Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Орон нутагт ажлын байранд архидан согтуурч байгаа эсэхийг шалгаж эхэлжээ

Засгийн газраас төрийн албаны ёс зүй, хариуцлагагыг чангатгах үүднээс төрийн байгууллагуудад шалгалт хийх шийдвэр гаргасан. Хамгийн анх 13 яам, 12 агентлаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт шалгалт хийсэн бол энэхүү шалгалтыг улс орон даяар үргэжлүүлээд байгаа юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажлын хэсэг аймгуудын төрийн албаны хүний нөөцийн дүүргэлт, албан хаагчдын ёс зүйн байдал, төрийн өмчийн барилга байгууламж, ажлын өрөөний дотоод дэг журам, ажилчдын цаг ашиглалтад нарийвчилсан шалгаж байгаа. Үүнээс гадна орон нутагийн удирдлагууд хууль хүчний байгууллагадаа чиглэл өгч төрийн албан хаагчид ажлын байрандаа архидан согтуурч байгаа эсэхийг шалгуулж байгаа ажээ. тухайлбал, Өвөрхангай аймгийн ИТХ-аас Цагдаагийн газартайгаа хамтран энэ сарын 6-7-ны шилжих шөнө төрийн байгууллагуудад ажил албаа гүйцэтгэж байгаа албан хаагчид болон жижүүр, хамгаалалтын албыг шалган архи, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхэд хяналт тавьжээ. 14 байгууллагын 23 албан хаагчийг шалгахад ямар нэгэн зөрчил, дутагдал илрээгүй байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Ипотекийн зээлд 31 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ

Монголбанк сар бүр олгодог найман хувийн ипотекийн зээлийн хөтөлбөрийн наймдугаар сарын санхүүжилтэд 1630 зээлдэгчийн 31.5 тэрбум төгрөгийг банкуудад хувиарлаад байна. Үүнээс 4.8 тэрбум төгрөгийг орон нутагт олголоо.

Тус хөтөлбөрийн дагуу он гарснаар Монголбанкнаас 127.7 тэрбум, Засгийн газраас 59.6 тэрбум, нийт 187.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 187.3 мянган иргэнд олгосон байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Баттөмөр: Монголын хямрал зах зээлээс бус, улс төрөөс угшилтай

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.


-Эхний хагас жилийн статистик мэдээллийг харж байхад манай улсын эдийн засагт нааштай өөрчлөлт гарч байгаа гэжээ. Монгол Улс хямралаас гарч байна гэж ойлгож болох уу. Эдийн засагч хүний хувьд та энэ тал дээр тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Монголчууд бид ардчилал зах зээлийн нийгэмд шилжсэн 30 гаруй жилд хямрал дунд ажиллаж, амьдарсаар ирлээ. Бид хямралаас гараагүй. Ойрын жилүүдэд хямралаас гарах боломжгүй. Санхүүгийн хямрал Монголыг үргэлж дагана. Өрнөдийн ертөнцийг хямрал 600 жил дагаж байна гэж үздэг. Монголын хямрал зах зээлээс бус, улс төрөөс угшилтай. Монголын эдийн засаг дахь улс төрийн нөлөөллийг багасгаж, эдийн засгийг мэдлэгтэй удирдаж байж, хямралын нөлөөг багасгах тухай ярина. Хямралын шалтгаан нь Төрийн тогтолцооны алдаа, алдаатай бодлого, хөгжлийн бодлого төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтгүй хөгжил, боловсон хүчний мэдлэг чадварын хомсдол, сахилга хариуцлагын тогтолцоогүй хөгжил гээд тоочвол маш олон. Төрийн албанд түшмэдүүд нь хоноцын сэтгэлээр хандаж байгаа нь асуудлыг улам хүндрүүлж байна. Өнгөрсөн жилүүдэд эдийн засагт сэргэлтүүд гарч байсан. Тэр сэргэлтийг тогтвортой хөгжлийн суурь болгож чадаагүй нь харамсалтай. Одоо эдийн засагт сэргэлт илэрч байна.

-Яаж тэр вэ. Ард иргэдийн амьдралд ямар өөрчлөлт гаргах бол?

-Нэгэнт доройтсон эдийн засагт гарч буй бага сага өөрчлөлт, иргэдийн амьдралд сайн өөрчлөлт болж очтолоо удна. Яг одоо ямар ч ид шидтэн гарч ирээд гэв гэнэт амьдралыг огцом сайжруулчихна гэж байхгүй. Тэгж амлаж байгаа бол худал. Одоо гарч буй эерэг хандлага өөрчлөлтийг дунд, урт хугацаанд бэхжүүлж, төрийн зөв зохицуулалтуудыг хийж чадвал иргэдийн амьдралд бодит сайн өөрчлөлтүүд гарна. Төсвийн тэнцэл 2016 онд 1.1 их наяд төгрөгийн алдагдалтай байсан бол 2017 онд 676.0 тэрбум болж буурсан. Харин 2018 оны эхний хагас жилд орлого, зарлага нь тэнцэж 12.9 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Энэ Засгийн газар их том өр төлж байна. 2018 онд 3,8 их наяд төгрөгийн өр төлөхөөс эхний 7 сард 2,7 их наядыг төлсөн байна.Одоо үлдэж байгаа 5 сард 1,1 их наядыг төлнө. Энэ их өрийг энэ засгийн газар тавиагүй нь ойлгомжтой. Татварын орлого өмнөх оны мөн үеэс 842.6 тэрбум төгрөгөөр өсчээ. Төсвийн орлогын 80.4 хувийг татварын орлого бүрдүүлж, 6.8 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 2.3 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байгааг чамлаж болохгүй. Нийгмийн даатгалын сангийн орлого 1.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 132.3 тэрбум төгрөгөөр өссөн байна. Энэ бол хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж олон хүн, олон өрхийн орлого нэмэгдэж байгаагийн нотолгоо.

Мөнгөний нийлүүлэлт 3.9 их наяд буюу 28.7 хувиар, гүйлгээнд байгаа бэлэн мөнгө өссөнөөс үзэхэд эдийн засгийг тэлэх үйл явц муугүй явагдаж, төгрөгийн ханш, инфляци зорилтот түвшинд байна.

Хөрөнгийн захад үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын нийт үнэлгээ 2018 оны зургадугаар сарын эцсийн байдлаар 2.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 65.7 хувиар өссөн нь Монголд хөрөнгийн зах зээл хөгжих боломж их байгааг харуулж байна. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл 8.7 их наяд төгрөгт хүрч,өмнөх оны мөн үеэс 1.7 их наядаар өсчээ. Төлбөрийн тэнцэл оны эцэст 300-350 сая ам.долларын ашигтай гарах боломж байна. Засгийн газар бонд гаргахгүйгээр өрөө төлөөд, тайлан тэнцэл ашигтай гарч байна. Эдгээр өөрчлөлтүүд энэ Засгийн газрын үед гарч байна. Богино хугацаанд гарч буй энэ өөрчлөлт ирээдүйд сайн үр дүнд хүрэх эхлэл байгаасай гэж хүсч байна.Энэ өөрчлөлтийг хийж байгаа У.Хүрэлсүхийн Засгийн газар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар түүний багт баяр хүргэх ёстой. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэж үг байдаг. Монгол Улс хөгжиж, ард иргэдийн амьдрал эерэг өөрчлөлт гарвал монголчуудад л хэрэгтэй.

-АН-ын удирдлагууд саяхан Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тараах асуудлыг хөндөж тавилаа. Энэ талаар та ямар бодолтой байна?

-Тиймээ, өөрчлөлт шинэчлэл хийж, зарим эерэг үр дүнг гаргаж буй Засгийн газрын бүх ажлыг харлуулж, огцруулах шаардлага тавьж байгааг хараад харамсч байлаа. 1996-2000 онд дөрвөн Засгийн газар огцроод Монголд сайн сайхан зүйл юу ч болоогүй. Энэ Засгийн үед эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч байна. Энэ өөрчлөлтийг баталгаажуулах, улам сайжруулах шаардлагатай. Дэлхийн улс орнуудад эдийн засаг нь улс төрөө тодорхойлдог. Гэтэл манайд улс төр нь эдийн засгаа байнга тодорхойлж ирснээс хямрал, хөгжлийн хоцрогдол, сахилга хариуцлагагүй байдал газар авч ирлээ. Энэ оны эхний хагас жилийн статистик мэдээнд эерэг сайн үзүүлэлт их олон гарсан байна. Тоо худлаа хэлдэггүй гэдэг биз дээ. Хамтарч төсөл хэрэгжүүлж буй оувс, Дэлхийн банк гэх мэт олон улсын байгууллагууд манай Засгийн газар, Монголбанкинд сайн үнэлэлт өгч байна. Яг энэ эрчээрээ явбал 2019 оны сүүлийн хагаст Монгол Улс өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөөс гарах боломж бүрдэнэ. Гэхдээ биднээс маш их хүчин чармайлт, их ажиллах шаардлага гарна. УИХ-ыг тараах тухайд МАН 2016 оны сонгуульд орохдоо ард түмэндээ амалсан мөрийн хөтөлбөр бий. Энэ мөрийн хөтөлбөр биелэх бүрэн боломжтой. Хэдэн хүн тар гэснээр тарчихгүй л дээ.

-Монголын ардчилал гажуудсан гэж зарим хүн ярих юм. Та үүнтэй санал нийлэх үү?

-Монголын ардчилал гажуудсан нь үнэн. Ардчиллыг өмчилж болохгүй. Ардчиллыг зөвхөн эрх чөлөө гэж ойлгож, шударга ёс, тэгш эрх гэсэн ойлголтуудыг мартсан нь хамгийн том алдаа. Ардчиллынхаа мөн чанарыг ойлгохгүй 30 гаруй жил мунгинаж, баян хоосны огцом ялгарлаар дэлхийд толгой цохиж яваа нь үнэн.

1992 оны Үндсэн хуульд эдийн засаг нь төрийн зохицуулалттай, зах зээлийн эдийн засаг байна гэж заасан. Энэ заалтын төрийн зохицуулалтыг зөв, гүйцэт, том эрх ашгийг барьж хийж ирсэнгүй. Ер нь монголчууд эх орноо цаашид авч явж чадах уу гэсэн асуудал хурцаар тавигдаж эхэллээ. Монголын ард түмэн төр засгаасаа шударга ёсыг тогтоох, сахилга хариуцлагыг бэхжүүлэх гэсэн хоёр асуудалд 30 гаруй жил хариу нэхэж байна. Бид тогтоож, бэхжүүлж чадахгүй л байна. Монголд шударга ёсыг тогтоож, хариуцлага сахилгыг бэхжүүлэхгүйгээр хөгжих тухай бодоод ч хэрэггүй.

-Та энэ Засгийн газрыг бонд гаргахгүйгээр асуудлаа шийдээд явж чадаж байна гэлээ. Цаашид энэ боломж ямар байх бол?

-Төсвийн тогтвортой байдлын тухай, Өрийн удирдлагын тухай хуулиудаар зайлшгүй шаардлагатай үед засаг бонд гаргаж санхүүжилт хийж байх ёстой юм. Гэтэл тооцоо муутай, арилжааны нэгдсэн тогтолцоогүй, бонд гаргаж, арилжааны банкуудад давуу байдлыг бий болгосон. 2012-2017 онд 15.9 их наяд төгрөгийн 12.9 хувийн жигнэсэн дундаж хүүтэй бонд гаргасан байна. Энэ бондын 81.1 хувийг арилжааны банкууд худалдан авсан байна. Хүү нь 2015 онд хамгийн өндөр 14.6 хувь байжээ. 2012-2017 онд бондын үндсэн төлбөрт 13.4 их наяд, хүүгийн төлбөрт 2.7 их наяд төгрөг төлжээ. Мөн 2016 онд 1.2 их наяд төгрөгийн 10.9 хувийн хүүтэй “Мазаалай” нэртэй гадаад бонд гаргаж, төсвийн алдагдал нөхөж, зарим хэсгээр нь “сайн” нэртэй хөтөлбөрүүдийг Төсвийн хууль зөрчин санхүүжүүлсэн нь улс орны эдийн засагт хүндээр тусч хор хохирол нь одоо ч үргэлжилж байна. Ер нь үүсмэл үнэт цаас нь эрсдэл үүсгэдэг санхүүгийн өвөрмөц хэрэгсэл. Төсвийн алдагдал 2012 онд 781.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 4.7 хувийг эзэлж байсан бол 2013-2016 онд тасралтгүй өссөөр 2016 онд 3.6 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ний 15.3 хувийг эзэлж байлаа. Төсвийн төлөвлөлт нь буруугаас алдагдал өндөртэй, түүнийг өндөр хүүтэй зээл авч санхүүжүүлж ирсэн нь алдаатай бодлогын нэг жишээ. 2017 оны намраас Засгийн газар бонд гаргахгүйгээр ажиллаж чадаж байна. Энэ ажлын үр дүнд арилжааны банкуудаас аж ахуйн нэгжүүдэд олгосон бизнесийн зээл 40 гаруй хувиар нэмэгджээ. Энэ бол маш сайн үзүүлэлт.

-Энэ засгийг гадаадаас 2.0 тэрбум долларын зээл авснаас гадаад өр нэмэгдүүлсэн гэж байгаа шүү дээ?

-Монгол Улсын нийт гадаад өр 2012 оноос хойш жил бүр тасралтгүй өсч ирлээ. Гэхдээ өмнөх онуудад гаргасан бондыг 2017 онд дахин бонд гаргах замаар сольж, өрийн дефолт зарлах эрсдэлээс зайлсхийсэн. Үүнд “Хуралдай” бондоор Хөгжлийн банкны 580.0 сая ам.долларын өрийг төлж, “Гэрэгэ” бондоор “Чингис” бондын 500.0 сая, “Дим сам” бондын 9.5 хувийг буцааж худалдаж авсан. Энэ бол зайлшгүй авах арга хэмжээ байсан. Гадаад өрийг нэмэгдүүлэхгүй зохистой харьцааг хадгалж, ажиллах шаардлагатай.

-Засаг өөрийн мэдлийн мөнгөө найдвартай төлөгдөх Засгийн үнэт цаасанд оруулахгүй арилжааны банкинд бага хүүтэй хадгалуулж банкууд түүгээр нь Засгийн газрын бонд худалдаж авдаг гэдэг шүүмжлэл ч бас байдаг?

-Тиймээ, шалгаж үзэж, алдаагаа засах хэрэгтэй. Зөвхөн Нийгмийн даатгалын сан 2012-2017 онд 146.0-583.0 тэрбум хүртэлх төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулсан байдаг. Энэ мөнгөөр хуулиар тогтоосон хэмжээнд нь ямар ч эрсдэлгүй Засгийн бонд худалдаж авсан бол 16.0 тэрбум төгрөгөөр энэ сангийн хөрөнгө нэмэгдэх байсан гэсэн тооцоо байдаг. Үүнийг л төрийн түшмэд төрийн ажилд хоноцын сэтгэлээр хандаж байна гэж хэлж байгаа юм.

-Монголын эдийн засагт тулгамдсан зарим асуудлын талаар ярилцлагаа үргэлжлүүлье. Эдийн засгийн өсөлтийг дагаад инфляцийн түвшин нэмэгддэг. Инфляцийг доогуур тогтвортой барихын тулд яах ёстой вэ?

-Монголын эдийн засагт тулгамдсан шийдэх ёстой маш олон асуудал хуримтлагдсан. Эдийн засаг 6.3 хувиар өсөхөд, инфляц 7.7 болж байгаа нь буруу үзүүлэлт. Яагаад гэвэл өсөлтийг инфляц нь идчихэж байна. Инфляцийн өсөлтийг эдийн засгийн өсөлттэй холбож тайлбарлаж хэрэггүй. Эдийн засаг өсөхөөр инфляц өсдөг гэдэг нь хуучирсан. Инфляцийн түвшинг 0 хувиас дээгүүр барих нь дифляцийн аюулаас хамгаалах нэг арга гэдэг. олон улсын туршилгаар хоёр хувийн инфляц хамгийн тохиромжтой гэж үздэг. Инфляц өөрөө макро эдийн засгийн бусад үзүүлэлттэйгээ шууд холбоотой учир манайд яг хэдэн хувь байхыг улирал, жилээр нь нарийн тооцох шаардлагатай. Үнийн тогтвортой байдлыг хангаж, инфляцийн түвшинг доогуур тогтвортой байлгахын тулд нүд салгалгүй ширтэх хэрэгтэй гэж зарим судлаач зөвлөдөг. Бидэнд нэг их ширтээд байгаа юм алга. Ер нь инфляцийг хяналтанд байлгах хэрэгтэй. Манай эдийн засгийн өсөлт нь түүхий эдийн үнийн өсөлт, ГХОаар дэмжигдэж, өдөөгдсөн өсөлт. Уул уурхайгаас бусад салбарыг идэвхжүүлэх замаар бүтээмжид суурилсан өсөлт рүү явах ёстой. Төсвийн алдагдлыг тууштай бууруулж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх шаардлагатай.

Орчин үед эдийн засаг нь удирдагч нараа сорьж, шалгалт авч, тодруулж өгч байна. Эдийн засагт тогтвортой өсөлт, нам түвшний инфляц, ханшийн тогтвортой байдал гэсэн гурван үзүүлэлтийг хангаж ажиллах нь чухал. Энэ гурван үзүүлэлтийн харьцааг зөв барьж ажиллаж байгаа нь тодорч, чадаагүй нь бүдэрч байна. Монгол Улсын санхүүгийн тогтвортой хөгжил, тогтвортой байдлыг шинээр харах хэрэгтэй. Санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй Засгийн газар, Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны ажлыг нэгтгэж зангиддаг байгууллага, албан тушаалтан алга. Ийм байгууллага, албан тушаалтан хэрэгтэй байна. Монголын төрд хуримтлал алга. Хуримтлалтай болох хэрэгтэй. Энэ бүхэн нь хөгжлийн загвараа эргэж харах, шинэчлэх шаардлага үүсч байгааг нотолж байна.

-Монголд зээлийн хүү өндөр байгаа нь эдийн засагт хортой байна гэдэг. Та зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох саналыг дэмжиж байсан байх аа?

-Зээл гэдэг нь санхүүгийн бүтээгдэхүүн. Энэ бүтээгдэхүүний үнэ яагаад өндөр байгааг задалж үзвэл гол зардал болох хадгаламжийн хүү өндөр байгаа юм. Яагаад гэхээр арилжааны банкууд зээлийг бие биетэйгээ өрсөлдөж өндөр хүүтэй авснаас үүссэн. Энэ асуудал дээр төрийн бодлого, зохицуулалтуудыг хийгээгүй зах зээл, үл үзэгдэгч гарт найдаж хаяснаас бид эдийн засгийн эрх чөлөөгүй амьдарч байна. Зээлийн хүү өндөр байх нь хадгаламж эзэмшигчдэд ашигтай боловч, зээл гэдэг бүтээгдэхүүний өртгийг өсгөж эдийн засгийг идэвхгүй болгож, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг боомилдог. Хадгаламжийн өндөр хүү банкуудад ч ашиггүй. Зээлийн хүү өндөр байгаагаас чанаргүй, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ нэмэгдэж, банкуудын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна. Монголд санхүүгийн тогтвортой байдлыг хангах асуудал чухалаар тавигдаж байна. Энэ асуудлын хүрээнд макро эдийн засгийн зохистой орчныг бүрдүүлэх, төсөв мөнгөний бодлогын нөлөөг сайжруулах, банкуудын үр ашиг, засаглалыг сайжруулах ажлыг дунд, урт хугацаанд хийж хэрэгжүүлбэл зээлийн хүүг бууруулах боломж байна. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож өгч үр дүнд хүрсэн туршлага бас байна. Иймд зээлийн хүүг буурууулахдаа эдийн засгийн аргыг төрийн зохицуулалттай хослуулж хийвэл үр дүн гарна гэж үзэж байна.

-Эдийн засаг дахь банкны өндөр нөлөөллийг багасгаж, хөрөнгийн захын нөлөөллийг нэмэгдүүлэх нь чухал гэж эдийн засагчид онцолдог. Энэ асуудлыг шийдэхэд “Эрдэнэс таван толгой” компанийн хийх IPO онцгой ач холбогдолтой биз дээ?

-Гадаад орнуудын жишгээр IPO гаргах бэлтгэл ажил 12-18 сар үргэлжилдэг гэдэг. Манай бэлтгэл ажил сайн хийгдэж байгаа байх гэсэн хүлээлттэй байгаа. оны эцэст Монголын ард түмэн, УИХ-д танилцуулах байх. Хувьцаа гаргана гэдэг нь маш их үнэтэй санхүүжилт. Зээлээс ч үнэтэй санхүүжилт. Иймээс хувьцаа гаргахаас өмнө бонд гаргах нь үр дүнтэй ч байж мэднэ. Асар их, сайн чанарын нөөцтэй, зах зээлд ойр “Таван толгой” хк-ийн хувьд хувьцаа нь хямд зарагдах эрсдэл өндөр байгаа юм. “Үсрэхээсээ өмнө сайтар хар” гэж үг бий. Өндөр эрсдэл гаргаж,өндөр ашиг олдог учир тооцоо судалгаа маш сайн хийх хэрэгтэй. Ямар ч тохиолдолд IPO үр ашигтай байх ёстой. Үр ашиг муутай тооцоо гарвал санхүүгийн өөр хэрэгслийг ашиглах шаардлага гарна. IPO хийх чиглэлээр зөвлөгөө өгдөг хөрөнгө оруулалтын зөвлөх банкууд байдаг. Энэ банкуудаас үр ашиг, зах зээлийн байдал, үнэлгээ гээд олон асуудлаар зөвлөгөө авах хэрэгтэй.

-IPO ийн бэлтгэл ажлын талаар танд ямар мэдээлэл байна?

-Надад одоохондоо тодорхой мэдээлэл алга. Гэхдээ энэ асуудлаар сонирхдог. Дэлхийд Ernest and Young, Deloitte, KPMG, Pricewaterhousecoopers гэсэн дөрвөн том аудитын компани бий. Эдгээр компани IPO хийдэг том багуудтай.

Монгол Улсын Засгийн газар, сонгож авах андеррайтер компанитай хамтарч “Таван толгой” хк-ийн үнэлгээг хийх ёстой. Энэ үнэлгээ компанийн ирээдүйн хэдэн жилийн санхүүгийн моделийг гаргаж ирнэ. Жилд хэдий хэмжээний бүтээгдэхүүн гаргаж, ямар үнээр борлуулах, ямар ашиг олох зэрэг моделийг 15, 20, 30 жилээр гаргана. IPO хийхэд андеррайтер их чухал үүрэгтэй, амжилтын баталгаа гэж үздэг.

Техникийн тайлан нь IPO ийн амин чухал хэсэг нь гэж үздэг. Биржээ сонгож, бүртгүүлэхийн тулд шаардлагад нийцсэн баримт бичгийг бүрдүүлэх гээд ажил ундарч байгаа байх аа. IPO-гоор босгосон хөрөнгөөр санхүүжүүлэх дэд бүтцийн төслүүд бэлэн болсон байх шаардлагатай. Бид урьд “Чингис” бондоор босгосон мөнгөөрөө санхүүжүүлэх төсөл бэлэн байгаагүйгээс алдаа гарч байсныг давтаж болохгүй.


Categories
мэдээ нийгэм

Д.Булгамаа: Бэлчээр талхлагдахыг даган малчдын маань амьдрал улам эмзэг болж байна

Монгол орныг өдий болтол авч явж ирсэн МАА-н салбар өнөөдөр ямар байдалтай байна вэ. Мэдээж энэ ойлголтыг олон хүчин зүйлс бүрдүүлдэг. Гэвч тэдгээр тулгуур хүчин зүйлсийг тойроод ямар хурц, тулгамдсан асуудлууд үүсчихээд, аюулын харанга дэлдээд байж байгаа вэ? Ер нь энэ тухай анхаарч байгаа хүн байна уу? Эдгээр асуултууд өнөөдөр орон даяар хангинаж байна. Учир нь бид чинь нүүдлийн МАА-тайгаа хэвээрээ байгаа шүү дээ. Тэгэхээр үүнийгээ тойроод ярьцгаая, эрхмүүд ээ.


Энэ бол бидний хувьд хариуцлагатай сэдэв мөн үү, мөн. Тийм учраас судлаач, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт, Малын эрүүл мэнд” төслийн мэргэжилтэн, доктор Д.Булгамааг зочноороо урьж ярилцлаа. Уншигч та бидний ярилцлагыг уншаад бодол санаагаа надад илгээгээрэй. Бүгдээрээ хамтдаа энэ хүнд асуудлуудын ард гарцгаая. Ингээд эрхэм судлаачийн ярианд анхаарлаа хандуулна уу.

-Хөдөө аж ахуйн салбарын олон мэргэжилтэнтэй уулзаж, ярилцаж байлаа. Харин бэлчээрийн менежмэнтээр мэргэшсэн судлаач эрдэмтэнтэй ярилцаж байгаагүй юм байна. Бэлчээрийн мал аж ахуйгаа эрчимжүүлсэн хэлбэр лүү шилжүүлье гэж олон жил бид ярьлаа. Гэвч тэр зүг нэг ч алхаж чадсангүй. Ер нь ингэж мөрөөдөх бололцоо байгаа юм уу?

-Монгол орны нийгэм, эдийн засаг, экологи, түүх соёл, нүүдэлчдийн ёс заншил энэ бүгд бэлчээрийн мал аж ахуй дээр суурилдаг учраас бэлчээрийн нөөц, бэлчээрийн чанар гэдэг монголчууд бидний хувьд маш чухал асуудал. Бэлчээр байж мал, малчин байна, БЭЛЧЭЭР-МАЛ-МАЛЧИН гурвыг салгах боломжгүй юм. Бэлчээрийн мал аж ахуйгаа, нүүдэлчин ёс заншлаа аваад үлдсэн цөөхөн хэдэн орны нэг нь Монгол орон.

Эрс тэс уур амьсгалтай, ургамал ургалтын хугацаа богино, хур чийг багатай манай орны бэлчээрийн экосистем харьцангуй эмзэг, нүүдлийн мал аж ахуй эрхлэхэд илүү тохиромжтой. Харин хот суурингийн орчимд, мөн тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг түлхүү хөгжүүлж байна. Байгаль дээр тааваараа бэлчээрлэж шим сайтай өвс ургамал, эмийн ургамал идсэн малын сүү, махыг Монголчууд бид хэрэглэж байна. Монгол малын бүтээгдэхүүнд дэлхийн зах зээл дээр өрсөлдөх боломж өндөр байна. Гагцхүү түүнийг байгалийн эрүүл бэлчээрээс гаралтай, бэлчээрээ доройтуулалгүй, даац ачааллыг тохируулах зорилгоор дөрвөн улирлын турш нүүж сэлгэж буй малчдын хариуцлагатай үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн гэдгийг баталгаажуулж танилцуулах нь чухал байгаа юм. Хэрэглэж буй хүнс төдийгүй хувцас болон бусад зүйлээ худалдан авахдаа гарал үүслийг нь нягталдаг, дэлхийн уур амьсгалын дулаарал, цөлжилт зэрэг дэлхий нийтийг хамарсан байгаль орчны өөрчлөлтөд хэрхэн нөлөөлж байгаад илүү анхаарал тавьдаг хэрэглэгчдийн хүрээ улам бүр өсөн нэмэгдэж байгаа өнөө үед монгол малын гаралтай бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр өндөр үнээр борлуулах боломж өндөр байна. Эрчимжсэн мал аж ахуй хөгжсөн орнууд өнөөдөр бас л хурцхан асуудлуудтай тулж байна. Бүтээмжийн араас хэт хөөцөлдсөний сөрөг тал гэх үү дээ. Сүү, махны гарцыг технологийн хүчээр нэмэгдүүлсэн тэдгээр улс орнуудын өмнө хүнсний аюулгүй байдал, хүн ардынх нь эрүүл мэндийн асуудал нь хөндөгдөх болсон.

-Нүүдлийн мал аж ахуй бол аль Хүннүгийн үеэс эхтэй. Одоо бэлчээрийн даацын тухай асуудал тавигдахаас ч яах билээ. Газар тариалангийн талбай тойрсон асуудал ч хүндэрч байгаа. Малчид маань бэлчээрээсээ болоод хоорондоо хэрүүл, маргаан хийж байна. Энэ янзаараа удаан явах бололцоогүй. Ингэхэд манай хөрс,бэлчээрийн даац яг шинжлэх ухааны үзүүлэлтээрээ ямар түвшинд оччихсон байна вэ?

-Бэлчээр эргэн сэргээгддэг нөөц баялаг хэдий ч сэргэх боломж нь хэмжээ хязгаартай. Бэлчээрийн бүтээмж, сэргэн ургах боломжинд нь нийцүүлж даац багтаамжийг тооцох бөгөөд тухайн сум, баг, хот айлын бэлчээрт хэдэн толгой малыг хэдий хугацаагаар бэлчээрлүүлэх боломжтойг тооцдог. Социализмын үед малын тоо толгой 23 саяас хэтэрдэггүй байлаа. Хонин толгойд шилжүүлэхэд 56 сая орчим тоо толгойнд байсан. Уур амьсгалын нөхцөл, бэлчээрийн бүтээмж, чанарын өнөөгийн түвшин тэр үетэй харьцуулахад эрс өөрчлөгдөж багассан. Дэлхийн дулаарлын нөлөөгөөр хур борооны хуваарилалт өөрчлөгдөн, гангийн давтамж нэмэгдэж улмаар бэлчээрийн бүтээмж улам буурах магадлал өндөр байгаа энэ үед малын даац ачааллыг илүү бодитой тогтоох, малынхаа тоог тохируулах нь чухал. Хадлангийн гарц буурсан, малын нэмэлт тэжээлийн хангамж таарууг тооцоод үзэхээр малын тоог хонин толгойд шилжүүлснээр 50-60 саяас хэтрүүлэх боломжгүй.

-Гэтэл одоо малын тоо толгой 70 сая дөхөөд байна.

-Малчид амьжиргаагаа сайжруулахын тулд сүүлийн 25 жил чадлаараа зүтгэсний үр дүнд Монгол орон өнөөдөр 66 сая малтай, хонин толгойд шилжүүлэхээр 120 гаруй сая малтай боллоо. Энэ жил 20 сая төл авсан байна.Үндсэндээ бараг 80 сая малтай болсон гэсэн үг. Энэ бол амжилт. Монгол орны эдийн засгийн нэг гол тулгуур болох МААн салбарын өсөлт хөгжил шүү дээ. Харин экологийн болоод эдийн засгийн үүднээс авч үзэхэд асуудалтай. Тэжээлийн хэрэгцээнийхээ бараг бүх хувийг бэлчээрээсээ авч ашигладаг манай нөхцөлд нэг хонины идэх өвс тэжээлийг 310 хонь хувааж идэж байна, бэлчээр дээр байгаа малын хөлийн нөлөө мөн дээрх хэмжээгээр нэмэгдэж бэлчээрийн ургамал төдийгүй хөрсний өнгөн хэсгийг талхлан доройтуулж байна. Жилийн дөрвөн улиралаар сэлгэж нүүдэллэдэг уламжлалт зан заншил алдагдаж, ялангуяа төвийн бүсийн ихэнх малчид өвөлжөө хаваржаа, зуслан намаржаа гэж хоёр удаа л нүүдэг болсон. Аймаг, сумын төвтэйгөө ойролцоо юм уу, эсвэл гол бараадаад л буучихдаг. Ургамал ургахаас хагдрах хүртэл эмх замбараагүйгээр ашигласнаас ялангуяа гол, нуурын орчмын бэлчээр эрчимтэй доройтож байна. Өөрөөр хэлбэл малын тоо хяналтгүйгээр өссөнөөс бэлчээрийн ачаалал даацаасаа олон дахин хэтэрч Монголын Ногоон алт болсон бэлчээрт сэргэх боломж олгохгүй байна.

Монгол орны бэлчээрийн экологийн чадавхи, төлөв байдлын шилжилт өөрчлөлтийг тогтоох улсын хэмжээний судалгааны төслийг ШХАийн “Ногоон Алт” төслөөс санхүүжүүлж ирсэн бөгөөд ЭШХ, Их сургуулиудын эрдэмтэн, судлаачдын сүүлийн 10 жилийн судалгааны ажлын нэг үр дүн бол “Бэлчээрийн сэргэх чадавхийн ангилал” мөн. Бэлчээрийн доройтол нь соргог, эрүүл бэлчээрээс эхлээд цөлжих хүртэлх таван үе шатыг дамждаг процесс. Доройтлын түвшин нэмэгдэхийг даган бэлчээрийн ургамлын сэргэх чадавхи буурдаг. Бага зэрэг доройтсон бэлчээрийг улирлын сэлгээ хийхэд ялангуяа хур бороо сайтай нөхцөлд нэг жилийн дотор сэргэчих жишээтэй. Бэлчээрээ ургалтын хугацаанд сэлгэх, малын ачааллыг тохируулах арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлж чадвал ялангуяа Хангайн бүсийн доройтсон бэлчээрийн дийлэнх хувь 3-5 жилийн дотор сэргэх боломжтой нь судалгаа болон мониторингийн дүнгээр батлагдсан. Үндсэн зүйл ургамал устахын зэрэгцээ хөрсний өнгөн хэсэг элэгдэл эвдрэлд орж доройтлын тавдугаар шатлалд орсон бол байгалийн аясаар сэргэхгүй болох жишээтэй. Гэтэл үүнийг хүмүүс Америк, Австрали шиг үрээр тариад л сэргээчихнэ гэж ярьдаг, боддог. Байгалийн бэлчээрийн бүтээмж, бүтэц улам бүр буурч байхад таримал бэлчээрийг бий болгоно гэдэг бол маш эрсдэлтэй, өндөр өртөгтэй ажил. Ер нь бол байгалийн аясаар сэргэхгүй болсон газар нутагт таримал бэлчээр бий болгоно гэдэг эдийн засгийн хувьд ч, экологийн хувьд ч маш хүнд, бараг боломжгүй юм. Тийм учраас бэлчээр ашиглалтын горим, ачаалал, тодруулж хэлбэл малын тоогоо даацдаа тохируулах замаар бэлчээрийн сэргэх чадавхийг аль болох алдагдуулахгүй байх нь МАА-н үйлдвэрлэл, малчин зоны амьжиргааны тогтвортой байдлын үндэс юм.

-Ганц хоёр хотоо ногоон болгож чадахгүй байгаа хүмүүст энэ ч үнэхээр асуудал шүү.

-Төрж өссөн нутаг, амьдран буй орчиндоо санаа тавихгүй хүн гэж үгүй. Аливаа ажлыг эхлүүлчихээд хаячихдаг тохиолдолд мөрөөдөлдөө хүрэх, үр дүн гаргана гэдэг амаргүй зүйл. Цэцэрлэгжүүлэлтэд мод тарьлаа гэхэд тарилтын дараахь усалгаа арчилгааг технологийн дагуу хийх тэвчээр, соёл, хариуцлага хүлээх чадвар, хариуцлагыг тооцох тогтолцоо сул байгаад л гол учир нь байна гэж би хувьдаа боддог. Хүссэн ч, эс хүссэн ч Монгол улс МААын орон хэвээрээ байж байна. Тийм учраас бэлчээрээ доройтож дуустал хүлээх биш одоогийн байгаа түвшин дээр нь тогтоож чадвал бэлчээр нутгаа бүхэлд нь алдчихаагүй байна. 2015 онд Ус, цаг уурын улсын сүлжээн дээрх бэлчээрийн мониторингийн мэдээлэлд тулгуурлан гаргасан “Бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлан”г гаргаад, Засгийн Газарт танилцуулсан. Тэр тайлангаар Монгол орны нийт бэлчээрийн 65 хувь нь унаган төлөв байдлаа алдаж, харилцан адилгүй түвшинд доройтсон. Энэ доройтсон бэлчээрийн 90 гаруй хувь нь байгалийнхаа аясаар нөхөн сэргээгдэх чадвартай гэсэн дүн гарсан.

-Үнэхээр ч тавиад туучихаагүй бололтой. Тэгвэл эхний хийх ажлууд гэвэл юу юуг нэрлэх вэ?

-Бэлчээрээ одоогийнх нь төлөвөөс улам доройтуулахгүйн тулд бэлчээрийн доройтлын үндсэн шалтгаан болох ашиглалтыг тохируулах, бэлчээрийн ачааллыг даацад нь тохируулах болно. Нэг малын идэх өвсийг таван мал идэж, нэг малын бэлчээрлэх нутагт 510 мал гишгэлж байхад ямар ч хөрс, өвс, ургамал нөхөн сэргээгдэх боломж муу. Хадлангийн талбайн гарц жилээс жилд буурч байна, нөөц нутаг байхгүй болсон. Боломжтой бүс нутагт бэлчээрийн сэлгээ нүүдлээ сайн хийх хэрэгтэй. Жилд 610 удаа нүүдэллэдэг уламжлалаа хадгалаад ирсэн баруун аймгийнхны хувьд байдал арай өөр, намар, өвөл хаврынхаа бэлчээрийг сэлгэж амраахын зэрэгцээ зуслангийн бэлчээрээ ч хэд хэд сэлгэчихэж байна. Гэтэл төвийн бүсэд байдал хүнд, мал нь багтахгүй болсноос хаяа нийлэхээрээ бууж, хамар хатгахаараа идэж байна. Энэ бол малын тоог хянах, даацанд тохируулах шаардлагатай болсныг харуулж байна. Ийм хүнд асуудлыг ямар ч зохицуулалтгүйгээр бүгдийг малчдын нуруун дээр үлдээж болохгүй л дээ. Малчид хоорондын бэлчээрийн маргаан нэмэгдэж байна. Олон малтай нь цөөн малтайнхаа бэлчээрийг шахаж ашигладаг, нутгийн эзэн шиг хандах хачирхалтай дүр зураг ч үүссэн.

-Тайж ноёд шиг аашилдаг дүр зураг зарим газар гарах болсон тухай захидал ганц нэг ирж байсан шүү.

-Дуулддаг.Бэлчээрийн маргаан хурцдаж, малчид өөрсдөө асуудлыг шийдвэрлэхийн тулд буу, зэвсэг хэрэглэсэн тохиолдол ч гарсан. Олон малтай цөөн тооны малчид давамгайлсан, дарангуйлсан, хүний эрх зөрчигдсөн, хуваарилалтын тэгш байдал алдагдсан ийм асуудлууд маш ихээр гарч ирж байгаа. Энэ бол зайлшгүй зохицуулалт хэрэгтэй болсны харанга шүү. Энэ бүх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд “Бэлчээрийн хууль”-ийн төслийг өргөн барих санаачлага өрнөж байгаа нь үнэхээр цаг үеэ олсон гэж бодож байна.

-Энэ хууль миний мэдэхийн олон жил явсан, олон удаа буцсан хууль. Одоо ч хэвээрээ шив дээ?

-Бэлчээрийн доройтлын асуудал ийм эрсдэлтэй үед тулчихсан төрийн бодлогоор зайлшгүй зохицуулах шаардлага хаяанд ирчээд байна. Үүнд манай төр засаг хатуу байр суурьтай хандана гэдэгт итгэж байна.

-Өнөөгийн өргөн бариад байгаа төслийн гол сонгодог шийдэл юу юм?

-Энэ хуулиар бид юуг санал болгоод байгаа вэ гэхээр бэлчээр нь нийтийн өмч учраас ямар ч бэлчээрийг хувьчлахгүй, эзэмшүүлэхгүй. Гэхдээ уламжлалаараа тав, арав, хорь, гучин айл нэг бэлчээрийг дундаа ашигладаг. Тэр уламжлалт бэлчээрээ зүй зохистой ашиглах эрх, үүргийг гэрээгээр зохицуулах боломж байгааг туршиж үзээд үүнийг хуулиар зохицуулж өгөхийг зориод байгаа юм. Тухайлбал, уламжлалаараа хамтдаа өвөлжиж хаваржиж ирсэн 50 өрх дундын бэлчээрээ ашиглах 15 жилийн гэрээ байгууллаа гэхэд тэдний бэлчээрээ ашиглах уламжлалт эрх баталгаажиж, бэлчээр нутгаа алдахаас хамгаалдаг тогтолцоо үүсэх юм. 20102017 оны хооронд ХААн газар 682,000 гааар буурсан, өөрөөр хэлбэл энэ хэмжээний газар өөр ангилалд шилжсэн байдаг. Нөгөөтэйгүүр ашиглагчид бэлчээрийнхээ төлөв байдлыг алдагдуулахгүй, малын тоо, бүтцийг даацдаа тохируулан хариуцлагатай үйлдвэрлэл эрхлэх үүргийг энэ гэрээгээр хүлээнэ.

-Малчид маань энэ талаар хэр ойлголттой байна. Малын хөлийн татвар дээр л малчидтай ойлголцдоггүй шүү дээ.

-Сүүлийн хоёр жил малчид их хэцүү цаг үеийг тууллаа. Өнгөрсөн өвөл гэхэд л ямар чанга өвөл болж өнгөрөв. Хамар хатгах өвс байхгүй хүнд хүчир байдал нүүрлээд ирэхээр малчид байгаль, цаг уурын эрсдэлд эмзэг амьдралтай болсноо ойлгож байгаа юм. Нэг өвлийн дотор олон жилийн хүч хөдөлмөрийн дүнд бий болгосон хөрөнгөө алдана гэдэг хэцүү. Малаа тооцоо судалгаагүйгээр их өсгөхийн эрсдлийг маш сайн ойлгож байгаа. “Бэлчээрийн хураамжийг та бүхэн төлөх үү” гэсэн малчдын дунд явуулсан санал асуулгын дүнгээс харахад дийлэнх малчид зөвшөөрч байна гэсэн хариу өгч байна. Малын тооны хяналтгүй өсөлтийг зохицуулахад татварын бодлогын чухлыг малчид сайн ойлгож байгаа. Гэхдээ нэг болзол тавьдаг.

-Ямар?

-Бүрдүүлсэн санг тухайн орон нутагт нь үлдээх, ингэснээр нэмэлт тэжээл бэлтгэх, бэлчээр усжуулалт, ашиглалтгүй бэлчээр хүртэлх зам засах зэргээр бэлчээр сайжруулах арга хэмжээнд зарцуулдаг, малчид үүнд саналаа өгдөг, сангийн зарцуулалтанд хяналт тавина гэсэн л болзол тавьдаг.

-Нөгөө талаасаа төв суурин газрын хүмүүс малчид руу чиглэсэн бухимдал их илгээдэг. Мал бол та нарын хувийн өмч. Та нар мах, сүү, ноолуураа бүгдийг нь худалддаг. Тэгсэн атлаа зуд, ган болохоор Төр туслаад байдаг. Тэгвэл бусад бизнест ч гэсэн Төр тусла л даа гэх шүүмжлэл байдаг?

-Ер нь малчид өөрсдийгөө үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид гэдгээ ойлгох ёстой. Малчид бол бэлчээр дээр тулгуурлан үйлдвэрлэл явуулж байна. Газар тариалангийн бизнес эрхэлж буй хүмүүс бороо хур орохгүй, ган гачиг болж ургац алдахад эрсдлээ өөрсдөө л үүрээд гардаг. Түүн шиг малчид эрсдлээ өөрөө үүрэх чадвартай байх хэрэгтэй. Мал аж ахуйгаа хэрхэн хөтлөх, бүтээгдэхүүний чанар төрлийг зах зээлийн эрэлттэй хэрхэн нийцүүлэх, хэдэн мал төллүүлэх, хэдийг нь хэрхэн борлуулах, байгаль цаг уурын эрсдэлд хэрхэн бэлтгэлтэй байх зэргээ нарийн төлөвлөж тохируулах бүрэн боломжтой. Ингэж ажиллаж байгаа малчид ч байна, даацаас хэтэрсэн малаа борлуулж банкинд хадгалуулж банкны хүүгээр хөрөнгөө эрсдэлгүйгээр өсгөж байгаа туршлага ч байна.

-Малаа мөнгө болгоод банкинд хадгалах нь тэдний уламжлалт соёлд байгаагүй л шинэ ойлголт. Гэтэл хөдөө, орон нутгаар явж байхад хэдэн хүүхдээ хот суурин газар бараадуулах, сургууль соёлд сургах төлбөр төлөх гээд л ерөнхийдөө банкны барьцаанд мал нь байдаг юм байна лээ.

-Энэ бол нийтлэг дүр төрх. Өнгөрсөн хавар ид ноолуур самнаж байх үеэр Баянхонгор аймагт ажиллаж байлаа. Хамгийн сайн чанартай 500 кг ноолуурыг нэг кгийг 117.000 төгрөгөөр зараад түүгээрээ банкны зээл болон бусад аар саар өрөө төлсөөр дуусгаж байхыг харж л байлаа. Өрхийн орлого, зарлагаа нарийн тооцдоггүй, орлоготой үедээ төлөвлөлтгүйгээр худалдан авалт хийдэг, бусад үед байнга зээл тавьдаг, тэнд олон малтай ч, цөөн малтай ч бүгд зээлтэй. ХААН банкнаас зээл авч мал нэмж худалдаж авдаг мянгат малчдын тухай ч сонсож байлаа.

-Малын хөлийн татвар гэж төлөхгүй, хотоо дүүрэн байлгах, малаа өсгөх гэж хичээдэг зэрэг уламжлалт ойлголт нь хэвээрээ байгаагийнх?

-Үнэндээ бэлчээр доройтож, ан амьтдын амьдрах орчин, эмийн болон ховор ургамлын хомсдол үүсч, бидний өөрсдийн амьсгалдаг агаар, уудаг ус гэхчилэн байгаль орчны маш олон асуудлууд тулгамдаад байгааг ойлгуулах маш чухал чухал байна. Бэлчээр доройтсоноос мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашиг буурч, малчин өрхийн орлого буурч, малчдын амьдрал эмзэгшиж байгаль цаг уурын хүнд нөхцөлд хүчин мөхөсдөж байгааг нийгэмд ойлгуулж таниулахад сэтгүүлчид та бүхний чухал гэдгийг онцолмоор байна.

-Газар шорооны төлөө тэмцдэг тэмцэгчид маань өнөөдөр үүссэн нөхцөл байдлыг уул, уурхайгаас боллоо гэж үзэх нь олонтаа. Гэтэл Монгол улс газрын доорх баялгийнхаа багахан хувийг л эргэлтэнд оруулсан. Стратегийн ордуудаасаа нэг, хоёрыг ашиглах гээд бөөн хэрүүл, зодоон суудаг. Гэхдээ судалгаагаар уул, уурхайн хор уршгаас болж сүйдсэн бэлчээрийн асуудал хэр хэмжээтэй илэрч байна?

-Улсын хэмжээнд багийн түвшний 1550 цэгээр төлөөлүүлэн бэлчээрийн экосистемийн төлөв байдлыг хянадаг ус, цаг уурын улсын сүлжээн дээрх мониторингийн хөтөлбөрөөр уур уурхайн олборлолтоос үүдэлтэй нөлөөг тусгайлан хянадаггүй, уул уурхайн компаниудын дэргэд ургамалжилт, амьтны мониторингийн хөтөлбөрүүд хэрэгждэг. Уул уурхайн олборлолтын хувьд гүний усны түвшингийн өөрчлөлт, зэрлэг амьтдын шилжилт нүүдэл, авто замаас үүдэлтэй тоосжилт, бэлчээрийн талбайг хумих гээд орон нутгийн чанартай нөлөөллүүд бий.

-Цөл, цөлжилт гэдэг бол илүү хатуу ойлголт юм байна лээ.

-Тийм. Энгийнээр хэлэхэд цөл гэдэг бол байгаль экологийнхоо өгөгдлөөр хур бороо багатай, сийрэг ургамалжилт бүхий газар нутгийг хэлдэг. Ашиглалтын нөлөөнөөс илүүтэй хур борооны хуваарилалтаар илүү зохицуулагддаг говийн бүсийг гэж ойлгож болно. Цөлжилт гэдэг бол байгалийн болон хүний хүчин зүйлийн нөлөөгөөр бүтээмж нь буурч, ургамал нь сийрэгжиж, хөрс элэгдэл эвдрэлд орох процесс. Монгол орны хувьд бэлчээрийн доройтол нэлээд хүнд түвшинд хүрснээс цөлжилтөнд ордог. Цөлжилтийн процесс янз бүрийн байдлаар илэрч байна, зарим бүс нутагт ургамал сийрэгжиж нүцгэрэх байдлаар илэрдэг бол хур борооны хангамж сайн нөхцөлд арай ялгаатай. Малын идэмж сайтай унаган зүйл ургамал устаж лууль, өмхий шарилж зэрэг түрэгч ургамлаар солигддог.Үүнийг ногоон цөл гэж нэрлэх нь ч бий.

-Олимпийн аварга Н.Түвшинбаяр миний ярилцлагад орох-доо ярьж байсан юм. Аав нь хонинд явахдаа ургамал ногоо их ажиж явдаг гэнэ. Тэгээд урьд ургадаг байсан олон өвс ургамал огт үзэгдэхээ байчих юм. Мөн хачин юмаа гэж ярьдаг гэнэ. Би бас Дашинчилэнгийнхээ хөгшчүүлээс асууж үзсэн. Бэлчээр гэж шарилжны л орон болох нь гэж дугардаг юм билээ. Яагаад нарийн ургамлууд ургахаа болив, судалгаагаар ямар ямар хүчин зүйлүүдээс болсон гэж гарч байна вэ?

-Бэлчээр доройтох үйл явц доройтлын тодорхой үе шатыг дамждаг талаар дээр дурьдсан. Нарийн өвс халиурсан соргог бэлчээрийг эрчимтэй ашигласнаас тэжээлийн ач холбогдол өндөртэй нарийн өвс сийрэгжиж ургамлын хооронд халцгай газрууд үүснэ. Нарийн өвс улам сийрэгжихийг даган түүний гүйцэтгэх үүрэг нөлөө буурснаас өмнө нь бага хэмжээнд байсан үндэслэг ишт улалж, түнгэ зэрэг зүйл ургамлууд давамгайлдаг. Эрчимтэй ашиглалт цааш үргэлжилснээс бэлчээр улам доройтож сийрэгжиж хуурайшсан хөрсөнд амьдрах чадвар сайтай шарилж зэрэг сөөглөг ургамлаар солигдоно. Эцэст нь сөөг сөөгөнцрүүд ч цөөрч нэг наст ургамлууд зонхилдог болно. Энэ нь шууд утгаараа байгалийн аясаар сэргэн ургах чадвараа алдаж доройтсон бэлчээрийг л илэрхийлж байна гэсэн үг.

-Хүний буруу үйлдлээс үүдэлтэй хүчин зүйлс гэж байна уу?

-Байгалийн болон хүний зохисгүй ашиглалтаас үүдэлтэй үндсэн хоёр хүчин зүйлийн нөлөөгөөр бэлчээр доройтож байна. Дэлхийн дулаарал буюу цаг уурын өөрчлөлтийн нөлөө Монголд хүчтэй илэрч байна. Уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нэрвэгдэж буй улс орнуудын тоонд манай орон орж байгаа. Хур борооны горим өөрчлөгдөхийн зэрэгцээ агаарын дундаж температур нэмэгдэж байгаа бөгөөд энэ байдал цаашид ч үргэлжлэх магадлалтай. Энэ өөрчлөлтийг бид хянаж залруулах боломжгүй, гагцхүү энэ өөрчлөлтөнд дасан зохицох, өөрөөр хэлбэл ашиглалтын горим, ачааллаа илүү сайн тохируулж аж ахуйгаа хөтлөх шаардлагатай болж байна.

-Монголчууд онгон, дагшин байгаль, нүүдэлчдийн үр сад гэдгээрээ имиж хийж гадаадынханд их сурталчлагддаг. Тийм ч учраас жуулчид харьцангуй их сонирхдог. Гэтэл манай дээр үеийн малчдын амьдралын хэв шинж орвонгоороо өөрчлөгдсөн. Гэр орон нь, нүүдэл суудал хийх соёл нь, тэр бүү хэл мал сүрэгтэйгээ харьцах арга техник нь гээд бүх юм нь өөрчлөгдсөн. Бид хоёрын ярьсанчлан нүүхээс татгалзан буурин дээрээ “суугаад” л байдаг малчдын тоо ихэссэн. Оторт гарах, туувар хийх, хадланд гарах гээд малчдын амьдралын салшгүй хэсгүүд байсан тэр үйл явцууд бараг замхарч байна. Ер нь тэгж яг хадлан бэлтгэдэг байсан нь бэлчээрт сэлгэлт болж чадаж байсан юм уу. Одоо бол нэг суманд арав хүрэхгүй айл л хадланд гардаг болж дээ?

-Байгаль дэлхийтэйгээ ойр байж, зөв харьцдаг нүүдэлчдийн ёс заншилтай танилцах гэж манайд ирдэг жуулчдын тоо өндөр. Дэлхийд ховорхон үлдсэн энэхүү үнэт өв соёлоо хэрхэн хадгалж тээж байгааг дэлхий дахин анхааран ажиглаж байна. Нүүдэл багасахыг даган нүүж яваа айлыг угтаж цайлах зэрэг олон зан заншлууд алдагдахад хүрч байна.Хадлангийн хувьд айл бүхэн хадлан хаддаг, өвөлдөө бэлтгэж өвс тэжээлээ хангалттай хэмжээнд бэлтгэдэг байсан цаг саяхан. Хуурайшил болон хадлангийн талбайг арчилж тордохгүй хамаа намаагүй ашигладаг, өвөл хаврын цагт ялгалгүй малаа бэлчээрлүүлдгээс болоод хадлангийн гарц, чанар буурсаар байна. Ойн зах, модны хаяаг дагаж бага зэргийн өвс л хадаж байна даа. Ер нь цаашдаа тэжээл тариалах, нэмэлт тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага өндөр.

-Бэлчээрийн даац нь ийм байдалд орчихсон, бэлчээрийн мал аж ахуйн оршихуйд асуудал гарчихсан учраас эрчимжсэн мал аж ахуй руу тодорхой хувь нь ч гэсэн шилжих юм байна гэж ойлгоод, бизнесмэнүүд олон улсын түвшний махны хэд хэдэн том үйлдвэрүүд барьсан. Гэтэл бүгдээрээ зогсчихсон байдаг. Хойшоо, урагшаа хоёр том зах зээл рүү гаргая гээд олон жил хөөцөлдөж бага зэргийн мах гаргаж байтал малын өвчин гараад зогсчихсон байж байдаг. Гэтэл бидний идэж байгаа маханд яг өөрчлөлт орсон уу. Мэдээллийн хатуу дайрлаганд махны бизнесээ өртүүлчихээд суугаад байна уу. Энэ талаар та нар судлаагүй юу?

-Ер нь бол эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх нь чухал. Хот суурин газар болон тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй байна гээд хуульчилсан байгаа.Эрчимжсэн МААн нэг суурь асуудал бол тэжээлийн хангамж. Тэжээлээ тариалж, даршаа өөрсдөө бэлтгэдэг, аж ахуйгаа амжилттай хөтөлж буй загвар аж ахуйнууд цөөнгүй байна.Мэргэжлийн хүн биш учраас хүнсэнд хэрэглэж буй махны чанарт гарч буй өөрчлөлтийн талаар тодорхой хэлэх зүйл алга.

-Одооны бүх мал тариа хийлгэдэг. Мах асуудалтай гэдэг нэг баталгаа баримжаагүй үнэлэлт дүгнэлтийг хүмүүс их ярьдаг. Тэр тариа гээд байгаа зүйлийг малыг эрүүлжүүлэх, өвчнөөс сэргийлэх вакцин гэж ойлгож болох уу?

-Хэрэглэгчдийн хувьд эрүүл, баталгаатай хүнс хэрэглэх сонирхол маш өндөр, чанартай баталгаатай хүнсэнд илүү үнэ төлөх нийгмийн давхарга бий болсон. Тэгэхээр хэрэглэгчдийн хэрэгцээ сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь малчдын үүрэг болоод байна. Малын гаралтай бүтээгдэхүүний мөшгих тогтолцоо энд их чухал. Мах сүү зэрэг бүтээгдэхүүн малчны хотноос хэрэглэгчийн сэрээ хүртэл хаагуур тээвэрлэгдэж хэрхэн бэлтгэгдсэн гэдэг түүх нь тодорхой байх ёстой. Өөрөөр хэлбэл хэрэглэгч дэлгүүрээс мах, сүүн бүтээгдхүүн авахдаа утсанд суулгасан тусгай аппликейшний тусламжтайгаар бүтээгдэхүүн дээрх бар кодыг уншуулснаар аль аймаг, сумын хэний хотны ямар төрлийн бэлчээрээс гаралтай, малын эрүүл мэндийн үйлчилгээнд хэрхэн хамрагдсан талаарх мэдээллийг авах боломжтой. Энэ бол тухайн барааны хариуцлагатай үйлдвэрлэлээс бий болсон эрүүл, чанартай бүтээгдэхүүн гэдгийг баталгаажуулж байгаа юм.

-Төв, суурин газарт ойролцоо малчдын хувьд уламжлал нь маш ихээр алдагдаад байгаа юм. Зарим талаас малчин гэж хэлэхэд хэцүү харагддаг?

-Ус цаг уурын улсын сүлжээний цахим хуудсан дээрх бэлчээрийн доройтлын зурганд хамгийн их доройтолтой бэлчээрийн газрыг нь улбар шар, улаан өнгөөр тэмдэглэсэн байдаг. Малын нягтрал их Дархан, Сэлэнгэ, Булганы урд хэсэг, Архангай, Өвөрхангай, Төв болон Дундговь аймгуудад улбар шар, улаан өнгийн тэмдэглэгээ илүү их байдаг.

-Намрын чуулганаар хууль хэлэлцэгдэх үү. Эрхбиш малчдынхаа нөхцөл байдлыг улстөрчид мэдэж байгаа байлгүй дээ. Гэхдээ ингэж бид хардаг ч тэд батлахгүй явсаар ирсэн нь бас үнэн. Хачин хэрэг шүү?

-Хуулийн боловсруулалтан дээр ХХААХҮийн сайд Б.Батзориг, мөн яамны дэргэдэх ажлын хэсэг нэлээд хүч тавьж ажиллаж байгаа. Энэ хууль бол нийгмийн захиалгаар амьдралаас урган гарч, туршигдаж шалгагдсан учраас батлагдана гэдэгт маш их найдаж байна. УИХын гишүүдийн хөдөө орон нутаг дахь уулзалтууд дээр малчдын зүгээс хүсдэг, захидаг нэг гол асуудал бол бэлчээрийн харилцааг зохицуулалттай болгох, бэлчээрийн хуультай болох талаар байдаг юм билээ. Энэ хууль батлагдахгүй л бол бэлчээр улам доройтож малчдын амьдрал улам эмзэг болж амьжиргааны баталгаа алдагдахад хүрнэ. Бэлчээрийн доройтлын улмаас 400 орчим малтай нэг дундаж малчин өрхийн мах, сүү, арьс шир, ноос ноолуураас олдог жилийн орлого дунджаар 2.6 сая төгрөгөөр буурсан болохыг Бодлого Судлалын төвийн судлаачид тооцоолсон байдаг.

-Тийм үү?

-Тийм судалгааны дүн гарсан байна лээ.

-Урилгыг хүлээн авч ярилцсанд баяртай байна. Бид энэ сэдвийг үргэлжлүүлэн ярих ёстой юм байна. Дараа ахин уулзъя. Бас танд амжилт хүсье.

-Танд бас их баярлалаа.

Б.ГАНЧИМЭГ

Categories
мэдээ цаг-үе

Авирмэдийн Энхээ: Виктор Алексеевтэй хийсэн барилдаанаа үзэхэд одоо ч харуусал төрдөг

Чөлөөт бөхийн Азийн аварга шалагруулах тэмцээнээс Монголын багийн тамирчид 10 алтан медаль хүртээд байгаа нь

Бөхийн чөлөөт барилдааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт гавьяат тамирчин Авирмэдийн Энхээтэй ярилцлаа. Залуудаа олон тэмцээн уралдаанд амжилттай оролцож эх орныхоо нэрийг өндөрт өргөж явсан тэрбээр өнөөдөр залуу үеийн тамирчдад сурсан мэдсэнээ зааж, зөвлөж байна. Түүний гарын шавь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр хэдхэн хоногийн өмнө Индонезийн Жакарта хотод болж буй Азийн наадамд түрүүлж алтан медаль зүүсэн юм.


-Таны гарын шавь гавьяат тамирчин Э.Бэхбаяр Азийн тоглолтод анх удаагаа түрүүллээ. Танд баяр хүргэе. Явахын өмнө шавьдаа юу захив?

-Баярлалаа. Шавь маань 2015 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан. Энэ удаа дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Азийн тоглолтод аварга болох зорилготой очиж барилдаад алтан медаль авлаа. Азийн тоглолтод оролцохын өмнө бөхийн хүрээнийхэн “Бэлтгэл нь цөмөрчихсөн байх вий” гэж санаа зовж байсан ч торгон ирэн дээрээ таарсан байна лээ. Тэмцээний үед барилдаанаас барилдааны хооронд их хурдан сэргэлт авч байсан. Явахад нь “Жиндээ зөв ороорой, их жин хасч болохгүй шүү, хоол ундаа тааруулаарай” гэж захисан. Жиндээ аятайхан орчихвол алтан медаль ойрхон байсан л даа.

-Тамирчин болох мөрөөдөлтэй хүүхэд олон байдаг ч амьдралаа золиослоод явах нь ховор байдаг. Э.Бэхбаяр анх ямар хүүхэд таны гар дээр ирж байсан бэ?

-Тавдугаар ангид байхад нь ах, дүү хоёрыг хөтлөөд ээж нь надад авчирч байсан. Хэлсэн, заасан мэхийг их амархан сурдаг, сийрэгхэн толгойтой хүүхэд ирсэн дээ. Бусад хүүхдүүдээс ялгарах онцлог нь бэлтгэлийг таслах нь битгий хэл нэг минут ч хоцорч байгаагүй. Сүүлд би гэрт нь очиход их холоос явдаг байсан юм билээ. Тэгэхэд л шавийнхаа чөлөөт бөхийг гэх сэтгэл, зүтгэлийг нь илүү ойлгосон доо.

-Багш шавь хоёр өнөөдрийн амжилтад хүрсэн зам цэх шулуун байгаагүй болов уу. Э.Бэхбаяр 2010 онд хөлөндөө хүнд бэртэл авч байсныг санаж байна?

-Тийм шүү. Цэх шулуун байгаагүй. 2010 онд 18 настай жаахан хүү хөлөө хүнд бэртээчихээд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу үед хүн амьтнаас эмчилгээний зардал гуйгаад явж л байсан. Харамсалтай нь тусалж дэмжих хүн олдоогүй. Ирээдүйд том бөх болох шавиа хөл нь бэртчихээд байхад зүгээр хараад сууж чадаагүй. Аав бид хоёр нь машинаа зарж эмчилгээний зардлыг нь бүрдүүлээд Тайвань улс руу эмчилгээнд явж байлаа. “Алтан гартай” эмч нар Бэхээгийн маань бэртлийг зөв оношилж, түргэн мэс засал хийснээр бүрэн илааршсан даа. Бэртэл, гэмтэл гэдэг тамирчин хүний нэг төрлийн өрсөлдөгч байдаг. Үүнийг давж гарах сэтгэлийн хат тамирчинд хэрэгтэй. Э.Бэхбаяр маань сэтгэлийн хат сайтай, ухаантай залуу.

-Багшийгаа анх ихээр баярлуулж байсан нь хэзээ бол?

-Тайваньд эмчилгээ хийлгэж ирээд хоёр сар орчим гам барьсан. 2012 онд залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэхэд нь их баярласан даа. Ар гэрт нь гачигдал тохиосон хүнд үед дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд олон хүчтэй өрсөлдөгчдийг хожиж, төрийн дууллаа эгшиглүүлж байлаа. Энэ цагаас хойш л амжилтууд нь ар араасаа булаг шиг ундарсан даа.

-Та өөрөө дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Таны барилдааны арга техникийг Э.Бэхбаярынхтай харьцуулахад?

-Миний барилдаж байсан үеийн арга техник одоо хоцрогдсон л доо. Илүү нарийн сургалт судалгаанд тулгуурлаж барилдааны хувилбараа боловсруулдаг болсон. Би ч цаг тутамд л бөхийн чөлөөт барилдааны тухай ном, товхимол харж шавь нартаа зааж, зөвлөж байна. Бэхээ барилдааны явцад хий зай гаргадаггүй том онцлогтой.

-Та 1985 онд АНУ-д зохион байгуулагдсан Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж алтан медаль хүртэж байсан. Тухайн тэмцээний талаар эргээд дурсвал?

-Амжилттай барилдаж эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлж байсан үе надад бий. 1980-аад онд ид барилдаж байхад Д.Оюунболд, н.Гал-Эрдэнэ, А.Тайван гээд жигдхэн сайн бөхчүүд бие биенээ их хурцалж өгдөг байлаа.

Дотоодын өрсөлдөөн ширүүн байхад олон улсын тэмцээнд амжилт үзүүлэх магадлал өндөр. Би 1985 онд АНУ-д зохион байгуулагдсан бөхийн чөлөөт барилдааны олон улсын тэмцээнд амжилттай оролцож алтан медаль зүүж байлаа. Төрийн дууллаа сонсоод зогсож байсан минь өчигдөрхөн юм шиг санагдаж байна.

-Энэ онд насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөө ЗХУ-ын бөх Виктор Алексеевтэй ширүүн өрсөлдөөн үзүүлж ялагдаж мөнгөн медаль зүүж байсан. Энэ барилдааны алдаа, оноо нь юу байсан юм бол. Олон хүн таныг Дэлхийн аварга болчихсон гэж ярих юм билээ?

-Тэр бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотод болсон санагдаж байна. Бэлтгэл сургуулилтаа сайтар базааж очоод аваргын төлөө ЗХУ-ын Виктор Алексеевтай барилдаж тактикийн том алдаа гаргаж ялагдаж байсан. Тэр барилдааны бичлэгийг одоо үзэхэд ч харамсах сэтгэл төрдөг юм. Би оноогоор ялж байгаад барилдааны төгсгөл рүү ирсэн. Тэр үед хэвтээгээс оноо алдахгүй гэж тооцоолсон нь том алдаа байсан л даа. Хэвтээгээс шидүүлээд хожигдсон. Хэдхэн хоромд л болсон явдал. Цөөхөн хэдэн секунд аргалчихсан бол алтан медаль зүүчих байсан даа. Тийм чухал үед хэвтээгээс оноо алдахгүй гэж бардаж болохгүй гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон. Дараа жил нь алдаагаа засах гэж Будапештэд очоод хүрэл медаль авч байсан.

-Таны ихэр А.Тайван олон улсын тэмцээнүүдэд олон жил сайн оролцож байсан. Ахтайгаа нэг жинд өрсөлддөг байсан гэл үү?

-Тийм, ах бид хоёр 62 кг-д барилддаг байлаа. Бэлтгэлийн үед бол бид хоёр хоорондоо яс үзнэ. Тэмцээний үед бол хүч үзэж байгаагүй ээ. А.Тайван ах маань олон гялалзсан амжилт гаргасныг бөх сонирхогчид сайн мэднэ. Хилийн чанадад олон тэмцээнд зодоглож төрийн дууллаа эгшиглүүлсэн. 1985 онд би Данкаловын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд түрүүлсэн чинь ах Унгарт бас түрүүлээд Москвад аз жаргалтайгаар уулзаж байсан минь санаанаас гардаггүй юм.

-Олимпийн наадмын хүрэл медальт гавьяат тамирчин Д.Оюунболд та хоёр нэг жинд ширүүн өрсөлдөж ялж, ялагдаж явсан. Өрсөлдөгчийнхөө талаар ярихгүй юу?

-Гавьяат тамирчин Д.Оюунболд шиг ур чадвартай, эрэмгий дайчин барилдаантай өрсөлдөгч намайг ирлэж, хурцалж байсанд нь талархдаг юм. Ялж байж л гадагшаа олон улсын тэмцээнд өрсөлдөх учраас өөрийгөө мөн ч их дайчилдаг байсан даа. 1982 оны “Интернационал” олон улсын тэмцээнд Д.Оюунболд гавьяатыг хожиж түрүүлээд их баярлаж байсан.

-Амжилттай сайн барилдаж эх орныхоо нэрийг олон улсад цуурайтуулж явсан залуу цагаа эргээд дурсахад тэр үедээ оччихсон мэт сэтгэгдэл төрнө биз?

-Сайхан залуу насаа дурсана аа. Бэртчихээд Бээжинд эмчилгээ хийлгээд хэвтэж байхдаа Р.Чойномын “Сүмтэй бударын чулуу”-г уншихад “Аавын хүү нэгэнт ядарсан бол аз жаргалтай үеэ битгий дурсаарай. Өлссөн хүн өөх бодвол өөрийгөө зовоохын шинж” гэсэн мөрт тааралдсан л даа. Энэ ямар их ухаан болохыг тэр цагт ухаарч билээ. Өнгөрснөө үргэлж дурсах нь тийм ч сайн зүйл биш л дээ. Өнгөрснөө санаж дурсаад байвал одоо, ирээдүйгээ төсөөлөхөд бэрх шүү дээ. Барилдаж өндөр амжилт гаргаж явсан үеэ ярих надад хүнд байдаг.

-Та хэвлэлд нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тэмцээнд биш, шалгалтын үеэр бэртсэн” гэж дурдаж байсан?

-Би УБДС-ийн Биеийн тамирын ангийн төгсөх курсийн оюутан байхдаа хүнд бэртсэн. Бэхэлгээгүй савлуурт спортын гемнастикийн шалгалтад орохдоо савлууртайгаа унаж бэртсэн. Тухайн үед төр засгаас яагаад анхаарал тавиагүй юм бол гэж одоо ч гайхдаг юм. Хэцүү цаг үед миний гэр бүлд үнэнчээр тусалсан хүмүүс бол Монголын ард түмэн юм шүү. Анх бэртчихээд ичиж гутардаг байлаа. Харин одоо бол өөр болсон. Олноо түшиж амьдрах ёстой гэдгийг ойлгосон. Тэргэнцэртэй хүмүүст итгэл, урам хайрлахыг хүсч явна даа.


Categories
мэдээ цаг-үе

Өмнийн говь нутгаар гурван мянган км зорчсон тэмдэглэл

Өндөр богд

Говь нутгийн тухай ерөнхийлөн өгүүлэхүй: Говь гэмээнэ говь билээ. Хүн байтугай амьтны ч бараагүй хадат ян, өргөн хөндий, цэлийсэн хоолой, гөлийсөн тойром, ээрэм тал нь гадна дотны аялагчдын сонирхлыг эрхгүй татах дагшин нутаг. Эртний тахилгат, домог түүхт богд хайрхан уулс, ижилгүй содон товгууд, бяцхан ижирмэг аараг, өрмөн шаргал бархад, элсэн далангууд, нүүдэл эзгүйрсэн тарлан тал, далайд хөвж яваа халим мэт тээг, зост солонгорол зэрэг нь нэн гайхалтай. Зөөлөн боргиот цайвар шавранцар зам харгуй нь тэнгис далайн барааг дүрсжүүлэх алсад хөтөлнө. Монгол оронд 102 овгийн 2100 гаруй зүйл цэцэгт ургамал ургадаг. Үүний 100 гаруй зүйл нь өөр аль ч улсад байдаггүй. Эднээс говь цөлийн бүсэд улаан тулам, сухай, шээрэнгэ, лидэр, хуйраг, цагаалж бүйлс, тоорой, жигд зэргийгнэрлэж болох ч тэр дундаа хөмүүл, таана, ортууз, бударгана зэрэг нь зөвхөн Монголын говьд л ургадаг. Эх орны эрс тэс уур амьсгалыг энд л харж болно. Ухаандаа Хэнтий, Хангай, Хөвсгөлийн ууланд цас хөрлөж, агаарт жавар тас тас дуугарч, ургамал модод бамбарласан цангаар хуяглаж, ус мөрний мандлаар мөсөн хахал сэрийж байхад Өмнөговийн Номгон, Хүрмэн, Баяндалай сумдын өмнөд хэсгээр агаарын хэм +7-г зааж, рашаан булаг оргин, ширэг ногоо, цэцэгт ургамал дэлгэрч байх жишээтэй.

Өмнөговь аймаг бол тэмээний эх орон. Дээрээс нь ямаагаараа улсад тавд жагсдаг. Жилд дунджаар 10 мянга гаруй гадаадын жуулчид дэлхийд хосгүй Монголын говийг үзэх гэж энэ л аймгийг зорин тэмцдэг. Газар тариалан, хүнсний ногоонд хөрс нь тохирдоггүй. Харин тэжээлийн ургамал таривал зүгээр аж. Улаан лооль, тарвас, амтат гуа, өргөст хэмх тарьж чадвал янзтай. Хонгорын элс, Баянзаг, Говь гурван сайхан, Хэрмэн цав, Толь хад, Алгуй улаан цав, Галбын говь, Сангийн далай хийд, Ноён Сэврэй хийцийн мөнгөн эдлэл нь тус аймгийн есөн гайхамшиг хийгээд нэрийн хуудас болой.

Өмнөговийн удирдлага сум бүртээ нэг зургаар Нутгийн удирдлагын гурван давхар ордон барьж өгөх ажил үндсэндээ шувтарч буй юм билээ. Залуу үе нь жил ирэх тусам нутаг уснаасаа төсөөрөн холдож байгаа юм байна даа гэсэн харуусам бодол төрснөө нуух юун.

Уртын сайр

…Хилийн хэсгээр ноцтой зөрчил хааяа гарна. Ганц жишээ өгүүлэхэд, тээр жил …-р тэмдэгтээр Хятадын хилчид өөрсдөө хил зөрчин, хориотой бүсэд чулуу, гоёо түүж яваад манайханд баригдаж, шившгээ хутгасан удаатай. Сонирхуулахад, хилийн багана бүрийн харалдаа Хятадын хилийн хаалга бий. Тэр хаалга нь нугасандаа нууцтай. Монголын талаас чөлөөтэй онгойно. Харин буцаад гарах гэвэл нээгдэхгүй. Хятадууд хил давуулан торлосон хаалгаа зүглүүлэн хужир цувуулж асгана. Үхэр мал, хулан, зээр хужир долоосоор хошуугаар хаалгыг түлхэж орно. Эргээд гарах боломж үгүй болж, бусдын хүнс болно гэсэн үг. Хятад хүний дотор санаа гэж. Нэг бодол төрлөө. Манайх хилээ яагаад торлож болохгүй гэж. Энэ тухай албаны улсаас асуулаа. “Боломжгүй” гэж хэлэв. Яагаад гэтэл асар их хөрөнгө мөнгөний зардал гарах юм байх. Харин хилчид энэ тухай товч бөгөөд тодорхой үг хэлсэн юм. “Манайх ч гэсэн торлох хэрэгтэй. Эс тэгвээс хятадууд давуу эрх эдлээд байна” гэж. Юутай ч өмнийн говиор анх удаа бэдэрч явахдаа сум суманд төрсөн сэтгэгдэл, нутгийн улсаас сонссон зүйлээ хураангуйлж тэмдэглэж авснаа ийн толилуулж байна. Танин мэдэхүйн танд ч хэрэг болж юуны магад.

Манлай сум: Манайхан нөгөө алдарт тэмээн пологоор нь энэ сумын нэрийг гадарлах биз. Мөн энд говийн “Түмний эх” болсон хамгийн хурдан тэмээд идээшилж явдаг. Адуун сүргээрээ аймагтаа толгой цохино. Аараг толгод ихтэй. Хүйтэн сэрүүний цагаар малчид нь маш нуугдмал аж төрнө. XII жарны хар хулгана жил /1732 он/ Мэргэн вангийн хошууны ноёны Авай дагинаас төрсөн долоон хүүгийн нэг Сүгдэв өөлдийн дайнаас баатар болон эргэн ирэхэд Жүн ван Мижиддоржийн хошуунаас нутаг тасалж өгснөөр Сүгдэв гүний хошуу үүссэн түүхтэй. Хожим нь Эетэй засгийн хошуу болж, хувьсгал ялснаар Манлай сум болжээ. Шар цав дахь 60 сая жилийн тэртээ амьдарч байсан үлэг гүрвэлийн мөр, чулуунд наалдаж үлдсэн элэр балрын загас жараахайн сүгээрээ их алдартай. Сумын дэргэд шахуу, аймаг сумандаа сүрхий ноцолддог бөх залуугийн гэр бий. Тэдний хонин сүрэгт зэрлэг амьтан ирж нийлжээ. Тэр нь дөрвөн настай эр янгир аж.

Цогтцэций сум: Сумын төвд оройхон хүрч очлоо. Зүсэн бүрийн барилга байшин хаа сайгүй сүндэрлэжээ. Сум дотроо засмал замгүй учир шар түйрэн. Мөнөөх ардын баатар хүүхэн Т.Борын хөшөө маань цагийн аясаар өмөрч жайжийжээ. Уйгагүй явж, ухаж төнхсөөр “Орд” гэдэг дэн буудалд хоноглов. Үнэмлэх бичиг сүрхий нягтлан шалгаж, хураан авч байна. Хоол унд бол горьдолтгүй. Дуулиант Таван толгойн нүүрсний уурхай дээр нь хүн, машин гэж тойм алга. Говь шанхын домогт хүлгүүд нь машин тэрэг болоод хувирчихсан мэт.

Ханбогд сум: Монголын говийн хамаг холион бантан энд л байна. Монгол, хятад автомашин мөргөлдвөл хятад жолооч нь “Хүүе найз аа, бүр хүчтэй нялга мөргөөд өгөөч” гэж гуйна. Монгол жолооч нь “Тэгвэл хөлсийг нь өг” гэж томорно. Учир нь ашиглахын аргагүй эвдэрсэн бол даатгалын мөнгө олж авдаг гэнэ. Зарим жолооч нүүрсээ ачаад хилийн зүг хөдлөхдөө замын татвараас зугтаж дов жалга хэрж давхисаар байгаад буцаж зам руу орохдоо рамаа хугалж “муу санаандаа биеэ отуулна”. Зарим машин постны гарам таглаад эвдэрчихнэ. Бөөн хараал зүхэл. За тэгээд, аз туршин нэгнээ чирч явна. Хэрвээ өгсүүр газар тоормос алдвал арын бүх машиныг хядна гэсэн үг. Хэн нэгэн ганц ухасхийгээд машинаа бензиндээд шатаачихна. Улсын хилээр гарах гэж ачаатай машинууд бараг 100 км гаруй уртын урт дараалал үүсгэжээ. Жолооч нар замын ховилд майхан барьж, мөрийтэй тоглоцгооно. Ойр хавийн айлууд тэдэнд хоол унд шахаад, замын охид биеэ үнэлээд юм юм л болж байгаа гэх.

Цагаантолгойн алт, Оюу толгойн эрдэнэсийн уурхай эл сумыг дэлхийд алдаршуулсан. Оюу толгойн ажилчид үйлдвэрээ “Газар доорх шорон” гэж хэлэхийг сонслоо.

Ноён хутагтын байгуулсан Дэмчигийн хийдийн зүг хөдөллөө. Бид мэдэлгүй хойд замаар нь орчихож. Гүвдрүү донсолгоо нь ёстой амьдын улаан там. Хэдхэн км-т ямар ч шинэ машиныг хэдрэг болгочихож мэдэх зам юм билээ. Хамгийн хорлонтой нь заах тэмдэг байгаад байдаг. Харин Ханбогд хайрханыг арлах урд зам нь жинхэнэ амар амгалангийн зураа. Хийдэд очлоо. Өвөл, зуны буудал, гуанз, тайлбарлагч цөм байна. Сүмийн барилгыг ч их дажгүй сэргээн засварлажээ.Галбын гурван хийд, Ханбогд хайрхан, Хөдөлдөг цохио, Ловончомбо, Гурван зээрдийн агуй, Мэлхий цохио нь тус сумын байгалийн нэрийн хуудас билээ.

баян-овоо суМ: Ерөнхийлөгч Х.Баттулга хэдэн зуун сая доллар идэж уугаагүй юм билээ. Зүгээр л хэдэн зуун км үргэлжлэх овоолго бүхий шороон далан болгочихсон юм байна. Би нүдээрээ харлаа. Төмөр замаа байг гэхэд засмал зам ч болгочихож болохоор. Нутгийнхан тэр даланд тун ам муутай. Учир нь түргэний тэрэг нэвтэрч чадахгүй баахан тойрч шатахуун шатаан бөөн асуудал үүсгэдэг гэнэ. Дээрээс нь зэрлэг амьтад болон малчдын нүүдлийг хааснаас болж экологи зүсээ хувиргаж буй аж. Баян-Овоо бол их зэлүүд орших говийн амгалан сум. Орон нутгийн музейд нь Улсын Байгалийн түүхийн музейд ч байхгүй чулуужсан аварга могой залрах нь үнэхээр гайхалтай. Аймгийн музей нь авна гээд дүрэмдээд байгаа сурагтай. Бусад хосгүй дурсгалт олдворуудын адил урагш алдчих вий дээ. Өмнө нь эндэхийн жаран см-ийн урттай мөнгөн зүмбэр хээ бүхий хас уруултай гаансыг аймгийн музейд тавина гэж авч яваад сураг алдарчээ. Эндэхийн улсын нэг том бахархал нь 1700 оны үед аж төрж байсан алдарт бөх Идэрдампил аварга гэнэ. Сумын музейгээ бөх тайлбарлагч А.Ганбаатар агсны нэрэмжит болгожээ. Үүнээс үүдэн нэг бодол төрлөө. Монголд начингүй сум үгүй биз.

Усны үхэр

Тийм болохоор монгол уламжлалаа хадгалаад бүх сумын сургуулийг тухайн нутгаас төрсөн начингийнх нь алдраар нэрлэчихвэл яасан юм. Саявтархан тус сумын улс бараг 17 метр шахам урттай аварга том чулуужсан мод олж сумынхаа төвд элэр балрын хөшөө дурсгал болгон залсан байна. Тэр нь Монгол бүү хэл Ази тивийн хамгийн урт чулуужсан мод байж магад. Тэд Өндөр богд уулаа өр зүрхэндээ шүтэж, өрөмний цөцгий мэт хайрлана. Дотор эрхтэнг эрүүлжүүлж, цөсөнд ургасан чулууг ч хайлуулах шидтэй Гиваа чулуу /дотроо нунтаг шар чөмөг бүхий нэгэн төрлийн чулуулаг/ Богд уулнаа байдаг аж. Хүмүүс чулууг буталж, аягатай усыг чөмгөөр нь хандалж эмчилгээнд хэрэглэдэг байна. Баян-Овоочууд их найрсаг байдаг нь хүмүүс нь хэт нийгэмшиж эвдрээгүйтэй холбоотой биз ээ.

Бидэнтэй хээрлэн зугаалсан О.Авирмэд маань ууланд гээгдсэн аргаль, янгирын эврээр ясан сийлбэр хийнэ. Гол төлөв аргаль, янгир, морь мал хийж, зундаа жуулчдад борлуулна. Хад, агуйнаас олдсон эртний дурсгалт зүйлсийг Орон нутгийг судлах танхимдаа аваачиж өгдөг аж.

Номгон сум: Номгон сумын төвд очиж, “Далайваанчиг” зочид буудалд хоноглолоо. Үнэ нь боломжийн, цэвэрхэн тохилог газар байна. Арга ч үгүй биз дээ, ашиглалтад ороод жил болж байгаа болохоор гоё байхаас яахав. Өрөөгөөр зочилсон эндэхийн өвгөд түүх хүүрнэж сууна.

Сангийн далай хийдийн суурийг 1707 онд Үйзэншарав гэлэн тавьж, 1772, 1835 онуудад баригдсан Чогчин сүм, Дүйнхэр зэрэг есөн гол дуган сүндэрлүүлжээ. Хөх тоосгон хэрэмтэй эл хийд нь Монголын говьд устгагдаагүй үлдсэн цөөхөн хийдийн нэг. 1700-гаад оны эхээр Хунхууз нар урдаас хоёр хуваагдан Эрдэнэзуу, Богдын хүрээг талахаар хөдөлжээ. Хүрээг зорьсон нь Сангийн далай хийдэд ойртон ирэхэд Гомбо бурхан хашхирч, үүдний чулуун арслангууд архирсан гэнэ. Дээрэмчид нутгийн улсыг сууринд нь цангааж ална хэмээн бүслээд олон хоножээ. Бүслэлтэд байсан лам голдуу улс доош газар ухаж ус гарган ууснаар амь аврагдсан юмсанж.

“Танай нутгаар хятадууд их байна уу” гэж асуутал тэд “Хятадын “ДунЮань” компани Булган Хорогийн ойролцоох Хартолгойн ховор металлын уурхайг эзэмшдэг. Олборлолт хийж байсан газар нь мал амьтад олноор хордож үхсэн, мөнхүү хууль бусаар тав, зургаан машин хүдэр, хар тугалга, хайлуур жонш, ховор металл хил давуулах гэж оролдсоныг хил гааль, Мэргэжлийн хяналтынхан илрүүлж, үйл ажиллагааг нь түр зогсоосон. Одоо бол хэдэн бор гэр, ганц хоёр монгол бүсгүй, гурав дөрвөн хужаа л байна” хэмээжихүй. Цаг нь ирэхээр тэд ховор металл, алт, зэс, вольфрам, мөнгөний хүдрийг урагш дахиад л машин машинаар гаргаж эхлэх биз ээ. Уул нь домог түүх нь сүрхий хайрхан юм билээ. Дээхнэтэр уулнаа тэмээн толгойтой аварга могой байдаг байж. Түүнийг агнаж “Самосвал” машинд ачихад нум нь тэгширч, шалхайн асгарч байсан гэдэг. Анх ичээг нь олсон харуулын хоёр цэргийн гавьяаг үнэлж, албанаас чөлөөлж, орон нутагт нь буцааж байжээ. Могойг төв рүү авч одсоноор ор сураггүй болсон байна. Булган Хорогийг нутгийнхан “Улаан хүрээ” хэмээн нэрлэдэг байсан аж. Тэр нэр нь хэдийнэ мартагдаж, ардуудын ой санамжнаас арчигджээ. Түүнээс урагш хилийн хориотой бүс эхэлнэ. 1990-ээд оноос хойш энэ сумын Хятадтай хиллэдэг нутгийн зурвасаар Хойд Солонгосын дүрвэгсэд үе үе хил зөрчдөг болж. Эмэгтэйчүүд нь их чамин ганган хувцастай. Дүн өвлөөр хил зөрчиж манайхны харуулд баригдана. 2002 онд Бүдүүн модны заставын хэсгээр үзэсгэлэнт солонгос хүүхэн хил нэвтэрч манай хилчдийг хайж яваад хөлдөж үхсэн эмгэнэлт явдал гарсан. Учир нь хятадууд ардчилсан солонгос зугтагсдын эрийг нь боолчилж, эмийг нь доромжилсны эцэст шан харамж авч Монгол руу төөрүүлдэг гэх.

Говьчууд чих дэлдийлгэм сонин зүйл хуучилна. Говийн туулай дөнгөж төрсөн бүжингээ гуравхан хоног хөхүүлээд гурван жил хөхүүллээ гээд хаяад явчихдаг гэнэм. Бас цөлд ургадаг цагаан гоёонд хятадууд нугасгүй. Ямар сайндаа хил зөрчин гоёо ухаж байгаад элсэнд дарагдаж үхэж байхав дээ. Гоёог тэд эмэнд ашигладаг бол манайхан цэвэр спирт болгочихдог гэнэ. Хятадад дэлгэрсэн “Хөх гуя” гэдэг өвчинд гоёо нь нэн сайн учир тэдүхэн хатан тэмүүлнэ. Хавартаа шим нь хурах үеэр хилийн зөрчилихсэж, цэнхэр цэцэг нь гараад ирвэл чанараа алдсан гээд тоохгүй.

Шүүлэн булгийн ойр “Хүслийн овоо” хэмээх ихэр цагаан уул буй. Сүүлийн үед баруун аймгаас ч мөргөлчид очдог болжээ. Цагаан сараархүмүүс бүр хахна. Өмнөд Монголоос ч мөргөлчид ирнэ. Мөнөөх Далан уул/Өмнөд Монголын Даланхарбиш шүү/ гэдэг чинь энд бий дээ. Монголын их хаан Батмөнх даяны“Долоон түмэн цэргийг минь нуусан Далан уул минь” хэмээн цэнхэр гантиг дээр сийлсэн гэрэлт хөшөө байдаг гэх боловч мэддэг хүмүүс нь үгүй болжээ. Жилийн жилд бичээсийг үзэхээр Номгоныг зүглэсэн гадна дотны судлаачид улаа эргэтлээ бэдрээд хувхай хоосон буцдаг аж. Одоо түүнийг Хятад руу гаргачихсан гэх. Ер нь тэр хавиар олон жил нутагласан хуруу дарам хэдэн өвгөн таалал төгсвөл нутгийнхан их зүйлийг мэдэхгүй болж үлдэнэ дээ.

Хүрмэн сум: Даланзадгад хотын урдхан Зүүн Сайханы энгэрт Хүрмэн сумын төв оршино. Гэхдээ уулаа тойрч очих тул нэлээд зайтай. Тэндээс хөтөч аван өмнө зүг хөдлөв. Говийн тарамцаг толгод дунд хуягт танк мэт машин техник үзэгдэнэ. Яав ийв гэсэн чинь, хятадууд Таван сухайн хөндий, Эрдэнийн ухаад газрын тосны хайгуул хийж байгаа юм гэнэ.

Шинэ хятад эзэнтэй болсон гэх Эрдэнэ булгын уурхай нэг тонн нүүрсээ сумынханд 20000 төгрөгөөр зардаг аж.

Хөтөч “Манай урдуур тээг ихтэй” гэх. Тээг гэж яг юуг хэлээд буйг сонирхвол дөрвөлжин хэлбэрт намхан уул юм гэнэ. Эндэхийн “Зүүн цохиот”-ын хөх тойром их аймшигтай. Тэмээ мал, зэрлэг амьтныг хэвтэж байхад нь л сорчихно. Үхэхээр нь газрын гадарга руу түлхчихнэ. Халахаараа жонхууран нялцайж, хөрөхөөрөө хүчтэй агшина. Нутгийнхан “үхлийн тойром”-д анхааруулах хашлага хийсэн ч соруулчихсан аж.

Алсад “Цахарын хаяагийн элс” хэмээх сүрлэг бархад үзэгдэнэ. Дэргэд нь Хонгорын элс тарваганы дошны төдий гэдэг нь үнэн аж. Хөтөч замдаа “Та нар хол яваа улс, элсний өнгө сайн аж. Шар элс бол хатуу учир машин явах боломжтой. Хөхөлбөр туяатай шаргал элс бол хүн, машингүй аваад үлдчихэж мэднэ” гэх. Мэдүүштэй үг санагдсан шүү. Говийн уулс их сонин, ногоотой жил хүрэн, гантай жил пад хар өнгөтэй болно.

Нутгийнхан Манлай сумаас ч дутахгүй хурдан тэмээтэй гэнэ. 1100 гаруй тэмээний уралдааныг Гиннест бүртгүүлэхээр зохион байгуулахад эндэхийн атнууд хурд, хүчээрээ тасарч, эхний I, III, V байрт орсон байна. Соц нийгмийн үед нэгдлийн дарга Батмөнх агсан “Ухаа загийн хоолой”-д 1000 ингэний ферм байгуулсан ч магтуулах байтугай бэлчээрийн даац хэтрүүлсэн хэргээр донгодуулжээ. Өнөөдөр тэр алдарт фермээс үлдэж хоцорсон гурван худаг эндэхийн малыг ундаалж байна.

Хүрмэн сумын өмнө зүг алслагдан орших Аршааны өндөр уулыг Агваанжангарав хэмээх урт цагаан сахалтай лам өвгөн тахидаг байж. 2012 онд өвгөнийг номын агаар сэлгэхэд Өмнөд Монголоос шавь нар нь ирж тахилга хийдэг болсон гэнэ.

1980-аад онд Ухаа загийн хоолойд мянга мянгаараа сүрэглэдэг байсан хулан гэнэт сураггүй болжээ. Агнаагүй, бас зуд болоогүй байхад хаачив гэтэл Дорноговь, Баянхонгорын зүг дайжин оджээ. Чухам юунаас үүдэн тийн нүүдэллэсэн нь оньсого. Өмнөговьд жинхэнэ хаан заг гэж юу байдгийг үзье гэвэл Хүрмэн сумын “Бөхөтийн балар”-ыг зорин оч. Тэнд л Монголын говийн хосгүй чимэг дөрвөөс таван метр өндөртэй халиун загийг нүдээрээ үзэж, гараараа тэмтэрч болно. Ер нь заг ухаантай мод гэнэ. Үхэхээрээ харлачихна. Залуу заг нь үхэж буй загийг тэврээд дээш тэмүүлдгийг хүмүүс огт анзаардаггүй гэнэ.

Авгаржин Жа.БАЯРАА /Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч, МСНЭ-ийн шагналт сэтгүүлч/ Улаанбаатар-Мандалговь- Даланзадгад. 2017.12.09

Үргэлжлэл бий

Categories
мэдээ нийгэм

ӨМӨЗО-ы “Талын дуу хоолой” радиогийн таван жилийн ой тохиож байна

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотын “Талын дуу хоолой” радиогийн таван жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.
БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Хятадыг танин мэдэх” соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд өнөөдөр уг радиогийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. “Талын дуу хоолой” радио Монгол Улсын “Шинэ долгион-FM 107.5” радиотой хамтран монголчуудад нэвтрүүлгээ хүргэдэг. Тухайлбал, ардын болон уртын дууны “Тэнгэрлэг эгшиг”, утга зохиолын мэдээллийн “Солонго”, эрүүл мэндийн “Эрүүл биед саруул ухаан оршино” зэрэг нэвтрүүлгийг дурьдаж болох юм. Цаашдаа Монгол түмэнд хүргэж буй мэдээ, мэдээллийнхээ чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, хоёр орны худалдаа, эдийн засаг, нийгэм соёл гээд бүхий л салбарын харилцааны гүүр болох зорилго тавин ажиллаж байгааг тус радиогийн хамт олон онцолж байв.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрхийн товчооны орчмы авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил эхэллээ

Улаанбаатар хотоос зүүн бүсийн чиглэлийн авто замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ихсэж, хүчтэй аадар бороо орсны улмаас тухайн замд их хэмжээний нүхэн эвдрэл гарсан нь осол гарах гол шалтгаан болж, авто тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй болсон. Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас Улиастайн уулзвараас Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн товчооны орчмын 2.2 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг богино хугацаанд гүйцэтгүүлэхээр график, төлөвлөгөөний гарган шуурхай эхлүүлж байна.

Зам засварын ажил эхэлж байгаатай холбогдуулан 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрхийн товчоог буулгасан бөгөөд 15 хоногийн дотор авто замын ажил хийгдэж, байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Зам барилгын ажилтай холбогдуулан 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 23.00 цагаас 09 дүгээр сарын 21-ний 23:00 цаг хүртэл хугацаанд Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо, Богд уулын арын замын уулзварын хэсгийн замын авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар боллоо.

Эхний ээлжид Баянзүрхийн товчооноос Богд уулын арын уулзвар хүртэлх 800 м авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж, тус хэсгийг 2018 оны 09 дүгээр сарын 15-нд нээнэ.

Иймд иргэд Төмөр замын аюулгүйн зурвас ашиглаж Скай ресортын авто замтай холбогдох хэсгийн авто замаар зорчих боломжтой.

Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгөөр хийгдэх нийт 2.2 км авто замын эхний 1.4 км авто шинэчлэлтийн ажил, үлдсэн 0.8 км авто замыг өргөсгөж, дөрвөн эгнээтэй болгох юм.

Categories
мэдээ спорт

Аки башё маргааш эхэлнэ

Японы мэргэжлийн сүмо бөхийн аки башё буюу намрын барилдаан маргааш Токио хотын “Рёогоку Кокугикан” ордонд эхэлнэ. Бөхчүүдийн маргаашийн оноолт гарсан байна. Макүүчи буюу дээд зиндааны барилдаан маэгаширагийн 16-д эрэмбэлэгдсэн Котоюүки, Ишиура нарын барилдаанаар эхэлж маэгаширагийн 15-д бичигдсэн монгол сүмо Чиёошома Г.Мөнхсайхан, Ёшиказе нарын барилдаанаар үргэлжилнэ. Монгол сүмочдын оноолтыг сонирхуулбал,

Маэгаширагийн барууны 13-т эрэмбэлэгдсэн Таканойва А.Баасандорж такадагава дэвжээний бөх Рюүдэнтэй, сэкивакэ Ичиножёо А.Ичинноров маэгашира Эндотой оноолт таарчээ. Харин дээд зиндааг тэргүүлэн барилдах зүүн жигүүрийн их аварга Какүрюү М.Ананд Таканохана дэвжээний бөх комүсүби Такакэйшотой, баруун жигүүрийн их аварга Хакүхо М.Даваажаргал комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргилтой тус тус барилдахаар болжээ.

Аки башёд бусад зиндаанд барилдах монгол сүмочдын хувьд Араваши Э.Дөлгөөн жюрёо зиндааны зүүн жигүүрийн нэгт эрэмбэлэгдсэн бол уг зиндаанд Дайшохо Р.Шижирбаяр зүүний 3, Кёкүшохо Т.Эрдэнэбаатар барууны 4, Сэйро А.Өнөболд барууны 9, Миторюү Б.Төрболд барууны 10, Азумару С.Тодбилэг зүүний 10-т тус тус эрэмбэлэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Туул голын хог хаягдлыг цэвэрлэж байна

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн амьдрах орчинг эрүүл, таатай болгох үүднээс хог хаягдлын их цэвэрлэгээг тогтмол зохион байгуулдаг билээ. Тухайлбал өнөөдөр дүүргийн Засаг даргын Захирамжийн дагуу Туул гол дагуух хог хаягдлын цэвэрлэгээг хийж эхэллээ.Тус их цэвэрлэгээнд дүүргийн бүх харьяа хэлтэс албад болон сургууль, цэцэрлэгийн албан хаагчид оролцож байгаа юм. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас Туул гол дагуух хог хаягдлын их цэвэрлэгээг гурван удаа зохион байгуулах аж.