мэргэжилтнийг зааз л гэх юм. Заазлагдсан нь хэн байгаа юм бэ. Энэ үзэгдэл алсдаа хэвийн болох биз ээ. Жаахан ч гэсэн өөдрөгөөр ирээдүйгээ харъя. Тодорхой хэмжээний квот тогтоож байсан туршлага байна. Тиймээс 480-аас дээш оноо авсан оюутнуудыг авна гэсэн босгоо өндөрсгөх хэрэгтэй. Элсэгчдийн хяналтын тоог төрөөс сургууль, мэргэжил бүрээр шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нарийн тогтоох хэрэгтэй. Бид сайн юмнаас татгалзах шаардлагагүй. Сайн юмнуудаа эргэж санахад гэмгүй. Их, дээд сургуулиудад “Энэ чиглэлээр сайн” гэсний дагуу элсэлтийг нь баталгаажуулбал зохино. Сургуулийн удирдах зөвлөлөөр тухайн жилд элсүүлэх оюутны тоог хянах аргыг хэрэглэж болно. Герман-Монголын хамтарсан техникийн их сургууль гэхэд инженерийн чиглэлээр цөөхөн тооны оюутнуудыг элсүүлж, дэлхийн хаана ч ажиллах мэргэжилтэн бэлтгэж байна. Дээд боловсролын энэ цагийн нэгэн гэрэлтэй үзэгдэл болсон Япон улсын Засгийн газраас БСШУСЯ-тай хамтран ШУТИС дээр хэрэгжүүлж буй “1000 инженер” гэсэн сайхан том хөтөлбөр байна. Зарим их, дээд сургуулиуд олон улсын магадланд амжилттай орж, тодорхой хөтөлбөрүүдээ ч итгэмжлүүлж байна. Энэ бас л том дэвшил.

-Дээд сургууль төгсөөгүй бол хүн биш шахууд тооцдог энэ гажиг сэтгэлгээг л хүмүүсийн ой ухаанаас авч хаямаар юм шиг санагддаг юм?

-Үнэн шүү. Тэрийг хэн гаргаад ирсэн жишиг соёл юм бэ. Бүгд дээд боловсрол эзэмшиж болно оо. Дээд мэргэжил эзэмшсэн дэлгүүрийн худалдагч олширлоо л гэж байна. Уг нь тухайн хүн өөртөө байгаа байгаль эхээс, ээж ааваасаа өгөгдсөн авьяас чадвараа хөгжүүлэхэд анхаарах ёстой. Энийг ерөнхий боловсролын сургуульд байхдаа багаасаа анхаарч, эцэг эхчүүд нь үр хүүхдээ мэргэжил сонгоход нь унаган төрөлх авьяас билэгт нь тулгуурладаг байх хэрэгтэй. Заавал дээд боловсролтон болох нь амьдралын дээд утга учир мөн үү, биш үү. Энэ бол өөрөө маш эргэлзээтэй асуудал. Бүгдээрээ дээд мэргэжилтэй болчихоор тэнгэрийн умдаг атгачихдаг юм биш. Уралдааны морьд гараанаас зэрэг гаравч барианд цувраад ордог. Олон монгол мэргэжилтэн зөвхөн Монголдоо төдийгүй дэлхийн соёл, шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулаад явж байна. Эднээрээ бид бахархах нь зүй. Бүгд дээд боловсрол эзэмших хэрэгтэй гэдэг чинь магадгүй маркетингийн арга байж мэдэх юм. Хүн бүхэн өөрийн хэрэгцээтэй зүйлээ сураад хэрэгцээтэй чиглэлээрээ амьдарч чаддаг тийм нийгмийн төлөө урагшилмаар байгаа юм. Дээд боловсролын дэлхийн тэргүүлэх чиг хандлагыг шингээсэн брэнд монгол боловсролын төлөө ажиллах хэрэгтэй байна.