БААБАР ИНГЭЖ ХЭЛЭВ
-МОНГОЛ ТҮҮХ ДӨРВӨН БОТЬ БҮТЭЭЛИЙН ХЭСГЭЭС-
Манж үндэстнээр толгойлуулсан залуу Чин династи энэ цагт хүчиндээ ид оргилсон үедээ явж байлаа. 1683 онд Тайванийг эзэлснээр хань үндэстний Хятад нутгийг бүгдийг нь эзэмшилдээ оруулав. Манж нарын урдаас Хятадын сүүлчийн том эсэргүүцэл болох Усуаны бослого 1675 онд эхэлсэн боловч Канси хаан 1684 он гэхэд бүрэн дарж, Хятадын ард түмнийг тэр чигээр нь гартаа оруулж чадлаа. Чин династи цаашид тогтон тогтворжиж, олон жил оршсоны нэг шалтгаан нь эхний хэдэн хаан, ялангуяа 60 жил гаруй (1661-1722) хаан ширээнд суусан Канси (K`ang-hsi) хэмээн нэрлэгдсэн монголчуудын Энх-Амгалан гэж нэршсэн хаантай их холбоотой. Энэ хүн бол Хятадын түүхэнд тохиолдсон хамгийн ухаантай, зоригтой, шийдмэгээс гадна хамгийн алдартай хааны нэг нь гэж хятад судлаачид үздэг. Тэрээр туйлын хөдөлмөрч, шинэ юманд дурламтгай зангаасаа гадна зоригтой байлдагч, сайн сурган хүмүүжүүлэгч, гайхалтай зохион байгуулагч байжээ. Тэрээр Хятадаар 6 удаагийн их аялал биечлэн хийж, нутгийн захиргаанд тохирох хуулийг өөрөө буй болгодог байв. Судалгаа шинжилгээ, сургалтад мөнгө үл хайрлан энэ талын олон том төсөл хэрэгжүүлжээ.[i] Цэргийн жанжны хувьд Мин династийн бүх үлдэгдлийг дарснаас гадна монголчуудыг байлдан дагуулж чаджээ. Зөвхөн тэр л монголчуудыг нэгмөсөн дарж авах, түүнд ямар тактик хэрэглэх зэргийг бүгдийг бодож олж чадсан байна. Галдан эгшин зуур олон газрыг эзэлж, хурдан хүчирхэгжиж буйг түгшин харж байлаа. Үүний урдаас Халхыг тавиад, одоохондоо гарт нь орж ирээгүй байгаа Төвд, Халх, Зүүнгар гуравт шашнаар нь нөлөөлөх арга үр дүнгээ өгнө гэж тэрээр эртнээс мэдэж байв.
Шарын шашныг ашиглан монголчуудыг нэгтгэх санаа эртнээс сэдсэн Сэцэн хан, Түшээт хан нар 1652, 1655 онд үхэж Халхын хувь заяа үндсэндээ анхдугаар Богд Жавзандамба Занабазрын гарт очлоо. Энэ үед Чин династи ерөнхийдөө Халхыг эрхэндээ оруулчихсан байжээ. Энэ нь ялангуяа Тэнгис вангийн явдлаар тод харагдав. Сөнөдүүд нь урьд Сэцэн ханд хамаарч байгаад 1639 онд Манжид дагаар орсон байв. Сэцэн хан Шолой сөнөдийнхнийг элдвээр турхирсаар байгаад тэндхийн Тэнгис ванг Манжийн эсрэг босгожээ. Тэнгис ван албатаа дагуулж Халхад ирлээ. Гэтэл Чингийн хаан араас нь цэрэг илгээн мөрдүүлсэн байна. Тэнгисийг мөшгиж буй маягаар Хятадын цэрэг Халхыг сүлжин өөрийг нь баривчилжээ. Монголын хаан гэж өөрийгөө зарласан Манжийн эзэд Халхтай хязгаар нутаг маягаар хандах ба харин халхууд тэгш эрхтэй гэж урдаас нь тунхаглах төдий л байлаа. Гэтэл хэдэн жилийн өмнө Өмнөд Монголын ноёд урван Манжид дагаар орж байсны нэгэн адил 1653 онд Бундир ноёноос эхлэн халхууд нэг хоёроороо Чин династид дагаар орох боллоо. Цаадуул нь ч үүнийг ихэд хөхиүлэн цол хэргэм, шан харамжинд гар татсангүй.
Тэгж байтал Засагт хан Норов үхэж, түүнийг хэн залгамжлах дээр бөөн хэрүүл уруул, алаан хядаан болж эхэллээ. Энэ тэмцэлд Халхынхан идэвхтэй оролцсон төдийгүй Чин династийн шинэ хаан Канси хөндлөнгөөс хутгалдаж эхлэв. Галдан бошгот үүнийг далимдуулж Засагт ханыг өөртөө нэгтгэх гэж оролдов. Халх, Ойрдыг нэгтгэсэн цагт л Чин династийн эсрэг хүчтэй хамгаалал буй болгож чадна гэж тэр бодож байлаа. Канси далай ламаар дамжуулан халхынхныг хооронд нь эвлэрүүлж, Галданг ганцаардуулах ажиллагаа өрнүүллээ. Түшээт хан Чихундорж бол нэлээд ойворгон, алсын бодолгүй эр байжээ. Тэрээр юун түрүүн Кансид ашиглагдаж 1640 оны Халх-Ойрдын гэрээг зөрчлөө. Ийнхүү Халх, Ойрдын тэмцэл дээд цэгтээ тулж дайн эхлэв. Галдан гялалзсан амжилт гарган 1688 онд Халхыг эзлэн үнэн хэрэгтээ Халх, Ойрд хоёр нэгдэв. Галдан Халхыг эзэлсэн биш, харин Халх Ойрдыг нэгтгэсэн хэрэг, учир нь тэрээр Чингис, даян хаан нарын нэгэн адил тархай бутархай монголчуудыг нэгтгэх эрхтэй хүн. Өвөр Монгол, Буриад, Хөх нуур бусдын гарт орсон боловч ийнхүү ойролцоогоор өнөөгийн Монгол газар нутаг нэг хүний захиргаанд орсон нь тэр байлаа. Чин династийн эсрэг сөрөн зогсох хүчирхэг нэгдсэн Монгол буй болох хамгийн сүүлчийн бололцоо ингэж бүрдсэн юм.
Гэвч монголчууд энэ бололцоогоо ашиглаж чадсангүй. Монголын умард хязгаарыг нэгэнт эзэлсэн Оросын түрэмгийллийг зогсоохоор Түшээт хан, Сэцэн хан хоёр хүч хавсран цэрэг хөдөлгөж, “Сэлэнгийн шивээ” гэдэг Оросын бэхлэлтийг бүслэн хаасаар буулган авч, тэднийг хөөн гаргах гэж байтал Галдан Халхад цэрэглэн довтолжээ. Монголын морьт цэрэг замын дундаас эргэж, хойд хязгаараа задгай орхин ирсэн байна.[ii]
Номхон далай руу тэмүүлсэн оросуудын түрэмгийлэл гагц халхуудыг төдийгүй манж нарыг түгшээх болжээ. Манж нар 1640 онд Бээжинг эзэлж, Чин гүрнийг тунхагласнаар гол удирдагчид нь уугуул нутгаа орхин Хятад даяар тархан даргалах болсон. Энэ чөлөөг ашиглан оросууд Сунгари, Амар мөрөн хавиар газар эзэлж хүн амыг нь Оросын эзэнт гүрэнд албадан дагаар оруулж, татгалзсаныг нь нутгийн гүн рүү нь хөөх болжээ. Улмаар авчирсан тариачид нь газар хагалж, хот тосгон босгон цайз бэхлэлт байгуулах болов. Мөн уугуул оршин суугчдаас татвар авах болов. Манжийн хаан Амар мөрний тийш хэд хэдэн удаа цэрэг илгээж, оросуудыг тэндээс шахан гаргахаар цайз бэхлэлт рүү нь довтолсон боловч тухай бүртээ бүтэлгүйтсэн байна.
Хэдэн зуун жил дайсагналцсан Халх ба Ойрд найрамдан гэрээ хийх болсныг Манжийн хаан маш таалалтай хүлээж авлаа. Учир нь өөрснөө дийлэхгүй байгаа оросуудыг монголчуудаар шахуулахад нэн тохирох арга юм. иймээс Халх Ойрдын гэрээнд Манжийн хаан өөрийн төлөөний хүн Арнай амбангаа илгээжээ. Нэг үгээр хэлэхэд Оросын түрэмгийллийн эсрэг Манж-Халх-Ойрдын гурвалсан холбоо үүслээ гэсэн санаа.
Гэтэл Галдан оросуудтай далдуур холбоо тогтоохоор удаа дараа оролдлоо. 1680-аад оны эцсээр Ойрд-Халхын харилцаа хурцдан улмаар манж нартай нүүр тулан учрах явдал гарцаагүй тулгарч ирэхэд Галдан Оросын засгийн газраас цэрэг, зэвсгийн тусламж хүсэх болов. Галдан энэ тусламжид маш их найдлага тавьж, чухам энэ тусламжийн хүчээр Халхыг нэгмөсөн дарж болно гэж горьдож байв. Галдангийн Оростой холбоотон болох гэсэн оролдлого мэдээж Бээжинг маш ихээр түгшээж таараа.
Орос-Хятадын Нэрчүүгийн 1689 оны гэрээ болохоос хоёр жилийн өмнө Оросын бүрэн эрхт элч Феодор Головин Нерчинскт ирж суужээ. Тэрээр Занабазар, Чихундорж нарыг Манжийн хаантай хэрхэхийг анхааралтай ажиглана. Зарлага василий Перфилев түүний захидлыг Чихундоржид гардуулахаар Халхад ирж байжээ. Бас нэг туслах нь Каханов нууцаар Бээжин орж байв. Төдийлөн амжилт олоогүй байтал Чихундоржийн илгээсэн цэрэг гэнэт довтлон Головкины цэргийг цохин бүсэлсэн байна. Головкиныхан арай гэж бүслэлтээс гаран зугтжээ. Яг энэ үед Галдан Халхад довтлов. Ойрдууд Халхыг цохихдоо Оростой холбоотон байсан тул Галдан Головкиныг аварч халхуудыг урагш хөөн мөшгив.
Хоёр жилийн дараа Головкин Нэрчүүгийн гэрээг амжилттай бүтээсэн тул Петр хааны итгэлт дипломат болжээ. Тэрээр баруун Европт суух итгэмжит элчин сайд болж, Саксон, дани, Түрэгтэй хийх нууц хэлэлцээрийг удаа дараа зохион байгуулсан юм.[iii],
Чухандоржийг оросуудтай дайтах зуур Галдан хаан ч зүгээр суусангүй, дотоод хүчээ бэхжүүлж байлаа. Галдан гурван тамга дарсан тусламж гуйх бичгийг Оросын засгийн газарт илгээж, хариуг нь хүлээж байсан. Үүний зэрэгцээ, галт зэвсэгтэй орос цэргүүд туслахаар ирсэн, ийм болохоор Галданг Хөх нуур, дорнод Туркестан, дундад Азийн улсууд хүчтэй дэмжиж байгаа хэмээн газар сайгүй цуурхал тараажээ. Түүгээр барахгүй өөрийн харьяанд байсан ногоон нүдтэй, өндөр хянган хамартай хотон цэргүүдийг тусгай анги болгон зохион байгуулж, тэдэнд зохих хэмжээний галт зэвсэг өгсөн нь гадна талаасаа оросууд гэж ойлгогдох учиртай аж.
Энэ үед манж нар Орост элч зарж “Танай Орос улс Зүүнгарын Галданд тусалбал бид Халхтай холбоолон урьдын адил дайлан Уралыг давуулан үлдэн хөөх болно. Танай улс Галданд туслахгүй хэмээвээс эзлэн авсан Амар мөрөн, Байгал нуурын орчмын газраа авч болно” гэжээ. Галданд ямарваа нэгэн цэрэг, зэвсгийн тусламж үзүүлэхгүй гэсэн болзлыг Оросын тал хүлээж аваад Манжтай гэрээ хийхээр болов.[iv] Оросыг Халхын эсрэг тэмцэлдээ ашиглах гэсэн Галдан хааны хориод жилийн оролдлого ийн бүтэлгүйтлээ.
1688 онд Галдан Халхад довтлон орсон явдал нь Орос, Хятад хоёр тохиролцон Монгол Улсыг хуваан авснаа баталгаажуулсан Нэрчүүгийн гэрээг байгуулах үндсэн шалтаг болсон юм. ингээд Манжийн хаан Оросын хүссэн бүхнийг зөвшөөрч оросууд ч Манжийн шаардлагыг дагаж Нерчугийн гэрээг 1689 онд яаравчлан байгуулсан. Энэ гэрээгээр Хянганы нуруунаас Номхон далай хүртэлх хоёр улсын хилийн шугамыг тохиролцсон ба хоёр орон завсраа орших монгол, хасаг, хиргис, дунгаан, тува, чантуу, уйгар зэрэг олон үндэстний ирээдүйн асуудлыг шийдэж өвөр Монгол Чин улсын мэдэлд, Байгал орчмын буриад монголчууд тэр чигээрээ Оросын мэдэлд очсон ажгуу.
Дараахан нь оросууд саяхан байгуулсан Нерчугийн гэрээг зөрчихгүй, Чин улстай сайн хөршийн харилцаатай байх сонирхлын үүднээс Зүүнгарын хаант улсад туслах бололцоогүй, уг гэрээнд үнэнч байх ёстой гэдгээ Галдан бошигтод албан ёсоор мэдэгдсэн байдаг. Улмаар 1691 онд Галданд цохигдож, Манжид зугтан гарсан халхын ноёд Манжийн хаанд албан ёсоор дагаар орж байгаа тухайгаа зарлаж, Долоннуурын газар чуулган хуралдуулсан байдаг.