Ардчилсан намын Улс төрийн бодлогын зөвлөл өчигдөр хуралдсаны дараа УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдлаа. Уг хуралдаануудын дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Мэдээллийн эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Манай намын өнөөдөр (өчигдөр) болсон хуралдаануудаар Монгол Улсын нийгэм эдийн засаг, улс төрд үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцлаа. Монгол төрийг үнэгүйдүүлэх, ухамсар, хариуцлага, ёс зүй, хүн чанараар доройтуулсан үйл ажиллагаа удаа дараа явж байна. Өөрөөр хэлбэл сүүлийн үед гарсан үйл явдлууд Монголын төрийг чадамжгүй болгох чиглэл рүү шууд аваачиж байна гэж бид харлаа. Үнэмлэхүй олонх болсон Ардын намын сүүлийн хоёр жилийн хугацаанд явуулсан бодлогогүй алхам, үйл ажиллагаа Төрийн нэр хүндийг унагаж дуусч байна. Үүнтэй холбоотойгоор АН-ын бүлэгт зөвлөмж ирүүлсэнийг бид хэлэлцсэн. Зөвлөмжид нэгдүгээрт, АН-ын бүлэг УИХ-ын ээлжит бус чуулганыг нэн яаралтай хуралдуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, У.Хүрэлсүхийн Засгийн газрын хууль бус бодлогогүй үйл ажиллагаа, Төрийн албыг үнэгүйдүүлж буй алхмуудтай холбогдуулан АН мэдэгдэл гаргаж, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэсэн шийдвэр, зөвлөмжийг гаргахыг манай бүлэгт ирүүлсэн. Улмаар уг зөвлөмжийг хэлэлцэж, дэмжсэн шийдвэрийг АН-ын бүлэг гаргаж байна гэлээ.
Үүний дараа УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ “Сүүлийн үед Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн үйлдлүүд олон гарч байна. АН-ын дарга, УИХ-ын гишүүнийхээ хувьд хоёр удаа У.Хүрэлсүхэд асуулга хүргүүлсэн. Гэвч одоог хүртэл ямар нэгэн хариу надад ирүүлээгүй байна. Манай нам “Монголоо сонсъё” аяны хүрээнд Чингис, Самуурай бондын зарцуулалтыг ард түмэндээ тайлагнасан. Одоо эрх баригчид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тавьсан гадаад зээлүүдийг хэрхэн зарцуулсныг ард түмэнд тайлагнах хэрэгтэй.
Өнөөдрийн эрх баригчид “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хэсэг бүлэг хүмүүс дээрэмдчихсэн мэтээр ард түмний тархийг нь угааж өнөөг хүрлээ. 49 ч бай, 51 ч бай хоёулаа 100 хувь “Эрдэнэт” үйлдвэрийн өмч. Энэ асуудлыг бүхэлд нь нэгдсэн ажлын хэсэг гаргаж шалгая гэдэг шаардлагыг удаа дараа тавьсан. Одоо болтол тус үйлдвэрийн 51 хувийн асуудал шийдэгдээгүй байна. Өнөөдөр Английн дээд шүүхээс эцсийн байдлаар шийдвэр гарсан. “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсээс бидэнд албан ёсны бичиг ирүүлсэн. Уг бичигт “Эрдэнэт” үйлдвэрийн үл хөдлөх хөрөнгийг зарцаах, битүүмжлэх, тус үйлдвэрийн эрх бүхий этгээдүүдийг гадаад улс оронд зорчуулахгүй байх зэрэг олон арга хэмжээг авахад бэлэн болчихсон байгаа юм байна. Хэрэв ийм нөхцөл байдал үүсвэл “Эрдэнэт” үйлдвэрийн өнөөгийн ашигтай байдал гадаадын зах зээл дээр царцах болно. Цаашлаад олон улсын хооронд хийгдэж буй гүйлгээ үндсэндээ зогсоно. Энэ бол манай улсын эдийн засагт орох бодит орлого зогсоно гэсэн үг. Энэ бол Засгийн газрын зайлшгүй анхаарах ёстой асуудал. Гэвч одоо болтол дээрх асуудал дээр нэг ч дорвитой ажил хийхгүй байна” гэв.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Монгол Улс бол Ардчилсан улс. Тиймээс ч бид гаднаас хүн хулгайлдаггүй. Өөрийн орноос хүн хулгайлуулдаггүй. Гэтэл Тагнуулын байгууллага хүн хулгайлах хэрэгт оролцож, Засгийн газар уг асуудлаар ганц дорвитой байр суурь илэрхийлээгүй явдалд АН шүүмжлэлтэй хандаж байна.У.Хүрэлсүхийн Засгийн газар, Ц.Нямдорж сайдтай Хууль зүйн яам Эрдэнэтийн асуудлыг цэгцэлнэ гэж ард түмэнд амлалт өгсөн. Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш “Эрдэнэт” үйлдвэр дээр дорвитой алхам хийхгүй байгаа нь буруу. Одоо энэ асуудлаа шийдэх хэрэгтэй. Саяхан эрдэнэт хүний амь нас намын зөрчлөөс болж эрсэдлээ. Ганцхан сайдыг огцруулаад асуудлаас бултана гэж байхгүй. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, УИХ-ыг тарахыг АН шаардаж байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүн 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол хийх санаачилга гаргасан боловч өнөөдрийг хүртэл асуудлыг хойшлуулж байгаа М.Энхболд болон 65-аас бүрдсэн УИХ-ыг тараах нь зүйтэй гэж манай бүлэг үзэж байгаа. Төрийн албан тушаалыг мөнгөөр зардгаас болж хүний амь эрсдэж байна. АН засаг барьж байхад бие биеэ хөнөөж байгаагүй.Хариуцлага тооцно гэж гарч ирсэн Ерөнхий сайд нь хаачив, хуулийн хайчийг ажиллуулна гэсэн Ц.Нямдорж гуай хаачив. Одоо 60 тэрбумын хэргийг нэг тийш нь болгох хэрэгтэй. Хариуцлага ярихаар зугтдаг, бултдаг УИХ, Засгийн газар байж болохгүй. Ганц сайдад хариуцлага тооцоод бултана гэж байхгүй.Төрийн албыг мөнгөөр зардаг гэмт этгээдүүдийн эсрэг Л.Оюун-Эрдэнэ гишүүнтэй нийлж явах болно. АН шударга ёсыг ярьж байгаа гишүүн бүртэй хамтарч ажиллана” гэв.
Мэдээллийн дараа УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас дараах тодруулгыг авлаа.
-Танай намын УИХ дахь бүлгийн зүгээс цаг үеийн асуудлаар мэдэгдэл гаргасан. Ямар мэдэгдэл гаргасан талаараа тодруулахгүй юу?
-Өчигдрийн бүлгийн хуралдаанаар товч тодорхой мэдэгдэл гаргасан байгаа. Тухайлбал, Төрийн бодлогогүй, шийдвэргүй, хариуцлагагүй, назгай үйл ажиллагааны улмаас нийгмийг цочроосон, бухимдуулсан асуудлууд шил даран гарч байна. Энэ нь 2016 оны УИХ-ын сонгуулийг 60 тэрбумаар үнэлэн үнэмлэхүй олонхын суудал авсан МАН, Төр, Засгийн бүхий л эрх мэдлийг цөөн хэдхэн хүмүүсийн гарт төвлөрүүлж, төрийн албыг арилжаалсан нь Монгол төрийг хууль дээдлэх ёс, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг илт алдагдууллаа. Монгол төрийн албыг сонгуулийн мөнгөний эх үүсвэр болгон илт хууль бус арга хэрэгсэл болгосны хор уршгаар мэргэшсэн чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөөр хангагдсан байх ёстой төрийн албыг нам, танил тал харж, мөнгө төлсөн этгээдүүдээр сольж шургалуулсан нь өнөөдрийн төрийн албыг үнэгүйдүүлж хариуцлага, ёс зүйг умартан байгаагийн тод жишээ юм. Иймд эрх баригчид УИХ-ын ээлжит бус чуулганыг нэн яаралтай хуралдуулж Монгол төрийг сулруулж, чадамжгүй болгож байгаа 60 тэрбумын асуудал, хууль тогтоомжуудыг зөрчиж, удаа дараалан алдаагаа давтаж, хариуцлагагүй ажиллаж буй У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудлуудыг нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэхийг шаардаж байна. УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулж Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй бол УИХ өөрөө тарах ёстой гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж, шаардаж байгаа мэдэгдлийг өчигдөр манай намын бүлгээс албан ёсоор гаргасан.
-Ардчилсан намын УИХ-д суудалтай есөн гишүүн бүгд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах нь зөв гэж үзэж байна уу?
-Ардчилсан намын бүлэг өчигдөр дүрмийнхээ дагуу ирцээрээ хуралдсан. Хуралд оролцсон бүх гишүүн уг асуудлыг дэмжиж, Ардчилсан намаас гаргасан зөвлөмжийг хүлээж авсан.
-Зам, тээврийн хөгжлийн яамны удирдах түвшний албан тушаалтнууд архидаж, улмаар нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт болсон. Уг хэрэг явдлыг та юу гэж харж байгаа вэ?
-Төрийн бодлого үйл ажиллагаа хэрэгжиж байх ёстой газар буюу Зам, тээврийн яамны байранд төрийн өндөр албан тушаалтнууд архидан согтуурч, нэгнийхээ амийг онц хэрцгийгээр бүрэлгэсэн нь дэндүү хариуцлагагүй, ёс зүйгүй байдал газар авсны илрэл гэж харж байгаа. Нэг сайд, дэд сайдад хариуцлагыг тохоод өнгөрөх биш У.Хүрэлсүхийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна. Хэрэв Засгийн газрыг огцруулахгүй бол УИХ-ыг тараах асуудлыг бид хөндөнө. Засгийн газартайгаа хариуцлага тооцож чадахгүй УИХ гэж байгаад ч яах юм.
-Ерөнхий сайд уржигдар ЗТХЯ-ны сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн тухайгаа мэдэгдсэн. Засгийн газар ийм эрх мэдэл байдаг уу. Хууль эрх зүйн талдаа ямар байдаг юм бол?
-Засгийн газрын хуралдаанаар У.Хүрэлсүх сайд дэндүү хөнгөн мэдэгдэл хийсэн. Хууль зөрчсөн мэдэгдэл гэж тодотгож хэлье. Учир нь Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох асуудал Засгийн газрын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хуулиар шийдэгддэг. Ерөнхий сайдын хэлснээр асуудал дээшээ явахгүй. Хэрэв Засгийн газрын гишүүний асуудлыг ярьж байгаа бол УИХ-аар зайлшгүй хэлэлцэх хуулийн хугацаатай. Харин яамны дэд сайд, төрийн нарийн бичгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаараа шийдэх эрхтэй.
-Дээрх гэмт хэрэгт холбогдсон этгээдийг Ардчилсан намын угшилтай хүн гэдэг мэдээлэл байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын нөлөөллөөр төрийн байгууллагад орсон ч гэх мэдээлэл байна. Энэ асуудлаар тайлбар өгөхгүй юу?
-Махбал гэх хүн Ардчилсан намд хэзээ ч гишүүнээр элсэж байгаагүй. Манай намын бүртгэлийн албаас уг лавлагааг өчигдөр бид зориуд гаргаж авахуулсан. Хоёрдугаарт, Махбал гэх хүн Ерөнхийлөгч Х.Баттулгыг Зам, тээврийн сайд болж очихоос өмнө Зам, тээврийн яамд ажиллаж байсан. Тэр үед Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга нь өнөөдрийн Зам, тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ байсан. Төрийн албаны тухай хуулиар тухайн яамны боловсон хүчний асуудлыг сайд, дэд сайд нь шийддэггүй. Төрийн нарийн бичгийн дарга нь шийддэг. Тиймээс өнөөдөр уг этгээдийг хэн нэгэнд заавал хамаатуулах, харьяалуулах гэж асуудлыг ярьж байгаа нь тухайн үүссэн хариуцлагаас мултрах гэсэн оролдлого. Тиймээс энэ үйл явдал Ардчилсан намтай холбоотой ямар ч асуудал байхгүй.
-Уг үйл явдлын дараа зорчигч тээвэрлэсэн вагон замаасаа гарч онхолдсон осол боллоо. Мөн л Төрийн албан тушаалтнуудын хариуцлагагүй үйлдлээс болж уг осол гарсан гэж шүүмжлэх хүн олон байна. Энэ талаар та байр сууриа илэрхийлээч?
-Стратегийн чухал объект болох Төмөр замын байгууллагад хариуцлагагүй байдал газар авсан нь уг үйл явдал тод харууллаа. Гэхдээ эрх баригчид хариуцлагаас мултрах санаатай этгээдүүд уг ослыг байгалийн дийлдэшгүй гамшигт үзэгдлээс боллоо гэж хэлж байна лээ. Үгүй л дээ. Байгалийн гамшгийн үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйгээс зам харилцаа, нийтийн тээврийн аюулгүй байдал олон удаа зөрчигдөж хүний эрдэнэт амь, эрүүл мэнд, төсөвт олон сая төгрөгийн хохирол учруулсан. Ийм үйл явдал үүгээр ч биш хэд хэдэн удаа болсон. Энэ нь иргэний дайнтай орнуудын хохирлоос даван гарах болсон нь туйлын харамсалтай. Үнэмлэхүй олонх болсон эрх баригчдын талцал, хагарлаас болж ямар их гамшиг дагуулдгийг сүүлийн үед болсон үйл явдлаас харж болно. Төрд боловсрол, мэргэжлийн чадваргүй хүнийг чиний, миний хүн, мөнгө төлсөн хүн гэсэн байдлаар албан тушаалд томилж байгаа сандал суудлын төлөөх зодооныг ил тодоор ард түмэн харж байгаа. Үнэндээ эдийн засгийн өсөлт байгаа ч гэлээ ард түмэнд ямар ч хүртээлгүйгээр явж байна.
-Саяхан Туркийн иргэнийг хулгайлсан гэх хэрэг гарсан. Хэн, яах гэж уг иргэнийг хулгайлав гэдэг дээр Засгийн газар, холбогдох албаныхан одоог хүртэл тодорхой мэдээлэл өгөхгүй байна гэж шүүмжлэх хүн олон байна…
-Монгол Улсын нутаг дэвсгэрт гадны тусгай алба, тусгай ажиллагаа явуулж хүн хулгайлсан үйлдэл нь манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг уландаа гишгэсэн үйлдэл юм. Өөрөөр хэлбэл ардчилсан Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийг зөрчсөн ноцтой үйл явдал болсон. Манай улсад хууль ёсоор оршин суугаа БНТУ-ын иргэнийг хулгайлсан өдөр тус улсын тусгай үүргийн онгоц “Чингис хаан” ОУНБ-д буусантай давхцаж байгаад өнөөдрийг хүртэл албан ёсны тайлбар байхгүй байна. Энэ бол Засгийн газрыг огцруулах хангалттай том шалтгаан юм.
-Чуулган завсарлачихсан үед Засгийн газрыг ямар шат дараатайгаар хэрхэн огцруулдаг юм бэ?
-Ээлжит бус чуулганыг УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь гарын үсэг зурснаар хуралдуулах эрх нь үүсдэг. УИХ-ын даргын мэдээлснээр 22 гишүүн гарын үсэг зурсан байна лээ. Ээлжит бус чуулган хуралдуулахын тулд 26-аас дээш гишүүн гарын үсэг зурах хэрэгтэй болж байна. Тиймээс манай намын гишүүд гарын үсэг зурж, чуулганыг яаралтай хуралдуулах боломжтой гэж харж байгаа. Нөгөөтэйгүүр УИХ-ын дарга улс орон, нийгэмд тулгараад буй асуудлыг чимээгүй харж сууна гэдэг хамгийн хариуцлагагүй үйлдэл болно. Тиймээс манай мэдэгдэл гарсны дараа ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болно гэдэгт би эргэлзэхгүй байна.
-Хэрэв Засгийн газар огцорвол дараагийн Засгийн газартай Ардчилсан намыг хамтраач гэсэн санал тавивал та бүхэн хүлээж авах уу?
-У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч, дараагийн Засгийн газрын асуудал үүсвэл нэгэнт олонхыг бүрдүүлсэн улс төрийн хүчин хариуцлагаа үүрээд явах байх. Манай намын хувьд УИХ тараагүй нөхцөлд дараагийн Засгийн газрын бүрэлдэхүүнд орох тухай асуудал байхгүй.
-Хэрэв УИХ-ыг тараах ямар хуулийн заалт байдаг юм бол. Та бүхний хувьд УИХ-ыг үйл ажиллагаагаа явуулах чадамжгүй гэж үзэж байна уу?
-УИХ-ыг тараах Үндсэн хуулийн заалт маш тодорхой байдаг. УИХ-ын гишүүдийн дөрөвний гурав буюу 57-оос дээш гишүүн УИХ үйл ажиллагаагаа явуулах чадамжгүй боллоо гэж үзсэн тохиолдолд УИХ тардаг. Мэдээж Ерөнхийлөгч, УИХ даргатай зөвшилцөж уг асуудлыг оруулж ирж болно. УИХ-ын гишүүд өөрсдөө санаачилж болно. Бидний харж байгаагаар 60 тэрбумаас бүрдсэн, 65 гишүүнтэй эрх баригч намыг бүрдүүлсэн энэ УИХ чадамжгүй байна гэж харж байгаа.
-УИХ-ыг тараах эсэх асуудлаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга зөвшилцөхгүй бол 57 гишүүний гарын үсэг цуглуулах ажлыг Ардчилсан нам санаачиллах уу?
-Хэрэв ийм хариуцлагагүй үйлдлүүдийг хамгаалж, хаацайлаад байвал Ардчилсан намын хувьд уг асуудлыг санаачилахад буруу зүйл байхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл УИХ-ыг тараахын төлөө Ардчилсан намын бүлэг санаачилгатай ажиллахад бэлэн байгаа.
Э.МӨНХТҮВШИН