Categories
мэдээ нийгэм

Зэвсэгт хүчний анги нэгтгэлд “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт сургалт зохиолоо

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай хамтран “Эерэг–Эх орон” сэдэвт аян хэрэгжүүлж байгаа бөгөөд тус аяны хүрээнд энэ сарын 10-ны өдөр Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн алба хаагчдад “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Залуучуудад гэр бүлийн тогтвортой харилцааг хэрхэн бий болгох, гэр бүлд эхнэр, нөхрийн хүлээх үүрэг хариуцлага, хүүхдийн хөгжил, төлөвшилд гэр бүлийн харилцаа хэрхэн нөлөөлөх нь, бэрхшээлийг даван туулах чадвар, асуудлыг эерэгээр шийдэх гарц олох, эерэг хандлагыг төлөвшүүлэх сэдвээр нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Захиргааны хэлтсийн дарга Н.Мандуул мэдээлэл өгсөн юм.

“Эерэг–Эх орон” аяны хүрээнд Зэвсэгт Хүчний Жанжин Штабын 1593 алба хаагчдад “Гэр бүлийн үнэ цэнэ”, “Эерэг сэтгэлгээг хөгжүүлцгээе” сэдэвт сургалт, нөлөөллийн ажлыг өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн зохион байгуулсан.

Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон залуучуудад эерэг хандлага төлөвшүүлж, нийгмийн сэтгэл зүйд давамгайлсан сөрөг уур амьсгалыг өөрчлөх, ёс суртахуун, хариуцлага, харилцааны эерэг соёлыг нэмэгдүүлэх, гэр бүлийн боловсрол олгох зорилгоор энэхүү сургалтыг 2018 оны 10 дугаар сар хүртэл Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай хамтран Улаанбаатар хүрээний цэргийн ангиудад зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

БНХАУ-д газар хөдөлсний улмаас 18 хүн гэмтжээ

Хятадын Юньнань мужид таван магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 18 хүн шархадсан байна. Уг газар хөдлөлт Тонгхай, Хуанинг мужийг хамарч ихээхэн хэмжээний барилга байгууламжийг сүйтгэсэн гэж орон нутгийн Иргэний хэрэг эрхлэх газрын хэлтсээс мэдээлжээ.

“Миний ажлын өрөө чичирч эхэлсэн” гэж Тонгхай хотын Ортотехникийн эмнэлэгийн сувилагч Чан Ли ярьжээ. Түүнчлэн тэрбээр гэртээ очиход газар хөдлөлтөөс үүдэн гэр нь нурсан байсан ба ээжийнх нь хөл юманд дарагдсан байжээ. Харин Цагдаагийн алба хаагчид ээжийг нь эмнэлэгт хүргэхэд тусалсан байна. Орон нутгийн Иргэний хэргийн хэлтэс газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүсэд 200 орчим майхан, 600 ор, 1000 хөнжил өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Эрээн хотод зорчиж буй Монгол иргэдэд зориулан Вичат тусгай суваг нээжээ

Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Эрээн хотын Дотоодыг хамгаалах газартай хамтран QR код бүхий мэдээллийн Вичат /WeChat/ тусгай сувгийг нээн ажиллуулж эхэллээ.

Вичат тусгай сувагт монгол иргэдэд зориулан 5 төрлийн хуулийн холбогдох заалтыг хятад, монгол, англи хэлээр байршуулсан бөгөөд цаашид цаг үеийн болон шаардлагатай бусад мэдээ, мэдээллээр баяжуулах аж.

БНХАУ-ын Эрээн хотыг зорьж буй иргэд уг QR кодийг гар утсан дээрээ уншуулж, гадаад иргэдтэй холбоотой БНХАУ-ын хууль тогтоомж болон цаг үеийн мэдээ, мэдээллийг түргэн шуурхай авах боломжтой юм.

Categories
гадаад мэдээ

Дрон илрүүлэгч цахилгаан машиныг зохион бүтээжээ

ОХУ-ын Пенза хотын улсын их сургуулийн оюутнууд болон эрдэм шинжилгээний ажилтнууд хамтран нисгэгчгүй аппаратуудыг илрүүлэх зориулалт бүхий цахилгаан автомашин зохион бүтээжээ.

“Тус их сургууль нь доогуур нисдэг, овор багатай нисгэгчгүй аппарат буюу дронтой ижилхэн объектуудыг илрүүлэх зориулалт бүхий автомашин зохион бүтээх захиалгыг “ЮМИРС” компаниас хүлээн авсан. Тавигдаж байсан гол шаардлага нь уг автомашин дуу чимээ багатай байх. Их сургуулийн ажилтнууд дотоод шаталтын хөдөлгүүрийг цахилгаан хөдөлгүүрээр сольсноор зорилгодоо хүрч чадлаа” гэж Пензагийн их сургуулийн эрдэм шинжилгээ ажил, инновацийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Игорь Артемов ярьж байна.

Задгай багги загварын автомашинтай төстэй уг цахилгаан автомашин нь зай тэжээлээс хамааран 50-100 км зайг туулах чадвартай ба түүн дээр “ЮМИРС” компанид үйлдвэрлэсэн радиолокацийн “Радескан-Антидрон” гэдэг системийг угсарчээ. Энгийн хийцтэй, үл анзаарагдам энэ автомашин хоёр хүний суудалтай ба хурд сайтай, чимээ багатай аж. Хээрийн туршилт амжилттай болсноор тодорхой зайг туулж, нисгэгчгүй аппаратыг илрүүлж чадсан байна.

Шинэ цахилгаан автомашиныг Бүх Оросын төрөлжсөн үзэсгэлэнгүүдийн үеэр олон нийтэд үзүүлэх аж. Үүний сацуу, цахилгаан автомашиныг жолоочгүй болгож, алсын зайнаас локаторыг удирдах зэргээр улам боловсронгуй болгох ажлыг үргэлжлүүлнэ гэдгийг И.Артемов хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Шилдэг есөн старт-ап бизнес эрхлэгчдийг шалгаруулжээ

Хөгжиж буй улс орнууд дахь шилдэг гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой “Seedstars World” тэмцээнийг манай улсад 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа талаар өмнө мэдээлсний дагуу тус тэмцээний эхний шатны сонгон шалгаруулалт наймдугаар сарын 10-нд дуусч, 40 гаруй бизнес эрхлэгч онлайнаар бүртгүүлснээс шүүгчдийн баг сүүлийн шатанд гарааны 9 бизнесийг сонгоод байна. Энд:

  • Erxes Inc: Хиймэл оюун ухаан дээр суурилсан, хэрэглэгчидтэй харилцах борлуулалт, маркетингийн мессежийн нээлттэй платформ,
  • Gerege Pay: Түргэн хугацаанд төлбөр хийх онлайн гүйлгээ бүхий платформ,
  • iHotel: Аялал жуулчлал, зочид буудлын захиалгын технологийн шийдэл,
  • Mixsor: Гар утаснаасаа агаарын чанарыг хэмжих төхөөрөмж,
  • Nomadicsoft: Хиймэл оюун ухаан дээр суурилсан, илгээмжээ хямд үнээр, түргэн хүргэх боломжтой ухаалаг хүргэлтийн систем,
  • Ondoo: Хиймэл оюун ухаан дээр суурилан хүн бүрийн онцлогт тохируулан бие даасан, шинийг санаачлагч, логик сэтгэлгээтэй, багаар хамтран ажиллах ур чадварыг эзэмшүүлэх систем,
  • Onebelt Freezone: Тээвэрлэлт болон бусад холбогдох үйлчилгээг холбох ложистик платформ,
  • Pink Kiwi: Онлайн контентоор хандив, сар бүрийн хураамж, зар сурталчилгаанаас ашиг олоход тусалсан шууд нэвтрүүлгийн апп,
  • TODA: Олон улсын мөнгөн гуйвуулга, крипто валют хурдан, хямд солилцох боломж олгодог санхүүгийн платформ тус тус сонгогдон үлдээд байна.
Дээрх бизнесүүд байгуулагдаад 2 жилээс хэтрээгүй, бүтээгдэхүүн туршилтын хувилбар буюу MVP (Minimial Viable product)-ээ боловсруулсан, ашгийн төлөө шинэлэг бизнес санаа нь 3-4 жилийн зорилттой, дотооддоо төдийгүй гадаад зах зээлд гарч тэлж ажиллах боломжтой, зөвхөн шинэ санаа технологи гэлтгүй байгаль орчин ногоон бизнесийн чиглэлээр байж болно гэсэн шалгуурыг давсан юм. Эдгээрээс нэг бизнес нь шалгаран үлдэн эх орноо төлөөлөн Швейцарьт болох дэлхийн тэмцээнд оролцсноос нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт авах эрх бүхий боломж хүлээж байгаа юм. Шинэ үеийн залуу бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулагчидтай холбож өгөн зуучлах, шилдэг бизнес эрхлэгчдийг туршлагаас сурах, зөвлөгөө авах, улмаар санхүүгийн дэмжлэг авах зорилготой “Seedstars World” тэмцээнийг дэлхийн 75 оронд зохион байгуулдагаас манай улсад өнгөрсөн жил анх удаагаа болж санхүүгийн апплакейшн бүтээсэн “Татаа тунгаа” компани шалгарч байв. Харин энэ удаагийн шилдэг нэг гарааны бизнесийг наймдугаар сарын 16-18-ны хооронд шалгаруулна. Энэ үеэр сонгосон 9 бизнес эрхлэгчийг 2 өдрийн эрчимжүүлсэн сургалтад хамруулан 3 дахь өдөр нь буюу наймдугаар сарын 18-ны 13.00 цагт Нийслэлийн инновацийн төв “Hub Innovation Center”-т шилдгийг тодруулах юм.
“Seedstars Ulaanbaatar-2018” тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Юнител” групп, мөн ивээн тэтгэгчээр Монголын санхүүгийн анхдагч финтек гарааны компани Лэнд МН”, мэдээлэл технологийн “Ай түүлс” компаниуд болон “Стар Ап Монгол” ТББ, Нийслэлийн Үйлдвэрлэл инновацийн газар, Hub төв, “Unread.today” сайт, Монголын гарааны бизнесийн эко системийн оролцогч талууд ажиллаж байна. Үзэгчдийг : https://seedsta.rs/ulaan18_attend хаягаар бүртгэж байна.

Тодруулга: Тэмцээнийг зохион байгуулагч олон улсын “Seedstars World” байгууллага нь Швейцарь улсад байрладаг, дэлхий дахинаа хөгжиж буй орнуудын гарааны бизнесийг дэмжих үүднээс олон улсын тэмцээний шагналыг санг бүрдүүлэх зорилгоор “Майкрософт”, “Амазон” зэрэг дэлхийн томоохон компаниудтай хамтран ажилладаг бөгөөд өнгөрсөн хугацаанд олон улсын старапын тэмцээнд оролцогчдод нийтдээ 61 сая ам.долларын хөрөнгө оруулалт босгож өгөн дэлхий даяар 800 гаруй бизнес эрхлэгч багийг ажлын байраар хангаад байна. “Seedstars Ulaanbaatar-2018” тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах эрхийг Монголын гарааны бизнесийн тоглогчдын нэг “Стар Ап Маркетинг спейс” төв авч түншлэн ажиллаж байна.
Categories
мэдээ нийгэм

Гэрээт малчнаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлжээ

Улсын хэмжээнд нийт ажиллагсдын 31 орчим хувь нь ХАА-н салбарт ажиллаж байна. Эндээс харвал ажлын байрны томоохон орон зай хөдөө орон нутагт, тэр дэндээ мал аж ахуйн салбарт байгаа юм. Гэвч хөдөө нутагт залуу малчдын тоо өдрөөс өдөрт цөөрсөөр байгаа билээ. Тиймээс “Гэрээт малчин” төслийг хэрэгжүүлэхээр болсныг салбарын яамнаас мэдэгдсэн юм.

Хөдөө, орон нутаг руу нүүх тээврийн зардлыг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хариуцах юм байна. Гэрээт малчин нь олон малтай малчинтай хөдөлмөрийн гэрээ байгуулах бөгөөд энэ нөхцөлд мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тус бүрд нь нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувь хөнгөлж, гэрээт малчныг гэр бүлтэй нь хамт мөн нийгмийн даатгалын шимтгэлийг 100 хувь төлнө.

Гэр бүлээрээ ажиллаж байгаа учир гэр бүлийн гишүүнд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний мөнгийг өгөх юм. Мөн уналгын хэрэгсэл, хоол хүнс зэргийг олгоно. Эхний удаад уг төслийг Увс аймагт хэрэгжүүлэхээр болжээ. Гэрээт малчин болох хүсэлтэй айлууд болон авч ажиллуулах малчдыг бүртгэж эхэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хөрөнгийн бирж 258,622 ширхэг хувьцаа арилжааллаа

2018 оны наймдугаар сарын 13-ны өдөр I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 258,622 ширхэг хувьцаа арилжигдсанаас зургаан компанийн хувьцааны ханш өсч, 12 компанийн хувьцааны ханш буурсан байна. Харин гурван хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Ган хэрлэн” (HZB+14.98%) болон “Хөсөг трейд” (HSG+14.96%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Агротехимпекс” (ATI-9.3%) болон “Ноёт хайрхан” (NIE-7.14%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр “TOP 20” индекс 19261.57 нэгж болж 0.65 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,351,476,310,673.37 төгрөг боллоо.

З.МӨНХСУВД

Categories
мэдээ нийгэм

Хангай бүсийн банкны ажилтны зөвлөгөөн боллоо

Монголбанкнаас хоёр дахь жилдээ банкны салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг эхлүүллээ. Энэ удаагийн Хангайн бүсийн зөвлөгөөн Хөвсгөл аймгийн төв Мөрөн суманд наймдугаар сарын 11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдав.

Зөвлөгөөнийг нээж Монголбанкны Дэд Ерөнхийлөгч үг хэлж, Нөөцийн удирдлага санхүүгийн зах зээлийн газар, Төлбөр тооцооны газар, Тамгын газрын удирдлагууд болон Хяналт шалгалтын газар, Хууль эрх зүйн газар, Дотоод аудитын газар, ОНБМТ-ийн төлөөллүүд “Банкны салбарын хууль эрх зүйн шинэчлэл”, “Үндэсний төлбөрийн системийн тухай хууль”, “Мөнгөний үзүүлэлтүүд ба зээлийн хүү”, “Мөнгөний бодлогын шийдвэрүүд ба хэрэгжилт”, “Орон нутаг дахь банкны нэгжид зайнаас хяналт тавих аргачлал”, “Эх орны алтаа Эрдэнэсийн сандаа аяны хэрэгжилт” зэрэг сэдвээр танилцуулга хийж, мөн өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тус бүсийн зөвлөгөөнд Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс, салбаруудын захирал, ажилтнууд болон орон нутаг дахь арилжааны банкны салбаруудын удирдах ажилтнууд оролцов.

Мөн энэ үеэр Монголбанкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтох болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Төмөрбаатар нартай уулзалт хийж санал бодлоо солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

21.3 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсээс харшлын эсрэг хамтдаа уриатай “Шарилжгүй Улаанбаатар-3” аяны хүрээнд хөл газрын ургамал, шарилж, луулины их цэвэрлэгээг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

Цэвэрлэгээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, дүүргийн дэргэдэх харьяа хэлтэс, албад болон 28 хороонд үйл ажиллагаа явуулж буй 205 аж ахуйн нэгж байгууллагын 310 иргэн, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 82 багш ажилчин болон Сууц өмчлөгчдийн холбоод хамтран оролцлоо.

Тус цэвэрлэгээгээр дүүргийн хэмжээнд нийт 19.640 м.кв талбайн 21.3 тонн хог хаягдлыг 12 рейсээр ачиж тээвэрлэсэн байна. Мөн дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-уудын зам талбайн цэвэрлэгч болон иргэдийн бүлгийн ажилчид зурган маршрутын дагуу хөл газрын ургамлыг устгаж, цэвэрлэлээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Эрдэнэбат: Бидний загварыг Англи, Европын холбооны төв банк ашиглаад эхэлчихсэн

– МУИС АЗИЙН 12000 ИХ СУРГУУЛИАС 63-Т ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ-

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессор Б.Эрдэнэбаттай ярилцлаа.


-Их сургуулиудын эдийн засгийн салбарын судалгааны чансааг гаргадаг Тилбургийн жагсаалтаар МУИС 63-т жагсч, эрэмбээрээ цойллоо гэсэн мэдээлэл цацагдаж байна. Өмнө нь хэдэд эрэмбэлэгдэж байсан юм бол?

-Тэгээс 63 руу шууд орж ирж байна.

-Мундаг үзүүлэлт байна. Дэлхийн хичнээн сургуулиас ямар шалгуураар ингэж эрэмбэлэгдсэн бэ?

-Нидерландын Тилбургийн их сургуулиас дэлхийн их сургуулиудын чансааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гурван үзүүлэлтэд тулгуурлаж тогтоосон. Нэгдүгээрт, топ 35 сэтгүүлд нийтлүүлсэн өгүүллийн тоог харсан. Эдийн засгийн шинжлэх ухаан гээд яривал дэлхийн хэмжээний 356 сэтгүүл бий. Дэлхийн топ 35 сэтгүүлийг тус бүрээр нь эрэмбэлсэн. Мөн тухайн өгүүлэл бусад эрдэмтдийн бүтээлд хэр олон удаа эшлэгдэж байгааг харсан. Article Influence Score буюу өгүүллийн нөлөөллийн оноо гэж бас бий. Гурван үзүүлэлтийн нэг нь тоог анхаарсан бол нөгөө хоёр нь чанарыг нь харсан байгаа биз. Тилбург зөвхөн тоон дээр тулгуурласан үзүүлэлт гаргадаг байснаа энэ жилээс чанарын хоёр үзүүлэлтийг нэмсэн. Манайх өгүүллийн нөлөөлийн оноо гэсэн үзүүлэлтээр Азидаа 63-т жагссан. Азид 12000 сургууль байдаг гэсэн статистик бий. Ази бол маш том тив. Израиль, Арабын улсууд, Япон, Солонгос, Хятад, Энэтхэг гэх мэт олон улс багтана. Оросын хувьд том сургуулиуд нь Европ талдаа учраас Азид ордоггүй. Манай эдийн засгийн шинжлэх ухааны салбарын тухайд Азидаа ийм өндөрт эрэмбэлэгдэж байсан удаагүй. Их сургуулиудыг ер нь эрдэм шинжилгээний ажлын чанараар нь эрэмбэлдэг. Англи, Америк, Хятадын том сэтгүүлүүд их сургуулиудыг ингэж эрэмбэлдэг. Олон өгүүлэл нийтлүүлсэн сургуулийг судалгааны сайн сургууль гэж үнэлдэг жишигтэй.

-Ингэж эрэмбэлэгдэхэд нөлөөлсөн судалгааны өгүүллийн сэдэв сонирхол татаж байна. Ямар сэтгүүлд хэн гэдэг багшийн өгүүлэл нийтлэгдээд МУИС Ази тивдээ цойлчихов?

-МУИС өгүүллийн нөлөөлийн оноо буюу аrticle Influence Score гэсэн үзүүлэлтээр 10 оноо авсан. 5.4 оноо нь миний ажилтай холбоотой. 4.6 онооных нь хувьд Канадын Конкордын их сургуульд багшилдаг Дамбын Лхагвасүрэн гэдэг багшийн өгүүлэл хамаатай. МУИС-ийн Эдийн засгийн тэнхимд түр хугацаагаар ажилласан юм. Тэр хугацаанд хийсэн ажлууд дээрээ Конкордын их сургуулиасаа гадна МУИС-ийн харьяаллыг давхар оруулсан нь МУИС-ийг оноог өсгөхөд нөлөөлсөн.

-Таны өгүүлэл ямар сэтгүүлд нийтлэгдсэн бэ?

Эдийн засгийн шинжлэх ухааны анхны сэтгүүлүүд 1800 оноос хэвлэгдэж эхэлсэн. Миний ажлын хувьд 1917 оноос үүсэлтэй Америкийн Харвард, MIT гэсэн хоёр том сургуулиас хамтран эрхэлж гаргадаг “Эдийн засаг статистикийн тойм” гэдэг сэтгүүлд хэвлэгдсэн юм. 100 жилийн түүхтэй сэтгүүл. Жилд дөрвөн дугаар гардаг. Эдийн засгийн шинжлэх ухааны сэтгүүлийн топ аравт багтдаг ийм сэтгүүлд Монголоос анх удаа миний ажил нийтлэгдсэн.

-Эдийн засгийн топ сэтгүүл нийтлэх өгүүллээ шалгаруулж авна гэдэг маш том өрсөлдөөн болно биз?

-Их сургуулийн багш нарын мөрөөдөл бол хийсэн ажлаа эдийн засгийн топ сэтгүүлд нийтлүүлэх. Тамирчдын мөрөөдөл олимпийн алтан медаль авах гэдэгтэй ялгаагүй зүйл л дээ. Дэлхий дээр 26 мянган их сургууль бий. Эдийн засгийн хувьд шинжлэх ухааны салбар дотроо хамгийн нөлөөтэй, хамгийн олон хүн сонирхдог салбар. Их сургууль бүр өөрийн гэсэн тэнхимтэй, нэг тэнхимд дунджаар 30 орчим багштай гээд бодоход аварга тоо гарна. Сургуулиудаас гадна мэргэжлийн судалгааны байгууллагууд гэж бий. Жишээлбэл, төв банкууд байна. Сангийн яам бас л мэргэжлийн байгууллага.

Энд ажилладаг мэргэжилтнүүдийн гол үүрэг бол шинжлэх ухаанд тулгуурлаж бодлого боловсруулах. Топ эдийн засгийн сэтгүүлийн хуудасны тоо хязгаарлагдмал, нэг дугаарт арваад өгүүлэл л хэвлэдэг. Жилд 40 өгүүлэл нийтлэгдэнэ гэсэн үг. Ач холбогдол, шалгуурын босгыг нь эндээс харчихаж болох байх.

-Өгүүллийнхээ агуулгыг энгийнээр сонирхуулаач?

-Өгүүллийнхээ тухай ярихын өмнө нэг ойлголт өгөх нь зүйтэй байх. Эдийн засагчид аливаа зүйлийг шинжлэхдээ эдийн засгийн загвар ашигладаг. Математик, статистикийн аргууд дээр тулгуурласан загваруудыг эдийн засгийн загвар гэж нэрлэдэг. Систем тэгшитгэлүүдээс гадна янз бүрийн шокуудтай.

-Тэгшитгэлийг математиктай хамааралтай гэж ойлголоо. Шок гэдэг нь юу билээ, статистикт хамаарах ойлголт уу?

-Тэгж ойлгож болно. Тухайн тэгшитгэлээс хүлээгдэж байгаа үр дүнг гажуудуулж байгаа хэсгийг нь шок гэж нэрлэдэг. Уг нь төгс ертөнц зөвхөн тэгшитгэлүүдээр жолоодогддог гэж математикчид хэлдэг. Харин статистикчид бүх зүйл математикийн томьёо биш, санамсаргүй шокууд байдаг гэж үздэг. Тэр шокуудыг орчуулчихаар эдийн засгийн загвар болж байгаа юм. Энэ загварыг бид эдийн засгийн амьдралыг тайлбарлахад ашигладаг. Олон улсын инфляци гэж бий. Монголын, Хятадын, Америкийн инфляци гэж байна. Энэ инфляциуд хоорондоо ямар холбоотойг судлахыг зорьсон.

-Инфляци хүн бүрт хамаатай учраас их хэрэгтэй сэдэв сонгожээ. Таны өгүүллийн эдийн засгийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр нь яг юу байсан бэ, энгийнээр тайлбарлаач?

-Тэгшитгэлүүд өөрийн гэсэн параметрүүдтэй. Тэр параметрүүд нь бүтцийн өөрчлөлтөд ордог. Тухайлбал, 1990 оноос хойш параметрийн утга нь өөрчлөгдчихсөн байж болно. Тийм бол хэзээ, хэдэн удаа, хэр хэмжээгээр өөрчлөгдснийг нь яаж тооцож болох вэ гэдэг асуудлыг шийдсэн.

-Таны хийсэн ажлыг хэн ашиглах вэ, инфляци гэхээр төв банкууд сонирхох уу?

– Тэгнэ. Бидний хийсэн ажлыг төв банкууд их ашигладаг. Монголын инфляцийн хичнээн хувь нь дотоодын эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч, хэдэн хувь нь Орос, Хятадаас хамаарч байгааг тогтоох сонирхолтой байдаг. Тэгж тогтоохдоо бидний загварыг ашиглана гэсэн үг.

– Монголын инфляцийн хичнээн хувь нь төр засгийн бодлогоос хамаардаг бол?

-Одоогоор энэ асуудлаар тухайлан сонирхсон газар алга байна л даа. Бидний судалгааны ажлыг өндөр хөгжилтэй орнууд маш их сонирхож байгаа.

-Ямар улсын төв банкууд сонирхсон бэ?

-Английн төв банк сонирхсон. Ашиглаад эхэлчихсэн. Европын холбооны Төв банк байна. Шинэ Зеланд, Туркийн төв банк бий. Биднийг уриад яг ямар учиртай загвар болохыг лавлаж, ашиглах аргыг нь заалгаж байна.

-Манай улсаас Засгийн газар ч юм уу, Төв банк сонирхоогүй хэрэг үү?

-Сонирхоогүй. Манай мэргэжлийн байгууллагууд мэргэжлийн талаасаа хэлбийж улстөр рүү хальчихсан хандлага анзаарагддаг.

-Уг нь Төв банк, Сангийн яамныхны хувьд чихээ сортойлгох ёстой асуудал байна даа. Та бүхний ажлыг мэдэхгүй яваад байна уу?

-Бүгд мэдэж байгаа. Харамсалтай нь улстөрийн халаа, сэлгээтэй байгууллага болчихлоо л доо. Зүй нь мэргэжлийн байгууллагын үүрэг гэдэг талаасаа сонирхох ёстой. Манай улсын тухайд бодлого боловсруулах хүрээнд сонирхох хүн одоогоор алга.

-Мэргэжлийн судлаачийн тань хувьд асуухгүй өнгөрч болохгүй нэг асуулт байна. Монголбанкны бодлого хэр зөв явж байгаа бол?

-Би өнгөрсөн гуравдугаар сар хүртэл жил гаруйн хугацаанд Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүнээр ажиллалаа. Төв банкны шинэ хууль гараад цомхотголд орсон. Анзаарч байхад миний тооцооллоос зөрсөн бодлого хэрэгжүүлээд байх шиг. Хэтэрхий хатуу мөнгөний бодлого бариад байна. Ийм арга эдийн засагт маш хор хөнөөлтэй. Тооцоо судалгаагүй хүмүүсийн хувьд болгоомжлох тал харагдаад байдаг. Алдаа хийснээс бодлогын хүүгийнхээ түвшинг нэлээд өндөр тогтоогоод явбал инфляци гарахгүй гэсэн бүдүүн хадуун ойлголтоор хандаад байна. Уг нь шинжлэх ухааны түвшинд нэлээд гүнзгий судлагдчихсан асуудал. Шинжлэх ухааны мэдлэгийг ашиглавал илүү зөөлөн, эдийн засагтаа ээлтэй бодлого хэрэгжүүлэх боломжтой.

-Жишээ нь төв банкнаас ямар бодлого хэрэгжүүлбэл эдийн засагт өгөөжөө өгөх вэ?

-Инфляци өндөр байх нь мэдээж муу. Гэхдээ үүнийг цорын ганц зорилго болгоно гэвэл маш том алдаа. Мэдээж бидэнд эдийн засгийн хүртээмжтэй өсөлт хэрэгтэй. Ажилгүйдлийн түвшин нам дор байх ёстой. Үүнийгээ анхаарахгүй байна л даа. Эдийн засагтаа дэм болохоор бодлогууд хэрэгжүүлчихвэл инфляци гаарчих байх гэсэн ганцхан мангас гаргаад ирчихсэн. Тэгээд тэрнээсээ айсан бодлого хэрэгжүүлээд байна. Өнөөдрийнхөөс илүү зөөллөх орон зай өчнөөн бий.

-Өнгөрсөн Засгийн газрын үед хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөр мөнгөний бодлогын хувьд хэр зөв шийдэл вэ?

-Буруу шийдэл. Үндсэн үүргээсээ хальсан зүйл хийсэн. Эдийн засгийг дэмжих хөтөлбөрүүдийг Засгийн газар хэрэгжүүлэх ёстой.

-Тэгвэл бага хүүтэй орон сууцны зээл зөв шийдэл мөн үү?

-Эдийн засагт нэг үнийн хууль гэж байдаг. Нэг төрлийн бүтээгдэхүүн адил үнэтэй байх ёстой. Зээл бол нэг бүтээгдэхүүн. Гэтэл дотроо задраад нэг төрөл нь орон сууцны найман хувийн зээл, нөгөө төрөл нь 21 хувийн бизнесийн зээл болчихсон. Энэ хоёрын дунд 13 хувийн зөрүү гарч байгаа биз. Ийм тохиолдолд хоёр хүү заавал бие бие рүүгээ тэмүүлдэг. Хүмүүсийн дунд “Ипотекийн зээл аваад бизнесийн зээл болгоод өндөр үнээр авчихъя” гэсэн сонирхол төрдөг. Дундаас нь сул 13 хувийн хүү авна гэсэн үг. Энэ бол авлига хээл хахуулийн үндсэн нөхцөл болж таарч байна. Зүгээр сууж байгаад ийм их мөнгө авч болдог юм бол тэр суудалд нь очихсон, тэр улстөрийн хүчинд нь зүтгэж бялуу хүртэх сэн гэсэн сонирхолтой хүмүүс олширно. Төрөөс хэрэгжүүлж байгаа бодлогоос хувийн ашиг олох сонирхолтой хүмүүсийн тоо эрс өснө л гэсэн үг. Магадгүй найман хувь дээр зээлээ бариагүй бол 21 байгаа хүүгийн түвшин аажмаар бага ч болтугай доошлох байсан.

-Орон сууцны зээлийн хүүг төрөөс бодлогоор анхаарч бууруулаагүй бол өнөөг хүртэл арав хол давсан хүүтэй, зээлд хамрагдсан өрхийн тоо урьдынх шигээ цөөхөн байх байсан юм биш үү?

-Найман хувийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн оны тухайд Хятадын аж үйлдвэржилт, хотжилттой давхацчихсан. Ийм шалтгаанаар тэр үед баригдсан орон сууцнуудад маш үнэтэй цемент хэрэглэсэн. 1930-аад онд Америкийн бүтээн байгуулалт эрчимжих үед цемент бас тийм өндөр үнэтэй болж байсан юм. Засгаас тухайн үед найман хувийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлснийг нөгөө талаас нь Хятадаас маш үнэтэй цемент худалдаж авах хөтөлбөр хэрэгжүүлсэн гэж харж болно. Харин өнөөдөр баригдаж буй орон сууцанд хэрэглэж байгаа цементийн үнэ найман хувийн хөтөлбөр хэрэгжиж эхлэх үеийнхээс хамаагүй доошилчихсон. Ямар нэг том бодлогыг ингэж өргөн хүрээнд харах ёстой.

-Төв банк энэ жилийн инфляцийн төсөөллөө өсгөж оруулж ирсэн нь буруу гэсэн шүүмжлэл бий. Та юу гэж бодож байна вэ, инфляци өсөх зайлшгүй шалтгаан байсан уу?

-Миний тооцооллоор бол инфляци тэгж өсөхөөргүй байсан. Тухайн үед нь байр сууриа албан хүрээнд илэрхийлснийг төв банкны цахим хуудсан дахь мэдээллээс харж болно. Инфляци найман хувиас давахгүй байх. Найман хувиасаа ч багасах болов уу.

-Инфляцийг долоон хувьд барих боломж төв банкинд бий юу?

-Байгаа. Бид өнөөдөр дэлхийд юу болоод байгааг харах хэрэгтэй. Дэлхийн улсууд инфляциас биш дифляциас айж байна. Үнэ өсөхөөс илүү буурах аюул дэлхийн улсуудад нүүрлэчихсэн. Дэлхийг сөрсөн хандлага Монголд гарах нь юу л бол. Япон дифляцитай маш олон жил тэмцэж яваа. Юмных нь үнэ буурсаар байна. Японы төв банкных нь захирал инфляцийг яаж бий болгох вэ гэж мөрөөдөж байна.

-Дифляцид юу хүчтэй нөлөөлөөд байна?

-Глобалчлал, IT технологи. Амазон байна. Хятадын Aлибаба, Таобао гэх мэт онлайн платформууд аж үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний үнийг маш бага байлгах нөлөө үзүүлж байна. Тэрийг нь тооцох аргыг мэдэхгүй өнөөдрийнхөөрөө амьдарвал инфляци ийм өндөр байна гэж төсөөлөөд явна л даа. Дэлхийн эдийн засгийг хамарсан технологийн хувьсгал явагдаж байна.