Categories
мэдээ нийгэм

Бэлгийн замын халдварт өвчний тархалт нэмэгджээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээлснээр бэлгийн замаар дамжих халдвар энэ оны эхний долоон сарын байдлаар 9277 бүртгэгдээд байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 666 өвчлөл буюу 7.7 хувиар өссөн байгаа аж. Нийт өвчлөлийн 32.4 хувийг заг хүйтэн, 38.7 хувийг тэмбүү, 28.7 хувийг трихомониазын халдвар, 0.2 хувийг ХДХВ/ДОХ тус тус эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал, тэмбүүгийн өвчлөл 174 тохиолдлоор өсчээ. Харин 10000 хүн амд ногдох өвчлөлөөрөө Хөвсгөл 27.8, Говьсүмбэр 23, Дорнод 17.9, Баянхонгор 16.6, Сүхбаатар 16.4, Хэнтий 14.5, Сэлэнгэ 14.6, Говь-Алтай 12.2 хувьтай байна.

Categories
мэдээ нийгэм

Японы зүрхний эмч нар аймгуудаар ажиллаж байна

Японы “Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын хүүхдийн зүрх судасны нарийн мэргэжлийн эмч нар Говь-Алтай аймагт хоёр өдөр ажиллаж байна. Тэд өнөөдөр зүрхний төрлийн гажигтай хүүхдүүдэд үзлэг оношилгоогоо хийж байна.

Тус ТББ нь 2001 оноос эхлэн манай улсад зүрхний төрлийн гажигтай хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийж байгаа бөгөөд Говь-Алтай аймагт анх 2009 онд хүрэлцэн ирж байсан бол өдгөө 10 шахам жилийн дараа ийнхүү үнэ төлбөргүйгээр үзлэг, оношлогоо хийж байгаа юм.

Энэ удаагийн үзлэг оношилгоонд зүрхний төрөлхийн гажиг болон зүрхний өвчтэй хүүхдүүд, энэ төрлийн мэс засалд орж хяналтад байгаа, зүрх судасны ямар нэгэн өвчний онош тодруулах гэх мэт нийт 76 хүүхдийг урьдчилан бүртгэсэн ба өнөөдөр 70-аад хүүхдийг үзэж, зөвлөмж зөвлөгөөгөө хүргээд байгаа гэнэ. Үзлэг оношилгоогоо хийж дууссаны дараа яаралтай мэс засалд орох шаардлагатай хүүхдүүдийг Улаанбаатар хотод Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд мэс ажилбар хийж байгаа ТББ-ын бусад эмч нараараа эмчлүүлэх гэнэ.
Энэхүү сайн дурын үйл ажиллагааг Алтайчуудын хүндлэлийг хүлээсэн ахмад эмч н.Базаррагчаа, Д.Гомбосүрэн нарын үр хүүхдүүд санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.
Categories
мэдээ соёл-урлаг

Д.Болдын “12 Ертөнц” тоглолт удахгүй болно

Төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болдын соло уран бүтээлийн шинэ цомог “Болд” нэртэйгээр өнгөрсөн зургаадугаар сард худалдаанд гарсан. Тэрээр бие даасан 12 дахь цомогтоо “Торгон мэдрэмж”, “Зүрхний дагина”, “Мартахаасаа өмнө”, “Даам” зэрэг 15 дуугаа багтсан юм. Цомгийн хөгжмийн найруулгыг “Ocean Grey”, Л.Сибастиан, Н.Баярхүү, С.Гантөр хийн дууны үгийг DNK, Ria, ZZ, реппер Цэцэ, Х.Соёмбо, Д.Ган-Очир нар бичин гитарчин Атка, Д.Өлзий-Орших нар хамтран ажиллажээ.

Дуучин Д.Болд “12 ертөнц” бие даасан тоглолтоо толилуулна

Тэгвэл дуучин Д.Болд энэ сарын 31-нд Буянт Ухаа Спорт ордонд “12 Ертөнц” нэртэй 5 дахь бие даасан тоглолтоо хийхээр тов зарлаад байна. Тэрээр энэхүү тоглолтдоо 2005 оноос хойш гаргасан бүх цомгийн шилдэг хит 40 дуугаа амьд хөгжмийн хамтлагтай толилуулахаар зэхээд байгаа гэсэн шүү.

Дуучин Д.Болд “12 ертөнц” бие даасан тоглолтоо толилуулна

Түүнчлэн тэрээр шинэхэн цомгийнхоо “Торгон мэдрэмж” болон дуучин Хулантай хамтран дуулсан “Хүрч болохоор” дуунуудаа клипжүүлэн хүргээд байгаа билээ.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн тамирчид нуман тулгуурт эргэжээ

Энэ оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах Будапешт хотынхон олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.

Түүний нэг нь Саяхан Данубе мөрний дээгүүр татсан Будапештийн “Сhain” bridge” бyюу алдарт гинжэн гүүрэн дээр чөлөөт бөхийн 204 тамирчин нуман тулгуурт эргэжээ.

Categories
мэдээ нийгэм

Оюутан цэргүүд удахгүй халагдана

“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан залуус наймдугаар сарын 16-нд цэргийн тангараг өргөж халагдахад бэлэн болжээ.
2018 онд 1000 орчим залуус “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсанаас Улаанбаатар хотын 51 их дээд сургуулийн 650 оюутан Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Шархад дах Хээрийн сургалтын төвд суралцаж байна.
Тус хөтөлбөрийг 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч асан Ц.Элбэгдоржийн санаачилгаар Засгийн газар хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эдүгээ тав дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд 4500 оюутан залуус хамрагджээ.
“Оюутан цэрэг” сургалт нь цэргийн 11 төрлийн бага мэргэжил эзэмшүүлж, нэг жилийн хугацаат цэргийн албаны сургалт, бэлтгэлийг богино хугацаанд багтаасанаар цэргийн алба хаах зардал дөрөв дахин хямд тусч буйг эх сурвалж өгүүлж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Бүсгүй мэлмий-2” гэрэл зургийн үзэсгэлэн болно

“Бүсгүй мэлмий-2” Монгол, Японы эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэн ирэх сарын 20-23-ны өдрүүдэд болох гэж байна. Анх 2015 оны дөрөвдүгээр сард “Бүсгүй мэлмий” гэрэл зургийн үзэсгэлэнг гаргаж байжээ.

Уг гэрэл зургийн үзэсгэлэнд бүтээлээ тавих сонирхолтой оролцогчид зургаагаас доошгүй бүтээл тавих ба энэ нь тодорхой цуврал бүтээл дээр ажилласан байж болох аж. Бүтээлийг энэ сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хүлээн авна.

Categories
мэдээ нийгэм

“Хүй долоон худаг” руу автобус үйлчилж байна

“Нүүдэлчин Монгол-2018” наадмын үеэр нийтийн тээврийн автобус “Хүй долоон худаг” руу үйлчилж байна.
Тодруулбал, өглөөний 09:00 цагаас эхлэн МУБИС-ийн автобусны буудлаас “Хүй долоон худаг” чиглэлд 20-30 минутын зайтай автобуснууд явж байна. 21:18 минутад сүүлийн автобус Хүй долоон худгаас МУБИС чиглэлд явах аж.

Зорчих тасалбарын хувьд том хүн 1000 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр зорчих юм байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Амралтын өдрүүдээр зам хаана

Дулааны шугам өргөтгөх, шинэчлэх болон бохир усны шугам татахтай холбоотойгоор өнөөдөр / 2018 . 08.11/-ний 23:00 цагаас дараах замуудын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар болжээ.

Үүнд:

-Баянгол дүүргийн 15 дугаар хороо, Ард аюушийн гудамж, Ахуй үйлчилгээний ордны авто замыг дулааны шугам өргөтгөх, шинэчлэх зорилгоор наймдугаар сарын 12-ны 08:00 цаг хүртэл,

-Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Жуулчны гудамжны авто замыг бохир усны шугам татах зорилгоор наймдугаар сарын 12-ны 08:00 цаг хүртэл,

-Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Ард кино театрын баруун талын авто замыг дулааны шугам өргөтгөх, шинэчлэх зорилгоор наймдугаар сарын 13-ны 08:00 цаг хүртэл,

-Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Төмөр замын ордны баруун талын авто замыг дулааны шугам өргөтгөх, шинэчлэх зорилгоор есдүгээр сарын 01-ний 08:00 цаг хүртэл тус тус түр хааж байна.

Categories
мэдээ нийгэм

Үерт автсан гүүрийг засчээ

Төмөр замын Номт-Шаргын овоо өртөө зөрлөгийн хооронд өчигдөр /2018.08.10/ орой 17.00 цагийн үед нэг цаг орчим үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас Номт-Цагаан хадын хоорондын замын 1011 км-т байдаг төмөр замын гүүр үерт автаж тулгуур дам нуруу нь 40 см доош сууж, нурж болзошгүй аюултай байдал үүссэн тул төмөр замын хөдөлгөөнийг 19.13 цагт түр хаажээ. Үерийн ус төмөр замын гүүрийг давж урсан замын чигжээс чулууг урсган зайлуулж, замын суурь бүтцэд багагүй хохирол учруулсан байна.

Зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Замын Үүд-Улаанбаатарын чиглэлд аялж байсан 1345 зорчигчтой 275-р галт тэргийг 20.26 цагт Цагаанхад зөрлөгт төмөр замын хөдөлгөөнийг нээтэл түр зогсоожээ. Байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн аюултай нөхцөл байдлыг арилгах, төмөр замын хөдөлгөөнийг саадгүй хэвийн үргэлжлүүлэх арга хэмжээг УБТЗ-ын удирдлага яаралтай авч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан байна.

Гүүрийг сэргээн засварлах ажилд 150 шахам төмөр замчид оролцож шөнөжин ажиллажээ. Одоогоор төмөр замын хөдөлгөөнийг яаралтай хэвийн үргэлжлүүлэх үүднээс эхний ээлжид гүүрний дам нуруунд түр зуурын бэхэлгээ хийсэн байна. Ингэж гүүрийг хүчжүүлж бэхэлгээ хийж сайтар туршсаны дараа өнөөдөр /2018.08.11/ 4:00 цагт төмөр замын хөдөлгөөнийг нээжээ. Уг гүүрний дам нурууг яаралтай шинээр сольж, тулгуур баганыг бэхжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийх юм байна. Энэ ажлыг хийж гүүрийг бүрэн засварлаж дуустал суудлын болон ачааны галт тэрэг уг гүүрээр таван км/цагийн хурдтай явж өнгөрөх захирамж өгчээ.

Categories
мэдээ нийгэм

“Нүүдэлчин Монгол 2018” наадмын нээлт эхэллээ

Монголын үндэсний соёл урлагийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, спортыг хөгжүүлэх зорилго бүхий “Нүүдэлчин Монгол 2018” наадмын албан ёсны нээлт өнөөдөр Хүй долоон худагийн зүлэг ногоон дэвжээнээ эхэллээ.

Нээлтийн үеэр 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг болон ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн соёл урлаг, спортын алдартнууд үндэсний хувцсаараа гоёж жагслаа.

Энэ үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, “Өв соёлөө өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах нь аль ч улс орны өмнө тулгамдсан асуудал болоод байна. Монгол Улс өнгөрсөн онд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг баталсан. Ингэснээр өв соёлоо хамгаалах томоохон боломж нээгдсэн юм. Нөгөөтэйгүүр бид 2009-2015 онд Морин хуур, Уртын дуу, Тууль, Цуур, Үндэсний их баяр наадам зэрэг 14 өв соёлоо ЮНЕСКО-гийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүллээ. Өнөөдрийн энэхүү наадам Монгол түмний соёлын өвийг хойч үедээ түгээн дэлгэрүүлэхэд томоохон түлхэц үзүүлэх болно” хэмээв.
“Нүүдэлчин Монгол 2018” наадам маргааш буюу энэ сарын 12-нд өндөрлөнө. Өнөөдөр 21 аймаг, есөн дүүргийн урлагийн тоглолт, Үндэсний сур харваа, шагайн харвааны тэмцээнүүдээр үргэлжилнэ.