Энэ хичээлийн жилээс 4-12 ангийн сурагчдад эрүүл мэндийн хичээл заахаар болсон. Үүнтэй холбоотойгоор бүх аймаг, сум дүүргийн багш нарыг сургалтад хамруулж байгаа аж. Сургалтаар хувийн болон орчны ариун цэвэр, зөв хооллолт, хөдөлгөөн, сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил, мансууруулах бодисоос сэргийлэх, осол аюулгүй байдал, анхны тусламж үзүүлэх, нөхөн үржихүйн эрүүл мэнд гэсэн зургаан айд суралцах юм. Уг сургалтанд Аймаг, нийслэл, дүүргийн Боловсрол, соёл, урлагийн газрын бага боловсролын болон эрүүл мэндийн сургалт хариуцсан мэргэжилтэн, ЕБС-ийн биологийн багш нийт 90 хүн хамрагдаж байгаа юм байна.
Ж.Мягмар: 4-12 ангийнханд эрүүл мэндийн хичээлийг нийт 34 цаг заана
Энэ үеэр ЕБС-ийн бодлогын газын ахлах мэргэжилтэн Ж.Мягмар “Эрүүл мэндийн сургалтын хөтөлбөр боловсруулах бусад бэлтгэл ажлыг хангах чиглэлээр эрүүл мэндийн салбараас зураан мэргэжилтэн, боловсролын салбараас мөн зургаан мэргэжилтэн орсон хамтарсан багийг бүрдүүлэн ажилласан. Энэхүү хичээл 1-12 дугаар ангийн хүүхдүүдэд заахаар төлөвлөсөн. 1-3 ангийн хичээлүүдийн агуулгад шингээн бие даасан хичээл болгон оруулахгүй. Бага ангийн хүүхэд долоо хоногт 4.5 цагийн хичээл орж ачаалал ихтэй байдаг. Ажлын хэсэг хүн ба орчин, хүн ба байгал, биеийн тамир гэх мэт бусад хичээлд шингээн заах боломжтой гэж үзсэн. Харин 4-12 ангийнхан сургалтын төлөвлөгөөгөөр буюу долоо хоногт нэг цаг, бүтэн хичээлийн жилд нийт 33-34 цаг эрүүл мэндийн хичээлийг судлахаар хөтөлбөрт тусгагдсан. Уг хөтөлбөр хувийн болон орчны ариун цэвэр, зөв хооллолт, хөдөлгөөн, сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил, мансууруулах бодисоос сэргийлэх, осол аюулгүй байдал, анхны тусламж үзүүлэх, нөхөн үржихүйн эрүүл мэнд гэсэн зургаан төрлөөр хичээл заана. Тав хоногийн сургалтаа эрүүл мэндийн хөтөлбөр, төлөвлөгөөг сургууль дээрээ заах багш нарыг бэлтгэх зорилготойгоор явуулж байна. Нэг орон нутгаас гурван хүн хамрагдаж байна. Сургалтад хамрагдсан багш нар ажиллаж байгаа сум, дүүрэгтэй очоод бусад багш нартаа заах юм. Дараагийн тавих бидний шаардлага бол эрүүл мэндийн хичээлийг заах багш заавал энэ сургалтад хамрагдсан байх хэрэгтэй. Мөн багш хүүхдийн хувийн нууцыг хадгалж, түүнд тулгамдсан асуудлын талаар зөв мэдлэг, мэдээлэл өгдөг, эрүүл мэндийн хичээлийг заах сонирхолтой байх ёстой. Гэхдээ зөвхөн хичээл заагаад өнгөрөх биш хичээлийн явцад үнэлэлт өгч, ном, сурах бичиг, гарын авлагын чанарыг илүү сайжруулах зэрэг арга хэмжээг авч ажиллах болно” гэлээ.
Сургалтад хамрагдаж буй Сонгино хайрхан дүүргийн 112-р сургуулийн биологийн зөвлөх багш Ч.Эрдэнэцэцэгээс тодрууллаа.
-Эрүүл мэндийн хичээл дахин орж байгаа зөв гэж бодож байна уу? Ер эрүүл мэндийн боловсрол олгох нь хүүхдүүд ямар ач тустай вэ?
-Эрүүл мэндийн хичээл оруулах болсноор сурагчдын аюулгүй амьдрах болон нийгэмд тодорхой байр суурь эзлэхэд чухал нөлөөтэй. Эрүүл мэндийн хичээл идэвхтэй ордог байсан. Хоёр жил тасалдаад эргэн орох тушаал гарсанд баяртай байна. Мөн энэ хичээлээр хүүхдүүд өөрийгөө хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өөрийнхөө шийдвэрт итгэлтэй байж бусдад үгүй гэж хэлж сурах зэрэг олон зүйлийг сурахад тустай. Иймээс эрүүл мэнд гэсэн нэг том шинжлэх ухааныг сургалтын хөтөлбөрт оруулж байгаа нь зөв зүйл юм.
-Та багшлаад хэдэн жил болж байгаа вэ?
-Би багшлаад 30 гаруй жил болсон. Энэ өндөрлөгөөс харахад одооны хүүхэд юмыг ойлгох чадвар, бусадтай харилцах гээд бүх зүйл өөрчлөгдсөн. Нийгэм хөгжихийн хэрээр нийгмийн чиг хандлага болон хүний амьдрах арга барил янз бүрээр илэрч байдаг. Одоо би Сонгино-хайрхан дүүргийн 112-р сургуульд багшилж байгаа. Урьд нь хотын төвийн сургуулиудад багшилдаг байсан. Эдгээр хүүхдүүдийг харилцуулахад хамгийн их гэмт хэрэгт өртөж байгаа нь хотын захад амьдардаг хүүхэд байдаг. Яагаад гэвэл тэдний боловсролын түвшин доогуур өөрийгөө яаж хэрхэн хамгаалах талаар дутмаг байна. Энэ бол боловсролын салбарын том алдаа дутагдал гэж бодож байна.
-Арван жилийн сургууль сурагчдадаа ямар боловсрол эзэмшүүлэх ёстой вэ?
-Хүүхдүүдийн боловсрол нийгмийн ядууралтай бас салшгүй холбоотой. Нийгмийн бодлогод ядуурал буурлаа, хэдэн гэр өглөө энэ тэр гэж ярьдаг ч яг амьдрал дээрээ ядуурал байсаар л байна. Гэхдээ хамгийн эмзэглэдэг нэг зүйл бол манай ард түмэн мөнгө төгрөггүй ядуур ч байна гэхээсээ илүү боловсролын ядууралд өртөж байгаа л юм. Хүмүүс намын үзэл бодолтой, эсхүл таньдаг талаа барьж ажилд ордог гэдэг ийм бодлоос хэзээ ч салж чадахгүй байна. Иймээс хүүхдүүдээ зөв шударга амьдрах, эрүүл байх тэр бүх зүйлийг зааж, үүнд эцэг эхчүүд ч тус нэмэртээ оруулаасай л гэж хүсэж байна. Би өөрөө ч хүүхдүүдээ ингэж сургадаг.
-Энэ сургалт үр дүнтэй болж чадаж байна уу?
-Урьд нь эрүүл мэндийн хичээл орж байхад есан айд хуваан заадаг байсан. Үүнийг багцлаад хувийн болон орчны ариун цэвэр, зөв хооллолт, хөдөлгөөн, сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил, мансууруулах бодисоос сэргийлэх, осол аюулгүй байдал, анхны тусламж үзүүлэх, нөхөн үржихүйн гэсэн зураан айд хуваасан. Хүүхдүүд энэ хичээлээр өөрийгөө зөвилэрхийлэ, байгал орчиноо хайрлан хамгаалах гээд олон зүйлд суралцана. Мөн ангийн багш нарт зориулсан сургалтын хөтөлбөр, суралцахуйн удирдамжийг 11000 ширхэг, суурь, бүрэн дунд боловсролын багш нарт сургалтын хөтөлбөр, зөвлөмжийг 7000 ширхэгийг бэлтгэсэн нь сайн зүйл боллоо. Гэхдээ энэ сургалт үр дүнтэй болох үгүй нь зөвхөн багш нараас шатгаалахгүй. Эцэг эхчүүд ч бас хүүхдэдээ зөвлөгч байхын тулд эхлээд сургалтад хамрагдах нь зүйтэй юм болов уу гэж бодож сууна. Иймээс энэ сургалтад эхлээд эцэг, эхчүүдийг хамруулмаар санагдлаа.
-Эцэг эхчүүд хүүхдүүдээ яаж зөв хүмүүжүүлэх ёстой вэ?
-Боловсролын яам, багш нар заах арга зүйг улам сайжруулан хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Гэхдээ эцэг, эхчүүд ч гэсэн үүнд хариуцлагатай хандах ёстой. Багш нар сургууль дээр мянга дахин архи дарс ууж болохгүй, өөрийгөө зөв илэрхийлэх ёстой гэж заагаад гэртээ очиход нь энэ нь эсрэгээрээ байвал тэд хэзээ ч зөв хүн болж төлөвшиж чадахгүй. Жишээ нь сүүлийн үед хүүхэд алга болсон, тогод цохиулан амиа алдсан хэрэг цөөнгүй гарсан. Хүүхдээ анхаарахгүйгээр архидаж байна гэдэг бол тэр хүнд зааж байсан эрүүл мэндийн боловсролын алдаа. Иймээс эцэг эхчүүд ч мөн хариуцлагаа ухамсарлан үр хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, хүүхдийнхээ хүсэл мөрөөдөл болон бусад зүйл дээр тусалж дэмжих ёстой. Таны хүүхдийн ирээдүй, яаж амьдрах, ямар бодолтой явах нь бидний өгч буй боловсрол, өсөж буй орчноос л шалтгаалдаг юм шүү.
С.ОЮУНЖАРГАЛ