Categories
мэдээ нийгэм

Ардчилсан нам Хангайн бүсийн чуулганаа хийнэ

АН-ын “Хангайн бүсийн чуулга уулзалт-2018” энэ сарын 15-18-нд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт орших Амарбаясгалант хийдийн дэргэд зохион байгуулах гэж байна. Тус чуулга уулзалтад АН-ын удирдлагууд, намын дэргэдэх байгууллагууд, нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг, Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн гишүүдийн төлөөлөл оролцох юм.

Чуулга уулзалтад оролцогчид сургалт, семинарт хамрагдаж, нутгийн болон хүний хөгжил, намын шинэчлэл, гишүүдийн чадавхийг дээшлүүлэх асуудлаар санал, туршлагаа солилцоно. Мөн аймаг, дүүргүүдийн гишүүдийн дунд соёл урлагийн арга хэмжээ болон мэтгэлцээн, спортын тэмцээн зохион байгуулж, шилдгүүдээ шалгаруулах аж. Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд шат дараатай арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсний нэг хэсэг нь энэхүү бүсийн чуулганууд юм.
Categories
мэдээ нийгэм

Ардчилсан нам У.Хүрэлсүхийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардлаа

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна. Хэвлэлийн бага хуралд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.Батзандан болон АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар оролцож байна. Энэ үеэр УИХ дахь АН-ын дарга Д.Эрдэнэбат ярихдаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж, албан шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Мэдээллийн эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Арбитрын шүүх дээр “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал унаснаас үүдэж их хэмжээний төлбөр нэхэгдсэнээс гадна үйлдвэрийн удирдлагууд гадаадад зорчих эрхийг хүртэл цуцалсан байна. Засгийн газар энэ асуудалд анхаарах ёстой байтал өнөөдрийг хүртэл дорвитой алхам огт хийхгүй байгаа нь харамсалтай. Түүнчлэн эрх барьж байгаа намын дотоод зөрчлийн асуудлаас үүдэн, эрдэнэт хүний амь нас эрсэдлээ. Цаашлаад улс орны ирээдүй болсон хүүхдийн амь нас, эрүүл мэнд ноцтойгоор хохирсоор байна. Зөвхөн хүүхэд гэлтгүй иргэдийн амь нас хохирсоор байгааг анхаарах хэрэгтэй. Манай улсад вагоны осол гарсан түүх ховор. Гэтэл вагоны осол гарсны улмаас 88 хүнд эмнэлэгт хандаж, хоёр хүний биеийн байдал хүнд байна.

АН энэ бүхнийг сөхөж ярихаар байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан ослыг улстөржүүллээ гэж байгаа юм. Төмөр замын байгууллага бол хагас цэрэгжсэн, маш сайн зохион байгуулалттай ажиллаж ирсэн түүхтэй газар. Энэ сахилга бат, ажиллах арга барил хаачив. Энэ асуудал дээр Засгийн газрын нэг сайд, дэд сайдыг огцруулаад яах юм. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, хариуцлага хүлээх ёстой. Цаашлаад Засгийн газраа бүрдүүлсэн УИХ энэ асуудалд анхаарал хандуулж чадахгүй бол тарах ёстой гэсэн байр суурьтай байна” гэж тодотгов.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “АН-ын Улс төрийн зөвлөл өнөөдөр хуралдсан. Монгол Улс бол Ардчилсан улс. Тиймээс ч бид гаднаас хүн хулгайлдаггүй. Өөрийн орноос хүн хулгайлуулдаггүй. Гэтэл Тагнуулын байгууллага хүн хулгайлах хэрэгт оролцож, Засгийн газар уг асуудлаар ганц дорвитой байр суурь илэрхийлээгүй явдалд АН шүүмжлэлтэй хандаж байна.

Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш “Эрдэнэт” үйлдвэр дээр дорвитой алхам хийхгүй байгаа нь буруу. Одоо энэ асуудлаа шийдэх хэрэгтэй. Саяхан эрдэнэт хүний амь нас намын зөрчлөөс болж эрсэдлээ. Ганцхан сайдыг огцруулаад асуудлаас бултана гэж байхгүй. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, УИХ-ыг тарахыг АН шаардаж байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүн 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол хийх санаачилга гаргасан боловч дэмжигдсэнгүй. Одоо 60 тэрбумын хэргийг нэг тийш нь болгох хэрэгтэй. АН шударга ёсыг ярьж байгаа гишүүн бүртэй хамтарч ажиллана” гэв.

АН-ын дарга С.Эрдэнэ “Манай нам “Монголоо сонсъё” аяны хүрээнд Чингис, Самурай бондын зарцуулалтыг ард түмэндээ тайлагнасан. Одоо эрх баригчид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тавьсан гадаад зээлүүдийг хэрхэн зарцуулсныг ард түмэнд тайлагнах хэрэгтэй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

32 мянга гаруй оюутанд 75 тэрбум төгрөгийн зээл олгоно

Засгийн газрын зүгээс оюутнуудад хүүгүй, барьцаа хөрөнгө шаардахгүй зэрэг олон давуу талтай “Оюутны хөгжлийн зээл”-ийг өнгөрсөн тавдугаар сард олгох шийдвэрийг гаргасан. Тэгвэл тус зээлийг Монгол Улсад магадлан итгэмжлэгдсэн 62 их, дээд сургуулийн 32 мянга гаруй оюутанд олгохоор нийт 75 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Боловсролын зээлийн сан нь наймдугаар сарын 15-наас аравдугаар сарын 1 хүртэл хугацаанд “Оюутны хөгжлийн зээл”-ийг олгох юм байна. “Боловсролын зээлийн сан”-гийн зээлийн албаны дарга Э.Батсэлэм: “Голч дүн нь 2,8 дээш, ирээдүйн зорилгоо зөв тодорхойлсон эссэ гэх мэт зээлийн шаардлагыг бүрэн хангасан оюутан болгон хүсэлт гаргах боломжтой. Сургуулиудын оюутны тоо, чадамж, тус сургуулийг төгсөөд ажлын байраар хангаж байгаа байдал зэргийг уялдуулаад квотыг тогтоосон. Одоогоор төрийн өмчийн их дээд сургуулиудад оюутны төлөөлөл оролцсон таваас дээш хүний бүрэлдэхүүнтэй комисс бүрдэн ажиллаж байна. Сургуулийн шаардлагыг хангасан оюутнуудын материалыг хянан үзээд зээл олгоно” хэмээн онцлов.

Categories
мэдээ цаг-үе

​Б.Бямбасайхан: Үндсэн хуульдаа нийцсэн системтэй л бол дэлхийн хаанаас ч хөрөнгө татах боломжтой

Америк, Хятад, Япон, Орос бидэнтэй адил хөрөнгө оруулалтын төлөө л өрсөлдөж байна –

Монголын бизнесийн зөвлөлийн УЗ-ийн дарга Б.Бямбасайхантай ярилцлаа.

-Ид өрнөж буй дэлхийн худалдааны дайнаас бид юу хожих бол, хожлоос гадна эрсдэл бий юу гэсэн асуулт олны анхааралд байна. Эдийн засагчид, улстөрчид, компаниудын төлөөлөл тойрч суугаад сэдэв болгомоор асуудал шиг санагдах юм. Жишээ нь, Монголын бизнесийн зөвлөлөөс энэ талд анхаарал хандуулах уу?

-Монголын бизнесийн зөвлөлөөс энэ тал дээр анхаарч байгаа. Ойрын жишээ гэвэл есдүгээр сарын 6, 7-нд болох болох уул уурхайн хөрөнгө оруулагчдын “Дисковер Монголиа” бизнесийн чуулга уулзалтын үеэр энэ сэдвийг хөндөж ярина. Монголын бизнесийн зөвлөл энэ жилээс “Дисковер Монголиа”-гийн хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай хамтарч байгаа гэсэн үг. Худалдааны дайнаас үүдэлтэй ямар боломж, ямар үр нөлөөлөл манай эдийн засагт бий болох талаар бизнес эрхлэгчид, эдийн засагчид хамтраад ярилцана. Дэлхийн том эдийн засгууд хоорондоо худалдааны шинэ харилцаа үүсгээд байна л даа. Олон улсын худалдааг зардал багатай, бизнест ашигтайгаар хэрхэн хийх, бүтээмжийг нь яаж сайжруулах вэ гэж Дэлхийн худалдааны байгууллагыг байгуулж байсан. Гэтэл өнөөдөр 20 их наяд ам.долларт дөхсөн Америкийн эдийн засаг, 12 их наяд ам.доллараар хэмжигддэг Хятадын эдийн засгууд хоорондоо мөн бусадтай яаж харилцахаас дэлхийн эдийн засаг ойрын үед яах, дунд хугацаанд хаашаа яаж чиглэх нь шууд шалтгаалж байна.

Худалдааны дайн гэж нэрлээд байгаа асуудалд аль аль талыг нь буруутгахад хэцүү. Америк эдийн засгаа хэрхэн тогтвортой, урт хугацаанд өсгөх, хөрөнгө оруулалт татах тухайгаа бодож үүссэн асуудлаа шийдэхийг зорих нь мэдээжийн асуудал. Хятадын эдийн засагтай хийж буй худалдаандаа хүлээж байгаа алдагдлаа багасгахаар ажиллаж таарна. Хятадын компаниуд Америкийн технологи, оюуны өмчийг зөвшөөрөлгүй хэрэглэсээр ирсний хариуд авч байгаа арга хэмжээ гэх тайлбарыг АНУ-ын эрх баригчид хэлж байна. Сүүлийн үеийн статистикаар Америкийн эдийн засаг 4.1 хувийн өсөлттэй байна. Сүүлийн таван жилд байгаагүй том өсөлт. Хятадын эдийн засгийн өсөлт 6.7 хувьтай яваа. Харин Японых 1.3 хувийн өсөлттэй байна. Энэ гурван том эдийн засгийн өсөлт ойрын хугацааны дэлхийн чиг хандлага, тэр дундаа манай Зүүн хойд азийн бүс нутгийн шинэ боломжийг тодорхойлно. Цаашдаа ч тодорхойлсоор байх болно. Худалдааны дайн гэж яриад байгаа зүйл Монголд шууд нөлөөлнө. Манайд орох валютын урсгал, ханшинд ч нөлөөлж байгаа. Казахстан, Узбекистан гэх мэт Төв Азийн эдийн засгууд боломж гэж харж байна. Ойрын үед сонирхол татсан олон үйл явдал өрнөж байна.

-Ямар үйл явдлууд?

-Америк, Европын холбооны хооронд сүүлийн жил үүссэн зөрчлүүд арилах төлөвтэй болж байх шиг. Бие бие рүүгээ хатуу үгс чулуудаж байсан Трамп, Юнкэр хоёр саяхан тэврэлдээд, эвлэрч байх жишээтэй. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт АНУ, Орос болон Иранд шинэ хориг тавихад, Европын компаниудын хувьд ойлгомжгүй байдал үүсч байна. АНУ энэ сарын 23-наас Хятадын 16 тэрбум ам.долларын бараанд шинээр татвар ногдуулах шийдвэр гаргаж байна. Хятад хариуг нь мөн барина гэж сүрдүүлж байнa. Өмнө нь хэрэв Америк 200 тэрбум ам.долларын бараанд татвар ногдуулбал, Хятад 60 тэрбумын Америк бараанд татвар ногдуулна гэсэн санагдаж байна. Энэ бүх ойлгомжгүй нөхцөл байдлаас үүдэж Германы аж үйлдвэрийн өсөлт энэ жил зургаан хувиар багассан гэж эдийн засгийн яам нь гомдоллосон. Мэдээж Хятадын худалдан авагчдын хувьд өөр гарц, хувилбар байгаад таатай хандаж яваа болов уу. Гэхдээ АНУ-тай үүссэн зөрчлөөс болж Төв Азитай хийх худалдааны эргэлтэд тэсрэлт гарна гэж хэлэхэд эрт. Ер нь Хятадыг тойрсон эдийн засгуудад энэ том зах зээлд экспортын шинэ бараа бүтээгдэхүүн нийлүүлэх боломж гарч ирж байгаа нь бодит юм. Манай хувьд ч ялгаагүй. Хятадын тухайд АНУ-аас импортолж байсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийх нь том зах зээл хоосон үлдэж байна. Ийм шалтгаанаар хөрш орнуудтайгаа хийх худалдаанд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг дэмжих, тарифын хөнгөлөлт эдлүүлэх санаачилга гаргаж, ажил хэрэг болох шатандаа явж байгаа.

-АНУ-ын Конгресс манай оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг татваргүй оруулах хуулийн төслийг хэлэлцэхээр болчихлоо. Ноолуураа татваргүй гаргана гэдэг бидний хувьд маш том боломж. Ерөнхийлөгч жил гаруйн хугацаанд санаа тавьж хөөцөлдсөн гэж дуулдсан. Үүнээс гадна худалдааны дайны нөлөө байна уу?

-Цэвэр манай талын хүсэл эрмэлзэл, сүүлийн жил гаруйн хугацаанд тууштай ажиллаж, идэвхтэй хөөцөлдсөний үр дүнд болж буй процесс гэж харж байна. Монголын эдийн засгийг, уул уурхайн бус салбаруудыг яаж хөл дээр нь босгох вэ, хэрхэн экспортын шинэ эх үүсвэртэй болгох, шинээр ажлын байр бий болгох тухай санаа зорилгын хүрээнд хийгдсэн ажил. Өнөөдөр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөлттэй байгаа учраас эдийн засаг макро түвшинд эрүүлжиж эхэллээ. Гэхдээ уул уурхайн зах зээл дэх бүтээгдэхүүний үнэ дараа жил унавал эргээд хүнд байдал руугаа орно. Энэ асуудлаас гарахын тулд эдийн засгаа төрөлжүүлэх асуудал яригддаг. Бодитой нөлөөлөлнь сая ярьсан ноолуур байна. Манай улс дэлхийн түүхий ноолуурын тал орчим хувийг дангаараа үйлдвэрлэдэг гэсэн давуу талтай. Зөв, оновчтой, тодорхой бодлого боловсруулаад хэрэгжүүлбэл Монголын компаниудад шинэ хөрөнгө оруулалт, шинэ ажлын байрыг бий болгож чадна. Төрийн тэргүүний санаачилгаар эхэлж, Конгрессийн хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон хуулийн төсөл батлагдвал манай эдийн засагт экспортын шинэ эх үүсвэр бий болно, шинэ үйлдвэрүүд үүдээ нээж, олон мянган хүн ажлын байртай болно. Мэдээж АНУ-аас манай бүс нутагт явуулж буй эдийн засгийн бодлогод гарч буй өөрчлөлтийг тодорхой хэмжээнд ашиглах улсын нэг нь Монгол.

-Өнгөрсөн онд Монголын бизнесийн зөвлөл бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо, “Бүс ба зам” санаачилгын талаар бизнесийн дээд хэмжээний чуулган зохион байгуулсан. Энэ хүрээнд Монголд олон боломж байгаа тухай хөндөж байсан. Яг ямар боломж байна вэ?

-Уул уурхайн салбарт ахиц гарах боломж бүрдэж байна. “Бүс ба зам” гэсэн том санаачлагын хүрээнд дараагийн 15 жилд Азийн бүс нутагт зөвхөн дэд бүтцийн салбарт жил бүр 1.7 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Өөрөөр хэлбэл манай бүс нутагт оршиж байгаа эдийн засгууд тогтвортой өсөхөд ийм хэмжээний шинэ дэд бүтэц шаардлагатай гэсэн үг. Монголд хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай талаар судалгаа хийгээд явж байна. Бүс нутгийн эдийн засгууд цаашид улам уялдаа холбоотой болж байж худалдааны хэмжээ нэмэгдэж, зардал нь багасна. Бараа бүтээгдэхүүн нэг газраас нөгөө газар руу явахад улам чөлөөтэй болж байж Ази, Номхон далайн бүс нутаг тогтвортой өснө. Энэ төслүүдийн бүтээн байгуулалтад манай үйлдвэрлэдэг зэс, төмөр, нүүрс гэх мэт уул уурхайн бүтээгдэхүүнүүд хэрэгтэй. Мөн урд хөрш ойрын таван жилийн хугацаанд 300 сая хүнийг хотжуулна гэж байна. Ийм богино хугацаанд асар олон хүнийг хотжуулах процесс явагдана гэдэг бол том эрэлт. Мөн боломжоос гадна шинэ эрсдлүүд бий болж байна. Сүүлийн үед том дэд бүтцийн төслүүдийн санхүүжилттэй холбоотой нэг улсаас хамааралтай “өрийн дарамт”-ын талаар сонирхолтой үйл явцууд өрнөж байна. Пакистан, Вьетнам, Шри Ланк, Мьянмар зэрэг улсуудад болж байгаа үйл явдлыг сайтар ажиглаж судлавал, бид иймэрхүү алдааг давтахгүй байх боломжтой.

-Казахстан “Бүс ба зам” санаачилгын хүрээнд өрнөж буй процесоос хамгийн их хөрөнгө оруулалт татаж байгаа улс. Манай улсад ч гэсэн энэ мега төслөөс хөрөнгө оруулалт татаж, ашиг хүртэх боломж байгаа гэж ойлгож болох нь ээ?

-Хангалттай боломж бий. Гагцхүү энэ зах зээлүүдтэйгээ нийлсэн дэд бүтцийн сүлжээнд л анхаарах хэрэгтэй. Зам тээвэр, төмөр зам авто зам, агаарын тээврийн асуудал яригдана. Нөгөө талд эрчим хүчний сүлжээнүүд байна. Цахилгаан эрчим хүчний хувьд Азийн супер сүлжээ гэж санаачилга бий. Сэргээгдэх эрчим хүч болоод бусад эх үүсвэрүүдээс үйлдвэрлэсэн цахилгааныг энэ бүс нутаг руу зарж борлуулах асуудал яригдаад эхэлчихлээ. Улс орнуудын эрчим хүчний сүлжээг хооронд нь холбоод ажиллуулбал зардал нь илүүбагасах тооцоо гарсан. Эдийн засгийн гол ач холбогдол нь энэ л дээ. Өөрөөр хэлбэл Япон, Солонгос, Хятад, Орос, Монгол зэрэг улсуудыг эрчим хүчний нэгдсэн сүлжээтэй болгох судалгаанууд хийгдэж байна. Сүлжээнүүдийг хооронд нь холбоод ажиллуулбал зардал багасна, нөгөө талаас шинэ хөрөнгө оруулалт шаардлагатай. Азийн супер сүлжээ Монголын нийгэмлэгээс энэ наймдугаар сарын 22-23-нд Ази, Номхон далайн сэргээгдэх эрчим хүчний ээлжит наймдугаар Форумыг Улаанбаатарт зохион байгуулах гэж байна.

-Азийн супер сүлжээнд Монгол Улс нэгдэнэ гэдэг яах аргагүй эерэг мэдээ. Энэ аварга сүлжээнд нэгдэх явцын судалгаанд танай компани оролцоод явж байгаа байх аа?

-Тийм ээ, манай компани энэ судалгааны ажлыг хийгээд явж байна. Азийн супер сүлжээний судалгааны ажил ид явагдаж байна. Урьдчилсан судалгаанууд гараад дараагийн шат руугаа орсон. Монголын эдийн засагт ашигтай гэсэн дүр зураг харагдаж эхэлж байна. Бусад улсуудад ч мөн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ, зах зээлтэй болвол эдийн засаг, байгал орчны, санхүүгийн ашигтай гэсэн дүгнэлт гарч байгаа. Тэгэхээр, бүс нутгийн улсуудтайгаа эрчим хүчний сүлжээгээ ирээдүйд холбох боломж байгаа юм байна. Техникийн талаас ямар ч асуудалгүй холбохоор байна. Арилжааны ямар нөхцөлөөр, техникийн ямар горимоор холбох вэ гэдгийг тооцоод судлаад явж байгаа. Монголын хувьд нар, салхины төслүүддээ хөрөнгө оруулалт хийгээд явбал ашигтай ажиллана, эдийн засагт экспортын шинэ эх үүсвэр гарна гэж үзэж байна. Энэ судалгааны талаар дээр дурдсан олон улсын форумд илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Ер нь бидний бас нэг зорилго бол Монголыг Азийн сүпер сүлжээний төв, “мэдлэгийн хаб” болгох. Энэ талаар олон улсын мэргэжилтнүүд, компаниуд Монголд цугларч хэлэлцдэг болохыг зорьж байгаа.

“Дисковер Монголиа” шиг чуулган олшрох тусам гадны компаниуд Монголыг сонирхоно


-Монгол гэдэг улсын өмнө байгаа эдийн засгийн ийм бодитой боломжуудын тухай “Дисковер Монголиа”-гийн үеэр ярилцаж хэлэлцэх үү?

-“Дисковер Монголиа” бизнесийн чуулга уулзалтын үеэр энэ сэдвийг хөндөж ярилцана. Уул уурхай, дэд бүтцийнхээ төслүүдийн боломжийг ярилцахаар төлөвлөсөн. Монголын бизнес хүндрэлээ даван, урагшилж байгаа гэсэн мэссэж өгөхийг зорьж байна. Ер нь “Дисковер Монголиа”-гаас тодорхой бодлогын шийдвэр гаргахад нөлөөлөх зөвлөмж гарна гэсэн хүлээлт бий.

-Том төслүүдийг хэрэгжүүлэхэд санхүүжилт гэж айхавтар асуудал бий. Санхүүжилтийн гарц шийдлүүдийн талаар ярих уу?

-Онцгой анхаарч хөндөх сэдвийн маань нэг. Түрүүн дурдсан 1.7 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хаанаас босгох вэ гэдэг асуудал бий. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын 70-80 хувийг зээл хэлбэрээр босгодог. Тэгэхээр олон улсын банк санхүүгийн байгууллагуудын өмнө улам эрчтэй, нягт хамтарч ажиллах шаардлага бий болсон гэж ойлгож болно. “Бүс ба зам” санаачлагын хүрээнд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк гэж байгуулагдсан. Энэ банк саяхан Азийн хөгжлийн банктай хамтарч “Бид өрсөлдөхгүй, хамтарч, бие биенийхээ чадахгүй зүйлийг нөхөж ажиллана. Ингэж байж 1.7 их наяд гэсэн том тоотой хөрөнгө оруулалтыг хамтран санхүүжүүлнэ” гэсэн мэдэгдэл гаргасан. Тэгэхээр энэ хандлага бидний хувьд боломж. “Дисковер Монголиа” бизнесийн чуулга уулзалтын үеэр банк санхүүгийнхэн ямар чиглэлээр ямар бодлого баримтлах вэ гэдгийг анхааралтай сонсъё гэж бодож байна. Тэгээд түүнд суурилсан төслийнхөө санхүүжилтийн багцуудыг бий болгох шаардлага үүсч байгаа.

-Таны ярианаас “Дисковер Монголиа” энэ жил нэлээд шинэлэг өнгөтэй, шийдэл гарцуудтай, ажил хэрэгч санаа оноо, хэлэлцүүлэгтэй болох нь гэж ойлголоо. Олон л хурал чуулган болох юм, үр дүн нь хаана байна вэ гэсэн шүүмжлэлд та ямар тайлбар хэлэх вэ?

-Монголд олон улсын чуулган, арга хэмжээ аль болох олноороо болоосой гэж би хувьдаа боддог. Хөрөнгө оруулалт бизнесийн боломжийг сурталчилж,хоорондоо мэдээллээ солилцдог, Засгийн газар нь ирээд бодлогоо танилцуулдаг үйл явдал олон байх тусмаа сайн. Тэгж байж бид ойлголтын зөрүүнүүдээ арилгана. “Дисковер Монголиа”-гийн гол зорилго ерөөсөө л тэр. Манай эдийн засаг дотоодын янз бүрийн асуудлаас болж гацаад байгаа юм шиг харагддаг ч Монголыг сонирхдог улсууд байна. Хоёулаа сая том боломжуудыг нь ярилаа шүү дээ. Гаднаас нь ажвал их эерэг зураг харагддаг. Монгол бол том зах зээлүүдийн дунд оршдог, жижиг боловч хурдан өсөх боломжтой, шинэ төсөл технологиудыг түргэн шингээх чадвартай эдийн засаг.Үүнийгээ ахиад л гадны хөрөнгө оруулагчдад ярих, ойгуулах хэрэгтэй. Монголд хөрөнгөө оруулаад бизнес эрхэлж, ажлын байр бий болгож, зовлон жаргалыг нь эдлээд явж байгаа хүмүүс л хамгийн сайн илэрхийлдэг. “Дисковер Монголиа”-гийн нэг гол чиг нь энэ байх болно. Хэрвээ бид чимээгүй суугаад байвал хилийн чандад байгаа хөрөнгө оруулалтын банкууд, хөрөнгө оруулалтын шинжээчид мэдээлэл хомс хэвээр үлдэнэ. Тэгэхээр “Дисковер Монголиа” шиг олон арга хэмжээ болох хэрээр ойлголтын зөрүү арилна, тэр хэрээр олон компани Монголыг сонирхоно, тэгж байж дараагийн том төслүүд хэрэгжих боломж нээгдэнэ.

-Та хөрөнгө оруулагчидтай ойр ажилладаг хүмүүсийн нэг. Том хөрөнгө оруулалттай төсөл хэрэгжүүлсэн туршлагатай хүн. Улстөрийн эрсдэлтэй орчинд хөрөнгө оруулалт татаад яваагийн нууц нь юундаа байна?

-Хөрөнгө оруулагчдыг татна гэдэг Монголын талаарх бодит мэдээллийг цаг тухайд нь хүргэх л асуудал. Миний ажил ерөөсөө л үүн дээр тогтдог.Мэдээлэл бол бизнест хамгийн үнэтэй зүйл. Мэдээллийг цаг тухайд нь хүргэнэ гэдэг хүнд худлаа ярина гэсэн үг биш. Болохгүй юм байсан ч зөв тайлбарлаад хэлбэл тухайн хүний хөрөнгө оруулах шийдвэрт нөлөөлдөг. Хөрөнгө оруулалтыг татах нь ашигтай төслөөс гадна өөр олон зүйлээс шалтгаалдаг. Хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч банкууд улстөр, хууль эрх зүйн орчин, шүүх дээр очсон бизнесийн маргаануудын шийдвэрлэгддэг байдал, эдийн засгийн чадавх, мөнгө шингээх чадвар, олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувь гэх мэт олонзүйлээс шалтгаалж шийдвэрээ гаргадаг. Тэр бүгдийг нь зөв тайлбарлавал хөрөнгө оруулах боломж нэмэгдэнэ. Ер нь гадаадын хөрөнгө оруулалт аль ч эдийн засагт сайн зүйл авчирдаг. Үүний төлөө Америк, Хятад, Япон, Орос, Австрали, Солонгос бидэнтэй өрсөлдөж байна. Худалдааны дайн уг өрсөлдөөний нэг илрэл юм.Өнөөдрийн тухайд том эдийн засгууд хоорондоо шатрын нүүдлүүд хийж байна. Энэ үед бид бэлэн байдлаа хангах тухай асуудлуудыг ярьж, ойлгохыг зорьж байна.

Одоо бидний дараагийн шат бол сэргээгдэх хүчний экспорт

Төв аймгийн Сэргэлэн суманд ажиллаж байгаа “Салхит” салхин цахилгаан станц бол таны шууд удирдлага доор хэрэгжсэн том төсөл. Дотооддоо салхинаас эрчим хүч гаргаад эхэлчихлээ. Одоо салхи, нарны эрчим хүчээ гадагш нь экспортлоход ямар ч асуудал байхгүй гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно. Олон улсын банкууд олон улсын стандартад хүрэхгүй ямар ч төслийг санхүүжүүлдэггүй. “Салхит”-ын хувьд олон улсын инженер, техник, бизнес, хуулийн стандартын дагуу хэрэгжсэн төсөл. Монголын эрчим хүчний инженерингийн чиглэлээр ажилладаг компаниуд салхин станц барьж,ашиглаж чаддаг болсон нь “Салхит”-ын монголчуудад өгсөн хамгийн том өгөөж. Тэд дараа дараагийн төслүүд рүүгээ ороод амжилттай ажиллаж байна. Станцын монгол инженер өнөөдөр гадны инженерт ажлаа заадаг болж байна. Монголд сэргээгдэх эрчим хүчний салбар дөнгөж л хөгжиж эхэлж байна. Ирээдүйд нэлээд том салбар болно. Эхний төслүүд маань хэрэгжээд явчихаар монголчууд чаддаг юм байна гэж ойлголт дэлхийд төрсөн нь маш том өгөөж. Одоо бидний дараагийн шат бол таны асуусанчлан сэргээгдэх хүчний экспорт. Өөрөө хийж чадахгүй юмаа зарах гээд байвал хэн ч итгэхгүй. Гэтэл бид өөрсдөө чаддаг, инженер мэргэжилтнүүд маань бэлэн. Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний зах зээл рүү холбогдох сууриа тавьчихсан. Хөрөнгө оруулалт, бизнесийн стандарт Монголд эргээд эерэгээр нөлөөлдгийн нэг жишээ бол “Салхит”.

-Та Азийн хөгжлийн банкинд мэргэжилтнээр ажиллаж байхдаа дайны байдалтай Афганистан, Пакистанд эрчим хүчний төсөл хэрэгжүүлж байсан. Тийм хүнд нөхцөлд зардал, эрсдлийг урьдчилж тооцно гэдэг бэрх ажил биз?

-Наад зах нь хувь хүний аюулгүй байдлаас эхлээд эрсдэл ихтэй л дээ. Төсөл барьж байгуулах дөрвөн жилийн хугацаанд дайн байлдааны нөхцөл нь хүндэрвэл адаглаад зардал нь нэмэгдэнэ. Цаашлаад яривал олон хүний амьтай холбоотой асуудал. Пакистанд дамжуулах, түгээх сүлжээний хөрөнгө оруулалтын төслүүд дээр таван жил гаруй ажиллаж байлаа. Миний буудаг зочид буудал дэлбэрч байсан тохиолдол ч бий. Уулзалт хийгээд явж байхад ойрхон зах дээр бөмбөг тэсэрч л байлаа. Афганистанд дамжуулах сүлжээний төсөл дээр ажилласан. Хуягтай машинтай давхиж, буутай цэргүүдээр хамгаалуулж ажлаа хийдэг үе байлаа. Төслүүдийг хүнд нөхцөлд хэрэгжүүлэхэд юу шаардлагатай талаар мэдээлэл, мэдлэгтэй болсон. Манай улсыг тэдэнтэй харьцуулбал өөр шүү дээ. Асуудал байна гэсэн шүүмжлэл байдаг ч Пакистан, Афганистан шиг амь дүйсэн эрсдэл алга. Улстөрийн бодлогын шийдвэрүүд нь гарсан л бол тууштай хэрэгждэг, хууль эрх зүйн орчин, шүүх нь шударга бол хамгийн бага өртөгтэй хөрөнгө мөнгө босгоно. Үндсэн хуульдаа тодорхойлсон иргэний болон өмчийн эрхээ хамгаалдаг системтэй байвал бид дэлхийн хаанаас ч хөрөнгө мөнгө татаж Монголд оруулж ирэх боломжтой.

Ганцхан бизнесээ бодож амиа хичээгээд явдаг үе өнгөрөөд байна

-Тэр сайдыг тэгж хэлсний дараа хувьцааны үнэ төдөн хувиар уналаа гэсэн мэдээлэл цацагддаг. Хариуцлагагүй мэдэгдэл хөрөнгө оруулалтад нөлөөлдөг үү?

-Монголд аливаа төсөлд хөрөнгө оруулахын тулд маш олон зүйлийг хэмжиж үздэг тухай та бид хоёр ярьсан. Хамгийн ашигтай төсөл байлаа ч банк санхүүгийнх нь байгууллага, улстөр хуулийн засаглал чадавх муутай, тухайн улсын зээлжих зэрэглэл муу байвал хэцүү. Тухайн хүн санхүүжилтийнхээ өртгийг тооцож үздэг. Хариуцлагагүй мэдэгдлээс болж санхүүжилтийн өртөг нэмэгддэг. Тийм эмзэг зүйл л дээ. Яагаад Си, Трамп хоёрыг дэлхийн бүх л том мэдээллийн эх үүсвэр өдөр, шөнөгүй дагаж, хэлж байгаа үгийг нь задалж шинжилдэг юм бол гэдэг асуултын хариу тодорхой. Тэдний хийж байгаа алхам дэлхийн эдийн засаг, компаниудын орлого ашигтай шууд холбоотой. Монголд ч адилхан. Бодлогын шийдвэр гаргадаг хүмүүс хариуцлагагүй мэдэгдэл хийвэл эргээд тодорхой төслүүдийн санхүүжилтийн өртөг дээр нэмэгдэл зардал болж очдог. Хэрвээ компаниуд олон улсын стандартын дагуу ажиллахгүй бол ахиад л санхүүжилтийн өртөг нь нэмэгдэнэ. Өнөөдөр Монголд яаж хямд санхүүжилт босгох вэ гэдэг асуудал мэргэжлийн хувьд сонирхолтой, сорилттой ажил хэвээр байгаа (инээв).

-Сорилт, саад нь их болохоор уу?

-Ер нь тийм. Мэдсээр байж юмыг муутгах, харсаар байж боломжийг алдах хэцүү л дээ. Ингэхгүйн тулд Монголын бизнесийн зөвлөл ажилладаг. Гишүүдээ мэдээллээр хангадаг, тухайн мэдээлэл дээр үндэслэж гишүүд маань бизнесийнхээ шийдвэрийг гаргадаг. Засгийн газраас баримталж байгаа бодлогуудыг сайн ойлгож, задалж, дүн шинжилгээ хийх үүрэг нь компаниуд дээр ирдэг.

-Сүүлийн үед ямар ажилд түлхүү анхаарч байна вэ?

-Бүс нутгийн дэд бүтцийн уялдаа холбоог зарим улс эдийн засгийн урт хугацааныхаа бодлого болгож байна. Энэ тал дээр Монгол Улс өөрийн бодлогоо сайтар боловсруулах шаардлагатай байна. Дээр дурдсан зах зээлийн боломж, санхүүжилтийн эрсдлүүдээ сайн тооцолж, төлөвлөж, бизнесийн төслүүдээ эхлүүлмээр байна. Бизнесийн орчны тухайд нэг талаас боломж бий ч нөгөө талаас сорилт ихтэй яваа. Үүнийг яаж эерэг болгох вэ гэдэг дээр бизнесийн холбоод идэвхтэй хамтарч ажиллана. Монголын бизнесийн зөвлөл гэхэд л МҮХАҮТ, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, бизнесийн бусад холбоодтой нягт ажиллаж байж бизнесийн орчноо сайжруулж, эрүүлжүүлнэ. Зөвхөн амиа хичээгээд, ганцхан миний бизнес гээд явдаг үе өнгөрөөд байна л даа. Энэ ажилд нэлээд цаг зарцуулж байна.


Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Урт цагааны урд талын замыг бүтэн хаана

Зам засварын ажил хийгдэж байгаа учир энэ амралтын өдөр зарим замыг хаах юм байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Жуулчны гудамж, Урт цагааны урд талын замыг өнөөдөр бүтэн хаана. Мөн “Ард” кино театрын хойд талын замыг сэтлэх ажил хийгдэх тул хойд талын туслах зам бүтнээр хаах аж. Иймд замын хөдөлгөөнд оролцохдоо эдгээр замуудаас өөр замыг сонгон зорчиж, зам засварын ажилд чирэгдэл учруулахгүй байхыг холбогдох албаныхан анхаарууллаа.

Өнөөдөр Урт цагааны урд талын замыг бүтэн хаана

Categories
гадаад мэдээ

Захарченкогийн амийг хөнөөсөн сэжигтнүүдийг саатуулсан байна

захарченко зурган илэрцүүдБүгд найрамдах Донецк Ард Улсын засаг захиргааны тэргүүн Александр Захарченкобаасан гарагийн орой амь үрэгдсэн. Тэгвэл уг хэрэгт хэд хэдэн хүн сэжигтнээр татагдаад байгаа аж. Баривчлагдсан сэжигтнүүд бүгд Киевийг гэмт хэрэг үйлдэхэд оролцсон гэж мэдүүлсэн байна.

Үүнийг Ням гарагт БНДАУ-ын засаг захиргааны тэргүүн Дмитрий Трапезников мэдээлэлжээ.
“Захарченкогийн амь насанд халдсантай холбогдуулан улс орон даяар аюулгүйн байдлыг чангатгасан”гэж Трапезников онцолсон байна. Мөн бүх гудамжинд 24 цагийн эргүүл гаргажээ.
Дэлбэрэлтийн улмаас хоёр хүн амиа алдаж, есөн хүн бэртсэн байна. Бэртэгсэд дунд БНДАУ-ын сангийн сайд Алексанадр Тимофеев болон “Оплат Донбасса” залуучуудын платформын тэргүүн Наталия Волкова нар байжээ.

Г.БАЯРЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Өвөрмонголын анхны өндөр хурдны төмөр зам баригдаж дууслаа

Жанхү буюу Жанжиакоу – Хөххот чиглэлийн өндөр хурдны төмөр замын бүтээн байгуулалтын ажил хийгдэж дуусчээ. Энэ нь Өвөрмонголын хувьд хамгийн анхны өндөр хурдны төмөр зам юм. Тус зам нь 250 км/цагийн хурдтай Өвөрмонголын Хөххот, Улаанцав, Хэбей мужийн Жанжиакоу хотыг холбосон 286.8 км урт зам юм. Мөн Жинжан өндөр хурдны төмөр зам одоогоор бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа бөгөөд эдгээр замууд ашиглалтад орсноор Хөххотоос Бээжин хүртэл хамгийн багадаа нийт 9 цаг аялдаг байсныг гурван цаг болгох боломж бүрдэх юм.

Өвөрмонголын анхны өндөр хурдны төмөр зам баригдаж дууслаа

Categories
мэдээ нийгэм

Айраг сумын засаг дарга Л.Мөнхжаргал: Үерт өртсөн иргэд аав, ээж, ах, дүүгийндээ амьдарч байна

Дорноговь аймгийн Айраг суманд өчигдөр хүчтэй аадар бороо орсны улмаас сумын төвийн айлууд усанд автсан юм. Нөхцөл байдал ямар байгаа талаар Айраг сумын Засаг дарга Л.Мөнхжаргалаас тодрууллаа.

Тэрээр хэлэхдээ “Өглөөний 09.40 цагийн орчимд аадар бороо орж эхлээд 10.00 цаг хүртэл үргэлжилсэн. Маш их устай бороо орсон. 30-аад минут хэртэй зогссон ч 10.30 цагаас дахин орж 16.00 цаг хүртэл үргэлжилсэн. Үерт 11 айлын гэр, байшин өртөж, усанд автсан. Долоо нь гэр, дөрөв нь байшин. Цэцэрлэг, эмнэлгийн хувьд гайгүй, сургуулийн дээврээс дусаал гоожсон. Хүн үер усанд өртөөгүй. 11 айлын 33 ам бүл орох оронгүй болоод байна. Тэдний 16 нь том хүн бол 17 нь хүүхэд. Иргэд маань аав, ээж, ах дүүгийндээ байна. Аймгийн Онцгой байдлын комисс хуралдаад үерт өртсөн айл өрхөд гэр олгохоор шийдвэрлэсэн. Гэр, байшин доторх эд хогшлыг гаргаж аваад байна. Сумын төв тойромтой, ус тогтдог хонхор газар байрладаг. Сүүлийн 30 гаруй жилд тохиолдоогүй их үер манай суманд өчигдөр буулаа. Сумын хувьд энэ зун ер нь гандуу байсан. Наадмын дараахан бороо орж, газрын өнгө зассан. Гэтэл өчигдөр гэнэт аадар бороо орж, их гамшиг нүүрлэлээ. Үерийн гамшгийг арилгахаар Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар анги, Айраг сум дахь Улсын нөөцийн салбар, орон нутгийн иргэд гээд бүгд ажиллаж байна. Танай сумын ойролцоо галт тэрэг осолдсоноос бэртэж гэмтсэн хүмүүсийг сумын эмнэлэгт осол болсон даруйд 11 хүнийг зөөвөрлөж авчирсан. Сумын цэцэрлэг, сургууль, захиргааныхан бүгд ажиллаж байгаа. Сэргээн засварлах ажил хийж байгаа хүмүүст хоол унд хийхээс эхлүүлээд нэлээд ажил байна. ОХУ-аас төмөр замыг засах сэргээн босголтын галт тэрэгний цуваа урьд шөнө буюу 02.00 цагийн орчимд ирсэн. Төмөр замын зөрлөгүүдээс бас хүмүүс ирсэн ажиллаж байна. Нийтдээ 200 гаруй хүн ажиллаж байна” гэв.

Дашрамд дурдахад Айраг сум хандивийн данс нээсэн байна. Иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд дараах дансаар хандив өргөх боломжтой юм. /Хаанбанк 5361184739 Айраг сумын ЗДТГ/



Б.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ спорт

​Багийн дүнгээр Төв аймгийн бөхчүүд тэргүүллээ

Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Монгол Улсын биеийн тамирспортын газар Монголын үндэсний бөхийн холбоо хамтран үндэсний спортын 6-р их наадмын үндэсний бөхийн барилдааныг 2018 оны 08-р сарын 12-13-ны өдрүүдэд Хүй долоон худагт амжилттай зохион байгууллаа

Монголын 19 аймаг 4 дүүргийн төлөөлөл Улс аймаг сумын цолтой болон нийтийн монгол гэсэн дөрвөн төрөлд цол цолныхоо ангилалд тойргийн журмаар хоёр өдрийн турш барилдаж шилдгүүд тодорлоо

Улсын цолтой бөхчүүдийн ангилалд

1-р байр У.арс П.Бүрэнтөгс Увс аймаг
2-р байр у.н Ч.Баянмөнх Сэлэнгэ аймаг
3-р байр у.н Г.Ганжад Төв аймаг

Аймгийн цолтой бөхийн ангилалд

1-р байр а.х.а Э.Ууганбаяр Төв аймаг
2-р байр а.а Э.Мөнхбаатар Говьсүмбэр аймаг
3-р байр а.х Б.Сосорбарам Ховд аймаг

Сумын цолтой бөхийн ангилалд

1.-р байр с.з Б.Батбаян Увс аймаг
2.-р байр с.з Ганхөлөг Булган аймаг
3.-р байр с.з Цэрэнням Хэнтий аймаг

Барилдаанд оролцсон бөхчүүдийг багийн дүнгээр байр эзлүүлэхэд

1-р байр Төв аймаг
2-р байр Увс аймаг
3-р байр Сэлэнгэ аймгийн бөхчүүд тус тус эхний байруудыг эзэллээ.

Categories
мэдээ нийгэм

Хөхморьт сумынхан “Түмэн адууны баяр”-аа тэмдэглэлээ

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын малчин түмэн адуун сүргээ өсгөн өнгөрсөн оны жилийн эцсийн мал тооллогоор 11.17 мянгад хүргэснээс гадна тус сумаас анх удаа Монгол Улсын Алдарт уяач цолыг нутгийн унаган хүү Т.Ганзориг хүртсэн юм. Тиймээс Хөхморьт нутгийн зон олон эдгээр баяраа хамтатган наймдугаар сарын 8-11-ний өдрүүдэд “Түмэн адууны баяр”, Монгол Улсын Алдарт уяач Т.Ганзоригийн цолны мялаалга наадмаа өргөн дэлгэр хийлээ.

Уг баяр наадмыг Хөхморьт мусын ИТХ, ЗДТГ, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, “Морьт Галуут” уяачдын гал хамтран зохион байгуулсан бөгөөд наадамд нутгийн уугуул, суугуул иргэд, үр хүүхдүүд, хүргэн бэрүүдийг болон сумд ажиллаж, амьдарч байсан нийт хүмүүс, түүнчилэн Улаанбаатар хот болон Монгол орны өнцөг булан бүрт аж төрөн суугаа иргэд идэвх санаачилгатай оролцлоо.
Наадмаар Их нас, Азарга, Соёолон, Шүдлэн, Хязаалан, Жороо, Дааган насны морьдын уралдаан, сур, шагайн харваа, хүчит 32 бөх эр бяраа сорин наадамчин олныг баясгасан юм. Мөн үеэр адууны хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа, “Сайхан хос морьтон” шалгаруулах тэмцээн зохион байгуулсан нь ба энэ наадмаар эрлийз морьдыг уралдуулаагүй байна.