Categories
мэдээ нийгэм

Р.Мэргэнийг ЗТХЯ-ны ТНБД-ын албан үүргийг хариуцагчаар томиллоо

Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын хүсэлтийг хүлээн авч ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.

Сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Харин дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх эрх хуулиараа Засгийн газарт хадгалагддаг.

Зам, тээврийн хөгжлийн яам нэгдсэн удирдлага, зохион байгуулалтгүй болж, ажил цалгардах, эзэнгүйдэхээс сэргийлэн тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Р.Мэргэнийг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг хариуцагчаар томиллоо. Энэ тухай шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин яамны хамт олонд танилцуулав.

Тэрбээр зөвхөн Зам, тээврийн хөгжлийн яам гэлтгүй төрийн бүх байгууллагад архидалт, хувь хүмүүсийн хоорондын таарамжгүй харилцаа, бие биенээ үл хүндэтгэх, зөрчилдөх зэрэг дутагдал байх ёсгүйг анхаарууллаа. Мөн цаашид боловсон хүчний сонголт, томилгоо зэрэгт зайлшгүй анхаарах шаардлага гарч байгааг хэлэв.

Зам, тээврийн хөгжлийн яамны хувьд энэ оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний гүйцэтгэл, ирэх оны төсвийн төсөл, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын барилгын ажил, Өмнөговь аймагт барьж байгаа Тээвэр, ложистикийн төв, Улаанбаатар-Дархан-Алтанбулаг чиглэлийн замын шинэчлэл, бусад зам, гүүрийн засвар, өвөлжилтийн бэлтгэл зэрэгт онцгой анхаарч ажиллахыг сануулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Төмөр замын засварын ажил 80 хувьтай байна

УБТЗ ХХН-ийн хэвлэл мэдээллийн албанаас авсан мэдээллээр осол гарсан Улаанбаатар-Сайншандын чиглэлийн төмөр замын сэргээн босголтын ажил өнөөдрийн 15.00 цагийн байдлаар 80 хувьтай явж, 2 селекцээс бүрддэг зүтгүүрийн сүүлийнхийг босгож замаа чөлөөлж дуусч байна, төмөр замын хөдөлгөөнийг өнөөдөртөө багтан сэргээж нээнэ гэлээ.

2 селекц бүхий зүтгүүрийн нэг нь гэхэд 120 тонны жинтэй учир босгоход хүн хүч, цаг хугацаа нэлээн орж байгаа ажээ. Бусад суудлын болон ачааны вагоны хувьд бүгдийг замаас холдуулж босгон, төмөр замыг чөлөөд байгаа аж.

Энэ дашрамд УБТЗ-ын удирдлагаас тэргүүн Д.Жигжиднямаа үүрэг ажлаасаа чөлөөлөх өргөдлөө өгч байгаа талаар УБТЗ-ын хэвлэл мэдээллийн алба энэ бол баталгаагүй мэдээлэл гэсэн хариу өглөө. Энэ талаар тус байгууллагаас мэдэгдэл гаргаад байна. Үүнд, “УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа эрүүл мэндийн шалтгаанаар халагдах өргөдлөө өгсөн тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа нь ташаа болохыг мэдэгдэж байна. Энэ нь байгалийн гамшгийн улмаас учирсан хохирлыг даван туулахын төлөө төмөр замчид өдөр шөнөгүй ажиллаж байгаа энэ үеэр УБТЗ-ын даргыг өөрчлөхийг санаархсан хэсэг бүлэг хүмүүсийн зориуд тарааж байгаа зохион байгуулалттай үйлдэл болохыг анхааруулж байна. УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа байгалийн гамшгийг даван туулах сэргээн босголтын ажлыг гардан удирдаж төмөр замын хөдөлгөөнийг хэвийн болгохоор ажиллаж байна” гэжээ.

Тодруулга: Улаанбаатар-Сайншандын чиглэлийн төмөр замын сэргээн босголтын ажил явагдаж төмөр зам хараахан нээгдээгүй байгаа учир урд чиглэлийн галт тэрэгний зорчигчдыг зарим өртөөнд хэсэгчлэн буулгаж, автобусаар тээвэрлэх зэргээр өртөөчлөн тээвэрлэж байгаа гэсэн мэдээлэл ирж байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ онд 300 мянган тонн боловсруулсан түлш үйлдвэрлэнэ

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газар ирэх оны тавдугаар сараас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглож, боловсруулсан түлшийг гэр ахуйн хэрэглээнд нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд нүүрс боловсруулах үйлдвэр барьж, цахилгаан халаагуур, шингэн хийг хэрэглээнд нэвтрүүлэн, гэр хорооллыг орон сууцжуулах зэрэг цогц арга хэмжээ авах юм. Ингэснээр агаарын бохирдол 50 хувиар буурах боломжтой гэж үзэж байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар болон “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагууд “Тавантолгой түлш” компанид ажиллан Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн явцтай танилцлаа.

Тус компани жилд 100 мянган тонн боловсруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Таван тонн түлшний үнэ түүхий нүүрснийхээс хямд буюу 150 орчим мянган төгрөг байх тооцоо гарсан байна. Мөн эдний боловсруулсан таван кг түлш найман цаг дулаанаа барьдаг нь туршилтаар батлагдсан тухай “Тавантолгой түлш” компанийн ерөнхий инженер Ж.Батбилэг танилцууллаа.

Нийслэлийн гэр хорооллын нэг өрх жилд таван тонн нүүрс түлдэг гэж үзвэл 214 мянган өрхийн нүүрсний жилийн хэрэглээ нэг сая гаруй тонн. Тавантолгойн нүүрс илчлэг сайтай учир үйлдвэрүүд 600 гаруй мянган тонн боловсруулсан түлш үйлдвэрлэхэд энэ хэрэгцээг бүрэн хангах боломжтой юм.

Нийслэлийн төвийн бүсэд 52 мянга, Баруун бүсэд 97 мянга, Зүүн бүсэд 53 мянга гаруй өрх байдаг. Энэ онд төвийн бүс буюу “ТЭЦ-2”, Баруун бүс буюу Толгойт дахь “Мега”, Зүүн бүс дэх үйлдвэр тус бүр 100 мянга, нийт 300 мянган тонн боловсруулсан түлш үйлдвэрлэнэ гэж төлөвлөж байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мөн өдөр боловсруулсан түлш үйлдвэрлэж байгаа БНСУ-ын нэр бүхий компанийн туршилтын ажилтай танилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн төр захиргааны байгууллагууд сахилга хариуцлагаа чангатгах үүрэг хотын дарга өглөө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдааныг өнөөдөр зохион байгуулж, төр захиргааны байгууллагууд сахилга, хариуцлагаа чангатгах үүргийг хотын дарга өглөө.

“Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангах хэрэгтэй” гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд онцоллоо. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын ээлжийн амралтыг 8 дугаар сарын 10-наар тасалбар болгож, төлөвлөсөн ажлуудынхаа хэрэгжилтэд хяналт тавихыг үүрэгдлээ.

Хичээлийн шинэ жилийн нээлтээс өмнө авто замын шинэчлэл засварын ажлыг дуусгах, цэцэрлэг сургуулийн урсгал засвар болон шинээр ашиглалтад орох барилгуудад байнгын хяналт тавьж, стандартыг мөрдүүлэх шаардлагатай байна. Мөн үерийн улмаас эвдрэл үүссэн авто замуудыг засварлах ажлыг ч эрчимжүүлж, шат шатандаа ажлыг шуурхайлах үүрэг өглөө.

Түүнчлэн ажлын байранд архидан согтуурах, тамхи татсан тохиолдолд Монгол улсад дагаж мөрдөгдөж байгаа хуулийн дагуу арга хэмжээ авч, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна гэдгээ харьяа агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга нарт хотын дарга хатуу санууллаа. Нийслэлийн төр захиргааны бүхий л байгууллагууд сахилга, хариуцлагаа чангатгаж, хүйтний уур амьсгал орохоос урьтаж бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудаа шуурхайлахыг даалгалаа. Бүтээн байгуулалт, тохижилт, өвлийн бэлтгэл ажил, хичээлийн шинэ жилийн бүртгэл, элсэлтийн ажлуудтай хотын даргын ахалсан ажлын хэсэг газар дээр нь очиж танилцана гэдгээ мэдэгдсэн юм. Нийслэлийн 4 том гүүрийн бүтээн байгуулалтын явцтай өнөөдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг хяналт, шалгалт хийсэн бол эмнэлгүүдийн гадна талбайн тохижилтын ажил, гэр хорооллын “Дэд бүтцийн төв” байгуулах болон “ Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн явцыг мөн шалгана гэдгээ хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хагас жарны дараа Улаанбаатар хотын гүүрүүд шинэчлэгдэж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг нийслэл хотод хийгдэж байгаа зам гүүрийн бүтээн байгуулалтын ажлын явцад хяналт тавьж шалгалт хийлээ.

Нийслэл хотод БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 4 том гүүрийн барилгын шинэчлэлийн ажил хийгдэж байна.

Туул гол дээгүүрх Баянзүрхийн гүүрийг шинээр барих төслийн ажлын талбайд хотын даргаар ахлуулсан ажлын хэсэг очлоо. Гүүрийн барилга шинэчлэлийн ажлын гүйцэтгэгчээр “Бээжин Юни Констракшн групп Монголиа” ХХК ажиллаж байна. Гүүрийн барилгын ажил энэ оны 5 сард эхэлсэн юм.

Баянзүрхийн үндсэн гүүр 321 м, өргөн 22.6 метр. Тээврийн хэрэгсэл 4 эгнээгээр зорчих боломжтойгоос гадна явган хүний 2 эгнээтэй замтай байх юм. Мөн гэрэлтүүлэг, тохижилт ногоон байгууламж хийгдэнэ.

Гүүрийн барилгын талбай дээр 823 тн арматур татан төвлөрүүлж хайрцган дам нурууны хэв хашмалыг ажлын талбайд ирүүлжээ.Одоогийн байдлаар хайрцган дам нурууны доод үеийн хэв хашмал угсарч, арматур зангидах ажил явагдаж байна. энэ онд хайрцган дам нурууны 159,84 метр хэсгийг цутгахаар төлөвлөсөн байна. Одоогоор барилгын ажил 24.7 хувьтай байна. Ирэх 11 дүгээр сар гэхэд дам нурууг бүрэн цутгаж гүүрийн ажлыг 60 хувь хүртэл хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Барилгын ажлыг графикт хугацаандаа чанартай хийж гүйцэтгэхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэллээ. Гүүрийг 2020 оны 2 дугаар сард хүлээлгэн өгөх ч Ирэх оны 11 дүгээр сар гэхэд гүүрийг бүрэн ашиглалтад оруулахаар ажлаа шуурхайлахыг гүйцэтгэгч компанид үүрэг болголоо.

Замын цагдаагийн уулзварын гүүрийн бүтээн байгуулалт эрчимтэй хийгдэж байна

Замын цагдаагийн ойролцоо гүүрэн гарц барих төслийн ажлын талбай дээр ажлын хэсэг ирж ажиллаа. Уг гүүрэн гарц барих төслийн ажил зураг төслийн дагуу үргэлжилж байна. Одоогоор үндсэн гүүрийн 96 өрөмдөл шон сууриас 63 суурийн өрөмдлөг бетон цутгалтын ажил хийгдэж, 29 өрөмдмөл шон суурийн арматурын хэлхээсийн бэлдэц бэлдсэн. Хуваарилах хавтан 40 ширхгийг хийхээс 14, баганан тулгуур 42 хийхээс 9 багана, 3 баганын холбоосноос 1-ыг тус тус хийсэн байна.

Газар чөлөөлөлттэй холбоотой зарим нэг хүндрэлүүд үүссэнийг шийдвэрлэхийг газрын албанд үүрэг болголоо. Гүүрийн цахилгааны шугам сүлжээ, дулааны шугам хоолой, ариутгах татуургын хоолой, цэвэр усны шугамын шилжүүлэг хийгдэж байна.

Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдийн уулзвар, төмөр зам, авто замтай нэг түвшинд огтлолцдог энэ уулзварт гүүрэн гарц барьснаар хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний нэвтрэх чадвар сайжрах, тэр хэрээр замын ачаалал буурах чухал ач холбогдолтой юм.

Төслийн хүрээнд баригдах гүүрэн гарц нь нийт 6 хэсгээс бүрдэх ба Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 м урттай, 16.5 м өргөнтэй 4 эгнээ гүүр, Зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох “С” рампын 8.5м өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт, Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” рампын гүүр нь 8.5м өргөнтэй, 2 эгнээ нийт 160у/м гүүр, 110у/м тулц ханатай, Нарны замын баруун талаас ирэх авто машин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамж руу буух “А” рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 400у/м гүүр, 237 у/м тулц ханатай, мөн төмөр зам дээгүүр явган хүний гүүр болон дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөр бетон гүүр барих юм. Төслийн нийт төсөвт өртөг 42,38 сая ам доллар болох бөгөөд гүүрийг 2019 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ оны 11 сар гэхэд дам нурууныхаа гол суурийг хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байгааг гүйцэтгэгч компанийн удирдлага хотын даргад танилцууллаа.

Яармагийн гүүрийн ажил 11 сард дуусна

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хүрээнд Яармагийн гүүрийн хойд уулзвараас Ажилчны гудамж хүртэл 250 метр газар барилга угсралтын ажил хийгдэж гүүрийн зорчих хэсгийн нэг эгнээг Үндэсний их баяр наадмаас өмнө нээж хөдөлгөөн нэвтрүүлж эхэлсэн. Уг төслийг Хятад улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа юм.

Гүүр дөрвөн эгнээ, 250 метрийн урттай, хуучин гүүрнээс гурав дахин их ачаалал авч хөдөлгөөнийг нэвтрүүлэх чадалтай шинэ гүүр 50-60 жилийн баталгаатай юм байна. Ашиглалтад орсноор Яармагийн гүүрний орчмын замын түгжрэл 50-60 хувь буурах юм. Шинэ гүүрний доор 50 метрийн өргөнтэй нүхэн гарц баригдаж байгаа. Мөн 8.5 метрийн өргөнтэй, 270 метрийн урттай Д рамп гүүрний дээгүүр баригдаж байгаа болохоор замууд хоорондоо огтлолцохгүй байх юм.

Яармагийн гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж байгаа төдийгүй гэрэлтүүлэг, ус зайлуулах төхөөрөмж, дугуйн зам гээд иж бүрнээр нь хүлээлгэн өгнө гэдгээ гүйцэтгэгч болон зөвлөх компаниудын инженерүүд ярьж байна. Энэ гүүр ашиглалтанд орсоноор хуучин, шинэ нисэх онгоцны буудлын авто замын хөдөлгөөний хамгийн гол ачааалалыг даах юм.

Хагас жарны дараа Улаанбаатар хотын гүүрүүд шинэчлэгдэж байна

Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Хан-Уул дүүргийн Сонсголонгийн гүүрний барилгын ажлын талбайд очлоо. Уг гүүрийг шинэчлэн барьснаар эдийн засаг болон нийслэл хотын төлөвлөлтөд чухал ач холбогдолтой юм. Энэ төслийн хүрээнд сонсголонгийн хуучин гүүрний хажууд параллелиар 10.4 метр өргөн 2 эгнээтэй, 289.4 метр гүүр шинээр барьж, хуучин гүүрийг шинэчлэн, нийт 21 метр өргөнтэй 4 эгнээ гүүр бий болох юм.

Төслийн нарийвчилсан зураг төслийг зөвлөх үйлчилгээний “ГБЕТ” ХХК боловсруулсан байна. Гүйцэтгэгчээр “Бээжин Юни-Констракшн Групп” компани шалгарч, төслийн барилгын ажлыг гүйцэтгэж байна.

Төслийн барилгын ажлын туслан гүйцэтгэгч “Ган гүүр” ХХК-ийн ерөнхий инженер Н.Лхагвадорж “Сонсголонгийн гүүрийн барилгын ажил хэвийн явагдаж байна. Барилгын ажил 5 сард эхэлсэн. Үндэсний их баяр наадмаас хойш бороо элбэгтэй байсан учир гол үерлэж ажил бага зэрэг удааширсан. Одоогоор барилгын ажил 30 хувьтай байгаа ч ирэх 11 сар хүртэл ажиллана. Гүүрийг ирэх 2019 оны 11 дүгээр сард ашиглалтад өгөх ёстой. Энэ оны 11 сар хүртэл дам нуруу, бетон цутгалтыг хийж дуусгаад 1 сард мөс хөлдсөн үед угсралтын ажил эхэлнэ. Ирэх 7 сард баяр наадмаас өмнө шинэ гүүрийг нээгээд 11 сар хүртэл хугацаанд хуучин гүүрийг сэргээн засах ажлыг хийнэ” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотод 2016-2020 онд 4 том гүүрийн барилгын шинэчлэл бүтээн байгуулалтыг хийж ашиглалтад хүлээн авахаар ажиллаж байна. Эхний гүүр энэ оны 11 сард ашиглалтад орно. Нийслэл хот захиалагчийн хувьд өдөр тутам барилгын ажилд хяналт тавьж, мөн заавар зөвлөгөө өгч ажиллаж байна. Миний хувьд зам гүүрийн бүтээн байгуулалтын ажилтай гурав дах удаагаа танилцаж байна. Бүх ажил графикийн дагуу явагдаж байна. Замын цагдаагийн гүүрний барилгын ажил хоцрогдолтой байсан. Учир нь хотын төвд учир олон сувагжилт тухайлбал дулаан, цэвэр, холбоо мэдээлэл, цахилгааны сувагчлалууд мөн газар чөлөөлөлт гээд төлөвлөгдөөгүй ажлууд гарч ирсэн. Гэхдээ гүйцэтгэгч компани ажлын хоцрогдолдоо нөхөж ажиллаж байна. Ихэнх гүүрүүд 1960-аад онд баригдсан учир Туул гол дээрх гүүрүүдийг шинэчлэх шаардлагатай юм. Хүндрэлтэй асуудал нь энэ ажлын санхүүжилтийг сангийн яам төсвийн хязгаарлалтай холбоотой бага тавьсан. Гүйцэтгэгч компаниуд өөрсдийн бололцоог ашиглан ажиллаж байна. Нийслэл хотын зүгээс бид дотоод зохицуулалт хийж бусад зээл тусламжийн хөрөнгийг шилжүүлэх замаар шийдвэрлэж байна. Гүүр барих гэдэг зүгээр барилга байгууламжийн асуудал биш доогуур нь олон сувагчлал, дэд бүтцийн шугам шилжүүлэх зэрэг олон асуудал байдаг. Улаанбаатар хотод 2020 он гэхэд томоохон гүүрүүд бүгд шинэчлэгдэнэ. Нийслэл хотын төв гүүрүүд учраас өнгө үзэмжтэй байх ёстой гэдэг шаардлагыг бид тавьж байна. Эдгээр гүүрүүд ашиглалтад орвол Зайсангийн гүүрийг шинэчлэх ажил үлдэнэ. Гүүрийн засвар шинэчлэлтийн ажилд туслан гүйцэтгэгчээр оролцож байгаа монгол компаниуд туршлага хуримтлуулж Зайсангийн гүүрийг бид монгол компанийн, монгол инженерүүдтэй хамтран шинэчлэх төлөвлөгөөтэй байгаа. Орчин үеийн өнгө загвартай хийхээр төлөвлөж байна” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монголбанкны удирдах ажилтны хангай бүсийн зөвлөгөөн боллоо

Монголбанкнаас хоёр дахь жилдээ банкны салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг эхлүүллээ. Энэ удаагийн Хангайн бүсийн зөвлөгөөн Хөвсгөл аймгийн төв Мөрөн суманд 2018.08.09-11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөнийг нээж Монголбанкны Дэд Ерөнхийлөгч үг хэлж, Нөөцийн удирдлага санхүүгийн зах зээл, Төлбөр тооцоо, Тамгын газруудын удирдлагууд болон Хяналт шалгалтын газар, Дотоод аудитын газар, ОНБМТ-ийн төлөөллүүд “Банкны салбарын хууль эрх зүйн шинэчлэл”, “Үндэсний төлбөрийн системийн тухай хууль”, “Мөнгөний үзүүлэлтүүд ба зээлийн хүү”, “Мөнгөний бодлогын шийдвэрүүд ба хэрэгжилт”, “Зайны хяналтын аргачлал”, “Эх орны алтаа Эрдэнэсийн сандаа аян” зэрэг сэдвээр танилцуулга хийж, өргөн хүрээнд хэлцүүлэг өрнүүллээ.

Тус бүсийн зөвлөгөөнд Өвөрхангай, Орхон, Дархан-Уул, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар, хэлтсийн захирал, ажилтнууд болон орон нутаг дахь банкны салбаруудын удирдах ажилтнууд оролцов.

Энэ үеэр Монголбанкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтох болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Төмөрбаатар нартай уулзалт хийж санал бодлоо солилцлоо.

Эх сурвалж: Монголбанк

Categories
мэдээ нийгэм

​Нүүдэлчин Монгол наадмаар 160 гаруй цагдаагийн албан хаагч үүрэг гүйцэтгэлээ​

“Нүүдэлчин Монгол-2018” наадам энэ сарын 10-12-ны өдрүүдэд “Хүй долоон худаг”-т боллоо.

Энэхүү наадмын хэв журмын хамгаалалт, зохицуулалтыг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас удирдлага зохион байгуулалтаар хангаж, Улаанбаатар цагдаагийн хүрээний найман байгууллагын 160 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн юм.

“Нүүдэлчин Монгол-2018” наадам дэг журамтай, гэмт хэрэг, зөрчилгүй болж өнгөрсөнд наадмын оролцогчид болон зохион байгуулагчдын зүгээс цагдаагийн байгууллагад талархал илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Нүүдэлчин Монгол-2018” наадамд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс шилдгээр шалгарсан соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 400 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2500 орчим үндэсний спортын тамирчид хурд, хүч, цэц мэргэнээ сорьж, үндэсний урлагийн төрлүүдээр өрсөлдөв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Хадгаламж, зээлийн хоршоодын орлого сүүлийн арван жилийн хамгийн өндөр түвшинд хүрчээ

Өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн байгууллага болон хадгаламж, зээлийн хоршооны салбарын 2018 оны хоёрдугаар улирлын статистик үзүүлэлтүүд, үйл ажиллагааны тоймыг танилцууллаа.

СЗХ-ны Судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулууны мэдээлснээр “2018 оны хоёрдугаар улирлын байдлаар даатгал, банк бус, хадгаламж зээлийн хоршооны нийт активын хэмжээ өмнөх оныхоос 29,7 хувиар өсөж 1,6 их наяд төгрөгт хүрсэн дүнтэй байна. Хөрөнгийн зах зээлийн хэмжээг илэрхийлэгч гол үзүүлэлт болох зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 65,9 хувиар өсөж 2,5 их наяд төгрөгт хүрлээ. Дөрвөн салбарын нийт хөрөнгийн хэмжээг 2017 оны жилийн эцсийн Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад 9,1 хувьтай тэнцүү дүнтэй байна. Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны дэлгэрэнгүй бүртгэлд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой нийт 303 хувийн компани бүртгэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2018 оны хоёрдугаар улирлын байдлаар нийт 54 үнэт цаасны компани хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу ажиллаж байна.

Түүнчлэн TOP-20 индекс өмнөх оны мөн үеэс 58,6-иар өсчээ. “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК болон “Монголын үнэт цааны бирж” ХХК-аар дамжуулан хоёрдугаар улиралд нийт 77,9 тэрбум хийгдсэнээс МХБ-ийн анхдагч зах зээлийн арилжаагаар 35.5 тэрбум төгрөгийн хувьцаа, 27.6 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас, компанийн 631.6 сая төгрөгийн бонд, МҮЦБ-ийн анхдагч зах зээлийн арилжаагаар 248.1 сая төгрөгийн хувьцааг тус тус арилжаалсан байна” гэв.

Энэ үеэр Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэнгээсдараах зүйлсийг тодрууллаа.

Сүүлийн үед “Мобиком” Candy– үйлчилгээг ашиглан 500 мянган төгрөг хүртэл зээл авч болохоор болчихсон. Үүрэн телефоны компаниудын энэ үйлчилгээг явуулахад зохицуулалтыг санхүүгийн зохицуулах хороо яаж хийдэг вэ?

– Мобикомын Candy Юнителийн GG-оноотой холбоотой асуудал сүүлийн гурван жил яригдсан. Энэ жилийн нэгдүгээр сарын нэгнээс эхлэн “Үндэсний төлбөрийн системийн хууль”мөрдөгдөжэхэлсэн. Төлбөрийн системд хамаарахгүй байгаа этгээдийн зохицуулалтын асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай яригдаж байгаа. Үүрэн телефоны компаниудтай энэ асуудлаар уулзалт хийж эцсийн дүгнэлт гаргаагүй байна. Үндэсний төлбөрийн системд хамаарагдахаар бол Монгол Банкны хяналт зохицуулалтанд явах ёстой. Хэрэв хамааралгүй явна гэвэл Санхүүгийн зохицуулах хорооны одоогийн мөрдөгдөж буй журмын хүрээнд зохицуулах болно.

Тэгвэл үүрэн холбооны комданиудын зээлийн үйлчилгээ Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хорооны аль алинд нь бүртгэлгүй гэж ойлгож болох уу?

-Бүртгэлгүй байгаа. Хөнгөлөлтийнсистем хэлбэрээр үүссэн үйлчилгээ. Үйлчилгээ үзүүлсэн, төлбөрөө төлсөн нөхцөлд тодорхой хэмжээний буцаан олголтыг авч өөрсдийн дансандаа хадгалдаг. Энэ нь сүүлдээ төлбөрийн хэрэгсэл болж хувирсан. Үүн дээр нэгдсэнбодлого, зохицуулалт хийхээр ажиллаж байгаа.

-Үүнийг одоогоор зогсоох боломжгүй гэсэн үг үү?

-Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийг зөрчсөн гэдэг нь тогтоогдох юм бол үүрэн холбооны компаниуд зээлийн үйлчилгээгээ зогсоох ёстой. Үүн дээр бид тодорхой ажиллагаа хийсний дараа эргэн мэдэгдэх болно.

-260 гаруй өргөдөл гомдол ирсэн гэж байна. Аль салбартай холбоотой гомдол их ирсэн бэ, үүнийг хэрхэн шийдвэрлэсэн юм бэ?

-Жилийн эцсээр нийт 260 гаруй гомдол ирсэн. Хоёрдугаар улирлын байдлаар179 өргөдөл, гомдол хороонд ирсэн. Үүнээс45 хувь нь буюу 81 даатгалын нөхөн төлбөртэй холбоотой өргөдөл ирсэн. Энэ нь автомашины даатгал буюу жолоочийн хариуцлагын даатгалтай холбоотой байсан. Үүнтэй холбоотойгоортаван үйлчлүүлэгчийн нөхөн төлбөрт 353 сая төгрөгийг нөхөн олгох шийдвэрийг гаргуулж, нийтдээ дөрвөн иргэн аж ахуй нэгж байгууллагад 99.5 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгуулсан.

Үнэт цаастай холбоотой өргөдөл гомдлын хувьдихэнх нь 2000 он хүртэлх хугацаанд Монгол Улсын иргэдэд байсан хувьцааг тухайн этгээдийн зөвшөөрөлгүйгээр өөр этгээдэд шилжүүлсэн тухай өргөдөл гомдол ирсэн. Энэ асуудлыг шийдэх боломжтой хувилбар руу шилжиж, заримыг нь хууль зөрчсөн үйлдэл байвалшүүх рүү шилжүүлж байгаа.

-Иргэдийн зүгээс банк Бус санхүүгийн байгууллагуудын зээлийн хүү өндөр байна гэж гомдоллодог. Энэ талаар хэр их гомдол ирсэн бэ? үүнд зохицуулалт байдаг уу? Өөрсдийн дураар хүү бодож оруулж ирээд байх юм. Мөнгө хүүлэлтийн системээр?

-ББСБ-ууд өөрсдийн хөрөнгөөр иргэд, аж ахуй нэгжүүдэдзээлийн үйлчилгээ үзүүлдэг.Монгол Улсын хувьд хүүгийн өндөр хязгаарыг тогтоосон аливаа хууль, эрхзүйн зохицуулалт байхгүй. Банк бусын хүү банкны хүүгээс өндөр байдаг. Яагаад гэвэл иргэд банкнаас зээл авах гээд шаардлагыг нь хангаж чаддаггүй. Шаардлага хангаагүй иргэд , хуулийн этгээд ББСБ-д ханддаг. Банкны шаардлагыг хангаж чадахгүй байгаа этгээд тодорхой хэмжээний эрсдэлтэй байдаг. Энэ эрсдэлийг ББСБ тооцоолоод зээлийн хүүндээ шингээж, банкны түвшнээс арай өндөр тавьжөгдөг гэсэн үг. Заримдаа хүмүүс ирээд Банк бусуудын зээлийн хүү өндөр байна. Санхүүгийн хүртээмжтэй холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалт хийх үү гэдэг.

Хамгийн гол нь иргэн танд сонголт хийх эрх байна. Банкнаас хүү багатай төслийн зээл авч болно. Гагцхүү шаардлагыг нь хангаж чадахгүй байвал өндөр хүүтэй Банк бус санхүүгийн байгууллагаас авч болно гэдэг. Зээл авахгүй байх нь бас таны сонголт гэж хэлдэг. Эрсдэл гэдэг бол банкны шаардлагыг хангаж чадахгүй болоод ББСБ-д хандаж байна гэсэн үг. Энэ эрсдэл ББСБ-д өндөр хүүтэйгээр бодогддог.

1072 ширхэг хувьцааны ногдол ашиг тараах талаар мэдээлэл гарах боллоо. Энэ талаар?

1072 ширхэг хувьцаа хөдөлгөөнд оруулахасуудлыг Уул уурхайн яам хариуцаадЗасгийн газар дээр яригдаж байгаа. Нэг ширхэг хувьцаа 933 төгрөгний үнэтэй. Уул уурхайн яам, Сангийн яам хувьцааны үнэ цэнийг унагаахгүйн төлөө зорилго тавин ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар шийдлээ гаргахаар ажиллаж байна. Түүнчлэн гадаадын стратеги хөрөнгө оруулагчдадэзэмшүүлэх замаар хөдөлгөөнд оруулна.Дараа нь IPO гаргахаар яригдаж байгаа бөгөөд эцэслэн шийдэгдээгүй байна.

-Эрдэнэс таван толгой ашигтай ажиллаж байгаа. Ногдол ашиг тараах хугацааг та бүхэн хэрхэн тооцоолж байна?

-Одоогоор энэ талаар өгөх мэдээлэл алга.

-Мэдээллийг харахад бүх л Банкны бус байгууллагын тоо өсөлттэй харагдаж байна. Өсөлтөд нөлөөлж байгаа хүчин зүйлүүд нь юу вэ?

– Салбарын өсөлтөд гарч байгаа зүйлд олон хүчин зүйл хамаарна. Монгол Улсын эдийн засгийн хүчин зүйл эргээд сэргэж, эрчимжиж байна. Мөн энэ салбарт явуулж байгаа бодлого, шийдвэрийнүр нөлөөллөөс тодорхой өөрчлөлтүүд гарч эхэлж байна. Цаашид улам эерэг өөрчлөлтүүд гарахаар хүлээгдэж байна. Тухайлбал, ББСБ-ын зээлийн хүүний талаар ярилаа. 2017 оны нэгдүгээр сардхувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг ББСБ-ууд нэмэгдүүлэх шийдвэр гаргаж байсан. Шийдвэрийн үр дүн тодорхой хугацааны дараа гарна. Ингэхдээ иргэдэд илүү санхүүгийн хүртээмжтэй, зээлийн хүүг бууруулах үр дүн гарна гэж судалгаа шинжилгээ хийж мэдээлэл гаргаж байсан.

-Эдийн засгийн өсөлтийг ашиглаад шинэ бодлого, шийдэл төлөвлөгдөж байгаа юу?

-Зах зээл дээр гарч байгаа эерэг өөрчлөлтүүд эдгээрийг эрчимжүүлэх чиглэлээр СЗХ бодлого шийдвэрийг гаргахаар судалгаа шинжилгээний ажил хийж байна. Тухайлбал, Банкнаас бусад санхүүгийн салбарт сүүлийн жилүүдэд эрчимтэй яригдаж байгаа технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг түлхүү нэвтрүүлэх, нийт энэ салбараар үйлчлүүлэгчдийн санхүүгийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр технологид суурилсан шийдлүүдийг түлхүү нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага байгаа юм байна. Тиймээс энэ чиглэлийн дагуу судалгаа шинжилгээ хийгдэж байгаа гэв.

Даатгалын салбарын нийт хөрөнгийн хэмжээ13.1 хувиар өсөн, 282.2 тэрбум төгрөгт хүрснээс 80.4 хувийг ердийн даатгалын компаниудын хөрөнгө, 16.6 хувийг давхар даатгалын компани, 3.0 хувийг урт хугацааны даатгалын компаниуд бүрдүүлжээ.

Даатгалын компаниудыннийт нөхөн төлбөрийн зардал тайлант улиралд 29.2 тэрбум төгрөгт хүрч, нийт хураамжийн орлогын 34.7 хувийг эзэлж байгаагаас ердийн даатгалын компаниудын нөхөн төлбөр 98.8 хувийг бүрдүүлж байна.Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 68.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Салбарын татварын цэвэр ашиг 8.7 хувиар буурч, нийт цэвэр ашгийн хэмжээ 6.3 тэрбум төгрөг байна.Салбарын өөрийн хөрөнгийн өгөөж 5.2 хувь, нийт хөрөнгийн өгөөж 2.3 хувь байна.

Банк бус санхүүгийн салбарт хоёрдугаар улирлын байдлаар нийт 539 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаагийн дийлэнхбуюу 90.9 хувь нь зээлийн үйл ажиллагаа эрхэлж байна. Нийт хөрөнгийн хэмжээ 1.14 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 33.6 хувиар өссөн бөгөөд хөрөнгийн өсөлтийн 74.1 хувь зээлийн өсөлтөөс бүрдсэн байна. Харин ББСБ-уудын өөрийн хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 30.4 хувиар өсөж 888.5 тэрбум төгрөгт хүрсэн бол нийт хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 707.8 тэрбум төгрөгт хүрч жилийн өмнөхөөс 28.8 хувиар өссөн байна. Салбарын нийт зээлийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 38.5 хувиар өсөж, 768.3 тэрбум төгрөгт хүрлээ.

Хадгаламж зээлийн хоршооны салбарт нийт 289 хоршоо үйл ажиллагаа явуулжээ. Хоршоодын салбар нэгжийн тоо өнгөрсөн оноос 18-аар нэмэгдсэн бол гишүүдийн тоо 20.7 хувиар өсчээ.

Салбарын нийт цэвэр ашиг 1.1 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 30.6 хувиар буурсан байгаа бол нийт орлого 37,4 хувиар өсөж 19.3 тэрбум төгрөг буюу сүүлийн арван жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Мөн салбарын нийт зээл өнгөрсөн оноос 27.2 хувиар буюу 26.1 тэрбум төгрөгөөр өсөж 134.1 тэрбум төгрөгт хүрсэн. Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь өнгөрсөн оны мөн үеэс1.6 пунктээр өсөж 6.2 хувьд хүрснээр нийт чанаргүй зээлийн хэмжээ 8.3 тэрбум төгрөг болов. Хоршоодын нийт хадгаламж өнгөрсөн оныхоос51.6 хувийн өсөлттэй байгаагийн 97.0 хувийг хугацаатай, 3.0 хувийг хугацаагүй хадгаламж бүрдүүлж байна.

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Нэг сартай хүүхэд гудамжнаас олджээ

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн амралтын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлийн 2935 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт айлын хашааны гаднаас нэг сар орчимтой өлгийтэй хүүхэд олджээ.

Дуудлагын дагуу цагдаа нарыг очиж шалгалтын ажиллагаа явуулахад нэг сар орчимтой, эрэгтэй хүүхдийг гудамжинд хаясан болох нь тогтоогджээ.

Одоогоор хүүхдийн бойжилт хэвийн байгаа бөгөөд хүүхдийн эцэг, эхийг нь тогтоохоор ажиллаж байгаа аж. Энэхүү хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн газрын алба иргэдэд мэдээлэл өгөх нэгдсэн сантай болно

Нийслэлийн газрын албаны мэдээлэл технологийн хэлтсээс 2018 оныг “ISO” стандартыг нэвтрүүлэх жил болгон зарлаж байгаагийн хүрээнд иргэдэд нийслэлийн газрын албаны үйлчилгээний талаар хэрэгцээт мэдээллийг хүргэх тусгай гар утасны дуудлагын автомат системийг нэвтрүүлэхээр бэлтгэж байгаа аж. Энэ талаар Нийслэлийн газрын албаны мэдээлэл технологийн хэлтсийн дарга Б. Жадамбаас тодрууллаа. Тэрээр:

“ISO” стандартыг хэрэгжүүлэх жилийн хүрээнд Стандарт хэмжил зүйн газартай хамтарч ажиллах санамж бичиг байгуулж “ISO” стандартын зохих шатны сургалтыг зохион байгуулсан. Үүнтэй уялдуулан мэдээллийг иргэдэд нэгдсэн стандартаар хүргэх, иргэдийн цаг завийг хэмнэх үүднээс Call center буюу автомат дуудлагын төвийг байгуулахаар бэлтгэл ажлын шатандаа явж байна. Энэ үйлчилгээнд тодорхой түвшний манайхаас үзүүлдэг 28 үйлчилгээтэй холбоотой мэдээллийг нэг стандартын дагуу иргэд,хэрэглэгчдэдээ хүргэх боломжтой болох юм. Бэлтгэл ажлын гүйцэтгэл 75 хувьтай явагдаж байна. Төлөвлөгөөний дагуу 2018 оны намар гэхэд ашиглалтад орохоор байгаа. Уг үйлчилгээ хэрэглээнд нэвтрээд эхэлвэл, тухайн дүүргийн газрын асуудал хариуцсан ажилтантай шууд холбогдож мэдээлэл авах боломж бүрдэнэ.

Гэсэн мэдээллийг өгөв. Нийслэлийн газрын алба үүрэн холбооны автомат дуудлагын системийг ирэх аравдугаар сард хэрэглээнд оруулах бөгөөд уг систем нэвтэрснээр иргэд, аж ахуй нэгжийн нийслэлийн газрын албанд өгөх ачааллыг бууруулах зорилготой аж. Мөн уг системээр дамжуулан, ихэвчлэн газрынямар асуудлаар иргэд, аж ахуй нэгж нийслэлийн газрын албанд хандаж байгаа болоод ачаалал өндөртэй дүүргүүдийг харж, анализ хийх боломжтой юм байна.

Б. ОДГЭРЭЛ