Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Т.Гомбосүрэн ажлынхаа үүдэнд бусдад зодуулж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Дээрх хэрэгт тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбалыг шалгаж байгаа. Яамны хэлтсийн дарга нар нэгнийхээ амь насыг хөнөөсөн гэх хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим сүлжээгээр янз бүрийн мэдээлэл тархаад байгаа. Энэ талаар талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхний өмгөөлөгчөөр ажиллаж байгаа З.Хүрэлсүхтэй уулзаж цөөн асуултад хариулт авлаа.
-ЗТХЯ-ны үүдэнд энэ сарын 9-нд гарсан хүн амины хэрэгтэй холбоотойгоор янз бүрийн таамаг мэдээлэл гарч байна. Энэ хэрэг ямар шатандаа шалгагдаад явж байна вэ?
-Ярилцлагынхаа эхэнд онцолж хэлэх зүйл байна. Талийгаач Т.Гомбосүрэн хуулиар хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэж байгаад гэмт халдлагад өртөж, харамсалтайгаар амь насаа алдсан гэдгийг хэлмээр байна. Талийгаачийн Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөөтэй холбоотойгоор түүний ард үлдсэн гэрийнхний хууль ёсны эрхийг хамгаалж өмгөөлөгчдийн баг ажиллаж байна. Энэ багт Алтанцэцэг, Отгонбаатар миний бие гээд гурван өмгөөлөгч ажиллаж байгаа. Өмгөөлөгч миний бие мөрдөн байцаалтын нууцад хамаарагдахгүй зарим мэдээллийг хэлж болж байна. Нэгдүгээрт, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс хэргийг шалгаж байсан. Нийслэлийн прокурорын газраас хэрэг мөрдөн шалгах харьяаллыг өөрчилж, Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлсэн. Тасгийн даргын тушаалаар зургаан мөрдөгч дээрх хэрэг дээр ажиллаж байна. Хэрэг гарснаас хойш өнөөдөр 20 хонож байна. Бид талийгаачийгаа хөдөөлүүлээд цөөхөн хонож байна. Энэ хугацаанд олон үйл явдал өрнөж байна. Тэр дундаа ямар ч баримтгүй худлаа, мөрдөн байцаалтаар огт шалгагдаагүй мэдээлэл олон нийтэд цацагдлаа. Олон нийтийн бодол санаанд нөлөөлөх гэсэн болчимгүй оролдлого удаа дараа гарч байгааг өмгөөлөгчид бид анхааралтай ажиглаж, баримтаар цуглуулж байна. Хуулийн дагуу хэргийг хянан шийдвэрлүүлэх ажиллагааг бид явуулна. Гэмт хэргийн шинжтэй үйлдэл хаана эхэлж, хаана төгссөн, хэргийн сэдэл, шалтгаан нөхцөл юу байсан, хэрэгт хамаарах ач холбогдолтой байдал юу вэ гэдгийг тогтоохоор ажиллаж байгаа нөхцөлд энэ хэргийг тэгж үйлджээ, тийм санаа сэдэлтэй байжээ, хашиж байсан ажилтай нь холбоогүй юм байна гэдгийг тогтоосон гэж Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн олон нийтэд мэдээлэл цацсан. Үүнээс болж олон нийт архидан согтуурч байсан төрийн захиргааны байгууллагын дарга нарын таагүй харилцаанаас үүдэн ийм хэрэг гарсан юм байна гэх ойлголтыг аваад байна. Энэ мэт худал мэдээлэл талийгаачийн ар гэрийнхэнд маш хүндээр тусч байна. Гэр бүлийнхэнд архидан согтуурч байгаад амиа алдсан, биеэ хамгаалах чадваргүй дорой нэгэн байсан эсвэл балмад авирлан хэд хэдэн хүн гэмтээсэн гэсэн мэдээлэл уй гашуу нь тайлагдаагүй байгаа энэ үед үнэхээр дарамт болж байна.
-Та бүхэн Цагдаагийн ерөнхий газраас дээрх хэрэгтэй холбоотойгоор мэдээлэл хийсэн нь буруу гэж үзэж байна уу?
Согтуурсан үедээ үйлдсэн юм уу, энэ хэргийг хэн үйлдсэн юм бэ, энэ хэрэг хаана эхлээд хаана төгссөн юм бэ гэдгийг тогтоогдсон гэдгийг дүгнэх эрх гагцхүү хуулиар прокурорт олгогдсон байдаг. Прокурорын байгууллага хэргийг хянаад мөрдөн байцаалт дуусаагүй байна гэдэг ч юмуу, хэргийн талаар олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөх эрхтэй. Мөрдөн байцаалт хийгдэж байна, прокурорын байгууллага хэргийг хянаж дүгнээгүй байна. Энэ талаар одоогоор ямар нэгэн зүйл огт яриагүй байна. Тэгэхэд гэмт хэрэг гарснаас хойш 14 цагийн дараа яаран мэдэгдээд байгаа цагдаагийн энэ мэдэгдэл нь дараа дараачийн төрийн байгууллагаас гарч байгаа шийдвэрийн үндэслэл болох, төрийн алба хаагчийн ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөлдөө тодоос тод зааж, хэлэх зүйлийн эх үндэс нь болсон. Архидан согтуурч байгаа хоёр албан тушаалтнаас болж би ажлаа өглөө гэсэн өргөдөл хүртэл гарсныг цахим орчноор бид бүхэн бүгд харсан. Тэгэхээр гэмт хэргийн шинжтэй зүйлийг дөнгөж шалгаж эхэлж байгаа энэ үед хэн нэгэн дураараа прокурорын байгууллагын урдуур орж, прокурорын хуулиар олгогдсон эрх хэмжээг эдэлж байгаа мэтээр тайлбарлах ямар ч боломж байхгүй. Хуулиар хориотой.
-Та энэ хэрэгтэй холбоотойгоор ямар хүмүүсийг шалгуулах гэж байгаа юм бэ?
-Хуульч хүний хувьд нэг зүйлийг зориуд цохон тэмдэглэж хэлмээр байна. Хэн нэгнийг гэмт буруутай гэдгийг шүүхийн байгууллага шийдээгүй байхад урьдчилан тогтоох нь хориотой. Мөн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах, мэдээлэл хийх нь хориотой. Миний ажиллаж байгаа хэрэг дээр ийм зүйл хийгдсэн. Үүнийг зохих журмын дагуу шалгуулж, шийдвэрлүүлнэ гэдгийг хэлмээр байна. Хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хянан шалгах ажиллагаа, мөн шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэсэн хоорондоо холбоотой хугацаа шаардсан гурван үе шатуудыг дамжина. Хохирогчийн хувьд анхны мэдүүлгээ өгөөд байна. Монгол хүний ёсоор талийгаачаа хөдөөлүүлээд удаагүй байгаа энэ үед хэн нэгэн талийгаачийн нэр, хувийн мэдээллийг ашиглан гэмт хэрэг гарсан байдалтай холбоотойгоор зарим нэг мэдээллийг дундуур нь хавчуулж, зориудаар гуйвуулж олон нийтэд мэдэгдэж байгаа явдалд бид гомдолтой байгаа. Бид хуулиар шалгагдаж байгаа хэргийн үр дүнд итгэлтэй байгаа. Хэрэг гарсан байдалтай холбогдуулан тодорхой нөхцөл байдал тогтоолгох, мөн тодорхой нэр бүхий хүмүүсийг шалгуулах хүсэлтэй байгаа. Хүсэлтээ холбогдох хууль хяналтын байгууллагад хүргүүлээд байна.
-Гэмт хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийн ар гэрийнхэн хохирогчийн талынхантай уулзсан уу?
-Одоогийн байдлаар хохирогчийн талтай хэрэгт яллагдагчаар татан шалгагдаж байгаа этгээдийн өмгөөлөгч, бие төлөөлөгч ирж уулзаагүй байна.
-Талийгаачийг гурван цаг зодсон, өөрийгөө хамгаалах чадваргүй гэх зэрэг мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор та ямар тайлбар өгөх вэ. Мэдээж мөрдөн байцаалтын нууцтай холбоотой зүйлсийг ярьж болохгүй байх л даа?
-Шалгагдаж байгаа асуудлыг урдуур нь орж ярихгүй байхыг хохирогчийн өмгөөлөгчийн хувьд хүсч байна. Би хэргийн талаар задалж хэлж болохгүй. Хэвлэлээр олон нийтэд ил болсон мэдээлэлд дурдсан шиг тийм суль дорой, өөрийгөө хамгаалах чадваргүй нэгэн байсан, эсвэл хэд хэдэн хүнийг гэмтээж зодсон балмад нэгэн байсан гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тийм хүн байгаагүй. Хэрэг гарсан байдалтай холбоотойгоор талийгаачийн хувийн байдлыг харлуулж, олон нийтэд хүргэж байгааг зөвшөөрөхгүй. Энэ асуудлыг тусад нь шалгуулна. Талийгаачийн ар гэрийнхэн хүүгийнхээ амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор өрнөж байгаа зүйлсийг тэвчиж болоод байгаа. Тиймээс олон нийтийг энэ асуудалд хүлээцтэй хандахыг хүсч байна.
Э.Баатар