Categories
мэдээ нийгэм

Францад суралцдаг монгол охиныг хүчирхийлжээ

Италийн Флоренц хотноо гадаадаас ирж суралцаж буй 21 настай оюутан өнгөрөгч амралтын өдөр бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаар “www.ansa.it” сайт уламжиллаа.

“Хохирогч Монгол Улсын иргэн” хэмээн Флоренц хотын Цагдаагийн газраас мэдэгдлээ. Гэмт этгээд хохирогчийн биед хүнд гэмтэл учруулж, цэцэрлэгт хүрээлэнгийн модонд хүчирхийлсэн гэнэ.

Цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан Румын гаралтай, Арно Мустафа гэх орон гэргүй 25 настай эрэгтэйг баривчилсан аж. Түүнийг хэргийн газраас холгүй нэгэн барилгаас илрүүлжээ.

Тэрбээр өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан ба хэргийн газар бичиг баримтгүй түрүүвчээ орхисон аж. Иргэд түүнд саад учруулах үеэр уг хэтэвч хэргийн газарт үлджээ.

Италийн Дотоод хэргийн сайд Маттео Салвини гэмт этгээдийг химийн аргаар хөнгөлдөг шийтгэлтэй болохыг уриаллаа.

Categories
мэдээ нийгэм

Театрын барилгын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй

Завхан аймгийн тУлиастай суманд улсын төсвийн хөрөнгөөр жил дамжин баригдаж байгаа 800 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театрын барилга угсралтын ажил 50 гаруй хувьтай байна. Барилгын ажлыг “Эл Си Би” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд өнгөрөгч дөрөвдүгээр сарын 15- наас ажлаа эхэлж нэг ба хоёрдугаар давхарын өрлөг, тайзны хэсгийг цутгаж буй. Мэргэжлийн байгууллагаас тус барилгын ажлын үе шатны техникийн хяналтыг зургаан удаа хийж барилгын норм дүрэм, стандартыг хангуулж ажиллаж байгаа аж.

Дээрх барилгыг 2012 оноос эхэлж барьсан ч гүйцэтгэгч компани барьж дууслагүй орхисноос хойш царцаж орон нутгаас дахин тендер шалгаруулалт явуулж “LCB” ХХК шалгарч барилгын ажлыг гүйцэтгэж байгаа юм.

“Барьж дуусалгүй хэдэн жил болсноос үүдэж барилгын түүхий эд материалын үнэ нэмэгдэхийн сацуу, ажлын хөлс, үнийн зөрүүтэй байдал барилгын ажил гүйцэтгэхэд хүндрэлтэй байгаа. 2012 онд 800 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театрын барилгыг 9.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барихаар зураг төсвийг боловсруулсан ч эдүгээ 3.7 тэрбум төгрөг болж өсөөд байна. Үлдсэн санхүүжилт хөрөнгийг ирэх хоёр жил улсын төсөвт суулгавал 2019 онд Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын барилга ашиглалтад орох боломжтой” гэв.

Categories
гадаад мэдээ

БНХАУ Украинд түргэн тусламжийн 50 машин хандивлажээ

БНХАУ-ын Засгийн газар орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон түргэн тусламжийн 50 машиныг Украинд хандивласан байна.

Түргэн тусламжийн машиныг шилжүүлэн өгөх санамж бичигт БНХАУ-аас Украинд суугаа Элчин сайд Дү Вэй болон Украины Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ульяна Супрун нар гарын үсэг зуржээ.

БНХАУ болон Украины Засгийн газар хооронд 2016 онд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд 3.5 сая долларын үнэ бүхий энэхүү хандивыг олгож байгаа ажээ.

Украины 24 бүс нутгийн эрүүл мэндийн төвүүдэд 44 машиныг хуваарилах бол 6 машиныг Украины Дотоод хэргийн яам болон Үндэсний Гвардын эрүүл мэндийн хүрээлэнд ашиглахаар болсон байна.

БНХАУ-ын мэргэжилтнүүд уг машин болон дотор нь суурилуулсан төхөөрөмжийн үйл ажиллагааны талаар Украины эрүүл мэндийн ажилтнуудад зааварчилгаа өгч, сургалт явуулжээ.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр Ульяна Супрун үг хэлэхдээ, БНХАУ-д талархаж байгаагаа илэрхийлээд, энэ хандив Украины яаралтай тусламжийн төвүүдийн үйл ажиллагааг сайжруулахад ихээхэн хувь нэмэр болно гэж мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр эхэллээ

Монгол Улсын Шадар сайдын Сүхбаатар аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр эхэллээ.

Нээлтийн арга хэмжээнд Сургуулийг удирдагч, ОБЕГ-дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Т.Энхбаатар нарын удирдлагууд оролцсон юм.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр 06:30 цагт гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн дунд “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэлж аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

“Яаралтай цуглар” дохиогоор аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах 12 алба, ерөнхий зориулалтын 13, тусгай зориулалттай 24 мэргэжлийн ангийн нийт 700 гаруй хүн, 63 техник, багаж зэвсэглэмжтэйгээр цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулав.

Сүхбаатар аймаг нь Дорнод монголын тэгш талын өмнөд хэсгийн үргэлжлэл бөгөөд тал хээрийн бүсэд багтдаг. Нийт 13 сумын 20 мянган хүн амтай. Сүүлийн жилүүдэд гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин, хүчтэй цасан болон шороон шуурга, үер, усны осол ихэвчлэн тохиолдож байгаа юм.

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль нь тухайн бүс нутагт тохиолддог болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, осол, гамшгийн үед тухайн аймгийн нутаг дэвсгэрийг орон нутаг өөрийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн нөхцөлд хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгддэг.

Тиймээс гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр сургуулийн цагийн байдлын дагуу зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох, бүлгээр ажиллах, дадлага сургуулиуд зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг саатуулжээ

“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг АТГ-аас өчигдөр орой саатуулсан байна. АТГ-аас өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр Жастын Ш.Батхүү “Стандарт” банкнаас “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан зээл авсан асуудалд холбогдуулан, үйлдвэрийн тухайн үеийн удирдлага болох Ч.Ганзоригийг яллагдагчаар татан шалгаж буйгаа мэдээлж байсан.

Английн дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэртэй холбогдох шүүхийн шийдвэр эцэслэн гарч, “Стандарт” банкинд 105 сая ам.доллар төлөхөөр болоод буй. Уг төлөлтийг Ш.Батхүү, Ч.Ганзориг, Д.Сугар нарыг хариуцан төлөх ёстой шүүмжлэлийг олон нийтийн зүгээс хэлсээр байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн хэрэгслээс ялгарах тортогжилтыг бууруулах төслийн явцтай танилцлаа

Зам тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын санхүүжилтээр хамтран хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын нөхцөлд тохируулсан дизелийн тортгийн шүүр (DPF)-ийг нэмэлтээр тоноглож дизель автобуснаас ялгарах (PM) хөө тортогжилтыг бууруулах төсөл”-ийн явцтай танилцах үйл ажиллагааг Нийслэлийн тээврийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т амжилттай зохион байгууллаа.

Дээрх үйл ажиллагаанд тус газрын холбогдох албаны хүмүүс, төслийн багийн удирдагч Комори Масанори, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлага, инженер техникийн ажилчид оролцож DPF (Diesel Particulate Filter – Дизель хөдөлгүүрийн тортог шүүгч)-ийн талаар мэдээлэл авч төслийн туршилт, судалгааны ажил болон шүүлтүүр цэвэрлэх цехийн үйл ажиллагаатай танилцав.

Манай улсад ашиглагдаж байгаа хүхэр ихтэй дизель түлшинд ашиглах боломжтойDPF шүүлтүүрийг 2018 оны 7-8 дугаар сард нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Зорчигч тээврийн нэгтгэл”ОНӨААТҮГ, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ, Сутайн Буянт ХХК-ийн 24 автобусанд суурилуулсан ба бодит туршилтаар хар утааг (PM) 97% хүртэл бууруулж байна.

Шүүлтүүрийн бохирдлыг автобусан дотор суурилуулсан хяналтын дэлгэцээр тогтмол хянадаг бөгөөд бохирдсон шүүрийг тусгай зориулалтын цахилгаан зууханд хийж өндөр хэмд шатааж цэвэрлэн гарсан хар утаа (PM)-ын шүүлтийн хэмжээг жигнэж байна. Туршилтаар өдөрт 1 автобусны шүүлтүүрээс дунджаар 175гр хар утаа (PM)-ын ялгарч байгаа бөгөөд сарын хэмжилтийн дүнгээр тооцоход дээрх 25 автобуснаас ялгарах 66.4 кг хөө тортгийг агаарт хаягдахаас сэргийлж байна.

Дээрх тооцооллоор Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй их багтаамжийн бүх автобусанд энэхүү шүүлтүүр (DPF)-ийг суурилуулсан тохиолдолд Хар утаа (PM)-ын жилийн ялгарлыг 43.8 тонноор бууруулах боломжтой гэсэн тооцоо гарч байгаа юм байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдаан ОХУ-Монгол-БНХАУ чиглэлээр зохиогдохыг зарлав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 2009 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй “Торгоны зам” авто раллигийн уралдааны Хятадын Шааньси мужийн Сиань хот дахь гарааны нээлтийн ёслолд оролцлоо.

Өнгөрсөн жилүүдэд энэхүү уралдаан нь ОХУ-Казакстан-БНХАУ гэсэн чиглэлд зохиогддог байсан бол энэ жил зөвхөн ОХУ болон БНХАУ-д болсон юм. Харин ирэх жил Монгол Улсын газар нутгаар дамжин ОХУ-Монгол Улс-БНХАУ гэсэн чиглэлд зохиогдохоор болсон юм.

Энэ талаар Сиань хот дахь гарааны нээлтийн ёслолд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “…2019 оны Торгоны зам авто раллигийн уралдаан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж, уралдааны маршрут Монгол Улсын нутгаар дайран өнгөрнө” хэмээн зарлаж, Шааньси мужийн Сиань хот дахь гарааны зурвасыг нээснээр 2018 оны Хятад дахь гараа эхэлсэн юм.

2017 онд энэхүү уралдаанд 35 орны 385 автомашин, жолооч оролцож, 9599 км зам туулсан байна. Мөн энэхүү уралдааныг 143 хэвлэл мэдээллийн баг 196 улсад дамжуулсан нь уралдаан болоод уралдаан болж буй бүс нутгийн талаар томоохон сурталчилгаа болж, аялал жуулчлал нэмэгдэх томоохон боломжтой болдог байна.


Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсаас Бээжинд суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Д.Ганхуяг, “Торгоны зам-хурд Монгол” төрийн бус байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга А.Амгалан нар оролцсон юм. Мөн зохион байгуулагч талаас Шаньси мужийн дэд захирагч Ху Мин Лан, БНХАУ-ын Спортын ерөнхий газрын дэд сайд Гао Жидан, БНХАУ-ын Автомашин, мотоциклийн спортын холбооны ерөнхийлөгч Жан Гуожун, ОХУ-ын Спортын яамны дэд сайд Сергей Косилов, “Торгоны зам” авто ралли уралдааны ерөнхий захирал Олег Кравченко нар оролцсон юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Азербайжан улсад хийх ажлын айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Азербайжан улсад ажлын айлчлал хийхээр өнөөдөр тус улсын нийслэл Баку хотын олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Азербайжан улсын Залуучууд, спортын сайд Азад Рахимов тэргүүтэй тус улсын албаны хүмүүс болон Монгол Улсаас Бүгд Найрамдах Азербайжан улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Р.Болд нар ёслол төгөлдөр угтав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад ажлын айлчлал хийх үеэрээ Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтай уулзана, мөн Азербайжан улсын баялгийн сан буюу газрын тосны сангийн удирдлагуудтай уулзаж үйл ажиллагаатай нь танилцана.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ядахдаа, өмнөд монголчууддаа үүд хаалгаа нээлттэй байлгах сан

Японыг хамгийн насжилт өндөртэй улс гэдэг. Жил бүр Японы хүн ам хагас саяар хорогдож байгаа нь цаашдын хөгжил, эдийн засгийн тогтвортой байдалд нь сөргөөр нөлөөлөхүйц тоо юм. Тиймдээ ч Дэлхийн Эдийн засгийн чуулганы хүрээнд Вьетнамын Ханой хотод зохион байгуулагдсан хуралд оролцохдоо Японы гадаад хэргийн сайд Таро Коно “Япон улс цаашдаа гадаадаас ажиллах хүч ихээр хүлээж авч байж улсынхаа нийгэм, эдийн засгаа аврахаас өөр аргагүй” гэдгийг онцолжээ. Түүний хэлсэн “Бид ийм байдлаар нийгмээ тогтвортой хөгжүүлж чадахгүй. Бид улс орноо нээж байна. Бид хөдөлмөрийн зах зээлээ гадаад улс орнуудад нээнэ. Бидний боловсруулж байгаа шинэ бодлогын дагуу Японы нийгэмд уусан шингэх хүсэлтэй хэн бүхнийг хүлээж авах болно” гэсэн үгийг дэлхийн хэвлэлүүд онцолж байна. Таро Коно Япон улс өөр үндэс угсаатнуудаар хүн амаа нэмснээр хэрхэн амжилт олж байгааг газрын теннисийн залуу од Наоми Осакагаар жишээ татан ярьжээ. Гайти эцэг, япон эхтэй Осака АНУ-ын Гранд Сламын цомыг хүртсэн анхны япон гаралтай тамирчин гэдгийг онцлоод “Олон угсаатнуудаас хүн амаа бүрдүүлэх хэрэгтэй. Нээлттэй бодлого чухал” гэсэн юм.

Япончууд хэзээнээсээ үндэснийх нь хэл, ёс заншлыг мэддэггүй гадныханд таагүй ханддаг гэдэг. Гэхдээ тэд ирээдүйгээ төсөөлж ийм шийдвэр гаргажээ. Манайд элэгтэй, биднийг хүндэтгэдэг Японы иргэн бол гэж тэд урьж байна. Одоо тус улс зөвхөн нарийн мэргэжлийн ажилчдыг авдаг бол ирэх оноос тодорхой мэргэжлийн ур чадваргүй ажилчдыг хүлээж авахаар дүрэм журмаа боловсруулж эхэлжээ. Ирэх оны дөрөвдүгээр сараас ажил хэрэг болгоно гэж ерөнхий сайд нь мэдээлж.

Үүнээс үүдээд манайд хэт үндсэрхэг үзэл улам л газар аваад байна уу гэж бодогдох болов. Хэт үндсэрхэг үзэлтэй элдэв бүлэглэл, төрийн бус байгууллага олноороо байгуулагдаж байна. Тэд гадныхныг ялангуяа урд хөрш, өмнөд монгол иргэдийг дээрэлхэх, доромжлох байдал хэрээс хэтэрсэн. Үүнийг сошиал орчинд асар идэвхтэйгээр дэвэргэж байна. “Хятадууд монголчуудыг зодлоо”, “Энэ хятадууд арай л хэтэрч байна” гэсэн сүржин гарчигтай мэдээлэл байнга л цацагдаж, дор нь хуйгаараа зүхэж, хараасан сэтгэгдлээр дүүрдэг. Энэ их хийрхлийг эрх баригчид мэдсэн ч мэдээгүй дүр эсгэнэ. Цагдаа, хүчний байгууллагынхан ч нүдээ аниад өнгөрөөдөг.

Гурван сая гаруй хүнтэй Монгол Улс нийтээрээ хэт үндсэрхэг үзлээ дэвэргэн хэдэн талаас нь сэвээд суух нь орчин цагт арай л болохгүй байна. Япон улс “Манайд ирж амьдар” гэж дэлхийд үүдээ нээж байна. Бид Японыг бодвол хүн ам, газар зүйн байрлал зэргээрээ өөр, насжилтын хувьд ч харьцангуй залуу улс. Гэхдээ бид олон болж байж илүү хүчирхэг болно. Олуулаа болох бодлогыг хэзээ ч мартаж, хаяж болохгүй. Ядахдаа өмнөд монголчууддаа үүд хаалгаа нээж, нээлттэй хаалганы бодлого баримаар байна. Хэт үндсэрхэг үзлийг төр засгийн дэмжлэгтэйгээр багасгах, дэвэргэхгүй байх талаас нь хармаар. Өмнөд хилийн цаана Өмнөговьд амьдарч байсан халхууд таслагдан үлдсэн гэдгийг, энүүхэн гучин хэдэн онд эндүү андуу ятгалга, учир нь үл олдох үймээн самуунд төөрсөн монгол айлууд нүүж суурьшсан гэдгийг мартах учиргүй. Долоон тэрбум хүний дунд адилхан монгол хэлээр ярьдаг хэдхэн хүн суудаг гэдгийг ч бодсон бид өмнөд монголчууддаа найрсаг хандах учиртай. Өмнөд монголтой оюутан, багш, эмч солилцоо юу л байна олон тоогоор солилцох хэрэгтэй. Тэр тоогоор бие биенээ ойлгох, харилцан хүндлэх, хүлээн зөвшөөрөх болно.

Дэлхийн хүчирхэг гүрэн Хятад улстай аль ч улс найрсаг харилцаатай байхыг хичээдэг. Бид ч хөрштэйгөө найрсаг харилцаатай байхад буруудах юмгүй. Хятад гэж ярихаар юу юугүй эрхшээлд нь орчих гэж байгаа мэт, буутай, танктай цэргүүд эзлэх гэж байгаа мэт ойлголт, яриагаа одоо цэгцэлье. Хоёр орны иргэдийн хоорондын харилцааг эерэг болгох тухай сүүлийн жилүүдэд яригдаж байгаа нь сайшаалтай юм. Өнгөрсөн жил болсон Монгол Хятадын сэтгүүлчдийн наймдугаар форумын гол сэдэв нь ч иргэд хоорондын харилцааг сайжруулахад чиглэгдэж байв. Үүний үр дүнд телевизүүдээр хятад кино гардаг болж, үзэгчид ч ам сайтай ярих болсон билээ. Хятадууд чинь ийм хүн юм уу, ингэж амьдарч, ийм үзэл бодолтой явдаг юм уу гэх зэргээг өөр хоорондоо ярьдаг болсон. Энэ бол иргэд хоорондын найрсаг харилцааны эхлэл төдий зүйл юм.

Дэлхийн томхон хотуудад “China town” гэж байдаг. Монголд ч хойд, урд хөршийнхөө хятад хороолол, орос хорооллыг байгуулахад болохгүй юмгүй. Хүний тоо, эзлэх хэмжээ зэргийг нь тогтоож, журамлаж өгвөл нэг их гаж зүйл лав биш. Монгол хорооллыг эргүүлээд хоёр хөршдөө байгуулж болно. Ингэж л иргэд хоорондын харилцааг сайжруулж болно. Бие биеэ мэддэг болбол “Энэ арай ч биднийг буудаад алчихгүй” юм байна гэж итгэдэг болно. Монголчууд бидний хэт үндсэрхэг үзэл бүтээн байгуулалтын олон ажлыг нурааж байгааг бид хараад л суугаад байх уу. Төмөр зам, Багануурын цахилгаан станц зэрэг томхон төслүүд “хятадад эзлэгдэх” үндсэрхэг үзлээс болж гацсан. Өөр ч олон төсөл дээр энэ үзэл тээг тушаа болсоор байх вий.

Монголд гадныхан нэг их ирдэггүй. Хүн амьдрах аргагүй тэсгим хүйтэн өвлийг дааж гарахад бэрх болохоор зүглэдэггүй биз. Дулаарахаар цөөн тооны жуулчид ирнэ. Дэлхийн аялал жуулчлалд жинтэй хувь нэмэр оруулж буй хятадууд ч бага багаар ирдэг. Тэд ганц нэгээрээ дээрэлхүүлж, дээрэмдүүлж хаширсан болохоор одоо гурав дөрвөн зуугаараа бүлэг болон ирдэг болжээ. Бид тэднийг хэт үндсэрхэг үзлээсээ болж үзэн ядаж, хатуурхаад байвал яваандаа төр нь иргэдээ хамгаалж цэрэг дагуулж илгээдэг болно. Асуудлыг ингэтэл нь дэвэргэх утгагүй бөгөөд энэ бүхнээс аль болох сэргийлэх төрийн мэргэн бодлого л үгүйлэгдэж байна.

Даяарчлагдан хавтгайрч байгаа дэлхий дээр бид ч гэсэн бусдын адил байх хэрэгтэй байна. Аль нэг хөршдөө эзлэгдэх айдаст ард нийтээрээ авталгүй, найрсаг харилцаа, ухаалаг, тууштай бодлогоор үүд хаалгаа нээмээр байна. Адаглаад л Монгол оронд юм үзэх харах гэж ирсэн аль ч орны жуулчид хэн нэгнээс айж бүлтгэнэлгүй амар тайван алхаг л дээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Баттөмөр: Монголын хөгжилд төрийн оновчтой зохицуулалт дутагдаж байна

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй төрийн тогтолцоо, төрийн албан хаагчдын чадвар, үнэлэмжийг хэрхэн дээшлүүлэх сэдвээр ярилцлаа.


“Төрийн хариуцлагатай албанд хариуцлагагүй хүнийг томилох нь өөрөө хариуцлагагүй үйлдэл”

-Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрхэн дагаж мөрдөх журмыг төрийн албаны удирдах ажилтнуудын улсын зөвлөгөөнд танилцуулж, хэлэлцлээ. Төрийн алба нийгэмд муу нэртэй болсон. Хүн болгон төрийн албан хаагчдыг доромжилж, тэдэнд уур бухимдлаа гаргадаг болжээ. Шинэ хуулинд төрийн албан хаагчдын дэвших боломжийг хэр хангасан бэ?

-Төрийн алба үр дүнтэй ажиллахын тулд төрийн тогтолцоо нь зөв байх ёстой. Тогтолцоондоо тохирсон төрийн алба маань цомхон, хүнд сурталгүй, өндөр чадавхтай байхыг шаарддаг. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Төрийн албаны тухай хуулийг ийм бодлогоор хийсэн.

Төрийн албан хаагч ёс зүйтэй, хариуцлагатай, мэдлэг чадвартай байвал төр түмэн олондоо хүндлэгдэнэ. Тиймээс шинэ хуулинд төрийн албан хаагчийг мэргэжилтнээс эхлээд ТНБД болох нарийн зохицуулалтыг хийсэн байгаа.

Манай улсын хөгжлийн мухардлуудын бас нэг үндсэн шалтгаан бол боловсон хүчнээ бэлтгэх, сургаж хүмүүжүүлэх, томилгоонд алдаатай бодлого явсан учраас өнөөдөр ийм болсон. Боловсон хүчний мэдлэг чадварын хомсдол нь аль ч төрийн байгууллага дээр харагдаж байгаа нь улстөрчид, тухайн байгууллагын удирдлагуудаас хамааралтай. Тэд янз бүрийн хүмүүсийг төрийн албанд шахдаг. Тэр нь өндөр албан тушаалд очдог. Гэвч хашиж байгаа албандаа бэлтгэгдээгүй болохоор тэнцдэггүй дутагдал байдаг. Энэ байдлыг арилгах үүднээс Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан. Төрийн албаны удирдах ажилтнуудын зөвлөгөөнөөр шинэ хуулиа танилцуулж, эрх бүхий албан тушаалтнууд хуулиа барьж ажиллахад нь нэгдсэн ойлголтыг өгч чадсан гэж бодож байна. Төрийн албыг хүн л авч явах учраас ухаалаг, бодлоготой, улстөржилгүйгээр явуулах ёстой.

-Төрийн албан хаагчдыг бараг гэрлэхээс нь бусдыг нь хориглосон байдаг. Сонгуульд нэр дэвших, нам, эвслийн гишүүн байж болохгүй гэдэг. Сонгуулийн дараа ялсан нам нь төрийн албан хаагчдыг хоморголон халдаг. Эсвэл төрийн албан хаагчдыг аль нэг нам харьяалал харгалзахгүйгээр өөрийнхөө дэмжиж байгаа нам, нэр дэвшигчийн сонгуульт ажилд оролцохыг зөвшөөрчих хэрэгтэй юм биш үү?

-Ямар ч нам засаг, төр барьж болно. Гагцхүү төрийн албанд бэлтгэгдсэн боловсон хүчинтэй байх ёстой. АН нь гарч ирэхээрээ Ардын намын үед ажиллаж байсан хүмүүсийг халчихдаг. Дараа нь Ардын нам гарч ирээд зөрүүлээд халдаг. Энэ нь манай улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш үргэлжилж байна. Энэ хэрээр төрийн албаны нэр хүнд унасаар л. Монголын төр төрийн албан хаагчдаа улстөржихгүйгээр бэлтгэж авах ёстой юм. Ялсан нам бодлого, хөтөлбөрөө гаргаад төрийн албан хаагчидтайгаа хамтраад ажилладаг дэлхийн жишиг байдаг. Бид энэ жишиг рүүгээ явж чадвал төрийн албаны шинэчлэл бүрэн утгаараа хийгдэж, чадварлаг боловсон хүчинтэй болж, улс эх орон хөгжинө.

-Хуучин цаг шиг төрийн албанд шилдэг залуусыг шигшиж оруулдаг болгомоор байна. Төрийн албан хаагчид хөгжиж, дэвшиж, томорч, бодлого тодорхойлдог гишүүн, сайд болох тэр зам мөрийг нь нээж өгөх ёстой баймаар. Таны хувьд ажлын гараагаа хэрхэн эхэлж байв?

-Би бол сургуулиа төгсөөд баазад механикаар ажиллаж эхэлсэн. Дараа нь инженер, яамны мэргэжилтэн, цаашлаад ахлах мэргэжилтэн, яамны хэлтсийн дарга, газрын дарга болж ажиллаж байлаа. Энэ хугацаанд их юм мэдэж, сурч, суралцсан. Ер нь боловсон хүчний хувьд мэдлэгтэй, сайн бэлтгэгдсэн байж болно. Тэр хүмүүст улс эх орныхоо төлөө чин сэтгэлээсээ ажиллах ухамсар, чадварыг суулгаж өгөх ёстой юм. Бидний үед сургууль төгсч ирэхэд “Сайн ажиллавал чамд ийм ирээдүй байна” гэдгийг хэлж өгдөг байсан. Тийм болохоор эх орныхоо төлөө төрийн албанд бид хоёргүй сэтгэлээр зүтгэдэг. Ийм уламжлал өнөөдөр үгүйлэгдэж байна. Үнэхээр алдаа дутагдал гаргавал засч, тусалж, дэмждэг. Үр дүнтэй ажиллаж байгаа хүмүүсээ шагнаж урамшуулдаг системийг шинэчлэх шаардлагатай. Хичнээн сайн ажилласан ч ажил тасалдаг, ажлаа мэддэггүй, үр дүн муутай хүнтэй адилхан үнэлэгдээд байвал урамгүй болчихно.

Төрийн албанд ороод ажиллаж байгаа залуучууд дотор Монгол Улсын ирээдүйн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, дарга нар бэлтгэгдээд явж байгаа. Тиймээс залуучуудыг эхнээс нь тохирсон албан тушаалд нь тавьж, сургаж, хүмүүжүүлж, ажилд шигшиж авах ёстой. Яамны мэргэжилтнүүд дундаас сайн ажиллаж, ялгарч байгааг нь ахлах мэргэжилтэн болгох. Ахлах мэргэжилтнүүд дундаас нь шигшиж хэлтсийн дарга, хэлтсийн дарга нараас хамгийн сайн ажилласныг нь газрын дарга болгох. Газрын дарга нар дундаас тодорч байгааг ТНБД болгоод явах юм бол Монгол Улсын хөгжилд хэрэгтэй. Бас шинэ хуульдаа ч нийцнэ.

-Төрд орж ирж байгаа улстөрчид дайсантайгаа учирч буй мэт л уриа лоозон дэвшүүлэх юм. “Төрийн албыг бөхийлгөж, түмэн олныг гэдийлгэнэ”, “Авлигачдыг үндсээр нь устгана” гэх зэргээр янз бүрээр зүхсээр байгаад орж ирсэн болдог. Ажилтнуудаа дорд үзэж, басамжилж байгаа хүн яаж амжилт гаргах юм бэ. Төр бол дархлаатай, эрхэмсэг, имижтэй байх ёстой. Төрийн албаны шинэ хуулиар үүнийг зохицуулсан гэж ойлгож болох уу?

-Төрийн албаны тухай шинэ хууль нь мэрит зарчмыг баримталж ажиллахаар зохицуулагдсан. Төрийн алба бол дархлаатай байх ёстой. Хэн дуртай нь орж ирээд бужигнуулаад байж болохгүй. Төрийн албаны нэр хүндийг төрийн албан хаагч өндөрт өргөж авч явах ёстой. Төрийн албаны шинэ хуулийн 23 дугаар зүйлд албан тушаалд тавих тусгай шаардлага гэж байгаа. Яамны мэргэжилтнээс эхлээд ахлах мэргэжилтэн, хэлстийн дарга, газрын дарга болоход бүгд төрд ажиллах жилийн шалгууртай. Тэргүүн түшмэл буюу ТНБД-ын хэмжээнд хүрч ажиллахад 16-аас доошгүй жил ажилласан байх шаардлагатай.

-Төрийн албыг хэтэрхий данхар байна гэдэг. Яаж цомхон, чадварлаг болгох юм бэ?

-Жил ирэх тусам төрийн алба данхайгаад орон тоо нь багасгахгүй байгаа нь үнэн. Манайхан мэдээллийн технологийн ололт амжилтыг их сайн нэвтрүүлж байгаа. Нэвтрүүлэх хэрээр ажлын үр дүн, чанар сайжирч, үйлчилгээ хурдан болж, орон тоо хэмнэгдэж байх ёстой юм. Тэр хэмнэлтээр төрд ажиллаж байгаа хүмүүсийн цалинг нэмбэл аль, аль талдаа ашигтай.

“XXI зууны Кейнс төрөөгүй байна”

-Та ярилцлагын эхэнд төрийн алба чамбайрахад төрийн тогтолцоо чухал гэж дурдсан. төрийн зохи-цуулалтын ямар аргууд байж болох вэ?

-Зах зээлийн эдийн засаг дахь төрийн зохицуулалт гэдэг нь үндэсний эдийн засгийг урт хугацаанд тогтвортой, үр ашигтай хөгжүүлэхийн тулд макро болон микро түвшинд шинжлэх ухааны үндэстэй нөлөөлж, бизнесийг нийгэмд үр өгөөжтэй байх чиглэлд хөтлөх нэгдмэл, цогц үйл ажиллагааг хэлдэг. Төрөөс нийгэм, эдийн засгийн амьдралд нөлөөлөх олон арга бий. Үүнд, хөгжлийн нэгдмэл стратегийг томьёолж, төлөвлөх, гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлж, алдааг засаж, сайжруулах, хариуцлага, үр дүнг тооцохын зэрэгцээ төрийн мөнгө, төсвийн болон бүтцийн өөрчлөлт, хүний нөөцийн бодлогуудыг оновчтой удирдах явдал юм. Түүнчлэн хөрөнгийн захын үйл ажиллагааг идэвхжүүлэх, экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд инновацийг чиглүүлэх ёстой. Тарифын болон тарифын бус аргуудыг өргөн ашиглах, татаас хөнгөлөлт үзүүлэх, квот тогтоох, хөнгөлөлттэй зээлээр дэмжих, үнийн дээд хязгаарыг тогтоох гэх зэрэг олон арга механизмууд багтдаг л даа. Хүн төрөлхтний хөдөлмөрийн хуваарь, нийгмийн харилцаа улам гүнзгийрч, олон төрөл янз болсоор байгаа өнөө үед төрийн оновчтой зохицуулалтгүй урсгалаар хөгжих ямар ч боломжгүй юм.

-Тэгвэл манай улс төр зохицуулалтгүй яваад байна гэсэн үг үү?

-Төрийг зохицуулалтгүй гэж хэлж болохгүй. Одоо ч байгаа. Харамсалтай нь үр дүн муу байна. Монголын хөгжлийн мухардал нь төрийн зөв тогтолцоо, засаглалын ухаалаг бүтэц, алсыг харсан стратeги бодлого, уян хатан зохицуулалт дутагдсанаас үүдэлтэй. Бид төрийн зохицуулалтыг зөв хийж чадахгүй байгаа шалтгаан нь хэт улстөржилт, түүнээс үүдэлтэй удирдалгын мэдлэг чадварын хомсдол, төрийн албанд хоноцын сэтгэлээр хандаж, сахилга,хариуцлагын тогтолцоо алдагдсантай холбоотой. Бид нийгмийн амьдралаа зөв зохицуулж чадахгүй төрийн тогтолцоотой болчихоод байгаад хамаг учир байна.

Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэм байгуулахаар зорьсон 30 жилийн эцэст дан ганц уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай, 3.2 сая хүн амтай мөртлөө их, дээд сургуулийн тоо 200-д хүрч, нэг хүнд ногдох архины үйлдвэрлэл 25-30 литрийг давсан зэрэг сөрөг үзэгдлүүд газар авч нийгмийн амьдралын тэнцвэрт харьцаа ихээхэн алдагдсан байдалтай байна шүү дээ. Мал сүрэг өсч 80 саяд хүрсэн гэх боловч, малын таваарлаг чанар буурч, сүргийн бүтэц алдагдсан, малын гаралтай бүтээгдэхүүн, ашиг шимийг үндсэнд нь түүхийгээр нь экспортолж, газар нутгийн 78.8 хувьд нь цөлжих аюул нүүрлээд байгаа. Хүн амын шилжилт хөдөлгөөнд төрөөс ямар ч хяналт, зохицуулалт хийхгүй болсноор нийт хүн амын 50 хувь нь зөвхөн нийслэлдээ амьдарч, хотын агаар, хөрс, усны бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 10-30 дахин хэтэрч энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэх боллоо. Нийслэлийн авто замын нэвтрүүлэх хүчин чадлаас 3-5 дахин олон тооны хуучин машин импортоор оруулснаас, түгжрэл иргэдийг зовоосон хурц асуудал болоод байна. Эрүүл мэндийн салбарын статистик үзүүлэлтүүд, гэмт хэрэг, архидалт, хар тамхи, садар самуун зэрэг нийгмийн ёс бус үзэгдлийн тоо харамсалтай үр дүнг илтгэсээр байна. Санхүүгийн салбарт бодлогогүй ажилласнаас нийт эдийн засгийн 95 хувь нь банкнаас хамааралтай болсон байна. Арилжааны банкууд хадгаламжийг өндөр хүүтэй авахаар уралдах болсноор аж ахуйн нэгжүүдийн авах зээлийн хүү жилийн 24-36 хувь болтлоо өсөж, мөнгөний бодлого гажуудлаа.

Төрийн бодлого, зохицуулалтгүй байдлын золиос ард иргэд болж байгаа нь Монголын ихэнх иргэдийн амьдрал доройтож, баян ядуугийн ялгарал туйлдаа хүрч, иргэдийн уур бухимдал газар авч, ёс суртахуун доройтож байгаагаар нотлогдож байна. Монголын нийгэм өнгөрсөн 30 жилийн хөгжлийнхөө үе шат бүрт төрөөсөө зохицуулалт шаардаж ирсэн. Харамсалтай тэр зохицуулалтыг тухай бүр нь хийж чадаагүй арчаагүйтэж,амиа аргацааж өдөр хоногийг өнгөрөөсөөр өдий хүрлээ.

-Ямар үед төрийн зохицуулалт хэрэгтэй юм бэ?

-Зах зээл өөрөө зохицуулж чадахгүй, нөхцөл үүсвэл төрөөс зохицуулах шаардлага гарна. Эсвэл чөлөөт зах зээлд мөнгөөр илэрхийлэгддэг хэрэгцээг эрэлт, нийлүүлэлтээр дамжуулан хангах боломжийг олгодог. Мөнгөөр илэрхийлэгддэггүй хэрэгцээ гэж бас байна. Улс үндэсний хөгжлийн нэгдмэл бодлого, төлөвлөлт, салбар хоорондын уялдаа, тэнцвэрийг хангах, гүйцэтгэлийн хяналт, эрсдэлийг тооцож, хариу арга хэмжээг авч, алдааг засах, хөгжлийн замаа зөв тодорхойлж ажиллах зэрэг нь бодлогоор хийгдэнэ. Төрийн удирдлага, нийгмийн үйчилгээ, үндэсний батлан хамгаалах асуудал, эрчим хүч, холбооны нэгдсэн сүлжээ, олон нийтийн хэв журмыг сахиулах гэх мэт асуудлуудад төрийн зохицуулалт шаардана. Гадаад хүчин зүйлийн нөлөөлийг арилгахад төрийн зохицуулалт чухал.

-Төрийн онцгой зохицуулалт хэрэгтэй салбар гэж байх уу?

-Байна. Үүний нэг нь орлого дахин хуваарилах үйл ажиллагаа буюу төсвийн бодлого байна. Чөлөөт зах зээлийн өрсөлдөөний үр дүнд олсон орлогыг зах зээл шударга гэж үздэг. Өөрөөр хэлбэл, олох ашгийн хэмжээ, оруулсан хөрөнгө оруулалтаас хамаардаг. Гэтэл нийгэмд өөрийн хөрөнгөгүйгээс шалтгаалан бодит бизнест оролцож чадахгүй хүмүүс олон байна. Тэд өрсөлдөөнд орохгүй учир ашиг, орлогогүй үлддэг. Төрийн албан хаагчид, зах зээлд байр сууриа олж чадаагүй олон хүмүүс ядууралд өртөх магадлалтай. Энэ бүгдэд төсвийн бодлого чиглэгдэх учиртай.

-Ингэхэд төрийн зохицуулалтыг хамгийн сайн ашиглаж чадаж байгаа гадны улсын туршлагыг сонирхуулахгүй юу?

-Өндөр хөгжилд хүрсэн орнууд төрийн зохицуулалтыг сайн хийж, улс нь хөгжиж, ард иргэд нь амар тайван, аз жаргалтай амьдарч байна. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр дэлхийд тэргүүлж байгаа Катар, Люксенбург улсуудыг нэрлэж болно. Нийгмийн баримжаатай, мэдлэгт суурилсан эдийн засагтай, баялгийн сантай, Скандиновын орнуудын туршлага манайд их ойр. Манай хөрш БНХАУ төрийн зохицуулалттай, өөрчлөлт шинэчлэлийн бодлогоо 1978 оноос эхлүүлж байхад нэг хүнд ногдох ДНБ нь 40 ам.доллартай тэнцүү ядуу орон байсан. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд дэлхийн хоёр дахь том эдийн засгийг бүтээж, тэр хэмжээгээр ард иргэдийнхээ амьдралыг өөд нь татаж, нэг хүнд ногдох ДНБ нь 10 мянган ам.долларт дөхөж, дэлхийн хамгийн том хуримтлалтай улс болж, тив, дэлхийн маш олон газарт хөрөнгө оруулалт хийж байна. Тун удахгүй дэлхийн хамгийн том эдийн засаг болох нь. Төрийн хүчтэй зохицуулалттай Норвеги улс манайтай ойролцоо 5.8 сая хүн амтай мөртлөө байгалийн баялгаас бүрдүүлсэн хуримтлалын сан нь нэг их наяд доллар давжээ. Төрийн зохицуулалтыг сайн хийж буй улс орон олон байна. Гэхдээ XXI зууны Кейнс төрөөгүй байна гэдэг.

-Энэ нь юу гэсэн үг юм бэ?

-Хүн төрөлхтний эдийн засгийн сэтгэлгээний сүүлийн 100 жилийн түүхийг сөхвөл Маркс, Фридман, Кэйнс гэсэн гурван хүний нэр хамгийн их дурдагддаг. Маркс хувийн өмчийг хязгаарлаж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн загварыг санал болгож байв. Фридман үүний эсрэг хувийн өмч, эдийн засгийн эрх чөлөө, өмчийн халдашгүй байдлыг дээдэлсэн чөлөөт зах зээлийн онолыг дэвшүүлсэн. Харин Кейнсийн онол бол Марксын болон чөлөөт зах зээлийн загвараас аль алиныг өөртөө агуулж, дунд нь оршдог. Тэр зах зээлийн эдийн засаг нь төрийн оролцоо, зохицуулалттай явбал илүү үр дүнтэй гэж үзсэн байдаг. Харин XXI зууны эдийн засагт төрийн оролцоо, зохицуулалт ийм байна гэсэн онолын томьёолол, загвар, баримт бичиг одоогоор алга байна. Үүнийг л хэлж байгаа юм.

Ж.Кейнс 1936 онд “Ажил эрхлэлт, хүү, мөнгөний ерөнхий онол” бүтээлдээ анх удаа зах зээлийн эдийн засагт өргөн хүрээтэй зохицуулалт зайлшгүй хэрэгтэйг нотолсон. Ж.Кейнсийн нотолгоо макро эдийн засгийн онолд хувьсгал хийсэн гэж үздэг. Мөн Кейнс эдийн засгийн хямрал, ажилгүйдлийг чөлөөт зах зээл шийдвэрлэж чадахгүйг нотолж байсан. Харин төрийн зохицуулалт, зээлийн хүү, татварын системээр дамжуулан эдийн засгийн хөгжлийг хангаж болно гэсэн зарчмын шинэ санааг дэвшүүлснийг эдийн засгийн шинжлэх ухаан дахь “Кейнсийн хувьсгал” гэж судлаачид үнэлдэг.

-Монголын Кейнс хэн байна вэ?

-Мэдэхгүй юм даа (бодлогошров). Дэлхийд түүхтэй, оюуны өндөр чадавхтай, асар их баялагтай, том зах зээлд ойр, цөөхөн монголчууд сайн, сайхан амьдрах боломж бүрэн бий. Бид санаа зорилгоо нэгтгээд,эв нэгдэлтэй ажиллаж, амьдарч чадвал Монголыг хөгжүүлэх асуудал бол тийм ч түвэгтэй биш. Монголын ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалж, тэдний талд ямар ч тохиолдолд тууштай зогсож чаддаг, бусдын нөлөөнд автдаггүй, улс төрийн хүчин, хүн Монголыг хөгжүүлэх нь эргэлзээгүй. Харамсалтай нь манай тогтолцоо, хүн ардын уламжлалт сэтгэлгээ, төрийн зарим зохицуулалтыг хийхэд саад болоод байна. Тухайлбал, Сургалтын чанар, материаллаг баазыг дээшлүүлэх, хэрэгцээндээ нийцүүлэх зорилгоор олон дээд сургуулийн тоог багасгах, импортын хуучин автомашид татвар тогтоох замаар тоог нь хязгаарлаж, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, мал сүргийн тоог билчээрийн даацтай нь уялдуулж тогтоох, Фэйсбүүкийн хуурамч хаягийг устгах арга хэмжээ аваад эхэлбэл сөрөг хүчин нь улс төржүүлж, ТББ-ууд манлайлаад, нийгмээрээ эсэргүүцэж төрийн байгуулалтаа тараах, огцруулах шаардлага тавина. Хөгжлийн алдааг засаж, зөв замд нь оруулахад зарим үед хатуу арга хэмжээ авах шаардлага гардаг. Улс орны хөгжлийн амин чухал асуудлаар хийж буй ажлыг улс төрийн намууд хэзээ ч улстөржүүлж, саад хийж, нийгмийг буруу зүйлд турхирч болохгүй. Бид сонгуулиас сонгуулийн хооронд амьдарч, бүгдэд таалагдах гэсэн явцгүй бодлоосоо татгалзах хэрэгтэй боллоо. Нийгэмд зөв үзэл санааг түгээх талаар Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч маань хууль санаачлан батлуулж хэрэгжүүлэн төрөөс зохицуулах шаардлагатай.

-Монгол улс хөгжлийнхөө бодлогыг яаж боловсруулж, төрийн зохицуулалтыг яаж хийх ёстой юм бэ?

-Энэ маш том асуудал учраас юуны түрүүнд авч хэрэгжүүлэх гурван асуудлыг товчхон хэлье. Манай улсад улстөржилт дэндүү газар авч, улс төр хийж амьдрахыг хүсэгчид, төрд орохгүйгээр амьдарч чадахаа больсон хүмүүс дэндүү олон болжээ.Энэ бол сайн зүйл биш. Эрх чөлөө чухал. Харин эрх чөлөөг тэгш эрх, шударга ёсноос салгаж ойлгосноос алдаа улам гүнзгийрч, эв нэгдэл, үндэсний аюулгүй байдал алдагдах, улс төрийн том эрсдэл тулгарч байна. Энэ эрсдэлийг зөөллөх, дунд, урт хугацаанд арилгах арга хэмжээг үе шаттай бодлоготой авч хэрэгжүүлэх шаардлага үүслээ. Монголчуудыг хөгжил, дэвшлийн төлөө нэгтгэж чаддаг, эрүүл, зөв төрийн тогтолцоог бүрдүүлж байж цааш хөгжинө. Хоёрдугаарт, төр хийх ажлаа хувийн хэвшилд бүгдийг даатгаад амжилт олохгүй нь ойлгомжтой боллоо. Монголын төр өнгөрсөн 30 жилд татвар хураагаад хуримтлал үүсгэж чадсангүй. Манай Улсын нийт гадаад зээлийн хэмжээ 27.4 тэрбум ам доллар болж, Засгийн газар 2018 онд л гэхэд гадаад, дотоод зээлийн үндсэн төлбөрт 2.6 их наяд, зөвхөн хүүгийн төлбөрт 1.2 их наяд төгрөг төлж байна. Улс орон, дампууралд (дефолт) орох эрсдэл одоо ч өндөр байна. Яг ийм загвараар эдийн засгаа авч явбал цаашдаа ч хуримтлал үүсгэж чадахгүй. Иргэн баян бол улс нь баян гэдэг үгийг бид их ярьсаар бүх өмчөө, газрын баялагтайгаа хувийн хэвшилд, хувь хүмүүст шилжүүлсэн. Улс нь баян, хуримтлалтай бол иргэд нь жаргалтай амьдарч байгаа жишээ бас олон байна. Иргэдээ баян болгохоос гадна улс эх орноо хуримтлалтай, хүчирхэг болгох загвар бидэнд хэрэгтэй байна. Монголын төрөөс 2018 оны байдлаар төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд 3600 орчим лиценз буюу газрын баялаг ашиглах эрхийг олгожээ. Том том баялагтай ордуудын ашиглах эрхийг ямар ч өрсөлдөөн,шалгуургүй авчихаад нэг хэсэг нь хав дарчихаад,нөгөө хэсэг нь зарахаар гадныхныг гуйж гүйгээд байгаа нь зөв үү. Монголын төр, ард түмний мэдэлд байдаг газрын баялагийн менежмэнтээ зөв хийж, үйлдвэрлэн бүтээж, илүү их нэмүү өртөг бий болгох замаар орлого олох, хуримтлалтай болох загвар бидэнд хэрэгтэй. Төрийн эдийн засгийн бодлого, загварыг түүхий эдийн наймаа, ченжийн сэтгэлгээнээс гаргахгүйгээр монголчууд өлмөн зэлмүүн амьдрал, хомсдол гуйлгаас ангижирч чадахгүй. Гуравдугаарт, сахилгатай, хариуцлагатай ажиллаж, амьдрах шаардлага бидэнд тулгарч байна. Хариуцлага, дэг журамтай, хууль, дүрэм нь тодорхой, тэр нь нэг мөр хэрэгждэг газар хөрөнгө оруулалт орж ирнэ. Хөрөнгө оруулагчдын эрх ашиг, аюулгүй байдал ч хангагдана.

-Та сая баялагийн менежмэнтийг зөв болгох хэрэгтэй гэлээ. Баялгийн засаглал, Баялгийн сан гээд л манайхан яриад байгаа шүү дээ?

-Монгол Улс эдийн засгаа олон тулгууртай болтлоо, хүссэн хүсээгүй нэг хэсэгтээ газрын баялагаа ашиглаж амьдарна. Хамгийн түрүүнд лицинз тойрсон асуудлаа цэгцлэх хэрэгтэйг дахин хэлье. Ард түмний мэдэлд байх баялаг ашиглах эрхийг худалдах эрх хэнд ч байх ёсгүй. Чаддаг хүнд нь шилжүүлж болно. Энэ шилжилт хөдөлгөөнийг төр хийнэ. Том болон ач холбогдолтой ордуудын хайгуулыг төр өөрөө зохион байгуулан хийвэл төрийн мэдлийн нөөцтэй болно. Дараа нь хөрөнгө оруулагчидтай төрийн нэрийн өмнөөс ярих боломжтой болно. Ингэснээр үр ашиг нь сайжирч төр хуримтлалтай болж, баялагийн менежмент зөв болно. Манай экспортод гаргаж буй газрын баялаг хэмжээ их боловч, харамсалтай нь баялагаа дэлхийн зах зээлийн үнэд хүргэж худалдаж чадахгүй л байна. “Эрдэнэс Тавантолгой” ХХК нь өндөр чанартай коксжих нүүрсээ 2018 оны эхний хагас жилд 60-70 ам.доллараар уурхайн аман дээрхи нөхцөлөөр худалдаж байна. Гэтэл “Энержи Ресурс” ХХК нь нүүрсэндээ нэмүү өртөг шингээж, хилийн нөхцөлөөр 146 ам.доллараар худалдаж чадаад байна. Нэг бүлэг ордоос олборлож буй ижил чанарын нүүрсийг үнэ ийм ялгаатай байна. Эндээс харахад газрын баялагаа худалдах үнийн нэгдсэн бодлого бидэнд хэрэгтэй. Гадаад худалдааг нэгдсэн бодлогоор хэрэгжүүлдэг мэргэжсэн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай. Томоохон уул уурхайн компаниудын үйл ажиллагааны ашгаар дэд бүтэцэд нь буцааж хөрөнгө оруулалт хийж үнэ цэнийг нь өсгөх хэрэгтэй. Төрийн өмчит том том компаниудын удирдалгын маш хүчтэй баг бүрдүүлж ажиллах нь хөрөнгө оруулагчдын итгэл найдварыг төрүүлнэ.Газрын баялагт илүү их нэмүү өртөг шингээх боломж байна.
Эдгээр ажлуудыг дэс дараатай бодлоготой хийж, үнэ цэнэтэй болгосны үндсэн дээр IPO хийх замаар хөрөнгө оруулалт татах, нээлттэй компани болгох, бодлого хэрэгжүүлэх нь чухал. Төр хамгийн муу мeнeжeр гэсэн яриа байдаг. Энэ нь төрийг хүчгүйдүүлж, ашиг олох гэсэн бодлого, үг, үйлдэл. Төр хамгийн сайн менежер байж улс орон хөгжинө. Дэлхийн зах зээл дээр үнэтэй, цаашид үнэд орох газрын ховор элемент, цахилгаан машины үйлдвэрлэлд нэн шаардлагатай литий, кобальт гэх мэт эрдэсийн ордуудыг стратегийн ордод хамруулж, төр мэдэлдээ авах байдлаар ажиллах шаардлагатай байна.
Аливаа Улс орон өөрт байгаа бүх нөөц, давуу чанараа бүрэн дүүрэн ашиглах замаар эдийн засгаа хүчирхэгжүүлж байдаг. Энэхүү хүчирхэг болгох арга зам нь төрийн зөв тогтолцоо, нэгдмэл зөв зохицуулалт байдаг. Бидэнд боломж их байна. Боломж бас цаг, хугацаатай.