Categories
мэдээ улс-төр

Ц.Цогзолмаа: Цалин нэмэх асуудлыг ганцхан би шийдэхгүйг ойлгох хэрэгтэй

Засгийн газар яг одоо Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийж байна. Өнөөдрийн хуралдаанаараа багш нарын ажил хаялттай холбооттой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөгүй ч албан бусаар ярилцаж байгаа бололтой. Учир нь, Засгийн газрын хуралдаан дуусаагүй байтал Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нар цахим хуудсаараа дамжуулан нэгэн зэрэг тайлбар хийлээ. Засгийн газраас тэднийг тайлбар хийх нь зүйтэй гэж үзсэн бололтой. Багш нарын ажил хялтын талаар тэдний тайлбарыг хүргэе.

Ч.Хүрэлбаатар: -У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл таван их наяд 698 тэрбум төгрөг /үүнээс үндсэн төлбөрт дөрвөн их наяд 745.29 тэрбум, хүүгийн төлбөрт 936.23 тэрбум/-ийн өр төлөөд байна. Он дуустал дахиад 875.35 тэрбум төгрөг /үүнээс үндсэн төлбөрт 364.06 тэрбум, хүүгийн төлбөрт 511.29 тэрбум/-ийн өр нэмж төлнө. Ийм их өр тавиагүй бол олон асуудлыг шийдэх боломж байсан. Засгийн газар есдүгээр сарын сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг, түүний дотор сувилагч, бага ангийн багш, цэцэрлэгийн багш зэрэг зарим албан хаагчдын цалинг түлхүү нэмэх шийдвэр гаргасан. Илүү нэмэхийг ч шаардаж байна. Бид бүх боломжоо ашиглаад дахиад өндөр хүүтэй, арилжааны зээл авахгүйгээр, бүх боломжоо шахаж ажиллаж өрөө барагдуулж, бас боломжоороо цалин нэмээд явж байна. Та бүгд ойлгож хандана аа гэдэгт итгэж байна.

Ц.Цогзолмаа: -Багш нарын цалин бага байгаа нь бодит үнэн боловч, заавал ажлаа хаяж ирээдүй болсон бяцхан хүүхдүүдийнхээ эрх ашгийг хохироох замыг сонгохгүйгээр ширээний ард зөвшилцөлд сууж, асуудлаа ул суурьтай судалгаатай, цогцоор нь ярьж шийдвэрлүүлэхийн төлөө миний бие цаг наргүй, чин сэтгэлээсээ бүхий л боломжоо дайчлан, доромжлол бүхнийг тэвчин ажиллаж байна. Сүүлийн хэдэн өдөр тасралтгүй нийгмийн сүлжээгээр дайруулж, доромжлуулж байна. Гэвч ухарч, шантарч, гомдоллох эрх надад байхгүй. Сайн багшийн гараас олон сайн шавь гарч, эх орондоо ихийг бүтээх иргэдийг олноор төлөвшүүлэх нь манай боловсролын салбарын эрхэм зорилго. Энэ зорилгын төлөө өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийсээр ирсэн, цаашид ч ухрахгүй хийх болно. Дангаараа миний бие цалинг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргах боломжгүй гэдгийг олон иргэд ойлгож байгаа гэдэгт итгэж байна.

Categories
мэдээ нийгэм

Ууланд төөрсөн бүсгүйчүүдийг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ

Энэ сарын 11-ний өдрийн 19:39 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт “Богдхан” ууланд хоёр хүн төөрсөн тухай дуудлага иржээ. Тус дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 8 км зам туулан 20:21 цагт эрлийн ажиллагааг эхлүүлсэн байна.

Эрлийн багийнхан “Богдхан” уулын “Дугуй цагаан” гэдэг газраас иргэн Х /18 настай, эмэгтэй/, М /18 настай, эмэгтэй/ нарыг даарч, бээрсэн байдалтай байсныг олж, анхны тусламж үзүүлэн, улмаар цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Энэ сарын 8-ны өдрийн 20 цагийн орчим Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн “Дээд-Үзүүр” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 2,5 км-т/ тус сумын харьяат иргэн Б /64 настай, эрэгтэй/ сураггүй болсон тухай дуудлагыг есдүгээр сарын 11-ний өдрийн 10:15 цагт хүлээн авчээ.

Тус дуудлагын дагуу Булган аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, орон нутгийн 24 иргэн, ар гэрийнх нь 25 хүн, нийт 55 хүн, 7 автомашин, 2 завь, 3 мотоцикль, 2 морьтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, есдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар осолдсон газраас “Хараагийн-Эрэг” гэдэг газар хүртэл “Сэлэнгэ” мөрний усаар 15 км-т, голынхоо эргээр 16 км-т самналт хийж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 20:00 цагт түр зогсоосон байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэтгүүлч, өмгөөлөгч, эмч, их сургуулийн багш нар БНСУ-д таван жил хүртэлх олон удаагийн визээр зорчдог болно

АДААДАД БАКАЛАВР, МАГИСТР ХАМГААЛСАН ИРГЭН, ОЛНЫ ТАНИЛУРЛАГСОЁЛЫН ЗҮТГЭЛТЭН, ТАМИРЧИН, 500 САЯ ТӨГРӨГӨӨС ДЭЭШ ХӨРӨНГӨТЭЙ ХҮМҮҮСТ ОЛОН УДААГИЙН ВИЗ ОЛГОНО–


БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Нам. 2018.09.11

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

БНСУ-ын ЭСЯ-наас олон удаагийн визний нөхцөлөө шинэчилж байгаа талаар өчигдөр хэвлэлийнхэнд мэдээллээ. Одоогийн хэрэгжиж байгаа журмаа өргөтгөж, олон салбарыг хамруулсан тухай Элчин сайд ноён Жон Жэ Нам онцлов. Судалгаанаас харахад Солонгос улс руу 37 мянган монгол иргэн олон удаагийн визээр зорчдог байна. Харин манай улс руу ийм визээр ирдэг ердөө 1000 орчим солонгос иргэн байдаг гэнэ. Олон удаагийн виз мэдүүлэх журамд долоон үндсэн нөхцөл үйлчилж байгаа. Тэгвэл шинэ журамдаа нэмээд зургаан нөхцөлийг суулгаж өргөтгөжээ.

БНСУ РУУ ЗОРЧИХ ОЛОН УДААГИЙН ВИЗИЙГ ЯМАР ХҮМҮҮС МЭДҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ВЭ?

Аравдугаар сараас хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байгаа энэхүү олон удаагийн визийг БНСУ-д өмнө зорчиж байсан иргэн, төрийн албан хаагч, төрийн өмчит аж ахуйн нэгжийн үндсэн ажилтан, (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан), БНСУруу тогтмол нислэг үйлддэг авиа компанийн үндсэн ажилтан(хэлтсийн даргаас дээш албан тушаалтан), БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчим хүч олборлох зорилгоор, төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн урилгаар зорчиж байгаа иргэд мэдүүлэх боломжтой. Мөн БНСУ-ын иргэншилтэй, тухайн улсын иргэнтэй гэр бүл болсон, гэрлэлтээ батлуулаад нэг жилээс дээш хугацаа өнгөрүүлсэн тохиолдолд тухайн гэр бүлийн хүүхэд олон удаагийн виз авч болно. Мөн олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшигч бөгөөд тухайн карт нь “Gold”, “Vip” байх, байнгын зорчигч гэсэн ерөнхий нөхцөлийг хангасан иргэдэд олон удаагийн визийг олгодог. Энэ виз нь БНСУ-д байнга зорчдог иргэнд ч үйлчлэх юм. Тодруулбал, тус улс руу сүүлийн хоёр жилийн дотор дөрөв ба түүнээс олон удаа очсон хүмүүс байх ёстой аж. Дээрх шалгуур нь олон удаагийн виз авахад одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Тэгвэл визний шинэчилсэн журамд ямар ямар өөрчлөлт оруулж байгааг БНСУ-ын ЭСЯ-ны Консул Кил Кангмү танилцуулсан юм. Тэрбээр “Монгол Улсад 7000 гаруй эмч, 6000 мянга орчим их, дээд сургуулийн багш, 2000 гаруй өмгөөлөгч ажилладаг гэсэн судалгаа байна. Иймд эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш зэрэг мэргэжлийн боловсон хүчин, сэтгүүлч, найруулагч, редактор зэрэг мэргэжлээр тухайн байгууллагадаа нэг жилээс дээш хугацаагаар ажилласан, бусад нөхцөлийг хангаж буй хүмүүст олон удаагийн виз олгодог болно.

Мөн нэг жилийн турш төлсөн татварын хэмжээ нь 500 сая төгрөгөөс дээш байх, эсвэл шилдэг 100 аж ахуйн нэгжид хэлстийн даргаас дээш албан тушаалаар нэгээс дээш жил ажилласан хүнд, БНСУ-д бакалавр, мастер, докторын зэрэг хамгаалсан иргэн, тэдгээрийн гэр бүл, үр хүүхэд олон удаагийн виз авах боломжтой болж байгаа юм. БНСУ-д бакалавраас дээш зэрэг горилж авсан 1800 гаруй монгол иргэн их, дээд сургууль төгссөн дүн бий. Энэхүү визийг зөвхөн БНСУ гэлтгүй өөр бусад оронд мастерын зэргээс дээш зэрэг горилж авсан иргэнд ч олгоно. Бас олны танил урлаг, соёлын зүтгэлтэн, тамирчин, 500 сая төгрөгөөс дээш үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө эзэмшигч иргэнд олон удаагийн виз олгохоор журамд өөрчлөлт оруулж байна. Олон удаагийн визийг нэг, гурав, тав гэсэн шатлалтайгаар олгодог байсан. Харин шинэчлэгдсэн журмаар тухайн нөхцөлийг хангаж байгаа хүнд шууд гурав юмуу таван жилээр олгоно” гэлээ.

ЭЛЧИН САЙД ЖОН ЖЭ НАМ: СОЛОНГОСТ ХАРИУЦЛАГАТАЙ АЯЛААД ИРСЭН ХҮМҮҮСТ ШУУРХАЙ ҮЙЛЧЛЭХИЙН ТУЛД E АНГИЛЛЫН ВИЗНИЙ ТӨРЛӨӨ НЭМЭХЭЭР СУДАЛЖ БАЙГАА

БНСУ-аас Монгол Улсад суугаад Элчин сайд ноён Жон Жэ Нам “Монгол, Солонгос улс анд нөхдөөс илүү ах дүүсийн онцгой харилцаатай билээ. Бусад аль ч улс орнуудаас илүү ойр харилцаа холбоогоо хурдан хугацаанд хөгжүүлж ирсэн байдаг. Өнгөрсөн жилийн байдлаар Солонгосыг зорьсон монгол иргэдийн тоо 110 мянга, Монголд ирсэн солонгос иргэдийн тоо 70 мянга орчим байлаа. Хоёр улсын харилцан зорчих эрхийн тоо жил бүр 10 мянгаар нэмэгдэж байна. Хоёр улсын харилцаа эрчимжих хэрээр иргэд солилцоо ч өргөжиж байгаа. Гэтэл манай ЭСЯ-нд виз мэдүүлэх явцад бүрдүүлж өгч буй материалын олонх нь хуурамч байна. Төрийн байгууллагын албан бичиг төдийгүй түрээсийн гэрээ, ажлын газрын тодорхойлолт, банкны баталгаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын зорчих визийг хүртэл хуурамчаар дуурайлган хийж ирэх тохиолдол гарч байна. Албан ёсны бичиг баримтыг хуурамчаар үйлдэх нь нийгмийн итгэлцлийг үгүй хийж буй үйлдэл бөгөөд холбогдох эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэмт хэрэгт тооцогдоно. Энэ бол яаж ийж байгаад виз авч байвал болно гэсэн хэн нэгний хувийн асуудал биш юм. Нийгэмд мөр зэрэгцэн ажиллаж, амьдарч байгаа гэр бүл, хөрш, садан, найз нөхөд гээд тэд бүгдийн итгэлийг хөсөрдүүлж буй үйлдэл. Түүнчлэн хоёр улсын харилцаанд хөгжин дэвшихэд саад болж байна. Тиймээс манай ЭСЯ Монгол Улсын Засгийн газартай хамтарч эдгээр хуурамч бичиг баримтыг бүрдүүлэгчдийг Монголын хууль сахиулах байгууллагад мэдэгдэж байгаа. Визтэй холбоотой хуурамч бичиг баримт энэ нийгэмд орших боломжгүйгээр ил тод нийгмийг бий болгох хэрэгтэй байна. Бид бүхэн Монголын ард иргэдэд визтэй холбоотой амар хялбар үйлчилгээ үзүүлэхийн тулд олон талаар хичээж ажиллаж байгааг дуулгая. Нэгдүгээрт, ЭСЯ, Монгол Улсын Засгийн газар, визний материалыг хүлээн авч буй төлөөлөн гүйцэтгэх байгууллагууд хамтран олон нийтэд зориулсан ил тод зөвлөгөө мэдээллийн үйлчилгээгээ бэхжүүлэх болно. Монголчуудын хамгийн ихээр сонирхож мэдэхийг хүсдэг визтэй холбоотой дүрэм журам мэдээллээр бүрэн хангаж, зөвшөөрөлгүй хувиараа мэдээлэл өгдөг брокерын компаниудад хандахгүй байх талаас нь анхаарч ажиллах болно. Солонгос улсад зорчих олон удаагийн виз олголтын хүрээг өргөтгөх төлөвлөгөөтэй байгаа. Мөн визний материалыг шалгах хугацааг богиносгохын тулд үндсэн тогтолцоогоо шинэчлэхээр ажиллаж байна. Солонгост богино хугацаагаар аялах, зорчихоор төлөвлөж буй урьд нь дүрэм журмын дагуу зорчоод ирсэн хүмүүст хурдан шуурхай үйлчлэхээр E ангиллын визний төрлөө нэмэхээр судалж байгаа юм. Хоёр улсын харилцааг нэг алхам урагшлуулахын тулд хоёр улс хамтдаа хариуцлагатай, итгэлтэйгээр хийж хэрэгжүүлэх хэрэгтэй. Итгэлцэл үгүй бол шинэ бодлого шинэчлэл эсрэгээрээ ямар ч хэрэгцээ шаардлагагүй. Улам нөхцөл байдлыг дордуулж мэднэ” гэв.

Хэвлэлийн бага хурлын үеэр энэ сарын 15-нд эхлэх “Солонгосын долоо хоног-2018” арга хэмжээний талаар танилцуулав. Өнгөрсөн жилүүдэд уг арга хэмжээ Монголд суугаа солонгос иргэдэд чиглэн зохион байгуулагдаж, зааланд болж байсан бол энэ удаад ил талбайд болох ажээ. Залуу үеийнхний дунд, чөлөөт уур амьсгалд, парти маягаар зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Солонгосын соёлын долоо хоногийн хугацаанд Сөүлийн гудамжны фестиваль, киноны өдөрлөг, Элчин сайдын нэрэмжит Таэквондогийн тэмцээн, Го даамны олон улсын тэмцээн болно гэсэн. Сонирхуулахад, Сөүлийн гудамжинд болох “Seoul street party”-д A-Sound, дуучин С.Гантогоо, Ука, “John Ko” зэрэг хамтлаг дуучдын тоглолт хийнэ. Энэ үеэр Солонгосын үндэсний хоол, тоглоом наадгайг танилцуулсан асрууд ажиллах юм байна. Арга хэмжээ нь 2000 төгрөгийн тасалбартай бөгөөд орлогыг нь нийгмийн эмзэг давхаргынханд чиглэсэн үйл ажиллагаа явуулдлаг ТББ-д хандивлах аж. Тасалбараараа иргэд сугалаанд оролцож, супер шагналын эзэн болоод БНСУ руу аялах хоёр талын нислэгийн тийз авах юм байна.


Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймгийн малчид уул, уурхайн компаниудыг засмал замаа тавихыг шаардан жагсч байна

Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён, Баяндалай сумын иргэд малын бэлчээрээ хамгаалахын тулд Даланзадгад сумаас 150 км-т орших “Хөнхөр хацавч” гэх газарт уул уурхайн хүнд даацын авто машины хөдөлгөөнийг хааж, эсэргүүцлээ илэрхийлээд найм хонож байна. Учир нь, дээрх гурван сумын нутаг дэвсгэрт “Монголын алт компани”, “Өсөх зоос”, “Нарийн сухайт Чинхау МАК”, “Өмнийн говийн элс”, “Жавхлант орд”, “Тера энержи” зэрэг уул уурхайн компани үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.

Уул уурхайн хүнд даацын авто машинууд арван жилийн хугацаанд дуртай газраараа явж өнөөдрийн байдлаар 20 гаруй км-ийн өргөнтэй 40 гаруй салаа замыг бий болгожээ. Энэ бүхний балгаар малын бэлчээрийн даац хомсдож, нутгийн иргэд ч амьдрах нөхцөлгүй байдалд хүрээд байна. Тиймдээ ч дээрх гурван сумын иргэд нийлэн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, уул уурхайн компаниудаас замаа тавихыг шаардаж байгаа аж. Гэвч уул, уурхайн компанийн удирдлагууд нутгийн малчдын шаардлагыг хүлээн авахгүй, янз бүрийн үгээр доромжилж эхэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Баруун гурван аймгийн эрчим хүчийг хязгаарлажээ

ОХУ-аас баруун гурван аймгийг тэжээж байгаа гол магистралыг энэ сарын 10-12-ны өдрүүдэд засч байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Увс, Баян-Өлгий, Ховд аймагт гурван хоног эрчим хүчийг хязгаарласан байна.

Тодруулбал, өглөөний 06:00 цагаас үдшийн 21:00 цаг хүртэл айл өрхийн эрчим хүчний хэрэглээг хязгаарлажээ. Мөн нэгдүгээр категорийн хэрэглэгч буюу төрийн байгууллага, эмнэлэг зэрэг байгууллагуудыг Дөргөний УЦС-ын эрчим хүчээр хангаж байгаа аж.

ОХУ эрчим хүчний хангамжаа түр хугацаанд зогсооход л баруун бүсийн аймгууд эрчим хүчний дутагдалд орж байгаа нь дотоодын эх үүсвэртэй болох шаардлагатай болсныг харуулж байна. Тэр утгаараа Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих шаардлагатай гэж салбарын сайд нь хэлдэг байсан ч ажил хэрэг болоогүй л байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Монгол найруулагчийн “Од ба Гэгээ” кино бусанд нээлтээ хийнэ

Азийн хамгийн нэр хүндтэйд тооцогддог Бусаны олон улсын кино наадамд “They Sing Up on the Hill” буюу “Од ба Гэгээ” бүрэн хэмжээний уран сайхны кино “А” хэсэгт шалгарчээ. “Window on Asian Cinema” хэсэгт шалгарсан энэхүү бүтээл дэлхийн нээлтээ Бусанд хийхээр болсон байна. Тус киноны найруулагчаар Л.Бат-Амгалан ажилласан бол гол дүрд нь Б.Дөлгөөн /Magnolian/, М.Номин-Эрдэнэ /NMN/ нар тогложээ.

Сонирхуулахад, таван жилийн өмнө найруулагч Л.Бат-Амгалангийн “Хуучны сайхан өдрүүд” богино хэмжээний кино уралдаант хэсэгт нь шалгарч Азийн кино наадмыг шуугиулж байсан юм. Мөн 2013 онд Бусаны олон улсын кино наадмаас найруулагч С.Бямба “Алсын удирдлага” киногоороо тэргүүн шагнал хүртэж, Ч.Хоролдоржийн “Шарга даага” бүтээл уг кино наадамд нээлтээ хийж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Япон соёлын наадам Сүхбаатарын талбайд болно

“Япон соёлын наадам 2018” арга хэмжээ энэ жил 9 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээг БОАЖЯ, Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин Сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон аялал жуулчлалын зарим компаниуд хамтран зохион байгуулж байна.

Энэ сарын 15, 16 өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд 11:00-17:00 цагын хооронд зохион байгуулагдах, Монгол, Япон хоёр орны ард иргэд, бизнесийн байгууллагуудын хооронд гүүр болох зорилготой тус наадам нь “Япон соёл, Япон амт, Япон чанартай танилцах ЯПОНЫ НЭГ ӨДӨР” уриан дор болох юм.

Наадмын үеэр Японы соёл урлаг, гар урлал, хөгжөөнт наадгай, тэмцээн, уралдаан, бараа бүтээгдэхүүн, амтат хоол зэргийг олон нийтэд сурталчлан танилцуулах арга хэмжээ болно. Тус арга хэмжээнд Япон Улсаас 120 орчим урлаг соёл, бизнесийн байгууллагуудын төлөөлөгч нар оролцох бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй боловсрол, худалдаа, урлаг соёлын байгууллагууд оролцоно.

Өдөрлөгийн үеэр Японы үндэсний Тайко бөмбөрийн “Индра” хамтлага тоглолтоо сонирхуулах бөгөөд японы кимоно үзэх зураг авхуулах, үндэсний хоолоор иргэдэд үйлчлэх, Япон улсын мэргэжлийн үсчдээр үнэгүй үс засуулах зэрэг үйлчилгээг авах боломжтойз. Мөн Япон хэлний сургууль, боловсролын төвүүдтэй танилцах боломжтой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Манзушир” хийдийг түүхэн дурсгалт цогцолбор газар болгоно

УИХ-ын дарга М.Энхболдын санаачилгаар “Манзушир” хийдийг түүхэн дурсгалт цогцолбор болгох төслийн зураг төсөв боловсруулах ажил энэ сарын 07-ны өдрөөс албан ёсоор эхлэж, ирэх оны эхний улиралд дуусч дараагийн шатны ажлууд эхлэх юм.

Уг төслийн гүйцэтгэгчээр “Арчер” ХХК ажиллаж байгаа бөгөөд хийдийн хуучин туурийг шашин соёл, түүхийн төв Манзушир бурхны орон болгон сэргээн засварлаж хөгжүүлэх ба шинээр тодорсон Манзушир хутагтын номын өргөөг байгуулахаар төлөвлөжээ.

Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Манзуширын орноос Цэцээ гүний оргил хүртэлх 5.6 км, Баруун ширээт 6.3 км, Зайсан толгой 4.7 км үргэлжлэх нийт 16.6 км үргэлжлэх Cable car байгуулахаас гадна явган аялалын амралтын цэгүүдийг байгуулах юм.

Categories
гадаад мэдээ

Экс ерөнхий сайдын эхнэр Лондонд нас баржээ

Пакистаны экс Ерөнхий сайд Наваз Шарифийн гэргий Кулсоом Наваз 68 насандаа Британийн нийслэл Лондон хотноо насан эцэслэсэн байна.

Тэрээр өнгөрсөн оны наймдугаар сард хорт хавдартай хэмээн оношлогдсон бол өнгөрсөн зургаадугаар сарын 14-нд зүрхний шигдээсээр өвчилжээ.

Түүний амьсгал хураах үед Наваз Шариф хажууд нь байгаагүй юм. Учир нь тэрбээр өнгөрсөн долоодугаар сард авлигын хэргээр цагдаагийнханд баригдаж, өнөөг хүртэл түр саатуулах байранд хоригдож байна.

Хатагтай Наваз өнгөрсөн 2017 онд парламентын гишүүнээр сонгогдсон ч эрүүл мэндийнхээ улмаас хилийн дээс алхаж, эмчилгээ хийлгэж байжээ.

Шариф, Кулсоом нар 1971 онд хуримаа хийсэн юм. Наваз Шариф 1990-1993 он, 1997-1999 он, 2013-2017 оны хооронд Ерөнхий сайдын албыг хашсан юм.

Categories
мэдээ нийгэм

Гүний уснаас аврах ажиллагааны дадлага сургуулилалт хийлээ

Архангай аймгийн Онцгой байдлын газраас гүний уснаас аврах ажиллагааны дадлага сургуулийг Тариат сумын Тэрхийн цагаан нууранд зохион байгууллаа.

Усчин аврагчдын бэлтгэл бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, шинэ залуу аврагчдыг сургаж дадлагажуулах зорилготой тус сургалтад 10 гаруй аврагч хамрагдсан юм.

Аврагчид усны мандлын сэлэлт, 5-10 метрийн гүнд шумбалт хийн нэрвэгдсэн иргэнийг усны гүнээс гаргаж, анхны тусламж үзүүлэх, усанд эрэн хайх, аврах ажиллагааны багаж хэрэгслийг ашиглаж сурах, завь жолоодох болоод иргэдийг тээвэрлэх зэргээр онолын мэдлэгээ бататгаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.