Categories
мэдээ нийгэм

Бөөрний хорт хавдрын цусны шинжилгээгээр илрүүлэх боломжтой

Бөөрний хорт хавдар үүсэх эрсдэл байгаа эсэхийг тогтооход тусалдаг илрүүлэгч молекул хүний цусанд байдаг болохыг илрүүлсэн тухай Их Британийн хавдар судлалын хүрээлэнгээс даваа гарагт нийтэлсэн судалгаанд тэмдэглэснийг “Синьхуа” агентлаг уламжлав.

Хүний цусан дахь “КИМ-1” гэдэг уургийн молекулын түвшинг хэмжиж, тухайн хүний биед ирэх 5 жилд бөөрний хорт хавдар үүсэх магадлал байгаа эсэхийг тогтоох боломжтой болохыг судалгааны багийнхан олж илрүүлсэн байна.

“КИМ-1” молекулын нягтрал өндөр байх тусам бөөрний хорт хавдар үүсэх магадлал нэмэгдэнэ гэж дээрх судалгаанд дурдсан байна. Үүний зэрэгцээ, хорт хавдар хэдийнээ үүссэн өвчтнүүдийн хувьд тэдний цусан дахь “КИМ-1” молекулын нягтрал өндөр байх тусам эдгэрэх магадлал бага гэсэн дүгнэлтэд хүрсэн гэж эрдэмтэд мэдэгджээ.

“Хүний цусан дахь “КИМ-1” молекулын нягтралыг тогтоосноор хавдрыг эрт үед нь илрүүлэх хийгээд өвчтөний эмчилгээний үр дүнг сайжруулах боломжтой боллоо” гэж дээрх судалгааг явуулсан эрдэмтдийн нэг Девид Мюллер тэмдэглэсэн байна.

Бөөрний хорт хавдар нь Их Британид өндөр тархацтай хорт хавдруудын долдугаарт багтдаг ба өвчтнүүдийн тоо улам нэмэгдсээр байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Төрийн тусгай хамгаалалтынханд хариуцлага тооцжээ

ЗТХЯ-нд гарсан хүн амины онц ноцтой хэргийн улмаас хариуцлага алдсан олон албан хаагч ажлаасаа чөлөөлөгдлөө.

Тодруулбал, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, ТНБД Ж.Бат-Эрдэнэ болон газрын дарга нарын нийт долоон албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг өнгөрсөн ням гарагт Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргаж, шийдвэрлэсэн билээ.

Харин өчигдөр Төрийн тусгай хамгаалалтын газрынханд хариуцлага тооцсон байна.

Тодруулбал, Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Гэрэлийн тушаалаар Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч, хамгаалалтын хэлтсийн дарга дэд хурандаа Г.Баярмагнайг ажлаас нь чөлөөлсөн, орлогч дарга Д.Батбаатарын хамгаалалтын нэмэгдэл хасах, хошууч З.Ууганбаярт сануулах арга хэмжээ авах, ахлах ахлагч Л.Түмэнжаргалын цалингийн 20 хувийг гурван сарын хугацаанд хасах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Нууцаар баавгайн савар тээвэрлэсэн иргэнд ял оноолоо

Иргэд ашиг олох зорилгоор хууль бусаар нэн ховордсон ан амьтан агнах, тэдний эд эрхтэнг хил давуулан худалдах зэрэг тохиолдол гарсаар байна.

Тэгвэл хууль бусаар хүрэн баавгайн саварыг их хэмжээгээр тээвэрлэж, бусдад худалдах гэж байсан этгээдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж дуусаад шүүхийн байгууллагаас хэргийг шийдвэрлэжээ.

Тодруулбал, хууль бусаар хүрэн баавгайн савар тээвэрлэсэн иргэн И-г Баянзүрх дүүргийн шүүхээс 13 сая төгрөгийн төлбөр, хоёр жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Тиймээс нэн ховор, ховор амьтан ургамлын зүйл худалдах, худалдан авах, тээвэрлэхээс болгоомжилно уу.

Categories
мэдээ нийгэм

Дарь-Эхийн замыг засах бэлтгэл ажил хийгдэж байна

Нийслэлийн хэмжээнд долдугаар сарын 16-аас эхлэн үргэлжлэн орсон аадар борооны улмаас дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эх орчмын Булагийн ус авто зам руу их хэмжээгээр урсаж орсноос болж зам эвдэрч иргэд зорчиход хүндрэлтэй болсон. Иймд дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, НҮГ-1 ОНӨААТҮГазар болон 27 дугаар хороо хамтран Булгийн усны урсацыг Сэлбэ гол руу чиглүүлэх ажил өнөөдөр эхэллээ.

Дүүргийн Дэд бүтэц хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт газар дээр ажиллан зааварчилгаа өгч, бэлтгэл ажлыг яаравчлахыг үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Орон нутагт мал аж ахуй, газар тариаланг түшиглэн эдийн засгаа төрөлжүүлж байна

Бид Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүсийн зөвлөгөөний үеэр төвийн бүсийн аймгуудын хөгжлийн загварын талаар сурвалжиллаа. Улирлын онцлог, байгаль цаг уурын эрсдэлд өртөмтгий тус салбараас хэт хамааралтай байх нь эргээд орон нутгийн иргэдийн аж амьдралд хүндрэл учруулдаг. Тиймээс ч эдийн засгаа төрөлжүүлэх, мал аж ахуйн салбарын эрсдэлийг бууруулах шаардлагатай болж байна. Энэ удаад Өвөрхангай, Сэлэнгэ аймгийг жишээлэн хэрхэн хөгжиж байгааг хүргэе.

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ЭДИЙН ЗАСГАА ТӨРӨЛЖҮҮЛЭН ХӨГЖҮҮЛНЭ

2018 оны эхний байдлаар Өвөрхангай аймгийн хэмжээнд малаа таван төрөл дээр нь өсгөж, 5.7 сая толгой мал тоолуулж, малынхаа тоогоор сүүлийн 3 жил дараалан улсад тэргүүлж, мянгаас дээш малтай өрхийн тоо 941-д хүрчээ. Тоо толгойн өсөлт тийм ч чухал үзүүлэлт биш гэж үзсэн аймгийнхан хонь, ямаа, үхэр сүргийн ашиг шимийн түвшинг тогтоож, бусад үүлдэр, омгийн малтай харьцуулсан судалгаа хийж байна. Олон малыг тэжээхэд тэр хэмжээний өвс, тэжээл хэрэгтэй учраас хадлангийн талбай асуудал болоод байна. Тиймээс аймгийн удирдлагууд мал аж ахуйн хамаарлаа бууруулж, үйлдвэрт түшиглэн хөгжих бодлого барьж байгаагаа Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд ярилаа.

21 аймагт 100 хөнгөн үйлдвэр байгуулах зорилт бүхий Үйлдвэржилт 21:100 хөтөлбөрийн хүрээнд Өвөрхангай аймагт жилд 3600 тонн дулааны аргаар боловсруулсан мах экспортлох хүчин чадалтай мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, жилд 30 тонн органик бордоо үйлдвэрлэх бордооны үйлдвэр, хоногт нэг тонн хатааж, нөөшилсөн хүнсний ногоо үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр, хоногт 1500 литр хуурай сүү үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар болсон. Эдгээр үйлдвэр ашиглалтад орсноор 200 орчим ажлын байр шинээр бий болж, аймгийн эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр болно гэж үзэж байна.

СЭЛЭНГЭ АЙМАГТ ГАЗАР ТАРИАЛАН, ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ ХОСЛОН ХӨГЖИНӨ

Сэлэнгэ аймаг нь газар тариалангийн салбарт улсын хэрэгцээт үр тарианы 60 хувь, төмсний 28 хувь, хүнсний ногооны 36 хувь, байгалийн хадлангийн 20 хувийг үйлдвэрлэж, үр тариа, хадлангаар улсдаа тэргүүлдэг. Энэ нь сайн үзүүлэлт мэт боловч мөн л нэг салбараас хараат байдалд оруулж байна. Тиймээс аймгийн 2000 гаруй малчдын 60 гаруй хувь нь эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон эрхлэх стратегийн бүс болохыг зөвшөөрснөөр малчид, тариаланчид зөрчилдөх бус хамтран хөгжих шийдэлд хүрсэн. Иргэдийн энэхүү санаачилга, орон нутгийн удирдлагуудын саналаар Засгийн газар Сэлэнгэ тэргүүтэй 7 аймгийг газар тариалангийн бүс нутгаар тогтоосон юм.

Ийнхүү газар тариаланг түшиглэн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхээр шийдсэн Сэлэнгэ аймаг мах, сүүний үхэр, махны чиглэлийн үхэр, сүүний чиглэлийн ямаа, гахай, шувуу, зөгийн аж ахуй эрхэлж байна. Тодруулбал, мах, сүүний өндөр ашиг шимт Казахийн цагаан толгойт, Сэлэнгэ, Халимаг, Симменталь, Лимузин, Ангус, Грефорд үүлдрийн үхрийн аж ахуй, Англи, Будеон үүлдрийн адуу, нарийн нарийвтар ноост Хангай, Орхон, Ерөө, Суффолк үүлдрийн хонийг өсгөн үржүүлж байгаа юм. Нөгөөтэйгүүр газар тариалан эрхлэгчид талбайнхаа 30 хувьд малын тэжээл тариалж, аймгийнхаа малчин өрхөд хөнгөлөлттэй үнээр олгох зохицуулалт хийж байна

Categories
мэдээ нийгэм

“Монгол, Хятад, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт”-д оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг бүртгэж байна

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газар, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газар, Эрхүү мужийн Засгийн газар болон Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газар, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран 10 дахь удаагаа “Монгол, Хятад, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт”-ыг 2018 оны 08 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотноо зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээний хүрээнд хүнс, хөнгөн, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид талбайн түрээсийн төлбөргүйгээр үзэсгэлэн худалдаанд оролцох, мөн гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хамтран ажиллах төслүүдээ танилцуулах боломжтой тул оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд /утас:11-312371/ бүртгэж байна.

Categories
мэдээ нийгэм

286-р галт тэрэгний зорчигчдод “Ган зам даатгал” ХХК-иас тусламж олгож байна

Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох гэнэтийн хүчтэй аадар борооноос үүссэн үерийн улмаас Улаанбаатар-Сайншандын чиглэлд аялж явсан суудлын 286-р галт тэрэг 2018 оны 8 дугаар сарын 12-ны өглөө замаас гарч осолдсонтой холбогдуулан осол болох үед тус галт тэргэнд зорчиж явсан нийт зорчигчид, цуваанд ажил үүргээ гүйцэтгэж явсан төмөр замын болон бусад холбогдох байгууллагын ажиллагсад тус бүрт 300.0 /гурван зуу/ мянган төгрөгийн нэг удаагийн тусламж олгохоор “Ган зам даатгал” ХХК шийдвэрлэсэн болно.

Тусламжийг УБТЗ-ын мэдээлийн санд бүртгэгдсэн зорчигчдын жагсаалтыг үндэслэж олгох тул тус галт тэргэнд сууж явсан нийт зорчигчид өөрийн зорчих эрхийн тасалбар, иргэний үнэмлэх, албан үүргээ гүйцэтгэж явсан хүмүүс албан байгууллагынхаа тодорохойлолт, ажлын үнэмлэхийн хамт “Ган зам даатгал” ХХК-д хандана уу.

Хаяг: Баянгол дүүрэг, Сөүлийн гудамж 45/3, “Одод” цогцолбор-201 тоотХолбоо барих утас: (21) 242667, (21) 242668 И-мэйл: daatgal@gzd.mn

Осол гарсан өдөр гэмтэл бэртэл авч, төв, орон нутгийн эмнэлэгт хүргэгдэн хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүст дээрх 300.0 /гурван зуу/ мянган төгрөгийн тусламжийг газар дээр нь бэлнээр шуурхай олгоод байна. Үүнээс гадна, энэ ослоос гэмтэл бэртэл авсан зорчигчийн гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөрийг холбогдох материалыг үндэслэн хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаа, хувь хэмжээгээр тооцон олгоно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Эдийн засгийг унагасан шийдвэрүүдийг санаачлагчаар нь овоглож байя

Доллар үйлдвэрлэдэггүй Монгол ногоон валют чирч ирдэг ганцхан салбартай. Тэр нь уул уурхай. Ноолуурынхан дажгүй доллар олдог ч уул уурхайтай харьцуулбал чимх төдийг л чирч ирдэг. Цагтаа Монгол Улсыг “Рио тинто”, “BHP Billiton”, “Пийбоди” гээд дэлхийн уул уурхайн аваргууд сонирхдог байлаа. Цагтаа гэдэг нь ердөө зургаа, долоохон жилийн өмнө. Харин одоо бол Оюу толгойд тэрбумаар хэмжигдэх долларын хөрөнгө оруулалт хийчихсэн тулдаа л “Рио тинто” тэсч үлдээд байна. Бусдынх нь бараа бүү хэл сураг ч алга болсон. Овоохон валютын нөөцтэй бол инфляцид дарлуулахгүй, сард авдаг хэдэн төгрөгөө цаас болгочихгүйхэн шиг амьдран суух боломж уг нь бий. Харамсалтай нь бид доллар олж ирдэг сувгаа хаачихсан. Өнөөдөр уул уурхайд Оюу толгойгоос өөр тэр гээд хэлчихээр том төсөл байхгүй. Таван толгойгоо хөдөлгөнө, олон улсын хөрөнгийн бирж дээр IPO хийж мөнгө босгоод төмөр замтай юутай хүйтэй нь сэвхийлгээд өгнө гэж байгаа ч бүрэн эрхийн хугацаа нь талдаа орсон Монголын засаг төрд итгэж мөнгөө өгөх хүн юу л бол. Баруунд нэг гоё жишиг бий. Баталсан хууль бүр эзнээрээ овоглогддог жишиг. Тэр тухай ярих гээд энэ хүртэл халтирчихлаа л даа. Жишээ нь, бид улсыг маань долларгүй болгоход том хувь нэмэр оруулсан хуулиудыг, тэр хуулиудын автор нь хэн хэн болох тухай мэддэг баймаар санагддаг. Долларын ханш өсөх бүрт, төгрөг үнэгүйдэх мөч бүрт өнөө хуулиудыг авторуудтай нь яриад, хэлээд бичээд явбал ирэх жилүүдэд эх оронч хуулийн сүртэй зоригтой авторын тоо цөөрнө.

“ФОРТУНА” БАТБАЯР БУЮУ 68
ХУВИЙН АВТОР

Алт, зэсийн үнэ айхавтар өсөх үед гэнэтийн ашгийн 68 хувийн татварын хууль гарч алтны компаниудыг нинжа болгож байв. Алтны зах зээл хөшигний ард орж, Монголд олборлосон алт хулгайгаар хил давж эхэлсэн юм. Үр дүнд нь жилдээ хориод тонн алт авчихдаг байсан Төв банкны сан хоосорч жилдээ гурав хүрэхгүй тонныг авч байлаа. Ном дүрмээрээ татвараа төлөөд ажиллаж байсан алтны компаниуд энэ хуулиас болж дориухан нинжа болж хувирсан түүхтэй. Уул уурхайд үндэсний том компани алга, гадныханд өгөөд дууслаа гэж халаглаад явдагийн маань цаад шалтгаан нь ч энэ хуультай холбоотой. Тухайн үед өндийж байсан алтны компаниудыг 68 хувийн татвараар сэхэхээргүйгээр цохиж унагаагүй бол тэд өдийд уул уурхайн үндэсний том компаниуд болчихсон яваа гэж учир мэдэх улс ярьдаг. Үндэсний том компаниуд нь алт олборлолтыг хариуцлагатайгаар хийж, олборлолт нь ихсэх хэрээр төв банк валютын нөөцөө арвижуулсан шигээ данайж суух боломж уг нь байсан юм.

Нэг онигоо шиг яриа бий. Яриа ч биш юм аа, бодитой мэдээлэл. 68 хувийн гэнэтийн ашгийн татвар авах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-ын байнгын хороогоор шийдэх гэж байж л дээ. Хуулийг санаачлагч “Фортуна” нэрээрээ олонд танигдсан Н.Батбаяр “Монгол залуу Японы сумогийн 68 дахь их аваргаар тодорлоо. Энэ том үйл явдлыг бэлгэшээгээд татварын хэмжээг 68 хувиар тогтооё” гэж байж. Энэ тухай тэр үед байнгын хорооны хуралдааныг сурвалжилж явсан сэтгүүлчид өнөөг хүртэл толгой сэгсрэн ярьцгаадаг. Алт, зэсийн үнэ огцом өссөн тухайн үед татвараа тодорхой хувиар нэмэх нь УИХ-ын эрх л дээ. Бусад улс ч ийм жишиг барьдаг тал анзаарагддаг. Гэхдээ эдийн засагт нөлөөлөхөөр хэмжээний ийм шийдвэрийг ултай судалж, нарийн тооцоолсны эцэст татварыг хичнээн хувь нэмэхээ тогтоох учиртай. Нэг иргэн нь харь улсын үндэсний бөхийн 68 дахь аварга болчихсонд баярлаж догдолсон хууль тогтоогчид улсынх нь төсвийг бүрдүүлдэг гол баялаг болох алт, зэсийн татварааяг тэр тоогоор нь нэмсэн гэвэл итгэх хүн гарахгүй байх. Лав л эдийн засаг нь сонгодог утгаараа хөгжиж яваа орны улстөрчдийн ой тойнд буухгүй. Дажгүй хөгжиж байгаа орны улстөрчид судалгаа, нотолгоон дээр үндэслэсэн хуулийн төслийг хэлэлцэхдээ дараа нь гарах үр дагаврыг нарийн тооцсоны эцэст баталдаг. Тэгдэг учраас эдийн засаг нь тэлдэг юм.

ГАДААДЫН ХӨРӨНГӨ
ОРУУЛАЛТЫГ ҮРГЭЭСЭН Г.ЗАНДАНШАТАРЫН ХУУЛЬ

Стратегийн ач холбогдолтой салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг санаачлан өргөн барьж, батлах хүртэл нь хүчтэй лобби хийсэн улстөрч бол Г.Занданшатар. Тэрбээр тухайн үед Гадаад харилцааны сайдын албыг хашиж явсан юм. Гадаад харилцааны сайдынхаа хувьд хуулийн төслийнхөө тухай танилцуулга мэдээллийг сэтгүүлчдэд өгч байсныг нь тод санаж байна. Тухайн үед тэр “Нэг салбараас хэт хамааралтай, экспортын цөөн нэр төрлийн бүтээгдэхүүн гаргадаг манай улсын хувьд уул уурхайн салбарт илүү нээлттэй чөлөөт өрсөлдөөнийг хамгаалах, монополиос сэргийлэх нь зайлшгүй хэрэг болчихлоо” гэж байв. Уул уурхайн салбарын хэт хамаарлаас татгалзах бодлого хэрэгжүүлэх ёстой гэсэн санаа нь зөв ч яг ямар гарцаар яаж хөдөлвөл эдийн засгийн бусад салбараа өндийлгөөд авах вэ гэсэн эдийн засагч, шинжлэх ухаанч хандлагагүйгээр муйхарлаад баталчихсан хууль л даа. Үр дүнд нь уул уурхайн салбар элгээрэ хэвтсэн. Хууль баталсан жил нь 2012 он. МАН засаг бариад буухдаа ийм хууль баталж, үр дүнд нь хөрөнгө оруулалтын хэмжээ жил хүрэхгүй хугацааны дотор огцом буурсан статистик бий. Хэдэн тоо хэлье. Монгол Улсад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт 2008 онд 708 тэрбум, 2009 онд 801 тэрбум төгрөг байсан бол 2010 онд нэг их наядаар хэмжигдэж байв. Ердөө жилийн дараа буюу 2011 онд дөрвөн их наяд төгрөгт хүрч огцом цойлсон юм. Энэ аварга тооны ард Оюу толгойн хөрөнгө оруулалт эрчимжсэн гэх тайлбар байгаа. 2012 онд ч хөрөнгө оруулалтын хэмжээ өндрөө алдаагүй. 3.9 их наяд төгрөгөөр хэмжигдсэн. Харамсалтай нь Г.Занданшатарын хууль батлагдсаны дараа хөрөнгө оруулалт огцом уруудсан түүхтэй. 2013 оны эхний зургаан сарын байдлаар Монголд орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт 28 тэрбум 900 сая төгрөг байна гэж тухайн үеийн Статистикийн хороо мэдээлж байлаа. Өнөөдөр Монголд гадны том хөрөнгө оруулагч гэвэл “Рио”-гоос өөр байхгүй тухай өмнө нь дурдсан. Засгийн газар олон улсын зах зээл дээр IPO гаргаж мөнгө босгох гээд үзээд л байна. Мөнгө босгоод төслөө хөдөлгөвөл сайн хэрэг. Гэхдээ “Итгэж мөнгөө өгөх хөрөнгө оруулагч бараг л алга. IPO хийж чадах эсэх нь эргэлзээтэй” гэж мэдээлэлд ойр эх сурвалжууд хэлж байна. Уг нь бид тэднийг гуйх биш, тэд биднийг гээд ирдэг үе Г.Занданшатарын хуулиас өмнө байсан юм.

ХЭРЭГЖДЭГГҮЙ
ШИЙДВЭР БА Б.БАТ-ЭРДЭНИЙН УРТ НЭРТ

Өнөөг хүртэл хэрэгжээгүйгээс гадна өчнөөн хөрөнгө оруулагчийг үргээж, алтны хууль бус наймааг хөгжүүлсэн шийдвэр бол урт нэртэй хууль. Тодруулж хэлбэл, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль долларын урсгалыг сааруулахад нөлөөлсөн том шийдвэрийн нэг. 2009 онд батлагдсан энэ хуулийн гол автор нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Түүнээс гадна Тухайн үед УИХ-ын гишүүн байсан Г.Баярсайхан, Д.Ганхуяг, Ц.Сэдваанчиг, С.Одонтуяа, Ц.Даваасүрэн, Ц.Мөнх-Оргил, С.Сайхансамбуу, Д.Энхбат нар энэ хуулийн төслийг өргөн барилцаж байсныг онцолъё. Хуулийн гол санаачлагч Б.Бат-Эрдэнэ өдгөө ч төрийн ордонд хууль батлалцаж суугаа. Ц.Даваасүрэн нь бас УИХ-ын гишүүн болж, сайдын албанд очоод буй. Эрхэм гишүүн сүүлийн үед Оюу толгой төслийг улстөржүүлж буй улстөрчдийн эхэнд бичигдэж байгаа. Хуулиар хориглосон талбайн хилийн заагийг тогтоох ажил удааширсан нь урт нэртэй хууль хэрэгжихгүй сунжрах шалтгааны нэг болж байлаа. Хууль батлагдсан даруйд тухайн үед хайгуул, олборлолт явуулж байсан олон компанийн ажлыг зогсоосон юм. Мөнгөө гаргаад хайгуул хийж, олборлолт явуулж байсан компаниуд зарцуулсан мөнгөө төрөөс нэхэх нь зүйн хэрэг. Засгийн газрын баталсан хилийн заагт хамаарсан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид өчнөөн тэрбумын нөхөн олговор шаардсан түүхтэй. Тэд өнөөдөр ч нөхөн олговроо авч чадаагүй яваа.

Categories
мэдээ спорт

10 жилийн өмнө бид Олимпийн аваргатай болж байжээ

Хүн төрөлхтний эв нэгдлийн их баяр олимпийн наадамд Монгол хүн аваргалж, Монгол Улсын анхны олимпийн аварга төрж байсан өдөр бол өнөөдөр.

Тодруулбал, одоогоос яг 10 жилийн өмнө буюу “Бээжин-2008” зуны олимпийн XXIX наадмын жүдо бөхийн -100 кг-ын жинд Найдангийн Түвшинбаяр Казахстаны бөх А.Зиткийг ялж Олимпийн аваргын алтан медалийн тавцанд зогссон билээ.

Монгол Улсын алтан соёмбот далбаагаа Бээжингийн тэнгэрт мандуулж, эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлсэн аваргаа бид баярлаж, бахархаж, уйлж, дуулж, эвлэлдэн нэгдэж угтсан юм.

Монголчуудад их ялалтыг авчирч, эв нэгдэл, бахархалыг нь сэргээсэн, Монгол Улсын түүхийн хуудаснаа алтан үсгээр бичигдэх үйлстэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяртаа баярын мэнд хүргэе.

Categories
мэдээ нийгэм

Эвдэрсэн галт тэрэгний замыг сэргээн засч дуусчээ

Осолдсон галт тэрэгний замыг сэргээн засч дуусчээ. Тодруулбал, өчигдөр 18.00 цагаас нээнэ хэмээн төлөвлөсний дагуу нээж, өчигдөр анхны зүтгүүр нь орж ирсэн байна. Зам сэргээн засварлах ажилд 200 гаруй төмөр замчид ажиллаж, Зэвсэгт хүчний дугаар ангиас Т-55 танк ажиллуулсан юм.

Сануулахад, Улаанбаатараас Сайншандыг зорин явсан галт тэрэг өнгөрсөн ням гаригийн үүрээр онхолдож, дөрвөн вагон замаасаа гарсан харамсалтай хэрэг гарсан. Ослын шалтгаан нь хүчтэй аадар бороо орсоноос болсон гэж дүгнэж байгаа юм. Тиймээс байгалийн давагдашгүй хүчний хор хохирлыг арилгахаар төмөр замчид шаргуу ажиллаж байж ийнхүү осолдсон галт тэрэгний замыг сэргээн завсарлаж дууссан байна.