Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурал жил бүрийн 06 дугаар сарын 01-ний дотор дараа жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталдаг. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Засгийн газар 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг чуулганы 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн салбарын бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 20 зорилт, 135 бодлогын арга хэмжээг тусгав.
2019 оны үндсэн чиглэл нь Макро эдийн засгийн бодлогын хүрээнд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, инфляцийг зорилтот түвшинд байлгах, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах, нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшнээс бууруулах замаар дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг болгох нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалт татах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилтуудад чиглэгдлээ.
Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг эрчимжүүлж, бүтээгдэхүүний чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх, хүнс, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг бодлогоор дэмжих, геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, эрчим хүчний хэрэглээг дотоодын эх үүсвэрээр хангах бодлого хэрэгжүүлэн, хүчин чадлыг нэмэгдүүлэх, бодит салбарын өсөлтийг дэмжих, зам, тээврийн бодлого хэрэгжүүлж, логистикийн сүлжээг өргөжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх бөгөөд эдгээр салбаруудын өсөлтийн нөлөөгөөр ДНБ-ний бодит өсөлт хангагдах боломж бүрдэнэ.
Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан хот, суурин газрыг төлөвлөж, импортыг орлох барилгын материалын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг сайжруулж, агаар, орчны бохирдлыг бууруулах бодлого хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх, гамшгаас хамгаалах мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлж, гамшгийн үеийн бэлэн байдлын түвшинг дээшлүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээнүүдийг тусгав.
Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлогын хүрээнд боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, ая тухтай сурч, боловсрох орчныг бүрдүүлэх бодлого хэрэгжүүлэх; эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, шинжлэх ухаан, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үйл ажиллагааг өргөжүүлэх; төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах; хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого боловсруулж, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр зорилт, арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөв.
Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлогын хүрээнд эрх зүйн салбарын шинэчлэлийг үргэлжлүүлж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгож, мөнгө угаах, хүний наймаа, хар тамхины болон цахим гэмт хэрэг зэрэг шинэ төрлийн гэмт хэргийг бууруулж, урьдчилан сэргийлэх, төрийн өмчийн талаар баримтлах бодлогыг шинэчилж, худалдан авах ажиллагаа, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, стандарт хэмжил зүй, мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, хөрш орнуудад хийх худалдааг өргөжүүлэх бодлого хэрэгжүүлж, хилийн чанадад амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог сайжруулах, энхийг сахиулах, улс орны бүтээн байгуулалтыг дэмжих хүрээнд Батлан хамгаалах салбарын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр тодорхой зорилтыг дэвшүүлэв.
Салбарын яамд, агентлагуудаас ирүүлсэн арга хэмжээний саналуудыг үндсэн чиглэлд тусгахдаа бодлогын зорилт, арга хэмжээг улсын төсөв болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан 20 зорилт 135 арга хэмжээний хүрээнд нийтдээ 8 их наяд 725.3 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөр 318.1 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 1 их наяд 541.5 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 5 их наяд 436.4 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 15.4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөн тусгалаа.
Хууль, эрх зүйн хэлтэс