Categories
мэдээ улс-төр

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг салбарынхандаа үүрэг өглөө

Есдүгээр сарын 20-ны 15 цагийн байдлаар Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн хойд хэсгээр, Увс аймгийн зүүн хэсгээр, Завхан, Архангай аймгийн зарим хэсгээр, Булган аймгийн ихэнх хэсгээр хур тунадас орж, нойтон цас, Сэлэнгийн нутгаар бороо орлоо. Мөн шөнө Сэлэнгэ төв аймгийн нутаг, Улаанбаатар хот орчмоор, маргааш өдөр Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний цас орж, Төв, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан байна.

Энэ сарын 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас, 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. 22-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна.

22-нд нутгийн зүүн хагаст эрс сэрүүсч, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-4 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Улсын ургацын комиссын дарга Б.Батзориг орон нутгийн удирдлагуудад дараах арга хэмжээг шуурхай авч ажиллахыг даалгаж, чиглэл өгч байна. Үүнд,

  • Цасан шуурганд мал уруудаж ургацыг сүйтгэхээс сэргийлэх талаар орон нутгийн удирдлага ард иргэдийг дайчлан зохион байгуулах
  • Ургац хураалтын шатахууны зарцуулалт өсөх тул хангамжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах
  • Налсан тариаг хураахад зориулсан иш өргөгч, морозовын соёо зэрэг нэмэлт эд ангийг нийлүүлэх ажлыг ТЭДС, дилер аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулах
  • Хураасан төмс, хүнсний ногоог хөлдөхөөс хамгаалж хучих, яаралтай зоорилох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх

Мөн цаг агаарын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, малчид, тариаланчдад хандан сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн МАН-ын дарга өнөөдөр тодорно

Өнөөдөр Нийслэлийн МАН-ын Бага хурал хуралдаж, 2020 оны сонгуульд Нийслэлийн намаа ахлан орох удирдлагаа сонгоно. Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, олонхийн саналаар одоогийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдүүлэх шийдвэр гаргасан билээ.

МАН-ын дүрэмд заалнаас нэр дэвших эрх нээлттэй. Энэ дагуу нэр дэвшигч С.Батболдтой Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өрсөлдөх юм. Тэрбээр өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл дээр Д.Сумъяабазар сайд нийт зургаан гишүүний санал авч, гурван саналаар С.Батболдод ялагдсан байна.

Уг хоёр нэр дэвшигч дээр Хотын дарга асан Ц.Батбаярыг заалнаас нэр дэвшүүлж, өөрөө нэр татах байдлаар тоглолт хийнэ гэсэн таамаг байгаа юм. Тэрбээр өчигдөр намынхаа Удирдах зөвлөлд Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөх хүсэлтэй байгаагаа уламжилна гэсэн байр суурь илэрхийлсэн. Гэвч яг хуралдааны үеэр нэр дэвшихгүй гэсэн асуудал яригдсан гэх мэдээлэл байна.

Хотын дарга асан Ц.Батбаярын хувьд “Нэр дэвшинэ” гэсэн байдал үүсгэж, албан тушаал авах тохироонд хүрэх, эсвэл өөрийгөө байгаа гэдгийг сануулах гэсэн улс төрийн тоглолт хийж байгаа гэх таамаг бий. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Ц.Батбаярын хотын фракцийн зүгээс шахалт үзүүлж, тодорхой байдлаар тохиролцоонд хүрсэн бололтой.

Нийслэлийн МАН-ын Бага хуралд саналын эрх бүхий нийт 369 төлөөлөгч оролцох бөгөөд эдгээрээс 80 нь квотоор орж байгаа юм. Монголын Хүүхдийн ордонд өглөөний 07:00 цагаас төлөөлөгчдөө бүртгэсэн тус хурал 09:00 цагаас эхлэх юм. Бид мэдээллийг шуурхай хүргэн ажиллах болно.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Батсуурь: Боловсролын салбар мөнгө олдог хэдэн олигархиудын гарт орчихсон

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд асан Ж.Батсуурьтай ярилцлаа.


-Өмнөх Засгийн газрын үед та боловсролын сайдаар ажиллаж байсан хүний хувьд одоо энэ салбарын үйл ажиллагаа, бодлого, зохицуулалтыг хэрхэн дүгнэн харж байна вэ. Багш нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардан ажил хаялт зарласан шүү дээ?

-Шууд хэлэхэд багш нарын цалинг нэмэх нь зөв. Ганц боловсролын салбарынхны цалин бага байгаа юм биш. Ерөнхийдөө нийт төрийн албан хаагчдын хөдөлмөрийн хөлс бага. Урд болон хойд хөрштэйгөө харьцуулаад үз л дээ тэнгэр газар шиг өөр байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн авч байгаа цалин хүний амьдралын наад захын хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй байгаа нь үнэн. Төрийн албан хаагчийн дундаж цалин нэг сая төгрөгт хүрсэн гэж ярьдаг нь худлаа. Юмны үнэ тэнгэрт хадаад байдаг хэр нь цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмнэ гэхээр тийм ч эдийн засгийн хүндрэл, ийм ч өр, хэлцэл гээд яриад суугаад байж болохгүй. Багш нарын цалинг 50 хувиар нэмэхэд нэг их наяд төгрөг шаардлагатай гэж хэвлэлээр ярьж байсныг сонссон. Одоо нийт багш нарын авч байгаа сарын цалин ч нэг их наяд хүрэхгүй, 300 орчим тэрбум төгрөг л төсөвлөж байгаа, үүнийг төсвийн зардлын цалингийн задаргаанаас харчихаж болно шүү дээ. Үнэн, бодит тооцоо судалгааг ард иргэдийг төөрөгдөлгүйгээр бодитойгоор мэдээлээсэй, Боловсролын яамны зүгээс Сангийн яам, Засгийн газартайгаа асуудлаа шийдэж ажиллаасай. Хөдөлмөрчдийн үндсэн цалин бага байгааг төр, засаг хүлээн зөвшөөрч орлогоо зөв хуваарилж, оновчтой бодлого барих шаардлагатай. Манай улсад орлого орохгүй биш орж байгаа. Орж ирсэн орлогоо бүтээн байгуулалтын ажилд зарцууллаа л гэнэ. Хэдэн тэрбум төгрөгөөр тийм ч бүтээн байгуулалт хийлээ гэх юм. Гэтэл тэрхүү бүтээн байгуулалтын зорилт, ач холбогдол, төсөв зардал нь бодитоор тооцогддог эсэх нь эргэлзээтэй. Зарим ажлыг дэндүү өндөр зардлаар хийгээд байна уу даа гэж анзаарагддаг. Том тоо ярьж, их зардлаар боссон ажил нь чанартай, үр дүн нь бодитой байх ёстой. Чанаргүй олон ажил хийгдэж байгаа нь нөгөө л хөрөнгө мөнгө идэж, уудаг асуудалтай шууд холбоотой. Бид сүүлийн 10-аад жил авто замд бүтээн байгуулалт хийлээ. Гэтэл өнөөдөр Нарны замаас өөр бүтэн зам Монголд нэг ч алга байна шүү дээ.

Ингэж хөрөнгө мөнгийг хувьдаа шамшигдуулж, чанаргүй бүтээн байгуулалт хийгдээд байвал улс орны хөгжил, эдийн засаг яаж дээшлэх юм. Үнэндээ Монгол Улс хэдэн сургууль цэцэрлэг бариад хэдхэн хүүхдээ бүрэн цэцэрлэг, сургуульд хамруулж чадахгүй л өнөөдрийг хүрлээ шүү дээ.

-Тэгэхээр чанаргүй бүтээн байгуулалтын ажилд өндөр зардал гаргаж, дээр, дооргүй идээд байгаа болохоор цалин нэмэгдэхгүй байна гэж ойлгох уу?

-Орж ирсэн орлогоо зөв хуваарилж чадаагүй, хариуцлага, хяналтын тогтол-цоо нь сул байхаар улсын эдийн засаг яаж өсөх юм бэ. Эдийн засаг нь өсөхгүй бол цалин яаж нэмэх билээ. Боловсролын салбарын жилийн төсөв дөнгөж их наяд гаруй төгрөг л байсан. Энэ мөнгөнөөс цалин тавина, сургууль, цэцэрлэгийн засвар, урсгал зардал, бусад шаардлагатай зардлууд гарна. Ингээд бодохоор багш нарын цалинг 50 хувиар нэмэгдүүлэхэд нэг их наяд төгрөг яагаад ч болохгүй. Бусад салбарт тухайлбал Зам, тээврийн салбарт нэг, гүүр, зам эвдэрч нурлаа гэхэд буцаагаад засварлаж болно. Харин боловсролын салбар бол амин чухал, өнөөдөр үүссэн ангал нүхийг бид хэзээ ч засаж чадахгүй, ирээдүйгээрээ төлнө гэдгийг мартаж болохгүй. Боловсролын салбар нь уналтад орж, улс төрийн бодлого нь тогтворгүй, хээл хахуульд идэгдсэн улс орон, ард түмэн маш эмгэнэлтэй байдалд хүрдэг гэдгийг олон орны түүх, туршлага харуулсаар байна. Орлого багатай улс оронд хулгай дээрэм, цахим сүлжээг ашигласан янз бүрийн гэмт хэрэг, луйвар зэрэг нийгмийн хар бараан зүйл нь улам л тодордог. Тиймээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг дээр миний хувьд санал нэг байгаа.

-Засгийн газрын шийдвэрээр багш нарын цалинг 8-30 хүртэлх хувиар нэмсэн. Гэтэл ажил хаялтад оролцож байгаа багш нар энэхүү нэмэгдлийг жил бүр төрийн албан хаагчдад олгодог 300 мянгаа л хувааж өгч байна. Үүнийгээ цалин нэмэгдүүллээ гэж ард түмэнд ойлгуулаад байна гэх юм?

-Ер нь хаана хаанаа бодит мэдээлэлтэй болох ёстой. Засгийн газар нь ч тэр, төрийн албан хаагчид ч тэр. Ард түмнээс үнэнийг нуугаад хэрэггүй. Боловсролын салбарт цалинг нь нэмсээр байхад багш нар нь сурагчдын эрхийг хохироогоод, эсвэл багш нарынх нь эсрэг төр нь байгаа ч юм шиг янз янзын ойлголтыг ард түмэнд төрүүлж болохгүй. Энд Засгийн газар албан ёсны тайлбар мэдээллийг ард түмэнд өгөх шаардлагатай. Монголын айл өрх, иргэн бүр боловсролын салбарт ямар нэгэн хэмжээгээр хамааралтай амьдардаг. Энэ салбарт нэг сая гаруй суралцагч байна. Багш нар маань л цалингаа нэмэгдүүлмээр байна гэж түрүүлж дуугарч, ад үзэгдээд байгаа болохоос биш нийт төрийн албан хаагч, ажиллагсдын цалин дэндүү бага байгаа. Эдгээр хүмүүсийн олонх нь арилжааны банкны хүлээсэн дунд амьдарч байна. Өнөөдөр монгол айл өрхөд орлого алга, ажлын байр хомс, энэ асуудлаар төр засгаас анхаарч дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлж чадахгүй байна. Засгийн газар ард иргэдийг маргаашийн тухай гоё үлгэрт итгэ хэмээн тулган өнөөдөр маргаашийн ирээдүйг бүтээгчдийг, маргааштай хамт золионд гаргаж байна.

-Өнгөрсөн хугацаанд яагаад энэ салбарын ажиллагсдын цалинг нэмэгдүүлээд байж болоогүй юм бол?

-Ардчилал гарснаас хойш өдийг хүртэл энэ асуудлыг ярьж байна. Төрийн зарим өндөрлөгүүд хүртэл албан хаагчдын цалинг нууцаар нэмэгдүүлнэ. Харин ил тод нэмнэ гээд зарлачихвал юмны үнэ тэнгэрт хадчихна гэдэг зүйлийг ярьдаг байсан. Цалин нэмчихээр юмны үнэ нэмэгдчихнэ, тиймээс инфляцийн түвшинг харж байгаад нэмэгдүүлнэ гэх утгагүй зүйлээ энэ төр сүүлийн гучин жил ярилаа. Цалин нэмэхээр л юмны үнэ огцом өсчихнө гэж юу байх вэ. Юмны үнийг хээрийн салхи хүрч ирээд шууд өсгөчихгүй. Энд ямар нэгэн хүний оролцоо орсон учраас л үнэ нэмэгдэж байгаа юм. Тэгэхээр үнийг хянаж, шалгаад хязгаарлаж болох байхгүй юу. Ерэн онд бид юуны төлөө тэмцсэн юм. Төрийн зохицуулалттай, шударга эдийн засгийн нийгэм байгуулахын төлөө л тэмцээ биз дээ. Гэтэл өнөөдөр Төр өөрөө үүнийгээ зохицуулж чадахгүй байна. Шинжлэх ухаан, мэдээллийн эрин зуунд мэдээллийг ямар ч аргаар олж авч чадна. Яагаад тэр компани үнээ нэмчихэв, үнэхээр бензиний үнэ өсчихсөн үү, гаднаас бензин оруулж ирэх зардал, энд нэг литрийг нь хэдээр худалдаалах вэ гэдгийг судлаад, мэдээллийг нь олох боломжтой. Тэгэхээр үнэхээр үнээ нэмэгдүүлэхээс аргагүйд хүрсэн үү, эсвэл хийсвэр үнийн өсөлт үүсгэчихсэн үү гэдгийг мэдэх боломж, хариуцсан төрийн байгууллагуудад бий. Харамсалтай нь үүнийг хийхгүй, хийхийг хүсэхгүй байна. Үнийн өсөлт үнэн үү, энэ асуудлыг зохицуулчихъя, буруутай этгээдэд хариуцлага тооцъё гэсэн хүсэл төрд алга. Хэдэн олигархиудын ил, далд дохио зангаагаар л төрийн ажлыг явуулаад байна уу даа гэж харж байгаа. Энэ мэт төрийн зохицуулалтгүйгээс болж цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэх ёстой хугацаандаа нэмэгдэж чадахгүй өдийг хүрсэн.

Үүнийг би мэдээд, өнөөдөр хэлээд байгаа юм биш, хүн бүхэн л мэдэж байгаа. Гол нь асуудлыг зохицуулах хүсэлтэй байна уу, хэний таалалд нийцүүлж бодлого шийдвэр гаргаж байна вэ гэдэгтээ л байгаа юм. Боловсролын салбар ч гэсэн мөнгө олдог хэдэн олигархиудын гарт орчихсон. Хэдэн арван сая төгрөгийн төлбөртэй хувийн сургуулиуд байна. Гэтэл ерөнхий боловсрол, бага дунд боловсролыг үнэ төлбөргүй олгох ёстой гэсэн төрийн үүрэг бий. Энэ механизмыг зөв хэрэгжүүлээд бүх ерөнхий боловсролын сургуулиудыг жигд ажиллуулж, нийтээрээ нэг хөтөлбөртэй байх ёстой.

-Одоо энэ салбарыг удирдаж байгаа сайдаас та-ны өмнө хийж хэрэгжүүлж байсан бодлого, үйл ажиллагаа анзаарагдаж байна уу?

-Сургалтын хөтөлбөрийг олон өөрчлөөд байх шаардлага байхгүй. Үүнийг салбарын мэргэжилтнүүд дээрээ суурилж маш болгоомжтой хандах ёстой. Хэдийгээр хэн юу ярих, юу бодох нь эрх чөлөөний асуудал ч ерөнхий боловсролын хичлээлийн хөтөлбөрт нөлөөлөх нь утгагүй. Тухайлбал, залуучууд хар тамхинд донтож байна гэхээр энэ талын хичээлийг ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт оруулах ёстой гэнэ. Бүх улс орны боловсролын системд өөрийн гэсэн зорилт бий. Мөн ерөнхий боловсролд баримталдаг үндсэн зарчим бий. Тэр нь сурагчийн толгой гэдэг хогийн сав биш, тэнд юм бүрийг чихэх ёсгүй гэдэг зарчим. Тиймээс өнөөдөр сайд хэн байхаас, эсвэл хэн нэгэн албан тушаалтны санаа бодолд нийцүүлэн юуг ч хамаагүй зааж, боловсролын үндсэн агуулгыг алдагдуулж болохгүй. Бусдын үг, сошиал сүлжээнд хэт туйлширч явдаг буруу мэдээлэл дээр үндэслэн боловсролын салбарын бодлогыг тодорхойлох ёсгүй. Дэлхийн боловсролын суурь зарчим гэж бий л дээ. Тэрийгээ бариад явах ёстой.

-Та яг ямар учраас сайдын албан тушаалаас огцорсон юм бэ?

-Тухайн үед зарим өндөр албан тушаалтнуудын зохион байгуулалттай хийж хэрэгжүүлсэн арга хэмжээ бий л байх. Тэр үед төр барьж байсан намын бодлого, шийдвэрээр л огцорсон. Түүнээс биш хувь хүнийхээ хуьд ямар нэгэн хууль зөрчсөн, эсвэл ёс суртахууны доголдол гаргасан зүйл байгаагүй. Өгч болсон ажил түүнийгээ авна л биз гэж бодсон. Энэ үеэр янз бүрийн худал мэдээлэл, буруу ташаа зүйлс гарч байсанд харамсдаг. Намайг зүгээр дуудаад Засгийн газар хамтран ажиллах боломжгүйгээ илэрхийлсэн бол томилогдсон менежер хүн ажлаа шууд л өгчихнө шүү дээ. Миний хувьд энэ төр засаг, нийгэм шударга байгаасай л гэсэн бодолтой явдаг. Тэр ч утгаараа сайд байх хугацаандаа боловсролын салбарт шударга ёсыг эрхэмлэн, шударга байя гэсэн зарчмыг л баримталсан. Ерэн оноос эхлэн шударга үнэнийг нэхэмжилж байгаа ард түмний дуу хоолой өдгөө улам л чангаар сонсогдох болж. Ард түмний дийлэнх олонх нь энэ төр, нийгэмд шударга үнэнийг тогтоогоод өгөөч гэсэн чин хүсэлтэй байна.

-Таныг элсэлтийн ерөнхий шалгалтын материал задалдаг, мөн сургуулийн захиралтай холбоотой асуудлаас болж огцруулсан гэж нийтээрээ дайрсан шүү дээ…

-Энэ бол хэн бүхэнд л ил тодорхой асуудал. Жил бүр л улсын болон элсэлтийн ерөнхий шалгалтын тест задардаг гэсэн гомдол гарч байсан. Багш нар гэдэг чинь сурагчиддаа сайнаар үлгэрлэн, сурган хүмүүжүүлэгч үлгэр дуурайлал болсон хүмүүс. Цөөн хэдэн увайгүй хүмүүсийн үйлдлээс багш хүний нэр сэвтэн, үнэлэмж буурч байгаад үнэхээр харамссан. Тухайн үед шалгалт авах багш урьдчилаад шалгалтын материалаа задалчихсан байсан. Тэр битгий хэл ангиараа зохион байгуулалтад орж шалгалтын тестийг худалдаж авсан үйлдэл нь ч тогтоогдсон. Үүнийг хариуцаж байсан Боловсролын үнэлгээний төвийн нөхдүүдэд хандаж “Жил болгон тест зардаг гэсэн асуудал яригддаг. Хэрэв энэ удаад ийм зүйл гарвал эзэн холбогдогчийг нь заавал олж тогтоо” гэсэн үүргийг өгсөн. Тэр үед хэн хаанаас тест задлав, хаана, хаана тэрхүү тестийг тараасан бэ гэдэг нь тодорхой болгосон. Миний хувьд шалгалтын материалыг тараагаагүй ч, салбар хариуцаж байсны хувьд хариуцлага хүлээх нь зүй ёсных. Гэхдээ сургуулийн бяцхан сурагчдаас мөнгө хурааж аваад тест задалж байгаа үйлдэл ардын багш нараас гарч байгаад их харамсч байсан. Иймэрхүү шударга бус зүйлийг энэ нийгмээс зайлуулахгүй бол хойч үеэ улам л шударга бус, амар хялбар амьдардаг нийгмийг нь бүтээж өгч байгаагаас ялгаагүй юм. Үүнийг засахын тулд л тэмцэж, дуугарсан. Ер нь ёс суртахуунгүй байснаас боловсролгүй байсан нь дээр гэсэн үг бий. Ёс суртахуун хэмээх зүйлийг л эрхэмлэн үлгэрлэх ёстой.

-У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудлыг сөрөг хүчний зүгээс болоод улс төрийн бусад нам, эвслүүдээс удаа дараа шаардлага тавьж байна. Уг асуудлыг та юу гэж харж байна?

-Засгийн газрыг огцруулах нь маш муу үр дагавартай. Улс орны хөгжил, бүтээн байгуулалт, том төслүүд гадаад ертөнцөөс хамааралтай болчихсон ийм цаг үед байнга Засгийн газраа сольж байдгаа болих хэрэгтэй. Гадны улс орнууд, хөрөнгө оруулагчид ч гэсэн бидэнтэй харилцахаасаа нуруугаа авахуулсан морь шиг л болж байна. Цаашлаад дотоодын ажил, төрийн бодлого ч урагшаа явахгүй байгаа. Өмнө Засгийн газрын үед сайдаар томилогдсон даруйдаа урд, хойд хөршийн боловсролын салбарын удирдлагуудтай уулзаж, харилцан хамтын ажиллагаа, бодлого зорилтоо тодорхойлчихсон байсан. Ингээд удаагүй манай Засгийн газар огцорсон. Одоо харж байхад тэр үед хийхээр төлөвлөсөн ажил, зөв бодлого, төсөл хөтөлбөрүүд бүгд алга байна. Салбар бүрт яригдсан зүйл Засаг солигдсоноор хэрэгжихээ больж, холбоо тасардаг. Энэ нь улс орны хөгжил, тухайн салбарын ирээдүйд сөрөг нөлөөтэй. Тиймээс Засгийн газрыг аль болох тогтвортой ажиллуулах л шаардлагатай. Болж өгвөл бүрэн эрхийн хугацааг нь дуустал ажиллуулаад үзэх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр тогтвортой байлгаж байна гээд хариуцлагаас мултрах шалтгаан болохгүй. Засгийн газар тогтвортой байлаа гэж бодоход бодлого хэрэгжүүлж байгаа төрийн алба хаагчдыг байнга сольж байна. Угтаа мэргэшсэн хариуцлагатай төрд баг бүрдүүлэх, өөрийн танил, итгэлтэй хүнээ томилдог гэдэг ойлголт байдаггүй. Харин ажлаа мэддэг, мэргэшсэн, бэлтгэгдсэн хүн л тэрхүү төрийн албыг хашдаг юм.

-Шуудхан асуухад У.Хүрэлсүхийн Засгийн газрын явуулж байгаа бодлого, үйл ажиллагаа таны сэтгэлд нийцэж байна уу. Та хэрхэн дүгнэж байна?

-Засгийн газар ажлаа аваад нэг жил орчим болж байна. Засгийн газрын тэр нь болохгүй, энэ болж байна гэдэг зүйлийг ярих эрт байна, тийм цаг хугацаа нь ч болоогүй байна. Би хувьдаа ганцхан зүйлийг л ярьдаг. Өмнөх Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн үгийг хэлсэн. Би бодохдоо ухаалаг төрд зөв тогтолцоо чухал гэж дүгнэдэг. Өөрөөр хэлбэл төрийг ухаалаг болгох гол механизм бол тогтолцоо нь зөв байх ёстой. Төрийн тогтолцооны гажиг туйлдаа хүрч байгаа өнөө үед Ерөнхий сайд үр дүнтэй ажиллах боломж бараг үгүй байна.

-Тэгвэл өнөөгийн төрийн тогтолцоо ямар байна вэ. Тогтолцоо нь зөв явж чадаж байна уу?

-Ер нь төрийн тогтолцоонд гажиг үүсээд удаж. Бүр улам даамжирч байна. Төрийн өндөр албанд ямар ч хүн байсан үр дүнд хүрч ажиллах боломжгүй байна. Энэ юунаас болж байна вэ гэхээр төрийн тогтолцооноос хамааралтай. Нийгмийн бүхий л шатанд улс төрийн ашиг сонирхол, хонжоо гэдэг юм нэвт шувт шингэчихлээ. Өмнө нь улс төрөөс ангид олон байгууллага байлаа. Эрүүл мэндийн салбар, академик байгууллагууд, хууль, хяналтын байгууллагууд улс төрөөс ангид байсан. Энэ төрийн тогтолцооны гажиг улам нөлөөлсөөр дөрөв, дөрвөн жилийн хугацаанд муудсаар өдгөө тартагтаа туллаа. Өнөөдөр сонгууль хийгээд маргаашаас нь дараагийн сонгуулийн эрх ашиг яригдаж, үйлчилж байна.

-Тэгэхээр төрийн тогтолцооны гажгийг хэрхэн зөв засах ёстой юм бэ?

-Аймгийн удирдлага бие даагаад үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байна. Ямар нэгэн шийдвэр гаргаад явах гэхээр ИТХаас нь шүүмжилдэг. Цаашлаад огцруулна, энэ бодлого чинь таалагдахгүй байна гэдэг. Ийм нэг хайчин дунд л төрийн удирдлага яваад байна. Аймаг, сумын түвшинд айхавтар улс төрийн сонгууль явуулах хэрэггүй. Цөөн хүн амтай манайх шиг улсад улс төрийн сонгуулийг жижиг орчинд явуулах нь маш сөрөг үр дүнд хүргэдэг. Олигархиуд, бүлэглэлүүд аймаг, сум, бүс нутгийг хуваагаад худалдаад авчихлаа. Зарим нь бүр салбараар нь худалдаад авчихсан. Тиймээс иргэд тэр салбар хувийн компани шиг ажиллаж байна гэж яриад байгаа юм. Ийм нэг улс төр нэвт шингэсэн нийгэм цаашдаа урт удаан хугацаанд тэснэ гэдэг хэцүү. Олон судлаач ийм улс төрийн тогтолцоотой явсаар байвал Монгол Улс маш хүнд байдалд хүрнэ шүү гэдгийг сануулсаар л байгаа. Нэг л их ард түмэн, улс эх орондоо хайртай хүн мэтээр бүх шатанд жүжиглэж байна, энэ улстөрчид. Тиймээс улс төрийн нам, төрийн тогтолцоонд суусан энэ гажгийг засахгүй бол улс орон хөгжихгүй, урагшаа нэг ч алхахгүй. Хууль, хүчний байгууллага улс төрийн нөлөөллөөр шийдвэр гаргаж байна.

-Хэнтий аймагт товлогдсон нөхөн сонгуулийн талаар улстөрчид байр сууриа илэрхийлж байгаа. Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Хууль зөрчсөн үү, үгүй юу гэдгээ УИХын гишүүд бүгд л мэдэж байгаа. Ер нь Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийг яаралтай явуулах хэрэгтэй. Тухайн тойргийн төлөөллийг УИХ-д суулгах нь зөв. Энэ мэт аахар, шаахар хуулийн үгээр хөөцөлдөөд байвал ард түмэн л хохирч үлдэнэ. Хаана хаанаа хуулийн үгээр ярьж, мэтгэлцэж, маргалдан, нэгдсэн шийдвэрт хүрч чадахгүй байгаа нь төрийн тогтолцоонд гажиг суусны нэг илрэл л дээ.

-Та одоо ямар албан тушаал, ажил алба эрхэлж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газрын байгууллага болох “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл”ийн даргаар ажиллаж байна. Хот суурин газрын ус хангамж, ариутгах татуургын тухай хууль байдаг. Энэ хуулийн хүрээнд энэ чигийн байгууллагуудыг зохицуулах зөвлөлийг удирддаг. Ус сувгийн байгууллага, орон сууцны конторуудад мэргэжлийн ажил үйлчилгээг үзүүлэх чиглэлээр, мөн орон нутагт ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ тусгай зөвшөөрөл олгох, үнэ тарифыг нь батлах үүрэгтэй зөвлөл юм.


Categories
мэдээ улс-төр

350 сая ам.долларын тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео бараалхаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. Мөн энэ үеэр мянганы сорилтын корпорацийн хоёр дахь компакт гэрээнд гарын үсэг зурлаа. Үүний дараа ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким болон Олон Улсын валютын Сангийн захирал Кристин Лагард нарын албаны хүмүүстэй уулзаж хоёр орны эдийн засгийн талаар санал солилцсон юм.

350 сая ам.долларын тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа

Мянганы сорилын сангаас олгох 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурснаар монгол төгрөгөөр тооцвол 875 тэрбум төгрөг болж байгаа юм. Үүнээс өмнө тус сангаар дамжуулан америкчууд 285 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсад олгосон бөгөөд таван жилийн хугацаатай үргэлжилсэн уг гэрээ 2014 онд дуусгавар болсон билээ. Хоёр дахь удаагаа компакт гэрээнд хамруулах шийдвэрийг Мянганы сорилын сангаас мөн 2014 онд гаргасан шийдвэрээ дуулгасан бөгөөд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын Засгийн газартай ярилцаж, хоёр дахь компакт гэрээ боловсруулах Үндэсний ажлын албыг байгуулж байжээ.

МСС-ийн шийдвэрээс хойш дөрвөн жилийн хугацаанд тодорхой судалгаа тооцоонууд Монголд хийгдсэн байна. Уг тооцоо судалгаа, төсөл дээр үндэслэж, буцалтгүй тусламжийн мөнгөө юунд зарцуулахыг АНУ-ын талаас шийджээ.

Мянганы сорилын сангаас эргэн төлөгдөхгүйгээр олгож буй 350 сая ам.доллар ийнхүү Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр гарын үсэг зурснаар биелэлээ олов. Өөрөөр хэлбэл, 350 сая ам.доллар буюу 875 тэрбум төгрөгийг Улаанбаатарын усны нөөцийг сайжруулах, хэрэглэсэн усыг буцааж ашиглахад зарцуулах “гэрийн даалгавар”-ыг монголчуудад таван жилийн хугацаатай олгож байна гэсэн үг юм. АНУ-ын зүгээс буцалтгүй тусламжийн мөнгийг 33 оронд өгснөөс хоёр дахь компакт гэрээг зургаа, долоохон оронд өгсөн байдаг юм байна. Мөн аж үйлдвэрийн зориулалтаар хаягдал усыг дахин боловсруулснаар 400 мянган шоо метр цэвэр усыг хэмнэх боломж бүрдэх юм байна. Тухайлбал, төслийн хүрээнд хамгийн сүүлийн үеийн бохир ус цэвэрлэх байгууламжийг суурилуулж, нийслэлд 52 шинэ худаг, шугам татах зэрэг ажлуудыг хийнэ. Хаягдал усыг дахин боловсруулж ашигласнаар тэр хэмжээгээр ундны цэвэр усыг хэмнэх болно гэж үзэж байгаа юм.


МОНГОЛ УЛС, АНУ-ЫН ГАРГАСАН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛД:

“Монгол Улс, АНУ нь хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойших 30 гаруй жилийн хугацаанд гаргасан тууштай хүч чармайлтын үр дүнд Монгол Улс, АНУ-ын улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол, соёл, иргэд хоорондын харилцаа холбоо гүнзгийрэн хөгжиж ирснийг тэмдэглэж, хоёр талын харилцаа Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн шинэ түвшинд хүрснийг зарлан тунхаглав” гэжээ.

“ӨРГӨТГӨСӨН ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛС, АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ”-ийг ЭНД дарж бүрэн эхээр нь уншина уу.

Categories
мэдээ цаг-үе

Г.Хайдав: Англи дарапан пальто, каракул малгай өмсч орос хром жийсэн амьтан л хотын гудмаар алхдаг байлаа

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдавтай ярилцлаа.


-Та сайхан намаржиж байна уу?

-Монгол хүн амны билгээр гэдэг юм. Сайхан намаржиж байна аа.

-Та сайхан харагдаж байна?

-Одоо би үр хүүхдийнхээ гар дээр л байна. Хэн нь завтай, хэнийх нь зайтай байна гээд л явж байгаа. Ер нь уламжлалт эмнэлэг, II эмнэлгийнхнийхээ хараанд л явж байна даа.

-Хүмүүс такси барихаар гараа өргөхөд суудлын жижиг тэрэг ирж зогсдог. Таныг замын хажууд зогсохоор том жийп машин ирж зогсоод Та хаачих вэ гэж асуудаг юм билээ?

-(Инээв). Тэр чинь яах вэ ард түмэн намайгаа андахгүй. Танихгүй хүүхэд ч байхгүй. Намайг харвал тус л хүргэхийг боддог. Би өөрөө тухайн үедээ хүүхдээс эхлүүлээд ахмадуудад юу чадахаараа л тусалж явсан хүн. Энэ бол Монголын дэг жаяг.

-Энэ мөчид,

…Эрдэм номыг сурахаар

Энхрий хүү чинь мордож байна

Энэрэлтэй эжий минь та хүүдээ

Эрхэм сургаалаа хайрлана уу гэж эхэлдэг Ээждээ дуу тань эрхгүй санагдаж байна шүү?

-Би чинь Соёл урлагийн их сургууль, Хөгжим бүжгийн коллежийг буй болгоход ардын жүжигчин, төрийн шагналт С.Гончигсумлаа гуайтай хамтарч, хоёулаа л гар бие оролцсон. Бид хоёр чинь сонгодог гэдэг юмны хамгийн түрүүний хоёр шүү дээ. С.Гончигсумлаа гуай Москвагийн консерваторын анхны оюутан. Би бол дайны үед очсон хоёр дахь оюутан нь байхгүй юу. Бид хоёроос хойш миний шавь нар, шавийн шавь нар бүгдээрээ Монголын энэ хоёр сургуулийн нэрийг гаргаад дэлхийд очоогүй газар үгүй болчихоод байна шүү дээ.

Би чинь Дундговиос гаралтай. Аав минь Өмнөговиос гаралтай. Гамингууд, Бароны цэргүүд, эсэргүүнүүд будлиан гарч байсан үе. Аав минь мал хөрөнгө бүх юмаа улсдаа хураалгачихаад дөрвөн ханатай бор гэртэй үлдээд “Би малын хойноос явахгүй, төрсөн эгчдээ, Хүрээ орно” гээд л наашилсан байгаа юм. Манайхыг Өмнөговиос ингэж нүүхэд би гараагүй байсан. Замдаа нүүдэллэж явахад Дэлгэрхангай гэж уулын ард төрсөн хүн дээ, би. Би уг нь ээж аваасаа есүүлээ. Хамгийн бага нь шүү дээ. Цаана тэнд гамингийн гарт алдахыг нь алдсан гэдэг. Хүүхдүүдийг хамаад явчихдаг байсан юм гэнэ лээ. Замд явж байхад төрсөн би, миний нэг эмэгтэй дүү бид хоёр л амьд үлдсэн байгаа юм. Анх хотод орж ирээд зургаан настайдаа уйгаржин монгол бичгийг багшдаа зодуулан байж сурсан. Намайг алгадаад унагачихна. Зодуулахаас айгаад дорхноо сурсан. Түдэв гэж Монгол Улсын их сургуулийг буй болоход анхны монгол хэлний багш байсан хүн. Би тэр бичиг номыг зуны амралтаас намрын энэ үед хүртэлх хугацаанд л сурчихсан юм даг. Төөрсөөр төрөлдөө гэдэг. Миний хувьд төөрөөгүй. Төөрөхгүй явсаар төрөлдөө ирсэн.

-Урлагийн томчуудтай уулзахад таны биеэ авч яваа байдал, бусадтай харьцдаг харьцаа зэргийг ихэд онцолдог тухайгаа ярьдаг юм. Одоо ч таны сууж байгаа суулт цаана л нэг тийм эрхэмсэг, цэмцгэр юм?

-Энэ бол номоор бол этик. Энэ болгоныг чинь С.Гончигсумлаа гуайтайгаа хамт Москвагийн консерваторт сурч байхад миний Марксизмын багш маань заасан. Биеэ хэрхэн авч явах вэ, ширээнд суухдаа сандлаа хэрхэн дөхүүлж, дэргэд байгаа хүнээ хүндэтгэх вэ, боссоныхоо дараа сандлаа хэрхэн буцаан байранд нь тавих вэ. Яаж алхах, гишгэх вэ гээд бүгдийг нарийн заадаг байсан юм. Уг нь би энд байхдаа Жанжин Сүхбаатарын Хэвлэх үйлдвэрт ажиллаж байхдаа Эвлэлийн гишүүн болсныхоо дараа 1947 онд XI их хуралд сууж байгаад Эвлэлийн төв хорооны Товчооны гишүүн болчихсон хүн. Би чинь Хэвлэх үйлдвэрт үсэг өрж явсан хүн. Зөвлөлтийн инженер манай үйлдвэрийн сургагчаар ирсэн. Тэр хүн намайг “Энэ хүн хэрвээ энэ мэргэжлээрээ цаашид явбал надаас илүү чадварлаг инженер болох юм байна” гэж билээ. Тэгээд намайг Хэвлэх үйлдвэрийн захиргаанаас инженерийн сургуульд явуулахаар боллоо. Тэр хооронд Сайн дурын уран сайханчдын уралдаанд орлоо доо. Тэр үеийн мундаг хүмүүс шүүгчээр ажиллаж байсан. Тэд намайг нэгдүгээр байрт оруулсан юм. Тэгтэл С.Гончигсумлаа гуай “Чи урлагт ор. Чи дуулж чадах юм байна” гэж билээ. Тэр уралдаанд ороод гурван сарын цалинтай тэнцэхүйц хэмжээний төгрөгөөр шагнуулчихсан юм.

-Нийтийн бүжгийг тангүйгээр төсөөлдөггүй байсан гэдэг шүү дээ?

-Би Хэвлэх үйлдвэрт байхдаа сайн дурын уран сайхнаар их явна. Дэмчиг гэж надтай адилхан үсэг өрөгч байсан юм. Тухайн үеийн нийтийн бүжиг чинь Дэмчиг бид хоёрын гарт байлаа. Нормтой ажлаа хийчихээд л бидний хэлдгээр Ленин хөлөөвт очиж шөнөжин бүжиглэнэ. Гаднаа бие засдаг дүнзэн байшинтай. Бид Ленин гэж үгийг нь мэднэ. Хөлөөв гэдгийг нь мэдэхгүй. Монгол үг л юм байх гэж боддог байлаа (инээв). Ленин хөлөөвөөс гараад “Ши-янз” театрт очно. Тэрэнд очиж бүжиг хийнэ. Тэндээсээ гараад бүр Амгалан руу Сүхбаатарын нэрэмжит хөлөөвт очно. Шөнөжин ингэж ийш тийш явж бүжигт орчихоод өглөө нь ажил руу ирдэг байсан байхгүй юу. Тэгэхээр бид ямаршуу ястай, ямархуу залуучууд байж вэ гэдэг нь үүнээс мэдэгдэж байгаа биз. 17, 18, 19-хөн настай шүү. Энэ тухай, миний амьдралын тухай бүх юм миний 90 насны ойд зориулж хэвлэсэн номонд бий. Ном минь хэвлэгдсэн даруйдаа дууссан, дахиж хэвлэх гэсэн чинь эх нь олдоогүй. Тэр номонд миний бүх түүх бий. Намайг дуучин болгохоор сургаж байсан багш нарын ахмад нь 103 настай, залуу нь 60-тай хүмүүс байсан юм. С.Гончигсумлаа гуай бид хоёр чинь дэлхийд зургадугаарт ордог консерваторын бүтээгдэхүүнүүд шүү дээ.

-Таны хувцаслалт, биеэ авч яваа байдлыг Улаанбаатарын залуус даган дуурайдаг байсан гэдэг, 1950, 1960-аад оны үед?

-Дөнгөж хойноос төгсч ирээд театрт ажилд ороход надад янз бүрийн хоч өгсөн. “Евров” Хайдав, “Орос” Хайдав гэнэ. Хувцаслалтын хувьд тэр үеийнхээ залуусын урдаа барьдаг нь би байлаа. Гар дээрээ цалин болгож авдаг төгрөг минь ч ахиу байж. Тэр хэрээр хувцас хунарын хамгийн олигтойг нь авч өмсдөг байсан. Өвлийн пальто гэхэд л англи дарап. Малгай нь манай генералуудын өмсдөг хөх саарал каракул. Жийсэн гутал нь Оросын хром, иймэрхүү л амьтан хотын гудмаар алхдаг байлаа. Ийм амьтан явж байхаар чинь гайхах нь аргагүй. Үлгэр жишээ авах нь авна, шүүмжлэх нэг нь “Орос” Хайдав, “Европ” Хайдав л гэдэг байсан. Монголын анхны шанзчин Базаррагчаа гуай “Та нар яагаад энэ хүүхдийг гадуурхах гээд, яагаад ийм хачин хачин хоч өгөх гээд байдаг юм. Энэ хүүхэд үргэлж инээж явдаг. Тэрийг нь та нар хараад “Инээдэг” Хайдав гэж хэлж болсонгүй юу” гэж билээ. Тэрнээс хойш би “Инээдэг” Хайдав болсон шүү дээ.

Би чинь хорь гаруй ястан, үндэстний дууг төрөлх хэлээр нь дуулсан хүн. Хятадаас эхлээд баруун Европын орнуудаар явахдаа дууг нь тэр дор нь сураад тэнд нь дуулчихдаг байсан хүн шүү дээ. Францт явж байхдаа нэг сайхан юм олж уншиж билээ. Хүн өглөө сэрэнгүүтээ, нүдээ нээнгүүтээ инээх ёстой. Инээнэ гэдэг чинь мишээнэ гэсэн үг. Хажууд чинь хүн байхгүй бол чин сэтгэлээсээ чангаар инээ. Хажууд чинь хүн байвал мишээл тодруулаад дотроо инээх хэрэгтэй гэж би уншсан юм, тэгэхэд. Өглөө нь ингэж өөрийгөө цэнэглэсэн цагт бүтэн өдрийн турш хөмсөг зангидахгүй өөдрөг явдаг. Тийм учраас би яагаад ч хөмсөг зангидаж чадахгүй. Юу ч боллоо гэсэн хөмсөг зангидахгүй, үзэн ядсан ч гэсэн тэгэхгүй.

-Таны амьдралын хэмнэл их зөв, эрүүл байдаг болоод өдий сайхан өндөр насалж, эрүүл саруул байгаа гэдэг нь ойлгомжтой?

-Эм нэртэй хор, хоол нэртэй хор гэж байна. Энэ дундаас өөрийнхөө зөв гэж харсныг дадаж заншсанаараа өөрөө өөрийгөө өдий хүргээд л явж байна даа. Өнөөдөр би 91 нас хүрч байгаа шүү дээ. Миний өвөө 117 настайдаа бурхан болсон. Цуутай лам байсан юм. Энэ бүхнийг өвөө минь сахиж байсан учраас тэгж насалсан болов уу гэж боддог.

Өвөө минь хэвтэрт байсан. Намайг П.И.Чайковскийн “Евгений Онегин”-д тоглож байтал өвөөгийн бие муудаад “Хүүгээ хүлээнэ, би. Насаа өгч байж явна” гээд намайг хүлээсэн юм билээ. Намайг ирэх шиг боллоо гэж хөлийн чимээг минь сонсоод л бурхан болсон буянтай хүн дээ. Ийм сонин (Хоолой нь зангирав.сурв) Энэ гагцхүү монголчууд, бидэнд л байна. Ийм юм ховор.

Би эм ууна. Уухдаа учиртай ууна. Аль нь эм болж байна вэ, аль нь хор байна вэ, хэр хэмжээгээр уувал зүгээр вэ, хэр тунгаар уух ёстой вэ гэдгээ мэдэж байх ёстой. Хамгийн түрүүнд ардынхаа эмнэлэгт очно. Тэгээд европ эмнэлгээр явна. Аль аль нь хэрэгтэй. Аль аль нь тустай. Гагцхүү эмч мэргэжлийг ямар хүн эзэмшиж вэ гэдгээс бүх юм шалтгаална.

-Театр, Хөгжим бүжгийн коллеж, Соёл урлагийн их сургуулиараа хэр орж гарч байна вэ?

-Одоо хүртэл зөвлөх багш гэдэг нэг аргамжаатай. Зөвлөх багш гэж байгаа учраас би долоо хоногт гурван удаа очих ёстой. Би зөвлөх юмаа зөвлөж байгаа, одоо ч зөвлөж байна.

-Таны үеийн дуучид, 2000 оноос хойших үеийн дуучдын хооронд ямар том ялгаа байна вэ?

-Ялгаа гэхээр тун хэцүү. Тэр үед надад багшилж байсан багш нар шиг хүмүүс одоо байхгүй шүү дээ. Одоо миний шавь нар дунд профессор, доктор болоогүй хүн байхгүй. Миний шавийн шавь нар доктор, профессор болчихоод байна. Дэлхийд нэрээ гаргаад байна. Миний номыг уншсан хүн багшийн дайтай мэдлэгтэй хоцорно. Миний шавь нараас тэр номыг минь ширээний номоо болгосон нь олон. Гадаадад ч байгаа.


Categories
мэдээ нийгэм

Булаагч одтой, улаан луу өдөр

Аргын тооллын есдүгээр сарын 21, Сугар гариг. Билгийн тооллын 12, Булаагч одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 6:38 цагт мандан, 18:50 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Эрдэнэтийн 49 хувийнхныг хүлээн зөвшөөрөхөөс өөр замгүй болжээ” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Эрдэнэтийн 49 хувийнхныг хүлээн зөвшөөрөхөөс өөр замгүй болжээ” хэмээх нийтлэлийг уншина уу.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн А.Ундраа: Би шантрахгүй, улсын том эрх ашиг, ирээдүйн төлөө зүтгэх болно хэмээв.

Монгол банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Шаардлагатай бол долларын ханш бууруулах хангалттай нөөц бий гэж “Эдийн засаг” нүүрт ярилаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ дахь албан ёсны айлчлал эхэллээ гэж “Улс төр” нүүрт бичив.

“Баримт, үйл явдал” нүүрт Салхитын мөнгөний ордыг булаацалдсан хятадууд цагдаагийн дарга нарт авлига өгчээ гэв.

Эрчим хүчний сайд асан М.Сономпил: Зах зээлд шилжээгүй ганц салбар нь эрчим хүч болчихлоо хэмээж “Улс төр” нүүрт өгүүлжээ.

Гамшгийн үед хэрхэн ажиллах талаар япон эмчээс туршлага судаллаа хэмээж “Цаг үе” нүүрт бичив.

Балгас болох дөхсөн бөхийн өргөөний үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх нь бололтой гэж “Цаг үе, үйл явдал” нүүрт бичсэн байна.

Аваргуудын лиг эхэллээ хэмээн “Спорт” нүүрт өгүүлжээ.

“Нэг ангийнхан” нүүрт Хэрлэн сумын Хоёрдугаар сургуулийн 1998 оны гэж бичжээ.

“Кино, кино” нүүрт “Хаадын тоглоом” шилдэг цувралаар шалгарчээ гэжээ.

“Энэ тухай” нүүрт Эрхэм захиалагч та “Монгол шуудан” компанид хэвлэлээ захиалаарай! гэжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ цаг-үе

С.Цэрэндэмбэрэл: Давхар иргэншлийн асуудлыг шийдэх шаардлага тулгараад байна

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл ТББ-тай хамтран Хилийн чанад дахь монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт-ыг энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Чуулга уулзалтын үеэр Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл ТББ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга С.Цэрэндэмбэрэлтэй ярилцлаа.


-Хилийн чанад дахь иргэд давхар иргэншилтэй болох боломж шийдэгдээгүй хэвээр байгаа. Энэ тухайд ямар саналтай байгаа вэ?

-Давхар иргэншлийн асуудал шийдэгдээгүй, түвэгтэй асуудлуудын нэг хэвээр байсаар байна. Монгол Улс давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй. Ойрдоо үүнийг шийдэх бодлого, нөхцөл байдал харагдахгүй байна. Давхар иргэншилтэй болох асуудал хилийн чанад дахь иргэдэд хурцаар тавигдаж байгаа. Монгол Улсын иргэн байсан, байгаа холимог гэр бүлийн хүүхдүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр виз өгөх боломжууд байдаг л даа. Гэхдээ давхар иргэншилтэй болох асуудлыг шийдэх шаардлага тулгараад байна. Олон улсад янз бүрийн гарц гаргалгаагаар шийддэг. Манай улс ч гэсэн хэлэлцэж, ярилцаад аль болох боломжит хувилбараар шийдэх нь гадаадад байгаа иргэдийн эрх, ашгийн асуудал болоод байна.

-Монгол Улсын уугуул иргэн байх нөхцөлтэйгөөр давхар иргэншил авах хүсэлтэй байдаг талаараа гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын зүгээс хэлдэг юм билээ…

-Монгол Улсын уугуул иргэн, уугуул иргэдийн гэр бүл, түүний хүүхэд гадаад улсын иргэн болсон тохиолдолд Монгол Улсынхаа иргэншлийг хадгалж үлдэх л асуудал юм. Олон улсад яг ийм туршлага байдаг. Давхар иргэншлийн асуудал нийгэмд маш их яриа үүсгэдэг л дээ. Энэ нь цаашлаад тухайн улс орны аюулгүй байдалтай холбоотой. Бид юуны өмнө Монгол Улсынхаа аюулгүй байдлыг хүндэтгэж давхар иргэншлийн асуудлыг ярьж, хэлэлцэж, зөв арга замаар шийдэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Хилийн чанадад албан тоогоор 157 мянга, албан бусаар 200 мянга гаруй монголчууд ажиллаж амьдарч байна. Эдгээр хүмүүсийн тодорхой хувь нь гадаадын иргэн боллоо гэхэд Монгол Улс өөрт хэрэгцээтэй боловсон хүчин, баялгаа алдаад байна л гэсэн үг. Тиймээс бид үүнийг сайн ойлгож, зөв гарцыг олох хэрэгтэй юм.

-Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд Монголдоо буцаж ирээд ажиллана гэдэг амаргүй даваа. Төрд ажиллая гэхэд шударга сонгон шалгаруулалт хийхээ больсон. Төсөл хэрэгжүүлье гэхэд аль нэг намын харьяатай, танил тал бүхий хүн нь булаачихдаг. Ер нь Монголд нам дагасан, танил талтай хүмүүс л сайхан амьдарч байна. Тийм байхад Монголоосоо яваад олон жил болсон та бүхэн Монголд ирээд амьдарч чадах уу. Хэл соёлоо л мартахгүй бол гадааддаа хөрөнгө мөнгөө цуглуулаад амьдарч байвал болоо биш үү. Энэ тухай юу гэж бодож байна?

-2016 онд Дэлхийн монголчууд гэх хөтөлбөр батлагдсан. Хөтөлбөрийн хүрээнд энэ асуудал бас тусгагдсан л даа. Гадаадаас Монголдоо эргэн суурьших асуудал ярих хэмжээнд хүрээд байгаа. Одоогоор бидэнд мэдэгдсэн тодорхой хөнгөлөлт, нааштай бодит ажлууд ховор байна. Ямартаа ч бид Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсын Үндэсний хөгжлийн газар гэх мэт байгууллагуудтай холбогдож тодорхой саналуудыг дэвшүүлж байгаа. Гадныхан яг ийм нөхцөл байдалд тодорхой бодлогыг баримталдаг. Жишээ нь, аж ахуйн нэгж тодорхой хөнгөлөлттэй нөхцөлөөр байгуулах боломж бий. Хэсэг хугацаанд гадаадаас ирсэн иргэддээ дэмжлэг үзүүлдэг. Манай улсад ч тийм хууль эрх зүйн орчин бий. Гэхдээ хэрэгжсэн бодит үр дүн байхгүй л байна.

Бидний хувьд гадаад руу явж ажиллах биш, бусдын л адил Монголдоо амьдарч, улс эх орныхоо эзэн болж хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах чин хүсэлтэй. Нэг зүйлийг онцлоход Монголбанкны мэдээлж байгаагаар энэ оны эхний хагаст гадаадад амьдарч байгаа монголчууд эх орон руугаа 136 сая ам.долларыг шилжүүлжээ. Зөвхөн банкаар шилжүүлсэн мөнгө нь л ийм байгаа. Банк бусаар ч бас шилжигдсэн л байх. Үүнээс үзэхэд бид ч гэсэн Монголынхоо хөгжилд боломжоороо хувь нэмэр оруулж байгаа. Тиймээс биднийг ойлгож, дэмжээрэй л гэж хэлмээр байна даа.

-Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа иргэдэд тулгардаг гол асуудлууд юу байдаг вэ?

-Хилийн чанадад амьдарч байгаа иргэдэд хамгийн наад зах нь иргэний эрхийн асуудлууд тулгардаг. Тухайлбал, сонгуулийн эрхийн асуудал байж байна. Гадаадад амьдарч байгаа монголчууд өнгөрсөн оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон. Харьцангуй олон хүн сонгуульд оролцсон ч оролцож чадаагүй хүмүүс цөөнгүй үлдсэн л дээ. Учир нь сонгууль зөвхөн Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрууд буюу Элчин сайдын яам, Консулын газар, байнгын төлөөлөгчийн газруудад болдог. Тэдгээр нь хол байх тохиолдол их байдаг учир хүмүүс амжиж очиж сонгуулиа өгч чаддаггүй. Ажил нь амжихгүй байх тохиолдол ч бий. Иймд бид сонгуулиа цахимаар эсвэл онлайнаар өгөх хэлбэрийг сонгох шаардлагатай байгаа юм. Хоёр жилийн дараа УИХ-ын сонгууль болно. УИХ-ын сонгуульд бид оролцож чаддаггүй. Гадаадад амьдарч байгаа иргэд УИХ-ын сонгуульд оролцож чадахгүй байгаа нөхцөл байдлыг төр засгийнхан сонгуулийн системтэй холбоотой гэж тайлбарладаг. Гадныхны хувьд сонгуулийн системээсээ үл хамаарч гадаадад амьдарч байгаа иргэдээ парламентын сонгуульд оролцуулдаг. Тэдэнд зориулж зарим нэг тойргийн хэсгийг гаргаж өгдөг. Бид энэ жишгийг хэрэгжүүлбэл хилийн чанадад амьдарч байгаа иргэдийн дуу хоолой, тэдний эрх ашгийн асуудал УИХ, Монголын төр засагт хүрэх бололцоо нээгдэх юм.

Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн нийгмийн даатгалын асуудал нь анхаарах гол асуудлуудын нэг. Гадаадад байгаа иргэд нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чаддаггүй. Үүнийг шийдэх боломж гарц байхгүй биш байгаа юм. Нийгмийн даатгалын ерөнхий газрын гаргасан гар утасны аппликэйшныг ашиглаж цахимаар нийгмийн даатгалд хамрагдах боломж бий. Мэдээж хувь хүний мэдээлэл аюулгүй системээр дамжуулах нь чухал. Иймд цаашдаа тоон гарын үсэгтэй болсноор үүнтэй холбоотой хүндрэлүүд хөнгөрнө. Хилийн чанад дахь иргэдийг нийгмийн даатгалд хамруулах зорилгоор манай төрийн бус байгууллага Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтарч ажиллаж байна. Бид нэн тэргүүнд иргэдийг мэдээллээр хангах шаардлагатай байгаа. Мөн монголчууд олноор амьдарч байгаа бусад улс орнуудад БНСУ-д байдаг шиг нийгмийн даатгалын нэг цэгийн үйлчилгээг байгуулах бололцоог эрэлхийлэх эрмэлзэл байна. Нийгмийн даатгалын сайн дурын ажилтанг бий болгох тухай ч яригдаж байгаа.

-Гадны орныг зорьж байгаа иргэд юуг илүүтэй анхаарч, мэдвэл зохистой юм бэ?

-Иргэд маань гадаадад аялж, амьдрах, зорчихдоо мэдээлэл дутмагаасаа шалтгаалж хохирох тохиолдол бишгүй гардаг. Тэр дундаа хил дээрээс буцах тохиолдол цөөнгүй гарч байна. Тухайн оронд очоод юу хийх, хаана байх, санхүүгийн ямар эх үүсвэртэй, хэний урилгаар очиж байгаа зэрэг ихэвчлэн наад захын жижиг мэдээлэлгүйгээс үүдэн буцдаг. Мөн монголчууд гэмт хэрэгт холбогдох нь олон. Ний нуугүй хэлэхэд манайхан гадаадад зорилготойгоор гэмт хэрэг үйлдээд байгаа. Тодруулбал, гадаад дахь монгол иргэд хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэж байна. Тухайн орны соёл, хууль дүрмийг мэдэхгүйгээсээ болж гэмт хэрэгт орооцолдох тохиолдол их. Иргэдийг хууль эрх зүй болоод бусад мэдээллээр хангах зайлшгүй шаардлага байгааг бодит байдал хэдийнэ харуулж байна. Иймд төр засгийн зүгээс Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, холбогдох төрийн бус байгууллагуудаар дамжуулж иргэдэд мэдээлэл хүргэх боломжтой гэдгийг дурдах нь зүйтэй.

Гадаадад зургаан сараас дээш хугацаагаар шилжин суурьшиж байгаа иргэд Монголынхоо дипломат төлөөлөгчийн газарт очиж бүртгүүлэх ёстой байдаг. Үүнийг иргэд мартдаг. Уул шугамандаа иргэдийн эрх ашгийн төлөөх байгууллага шүү дээ. Тухайн иргэнд ямар нэгэн зүйл тохиолдлоо гэхэд Монголынхоо дипломат төлөөлөгчийн газраас тусалдаг гэдгийг ойлгох нь чухал байна.


Categories
мэдээ нийгэм

Баянхонгор аймаг тайван бүс нутгаар нэрлэгдлээ

Монгол Улсын хэмжээнд гарч байгаа мал амьтны гоц халдварт өвчлөлүүд Баянхонгор аймагт гараагүй бөгөөд тайван бүс нутгаар нэрлэгдэж байна.

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьчилан сэргийлэх тандалт шинжилгээнд 2015 оноос хойш 19 сумын 122 малчин өрхийн 2.5 сая толгой мал хамруулж 100 хувь эрүүл гарсан байна. Тодруулбал, өнгөрөгч онд бог малын мялзан өвчний тандалт шинжилгээнд 300 толгой мал, 2018 онд гурван сумын 420 толгой малыг шүлхий өвчний тандалт шинжилгээнд хамруулахад эрүүл гарчээ.

Тус аймаг нь гоц халдварт шүлхий өвчний тандалт шинжилгээг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид 10 дахь удаагаа шинжлүүлж, гоц халдварт өвчнөөр эрүүл гэсэн бүс нутгийн статусаа дахин баталгаажуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Буцалтгүй туслажаар өвлийн хүлэмж барина

Япон Улсын “Хоккейда Эко орчин түгээн дэлгэрүүлэх нийгэмлэг”, Жайка олон улсын байгууллагын “Өвсний үндэс” хөтөлбөр хамтран Орхон аймгийн Жаргалант суманд өвлийн 15 хүлэмж байгуулахаар “Санамж бичиг” үзэглэлээ.

Санамж бичгийн дагуу тус суманд 4.2 тэрбум төгрөгийн өртөгтэй өвлийн хүлэмж байгуулах бөгөөд 22 иргэнийг сургагч багшаар бэлдэх юм. Уг ажлыг буцалтгүй тусламжийн хүрээнд хийж байгаа гэж Жаргалант сумын Засаг дарга Б.Зоригтбаяр хэллээ.

Ирэх оны гуравдугаар сард 22 иргэнийг сургалтад хамруулж зургадугаар сараас хүлэмжээ барина.Хүлэмжинд ногоо сайн тарьсан иргэндхоёр жилийн дараа нь хүлэмжийг нь өгөх ажээ.