Categories
мэдээ цаг-үе

Аж үйлвэрлэлээрээ Азийн орнуудын үлгэр жишээ болсон Чаньчүн хот

Чаньчүн хот нь Хятадын зүүн хойд хэсэгт орших Жилинь мужийн нийслэл. Манай улсын Дорнод аймгийн хилээс чанх зүүн тийшээ мянга орчим километрийн цаана оршдог. Манайхаас тийшээ очихын тулд Бээжингээр дамжин явдаг байна. Чаньчүн хот нь Азийн орнууд дундаа аж үйлдвэрлэл, кино урлагаараа алдартай. Тиймдээ ч Азийн орнуудын кино урлагийн шилдгийн шилдгийг шалгаруулдаг XIV удаагийн “Чаньчүн” кино наадам нь энэ сарын 1-8-ны хооронд тус хотод болж байгаа юм. Хятадын нэрт жүжигчин, кино найруулагч, уран бүтээлчид нэрээ дуурсгасан алдартай хүмүүс энэхүү кино наадамд оролцдог байна. Тус кино наадмын хамгийн дээд шагнал болох “Алтан буга”-ын эзнийг энэ үеэр тодруулдаг. Энэхүү шагналыг нэрт жүжигчин Жаки Чан, Жет Ли, “Хөзрийн хаан” киногоороо нэрд гарсан Чоу Юньфат нарын зэрэг Хятадын алдартай жүжигчид хүртэж байжээ. Харин өдгөө дээрх алдартнуудаа залгаад шинэ залуу жүжигчид, кино уран бүтээлчид хүч түрэн гарч ирж байгаа юм байна. Хятадын кино зах зээл дэлхийд хүчтэй өрсөлдөх болсон нь Чаньчүн хотын кино урлагийг дэмжих бодлоготой шууд хамааралтай. Тус хотод үе үеийн кино урлагийн нэрт мастеруудаа хүндэтгэсэн, киног хэрхэн бүтээдгийг орчин үеийн технологийг ашиглан харуулсан сонирхолтой кино урлагийн төв музей байдаг аж.

Чаньчүн хот нь манайхаар сумын статуст хамаарах засаг захиргааны нэгж. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын том хотын хөгжлөөс дутаад байх зүйл алга. Өндөр барилга, өргөн зам, метротой. Гэрэлтүүлэг, зүлэгжүүлэлт, моджуулалт зэрэг нь ярих юмгүй сайхан. Хөгжсөн хотод юу л байх ёстой тэр бүхэн байна. Хэдий том эдийн засагтай их гүрний хот ч гэлээ тухайн засаг захиргааг удирдаж буй албан тушаалтнуудын бодлого хэрхэн зөв явж, ажлаа яаж сэтгэл гаргаж хийдгээс хамаарч хот шиг хот болдог байна. Чаньчүн хотод хүнд үйлдвэрлэл болоод шинжлэх ухаан, технологийн том сургуулиуд бий. Үүнээс дутахааргүй нь Анагаахын их сургууль. Ерөөсөө шинжлэх ухаан, инженерүүд буюу баялаг бүтээгч, хүнийг анагаах эмч мэргэжилтнүүдийг илүүтэйгээр бэлтгэдэг хот юм. Харин нийгмийн ухааны сургууль, тэр чигийн мэргэжлийн хүмүүс олон биш. Тэр хэрээр тус хотын эдийн засаг өргөжин тэлж, өдгөө гадаад худалдаа, экспортоороо Азид эхний аравд багтжээ. Манайхаар нэг сум л эдийн засгаараа тивдээ тэргүүлэхээр дэлхийн эдийн засгийг Хятад улс тэргүүлэлгүй л яах вэ гэж бодогдном. Манайхны хүсээд байдаг хүнд үйлдвэрлэл энд төрөл бүрээрээ хөгжжээ. Том, жижиг янз бүрийн загвар хийцтэй автомашин, комбайн, ширэм онгоц, метро, нефть боловсруулах үйлдвэртэй. Үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдээ ч өөрсдөө зохион бүтээдэг байна. Сүүлийн үед бензин хөдөлгүүртэй автомашинаас илүү цахилгаан тээврийн хэрэгслийг илүү боловсронгуй болгон үйлдвэрлэдэг болж.

Чаньчүн хотын дундуур урсах И түн гол

Нэг цаг цэнэглээд 300 километр, таван цаг цэнэглээд 1000 км зам туулах хүчин чадалтай цахилгаан автомашин бүтээсэн байна. Эдгээр нь гадаад, дотоодын зах зээлд эрэлт ихтэй байгаа аж. Анх чаньчүнчүүд Германы технологиор метро барьж. Харин одоо өөрсдөө метрог улам боловсронгуй болгон үйлдвэрлэж эхэлсэн байна. Үүнийг нь германчууд судалж, хятад инженерүүдээс санаа, зөвлөмж авдаг болжээ. Хүнд үйлдвэрийг тултал нь л хөгжүүлж яваа хот юм санж. Гэтэл манайд үнэндээ автомашины толь ч боловсруулах үйлдвэр алга. Наад зах нь толиос эхлээд автомашин, онгоц хийчих инженерүүд Монголд бий. Гэвч яагаад хүнд үйлдвэрлэл өдий хүртэл огт хөгжөөгүйг гаднын инженер, мэргэжилтнүүд гайхаж байна.

Чаньчүн хотын Сансар судлалын төв лабораторийн хөөргөсөн сансрын хиймэл дагуулаас ирсэн 3D бичлэгийн дүрс. Чаньчүн хот дахь автомашин болоод сэлбэгийн үйлдвэрАНУ-ын агаарын нисэх хүчний ангийг ингэж харуулжээ

САНСАР СУДЛАЛ, ОРЧИН ҮЕИЙН ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ, ИНЖЕНЕРИЙГ ХЭТ ШҮТСЭН ЧАНЬЧҮН ХОТ

Чаньчүн хотын Сансрын хиймэл дагуулын төв лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа. Үнэхээр хэлэх үггүй болоод л гарав. Арав гаруй жилийн өмнө тус лабораторийн инженерүүд өөрсдийн бүтээсэн анхны хиймэл дагуулаа сансарт хөөргөжээ. Энэхүү хиймэл дагуул нь дэлхийн гадаргын зургийг нарийвчилсан нягтаршилтайгаар авч тус лабораторид ирүүлдэг байж. Хиймэл дагуул хөөргөснөөр харилцаа холбоо, интернэт сүлжээ илүү хөгжиж, дата орчин бүрдсэн байна. Харин энэхүү лаборатори сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж сансрын хиймэл дагуулыг ашиглан 3D бичлэг хийдэг болжээ.

Сансраас хийж буй энэхүү бичлэг нь дүрсний нягтаршил сайтай, дроны бичлэгээс дутахааргүй болсон нь сансрын технологийн нэгэн шинэ үеийн дэвшил болж чадсан байна. Тус лабораторийн инженерүүдийн бүтээсэн сансрын хиймэл дагуулын явуулсан 3D бичлэгийг үзэв. Америкийн агаарын цэргийн баазын дүрс бичлэгийг дээрээс нь хийж. Бичлэгээс үзэхэд хаана ямар газар, ямар загварын онгоц байгааг тодорхой харж болохоор юм. Сансраас 3D дүрс бичлэг шууд хийдэг хэдхэн улс байдаг гэнэ. Тэр нь Орос, Америк, Хятад, Франц, Герман зэрэг дэлхийн том гүрнүүд аж. Эдгээр их гүрнүүдэд ч ийм төрлийн дүрс бичлэгээс хамгаалсан систем байдаг ажээ. Жишээлбэл, сансраас Америкийн тусгай цэргийн бааз, цөмийн зэвсэг, Засгийн газрын ордон, ямар нэгэн стратегийн ач холбогдолтой газар, үндэсний аюулгүй байдалтай холбоотой объектуудын үйл ажиллагааг дээрээс нь дүрс бичлэгт буулгахыг хориглосон системийг бий болгож. Өөрөөр хэлбэл иймэрхүү дүрс бичлэгийг сансраас хийх оролдлого хийвэл тухайн улсын аюулгүй байдлын систем идэвхжиж, анхааруулах дохиог хариу өгдөг байна.

Тиймээс тухайн улсын зөвшөөрөгдсөн газар нутгийн дүрс бичлэгийг хийх боломжтой юм. Энэхүү систем нь дээрх их гүрнүүдэд байдаг ч дэлхийн ихэнх улсад байдаггүй аж. Чаньчүн хотын энэхүү Сансрын хиймэл дагуулын лаборатори сансрын 3D бичлэгийг дэлхийн том хотуудын хөгжлийн дүр зургийг авч, түүнээс санаа оноо, шийдлийг олохын тулд ашигладаг байна. Тухайлбал, Москва хот замын түгжрэлээ хэрхэн бууруулж байгааг, хаагуур нь яаж зам баривал түгжрэл арилдаг, Вашингтоны дэд бүтэц ямар байна, цахилгаан станц, дулааны станцуудаа хаана барьж, хот төлөвлөлтийг хэрхэн зохион байгуулж байгааг тодорхой харж, суралцдаг аж. Тус лабораторийн инженерүүд удахгүй нарны аймгийн гаригийг судлах, гадаргууных нь зураг, бичлэгийг хийх, хөрснөөс нь дээж авах зэрэг сансар судлалын томоохон нээлт хийхийн төлөө ажиллаж байгаа юм байна. Энэ мэт шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэл, инженерийг хэт шүтсэн сэтгэлгээ Чаньчүн хотын иргэдэд гүн суужээ. Тиймээс ч жилээс жилд Чаньчүн хотын хөгжил, худалдаа эдийн засаг асар хурдацтай хөгжиж буй юм. Тус хотын дотоодын нийт бүтээгдэхүүн нэг триллион 298 тэрбум 100 сая юань. Харин нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 22 мянган юань ажээ. Энэ үзүүлэлтээрээ Азидаа тэргүүлдэг байна.

Чаньчүн хот дахь автомашин болоод сэлбэгийн үйлдвэр

ЧАНЬЧҮН ХОТЫН ТҮҮХ, СОЁЛ

Манай эриний 1653 онд Нингута Анбан Занжинийг байгуулсан нь Жилинь муж байгуулагдах үндэс болжээ. Хожим 1931 онд япончууд Хятад улстай дайн эхлүүлж, улмаар тэр оны намар хуучин Чаньчүн хотыг эзлэн авчээ. Ингээд хоёр жил Чаньчүн хот Японы колони болсон байна. 1933 оны хавар Манж Го буюу хуурамч Манж улс байгуулагдаж Чаньчүн хот дахь япончуудын эсрэг тэмцэлдэж, тус хотыг эзлэн авсан түүхтэй. Үүнээс хойш дэлхийн II дайны төгсөлд буюу 1948 онд Ляошены тулалдааны дараа Хятадын зүүн хойд нутгийн ардын цэргүүд Чаньчүнийг бүслэн авч, улмаар Жилиний бүх нутгийг япончуудаас нэг мөр чөлөөлсөн байна. Ийнхүү Чаньчүн хотын шинэ үеийн түүх бичигдэж эхэлсэн аж. Чаньчүн хотод өглөө бүр, заримдаа үдэш нэгэн дуу цуурайтна.

Зарим автобус, томоохон заал танхим дотор ил дуу мөн л сонсогдоно. Энэ нь Хятадын аугаа удирдагч Мао Зэдуны “Дундад иргэн улс байгуулагдлаа, бүх дэлхий сонсогтун” гэсэн алдарт үг юм. Тэртээ 1911 онд цагаагчин гахай жилийн хувьсгал Чин гүрнийг мөхөөж, Дундад иргэн улс байгуулагдсан түүхтэй. Өдгөө тус хот газар тариалан, аж үйлдвэрлэл, мал аж ахуй, далайн боомт, гаалийн худалдааны боомт, шинэ суурьшлын зэрэг бүс нутагт хуваагдан хөгжиж буй. Тус хот нь найман сая гаруй хүн амтай. Нийт хүн амынх нь 90 орчим хувийг төв хятад үндэстэн эзэлдэг. Харин үлдсэн 10 хувийг түвд, өмнөд монгол, ордос монгол, жуан, хотон, манж, уйгур, мяо, и, тужян ястнууд эзэлдэг байна. Чаньчүн нь Хятадын зүүн хойд хэсэгт оршдог учир тус хотын иргэд нь өмнөд болоод баруун хойд хятадуудаас царай зүсний хувьд шингэн цагаан, намхан нуруутай, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг илүүтэй хэрэглэдэг онцлогтой аж. Чаньчүн хотод Чанбай уул, Манж Го хааны ордон, Жин еэтан ойн цэцэрлэгт хүрээлэн, Бэйдахү цанын бааз зэрэг түүх дурсгалын олон газар байдаг ажээ. Тус хотод ирсэн жуулчид дээрх газруудыг голлон очиж сонирхох дуртай гэнэ. Зарим жуулчид Хятадын бүх хэсгээр Цагаан хэрэм байгаа хэмээн андуурдаг бололтой. Гэвч Хятадын зүүн хойд хэсгээр алдарт цагаан хэрэм байдаггүй.

Дэлхийн хамгийн олон хүнтэй улс учир 1979 оноос Хятад “Нэг хүүхдийн бодлого” хэрэгжүүлэх болсон. Хэт өсөлтийг зогсоож, хэмжээг хязгаарлах, ядуурлыг бууруулахад амжилт олсон боловч ажиллах хүч цөөрөх, хүүхэд нуух, наймаалах муу үйл бас дагалджээ. Харин саяхнаас хүүхэд, гэр бүлтэй холбоотой шинэ хууль гаргасан байна. Тэр нь гэр бүл нэг ч хүүхэдгүй байж болохгүй, хэрэв хүүхэдгүй гэр бүл байвал өндөр татвар төлдөг байхаар хуульчилжээ. Чаньчүн хотын соёлыг энд ярихгүй байхын аргагүй. Хятад улс тамхины тухай хууль байхгүй учраас иргэд нь хаана ч хамаагүй тамхи баагуулах боломжтой. Гэвч хотын соёл, суурьшмал амьдралын харилцаа өндөр хөгжсөн учраас биесээ хүндэтгэж, хэн дуртай нь хаана ч хамаагүй тамхи татдаггүй байна. Манайхан хэдхэн жилийн өмнө тамхийг баар, кафе, зэрэг олон нийтийн үйлчилгээний газар үүл манан болтол татдаг байсан. Үүнийг хуульчилж, хүчээр нэг болиулсан. Харин хятадууд тэр дундаа Чаньчүн хотын иргэдэд ийм хууль хэрэггүй мэт санж. Тэд их хотын иргэд учраас үүнийгээ ухамсарлаж байгаа нь тодорхой. Энэ бол иргэдийн том соёл. Чаньчүн хотын иргэд далайн хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа хавч идэх дуртай.

Энэ нь чаньчүнчүүдийн оройн амтат зоог болдог байна. Хоол, цайны соёлтой нь ярих ч юмгүй. Үйлчилгээний байгууллагын соёл гэж жигтэйхэн сайхан. Хэрэглэгч бол хаан гэдэг үг энэ хотын үйлчилгээний байгууллагаас илэхнээ мэдрэх боломжтой. Тус хотын гудамжнаас ширхэг чулуу, тамхины иш, хог олж ир гэвэл нэлээд эрж хайх юм болох байх. Сул газар байвал моджуулчихсан, зүлэгжүүлчихсэн, эсвэл цардмал зам тавьчихсан байх юм. Ийм л соёлтой, найрсаг харилцаа, суурин амьдралын үлгэр жишээ болсон газар нутаг бол Чаньчүн хот байлаа.


Categories
мэдээ цаг-үе

Монголчууд ходоодны хавдар, сошиал хэрэглээ хоёроор дэлхийд тэргүүлж байна

Монгол Улсын хүн амын тоо өчигдрийн байдлаар гурван сая 224 мянга 266 байгаа бол нийт интернэт хэрэглэгчдийн тоо 2 сая 900 мянга. Үүнээс хоёр сая нэг зуун мянга нь фэйсбүүк хэрэглэгч. Хүн амын тоотой харьцуулахад Азидаа тэргүүлж дэлхийд аравдугаар байрт жагслаа. Гэтэл фэйсбүүк анх үүссэн АНУ хэрэглээгээрээ тэргүүлдэггүй. Монгол Улсад фэйсбүүк хэрэглэгчдийн 66 хувь нь 18-34 насныхан. Гэвч энэ тоо эргэлзээтэй. Учир нь фэйсбүүкт 18 нас хүрээгүй хүүхдүүд маш олноороо бүртгэлтэй, хэрэглэгч болчихсон байдаг. Тэд хаяг нээхдээ төрсөн он, сараа өөрчилж, бүртгүүлдэг. Фэйсбүүкд арваас доош насны таван сая хүүхэд насаа нууж бүртгүүлсэн байдаг гэхээр 18 нас хүртэлх хэдэн сая байдаг нь ойлгомжтой. Харин твиттерт дэлхийн 1.5 тэрбум хэрэглэгч бүртгэлтэй ч 336 сая нь л сар бүр идэвхтэй ашигладаг. Твиттер хэрэглэгч монголчууд хэдэн зуун мянгаар тоологдох ч фэйсбүүкийг бодвол байнгын хэрэглэгч цөөн байдаг. Сошиал сүлжээ хөгжихийн хэрээр цахим гэмт хэргийн тоо маш хурдтай өсч байна. Манай улсад цахим гэмт хэргийн хамгийн анхны тохиолдол нь 2008 онд бүртгэгдэж байж. 2010 оны үед нэг жилд 20 орчим цахим гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Дэлхийд кибер аюулгүй байдлын индексээрээ манай улс 174 орноос 104-т жагсчээ. Тэр тусмаа цахим орчны гэмт хэрэг насанд хүрээгүй хүүхдүүд болон залуус их өртдөг аж. Гадныхан энэ байдлаас хүүхдүүдээ хамгаалахын тулд ухаалаг утас хэрэглэхийг хориглож эхэлжээ. Зарим улс орон сургууль дээрээ ухаалаг утас барихыг хорьсон. Ийм шийдвэр гаргасан улс орнууд жилээс жилд нэмэгдэж байна. Үүний тоонд Монгол Улс ч багтлаа. Хүүхдийн эрүүл мэнд, хүмүүжилд муу нөлөөлөл үзүүлэх, хичээлээ хийхгүй байх зэрэг үр дагавартай төдийгүй цахим гэмт хэргийн золиос болох нь их байгаа учраас ийнхүү хориглож байгаа юм. Гэвч сошиал сүлжээний хэрэглэгч хүүхэд залуусын тоо цөөрөөгүй, нэмэгдсээр. Фэйсбүүкийн хэрэглээгээр Азид тэргүүлж, дэлхийд аравт орж байна гэдэг нь Монгол орон ерөнхийдөө сөнөж байгаа нь харагдана. Өсвөр үеийнхэнд муу нөлөөтэйг дээр дурдсан бол ид ажиллаж хөдөлмөрлөдөг насны залуус сошиал орчинд хийсэн бүтээсэн зүйлгүй ихэнх цагаа дэмий өнгөрөөж байна. Улаанбаатар хотын 15-20 насныхны 96 хувь нь өдөр бүр фэйсбүүк ордог ба тэдгээрийн 46 хувь нь хоёр цаг тутамд фэйсбүүкээ шалгадаг байна. Хоёр сая зургаан зуун хүн твиттер, фэйсбүүкт ороод элдвийн юм донгосч байна гэдэг нь энэ хэмжээгээр цаг алдаж ажил хийхгүй утас, компьютероороо оролдоод хэвтэж байдаг юм байна. Өндөр настан, өлгийтэй хүүхдээс бусад нь сошиал сүлжээ гээчийн хараат болчихоод байгаа нь статистикаас шууд харагдана. Энэ бол гайхуулах юм огт биш. Ходоодны хорт хавдраар тэргүүлж байна гэдэг нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй таарсан хүнсээ, цаг нар харгалзахгүй чихэж байдагтай холбоотой. Сошиалаар ингэж цаг наргүй чаталж, элдэв юм бичиж суугаа нь оюун ухаан, үнэт цагаа хордуулж суугаа бас нэг төрлийн хорт хавдар. Улсаараа, төрийн тэргүүн, улстөрчидтэйгөө, насанд хүрээгүй хүүхдүүтэйгээ зэрэгцээд сошиалын хүлээсэнд орж ихэнх цагаа барж, нэгнийгээ шүүмжилдэг, гүтгэдэг, доромжилдог, хий хоосон цэцэрхэж, хийсэн бүтээсэн зүйлгүй хэдэн жилийг үдлээ. Юу ч мэдэхгүй, юу ч бүтээхгүй, юунд ч суралцахгүй хэрнээ бүх юманд оролцоно. Сошиалд байгаа хүмүүсийн ярьж хэлж байгаагаас харахад мэдэхгүй юм тэдэнд алга, мэддэг юм ч алга. Мэдэхгүйгээ мэддэг мэт бүгдэд оролцдог тэнэгүүд олон байдгийг та бүхэн андахгүй мэдэх биз. Сошиал ертөнц өөрийн гэсэн баатруудтай болсон. Өнөөх өөрсдийнх нь төрүүлсэн баатрууд нь энгийн амьдрал дээр хүний өөдөөс эгц харж чадахгүй гөлөлзсөн галзуу амьтад байх нь олонтаа. Сошиал сүлжээнд амьдрагсад өөрсдөө тэр галзуучуудаа бий болгож, өдөөн турхираад, тэднийгээ харааж зүхнэ. Гэртээ юмуу, гудманд солиотойгоо харуулж байсан түүнийг сошиал орчинд орж ирмэгц улай үзсэн хэрээ шиг бүгд гуаглаад эхлэхээр өнөөх нь өөрийгөө тоож эхэлдэг. Тэр галзуучууд нь өнөөдөр Монголын нийгэмд шийдвэр гаргахад нөлөөлж байна. Улстөрчид нь хэдэн зуун мянган дагагчтай. Нөгөө олон зуун мянган дагагчид нь нэг жиргээ, пост оруулахаар нь урдаг ноход шиг шаагиад ороод ирнэ. Тэгээд л өөрсдийн бодлыг тулгана, зааж зааварлана. Тэднээсээ улстөрчид нь айна гэж жигтэйхэн. Галзуучуудынхаа хэлсэн үгсээр шийдвэрээ гаргана. Нийгмийн амьдралд идэвхтэй хоёр сая гаруй хүн сошиалын идэвхтэй хэрэглэгч гээд бодоод үз. Ийм маягаар галзуучуудын шийдвэрээр улс орон сүүлийн жилүүдэд явах болов. Ингээд болоогүй. Бид нөлөөлж чадаж байна гэлцэн өөрсдийгөө дөвийлгөнө. Манай өмнөд хөрш фэйсбүүк твиттерийг хэрэглэдэггүй, хориглодог. Өөрсдийн гэсэн сошиал сүлжээтэй болсон.Тэд WeChat, Sina Weibo гэсэн өөрийн сүлжээтэй. Мэдээж тэрийг гадныхан биш улс нь хянаад байж байдаг. Бас цензурдэнэ. Харвардын их сургуулийн хийсэн судалгаагаар “50 центнам” гэх нэртэй коммент бичдэг хүмүүс Хятадын коммунист намын үйл ажиллагааг дэмжиж, жилд дундаар 448 сая пост олон нийтийн сүлжээнд оруулдаг гэнэ. Хятадын эрх баригчид үүнийг цахим орчинд явуулж буй цензур хэмээн өмгөөлж хамгаалсан байр сууриа илэрхийлж байжээ. Хойд хөрш харин Whatsapp, Sкуpe, Viber зэрэг сошиал сүлжээг хэрэглэдэг юм билээ. Харин Монголд ямар ч хяналт байхгүй. Дэлхийн бүх сүлжээнд их, бага хэмжээгээр бүртгэлтэй байдаг. Хамгийн өргөн хэрэглэдэг нь мэдээж дээр дурдсанаар фэйсбүүк, твиттер.

Дээр нь монголчууд бид бие биенээ эргээд харахаар л муулж байдаг өөдгүй улс. Сошиал орчинд нэр нүүрээ нуухаараа бүр ч увайгүй болчих юм. Өдөр бүр өдөөн хатгасан, доромжилсон, гүтгэсэн, бусдыг луйвардсан хуурсан үй олон пост, жиргээнүүд хийгээд сууж байдаг. Дэлхийгээр нэг өөрсдийнхөө шившгийг дэлгэж суугаагаа юман чинээ тоохгүй. Тиймээс өөрийнхөөрөө үлдэхэд өөрийн сошиал сүлжээтэй болох хэрэгтэй байна. Гадны сүлжээг юун түрүүнд хааж, төрийн өндөр дээд албан тушаалтан, төрийн албан хаагчид нь хамгийн түрүүнд эндээс гарах хэрэгтэй. Тэгэхгүй бол том, жижиггүй сошиалд орчихсон юу дуртайгаа бураад байхаар энэ улсад нууц гэж байна уу. Америкийн бүх нууц Невадагийн цөлд булаатай хадгалагдаж байдаг гэхчлэн Монгол Улсын бүх нууц дэлхийгээр нэг цацагдаж, гадны сүлжээнд бүртгэгдэж, хадгалагдаж байна. Монголын бүх нууц гадаадын хаа нэгтээ хэн дуртайд нь харагдаад, тэрийг нь хүссэнээрээ боловсруулаад байж болох уу.

Фэйсбүүкийн төлөөлөгч Монголд ирлээ гэж баярлаж бахдаад яах юм. Тэд их баяртай ирэх нь аргагүй биз. Хамгаа дэлгэсэн хэрэглэгч нь энд олноороо байгаа юм чинь. Үнэн хэрэгтээ сошиал орчинд хар тамхи, бэлгийн дарамт, амиа хорлохыг хүүхдүүдэд тулгаж, үй олон муу зүйл энд цэцэглэн хөгжиж байна. Ирээдүй минь үүний уршгаар хэнийг ч үл тоодог, хүндлэх юмгүй, ичиж эмээх зүйлгүй өсч байна. Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна гэдэг яг үнэн. Танихгүй хүнд хүүхдийнхээ ирээдүйг бид даатгаад сууж байна шүү дээ. Бурхан багш, Есүс хэн ч сошиалд орж ирсэн нүүр хийх аргагүй болгож чадахаар ийм л орчинд бид өдрийн ихэнх цагийг өнгөрөөж, үр хүүхэд маань тэндээс сурч, тэнд болохгүй бүхнийг сурч, хүмүүжиж байна. Ийм зүйлийг байлгаад байх уу.

Сошиалд дураараа чалчихыгаа ардчилал гэж андуурах хэрэггүй. Ардчилал гэдэг хажуугийн хүний хамрын үзүүрээр хязгаарлагдаж байдаг. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлнэ гэдгийг хэтрүүлэн ойлгож, хүн гүтгэн доромжлох орчин бий болсон нь магад ардчиллын сул тал. Эхний үед сошиал орчин их зөв маягтай байсан. Хэлэлцэхээ хэлэлцэж, санаа бодлоо солилцож аядуу байлаа. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед түүний зураг хөргийг нь элдэвлэж, ойр тойрныхныг нь шившиглэж, онигооны баатрууд болгож эхэлсэн. Дараа нь Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат руу энэ мэтчилэн дайралт хийж эхэлллээ. Монголын нийгэмд муугаар нөлөөлж эхлэн, сүүлдээ хэн дуртай нь юу дуртайгаа ярьж бичиж, шүлсээ үсчүүлж хүн доромжилдог, бусдын эрхэнд дураараа халддаг талбар болсон. Сошиал сүлжээг үүсгэн байгуулагчид ч үүнд санаа зовж эхэлсэн байна лээ. Сошиал сүлжээг дагаад троллчид буюу цахим сүлжээний соёлын хэм хэмжээг зөрчиж, бусдын харилцаа, танин мэдэхүй, мэдлэгийн солилцоо, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах, ярианы сэдвээс хазайж уншигчдын сэтгэл хөдлөлийг ашиглан талцуулж, маргаан үүсгэж, байгаа үйлдлийг троллинг буюу интернэт тролл гэдэг юм байна. Энэ нь өөрийн онцлогтой, зорилго, шалтгаан нь ялгаатай. Улс орнууд, ялангуяа тухайн улсын эрх баригчид олон нийтийн санаа бодлыг хянах, зөөллөх, суртал ухуулга хийх зэрэгт троллыг ашигладаг ч улс төрийн өрсөлдөгчийнхөө эсрэг худал мэдээлэл тараах, нийгэмд зориудаар эмх замбараагүй байдал үүсгэх зорилгоор сүүлийн үед ашиглах болсон талаар сэтгэл эмзэглэх болсноо мэргэжилтнүүд илэрхийлэх болж. Троллчид дэлхийн хаа сайгүй. Монголд ч бий. Та өөрийн үзэл бодлоо илэрхийлж байна гээд троллчдын эрхшээлд орчихсон байхыг үгүйсгэхгүй. Монгол Монголоороо байхын тулд өөрийн гэсэн сошиалтай тэрийг нь хянадаг болмоор байна. Манай улсын хувьд ч судалгаагаар нийгмийн гол хөдөлгөгч хүч болсон залууст нөлөөллийн ажлыг хийх боломж бүрдсэн талаар сошиал сүлжээ хэрэглэгч залуусын тоон дээр тулгуурласан судалгаа гарсан байна лээ. Мөн Фэйсбүүк, твиттер, зэрэг олон нийтийн сүлжээний цахим хуудсуудыг Арабын хавар, Украины хувьсгалд гол үүрэг гүйцэтгэсэн гэж судлаачид үздэг. Мөн шударга сонгууль болох боломжгүй болсон талаар Фэйсбүүкийн Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан захирал асан Алекс Стамос хэлсэн байна лээ. Гадны нөлөөллөөс хамгаалах арга хэмжээ аваагүй учраас хэтэрхий оройтсон, 2018 оны АНУ-ын Конгрессын сонгууль болох гэж буйтай холбоотой тэрээр ингэж хэлсэн байсан. Хэрийн халдлагад өртөхөөргүй АНУ-д ингэж анхааруулсан байхад Азидаа хэрэглэгчээрээ тэргүүлээд байгаа Монголын сонгуульд нөлөөлөх бол энүүхэнд биз.

Б.ДОНРОВ

Categories
мэдээ нийгэм

Хонгорцог одтой, шарагчин тахиа өдөр

Аргын тооллын есдүгээр сарын 14, Сугар гариг. Билгийн тооллын 5, Хонгорцог одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 6:28 цагт мандан, 19:05 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвижина.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Давхар иргэншлийг зөвшөөрөхгүй бол хоёр аймгийн хэмжээний иргэнээ алдана” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Давхар иргэншлийг зөвшөөрөхгүй бол хоёр аймгийн хэмжээний иргэнээ алдана” хэмээх нийтлэлийг уншина уу.

“Улс төр” нүүрт Засгийн газар огцроход ард түмэн хохирдог хэмээв.

ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат: Замын хөдөлгөөнд дорвитой шинэчлэлт хийхгүй бол 2020 он гэхэд автомашины хөдөлгөөн таг зогсоно хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлжээ.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Аллагатай, авлигатай, хулгайтай засгийг тогтвортой ажиллуулна гэдэг нь юу л бол… “Улс төр” нүүрт бичив.

Г.Хайдав: Англи дарапан пальто, каракул малгай өмсч орос хром жийсэн амьтан л хотын гудмаар алхдаг байлаа гэж “Ардын цолтон” нүүрт өгүүлжээ.

“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга С.Цэрэндэмбэрэл: Давхар иргэншлийн асуудлыг шийдэх шаардлага тулгараад байна хэмээж “Өөрөөс нь” нүүрт ярилаа.

Өдөр тутмын сонинуудын форум нийгэмд тулгамдсан асуудлуудыг хөндөв гэж “Улс төр” нүүрт бичсэн байна.

“Дуулианы эргэн тойронд” нүүрт “Осака & Серена” хэмээжээ.

“Баримт, үйл явдал” нүүрт Ноён уулын 40 дэх шүүх хурал цагдаагийн хамгаалалтад боллоо гэж бичжээ.

“Нэг ангийнхан” нүүрт “Жирийн” гэх тодотголтой ч жирийн байгаагүй манай ангийнхан гэжээ.

Хоёр Солонгосын цэргийн төлөөлөгчид уулзжээ гэж “Дэлхийн мэдээ” нүүрт бичив.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

“ҮЗЭСГЭЛЭНТ УЛААНБААТАРЫН ЦОМ” өртөөт марафон зохиогдоно

Олон улсын хэмжээнд тэмдэглэдэг “Дэлхийн Автомашингүй өдөр”-өөр иргэдэд эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх, “Өртөөт марафон”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж Монгол улсаа олон улсад сурталчлах зорилгоор “ҮЗЭСГЭЛЭНТ УЛААНБААТАРЫН ЦОМ” нэг бүс нэг зам МОНГОЛ-ХЯТАДЫН өртөөт марафоныг нийслэл Улаанбаатар хотноо 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 4 ангиллаар зохион байгуулах бөгөөд нэг баг 2 хүнээс бүрдэнэ.

Та бүхэн дараах ангилал тус бүрд оролцох боломжтой. Үүнд:

·А хэсэг буюу “Сурагчид” ангилалд: 14-17 насны 2 сурагчдаас (эрэгтэй 1, эмэгтэй 1) бүрдсэн холимог баг;

·B хэсэг буюу “Залуучууд” ангилалд: 18-34 насны 2 иргэдээс (эрэгтэй 1, эмэгтэй 1) бүрдсэн оюутан, залуучууд, ажилтан, албан хаагчид, гадаад иргэдээс бүрдсэн холимог баг;

·C хэсэг буюу “Ахмадууд” ангилалд: 55 наснаас дээш насны иргэдээс (эрэгтэй 1, эмэгтэй 1) бүрдсэн холимог баг;

·D хэсэг буюу “Нээлттэй” ангилалд: 35-54 насны ангилалд гэр бүл (эхнэр, нөхөр), гадаадын иргэдээс бүрдсэн (эрэгтэй 1, эмэгтэй 1) холимог баг; оролцоно.

Багийн бүртгэлийг burtgel.sport.gov.mn сайтаар болон Спортын төв ордны I давхрын хурлын танхимд 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 11.00 цагт эхэлж, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 17.00 цагт хаана. Бүртгэлд багийн гишүүд нь өөрийн биеэр ирж, үнэ төлбөргүйгээр бүртгүүлнэ.

·Оролцогчдын энгэрийн дугаарыг 2018 оны 9 дүгээр сарын 19, 20-ны өдрийн 08.30-17.30 цагт Спортын төв ордны 4 давхрын хурлын танхим, IY давхрын 403 тоот өрөөнөөс тус тус олгоно.

·Бүртгүүлсэн багийн гишүүд нь: 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 07.00-09.00 цагт Сүхбаатарын талбайд байрласан бүртгэлийн асраас өртөөний маршрут, чипийг хүлээн авснаар бүртгэлээ баталгаажуулна.

·Шагнал урамшуулал: Ангилал тус бүрт эхний 3-н байрыг шалгаруулан медаль, өргөмжлөлийг I байрт Гадаадад аялах эрхийн бичиг, II байрт Бэлтгэлийн хослол, III байрт Тэмцээний хослолын хамт гардуулна.

·Тусгай шагналаар: “Шилдэг дэмжигч байгууллага”-2, “Шилдэг хандивлагч байгууллага”-1, “Шилдэг зохион байгуулагч байгууллага”-1, тус тус шалгаруулан урамшуулна. Мөн оролцогч тус бүрт Батламж олгоно.

Холбогдох мэдээллийг 80060009, 96658765, 99178373 тоот утсаар лавлах боломжтой гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Аюултай ачааны олон улсын ангилал, анхааруулах тэмдэг / зөвлөмж /

Categories
мэдээ нийгэм

Иргэд, Өмгөөлөгч, Хуульчдад зориулсан номны нээлт болов

Монголын өмгөөлөгчдийн холбоо болонАкадемич, гавъяат хуульч Ж.Амарсанаагийн санаачилгаар бүтээсэн “Гэрээ”, Монголын өмгөөлөгчдийн холбооноос эрхлэн гаргасан “Өмгөөлөгч гарын авлага”, “Хөрөг найруулал” номын нээлт боллоо.

Тус гурван номын онцлог нь:

“Өмгөөлөгч” ном нь өмгөөлөгчид болон судлаачдад зориулагджээ. Гэрээ ном нь иргэдэд зах зээлийн нийгэмд гэрээ хэлцэлгүйгээр ямар нэгэн тохиролцоо хийх боломжгүйг зөвлөсөн. Өмгөөлөгчөөс зөвлөгөө авах орон зай, хугацаа боломж нь ч хүндрэлтэй болжээ. Иймд иргэдэд мэдлэг мэдээлэл өгөх зорилготой “ гэрийн үйлчлэгчийн гэрээ”, “Нууц хаалтын гэрээ” гэх мэтчилэн өдөр тутам хэрэг болдог гэрээний загварыг оруулж өгсөн аж. Мөн шинээр гарсан хуультай холбоотойгоор гэрээг шинэчилж хийсэн байна. Харин “Хөрөг найруулал” номонд 99 өмгөөлөгчийн тухай дэлгэрэнгүй бичжээ. Эндээс ирээдүйд өмгөөлөгч болохыг хүсч байгаа оюутан залуус уншиж үлгэр жишээ авч, тэдний туулсан амьдралаас урам зориг аваасай гэж хүсэж гаргаснаа зохиолчид хэлэв.

Монгол Улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан гаргаж буй бүтээл гэдгийг зохиогчид онцлосон.

Шинээр хэвлэгдэн гарсан “Гэрээ” номын талаар Хуульч Ж.Амарсанаа ярихдаа “Гэрээ номыг иргэд байгууллага, хуулийн этгээдэд зориулан бүтээсэн. Энэ номыг анх 1999 онд хуульч С.Бүдрагчаа анхны хэвлэлийг хариуцаж гаргаж байсан юм. Харин шинээр хэвлэгдэж гарсан “Гэрээ” ном 108 гэрээтэй, долоон бүлэгтэйгээр гарч байна. Бусдын өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх, эзэмшил ашиглалтанд шилжүүлэх, ажил гүйцэтгэх гэх мэтээр бүлэглэсэн нь хуульчид, өмгөөлөгчид авч хэрэглэхэд хялбар байх болно. Түүнчлэн Шүүгч,прокурор, хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч, бусад төрийн албан хаагчид энэ гэрээг сонирхож үзэж болно. Арчдилсан зах зээлийн харилцаа бол тэр чигээрээ гэрээ юм. Тиймээс өмгөөлөгчдийн гарын авлага, эмч нарын хувьд чагнуур болдог шиг энэ чиглэлээр суралцдаг болон ажилладаг хүмүүст “Гэрээ” ном чагнуур болох болно гэдэгт найдаж байна гэв.

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Химийн хорт болон аюултай бодис импортлоход тавигдах шаардлага / зөвлөмж /

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

У.Хүрэлсүх: Цахим орчинд хүүхдийнхээ эрхийг хамгаалахыг эцэг, эхчүүдэд уриалж байна

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн дарга У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал болон ЦЕГ, Харилцаа холбооны зохицуулах хорооны асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзан цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид явуулах үйл ажиллагааны талаар санал солилцов

ЦЕГ-аас явуулсан судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 3,8 сая ширхэг гар утас иргэдийн хэрэглээнд ашиглагдаж байгаагаас 2,5 сая ширхэг нь тогтмол цахим орчинд нэвтрэх боломжтой ухаалаг гар утас аж. Түүнийг хэрэглэгчдийн дийлэнхи олонхи нь өсвөр насны хүүхэд, залуус байна. Цахим орчинд чөлөөтөй нэвтэрч мэдээ мэдээлэл хүлээж авах, сургалтад ашиглахаас гадна Нүүрном буюу Facebook хуудас өргөн хэрэглэж байгаа нь зарим талаар сөрөг үр дагавар үзүүлэх болжээ. Хүүхдүүд хуурамч хаягтай иргэдтэй харилцаж, эд мөнгө, сэтгэл санаа, бие махбодиор хохирч гэмт хэрэгт холбогдсон тохиолдол цагдаагийн газарт энэ онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг дахин их бүртгэгдсэн байна. Иймд цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр нэгдсэн арга хэмжээ авах нь зайлшгүй шаардлага гэв.

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн дарга У.Хүрэлсүх ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс санаачлан явуулж буй “UNFRIEND хөдөлгөөн” аяныг дэмжиж буйгаа илэрхийлж, эцэг эхчүүд, нийт иргэдийг нэгдэхийг уриалав. Цахим бодлогын түр хорооноос ЕБС-ын багш нар, эцэг эхчүүд, эрдэмтэн судлаач оролцсон 800 гаруй хүний дунд явуулсан “Цахим орчин дахь хүүхдийн эрхийг хамгаалах нь” сэдэвт хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийг мөн хүлээн авч засгийн газрын шат шатны байгууллагын бодлого шийдвэрт тусган анхаарч ажиллана гэв. Түүнчлэн өөрийн орны хүүхэд, залууст техник, технологийн хөгжил, интернетийн хязгааргүй боломжийг үр ашигтай, аюулгүй хэрэглүүлэх нөхцлийг нэгдсэн бодлогоор бүрдүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь бидний үүрэг. Түүнчлэн төрийн байгууллагуудаас гадна эцэг, эхчүүд, урлаг, спортын алдартнууд, иргэн бүрийн оролцоо чухал гэв. гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Инфляци наймдугаар сард 0.8 хувиар буурав

Инфляцийн түвшин өнгөрсөн наймдугаар сард 0.8 хувь болж буурлаа хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Харин инфляцийн үзүүлэлт өмнөх оны эцсээс 4.6 хувиар, өмнөх оны мөн үеэс 6.0 хувиар өссөн байна. 6.0 хувиар өсөхөд хүнсний бараа, эм тариа, эмчилгээний бүлгийн үнэ, орон сууц ус цахилгаан бүлгийн дүн нөлөөлжээ. Түүнчлэн инфляци Өмнөговь, Говь-Алтай, Баян-Өлгий, Дорнод аймагт 0.1-0.7 хувиар өсч, бусад аймагт 0.5-2.0 хувиар буурсан байна. Харин Хэнтий аймагт 0.7 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт юм.

Улаанбаатар хотод наймдугаар сард 0.9 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар өсөхөд тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 4.7 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.2 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 15.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.